Mar 9, 2011

“Гэгээн” Анне





Тэр их гэгээлэг зурагчин. Үнэндээ тэр гэгээн хүүхэд нас руу л дурангаа чиглүүлдэг болохоос өөрөө тийм гэрэл цацарсан хүн биш. Гэвч зөвхөн энэ л “гэрэлтэх” хангалттай шалтгаан болно гэж үзэж байна. Австралид өсөж, Шинэ Зеландад хүн болсон түүний нэрийн өмнө гэрэл зурагчин, дизайнер, бизнес эмэгтэй гэх гурван “шошго” бий. Эмэгтэй хүний насны талаар яриа ихэд бүдүүлэг болохыг мэдэх ч Анне Геддес өдгөө 50 хол давсан настай гэдгийг цухуйлгах (ер нь шаардлага байна уу?) ...
25 нас хүртлээ дээрх гурван шошгоны аль нь ч үгүй “иргэн” Аннегийн дүрээр амьдарч байснаа гэнэт л гэрэл зургийн аппарат шүүрмээр санагдаж. Аппарат өөрөө Аннег шүүрсэн ч байж мэднэ. Гэхдээ үр дүн нь ялгаагүй. Тэр алдарт хүрсэн. Аппарат үүрсэн болгон алдарт хүрдэггүй учраас дэлхийн 83 оронд гэрэл зургийн номоо хэвлүүлэх хүртэл тэр нэлээд зовсон нь мэдээж. Аннед аппаратны хүчин чадлаас илүү дуран хааш чиглэх, дүрсийг хэрхэн урлаг болгон буулгах нь сонин санагдах үеэс тэр бусдаас өөр гэдгээ мэджээ. Улмаар үүнийг давуу тал нь гэдэгт бат итгэсэн бүсгүйн дуранд хүүхдүүд шинэ өнцөг болон тусав. 25 наснаасаа хойш тэр ийм л юм хийж яваа.
Нойрсож буй эсвэл цэцгэн дүрд хувилсан, хүнсний ногоо болж вааранд ургасан бүр ээжийнх нь амнаас урсаж, өөрсдийнх нь төсөөлөлд л амилдаг үлгэрийн баатарынхаа дүрд хувилсан жаалуудын зургийн та харсан байх. Аннегийн бүсгүй насныхаа талаас илүү хувийг зарцуулсан ажил ердөө л энэ. Гэвч дутуу үнэлэх хэрэггүй. Түүний бүтээлийн ном 18 сая ширхэг зарагдсан бол календарь нь 13 сая хувь хэвлэгдээд тарж одсон. Гэсэн ч тэр зургаа авсаар л байгаа. 1997 оны нэг нартай өдөр 1.8 сая календарь зарж чадсан сүйхээтэй эмэгтэй шүү тэр. Аннегийн “Down in the garden ном нь Нью-Йорк таймсийн бестселлерээр шалгарсан гэхээр түүний дуран байгаа оножээ гэхээс өөр юу хэлэх билээ.
“Тэр нэг бүтэнсайн өдөр хүүхдийн зургийг үлгэр шиг, тоглоом шиг л авч чадахгүй бол шинэ юм биш гэж бодсон. Гэрэл зургийн зах зээлд “хууччуул”-д зай байдаггүй гэдгийг би хэтэрхий эрт мэдэрсэн учраас...”
Хүүхдийн сэтгэл хөдлөл хамгийн хүчтэй хийгээд үнэн байдаг. Хэчнээн ч дарж, хүчээр загнаж номхорууллаа гээд “дүрсгүйн гал”-аа нүднээсээ нууж чаддаггүй тэдний “үнэн” зургууд Аннегийн зургаан боть номд хадаатай бий. Тэр зургийнхаа гол дүрийг тодруулах гэж багахан хэмжээний шалгаруулалт хийх болдог. Учир нь түүний дуранд хүүхдээ өртүүлэх гэж хэчнээн эцэг эх зураг илгээдэг гээч. Хүүхдээ боогоод явуулах нь л холгүй... Гэгээн байгаа биз?

