Oct 7, 2011

1+1=3




Хэрэв Христэд итгэвэл бурхан эр хүнийг эхэлж бүтээсэн. Дараа нь түүний хавиргаар эмэгтэй хүнийг бүтээж гэнэ. Хэрэгтэй болоод л тэр байх. Тайлбар нь их гоё. “Эр, эм хүн нийлэх үед эрхтэн бүтэн цогцлоно”. Үлгэр, домогт итгэх насаа холын холд гээжээ, бид. Гэхдээ үлгэрт ч бас үнэний хувь бий байх. Дээрх жишээг мөшгөж үзье. Адам, Ева хоёр дэлхийн анхны хүмүүс мөн юм бол, үнэхээр бурхан энэ хоёроос өөрийг бүтээгээгүй гэвэл өдгөө бид хэрхэн 6 тэрбум хүртлээ үржээ вэ? Аль ч шашин эр, эм хүмүүсийн нийтлэг эрх ашгийг хүндэтгэн үздэг хэрнээ ураг төрлийн хүмүүсийн нийлэмжийг таашаадаггүй. Гэж үзэхээр гуравдагчийн хэрэгцээ, шаардлага зайлшгүй гарч ирж байна. Бурхан энэ асуудлыг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй учраас орхиё, харин өнөөгийн бидэнд гуравдагч яагаад хэрэгтэй вэ?

Нууц амраг гэх ойлголт Африкийн соёлд илүү ойр. Ялангуяа исламын шашин энэ үзэгдлийг дэвэргэж поляндр буюу олон эхнэр, нөхөртэй байх явдлыг суртахуун болгон түгээсэн. Гэвч энэ үзэгдэлд нийтээр эмзэг ханддаг хэвээр. Хандлагаа бага зэрэг өөрчлөөд гуравдагчийн хэрэгцээ үүсэх тэр цэгт очъё. Олны дунд онигоо болгон ярьдгаар цуйван сайхан ч өдөр бүр идвэл уйдна. Дундуур нь ганц нэг өндөгтэй хуурга идвэл аятайхан аж. Суртахуун үүнийг хүлээн зөвшөөрдөг хэрнээ өөр дээр нь ирэх үед бүгд л тэвчиж чаддаггүй. Нууц амраг- Хууралт. Ихэнх хүмүүс үүнийг гэр бүлийн ариун нандин харилцааны сэв гэж үздэг. Ийн үзэх шалтгаан бий. Гэвч нууц амраг сексийн хэрэгцээ хангагч төдий биш гэх утгаараа биеэ үнэлэгчээс өөр. Анхны үүслийн хувьд нууц амраг гээч нь сээтэгнэл, сэтгэл хөдлөлийг дахин мэдрүүлэх, өөр мэдрэмж төрүүлэх нууцгай хэлбэр байв. Секс огт хамааралгүй байжээ гэсэн үг. Гэвч яваандаа холилдсон, нууц амрагуудын нууц задарсан. Эрдэмтдийн тооцоолсноор гэр бүл салалтын 74 хувь нь нууц амрагуудтай холбоотой байдаг. Аймаар тоо байгаа биз. Хүмүүс яагаад нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй вэ?

Дэлхий дээр 6.9 тэрбум хүн бий гэсэн тоон утгыг бүгд мэднэ. Харин үүнийг хүйсээр нь задлая. 1000 эмэгтэй тутамд 986 эрэгтэй ногддог байна. Тэгэхээр дэлхийн бүх хүмүүс хоорондоо суулаа гэх хамгийн бүтэшгүй хувилбарыг тооцсон ч эмэгтэйчүүдийн тоо илүү гарч байна. Энэ зуур зогсолтгүй өсөх, хорогдох процесс явж байгаа л даа. Гэхдээ дэлхийн хүйсийн тэнцвэрт байдал хэдийнэ алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үндсэн сэдвээсээ хальчихаж, ингэхээр нэгэнт нэг эр хүнд нэгээс олон эмэгтэй хүн ногдож байгаа цагт гуравдагчийн асуудлыг ор тас мартаж боломгүй. Гэвч нууц амраг сонгох шалтгаан хүн амын тоо, хүйсийн тэнцвэргүй харьцаанд буй гэдэг нь итгэл төрүүлэхгүй, мэдээж.

