May 16, 2011

Ялгаръя




Аливаад бүх нийтээрээ анхаарал хандуулж, даган дуурайж эхлэх үед тухайн зүйлийн үнэ цэнэ хэдийнэ алдагдсан байдаг. Үнэ цэнэгүй л бол тэр хэнд хэрэг болоо аж. Дэлхийн жишиг гэх холбоо үг бидний амьдралд хэтэрхий байр суурь эзлэх болов. Америк гоё байна, тэдэн шиг л болох юмсан. Франц зүгээр ч юм уу, италичууд их сайхан ард түмэн юм, солонгосчууд ч бас муугүй. Яадаг юм, дуурайж л орхие.
Гэтэл үр дүн нь юу байв? Эцсийн гаргалгаа хийхэд Монгол Улс Америкийг, Солонгосыг хэр сайн дуурайж вэ гэх асуулт ер хөндөгдөхгүй, энэ ард түмэн өөрсдөө юу бүтээсэн юм бэ гэдэг л шийдвэрлэх хүчин зүйл байх болно. Ирээдүйд Монгол орноо бидний хойч үе юугаар нь дурсах вэ, дахиад Чингис хаан л биш шүү. Техник, технологийн хүчинд найдан, хэдэн зуунд түчээлсэн Европ зүгийнхний нийгэм сонирхолгүй болж гэнэ. Тэдний өндөр хөгжил байгалийн, бодит амьдралын тусгалаас хэт хол юм. Өндөр барилга, сүрт гэрлэн чимэглэл, технологижсон, роботжсон нийгмээс тэд ямар ч гэнэтийн бэлэг хүлээгээд нэмэргүй. Бүхэн нь автомат юм чинь. Харин дорно зүг рүү анхаарлаа хандуул даа. “Тэд ямар гоё амьдардаг юм бэ, өнөөг хүртэл тэд уламжлалт амьдралын хэв маягаа хадгалж, байгалтайгаа ойр үлдэж шүү дээ” хэмээн буржгар үс, цэнхэр нүдтэнгүүд эргэцүүлж байна. Аялагчдын цуваа Ази руу чиглэх болсны нууц нь энэ.
Хотын соёл тунхаглаж, хөдөөгийнхнөө бид муучлах болсоор удлаа. Шалтгаан нь өнөөх дэлхийн жишиг. Гэвч Монгол гэдэг улсын, соёлын эд, эс тэнд л бий биш үү. Бидний хэдийнэ дургүй болсон нүүдэлчин амьдралын хэв маягийг тэд хэдэн зууны турш буухиалж ирсэн. Өдгөө ч тэд тэнгэр харж цаг агаараа баримжаалж, газраа шүтэн амьдарсаар л байна. Үнэн чанартаа хотын иргэн хэмээн цээжээ дэлдээд байгаа эрхмүүдийн угсаа гарвал их холдож л гурван үеийн өмнөх хөдөөнийхөн бий. Хотын иргэд л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэх авч үнэндээ өөрсдийнхөө түүх соёлоос хамгийн хурдацтай холдож байгаа нь тэд байх. Нүүдэлчин хэв маягаасаа ялгаран, холдох гээд байгаа нь энэ юм уу даа.
Уул уурхайн их баялаг бидний араншинг эвдэж байх шиг. Ирээдүйн тухай төсөөлөл бүрт дээрх холбоо үг хамаатаж, ямар ч зорилго, тэмүүлэлгүй байлаа ч энэ их баялаг биднийг хоосон хонуулахгүй гэж бодох нь олширч. Мэдээж уул уурхайгаас бид төсөөлөшгүй их орлого олно. Харин энэ мөнгөөр бид юу бүтээх вэ? Америк, солонгос, итали мөрөөдлөө биелүүлэх үү? Үгүй дээ, Монголоороо л үлдэе. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сайхан. Монголоороо л ялгаръя.

