...Зээ, Богд Чингис нөхөдтэй нэгнээ
Ариун их тахилгаа зооглон
Бадрангуй их голомтоо сахин соёрх
Балрашгүй төрөө батжуулан соёрх
Хамаг Монголоо хайрлан өршөө
Хамтран нэгдэхийн хутаг хайрла...
хэмээн есөн өрлөгийн нэгээр сонгогдсон залуусын нэг, Өвөрмонголоос ирсэн Хас хэлэхэд бусад нь даган уншина. Америкийн монголчуудын соёлын холбооны ерөнхийлөгч Санж Алтан энэхүү зураглалыг бахдан харж байлаа. Учир нь одоогоос яг 26 жилийн өмнө тэр ийн зогсож байснаа дурсана. Тэгэхэд ийм албан ёсны танхимд бус, түүний найз Чингэлтийн гэрт Чингис хааны тахилгыг зохион байгуулах үед Хангин Гомбожав багш нь “Залуус та нар энэ ёслолыг үеийн үед таслалгүй хийж байх ёстой шүү” хэмээн захисныг марталг үй залгамжилж явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. “Би хэдийгээр Монголд төрөөгүй ч мэдээ орсон цагаасаа хойш ижий, ааваасаа Эзэн Чингисийн баатарлаг үйлсийн тухай сонсож, суу алдрыг нь биширч өссөн. Аав минь түүхч хүн байлаа” хэмээн Санж Алтан гуай ярив. Харин түүний найз, Тайваний монгол болох Чингэлт анх нэг настайдаа Чингисийн тахилгад оролцож байснаа дурссан. Тайваний монголчууд жил бүрийн гуравдугаар сарын 21-нд энэхүү тахилгыг үйлддэг аж. Хар багаасаа тахилгын үйл ажиллагааг догдлон харж зогссон жаалхүү өнөөдөр Америкт энэхүү ёслолыг зохион байгуулахад оролцож байна гэдэг сайхан хэрэг. Түүний амьдралын хамгийн гайхалтай үйл хэргийн нэг энэ хэмээн Чингэлт надад хэлсэн.
Энэ жилийн тахилгад залуучууд цөөнгүй ирсэн байлаа. Хүн залуудаа олон юманд сатаардаг учраас ч тэр үү, эх үндсээрээ бахархах нь тийм ч хүчтэй байдаггүй. Хожим хойно л үнэ цэнийг нь ойлгож ухаардаг шиг байгаа юм. Харин тэнд уулзсан, өдгөө 21 настай оюутан Э.Билгүүн хэмээх залуу Нью Жерсид болсон Чингисийн тахилгад анх удаа оролцож байгаа ч сэтгэл нь ихэд хөдөлсөн нь илт. “Би зөвхөн би байх нь хангалтгүй юм байна аа” гэж хэлээд хэсэг бодолхийлснээ “Би бас монгол байх хэрэгтэй” гэж тайван гэгч хэлэв. Америкт хүний, өөрийн үй түмэн хүн аж төрдөг учраас өөрийн онцлог, үнэт зүйлээ мэдэхгүй бол горьгүй. Анх сургуульдаа элсэхэд нь “Би хэн бэ” гэсэн сэдвээр эсээ бичүүлэхэд тэр “Би Монголоос ирсэн, 18 настай...” хэмээн бичиж байсныхаа утгыг одоо л бүрэн ойлгосноо нуусангүй. Үүгээр түүгээр гүйлдэх монгол дээлтэй жаалууд чихэр боов эргүүлэн, хоорондоо дэггүйтэхээс биш, хаана, ямар арга хэмжээнд ирснээ төдийлэн анзаарах сөхөөгүй. Гэвч харсан, үзсэн нь тэдний ой тооноос бүр мөр арилчихгүй, хэзээ нэгэн цагт дотроос нь асах биз ээ.
Энд болж буй Чингисийн тахилгад Америк дахь монголчууд ирж оролцдог учраас үндсэн ёс, дэгийн заримыг тэдэнд тохируулан өөрчилсэн гэдгийг Санж Алтан гуай хэлсэн. Тайлгын үнэ цэнэ ном ёсноос гадна, чин сэтгэлд байдаг байлгүй. Есөн өрлөг өөрсдийн магтаалыг дуудаж, тахилгын ширээн дэх зулыг асаан, арц хүж уугиулна. Танхимд цугласан хүмүүс “хурай, хурай” хэмээн дагна. Анх энэхүү ёслолд дан Тайваний монгол, өвөрмонголчууд оролцдог байснаа жил ирэх бүр хүрээгээ тэлсээр хамгийн сүүлд хазара, халимаг, тувагийн төлөөлөл оролцох болжээ. Тэдний нэг нь болох Халимагийн “ВГТРК Халикиа” телевизийн сэтгүүлч Тамара Надбитова энэ ёслолд оролцохоор холоос зорьж иржээ. Дөрөв дэх жилдээ тахилгад оролцож байгаа тэрбээр “Монгол туургатан аж төрөн амьдардаг газар орон бүрт Чингис хааны тахилга болдог тухай би эртнээс мэднэ. Үүнийг том, бага гэж шүүх аргагүй. Монгол хүн амьдарч буй газар орон бүрт Чингис хаанаа тахиж байгаа нь түүхийн улбааг сэргээж, эзэн дээдэстээ хүндлэл үзүүлж, үр хүүхдэдээ эх соёлыг нь өвлүүлэн үлдээхээс гадна дэлхийн бусад хүмүүст бид бахархах түүхтэй гэдгээ харуулж буй чухал явдал. Урьд гадаадын хүмүүс Чингис хааны нэрийг л мэддэг байсан бол, сүүлийн үед алдар гавьяаг нь бас таних боллоо” гэв. Мөн тэрбээр “Энд монгол туургатны төлөөлөл цөм иржээ. Урьд цагт, XIII зуунд Эзэн Чингис тасарсан улсаа зэвсгийн хүч, морины хурд, баатар зоригийнхоо хүчээр нэгтгэж байлаа. Харин өнөө цагт дайтах хэрэг алга. Нарт орчлонд төвхнөн суугаад, эвийн хүчээр нэгдэж, дэлхийн бусад оронд үлгэр дууриал болох хэрэгтэй гэж би боддог. Үгүй юм аа гэхэд, монгол хүн мөн л бол өвгийн дуулж явсан дууг дуулж, хэлэлцэж ирсэн хэлийг өөрөө мэдэж, өрөөлд дамжуулан сургах ёстой” хэмээн шулуухан хэлэв.
