Jul 20, 2011

Өс хонзонгийн гарын авлага



Би хоёр дүүтэй. Нэг нь гурван настай, нөгөө нь дөнгөж ой гарч яваа дүү охидтойгоо наадмын өдрүүдэд хамт байж, хүүхдийн ертөнцөөр хэд хоног аялах үүрэг гүйцэтгэв. Ер бишийн дураараа, санаж бодох юмгүй, хөргөгчөө хоосолж, амттанд бялуурч, хамт тоглож, хүүхэлдэйн кино үзэх зуураа хэд хэдэн “нээлт” хийлээ. Харамсалтай нь энэ сайн мэдээ биш. Үнэндээ тоглоомыг нь өрөөд, зурагтын өмнө уячихдаг тэд маань юу үзэж, юу туршиж байгааг хараад эмзэглэхгүй байж чадсангүй ээ. Хүүхэд гэдэг цэвэрхэн цаас. Тэр цаасан дээр бид сайн сайхан бүхнийг л зурж үлдээхийг хүсдэг ч энэ нийгмийн бараан сүүдэр хүүхдийн ертөнцтэй харин ч үлэмж тунгаар хутгалдаж байгаа юм бишүү. Тэд барбигаа үе мөчөөр нь салгаж, хооронд нь зодолдуулж байгаа мэтээр наадаж, хамгийн эмгэнэлтэй нь үүнийгээ тэд өөрсөд дээрээ туршиж байгааг хүүхэд насанд тохох аргагүй. Тэд өөрсдөө үүнийг сэдсэн юм биш үздэг хүүхэлдэйн кино нь зааж өгдөг. Монголын телевизүүд нэг үеэ бодвол хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кинонд зориулах цаг нь ихэссэн нь сайшаалтай. Харин тэдгээр нь үнэхээр хүүхдэд зориулсан, тэдний нас сэтгэхүйд тохирсон байдаг уу гэдэг л эргэлзээтэй.
“Би чамайг буудна”
“Хөгжилтэй бөмбөлөгүүд”, “Маша, баавгай хоёр”, “Луут бөмбөг Z”, “Наруто” “Спонж Боб” зэрэг цуврал болон “Кун фу панда”, “Тоглоомын түүх”, “Алвин ба жирхнүүд”, “Wall E”, “Найман галзуу шөнө” зурагтаар хамгийн их гардаг хүүхэлдэйн кинонууд. Таны хүүхдүүдэд хамгийн ойр “багш” нь эд. Гэвч ихэнх нь хүүхдийн нас сэтгэхүйгээс хэтэрсэн, аллага хүчирхийлэл бүхий дүрслэлээр баялаг байдаг. “Наруто” зэргийг бол зүрх муутай том хүн үзэхэд ч эвгүй юм. Үүнээс болж хүүхдүүд “Наруто”-гийнх шиг сэлэм, зэвсэг нэхэж, үүгээрээ үзсэн харсан бүхнээ найздаа эсвэл дүүдээ турших болов. Асуудлын гол нь үүнд биш, хүүхэлдэйн кино үздэг хүүхдүүд туйлдашгүй өш хонзон авагч болон хүмүүжиж байна. “Би чамайг буудна”, “Надтай тоглохгүй бол чамайг ална шүү”, “Найзаа хоёулаа буудалцаж тоглох уу”... хүүхдийн өрөө рүүгээ шагайвал тэд ийм л харилцан яриа өрнүүлж суугаа даа.
“Өш хонзонгийн гарын авлага”
Саяхан Германы судлаачид хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох “Астерикс Обеликс хоёр” цувралын зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гарч буйг тогтоожээ. Тэр дундаа Обеликсийн толгой руу Гаул 400 удаа цохидог аж. Тиймээс Германы хүүхдийн нийгэмлэг дээрх хүүхэлдэйн кино болон “Том Жерри”, “Скүүби Дүү”-г хүүхдэд үзүүлэхгүй байх санал гаргажээ. Кино шүүмжлэгч Томас Турнерийн хэлж буйгаар дээрх кинонууд буруу зүйл хийсэн хүнээс өшөөгөө авах, тэгэхдээ бүр хэрцгийгээр, болж өгвөл алах ёстой гэсэн мессежийг хүүхдэд өгч байгаа гэж үзжээ. Муу хүүхэд гэж байдаггүй, муу хүмүүжүүлэгч л гэж бий гэдэг. “Кун фу панда” хүүхэлдэйн кинонд багшийнхаа өөдөөс тэрсэлсэн ирвэсийг бүх насаар нь шоронд хорьж, улмаар түүнийг хороосноор амар сайхандаа жаргаж байх жишээтэй. Ирвэсийг алсан баатар По панда хүүхдүүдийн шүтээн болж байгаа гээд бод доо. Бас л тулаанч баатар, сайн үйлийн төлөө цус аллагууд үйлддэг Наруто Монголын хүүхдүүдийн дунд “од” болж байсан цаг саяхан.