May 14, 2011

Эсперанза Спалдин




Эсперанза Спалдинийг Жаззын гүнж хэмээн цоллож болно. Гэвч гүнж, ханхүү, хаан, хатан гэх улиг болсон хямдхан сэтэр жинхэнэ уран бүтээлчийн язгуур үнэлэмжээс ямагт доогуур оршдог аж. Олета Адамс, Бетти Картер, Мелоди Гэрдот нарын аль нь ч эрт цагийн язгууртны цол хэргэмийн сүүдэргүйгээр хүндэтгэл хүлээж чадсан. Жааз урсгалын залуу төлөөлөгч, таван наснаасаа хойш морин хийлтэй нөхөрлөсөн өнгөт арьс бүсгүйн нэрийг бид юуны тулд дурдах болов оо гэвэл өнгөрсөн зуунд булшлагдах ёстой байсан гэх урлагийн нэгэн чухаг төрлийн шинэ амьсгал болж буйнх нь төлөө л гэчихье. Тэр од биш, хит дууны жагсаалтаас түүний нэрийг харахгүй, “Youtube, Vevo”-гоор ханилдаг сая хол давсан сонсогч байхгүй. “Хаа нэг ам нээдэг, этгээд зантай, урлан, номын сангаас салдаггүй, зожиг тэнэг гэх ангилалд багтаах бүхий л шалтгийг тээж явдаг мөртлөө начиртаа жинхэнэ урлагийг эд, эс бүхнээрээ мэдэрч чаддаг хүмүүсийн дууны санд Эсперанза Спалдин гэх шинэ цэс нэмэгдсэн” хэмээн өнөө цагийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхэм Уайне Шортер хэлж байв. Аливаа урлагт бүх нийтээрээ автах мөчид түүний үнэ цэнэ хэдийнэ арилан одсон байдаг гэдэг дээ.
Жаазын шинэ хөг
“Гремми”-ийн шагнал гардуулах 53 дахь удаагийн ёслолын үеэр нэн сонирхолтой түүх бүтсэн юм. “Оны шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд Жастин Бибер, Дрэйк, “Mumford and sons”, “Florence+The Machine” тэргүүтэй тухайн жилийн жинхэнэ тэсрэлтүүд нэр дэвшиж, сэтгэл догдлон хүлээж суутал дугтуй задарч, Эсперанза Спалдиний нэрийг хоёронтоо зарлав. Жааз уран бүтээлч энэ төрөлд ялсан цорын ганц тохиолдлын эзэн Эсперанзагийн ачаар шоу бизнестэй хутгалдсан шинэ цагийн урлагийн тогооноос жамаараа холдож явсан жааз хөгжим эргэн ирж байна.
Түүний ээж испани гаралтай америк эмэгтэй, аав нь гарал үл тодорхой, Бразил хавийн гэж таамагладаг өнгөт арьстан. Гэвч Эсперанзагийн зүрх сэтгэл Америкт ч биш, Бразилд ч биш Португалийг таашаадаг аж. “Португал хэл, дуу хөгжим хорвоо дээрх хамгийн гайхалтай хөг, эгшгийн бүрдэл. Бие минь Америкт төрсөн ч гэлээ португалчуудтай би зүрх сэтгэлийнхээ хамгийн бат бөх уяагаар холбогдсон гэдэгтэй эргэлздэггүй” хэмээн ярьж байсан удаатай. Түүнийг урлагтай, тэр дундаа жааз хөгжимтэй амьдралаа холбоход нөлөөлсөн хүн бол таван настайд нь морин хийл, наймтайд нь гитар, арван гуравтайд нь төгөлдөр хуур зааж өгсөн ээж нь. Өөрийн хүрээгүй оргил руу охиноо зүтгүүлсэн ээжийнх нь хүсэл биелэж, 15 настайдаа Эсперанза Спалдин “Noiso for Pretend гэх инди рок хамтлагт элсэж, дуу бичих болон өнөөх олон хөгжмийн авьяасаа ашиглах хэрэг гарав. Гэвч тэрбээр хөгжмийн зэмсэгтэй хөөцөлдөхөөс илүү хоолойнд нь нуугдаж байсан гайхалтай аялгууг мэдэрч, өөрийн мэддэг бүхий л жааз, инди рок дуугаа дуулж эхлэв. Түүний хоолой яг л намуухан урсах хүрхрээ мэт хэмээн “Noise for Pretend хамтлагийнхан ярьж байсан. Удалгүй Спалдин хувийн карьераа хөөхөөр шийдэж, GED группийн залуу уран бүтээлч хөтөлбөрийн шугамаар Портлэндийн их сургуульд тэтгэлгээр суралцах болов. Тэнд