Хүн бүрийн сайхны тухай үзэл өөр байдаг шиг үүрийн гурван цагт ассан гэрлийн тухай хэн ч юу ч гэж бодож болно. Өнгө гундсан цас, бүдэг гэрэлтэй гудамж, хэн нэгэн хашгирах чимээнд цочиж, зог тусахыг хүлээсэн чимээгүй... улаан даашинз, улаан уруул хаа нэгтээ харахыг хүссэн саарал хотод үүр цүүрээр гэрэл асаах хэрэг байсан юм уу? Сартрынх шиг хүүхэд насыг үзсэн хүн зөвхөн уншихыг хүссэн, түүний л мэдэх хэлээр ойлгомжгүй бүхэн орооцолдсон өрөө төсөөлж болох. Гэвч суран тэлээний гашуун амтыг дэндүү сайн мэдэх хүүхэд насны дурсамжаас өнөөх гэрлийг өөрөөр харж, төсөөлөх мэдрэмж дэндүү хол байх чинь. Хэн нэгэн тэнд чичирч зогсоо бол яана, гэрэл асчихаж.
“Өнгө өнгө”-ийн хүүхэд нас үзсэн хүн өөртөө дэмий асуулт тавьдаггүй. Өөдрөг үзлийн минь эсрэг талд ассан энэ гэрлээс “өөр” зүйл хайгаад байгаа нь хэний буруу юм бэ? Энэ хорооллын зуун зуун цонхны адил тэр “унтаж” болох байсан. Өвлийн шөнө хөл нүцгэн, улаан уруултай, улаан даашинзтай, улаан хацартай эмэгтэй харж болох магадлал хэдэн хувь байж болох вэ? Асуулт байна. Энд би юу хийж яваа юм бэ?
Таван цагийн дараа бүх зүйл тодорхой болно. Тодроогүй байлаа ч гэрэл асаагч юу ч болоогүй юм шиг шинэ өглөөг угтана. Ашгүй гэрэл унтарлаа, тэр цонх ганцаар онгорхой үлдлээ. “Болиоч...” Таамаглал үнэн байж. Үүнийг амьдралын амт гэж нэрлээд орхиё. “Хүний хөнжлийг битгий сөх...”. Бүх цонх “унтаж” байна.
Цонх бүрийн цаана нууц бий. Гэрэл ассан хойно л тэр ил болно, ядаж сэдэл төрүүлнэ. Цонх толь биш, хаалга ч биш. Тэгэхээр бүхнийг харуулах эсвэл халхлах шаардлага байхгүй. Цонх бүрийн цаана амьдрал бий, өнгө өнгийн. Заавал цагаан, улаан байх албагүй. Цонх хэрэв хамелион шиг цаана байгаа бүхэн шигээ өнгө хувирдаг бол юу харагдах байсан бол. Үүрийн гурван цагт ассан гэрэл өнөөх цонхыг ямар өнгөөр “будах” байсан бол. Хар л битгий байгаасай. Цонх өнгөгүй тунгалаг байдагт л хамаг учир бий.
Гэвч бүхнийг унтаж байхад гэрэлтсэн цонх яг л хуучны кадр шиг зэврүүн байдаг, үүрийн 03.30 цаг хүртэл гэрэлтсэн шүү дээ, тэр. Хэрэв цаг хугацаа яг л кино шиг арван жил ухарвал... яг ийм шөнө би гудамж метрлэн алхсан бол... яг тэгэхэд гэрэл асвал, ямар гэгээн мэдрэмж төрөх байсан бол оо. Хэзээ би өвлийг ингэж эд, эс бүхнээрээ мэдэрч байлаа даа... Гэрэл хэдийнэ унтарчээ.
No comments:
Post a Comment