Aug 26, 2014

Атаархах зүйл буй


        “New Economic foundation” байгууллага дэлхийн улсуудын аз жаргалын индексийг шинэчлэн нийтлэв. Нэг хүнд ногдох ДНБ, хүний хөгжлийн индекс, баян хоосны ялгаа, дундаж наслалт, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх зэрэгт үндэслэн жагсаахад Коста Рика тэргүүлж, Вьетнам, Колумб, Ямайк удаалсан байна. Уг жагсаалтад Хойд, Өмнөд Солонгосын талаарх мэдээллийг оруулаагүй нь сонирхол татав. “New economic foundation” байгууллагын зүгээс “Хойд Солонгосын иргэдээс амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх талаар санал авах боломжгүй юм. Мөн тус улсын санхүүгийн болон бусад мэдээлэл нууцлагдмал учраас бид жагсаалтад оруулсангүй” хэмээн мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосыг оруулаагүй шалтгаан нь хоёр улсын индекс эрс зөрүүтэй гарах учраас үүнээс үүдэж үл ойлголцол бий болохоос сэргийлсэн байж болзошгүй юм. Энэ үйл явдал ингэсхийгээд намжлаа. Тэгтэл Хойд Солонгосын “агуу их худалч” хочит “Чосон” телевизээр дээрх үйл явдлын тухай мэдээ засвартайгаар хүрсэн тухай “Синьхуа” цацаж, тэр нь дэлхий даяар түгэв ээ.
Тэрхүү мэдээлэлд нь “Дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргахад бидний анд нөхөр Хятад улс итгэл төгс тэргүүллээ. Агуу их удирдагчийнхаа ухаалаг бодлогоор хөгжлийн зүг явж буй манай улс хоёрдугаарт жагссан баярт мэдээг толилуулж байгаадаа баяртай байна. Харин янки зулбасганууд (АНУ) 203 дугаарт орж, сүүл мушгисан бол тэдний гар хөл болсон Өмнөд Солонгос 152 дугаарт бичигджээ” хэмээн сурталджээ. Мэдээж, эл мэдээлэл цөөнгүй хүний инээдийг хүргэсэн нь лав. Бүр “Time” сэтгүүл “Хойд Солонгос дэлхийн хамгийн аз жаргалтай гүрэн мөн гэж үү” хэмээх ёожилсон гарчиг дор дээрх мэдээллийг нийтэлжээ. Тийм ээ, бидний ойлголтоор Хойд Солонгос дэлхийн хамгийн аз жаргалгүй гүрэн, бөмбөрцөг дээрх цор ганц “тамын орон” мөн байх. Гэхдээ зөвхөн бидний ойлголтоор шүү.
“Лос Анжелес таймс” сонины сэтгүүлч Барбара Демикийн шуугиант бүтээл “Атаархах зүйл үгүй” (Nothing to envy) ном 2009 онд худалдаанд гарч, эл хаалттай гүрний талаарх нүцгэн үнэнийг уншсан хүмүүс ямар гээчийн диваажинд амьдарч буйгаа илүү ихээр мэдэрсэн байх. Энэ улсад интернет кафе ганцхан бий. Иргэд нь “Facebook”-т амьдралаа хүүрнэж, “Twitter”-ээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэдний ихэнх нь дэлхий дээр интернэт гээч бий болж, хүмүүс хоорондоо хялбар харилцдаг болсныг, гар утсаар дамжуулан Өмнөд Солонгос дахь хамаатан садантайгаа холбогдож болохыг мэдэхгүй л яваа. 2008 оны дөрөвдүгээр сарын 8-нд цус нэгт, Өмнөд Солонгосын анхны, Азийн хоёр дахь эмэгтэй сансрын нисгэгч Ю Со Ен “Союз ТМА-12” хөлгөөр огторгуйд зорчсныг тоогоогүй хэрнээ, хэзээ нэгэн цагт янки зулбасгууд, өмнөдүүд дургүйг нь хүргэвэл тэднийг газрын хөрснөөс арчих цөмийн зэвсэгтэйдээ баярладаг. ЗХУ задарсан тул эрчим хүч нийлүүлэхээ зогсоож, өнөөдрийг хүртэл үзүүлэнгийн нийслэл Пхеньянаас бусад хотуудад мөнхийн харанхуй үргэлжилж буй. Ердөө л энэ мэт шалтгаар бид хойд солонгосчууд Аз жаргалын индексийн сүүлд орох ёстой хэмээн итгэдэг. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай нүүр тулаагүйдээ битүүхэн баярлаж байгаа. Гэвч энэ үнэхээр гашуудал мөн үү, бид тэднээс илүү дээр, аз жаргалтай амьдарч буйгаа хэрхэн батлах вэ?