Тэр багадаа, Халимагийн монгол сургуульд сурч байхдаа багшдаа нэг их зэмлүүлсэн тухайгаа ярив. Нас бага болоод ч тэр үү, монгол дээл хувцсаа өмсөхдөө дуртай биш, болж л өгвөл орос хувцас өмсөж, тэр том гүрний соёлыг шохоорхон сонждог байж. Тэгтэл түүний багш “Та нар орос охид шиг болох гэж мянга хичээгээд тийм болчихгүй. Харин эх хэлээ шамдан сурч, эх түүхээ мэрийн үзвээс монгол хэвээр үлдэнэ” гэжээ. Одоо тэрбээр хүүхдүүддээ ийн сургадаг болсноо хэлэв.
Чингис хааны магтаал, есөн өрлөгийн уншлага дууссаны дараа Монгол туургатны төлөөлөл бүр индэрт гаран, үг хэлэв. Тэдгээрийн олонх нь Монгол Улсад хандсан гуйлт, хүсэлт байсан. Даанч манай төр засгийн удирдлага, тэр бүү хэл Элчин сайдын яамны төлөөлөл ч байлцаагүй учраас онох бай байсангүй.
Хазарачуудын эрх чөлөөний тэмцэгч Акрам Гизаби үг хэлэхээр индэрт гарахын өмнө эзэн хааны тахилгын ширээний өмнө хүндэтгэлтэйг өөр мэхийлээ. Тахилгад ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлээд ийн ярив. “Би бол хорвоо дээр өөрийн гэж өмчлөх газар нутаггүй хүн. Миний ээж нутаг Монгол гэдгийг би багаасаа л мэддэг байсан. Бас амьдрах эрх албан ёсоор авах хэцүүг ч ойлгодог” хэмээн ярихад танхимд цугласан хүмүүс дуугаа хураав. “Гэхдээ би багаасаа л Монголын тухай сонсож, газрын зураг дээрх нутгийнхаа зургийг харж өссөн” гээд яриагаа цааш үргэлжлүүлэн “Хазарачууд биенийхээ сайн сайхныг магтан ярихдаа “Чи Монгол учраас”, “Монгол шиг” хэмээн хэлдэг. Би Монголын тухай ийм л дулаан, дотно сэтгэгдэлтэй өссөн” гэлээ.
Дэлхий дээр өдгөө найман сая орчим хазара байдаг аж. “Монгол өргөн уудам нутагтай хэрнээ хүн ам нь цөөн. Хазарачууд газар нутаггүй хэрнээ олуулаа. Бид ээж нутагтаа очихыг үеийн үед хүсэж ирсэн. Казахстан улс дэлхийгээр тархсан казах үндэстнээ ирүүлэх бодлого барьдаг. Израил ч ялгаагүй. Үүнтэй адилаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олуулаа болох” тухай ярьсан. Энэ нь хэзээ ажил хэрэг болохыг бид хүлээдэг” гээд яриагаа төгсгөв.
Тахилгын арга хэмжээ дууссаны дараа Монгол туургатан бүрээс уран бүтээлч ирж, тоглолт толилуулах тухай хөтөлбөрт бичсэн байлаа. Морин хуурч, хөөмийч, уртын дууч, бий биелээч гээд олон хүн харагдана. Тэдний нэг, Дээд Монголоос ирсэн Эрдэнэ уг ёслолыг зорьж, Америкт анх удаа иржээ. Нутагтаа бол алдартай морин хуурчийн нэг тэрбээр хуураа өөрөө урладаг, бас хүүхэд залууст сургалт явуулдаг аж. “Чингис хаан бол бидний хувьд бурхнаас ялгаагүй. Би Өвөрмонгол нутагтаа болдог тахилгад жил бүр оролцдог. Энд ирээд, оролцоход ч харь, өөр санагдсангүй. Яагаад гэвэл бидний зүрх сэтгэл нэг байна” хэмээн яриа дэлгэв.
Тувагийн дуучин Сайнхо Намчылак, Халимагийн “Магтаал” хамтлаг, Өвөрмонголын дуучин Дэлэхэй тайзны хажууд ээлжээ хүлээн сууна. Хэдий жижиг тайз ч гэлээ тэдний бүгдийнх нь сэтгэл догдолж буй нь илт. Тэдний дотор залуу дуучин, хөгжимчин Дэлэхэй урьд шөнөжин бэлтгэл хийн, нойргүй хоножээ. Улаанцавын цахар гаралтай энэ залуу өвөрмонгол дуу голдуу дуулдаг боловч энэ удаа гэнэтийн бэлэг задлахаар шийдсэндээ өөрөө ч догдлон байлаа.
Үргэлжлэл бий.
No comments:
Post a Comment