Гэр бүл юун дээр тогтдог вэ. Итгэлцэл гэж ихэнх нь хариулах байх. Тэгвэл итгэлцэл юун дээр тогтох вэ. Секс дээр үү? Ихэнх нь ийм ойлголттой байдаг. Хайртай хүнээ өөр хүнтэй амраглаж байхыг харах, мэдэх ямар олигтой байхав. Гэвч энэ бол зөвхөн секс, өөр юу ч биш байж болохгүй гэж үү. Бидний багаас сексийг ёс бус зүйл мэтээр ойлгуулж ирсэн. Гэхдээ энэ нь тойрч боломгүй муу зүйл. Заавал үйлдэх ёстой нүгэл. Сэтгэл судлаачдын баталж буйгаар нэгэнт массын ихэнх нь ийм ойлголтоор хүмүүжсэн учраас сексийг гэр бүл оршин тогтнох хамгийн гол цэг хэмээн өргөмжилдөг. Гэр бүл хоорондоо хэрэлдэх, муудалцах, биенээ үл тоох, бүр хайртай эсэх нь тодорхгүй байхыг юман чинээ тоодоггүй мөртлөө сексийн асуудалд онцгой ач холбогдол өгч, өөр хүнтэй энгэр зөрүүлсэн л бол бүх юм дуусаа. Энэ тийм онцгой “ёслол” гэж үү. Хүмүүс ханилан суугаад 5-10 жилийн дотор уйдах процесс явагддаг гэдэг. Ямар ч тэвчээртэй, тууштай хүний өмнө гарч ирэх л ёстой, зайлшгүй үзэгдэл. Учир нь энэ үед сээтэгнэл, анх учрах үеийн сэтгэл хөдлөл арилж, хөрч эхэлдэг аж. Харин хүмүүс энэ мэдрэмжийг ахин мэдрэхээс татгалздаггүй. Энэ эрсдэлтэй алхам. Гэхдээ эрсдэл гэдэг бүтэшгүй зүйл гэсэн үг бас биш юм. Дэлхий дээр миний эхнэр, найз бүсгүйгээс гадна 5 тэрбум эмэгтэй хүн байхад яагаад болохгүй гэж? Хүрд эргүүлэх боломж ирвэл би яах уу?

Нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэт дасамтгай эсвэл хувирамтгай зантай байх нь элбэг. Хоёр алхам урагшаа, нэг алхам хойшоо гэх онолыг биелүүлж чаддаггүй хүмүүс л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй энэ үнэнээс гажих гэж зүтгэдэг аж. Гэлээ ч 2000 жилийн турш, магадгүй түүнээс ч өмнө хүн төрөлхтний түүхий эхлэл цэгээс өнөөг хүртэл хэний ч мултарч чадаагүй хүлээсийг гэнэт тайлах хэцүү. Нууц бол нууц, тэр ил гарах ёсгүй. Гэхдээ бүр оршихгүй байх боломжгүй...