Mar 6, 2011

"Тайлбаргүй"



Урчуудын эвлэл, хоёрдугаар давхар. Зуу гаруйн эмэгтэй зураачийн зуун задгай зургууд байна. Эр хүн бийр дүрээгүй, эр хүйстнийг ч энд зураагүй их л аминчхан урланд саатлаа. Гурав тойрсон, дарс уусан. Дахин тойрсон. Дөрвөн удаагийн эргэлтэн дунд ганц л зураг тороод байсан. Зураачийн нэрийг мартаж. Угаасаа санъя ч гэж бодоогүй. “Тайлбаргүй”. Тэр зургаа тайлбарлаж, мэдрэмжийг минь доош хийхийг хүсээгүй аж. “Би тайлчихна”. Яг л тэнэг хүн шиг (гаж донтон шиг), хачин эрээн, ойлгомжгүй зураасуудыг харж хэдэн минут зогслоо.

-Teky тулгах уу?
-За тэгье... (Хэчнээн үнэт цаг, бодлыг минь сарниулснаа мэдэлгүй тэр инээмсэглэж байна)
-Тэрийг хар даа (дахиад л... "***************")

Би ойлгосонгүй. Зураач өөрөө ойлгуулахыг хүсээгүй ч байж мэднэ. Эсвэл энийг ойлгоход миний чадал дутаж. “Ойлгож ядах юу байна аа... Улаан, цэнхэр, цагаан, бас бүдэг цэнхэр, хар өнгө байна. Энэ чинь амьдрал за юу”. Биш дээ, ингэж гөрдөж ойлгох ёсгүй. Зураасууд нь лав нийлээгүй байсан. Цаана нь юу ч юм бэ дээ. Тайлбаргүй зурагны тайлалыг хайж зогсох нь урланд хийж болох хамгийн сонирхолтой ажил биш гэж үү (инээд ихэд хүрэв). Тайлбарлаагүй нь, тайлаагүй нь онож. Тааралдсан нь ч бас аз болог.