Гурван настай Т.Одончимэг маань дүү нь өөрийнх нь тоглоомыг булаасныг надад ирж мэдэгдэв. Асуудлыг зохицуулахын тулд би түүнд тоглоом булаах хэчнээн муу тухай лекц уншиж, ахиж тэгэж болохгүй гэдгийг хатуухан ойлгуулахын тулд загнаж үзэв. Хоёр талд уйлалдаж, дүүг нь загнасны дараа Т.Одноо сая нэг тайвширч, өрөө рүүгээ орж байна. Энэ ноцтой зүйл биш л дээ, хүүхдүүдийн хооронд байдаг л харилцаа. Гэхдээ үүний цаана өнөөх л өш хонзонгийн сэтгэл, дайсныг дарахын тулд юу ч хийсэн болно гэх “багш”-ийн зөвлөмж явж байгаа юм даа.
+25
Лалын шашинт орнууд, тэр дундаа Пакистан улс шашины агуулгатайгаас бусад хүүхэлдэйн кино гаргахыг хориглосон байдаг. Энэ нь хүүхдийн эрхэд халдаж байгаа хэрэг боловч үнэхээр л өнөө цагийн хүчирхийлэл дүүрэн хүүхэлдэйн кинонуудыг үзээгүй нь дээр ч юм шиг. Хүүхэлдэйн киноны дэлхийн томоохон суваг болох “Cartoon network” өнгөрсөн онд нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан. Эцэг эхчүүд энэ сувгийн нэвтрүүлдэг хүүхэлдэйн киног +25 ангилалд багтааж, хүүхдүүдэд булай бүхнийг харуулж байгааг эсэргүүцэж байв. Гэвч асуудал шийдэгдээгүйн улмаас эцэг эхчүүд хүүхдийн үзэж буй кинонд шалгалт явуулж, кабелиар дамжуулан хянах болсон. Харин манайд энэ асуудлыг зохицуулах газар байдаг уу. Хүүхэлдэйн киног ангилах байтугай, зурагтаар нэвтрүүлж байгаа садар самуун нэвтрүүлэг, аллага хүчирхийлэл бүхий киног хүүхэд үзэж болох, болохгүйг заасан тэмдэглэгээ байдаггүй. Өнгөрсөн жилээс л зарим суваг бөмбөлөгөөр ялгадаг болсон байна лээ. Гэхдээ энэ төгс шийдэл биш. Өнөөгийн хүүхэлдэйн киног хүүхдэд биш, +18 ангилалд оруулах зүйтэй бололтой.
Амар сайхандаа жаргахаас өмнө
Монголд хүүхэлдэйн кино хөгжөөгүй нь яамай даа гэж баярлах ёстой юм шиг. Гэсэн ч гаднын кинонууд Монголд чөлөөтэй нэвтэрч байгаа учраас ялгаа алга. Саяхан “Монгол ардын үлгэр” гэх хүүхэлдэйн киног дүү нартайгаа үзэв. “Долоон бор оготно”, “Үнэг, шаазгай хоёр” зэрэг үлгэрүүдийг дүрсжүүлэн бүтээсэн байна. Гэвч энд ч мөн сайхан зүйл алга. “Шар тос хулгайлсан дүүгээ зургаан ах нь зодсоор байгаад алчихжээ...”, “...дайснаа дарж амар сайхандаа жаргажээ” л гэнэ. Дүү нар маань эндээс чихэр булаасан нэгнийгээ алдаггүй юм аа гэхэд зодох ёстой юм байна гэдгээс өөр юу ухаарах вэ дээ. Ашиг олохын төлөө хэн ч юу ч хийж болно, үүнийг бид харин ирээдүйгээсээ нуух ёстой биш үү. Хүүхэд бол цав цагаан цаас. Харин тэр цаасан дээр бид юу бичих вэ?