Oct 3, 2011

Сэрэл ба айдас

Хайр гэж яг юу вэ гэдэгт хэн дуртай нь л хариулдаг. Гэхдээ хайр гэж яг ийм юм байдаг юм аа гээд хэн ч баталчихаагүй болохоор тэд бүгд худалч аж. Томъёогүй байна гэдэг ч бас томъёо шүү дээ. Тэгэхээр сэрэл болон айдасын тухай ярилцъя, мэдээж ямар нэгэн томъёололгүйгээр. Эрт урьдын цагт амьдарч байсан хэн нэгэн “Хүнийг танья гэвэл сэрэл нь хөдөлсөн юм уу, үхтлээ айсан царайг нь хар, үйл хөдлөлийг нь ажигла” гэж ээ. Энэ үнэн байх. Учир нь сэрэл хөдөлсөн үед хүнийг тархи нь биш өөр сувгийн хүртэхүй удирдаж эхэлдэг бөгөөд багаа тайлж, ямар нэгэн хяналтгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг аж. Айдас ч мөн ижил.
Зуун зуунаас нэг нэг эр сонгоод, тэр 21-ийн өмнө нүцгэн бүсгүй суулгаад үзье гэх хамгийн бүтэшгүй хувилбараар жишээ авъя. Хүйсийн хувьд нэг, сонирхол бол яв цав таарсан энэ нөхцөлд хэнээс нь ямар араншин илрэхийг төсөөлье. Мэдээллийн технологи хөгжсөн XXI зууны төлөөлөл болох эрийн сексийн төсөөлөл бусдаасаа эрс илүү байж таарна. Тэр үйлдэхгүй юм аа гэхэд өч төчнөөн янзын сувгаар мэдээлэл хүртсэн учраас ургуулан бодох сэтгэлгээ нь машид хөгжсөн байна. Тэгвэл агуйд амьдарч, ахуйн тэс өөр орчноос ирсэн эр буюу МЭӨ-өөс маш холгүй үеийн төлөөллүүд магадгүй айж мэднэ. Эхийн эрхэт ёс ид мандаж байсан үеийнхэн шүү дээ, тэд. Мөн тэдний үед хувцас гээчийг навч сэлтээр орлуулдаг байсан учраас маш өөр төрлийн сэрэл өдөөгдөх нь гарцаагүй. Хүнийг тархи нь бус зүрх нь, бүр нарийндаа төрөлх араншин ба үзэж туулсан зүйлсийн нөлөө удирддаг гэдэг. Иймээс нийгмийн хөгжлийн явц бүрийн төлөөллийн сэрэл, хүртэхүй өөр байж таарах гээд байна. Ер нь тийм. Өнөө цагт интернет хайлтын 80 гаруй хувь нь “секс”, “порно” гэх түлхүүр үгийн давтамжтай болж, “Playboy”-ийн сүүдэр болсон маш олон төрлийн эротик сэтгүүл, ном зохиол гарч буй нь бидний сэрлийн өгөгдлийг улам баяжуулж, төсөөлөн бодох чадварт хувь нэмрээ оруулж байна. Холливуудын кино бүрт секс дүрслэл зах замбараагүйгээр гарч эхэлсэн нь ч үнэн. Энэ хэтийдэл яваандаа ирээдүй хойчийн маань бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлөх талаар эрдэмтэд ярьж эхэллээ. Учир нь өнөө цагийнхан ийм сэдвийг ил дол болтол ярьж, бичиж, үзэж, харж буй нь олон жилийн хөгжлийн явцдаа сексийг юу ч биш, байдаг л нэг хов живийн дайтай үзэж мэдэх аж. Хэрэв ийм зүйл бодит утгаараа болвол дэлхийн хүн амын зогсолтгүй өсөлт буурч эхлэх юм. Гэвч сүүлийн магадлалыг эс тооцвол сэрлийн хувьсал, төсөөлөн бодохуйн хүчирхэг байдал сөрөг үр дүнгүй байж болно. Харин айдас өөр.