тэрбээр анхны продюссер Пет Метанитай танилцжээ. Пет түүнийг “X factor уралдаанд орохыг ятгаад амжилт олсонгүй. Шоу бизнес гэх хөгийн зүйлтэй хутгалдахыг тэр хүсээгүй учраас тэр байх. Харин Эсперанза аялахыг илүүд үзэв. 16 настайдаа гэрээ орхин, Портлэнд, Ореган хотуудын жааз клубт дуулж яваад Патти Аустинтай танилцав. Паттийн зорилго мөн л дэлхийн тавцан байсан хэдий ч энэ удаа Эсперанза түүнтэй хамтрахаар шийдэж Элла Фицжералдын алдарт “For Ella дууг бичүүлэв. Эхлэл муугүй байлаа. Гэвч нэрт саксафонич Жое Лованогийн гурвалын санал түүний сонирхлыг татав. Тэд Нью-Йорк, Калифорниор аялаж, жазз хөгжим сонирхогчдын дунд нэлээдгүй нэр хүндтэй болж амжив.
20 настай профессор
Тэрбээр 2005 онд Бостоны жааз нийгэмлэгийн дэргэдэх урлагийн сургуулийг төгсөж, хөгжимчин гэж нэрлэгдэх эрхтэй болов. Удалгүй түүнд нэг сонирхолтой санал ирсэн нь Берклигийн хөгжмийн коллежид багшлах байсан бөгөөд тэр тус сургуулийн хамгийн залуу буюу 20 настай профессор болсон юм. Түүний заадаг хичээлийн гол цөм нь урлаг, тэр дундаа жинхэнэ урлагийг ойлгох мэдрэмж хөгжүүлэх байсан бөгөөд үүнийгээ амьд болгохын тулд ээжийнхээ заасан хөгжмийн төрөл бүрийг ашигладаг байсан гэдэг. Залуу профессор багшийн ажлынхаа хажуугаар 2006 онд “Junjo” хэмээх анхны цомоо гаргаж амжив. Худалдаанд ашиг олоогүй ч гэлээ энэ цомог жааз хөгжим сонирхогчдын дунд шуугиан тарьсан юм. Удалгүй түүний “Esperanza” “Chamber music society цомгууд гарч жааз хөгжмийн ертөнцөд Эсперанза Спалдиний гэх орон зай бий болгосныг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Энэ зун түүний шинэ цомог гарч магадгүй гэсэн горьдлого байна. “Нью-Йорк Таймс” сонины хөгжмийн редактор Бен Ратлифф “Түүний хоолой гэрлийн намуухан шуугиан мэт олон өнгөтэй мөртлөө тэр нь яг л хүрхрээ мэт шуугин урсаж, аяганд буй мэт нам жим байж чаддаг” хэмээн оношилсон удаатай.
Цагаан товчлуурын аяз
Түүний дууны өнгө аясыг дүрслэх хэцүү. Лав хар бараан өнгийн тусгал байхгүй, ямагт хэр чадлаараа асаж, дүрэлзэж, нисэн, дүүлж буй мэт эрчимлэг бөгөөд уянгалаг сонсогддог. Яг л төгөлдөр хуурын дан цагаан товчлуураар тоглосон ая шиг. Гэвч хамгийн гайхалтай нь “Та ямар уран бүтээлчээс үлгэр дууриал авдаг вэ” гэх асуултад тэр Мадоннаг нэрлэж шуугиан тарьсан. Эсперанза Спалдин- Мадонна сонирхолтой хослол байгаа биз. Мадоннагийн эцэж цуцашгүй эрч хүчийг өөртөө шингээхийг хүсдэг аж. Тэр хөгжмийн шоу болгонд оролцдоггүй, клубт дуулахаа бүр больсон. 2009 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын тайзнаа гарах эрхэм хүндтэй дуучдын тоонд багтаж, өөрөөсөө өндөр морин хийл барин “Precious” дуугаа толилуулсан. Осло хотын төв танхимд цугларсан элит үзэгчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтаж, арга хэмжээний дараа түүнтэй тусгайлан уулзсан аж.
Басс гитар, хийл, морин хийл, цоор, бишгүүр тоглож, жааз, босса нова, нео сөүл стилиэр дуулдаг Эсперанза Спалдины дууг та зориуд нэг сонсоод үзээрэй. “Precious”, Samba Em Preludio”, Ponta de Areia”, “Fall In”... Жааз хөгжим, Эсперанза хоёртой жаахан саатах юутай сайхан...