Jul 8, 2011

Зургаан дусал эгшиг



Цонх цантчихаж. Шалтгаан нь цас биш, борооны ялдам дуслууд. Урсаад л... Бороонд норох яагаад шүршүүрийн дор зогсохоос ялгаатай байдаг, зуны танхил өдрүүдийг хүсэх тачаал бороон дуслаас үүдэлтэй болохыг, тэгэхдээ бүр өвөлжин хүлээсэн цэлмэг тэнгэр, нарны тусгалыг ор тас мартаад бүрхэг саарал тэнгэрээс дуслах эгшиг чимээг сонсох... Элдэв эрсдэлийг хойш тавиад аадар бороонд шүхэргүй гүйх галзуу хүнд л тохирох үйлдлийг турших ямар вэ?
Гол нь үнэр. Бороонд норсон шорооны үнэр... би галзуураагүй ээ, тэр хамгийн гоё таашаал. Хамгийн гоё... Таашаал!

Singing in the rain- Жен Кэлли
1929 оны шуугиант бүтээл “The Hollywood music boz revenue мюзиклийн гол дүр Дорис Травис энэ дууг анх амилуулж, Аннет Хэншоу, Норма Ширер, Жон Серри нарын ам дамжсан ч гэлээ 1952 оны “Singing in the rain кинонд Жен Кэлли сэтгэл хөдөлгөм дуулсны дараа л дэлхий нийтийн хүртээл болсон юм. Зарим нь борооны сүлд дуу ч гэдэг. Дурласан залуугийн сэтгэл хөдлөлтэй сүлэлдсэн борооны эгшиг ямар романтик болохыг Жен Келлид атаархсан сая сая залуугийн зүрхний цохилтоос мэдэрч болно. Өнөө цагийн үзэгчдэд түүний хөдөлгөөн солиотой харагдаж мэднэ л дээ. Гэхдээ 1952 оны дурлалын сэтгэл хөдлөл үүнд буруугүй. Артур Фрийд, Херб Браун нарын бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг дууны жагсаалтад гуравдугаарт бичигдэж байв. Энэ гол биш, бороо!
Let ir rain”- Трэйси Чэпмэн
Хит биш шүү. Гэхдээ борооны эгшигт дурлагсдын архивын үнэ цэнэтэй сонголт байж мэднэ. Грэммийн дөрвөн удаагийн шагналт, блюз ноёнтон Трэйси Чэпмэнийн зургаа дахь цомог “Let it rain”-д багтсан энэ дуу 2002 онд мэндэлсэн ч хөгжмийн чартуудад амжилт олоогүй. Өөрийнх нь хэлснээр энэ “нийтийн дуу” биш л дээ. Гитарын зөөлөн хэмнэл, аргадах мэт намуухан хэмнэлээс та тэртээ холд гээсэн итгэлээ тэмтчих санал тавина. Хайр дурлалыг түр мартаад, зүрхээ мэдэр. Эзэнгүй хот, эл хул гудамж, саарал төрх... март аа, бороон дуслыг чагна.

