Наймдугаар сарын 17.
09.45 цаг. Ж.Гэрэл зураачийг цаг ягштал баримталдаг гэдгийг мэдэх учраас уржигдрын явдлыг сөхөөд яахав. Би мөнөөх л орчинд, онгорхой хаалганы цаанаас гар барин мэндчилэх Ж.Гэрэл зураачийг харж зогсоно. Цагтаа Пушкинтэй “андуурагдан” Санк-Петербургийн онгоцны буудалд олон арван охидтой зургаа татуулж явсан мөнөөх эр өдгөө Есүстэй адилхан болж шүү. Танил уран бүтээлчид нь ийм нэр хайрласан гэнэ билээ. Түүний тоглосон “Гэрэл” богино хэмжээний кино хэтэрхий үнэмшилтэй байсан болоод ч тэр үү хар цагаан, чухам хар цагаан орчин, дүнсгэр харилцан яриа л төсөөлж байв. Харин яваад ортол...
Moi de`s que je suis loin de paname
J'ai les poumons tout essouffle's
J'ai le coeur bouffe's par plein de larmes
et le corps comme tout exile... Нора Арнезедрийн “Loin de Paname” эгшиглэж байна. Нэлээд хуучны бололтой төгөлдөр хуур, модон ширээн дээр элдэв скизүүд, хананд нь өөрийнх нь гэхээс илүү охиных нь зурсан зургууд өлгөөстэй. Санаа төрж, бойжиж, амилж байдаг энэ өрөө эцгийн хайраар дүүрэн юм. “Таны төрж өссөн газраас яриагаа эхэлье” гэхийн хэрэггүй болохоор бид ийн хөөрөлдлөө.
-Зурахаас илүү бодоход цаг хэрэгтэй гэсэн, та. “2041 он”-ы санаа хэзээ төрөв, тархинд тань аль хэдийнэ зурагдчихсан биз?
-Үгүй дээ, анх төрсөн санаа л байгаа болохоос биш тархиндаа бүтээчихээд түүний зараалаар зурна гэдэг утгагүй. Зурж эхэлсэн л бол тэр зогсолтгүй бүтэж, баяжиж байх ёстой. 2041 он. Би 80 хүрсэн өвгөн, охин минь 30 гарсан бүсгүй болсон байхаар төсөөлж зурна. Зүгээр нэг санаагаа сараачих биш тэр үеийн нийгэм, урлагийн бүтээл ямар байх вэ, 30 жилийн дараа би болон охин минь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Охин маань ээжтэйгээ их адилхан, үзэсгэлэнтэй. Би энэ хоёрыгоо харж, төсөөлж, охиныхоо төрхийн ерөнхий загварыг гаргасан. Харин би өөрчлөгдөхгүй байх аа. Яахав, хамар, чих ургаж, үс, сахал маань бууралтна биз. Гэхдээ би байна, энэ зургаас охиндоо хайртай эцэг, мөн зураачийн араншин харагдах ёстой.
-30 жилийг алгасаж төсөөлөх, өөрийгөө “байна” гэх итгэлийг танд юу өгсөн бэ. Ная хүрсэн Ж.Гэрэлд амьдрал хүссэн, хүсээгүй өнгө будгаа тусгана. Энэ нь магадгүй гадна төрхийн гэхээсээ илүү дотор хүн, үзэл санаа руу чиглэсэн өөрчлөлт байх болов уу даа.
-Цагийн цаазыг сөрөх хэцүү. Мэдээж 30 жил намайг гадна төрхийн хувьд болон үзэл санааны хувьд өөрчлөх гэнэ. Гэхдээ миний доторх Ж.Гэрэлд тэр хүрч чадахгүй. 30 жилийн өмнө ч би энэ хэвээрээ л байсан, тиймээс би өөрийгөө алдахгүй өтөлнө. Магадгүй үзэж туулсан зүйлсийн нөлөө, тусгал шингэж, нүд илүү нээгдэх болов уу. Эхний асуултыг чи үхэлтэй холбож байх шиг байна. Би түүнээс чинь айдаггүй ээ. Тэр огтхон ч аймаар зүйл биш. Хэдэн жилийн өмнө би хорт хавдар тусаж, сэтгэл дотроо үхсэн. Зарим нь шоолох л байх, гэхдээ сүнс биеэс минь гарахыг би мэдэрсэн. Тэр үед шөнө бүрийн зүүдэнд цагаан ирвэс ирдэг байхад ч би үхэж байсан. Гэхдээ бодлын хүч, бусдын итгэлийн хүчээр би ялсан. Одоо би эрүүл, надад хоёр сайхан хүүхэд, хань минь байна шүү дээ.