Mar 2, 2011

Жульеттын Верона





Тэр уруулаа улаанаар будаггүй, улаан даашинз өмсдөггүй. Капулетийн удмын ихэмсэг занг гоо үзэсгэлэнгийнхээ цаана нуусан хэрнээ үхлийн үнсэлтээс буцаж зүрхлээгүй шунаг зоригийг хэн түүнд өгсөн юм бол. Веронын Жульетта. Ромеогийн янаг хайрын үгсийг сонсож зогссон тэр тагтан дээр яг л тийм ягаахан уруул, цагаахан даашинз, цэвэр сэтгэл л байж. Яг л Верона шиг. Төсөөл дөө. Нэрийг нь сонсоход хайр үнэртэж, амтагдах энэ хот л мөнхийн хайрын гэрч болж үлдэхээс өөр яах билээ. Жульеттын Верона. Мөнхийн ногоон төгөл Гиардино Гиусти энд бий. Миний мэдэхгүй, таны мэдрээгүй хэчнээн олон хайр энд “ургаа” бол.
Жульеттын тагтан дээр цэцэг ургахаа байсан байна лээ. Яг тэр тагтан дор улаан биш хүрэн уруултай, цагаан биш хүрэл даашинзтай мөнхийн гоо үзэсгэлэн одоо ч тэндээ бий. Хүлээлтэд ямар хугацаа байх биш. Мөнхийн хот өөрөө мөнхийн хайрлагчаас салахыг хүсээгүй биз. Хойд Италийн нутаг Венец, Миланыг голлон орших энэ хотыг Жульеттын тагт, Ромеогийн цайзаар л дурстагт хотын иргэд гомддог гэнэ билээ. Тэнд Порта Борсарийн хаалга бий. Ромын эзэнт гүрний хоёр мянганыг түүх энэ л хаалга алдалж зогсоо. Хэзээ ч үүнийг сэргээн засварлаагүй. Түүх түүхээрээ үлдэхийг гоёыг веронынхон мэднэ. “Ялалт эзэгнэгч” (“Verona” гэдэг нь Италиар ийм утгатай үг аж) гэх нэрэндээ яг таарсан энэ хотод Arena de Verona ч бий. Италийн хот бүхэнд сүндэрлэсэн амфитеатрын хамгийн романтик хувилбар ч гэцгээдэг. Олон мянган гладиаторуудын цус урссаныг түүх уучилсан юм байлгүй дээ. Дуурын улирал эхлэх үеэр очвол та Веронын тэнгэр дор хайрын уянгаар бялхах болно. Яг л үүнийг мэдрэх гэсэн сая сая жуулчин шатам халууныг ч үл тоон Веронын тийз захиалдаг юм. Дэлхийн гурав дахь том амфитеатр таныг хэзээ ч очсон 1117 оны түүхээ дэлгэн угтана. Газар хөдөлсний ул мөр нурсан хэсгээ ч таниас нуухгүй. Тэнд одоо ч гладиаторууд бий. Гэм нь тэд тулалдахгүй ч гэрэл зураг даруулсныхаа төлөө еврог тань сэгсэрч мэднэ. Өөрчлөгдсөн түүх энэ л байна. Галзуу бартай амьдрал булаацалдах зовлонт үе ард хоцорсон учраас тэр. Токиогийнх шиг гэрэлт шөнө, Нью-Йоркийнх шиг тансаг орчин, Сингапурынх шиг шилэн барилгууд харна гэж та бүү найд. Италичуудын тансаг гэх ойлголт баруун, зүүнийхнээс тэс өөр гэдгийг санахад илүүдэхгүй. Тэнд түүх л “од” болно. Тийм ч учраас Бурж Халифагийнхаас их зочин Жульеттын тагтан дээр зогсдог юм. Дөрвөн евро илүүчлэх хэтэвчтэй бол шүү дээ.
Алдиги мөрний намуухан урсгалыг алдлан боссон Кастелвеццио. XIV зууны түүхийн нэг хэсэг, Сэргэн мандалтын (Renaissance) үетэй гарцаагүй хамаатах гүүрийн хажууд бүх Италийн түүхийн будгаар боссон “гэрч” бий. Алдиги мөрний долгионд уусах нарны тусгалыг харах хамгийн тансаг өнцөг нь Кастелвеццио юм гэнэ билээ. Эндээс 15 минут алхаад л Сан Зено Маггиоред хүрнэ. Яг энэ 15 минут Веронад байх хамгийн чухал мөчүүдийн нэг. Манай эриний өмнөх 550 оноос эхтэй Эуганэйн их гүрнийн анхны нийслэлийн тансаг төрхийг эндээс л та бүхлээр нь харж чадна. МЭ-ний IV зуунд Хойд Африкаас цагаачилж ирсэн Зено гэгээнтний байгуулсан Сан Зено Маггиоре сүм яг л хуучин төрхөөрөө тэнд бий, Жулеттийн Веронад. Веронын хамгийн өндөр барилгыг мартах шахаж, Ламберти Туэр. Пиаззе Дель Эрбегийн хажууд 235 метр өндөр төв цаг бий. Веронийн завгүй иргэдийн 600 жилийн түүхийг “тэр” мэднэ. 235 метрт гарч дөнгөвөл та сэргэн мандалтын үеийн Итали орны “хэлтэрхий” гайхамшигт Гиардино Гиустын цэцэрлэгт хүрээлэнг харж болно. Бас баг. Веронийн иргэдийн хэзээ болох багт наадамд зориулсан юм бүү мэд, мянга мянган нүүрний хэвийг тэнд худалддаг. Гэхдээ инээсэн эсвэл уурласан баг тантай тааралдахгүй. Яг л Жульетта шиг веронийн иргэдийн уруулаа улаанаар будах дургүй, улаан даашинз өмсөх дургүй, улаан цайм хувирахыг хүсдэггүй төв сэтгэлийг тэднээс мэдэрнэ.
Веронын ариун сүм (Verona cathedral). Тус хотын урдаа барьдаг ганц барилгачин Никологийн VIII зууны үед барьсан ариун сүм 1117 оны газар хөдлөлт ул мөр, XV зууны үеийн сэргэн мандалтын нөлөө туссан тэр л хэвээрээ бий. Готик гэж юу болохыг мэдэрнэ ээ, та эндээс. Түүхтэйгээ цуг өтөлж яваа Верона ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан цөөн хотын нэг.
Тус хотын шууданчид тун түвэгтэй 2000 захидлын учрыг олох гэж жил бүр зүдэрдэг гэсэн. Жулеттыг өнөө хэр Веронад байгаад итгэсэн дээрх тооны “Ромео”-гийн захидлыг эзэнд нь хүргэх хэцүүхэн даалгавар тэдэнд ирдэг. Хүрэн уруултай, хүрэл даашинзтай Жульеттын хөшөөний ойролцоох бунханд хадгалаас өөр тэд яах ч билээ.
Гэхдээ жинхэнэ верона хүн энд тун цөөн бий гэдгийг сануулах нь зүй болов уу. Сүүлийн таван жилд хүн амынх нь тоо 3.5 хувиар өссөн ч тус хотын италийн иргэд ердөө 18 хувийг л эзэлдэг аж. Оршин суугчдынх нь 24 хувь нь румын, 19 нь шриланк үндэстэн. Молдав, Нигер, Тунис, Ганын зочид ч эндхийн иргэн болсон сурагтай.
Улаан уруул, улаан даашинз ч үзэгдэх болж, Жульеттын Веронад.