Биднийг хаа сайгүй л айдас дагалдаж байдаг. Харанхуй, сүүмгэр газар, сүйрсэн балгас, эзэнгүй байшин харах, мэдрэх үед бидний тархийг айдсын төсөөлөн бодохуй шууд удирдаж, болох хийгээд болохгүй бүх үйл явцыг бодож эхэлдэг. Энэ нь айдсын хүчин зүйлсийн долгионыг бүр ч эрчимжүүлэх бөгөөд ялангуяа “Хөрөө”, “Техасын цахилгаан хөрөөт алуурчин” зэрэг аймшгийн триллерийг үзсэн хүмүүст айдсын даавар бүр ч их тунгаар илэрнэ. Сүүлийн жилүүдэд амиа хорлох, зүрх нь хаагдан, гэнэтийн цочролоор хорвоог орхих хүмүүсийн тоо ихсэж буйг эрдэмтэд аймшгийн кино, сэдлүүдтэй холбож буй нь буруу биш. Эцсийн дүнд үзэж туулсан, мэдэрсэн зүйлс л аливаад шийдвэрлэх үүрэгтэй оролцдог бөгөөд аймшгийн кино огт үзээгүй, айдастай нүүр тулаагүй бяцхан хүүхдүүд тухайн агшинд томчуудаас ч эрэлхэг байх тохиолдол бий. Энэ тухай “Dogtooth” киноноос та бүхэн хэдийнэ мэдэрсэн байх. Тэгэхээр холливуудын гэх шошготой элдэв эротик өгөгдөл бүхий кино, эсвэл аймшгийн бүтээлүүд хүний сэтгэл хөдлөл, төсөөлөн бодохуйд асар хүчтэйгээр нөлөөлж буй нь нууц биш.

Шинжлэх ухаан, технологи хөгжиж буй ч тархин дахь өгөгдлүүдийг бүрэн устгах, ангилах хүртлээ хөгжөөгүй байна. Бидний оюун санааны бүр гүнд хадгалагдан айдсын, сэрлийн хүчин зүйлүүдийг улам хүчтэй өдөөдөг тэрхүү ухаан бодлоос хагацах, тунг нь багасгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Чөтгөр хараагүй бид үүнийг киноноос харснаараа л төсөөлдөг. Ганцаараа гудамжинд явахдаа өнөөх нь энд тэндээс гарч ирэх мэтээр бодож, эмээдэг нь зүрхний хүчдэлийг бүр ч эрчимжүүлдэг. Харин энэ тухай огт мэдэхгүй, хараагүй хүн харанхуй гудамжаар яваад магадгүй бурхантай, эсвэл хэн нэг эсрэг хүйсийн сайхан хүн гарч ирэх мэтээр төсөөлж болно. Үүнд л гол нууц нь байгаа юм даа.

