Mar 19, 2011

Б.Чингүүн: Би Игорь Крутойд өртэй


“Би ярихдаа муу шүү” гэдгээ сануулсан эхэлсэн бидний ярилцлагын турш тэр ихэнх цагийг бодож өнгөрөөв. Найруулагчдад угаас ярьж “цаг алдахаас” бодож тунгаах, шинэ санаа эрэх бодлын ертөнц нь л сонин байдаг хойно. Балхжавын Чингүүн гэх нэр богино хэмжээний кино ертөнцөд нэлээд хүчтэй дуулдах болсон, бодвол та ч бас “цуурай”-г нь сонссон биз. “Гэрэл” богино хэмжээнийхээ кинон дээр ажиллах цагаас нь хумсалж, бодлоор дүүрэн ярилцлагаа таньд хүргэе.
-Энэ л нэг бүтээл боллоо доо гэсэн киноны чинь тухай яриагаа эхлэх үү?
-Бээжингийн кино академийг төгсөж ирээд, “Анхны болзоо” богино хэмжээний кино бүтээсэн. Тухайн үед бүтээл маань олонд хүрч, дараачийн бүтээлүүдээ хийх урам өгсөн. III курсээс эхэлж гэрийн даалгавартаа богино хэмжээний бүтээл хийж, гараагаа эхэлж байлаа. Энд ирээд арилжааны биш “арт хаус” бүтээлүүд хийж байна.
-Одоо хүртэл Игорь Крутойд өртэй гэж боддог шалтгаан чинь энэ байжээ.
- Би хөгжим сонсох дуртай. Игорь Крутойгийн дууг сонсож байгаад “Анхны болзоо”-г хийх санаа төрсөн учраас түүнд өртэй гэж боддог шүү.
-Бүтээлийн чинь сэдэвт мэддэг амьдрал чинь тусдаг уу, эсвэл мэдрэмжийнх голлодог уу?
-Янз янз. Хүмүүсийн амьдралыг харах, өөрөө төсөөлж, ургуулан бодож кино хийж ч болно. Зарим хүний бүтээлээс санаа авах зүйл ч бас байна. Одоо хийж буй “Гэрэл” киноны зохиолоо “Facebook”-ээс олсон. Нэг залуу надад өөрийн өгүүллэгээ явуулж, тэрийг нь Ш.Гүрбазар ахтай хамтарч зохиол болгосон юм.
-Найруулагчдын кино эхлээд толгойд нь бүтдэг гэдэг. Одоо чиний толгойд хичнээн кино байна вэ?
-Зөндөө бий шүү дээ (инээв). Байнга шинэ санаа бодож, хэрэв санаа төрвөл дор нь тэмдэглэж авна. Санаа минь энэ бүтээлд л хэрэгтэй гэсэн үед “амилуулдаг”.
-Зэмлэх гэсэн юм биш шүү. Чиний киноны нэр дандаа гадаад хэл дээр байдаг. Учир нь юу вэ?
-Өөрийн хүсэл, мэдрэмжээ илүү олон хүнтэй хуваалцахын тулд гэж хариулъя. Гаднын хүмүүст ч бас киногоо үзүүлэх боломж олгож, ихэнх кинондоо англи subtitle-тэй оруулдаг. Тэгээд ч манай залуус мессеж, мессенжер, фэйсбүүкийг ихэвчлэн англи хэлээр ашигладаг учраас хүндрэл учрахгүй байх аа.
-Чиний бүтээлүүдээс хүмүүс “өөр” мэдрэмж авдаг гэх юм. Чи харин юунаас эрч хүч, мэдрэмж авдаг вэ?
-Амьдрал тэр чигтээ кино. Хүний тухай өгүүлж байгаа тохиолдолд амьдралаас тасарчихсан, тэс хөндлөн байна гэж байхгүй. Алхам тутам бүртээ мэдрэмжээ хөглөж, ажиглаж явдаг.
-Чиний дуртай өнгө юу вэ?
-Хар.
-Нээрээ тийм. “Амьдралд хоёрхон өнгө бий. Хар цагаан...” гэж киноны чинь баатар хэлдэг шүү дээ. Чиний киног үзэхээр бидний хайрын сэдэв голчилсон байдаг. Гэхдээ бидэнд танил биш, нэг л өөр “хайр” байх шиг санагддаг...
-Бүхэнд танил сэдвээр кино хийх нь эрсдэлтэй. Бүтээл маань хүнд шинэ санаа, мэдрэмж төрүүлэхгүй л бол амьдрахгүй. Би бүтээлүүдээ төгсгөдөггүй. Тэр хэсгийг үзэгчдэд үлдээдэг. Баатруудын маань амьдралыг үзэгчид сэтгэлдээ ургуулж, өрнүүлбэл сонирхолтой шүү дээ. “Анхны болзоо” бүтээлд л гэхэд бүсгүй сохор залуутай ахиж уулзах эсэхийг хэн ч мэдэхгүй.