Энэ сэдвийг бид орхихыг хүслээ. Өнгөрсөндөө л үлдэх ёстой түүх гэж бий. Зургаа эхлэхийн өмнө хажуудаа өндөр толь тавилаа. “Есүс” гэж хочлуулахад хүргэсэн үсээ байн байн илж, өөрийгөө нэлээд нухацтай харж байна.
-“Би”-дээ ойртох тусам улам ойлгомжгүй, нэг тийм хачин айдас төрдөг гэх. Та өөрийн хөргөө цөөнгүй зурсан. Хэцүү биш үү?
-Хүн мэддэг зүйлээ хамгийн сайн хийдэг. Тиймээс өөрийгөө зурах нь харин ч ойлгомжтой, амар байдаг. Нидерландын Уран зургийн академид сурч байхдаа анхны хөргөө зурсан. Багш маань тэр зургийг гайгүй үнэлж, “Чи үүнийгээ хэзээ ч, хэнд ч битгий зараарай” гэж захисан. Түүнээс хойш хоёр, гурван ч удаа зурчихав уу даа. Сүүлд “2011” нэртэй хөргөө зурсан, 2041 оныхтой харьцуулах зорилготой. Тэр харж байна уу?
-Энэ зурган дээр таны баруун нүд хөхөрчихөж.
-“Баттөмөр намайг зодсон” гэж хочилдог юм (инээв). Хөрөг төгс, заавал наашаа харж инээсэн, өө сэвгүй, гоё сайхан байх албагүй. Энэ хөргийг зурах үед үнэхээр л миний баруун нүд хөхөрсөн байсан учраас би тэр агшныг л зурсан.
-Таны хөргүүдээс эрх, эсвэл зөрүүд, магадгүй эрх чөлөөтэй, омголон араншин илрэх юм.
-Эрх байж таарахгүй. Бусад нь бол дөхөж байна. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү. Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Ж.Гэрэлийн байгаа нь л энэ. Энэ араншин зөвхөн хөргөөс харагдах биш, бүтээлүүдэд маань ч шингэсэн байгаа. Хэн ч, хэзээ ч давтагдах ёсгүй.
Эхний зураас. Тэр харандаа хэрэглэдэггүй аж. Толинд удаан гэгч харснаа нэг их бодлогошронгуй харц тодруулан зураад л. Хамгийн түрүүнд хамар... 2041 оны хамар гэе. Үнэхээр л тэр ямар нэгэн бодолд захирагдалгүй, агшинг аргамжиж байна. Түүний зургуудад бүрэн төгсгөлтэй нь тун цөөн. Гар хөлгүй бие, туурайгүй морь... гэхдээ л ямар нэг адын шидээр харагдахгүй л болохоос байрандаа байгаа мэт үзэгдэнэ. Асуух гэснээ зүрхэлсэнгүй, тэр зурж байна. Харин таамаглая, тэр бүтээлээ тархинд төгсгөхийг хүссэн байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө биш хүн бүрийн тархинд өөр, өөрөөр төгсгөе гэж шийдэж. Бүр төгсөхгүй тэр чигтээ зогсчихсон ч яадаг юм. Гэнэт хаалга тогших ч үгүйгээр нэгэн “дарга” орж ирлээ. Ер бусын амар амгалан сарниж, Ж.Гэрэл зураач ч ажлаа зогсоов. Чи хэн бэ?
Үргэлжлэл бий.
No comments:
Post a Comment