Та ч гэсэн гуйлгачин

“Гуйлгачинд хөгийн амьтан гэдгийг нь сануулахын тулд өдөр бүр өглөг өгч бай” гэх хоржин үг бий. Хүнлэг сэтгэлээ түр хойш тавиад ойлговол худлын хувь багатай юм. Хувь хүнд хүнд тусахгүй байж мэднэ, харин тусгаар улс энэ өгүүлбэрт хамаарч байвал хөгийн юм энэ л байх. Дайн дажин болоогүй энх цагт Монгол Улс гаднын орнуудаас 1.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж авчээ. Машин техникээс эхлээд цагаан будаа тээсэн эл цувааг бид тууз хайчилж, морин хуурын түрлэг дор хүндэтгэн авсан хэвээр. Бид будаа тарьдаггүй, ургах боломж ч байхгүй. Техник технологи үйлдвэрлэх болтлоо хөрөнгөжөөгүй нь гуйлга гуйх шалтгаан мөн үү?
Чингисийн удам та 350 ам.доллар гуйлгачилжээ
Өнөөдөр монгол хүн тус бүр 800 ам.долларын өртэй гэж байна. Энэ бол Монгол Улсын нийт гадаад өрийг хүн бүрт ногдуулсан хувь бөгөөд гуйлгаар эерүүлэн хэлбэр буцалтгүй тусламжаар монгол хүн бүр 350 ам.доллар авсан аж. Ганцхан жилийн дотор шүү дээ. Энэ тоон үзүүлэлт л Чингисийн, Төвийн Азийн цээжинд орших агуу үндэстэн, “Minegolia”, 800 жилийн түүхтэй гэх сүржин өмнөтгөлүүдийг маань уландаа гишгих баримт мөн.
Гадаад өр гэдэг хаа ч байдаг л зүйл. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ хүртэл гадаадаас мөнгө зээлдэг, тэр нь 14 их наяд ам.долларт хүрээд зохих нөхцөлөөс хэтэрчихсэн нь энэ зуны турш дуулиан дагуулсан. Асуудлын гол нь хэнээс, юуг, ямар хэлбэрээр аваад байна вэ гэдэгт л байна. Саяхан манай эх оронд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак, Финландын Ерөнхийлөгч Тарья Халонен нар ирээд буцав. Удахгүй ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ирэх юм билээ. Газрын ховор элемент, нүүрс импортлох, Тавантолгойд хувь эзэмших, цөмийн хог хаягдал булшлах гэхчлэн зорилго нь өөр хэрнээ богцонд нь байгаа зүйл л адилхан юм. Тусламж ба хөнгөлөлттэй зээл. Ийм зүйлээр богцоо дүүргэсэн байхад Монголтой холбоотой элдэв асуудал цэгцрээд явчихдаг гэдгийг тэд мэдээд байна. Жишээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч ирээд буцахдаа 2011 – 2015 онд хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээр Монгол Улсын Засгийн газартай хийжээ. Дээрх хугацаанд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд үүний дийлэнх хувь нь эрүүл мэндийн салбарт техник, технологи хэлбэрээр очих юм гэнэ лээ. Алга таших эрт байна. Монгол Улсын хөнгөлөлттэй зээл, тусламж авсаар ирсэн олон жилийн туршлагаас харахад эдгээрийн ихэнх нь хуучин, үйлдвэрлэлээс гарсан, эдэлгээ нь муудсан зүйлс байдаг нь нууц биш. Өттэй цагаан будаа сэлтийн тухай яриад ч юу гэхэв. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Бүхэл бүтэн тусгаар улсыг хогийн сав аятай үзэж, хаягдал шахуу болсон бараа сэлтээ шахаж, үүнийхээ оронд хэд дахин илүү зүйлс аваад буцдаг хөгийн нөхцөл байдал үүсээд удаж байна. Хугацаа нь дууссан цагаан будааны хариуд Тавантолгойд эзэмших хувийг нь өсгөх жишээтэй. Хөөрхийлөлтэй биш гэж үү.
Африк ба Монгол
1983 онд болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр тэрбумтан Жорж Сорос “Африкийн орнууд 20 жилийн дараа ч өнөөдрийн төвшинд байх болно. Энэ бол баримт. Учир нь бид хангалттай, бүр хэрэгцээнээс нь илүү зээл, тусламж илгээж байгаа нь тэдэнд өөрсдөө баялаг бүтээх боломж олгохгүй байна” гэж байв. Тухайн үедээ үүнд итгэх, хүлээж авах хүн цөөхөн байсан. Гэтэл өнөөдөр ӨАБНУ-ыг эс тооцвол Африк тивийн эдийн засаг сүүлийн 20 жилд таван хувиар л өссөн байх юм. Энэ нь өөрчлөлт мөн эсэх, Ж.Соросын зөв бурууг та өөрөө тунгаана биз. Ямартай ч яг ийм дүр зураг Монголоос харагдаж байгаа нь үнэн.
“Оргүйгээс ортой нь дээр”
Газар тариалангийн ихэнх техник БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийнх. ДЦС-иуд ОХУ-ын хаялага. Галт тэрэг, чингэлэгүүд ч бас тэднийх. Гэхдээ хуучин, засаж сэлбэх гэхээр эд анги нь олддоггүй, хүчин чадал нь ч өнөөгийн шинэ технологитой харьцуулбал муу. Гэтэл үүнийг юман чинээ тоолгүй авсаар л байна. Муу юу юм бэ гэж үү, Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж халагладаг даа. Технологийн эрэлтээ хөнгөлөлттэй зээл, тусламжаар шийдчихэж байгаа хойно яаж бид үйлдвэрлэх юм бэ. Шинийг авах, үйлдвэрлэх гэхээр хуучин ч гэсэн нэг муу комбайн авчихсан. “Оргүйгээс ортой нь дээр”. Хэрэв бид огт комбайнгүй байсан бол өөрсдөө хийх талаар бодож эхэлнэ ээ дээ. Үйлдвэр байгуулах мөнгө нь байдаггүй юм аа гэхэд өндөр хүчин чадал бүхий шинэ комбайн хэдийг авчихна. Гэтэл ийн бодолгүйгээр гаднын улсуудын хогын савандаа хийх гэж байсан зүйлсийг нь тусламж нэрээр авахыг урьтал болгож байгаа нь өрөвдөлтэй. Бодвол манай төр засгийн эрхэм гишүүд, тэдний дагуулууд үүнээс хувь хишиг хүртдэг биз. Хөнгөлөлттэй зээл бүр ч хөгийн. Эрт дээр үеийн хуучин техникийг бидэнд яг тэр үеийнх нь үнээр өгнө. Хугацаа нь дуусах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийг шинэхэн байх үеийнхээр нь тооцож гардуулна. Урд нь хөнгөлөлттэй гэдэг үг оруулсан л болохоос биш тэдэнд унац нь яг ижил. Хогийн саванд хийснээс хааш нь ч хамаагүй шингээсэн нь дээр биз дээ. Бэлэг болгон гардуулвал бүр ч сүртэй.
Эцэст нь Монгол Улсын иргэн надад хэлэх үг байна, би гуйлгачин биш!