Rain- Битлз
Ливерпулийн дөрвөлийн даруухан бүтээлүүдийн нэг. 1966 оны зургадугаар сард Леннон, Пол хоёрын мэдрэмжээр бүтсэн энэ дууны клип сонирхолтой. Яг үнэндээ хүлэмж дамжин алхах тэдний үйл хөдлөл сонирхол татам биш л дээ. Тэгэхээр сонирхол татахгүй байгаа нь л сонирхолтой хэрэг биш үү. “Бид энэ дууг үүрийн 04.00-05.00 цагийн хооронд бүтээсэн. Амархан бүтээл гэх байх л даа. Гэхдээ тэр нэг цагийг бид хэрхэн өнгөрүүлснийг мэдэхгүй учраас ийн дүгнэх нь амар биз. Магадгүй зөв ч байх” хэмээн Леннон ярьсан байдаг. 1960-аад оны “рок бороо” хожим кино болсон түүхтэй.

Purple rain- Принц
Бороо ямар өнгөтэй байдаг юм, бүү мэд. 1984 онд харин ягаан бороо орсон гэнэ билээ. Өнөө ч хаа нэгтээ орсоор л байдаг гэх. Принцийн “Purple rain” цомогт багтсан энэ дуу 1990-ээд оны хамгийн алдартай “бороо” байв. Рок, поп, госпел, оркестрал жанрын холимог энэ дууны үг, аяын Принц өөрөө бичсэн юм. 8:41 минут эгшиглэх “Ягаан бороо”-ноос тайван амгаланг эвдэх ер бишийн догшин шинжтэй. Гэхдээ хэмнэлтэй хилэн. Принцийн “Purple rain цомогт хөгжмийн шүүмжлэгчид өнөө ч алга ташдаг. “Тime” сэтгүүлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн жагсаалтад багтсаж байв. “Ягаан бороо”-нд норох таалагдсан юм байлгүй дээ.

Fira and rain”- Жэймс Тэйлор
Тэр бороо бас гал харсан. Би бороо, бас гал сонссон. Нэг нь дээш, нөгөө нь доош дүрэлздэг. Ялгаа юу байна. Энэ ардын дууны стильтэй хольсон рок уран бүтээл. Сонирхолтой. Жэймс Тэйлорын 1970 оны “Хонгор Жэймс” цомогт багтсан эл дуу 1970-аад оны залуучуудыг байлдан дагуулж, болзооны сүлд дуулал хэмээн нэрлэгдэж байв. Жэймсийн үг, аяар бүтсэн “Fire and Rain”-ээс бидэнд танил биш үнэр, амт мэдрэгдэнэ. Тэртээ хол хязгаарт гарцаагүй ганцаараа, нар мандахыг харах хүслийг бороон дусал, аялгуу бүдгэрүүлнэ, орлоно.

It’s raining men”- Марта Уош, РуПаул
Яагаад ч юм борооны тухай дуунд эр хоолой тохирдог юм шиг. Энэ магадгүй хайр дурлалын уламжлалт зохион байгуулалттай холбоотой байх. Гэвч “Weather girls” киноны энэ дуу бүсгүй хоолойгоор бүтэж, ганцхан сарын дотор зургаан сая хувь борлогдон, шуугиан тарьж байв. Зарим нь ижил хүйстнүүдийн сүлд дуу гэж ярьдаг л юм. 1982 оны бүтээл болох эл дуу хожим Диана Росс, Жэри Хэлливэлл, Донна Саммер, Шер нарын хоолой дамжсан юм. Гэлээ ч эх хувилбар нь сонгодог хэвээр үлдэж, өнөө хэр эрчүүдийн чихнээ “дусалж” байгаа. Хөгжим судлаачид пост диско, бүжгийн хэмнэлтэй хэмээн оношилсон ч ер бишийн намуун, тайван аяс цаана нь нуугдаж байдаг юм даа.