May 6, 2011

“Нот...”




Өчигдөр Аделийн төрсөн өдөр байж. “Rolling in the deep” ...
Миний мэдэх, миний мэдэрсэн хамгийн сайхан дуунуудын эзэн 23 нас хүрч, бидний дуртай “Rolling in the deep” Биллбоардын жагсаалтын #2-т жагсаж, Аделе 6 сая фунтийн хөрөнгөөр Английн шоу бизнесийн салбарын баячуудын жагсаалтад багтжээ. Тэр “Рианатай унтахыг хүсдэг” тухайгаа “Telegraph”-д ярьж, Аделийн гайхалтай хоолойг биширдэг тухайгаа Бритни мэдэгдэв. Би “Day dreamer”-д хүчтэй дурлаж, өнгөрсөн долоо хоног Аделе бид хоёрын хувьд сайхан байлаа.
48.005.998. Энэ бол 2011 оны тавдугаар сарын 6-ны 17.59 минутын байдлаар “Rolling in the deep”-ийг Youtubе-ээр сонссон хүний тоо. Ямар сэтгэл хөдлөл гаргахаа мэдэх юм алга. Таагүй гэчихвэл яадаг бол. 48 гаруй сая хүн түүнийг хоолойг сонсож, мэдэрсэн байна. Ингэнэ гэж бид “тохироогүй”. Аделийн хамгийн анхны “19” цомог UK chart-ын шилдэг цомгийн жагсаалтад 113 долоо хоног бичигдэж, өнгөрсөн даваа гаригт л гэхэд II-т орсон байна. Мэдээж I-т “21” цомог жагссан. Бас л таатай бус сэтгэл хөдлөл. Бритни, Риана, Лэди Гагаг бус байдаг л нэг британи охин Аделийг хүмүүс сонсох болов, чөтгөр бүү мэд. “Rolling in the deep”...
Тэр л сандал дээр суугаа чигээрээ “тэсэрч” чадна. Сэтгэл зүрхээ дөрвөн өрөөнд түгжчихээд зөнд орхино. Тоосны галзуу шуурга, бөмбөрийн нүргээнд чичигнэх хундаган дахь далайн давалгаа, хагарах чимээ, цав цагаан тэв тэгш өнцөгтүүдийг ганцхан оч үнс болгож чадна. “There is a fire, starting in my heart...” Хөгжмийн ямар ч мэдрэмжгүй нэгэн ч энэ дууг сонсоод “Аль! юу гэнээ... Наадхаа дахиад нэг тавьдаа. Хэний ямар дуу вэ?” гэнэ. “Make you feel my love”. ..
Аделе, чи цомгоо хайртай хүндээ зориулсан гэл үү?
“Хэн нэгэн”-д хүрэх миний аялгууны нот ямар бол???