Sep 7, 2011

"Гэрэл"-ийн хурдаар 2041 он руу #2




Наймдугаар сарын 17.

09.45 цаг. Ж.Гэрэл зураачийг цаг ягштал баримталдаг гэдгийг мэдэх учраас уржигдрын явдлыг сөхөөд яахав. Би мөнөөх л орчинд, онгорхой хаалганы цаанаас гар барин мэндчилэх Ж.Гэрэл зураачийг харж зогсоно. Цагтаа Пушкинтэй “андуурагдан” Санк-Петербургийн онгоцны буудалд олон арван охидтой зургаа татуулж явсан мөнөөх эр өдгөө Есүстэй адилхан болж шүү. Танил уран бүтээлчид нь ийм нэр хайрласан гэнэ билээ. Түүний тоглосон “Гэрэл” богино хэмжээний кино хэтэрхий үнэмшилтэй байсан болоод ч тэр үү хар цагаан, чухам хар цагаан орчин, дүнсгэр харилцан яриа л төсөөлж байв. Харин яваад ортол...

Moi de`s que je suis loin de paname

J'ai les poumons tout essouffle's

J'ai le coeur bouffe's par plein de larmes

et le corps comme tout exile... Нора Арнезедрийн “Loin de Paname эгшиглэж байна. Нэлээд хуучны бололтой төгөлдөр хуур, модон ширээн дээр элдэв скизүүд, хананд нь өөрийнх нь гэхээс илүү охиных нь зурсан зургууд өлгөөстэй. Санаа төрж, бойжиж, амилж байдаг энэ өрөө эцгийн хайраар дүүрэн юм. “Таны төрж өссөн газраас яриагаа эхэлье” гэхийн хэрэггүй болохоор бид ийн хөөрөлдлөө.

-Зурахаас илүү бодоход цаг хэрэгтэй гэсэн, та. “2041 он”-ы санаа хэзээ төрөв, тархинд тань аль хэдийнэ зурагдчихсан биз?

-Үгүй дээ, анх төрсөн санаа л байгаа болохоос биш тархиндаа бүтээчихээд түүний зараалаар зурна гэдэг утгагүй. Зурж эхэлсэн л бол тэр зогсолтгүй бүтэж, баяжиж байх ёстой. 2041 он. Би 80 хүрсэн өвгөн, охин минь 30 гарсан бүсгүй болсон байхаар төсөөлж зурна. Зүгээр нэг санаагаа сараачих биш тэр үеийн нийгэм, урлагийн бүтээл ямар байх вэ, 30 жилийн дараа би болон охин минь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Охин маань ээжтэйгээ их адилхан, үзэсгэлэнтэй. Би энэ хоёрыгоо харж, төсөөлж, охиныхоо төрхийн ерөнхий загварыг гаргасан. Харин би өөрчлөгдөхгүй байх аа. Яахав, хамар, чих ургаж, үс, сахал маань бууралтна биз. Гэхдээ би байна, энэ зургаас охиндоо хайртай эцэг, мөн зураачийн араншин харагдах ёстой.