Jul 6, 2011

Тэр дуусна, тэгээд бид мөхнө




Хүмүүстэй ойр амьдардаггүйд нь ч тэр юмуу цагаан баавгай, оцон шувууны амьдрал бидэнд хүртээлгүй мэт л байдаг. Дэлхий дээр ердөө 25000 цагаан баавгай үлдсэн гэх мэдээ ч биднийг сэрдхийлгэхээ байж. Гэвч энэ дохио мөн. Цагаан баавгай дуусахаар бид дуусна. Хойд туйлын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Жералд Шийдс дээрх гаргалгааг хийсэн юм. 150.000 жилийн өмнө үүссэн, хуурай газар дээрх хамгийн том махчин амьтан болох цагаан баавгайн тоо толгой өнгөрсөн зуунаас эхэлж хорогджээ. Хүн, цагаан баавгай хоёр хамт амьдардаггүй ч дэлхийн дулаарлыг өдөөсөн хүн төрөлхтөн дээрх таагүй мэдээнд гарцаагүй хамаатай. 2100 он гэхэд цагаан баавгай амьдардаг байжээ гэх дурсамж л үлдэнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ. “Гэвч энэ ердөө л дохио байх болно, тэр дуусвал бид ч бас мөхнө” хэмээн Жералд Шийдс хэлж байв.
350-680 кг жинтэй цагаан баавгай хуурай газар мэндэлдэг ч, амьдралынхаа ихэнх хугацааг усанд өнгөрүүлдэг. Далайгаас ч, хуурай газраас ч хоол тэжээлээ олох чадвартай энэ амьтны 19 дэд зүйлээс өдгөө тав нь ор мөргүй устсан байна. Хэдэн зууны өмнө ОХУ, АНУ, Канад, Норвеги, Данид цөөн тооны цагаан баавгай тоологдож байсан ч өдгөө дурсамж болон үлджээ. Хүрэн баавгайн “хамаатан” болох уг амьтан усанд сэлэх чадвартайгаараа ялгаатай бөгөөд загас болон туулай, үнэгээр хооллодог. Түүний хүчирхэг 42 шүд махчин загасныхтай төстэй хэмээн зарим судлаачид таамагладаг юм. Баавгайн төрөл зүйлээс мазаалай, цагаан баавгай ховордож буйн шалтгаан нь хоёулангийнх нь арьстай холбоотой. Хойд туйлын уугуул иргэд болон жуулчид цагаан баавгайн арьс, шүдийг авахын тулд их хэмжээгээр хөнөөж буй нь ховордох шалтгаан болсон юм. Түүний арьс маш дулаахан бөгөөд гоёмсог байдагт гол нууц бий.
Гэр бүлийн уламжлалт зохион байгуулалтаар эрэгчин нь анд явж, эмэгчин нь үр төлөө өсгөдөг ч эцэг цагаан баавгай хүүхдүүдээ дасгалжуулах үүрэг хүлээдэг. Анд дагуулж явах, мөсөн дээр хэрхэн халтирахгүй байх болон ууланд авирах техникийг аав нь сургадаг байна. Тэд -80 хүртэлх хэмийн хүйтэнд амьдрах чадвартай бөгөөд цагаан баавгайн бамбарууш 0.9 кг жинтэй төрдөг байна. Гэвч жил хүрэхгүй хугацаанд 200 кг хүртлээ томордог аж. Цагаан баавгай дунджаар 25 насалдаг ч бидэнд мэдэгдэж буйгаар Дэбби гэх эмэгчин нь 1991 онд 43 насандаа өөд болж байж. Тэртээ Арктикийн цагаан баавгайн тоо толгой хорогдох нь бидэнд яагаад хамаатай вэ гэвэл дэлхийн цэнгэг усны нөөц бүхий хойд туйлын эко системийн хамгийн гол зохицуулагч нь тэр. Гэвч XIV зуунаас улбаатай цагаан баавгайн агнах уламжлалт баярыг ОХУ, Канадад өнөөг хүртэл тэмдэглэсээр байна. Өнгөрсөн зуунд л гэхэд дээрх ангийн баярын үеэр 300 цагаан баавгай агнасан гэх тооцоо бий. Мөн дэлхийн дулаарлаас үүдэж цагаан баавгайн биеийн жин жил ирэх бүр багасаж байгаа аж. Сүүлийн 20 жилд л гэхэд нас бие гүйцсэн цагаан баавгайн дундаж жин 60 кг-аар багассан байх жишээтэй. Гэвч цагаан баавгай түүхийн бүхий л үед ангийн гол бай байсангүй. МЭӨ 1500 оны үед хамаарах хадны сүг зурагт цагаан баавгай эртний овог, аймгуудын онгон шүтээн нь байсан гэдгийг судлаачид тогтоосон. Гэлээ ч гарцаагүй үнэн гэвэл, үхлийн хүрд хэдийнэ эхэлсэн. Цагаан баавгай дэлхийд ор мөргүй уствал туйлын эко системд өөрчлөлт орж, улмаар дэлхий нийтээр тэрхүү зовлонг хуваалцах нь. Тэр мөхнө, тэгээд бид дуусна гэдэг үнэн бололтой.