Feb 28, 2011

Стивены дугтуйд “Хааны үг” бий




Зочид ийн таамаглаж байв. Колин Фөрт, Том Хүүперийн гарт “Оскар”-ын алтан баримал ирсэн байхад хэн үүнд эргэлзэх билээ. 83 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын тайзнаа “Шилдэг кино” төрөлд ялагчийн нэр бүхий дугтуйг барьсаар найруулагч Стивен Спилберг гарч ирэв. “Шагналын эзнээр “Хааны үг” (The King’s speech) кино шалгарлаа”. Их Британийн VI Жорж хааны Нью-Йоркийн Дюкийн индэр дээрээс хэлэх үг Альбертэд ямар хэцүү байсан нууцыг дэлхий дахинд задалсан уг кино Оскарын түүхийн 83 дахь шилдэг киногоор шалгарсан нь энэ. 12 төрөлд нэр дэвшиж шуугиан тарьсан уг бүтээл шилдэг кино, гол дүрийн эрэгтэй жүжигчин, найруулагч, кино зохиол гэх дөрвөн гол шагнал хүртсэн бол 10 төрөлд нэр дэвшсэн “True Grit” кино нэг ч алтан барималгүй хоцорсон юм.

Нэг шагналын хоёр эзэн

“Оскар”-ын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хоёр хүн гардав. Гайхах хэрэггүй. Натали Портман бие давхар байсан юм. Даррен Ароновскийн сэтгэл зүйн триллер “Хар хун” киноны дүрээр тэр алтан барималыг анх удаа гардсан нь энэ. Оскарын угтал гэгддэг “Алтан бөмбөрцөг”-өөс дээрх шагналыг гардснаас хойш өөртөө итгэлтэй байснаа нуусангүй. Ер нь энэ удаагийн “Оскар”-ын ялагчид “Алтан бөмбөрцөг”-ийн сонголтоос бараг л ялгараагүйг кино шүүмжлэгчид онцолж байна. Колин Фөрт (“Хааны үг”) гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин болсон бол туслах дүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчнээр “Тулаанч” (The Fighter) киноны Кристиан Бэйл, Мэлисса Лео нар шалгарсан. Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд энэ жил анх удаа гадаад хэл дээрх киноны жүжигчин (Хавиэр Бардем “Biutiful”, Испани) нэр дэвшсэн ч шагнал гардаж чадсангүй. Туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн “True Grit” киноны 14 настай жүжигчин Хайли Стэйнфилд ч мөн гэртээ хоосон буцсан.