-30 жилийг алгасаж төсөөлөх, өөрийгөө “байна” гэх итгэлийг танд юу өгсөн бэ. Ная хүрсэн Ж.Гэрэлд амьдрал хүссэн, хүсээгүй өнгө будгаа тусгана. Энэ нь магадгүй гадна төрхийн гэхээсээ илүү дотор хүн, үзэл санаа руу чиглэсэн өөрчлөлт байх болов уу даа.

-Цагийн цаазыг сөрөх хэцүү. Мэдээж 30 жил намайг гадна төрхийн хувьд болон үзэл санааны хувьд өөрчлөх гэнэ. Гэхдээ миний доторх Ж.Гэрэлд тэр хүрч чадахгүй. 30 жилийн өмнө ч би энэ хэвээрээ л байсан, тиймээс би өөрийгөө алдахгүй өтөлнө. Магадгүй үзэж туулсан зүйлсийн нөлөө, тусгал шингэж, нүд илүү нээгдэх болов уу. Эхний асуултыг чи үхэлтэй холбож байх шиг байна. Би түүнээс чинь айдаггүй ээ. Тэр огтхон ч аймаар зүйл биш. Хэдэн жилийн өмнө би хорт хавдар тусаж, сэтгэл дотроо үхсэн. Зарим нь шоолох л байх, гэхдээ сүнс биеэс минь гарахыг би мэдэрсэн. Тэр үед шөнө бүрийн зүүдэнд цагаан ирвэс ирдэг байхад ч би үхэж байсан. Гэхдээ бодлын хүч, бусдын итгэлийн хүчээр би ялсан. Одоо би эрүүл, надад хоёр сайхан хүүхэд, хань минь байна шүү дээ.

Энэ сэдвийг бид орхихыг хүслээ. Өнгөрсөндөө л үлдэх ёстой түүх гэж бий. Зургаа эхлэхийн өмнө хажуудаа өндөр толь тавилаа. “Есүс” гэж хочлуулахад хүргэсэн үсээ байн байн илж, өөрийгөө нэлээд нухацтай харж байна.

-“Би”-дээ ойртох тусам улам ойлгомжгүй, нэг тийм хачин айдас төрдөг гэх. Та өөрийн хөргөө цөөнгүй зурсан. Хэцүү биш үү?

-Хүн мэддэг зүйлээ хамгийн сайн хийдэг. Тиймээс өөрийгөө зурах нь харин ч ойлгомжтой, амар байдаг. Нидерландын Уран зургийн академид сурч байхдаа анхны хөргөө зурсан. Багш маань тэр зургийг гайгүй үнэлж, “Чи үүнийгээ хэзээ ч, хэнд ч битгий зараарай” гэж захисан. Түүнээс хойш хоёр, гурван ч удаа зурчихав уу даа. Сүүлд “2011” нэртэй хөргөө зурсан, 2041 оныхтой харьцуулах зорилготой. Тэр харж байна уу?

-Энэ зурган дээр таны баруун нүд хөхөрчихөж.

-“Баттөмөр намайг зодсон” гэж хочилдог юм (инээв). Хөрөг төгс, заавал наашаа харж инээсэн, өө сэвгүй, гоё сайхан байх албагүй. Энэ хөргийг зурах үед үнэхээр л миний баруун нүд хөхөрсөн байсан учраас би тэр агшныг л зурсан.

-Таны хөргүүдээс эрх, эсвэл зөрүүд, магадгүй эрх чөлөөтэй, омголон араншин илрэх юм.