Jul 1, 2011

Мария дахь Мадонна



Мариягийн тухай яриа антихрист үзэлтнүүдийн хувьд Христийг үгүйсгэх гол өгөөш болсоор ирсэн. Өнөө хэр нугарашгүй оршиж байгаа энэ үзлийг няцааж чадахгүй байгаа үндэслэл нь Есүс эгэл эхээс төрсөнд л бий. Түүнийг хэн ч бүтээсэн бай (ялангуяа бурхан) тэр эгэл хүний ёсоор дэлхийд мэндэлсэн шүү дээ. Гэтэл бурхны сургаалийг түгээгчид Есүсийг онцгой нэгэн болохыг батлах гэж эсвэл ийн харагдуулахын тулд Мариаг ариун онгон эмэгтэй хэмээн нэрийдэж, түүнээс төрсөн хүүг Ертөнцийн эзэн гэж мэдэгдсэн юм. Байж болох л гаргалгаа. Гэвч туйлширсан антихристүүд Есүсийг Мария Магдалена гэх эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээж, түүнийг биеэ үнэлэгч байсан хэмээн нотлоцгоодог. Энэ ч дүүрч. Харин энэ бүх учир нь үл олдох таамгуудыг түр мартаад ариун Мариягийн уран зургийн ертөнц дэх тусгал Мадонна тийш анхаарлаа хандуулбал сонирхолтой юм биш үү.
Мадонна гэх эмэгтэй зөвхөн уран зургийн ертөнцөд л амьдарч, чухам энэ ертөнцийн суутнууд болох Дуччо, Леонардо да Винчи, Жованни Беллини нартай “нэр холбогдож” байв. Гэвч харамсалтай үнэнийг дэглэвэл өнөө цагт тэр бийртэй бүхний гар дамждаг “хямдхан эмэгтэй” болсон доо. Ам дамжсан түүхээр бол Мария буюу бурханы эхийг дүрсэлсэн зурагт нэр өгөх шаардлага гарахад мөнөөх л бурханы эх гэх үгийг италиар хөрвүүлсэн нь Мадонна хэмээх биет бус дүрийг бий болгосон гэдэг.
Ариун Мариягийн нэрийг зээлдсэн эсвэл эерүүлэл дүр болсон энэхүү эмэгтэйн уран зураг дахь бүхий л хөрөгт инээмсэглэл л дутуу байдаг юм. МЭӨ VI зууных буюу бурханы гараар зурагдсан гэх анхны хувилбарт түүний харц тогтворгүй, эх үрийн хайр халамжийн өчүүхэн хэлтэрхий ч үгүй дүрслэгдснээс болсон уу бусад хувилбаруудад ч мөн тэр ийм л дүрээр амилж байв. Хэрэв сайн ажиглавал зураг бүхэнд тэдний (Мадонна ба Есүсийн) харц огтолцож байсан удаагүй. Тэд нэг зүг эсвэл эсрэг тийш хараа сунгасан байдаг нь жинхэнэ ёсны эх, хүү биш гэдгийг илтгэсэн утгатай хэмээн зарим урлаг судлаачид тайлбарладаг.