May 1, 2011

Ерээд оныхон




Хятадууд дургүй хүргэсэн хүнээ “Нийгэм солигдох үед төрмөр” гэж хараадаг юм гэнэ лээ. Оргүй ч үг биш, үнэхээр л нийгэм, цаг үе солигдох үед төрсөн хүмүүс учир битүүлэг, нийгэмд оройлох үүрэгтэй бүлэг үүсгэдэг тухай хүний нас судлаач Анне Домининигийн өгүүлэлд байдаг.
Аав, ээжийн ярианаас л сонсож байсан социализм гээч нь нураад удаагүй, картын бараанд дугаарлаж байсан түүхийг нь үлгэр аятай орой бүр сонсож өссөн ерээд оныхон. Анне Доминини ч бай, хятадууд нь ч бас юу л гэнэ, тааллаараа болог. Гэхдээ тэр айхтар солигдолтын үеийнх нь хэцүүг дал, наяад оныхон илүүтэй мэдэрсэн юм уу даа гэж би хардаг. Бүх зүйлс хөшигтэй, түүний ард юу байгаа нь сонин биш, дотор нь л сайн сайхан бий гэж итгэсэн романтик сэтгэлгээтэй хүүхдүүд арван жилээ дүүргэж, оюутны ширээнд суухад... Хөшиг нь өөрөө нурчихсан. Ардчилал ялсан ч, энэ нийгмийн сайн сайхныг үзье гэхнээ юу нь ч төлөвшөөгүй туршилтын туулайнууд балмагдсандаа бүгд л ганзагын наймаачнаар гараагаа эхэлсэн түүхтэй. Өдгөө тэд 40 шүргэж, дөрөө жийж яваа. Харин тэр будлиантай үед хэл, хөлд ороогүй баастайгаа хутгалдаж явсан багачууд өдгөө 20 шүргэж байна. Өнгөрсөн зуунуудын хамгийн өөдрөг үзэлтэй нээлт хийгчдийн урьдчилан хэлж чадах байснаас ч илүү түргэн, илүү хол алхсан технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, жалга довын үзэл хэдийнэ задарч уламжлалын хүлээс тайлагдсан хавтгай дэлхийд оршин буйгаа эд, эс бүхнээрээ ойлгосон шинэ үеийнхэн. Тэдний түрүүч нь мэргэжилтэйгээ дөнгөж золгож байгаа. “Та нар тэгээд яаж гийгүүлсэн юм бэ?” гэж далаад оны ах нар тулгаж мэднэ, амжилт гаргахаас илүүтэй бэлтгэл, төлөвшил нь чухал байдаг юм гэнэ лээ. Бид харин “хундаам”-ндаа эргэлздэггүй.
Хоёрдугаар мянганы сүүлийн арванд мэндэлсэн жаалууд хүнлэг сэтгэлээс минь хэтийдсэн технологийн үед амьдарч буй нь ой гутам үнэн ч гэлээ интернэттэй цуг мэндэлж, гар утас гээчтэй гар гараасаа барилцан төрснөө ховор завшаан гэдэгт итгэдэг. Бидний багад (багачуудын бага нас гэхээр эвгүй ч юмаа даа) бүх юм цоо шинэ байсныг даалуу, хөзөр үеээ элээж, тетрис, тамагочи, сега, pc-гээр буухиалсан тоглоомын түүх ч гэрчлэх биз. Орос хэл моодноос гарч, англи хэлний цагаан толгойг монголоосоо түрүүнд нүдэлсэн манай үеийнхэн Сайн уу биш “Hi” хэмээн мэндчилж өвөө, эмээгийнхээ даралтыг өсгөж явна. Цаг үе нь ингэж таарсан болохоор яалтай ч