-Эрх байж таарахгүй. Бусад нь бол дөхөж байна. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү. Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Ж.Гэрэлийн байгаа нь л энэ. Энэ араншин зөвхөн хөргөөс харагдах биш, бүтээлүүдэд маань ч шингэсэн байгаа. Хэн ч, хэзээ ч давтагдах ёсгүй.

Эхний зураас. Тэр харандаа хэрэглэдэггүй аж. Толинд удаан гэгч харснаа нэг их бодлогошронгуй харц тодруулан зураад л. Хамгийн түрүүнд хамар... 2041 оны хамар гэе. Үнэхээр л тэр ямар нэгэн бодолд захирагдалгүй, агшинг аргамжиж байна. Түүний зургуудад бүрэн төгсгөлтэй нь тун цөөн. Гар хөлгүй бие, туурайгүй морь... гэхдээ л ямар нэг адын шидээр харагдахгүй л болохоос байрандаа байгаа мэт үзэгдэнэ. Асуух гэснээ зүрхэлсэнгүй, тэр зурж байна. Харин таамаглая, тэр бүтээлээ тархинд төгсгөхийг хүссэн байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө биш хүн бүрийн тархинд өөр, өөрөөр төгсгөе гэж шийдэж. Бүр төгсөхгүй тэр чигтээ зогсчихсон ч яадаг юм. Гэнэт хаалга тогших ч үгүйгээр нэгэн “дарга” орж ирлээ. Ер бусын амар амгалан сарниж, Ж.Гэрэл зураач ч ажлаа зогсоов. Чи хэн бэ?

Үргэлжлэл бий.

"Гэрэл"-ийн хурдаар 2041 он руу

Day 1


Маргааш бол үлдсэн амьдралын минь эхний өдөр. Өнгөрсөн шиг гэгээн сайхан дурсамж байхгүй, өнөөдөр шиг шинэхэн мэдрэмж үгүй хэрнээ хүрч болох хийгээд болохгүй бүхнийг атгачихаад инээмсэглэн холддог маргааш. Давуу нь маргаашид хязгаар үгүй. Яг л хүний төсөөлөл, мөрөөдөл шиг. Харин одоо би яг ийм маргаашийн үзүүрээс барьж, их ойроос харж зогсоно. 2041 оны маргааш. Манай гаригийн хамгийн өтөл болох Голоцены цаг тоолол 12041 оныг зарлах тэр агшныг зураач Ж.Гэрэл төсөөлөлдөө амилуулах юм. Тэрбээр өөрийнхөө болон охин Г.Гэрэлтзулынхаа 30 жилийн дараах маргаашийг бүтээнэ. Би түүний бүтээл төрүүлэх цаг хугацаа, туурвил зүйг цааснаа буулгах юм. Тэгэхээ уншигч та ч бас түүний бүтээх маргаашийн гэрч нь болох нь. Оршилгүй эхэлчих үү, эсвэл энэ оршил байв уу? Ямартай ч, үлдсэн амьдралын минь эхний өдөр ийн эхэллээ.

2011 оны наймдугаар сарын 15.

Дүнсгэр өдөр. МУЭ-ийн харьяа уран бүтээлчдийн “Б” урлан, 103 тоот. Будаг, ус, урлагдаж буй модны үнэр ханхийнэ. Онгодын зараалаар, эсвэл “халаалт”-ын үр дүнд элдвийг сийлсэн энэ хана хэлтэйсэн бол Монголын дүрслэх урлагийн хэдэн жилийн түүхийг хүүрнэх вий. Будаг нь халцарсан модон шал, гэрэлгүй хонгилоор явсаар Ж.Гэрэл зураачийн урлангийн үүдэнд ирлээ. Энд бид 10.00 цагт уулзахаар тохирсон юм. Гэвч хаалга хаалттай. Тогшвол хариу алга. Олон арван уран бүтээлчийн диваажин болсон энэ газраас бидний мэдэхгүй, шинжлэх ухаан ч нотлоогүй онгод гээч нь дүүрэн байх шиг, ер бусын мэдрэмж төрнө, дүүрнэ. Харин тэр байсангүй.