Сэргэн мандалтын үеийг хүртэл хоёр биеэрээ уран зурагт дүрслэгдэж байснаа 1484 онд Леонардо да Винчийн бийрээр анх удаагаа дан хөрөг нь бүтсэн. Үүний дараагаас уран зурагт гарсан эрх чөлөөгөөр баяжиж Мадоннаг бүхий л талаас нь нээх оролдлогууд гарах болов. Сэргэн мандалтын өмнөх үеийн Мадонна ба бяцхан Есүсийн дүрслэлээс дагалдагчид буюу учир битүүлэг гунигт царайнууд арчигдсаныг өөрчлөлтийн анхны давалгаа гэж үздэг. Доменик ди Бартологийн 1433 оны хувилбарт анх удаагаа дагалдагчдын хүйст өөрчлөлт гарч эмэгтэй хөгжимчдөөр хүрээлүүлсэн нь шинэ нээлт гэхээсээ илүү үзэл сурталтай хутгалдсаны нотолгоо гэлтэй. Сэргэн мандалтаар дамжиж шинэ үеийн босгыг давах хүртлээ түүний царай ямагт газар шагайсан байдалтай буюу нунж дорой дүрслэлтэй байснаа үе өнгөрөх тутам өндийж ирснийг феминистүүд жишээ болгох дуртай. Хэрэв өнөөдөр тэр туйлдашгүй феминистийн бийрээр амилах болбол харин ч тэнгэр ширтсэн, ихэмсэг төрх бүтнэ гэдэг нь гарцаагүй. Үүнийг зарим судлаачид Мадоннагийн дүрслэлээр дамжуулан эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийн өөрчлөлтүүдийн толь хэмээцгээдэг. Гэвч хэрэвзээ энэ нь үнэн юм бол Мадонна шашны үүргээсээ хэдийнэ хальж, нийгэмтэй зууралдсан гэх гаргалгааг хийж болно.
Ариун Мариягийн уран зураг дахь тусгал Мадоннаг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах үзэгдэл өнөө үед хамгийн хүчтэй явагдаж байгаа бөгөөд Европын улс бүрт түүний баримал сүндэрлэх болсон. Дэлхийн II дайны үед Мадоннагийн уран зураг болон баримал дахь 200 гаруй төрх устсан гэж үздэг бөгөөд АНУ-д түүнийг хувьсгалын охин тэнгэр хэмээн нэрийдснээс хойш нь үнэ цэнэ нь газрын гүн хүртэл унасан юм. Өнөө цагт Мадоннаг хэн ч “оролдох”-оо больсон нь эмээсэндээ бус залхсандаа гэвэл онох биз. Ингэтлээ хямдрах эхлэлийг алдарт Леонардо да Винчи тавьсан гэдэг ч ортой байх.
Гэвч уран зураг дахь Мадоннагийн амьдралаас огтхон ч өөрчлөгдөөгүй цор ганц зүйл нь түүний харц юм. Хэнбугайн ч бийр түүний мэлмийг өндийлгөж чадаагүй нь өнөөх л “хүнийх”, “хүсээгүй” гэх хоёр үгтэй холбоотой биз ээ.