“Гуйлгачинд хөгийн амьтан гэдгийг нь сануулахын тулд өдөр бүр өглөг өгч бай” гэх хоржин үг бий. Хүнлэг сэтгэлээ түр хойш тавиад ойлговол худлын хувь багатай юм. Хувь хүнд хүнд тусахгүй байж мэднэ, харин тусгаар улс энэ өгүүлбэрт хамаарч байвал хөгийн юм энэ л байх. Дайн дажин болоогүй энх цагт Монгол Улс гаднын орнуудаас 1.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж авчээ. Машин техникээс эхлээд цагаан будаа тээсэн эл цувааг бид тууз хайчилж, морин хуурын түрлэг дор хүндэтгэн авсан хэвээр. Бид будаа тарьдаггүй, ургах боломж ч байхгүй. Техник технологи үйлдвэрлэх болтлоо хөрөнгөжөөгүй нь гуйлга гуйх шалтгаан мөн үү?
Чингисийн удам та 350 ам.доллар гуйлгачилжээ
Өнөөдөр монгол хүн тус бүр 800 ам.долларын өртэй гэж байна. Энэ бол Монгол Улсын нийт гадаад өрийг хүн бүрт ногдуулсан хувь бөгөөд гуйлгаар эерүүлэн хэлбэр буцалтгүй тусламжаар монгол хүн бүр 350 ам.доллар авсан аж. Ганцхан жилийн дотор шүү дээ. Энэ тоон үзүүлэлт л Чингисийн, Төвийн Азийн цээжинд орших агуу үндэстэн, “Minegolia”, 800 жилийн түүхтэй гэх сүржин өмнөтгөлүүдийг маань уландаа гишгих баримт мөн.
Гадаад өр гэдэг хаа ч байдаг л зүйл. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ хүртэл гадаадаас мөнгө зээлдэг, тэр нь 14 их наяд ам.долларт хүрээд зохих нөхцөлөөс хэтэрчихсэн нь энэ зуны турш дуулиан дагуулсан. Асуудлын гол нь хэнээс, юуг, ямар хэлбэрээр аваад байна вэ гэдэгт л байна. Саяхан манай эх оронд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак, Финландын Ерөнхийлөгч Тарья Халонен нар ирээд буцав. Удахгүй ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ирэх юм билээ. Газрын ховор элемент, нүүрс импортлох, Тавантолгойд хувь эзэмших, цөмийн хог хаягдал булшлах гэхчлэн зорилго нь өөр хэрнээ богцонд нь байгаа зүйл л адилхан юм. Тусламж ба хөнгөлөлттэй зээл. Ийм зүйлээр богцоо дүүргэсэн байхад Монголтой холбоотой элдэв асуудал цэгцрээд явчихдаг гэдгийг тэд мэдээд байна. Жишээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч ирээд буцахдаа 2011 – 2015 онд хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээр Монгол Улсын Засгийн газартай хийжээ. Дээрх хугацаанд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд үүний дийлэнх хувь нь эрүүл мэндийн салбарт техник, технологи хэлбэрээр очих юм гэнэ лээ. Алга таших эрт байна. Монгол Улсын хөнгөлөлттэй зээл, тусламж авсаар ирсэн олон жилийн туршлагаас харахад эдгээрийн ихэнх нь хуучин, үйлдвэрлэлээс гарсан, эдэлгээ нь муудсан зүйлс байдаг нь нууц биш. Өттэй цагаан будаа сэлтийн тухай яриад ч юу гэхэв. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Бүхэл бүтэн тусгаар улсыг хогийн сав аятай үзэж, хаягдал шахуу болсон бараа сэлтээ шахаж, үүнийхээ оронд хэд дахин илүү зүйлс аваад буцдаг хөгийн нөхцөл байдал үүсээд удаж байна. Хугацаа нь дууссан цагаан будааны хариуд Тавантолгойд эзэмших хувийг нь өсгөх жишээтэй. Хөөрхийлөлтэй биш гэж үү.
Африк ба Монгол
1983 онд болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр тэрбумтан Жорж Сорос “Африкийн орнууд 20 жилийн дараа ч өнөөдрийн төвшинд байх болно. Энэ бол баримт. Учир нь бид хангалттай, бүр хэрэгцээнээс нь илүү зээл, тусламж илгээж байгаа нь тэдэнд өөрсдөө баялаг бүтээх боломж олгохгүй байна” гэж байв. Тухайн үедээ үүнд итгэх, хүлээж авах хүн цөөхөн байсан. Гэтэл өнөөдөр ӨАБНУ-ыг эс тооцвол Африк тивийн эдийн засаг сүүлийн 20 жилд таван хувиар л өссөн байх юм. Энэ нь өөрчлөлт мөн эсэх, Ж.Соросын зөв бурууг та өөрөө тунгаана биз. Ямартай ч яг ийм дүр зураг Монголоос харагдаж байгаа нь үнэн.
“Оргүйгээс ортой нь дээр”
Газар тариалангийн ихэнх техник БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийнх. ДЦС-иуд ОХУ-ын хаялага. Галт тэрэг, чингэлэгүүд ч бас тэднийх. Гэхдээ хуучин, засаж сэлбэх гэхээр эд анги нь олддоггүй, хүчин чадал нь ч өнөөгийн шинэ технологитой харьцуулбал муу. Гэтэл үүнийг юман чинээ тоолгүй авсаар л байна. Муу юу юм бэ гэж үү, Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж халагладаг даа. Технологийн эрэлтээ хөнгөлөлттэй зээл, тусламжаар шийдчихэж байгаа хойно яаж бид үйлдвэрлэх юм бэ. Шинийг авах, үйлдвэрлэх гэхээр хуучин ч гэсэн нэг муу комбайн авчихсан. “Оргүйгээс ортой нь дээр”. Хэрэв бид огт комбайнгүй байсан бол өөрсдөө хийх талаар бодож эхэлнэ ээ дээ. Үйлдвэр байгуулах мөнгө нь байдаггүй юм аа гэхэд өндөр хүчин чадал бүхий шинэ комбайн хэдийг авчихна. Гэтэл ийн бодолгүйгээр гаднын улсуудын хогын савандаа хийх гэж байсан зүйлсийг нь тусламж нэрээр авахыг урьтал болгож байгаа нь өрөвдөлтэй. Бодвол манай төр засгийн эрхэм гишүүд, тэдний дагуулууд үүнээс хувь хишиг хүртдэг биз. Хөнгөлөлттэй зээл бүр ч хөгийн. Эрт дээр үеийн хуучин техникийг бидэнд яг тэр үеийнх нь үнээр өгнө. Хугацаа нь дуусах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийг шинэхэн байх үеийнхээр нь тооцож гардуулна. Урд нь хөнгөлөлттэй гэдэг үг оруулсан л болохоос биш тэдэнд унац нь яг ижил. Хогийн саванд хийснээс хааш нь ч хамаагүй шингээсэн нь дээр биз дээ. Бэлэг болгон гардуулвал бүр ч сүртэй.
Эцэст нь Монгол Улсын иргэн надад хэлэх үг байна, би гуйлгачин биш!
No comments:
Post a Comment