билээ. Манай үеийнхний хүрээнд багтах 600 мянган залуусын тал хувь нь гадаадад сурч байна. Дэлхий бидний төрсөн нутаг хэмээн цээжээ дэлдэх нь утгагүй ч Монгол ганцхан минийх биш гэж түгдрэлгүй хэлж чадна, тэд. Үзэл суртал гээчийг мэдэхгүй, социализмын тухай сураг төдий л ойголттой бидний тархи улс төрөөр хордоогүй, хэн хөдөлмөрлөнө тэр хожно гэх энгийн гаргалгаатай эрүүл өрсөлдөөний талбарт аж төрж буй нь бидний аз юм уу даа. Улстөржиж, хор хутгахгүй л бол амжилтад хүрэхгүй гэсэн идеалтай ах нараас арай өөр нь энэ.
“Эх орноо бид өвөг дээдсээсээ өвлөж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө...” хэмээн О.Дашбалбар бээр бичиж байв. “Аль ч нийгмийг 40-60 насныхан авч явдаг” гэх гаргалгааны тухай Б.Баабар бичсэнийг ч харж байсан. Харин тэд бидэнд юу хүлээлгэж өгөв өө гэх асуултын хариуг сонсвол сонин мэдрэмж төрөх байх. Мөлхөөд ч болтугай ардчиллын шугамаар алхуулж чадсан нь гавьяа юм аа гэж бид дуу нэгтэй хэлнэ. Манай үеийн Ардчилсан солонгос хүүхдүүдэд дээрх асуулт хэрхэн буух нь сонин.
Матрикс”, “Юрийн галавын цэцэрлэг” үзэж, “Нирвана”, Бритни, “Нсинк” сонсож, картын бараанд дугаарлах бус супермаркетаас сонголт хийж, тэвэг, чарга биш “play station”, “counter strikе”, warcraft” тоглож өссөн бид ямар нийгэм байгуулах нь түүнээс ч сонирхолтой. Клоуны аргаар мэндэлсэн “Долли” хурга манай үеийн шинжлэх ухааны тэсрэлт байсан бол, “www гэх гурван тэмдэгт технологийн түүхийн оргил байв. Хэдэн мянган жил хүчирхэг оршсон Европ зүгийн эзэрхийлэл шуударч, Дорнын соёлын дэлхийн тавцанд ноёлох сэжүүр манай үеэс эхэлж өрнөх болов. Цэцэрлэгт ордог насан дээр феминизмийн гурав дахь давалгаа өрнөж, манай үед л анхны эмэгтэй төрийн тэргүүнүүд тодорч эхэлсэн. Эрчүүд баатар биш, жентельмен болж төлөвшихийн гол өрнөл манай үед явагдаж байгаа тухай судлаачид дуу нэгтэй хэлдэг.
Аав ээжийн ярьдагтай авцалдаж өгөхгүй, өвөө эмээгийн хэлдгээс тэс өөрөөр оршин тогтнох үе айсуй. Бүр хаалга тогшиж байж ч мэднэ.
Манай үеийнхэн өдгөө ихэнх нь төгсөх ангийн оюутан, их үсрээд л ажлын байртайгаа дөнгөж танилцаж буй будаг нь ханхалсан “шинэков”-ууд яваа. Аделе, Селена Гомез, Жастин Бибер, Ким Ю На, Электрон жаал (О.Энхпүрэв) шиг эрт тодроогүй нь энд тэндхийн номын санд ширээ дэрлэж байж ч мэднэ. Гэхдээ түүх өрнөж байна, бүр энгийн биш түүх тэдний гараар бичигдэх учиртай. Ерээд оныхныг цаг үе нь хүлээж байна.