Гэрэл, цахилгаангүйн улмаас Хойд Солонгосын үйлдвэрүүд зогсож, шөнийн хотын гудамж нэлэнхүйдээ харлаж харагддаг болсон гэнэ лээ. Үйлдвэрүүд ажиллахгүй учраас утаа гарахгүй. Тийм болохоор Хойд Солонгосын тэнгэр хамгийн цэлмэг нь, шөнийн тэнгэрийн одод нь бариад авмаар ойрхон, бас тод харагддаг гэсэн. Хүчирхэг төрийн нударган дор өчнөөн жилийг үдсэн учраас хүмүүс нь хүсэл, шуналаас ангижирсан гэлтэй. 1970 онд анх дэлгэцнээ гарсан “Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй” кинонд иргэд нь дуртай. Эл киноны төгсгөлд эгшиглэдэг ижил нэртэй хүүхдийн дуу Төрийн дууллаас нь өөрцгүй, үнэ цэнтэй. Тэргүүнд нь ганцхан Коммунист нам л байдаг учраас улс төрийн үзэл баримтлалаар талцдаггүй, төрдөө хүсэл, шуналаа тулгадаггүй. Дорой яваагаа төр, засгийн буруу гэж асдаггүй, өөрөө хичээвэл болно л гэж итгэцгээдэг. Залуус нь Америк, Англи шиг оронд амьдрахыг мөрөөддөг үе тэнгийн азиудаас ангид. Эх орондоо ажиллаж, бүтээн байгуулалтад гар бие оролцох нь тэдний эхний бөгөөд эцсийн сонголтгүй хувилбар. Хоёр дахь Америк болохоор зүтгэж буй өмнөд хөршөө бодвол солонгос үндэсний онцлог, соёл, уламжлалаа тэд өнөөг хүртэл тээж яваа. Импорт нь ердөө 3.5 тэрбум ам.доллар. Хэрэгцээт зүйлсийнхээ ихэнхийг дотооддоо үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтийг сөхрүүлсэн санхүүгийн хямрал тэдэнд нөлөөлөхгүй. Тэртээ тэргүй зүдүү амьдардаг юм чинь гэж даапаалж болох. Гэхдээ л санхүүгийн болоод батлан хамгаалах хүчний хувьд бүрэн бие даасан цөөн хэдэн улсын нэг.
Хүн төрөлхтөн зохист хэмжээнээс хол алхаж, хэтэрхий гэмээр хөгжсөн гэдэгтэй санал нийлмээр үе гарах. Мэдээллийн утгагүйдэл бий болж, жаахан хүүхдүүдийн мэдэхгүй зүйл цөөн болсонд гайхмаар. Ардчиллын буянаар хүмүүс юу дуртайгаа хийдэг болов. Гэвч энэ “юу дуртай” дотор эрээ цээргүй зүйлс олон бий. Тэдгээр нь бидний хяналтаас хэдийнэ гарсан. Харин Хойд Солонгос даяаршлын давалгаанд бохирдоогүй, харин ч тойрч яваа.
Барбара Демик тэндхийн аядуу, уйтай байдлыг “Хойд Солонгост цаг хугацаа 1970 он хүрээд зогссон мэт” хэмээн дүрсэлжээ. Магадгүй, дэлхийн хөгжил 1970 онд хүрээд зогсох ёстой байсан байх. Хэрэв хөгжлийн хэмнэл түр ч атугай амсхийж, бид хаана буйгаа, хаашаа зүглэж буйгаа эргэцүүлэх боломж олдсон бол дэлхий дээр орших бидний хугацаа бага ч гэсэн уртсах байж мэднэ. Бид эргэцүүлж амжаагүй учраас л, хэмнэл дагаж хэтэрхий хол алхсан учраас дэлхийн амьсгаа бачимдаж, цаг уурын дулаарал, озоны давхарга цоорсон, олон зүйлийн амьтан, ургамал сүйдсэн зэрэг урьдаас тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулав. 200 жилийн дараа энэ гариг дээр хүн амьдарч болох уу, үгүй юу гэдгийн хариултыг ч өнөө хэр олоогүй л явна. Харин тэд өөр.
Бидний ихэнх нь интернэтгүйгээр маргаашаа төсөөлж чадахгүй болтлоо хүлэгджээ. Харин ахуйн элдэв хүлээснээс ангид хойд солонгосчууд хоосон хонолоо ч “Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй” гэх үгэндээ итгэн, урам зоригтойгоор сэрж чадна. Дэлхийн улс орнуудын аз жаргалын индекст Хойд Солонгосын талаарх баримтыг нийтлээгүй ч оносон мэт. Тэдэнд энэ дэлхий дээр атаархах зүйл үгүй юм чинь. Харин бидэнд л буй.

No comments:

Post a Comment