“Inception” дөрвөн Оскар хүртэв

“Оскар”-ын шилдэг киноны төрөлд 10 кино өрсөлдсний нэг нь “Тоглоомын түүх-3” байв. Хүүхэлдэйн кино энэ төрөлд нэр дэвшсэн гурав дахь тохиолдол болсон ч шилдгээр шалгарч чадсангүй. Гэсэн ч Ли Энкричийн уг бүтээл “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд ялалт байгуулав. Бусад “хүүхэлдэй”-нүүдэд үлгэр дуурайл үзүүлж “Киноны шилдэг дуу” төрөлд ч алтан баримал хүртсэн юм. “Алтан бөмбөрцөг”-ийн хамгийн олон шагналыг хамж, шилдэг киногоор шалгарч байсан “Нийгмийн сүлжээ” (The Social Network) “Оскар”-аас шилдэг эвлүүлэг, дууны найруулга, шилдэг кино зохиол гэх гурван шагнал хүртэв. Түүнчлэн Кристопер Ноланы “Inception” кино дөрөв, “Алиса гайхамшгийн оронд” (Alice in Wonderland) хоёр төрөлд шилдгээр шалгарсан.
Бусад төрлийн шилдгүүдийг танилцуулъя.
Гадаад хэл дээрх шилдэг кино – “In a better world”, Дани
Шилдэг баримтат кино (бүрэн хэмжээний) – “Inside job”
Шилдэг баримтат кино (богино хэмжээний)- “Strangers no more”
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино -“The Lost thing”
Дууны шилдэг найруулга- “Inception”
Шилдэг уран сайхны найруулга- “Alice in Wonderland”
Шилдэг зураг авалт- “Inception”
Шилдэг нүүр будалт– “The Wolfman”
Шилдэг хувцас- “Alice in Wonderland”

Холливуудын шинэ амьсгал

83 дахь удаагийн “Оскар”-ын наадмын хөтлөгчөөр Холливуудын ирээдүй болсон жүжигчин Анне Хатавэй, Жэймс Франко нар ажиллав. Калифорнийн Кодак театрт болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг найруулсан хүмүүс бол Дон Мишер, Брюс Коэн нар байлаа. Энэ дөрөв анх удаагаа дэлхийн кино урлагийн хамгийн том баярын зохион байгуулах ажилд оролцож байгаа нь энэ. “Хариуцлагатай албанд залуусыг томилсон нь Холливуудад шинэ цаг ирж буйн илрэл” гэж “Guardian”-д бичсэн байв. Энэ үнэн биз. Тайзан дээр хөтлөгчид хүйсээ солин хувцаслаж, Хавиэр Бардем, Жош Бролин нар “халуухан” үнсэлдэж, “Дурласан Шекспир”-ын Гвинет Пэлтроу дуулж сонирхуулсан нь Кодак театр дахь содон үйл явдал байлаа.

Аштон Кэтчерийн анти амжилт

Жил бүрийн “Оскар”-ын өмнөх өдөр кино урлагийн муучуулыг тодруулдаг “Алтан бөөрөлзгөнө” шагнал гардуулах ёслол болдог. Өнгөрсөн жил жүжигчин Сандра Баллок “Оскар”, “Алтан бөөрөлзгөнө” зэрэг хүртэж дуулиан тарьж байсан бол энэ жил Аштон Кэтчерийн шуугиулах ээлж иржээ. Тэр “Оны хамгийн муу жүжигчин” төрөлд “Killers”, “Valentine’s day” гэх хоёр киноны дүрээрээ нэр дэвшиж, шагналын эзэн болов. Хамгийн муу эмэгтэй жүжигчнээр “Sex and the city” киноны дөрвөн жүжигчин шалгарч онцгой “ялалт” байгуулсныг ч хэлэхгүй байж болохгүй нь. Уг кино гурван ч удаа “Алтан бөөрөлзгөнө” хүртсэн. Харин оны хамгийн муу киногоор өнгөрсөн жилийн хамгийн их ашиг олсон киноны нэг “Last Airbender” шалгарсан нь үзэгчдийг багагүй гайхашруулсан шүү.