-Кино урлаг руу чамайг юу тэгтлээ уруу татсан юм бэ?
-Аав маань Ленинградад найруулагчийн мэргэжлээр суралцаж, төгссөн. Тэгэхээр аавын юм бий. Гэхдээ аав намайг заавал найруулагч бол гэж албадаагүй. 1998 онд АНУ-д суралцаж байхдаа нэг удаа холливудын “Universal” студиэр зочилсон. Тэндээс гарахдаа л би мэргэжлээ сонгочихсон байсан даа.
-Аавдаа бүтээлээ үзүүлэх чамд хэцүү байдаг уу. Хамгийн эхний үзэгч, шүүмжлэгч болдог байх.
-Аав минь хамгийн үнэнч шүүгч, болохоос нь болохгүй хүртэл бүх зүйлийг надад зааж сургадаг. Гэхдээ би бүтээлээ хийж дууссаныхаа дараа л аавдаа үзүүлдэг. Би өөрийнхөөрөө ингэж бүтээлээ гэж. Аав үзээд, санаа оноо хэлнэ, шүүмжилнэ. Түүнийг нь дараачийн бүтээлүүддээ тусгаж, юун дээр алдсанаа эргэцүүлдэг.
-Ааваас “авсан” хамгийн үнэт зүйл юу вэ?
-Уран бүтээлийн тал дээр ярьвал надад мэдрэмж өгсөн. Кино бүтээх бүхий л ажилд мэдрэмж чухал. Дуу хөгжим, өнгө будаг гэхчлэн. Аавын минь урлагийн мэдрэмжийн “хэлтэрхий” надад бий гэж боддог.
-“I love UB” кино төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Чи Улаанбаатарын юунд илүү хайртай вэ?
-Сайн, муу бүхэн нийлж байж миний хотыг бүрдүүлж байгаа. Би монгол хүн учраас муу ч, сайн ч миний л эх орон шүү дээ. Улаанбаатарынхаа тухай кино хийх болсондоо болон дэлхийн хэмжээний төсөлд оролцож буйдаа баяртай байгаа. 10 найруулагчийн 10 богино хэмжээний бүтээл нийлээд нэг кино болох юм.
-Сайн, муу нийлж байж бүхэн бүтдэг гэлээ. Хаячихаж болдоггүй, “хайртай” муу зуршилуудынхаа талаар яриач.
- Би ямар ч орой харьсан гэрийнхээ хоолыг заавал иддэг. Ажлын ачаалал ихтэй байдаг учраас ихэвчлэн орой л гэртээ харьдаг. Эрүүл мэндэд чинь муу гэж хүмүүс хэлдэг л юм.
-Хүн амьдралдаа дээгүүр авч явах ёстой үнэт зүйл чинийхээр юу вэ?
-Хүн чанар. Хэнийг ч ялгалгүй харьцаж, өөрийгөө зөв авч явах ёстой. Тийм болохоор таван жилийн өмнөх Б.Чингүүн, өнөөдөр хэвээрээ л байна. Хойшид ч тийм байх болно.
-Хүн алхам тутамдаа шинэ зүйлтэй учирч, үзэл бодол нь өөрчлөгддөг шүү дээ. Тэр бүхнийг үл тоон өөрөөрөө байна гэж үү?
-Гэр бүлийн хүмүүжил маань ийм. Аав маань хүн нэг зангаараа байх ёстой гэж сургадаг. Би хэн ч болсон байлаа гэсэн өөрийн гэсэн үнэт чанараа гээхгүй л байх ёстой. Арван жилийн өмнөх миний аав одоо ч хэвээрээ байгаа.
-Чи их эелдэг найруулагч байх аа. Найруулагчид ихэвчлэн асаж дүрэлзсэн, хурц зан ааштай хүмүүс байдаг шиг санагддаг.
-Ажил урагштай явж байхад заавал уурлах шаардлага байхгүй. Мэдээж санасандаа хүрэхгүй тохиолдолд уурлаж, бухимдах үе гаралгүй яахав. Гэхдээ л хаа сайгүй орилж, хашгичиж явдаггүй ээ (инээв).
-Киноныхоо зохиолыг бичиж, найруулж, зарим үед постероо хүртэл өөрөө хийдэг гэж сонссон. Хүнд итгэдэггүй дээ тэр үү?
-Тийм биш ээ. Санаагаа бүрэн дүүрэн гаргахын тулд зарим тохиолдолд өөрөө бүхнийг хийх тохиолдол гарна. Хичнээн сайн мэргэжилтэн байлаа гээд бид өөр хүмүүс учраас санаа тэр чигтээ тусахгүй байж болно.
-Найруулагчид яаж кино үздэг бол гэж гайхдаг байлаа. Сэтгүүлчид л гэхэд ном, сонин зүгээр уншихгүй үг үсгийн алдаатай хөөцөлдөөд байдаг “зуршилтай”.