Feb 18, 2011

22.19 -д зориулав


Яг энэ өдрийн яг энэ 22.19 цаг хэзээ ч ахиж тохиохгүй учраас, яг энэ өдрийн яг энэ 22.19 цаг ... одоо түүх болсон. Гэхдээ хэнд ч хэрэггүй түүх. Биш ээ, түүх бол түүх. Энэ бол Born this way, кофе, keyboard-тай түүх. Бас хажууд “Өнөөдөр” сонины 10 жилийн түүхтэй “цаас”, аль хэдийнэ 22.31 минутыг зааж эхэлсэн цагийн зүүтэй түүх. Тиймээс энэ түүх заавал баатарлаг байх албагүй. Яг жилийн өмнөх энэ өдрийн энэ цагийг иргэн Тэкист би хэрхэн өнгөрүүлсэн түүхээ мэдэхгүй. Гэхдээ л тэр түүхийн минь нэг хэсэг байсан... мэдээж. Мянган жилийн өмнөх, хагас тэрбум найман зуун есөн сая долоон зуун мянган жилийн өмнөх 22.19 цагт ямар түүх..., миний эхлэл... миний өнгөрсөн юу байсан бол. Учир нь би тэр нэг жилийн тэр нэг өдөр л бий болчихоогүй. Намайг яг л тэр жилийн тэр сарын 6-нд төрүүлэхийн тулд хэн нэгэн магадгүй хэн ч биш, бүх юм хичээсэн. Хичээгээгүй байсан ч бүгд оролцсон. Ганц ширхэг шороо, ганц тэнэг үйлдэл (заавал тэнэг байх ч албагүй) яг энэ өдрийн яг энэ хоромыг баллаж болох байсан учраас... утга учиргүй, худал хуурмаг, үхэл хагацал, болзоо, анхны шөнө, эцсийнх ч бас ... байсан учраас л би яг энэ өдрийн яг энэ 22.45 минутыг зүүг харж байна. Хэрвээ ээж өвөөгөөс зөрж багш болох гээгүй бол, математикийн хичээлдээ сайн байгаагүй бол ... Аавд нэгдүгээр курсын охиныг найрах санаа орж ирээгүй бол Тэкист миний мэндлэх тэрбум жилийн хөдөлмөр үгүй болох байж. Харин өөр нэг амь яг энэ өдрийн яг энэ 22.48 минутад амьсгалж байх ёстой байсан биз. Нэг л тэнэг алхам, магадгүй ухаалаг эсвэл зүгээр л нэг алхам миний бүхий л түүхийн, ялгаагүй яг одоогийн 22.49 минутын түүхийг өөрчилж чадах хүчтэй гэж бодохоор Аделе “Rolling in the deep”-ийг зохиогоогүй бол, хэн ч “Born this way”-ийг таалаагүй бол, Майкл Жексон арьсаа солиогүй бол, “Golden Gate” гүүр баригдаагүй бол, тэр өдөр Өүлэн, Есүхэй хоёр ойртоогүй бол, хэнд ч машин бүтээх санаа төрөөгүй бол... Хэчнээн олон түүх өөрчлөгдөх байсныг... та бодоо нэг үз дээ !!! (Нээрээ геологийн цагаар бол хоног дуусахаас нэгхэн хоромын өмнө хүн оюун ухаантай болсон гэл үү?)

Feb 10, 2011

"Аня бүү ай, түлхүүр хэзээ ч олдохгүй”