-Багадаа ч “зүгээр” л үздэг байлаа. Одоо бол найруулагчийн ажил талаас нь судалж үздэг болчихоод байгаа. Шинэ гарсан кино бүрийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Заримдаа хэрэв би найруулсан бол гээд л ургуулж гарна шүү дээ. Мэдээж хүн бүр өөр учраас, нэг зохиолоор хэчнээн ч төрлөөр найруулж болно.
-Богино хэмжээний киноны үнэт зүйл юундаа байдаг вэ?
-Санаагаа хэдхэн минутын хугацаанд гаргадаг учраас бүрэн хэмжээнийхээс хэцүү. 10 минутын хугацаанд их зүйл гаргана гэдэг шинэхэн найруулагчдад их туршлага болдог.
-Чи хэр яаруу вэ?
-Ер нь бол яаруу талдаа шүү. Цаг алдалгүй, шинэ бүтээлүүд хийх, олон юм амжуулахыг хичээнэ. Харин уран бүтээлийн ажил дээр яарахыг урьтал болгодоггүй.
-Манайд кино шүүмжлээчид гэх хүмүүс бараг байхгүй. Шинэ кино гарсны дараа шүүмж харагдахгүй юм. Бүтээлийнхээ сайн, мууг яаж мэддэг вэ?
-Кино шүүмжлээчид цөөхөн энэ үед интернет гэгч зүйл байгаа нь сайн хэрэг (инээв). Бүтээлээ интернетэд байрлуулж, үзэгчдийн комментуудыг уншдаг. Сайн, муу олон юм хэлнэ шүү дээ.
-Үзэгчид тэгээд ямар хандлагатай байна вэ?
-“Үнэхээр муу бүтээл болжээ” гэх нь ч бий, эсрэгээрээ сайн кино хийжээ, баярлалаа гэж хэлдэг хүн ч бий. Гэхдээ энэ бүхэнд одоо дасаж байх шиг байна дөө.
-Тэгэхээр муу шүүмжлэл хэлвэл хүлээж авахгүй нь ээ?
-Яалаа гэж. Элдэв сайн, муу шүүмжид эмзэглэхээ больсон л гэсэн үг. Тэрнээс хүмүүсийн санаа бодлоос авах зүйлс зөндөө байдаг. Нээрээ ч би үүн дээр алдаж, дараа давтахгүй юм шүү л гэж боддог.
-Монголын кино урлагт шинэ үе ирж байна гэж ярих болж. Чи энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Монголын залуус хэлтэй, мэдлэгтэй, эх оронч үзэлтэй болж байгаад баярладаг. Кино урлагийн салбарт энэ нь хамгийн тод харагдаж байна. Залуус энэ салбарт хүч түрж, кино урлагийн гурав дахь үе гарч ирж байна гэх болсон. Нэг хэсэг үнэхээр уналтад орсон байсан энэ салбар сэргэж эхэлж байна. Сар болгон л шинэ кино гарч байгаа. Мэдээж сайнтай, муутай л байгаа. Гэхдээ энэ бол хөгжил юм. Монгол хүн Оскарт нэр дэвшсэн, гаднын кино наадмуудад оролцож, шагнал авч эхэллээ. Монголын кино урлаг дэлхийн тавцанд хүрэх цаг нь ирсэн.
-Богино хэмжээний кино манайд одоо л хийгдэж эхэллээ. Шинэ зах зээл гэдэг утгаар нь хүлээж авч байна уу, эсвэл өмнө нь хүмүүс богино хэмжээний киноны талаар ойлголттой байсан бол бүтээл маань илүү сайн хүрэх байсан даа гэж харамсдаг уу?
-Олон уран бүтээлч энэ салбарт орвол өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн, шүүмжгүйгээр урлаг хөгждөггүй. Одоохондоо ашиг олохгүй энэ салбар уран бүтээлчийн хувьд өөрийгөө нээх, илэрхийлэх индэр болж байна. Чиний хэлдгээр шинэ зах зээл гэдэг утгаар нь хүлээж авсан. Манайхан богино хэмжээний киног хүлээж авах цаг нь ирсэн. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь л хийх ёстой байсан шүү дээ. Анх бүтээлээ сонирхуулахад Монголын үзэгчид богино хэмжээний киног маш эерэгээр хүлээж авсан нь дараа дараагийн бүтээл хийх урам өгсөн.
-Ихэнх алдартай найруулагч богино хэмжээний бүтээлээс гараа эхэлсэн байдаг, алдарт хүрснийхээ дараа харин бүрэн хэмжээнийх рүү хэвийдэг зүй тогтолтой. Чиний хувьд яах вэ, нэг ёсондоо амлалт авах гээд байна л даа.
-Бүрэн хэмжээний кино бүтээх оролдлогууд хйиж байгаа. Хэрвээ ирээдүйд бүрэн хэмжээний кино таалагдаад бас сайн бүтээл хийвэл тэр тал руугаа л явна байх. Гэхдээ богино хэмжээний киноны сайхныг мэдэрсэн учраас хаяж чадахгүй шүү дээ.

No comments:

Post a Comment