Түлхүүр, цоож. Түлхүүрийг хоёр хувь үйлдэх ёстой. Цоож ганцхан. Цоожилсны дараа хамгийн гүн ус руу түлхүүрээ чулуудна. Хайр цоожлогдсон. Хоёр сэтгэл нэг цоожинд багтсан. Тэгэхээр түлхүүр хэрэггүй. Хачин романтик энэ санааг лав азиуд зохиогоогүй. Гэхдээ тэд оролцосон. Франц, Италиар нэг цоожлогдсон сэтгэл. Азийнхан тийм ч романтик биш гэдэг. Худлаа ч байж мэднэ. Гэхдээ тэдний хайр нууц гэдэг зүйлтэй заавал холбогддог. Тийм учраас цоожлох хэрэг байдаггүй ч байж мэднэ. Валентин болох гэж байна. Дурласан “валентин”-ууд энд, тэндхийн гүүр, шонд хайраа цоожлоод л, түлхүүрээ шидлээд л. Хавар ийм гоё билүү, хайр тийм хүчтэй билүү.
“Рихардо + Аня = Xайр”. Цоожны жижигхээн зайнд багтаж болох хамгийн агуу үг биш гэж үү?
Пекс хот шинэ нэртэй болсон. “Цоожны хот”. Хэн ийм ядмагхан нэр өгдөг байна аа. Уул санаа нь хамгийн олон хос хайраа цоожилсон хот. Норвегийн урдаа барьдаг ганц Катедралын өмнөх гүүрнээс хамгийн анх хоёр америк оюутан хайраа цоожилсон. Гэхдээ тэд нэрээ бичээгүй. Удахгүй тэр хавиар өнгөрсөн жуулчид цоожны эрэлд гарсан. Бүр цаашлаад Пекс рүү явахдаа цоожоо бэлддэг болсон. Яг л сүйн бөгж хайж байгаа юм шиг. Эсвэл ... хамгийн гоё цоож л байх ёстой. Дараа нь жуулчид нутаг буцсан. Заавал яагаад Пекс явах ёстой гэж. Итали, Францаар цоожлох үйл явц өртөөлсөн. Эхний өгөөш бол голын дэргэдэх гүүрнүүд. Хотын захиргаа мэдээж дургүйцсэн. Гэхдээ л хайр дийлсэн. Бүр цоожтой хайр шүү. Удалгүй хотын захиргааныханд цоожтой гүүр таалагдах болсон. Учир нь асар олон жуулчин зөвхөн цоожинд болж ирдэг. Терреса, Мисколк бүгд цоожлуулсан. Гэхдээ хэзээ ч онгойхгүй, онгойх ёсгүй түүгээр цоожлуулах хувь гүүр болгонд тохиохгүй.
Цоож Италид ирлээ. Цоож биш ээ, хайр Италид ирсэн гэе. Хамгийн эртний, хамгийн тансаг, хамгийн ... гүүр Понте Милвио цоожоор дүүрсэн. Ром хотын “валентин”-ууд цоожлохын тулд, хайрлахын тулд Пекс явах хэрэггүй болсон. Парис ч бас цоожлуулахыг, хайрлуулахыг хүссэн. Парис хүсээгүй байсан ч хамгийн романтик “валентинууд” яаж зүгээр өнгөрөх вэ.
Ле Понтс дес Артс 16.000 мянган цоожтойг харсан ямар ч гүүр атаархах байсан. Даанч тэд... 1803 онд шавыг нь тавьснаас хойш Ле Понтс дес Артс хэзээ ч ийм гоё харагдаж байгаагүй. Гоё харагддаг байлаа ч, хэн ч тэгж харж байгаагүй юм чинь. Сиене мөрөн түлхүүрээр дүүрсэн. Сиене мөрөн хайраар дүүрсэн гэсэн үг. Сиене мөрөн рүү хэн анх хайраа шидсэн гээч.
Маркус + Алисиа = Би чамд хайртай
Тэдний цоожноос зуун гаруй хос хайраа зүүсэн. Тэд лав үхтлээ хайрлалцах байх аа. Болзоо. Хэн ч хайраа цоожилсон газраа эргэж ирэхгүй байж тэвчихгүй. Тэвчвэл тэд сэтгэлдээ хэдийнэ онгорхой цоожтой. Үгүй ч байж болох. Гэхдээ л Сиене мөрний тунгалаг урсгалыг алдалсан Ле Понтс дес Артс дээр хамгийн бат бөх цоожтой хайр сэтгэлийнхээ дэргэд үнсэлцэж зогсох жаргалаас хэн буцах юм бэ? Битгий ай, түлхүүр хэзээ ч олдохгүй. Олох ч шаардлагагүй.
Флоренс, Венец... Нэрийг нь сонсоход л хайр үнэртэж, амтагдмаар тэр газрыг дурласан “валентинууд” зүгээр өнгөрөөнө гэж үү. Хайр цоожлогдсоор. Биш ээ, хайранд цоожлуулсаар. Бүр биш, хайрласаар.
Солонгосчууд хүртэл романтик сэтгэлгээтэй болсон гэж бодохоор хайр хүчтэй байгаа биз. Бас Бээжин, Токио... Улаанбаатарт хайр байхгүй. Биш ээ, хайр байгаа. Цоож байхгүй. Цоожлох хэрэггүй ч байдаг байж мэднэ.
Гэхдээ л цоожны бие дээр багтах тэр хайрыг даах гүүр байдаггүй гэж үү? Хэзээ нэгэн цагт... Хайрлана аа.