Mar 25, 2011

Өнгөгүй "Гэрэл"




Найруулагч Б.Чингүүн, Б.Жаргалсайхан
Зохиолч П.Бат-Эрдэнэ
Зураглаач Э.Очгэрэл
Дууны найруулагч Э.Эрдэнэбаяр
Гол дүрд Ж.Гэрэл, Б.Хулан
Гэрэл бүхэн “гэрэлтдэггүй”. Заавал улаан, ногоон өнгөөр солонгорч байх ч албагүй. Гол нь өөрийнхөө өнгөөр, хэр чадлаараа гэрэлтэж л байвал бол оо. Яг л “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, хулгана барьж чаддаг л байх хэрэгтэй” гэх теором шиг. Б.Чингүүний ээлжит богино хэмжээний кино “Гэрэл” олны хүртээл болов. “Blind date”, “Solo”, “Flover гэх бүтээлийнх дараа түүнээс бид юу хүлээж болох вэ? гэх асуултын хариу болох учиртай. Хариулт харин олон үзэгчийг гонсойлгосонгүй.
“...Амьдралд хоёрхон өнгө бий, хар цагаан...” гэж бардамнаж чаддаг, учир битүүлэг хэрнээ энгийн, ил байх зураачийн сонирхолтой амьдрал. Өмссөн хувцас нь, орчин, уран бүтээлд нь хүртэл түүний “хар цагаан” үзэл шингээстэй. Урланд нь байх улаан сандал л харин зураачийн, бас сэтгүүлч бүсгүйн хувьд найдварын оч байв. Ж.Гэрэл зураач хэзээ нэгэн цагт “өнгө”-өө хувиргах магадлалтай, 0.1 хувийн боломж ч гэсэн цагаа тулахаар хамгийн баталгаатай эд болон хувирч болно. Хаалга онгойход... улаан даашинзтай (мөн өнгөөр хумсаа будсан) зураачийн ертөнцөд бол ёстой л тэр чигтээ гэрэлтсэн, “дургүй” бүхэн нь ороод ирлээ. Сэтгүүлч бүсгүй түүнтэй ярилцлага хийхээр ирж. Түүний “бойтог” асуулт, дүйнгэ байдал, “Гэхдээ сониных л доо...” гэж хээв нэг хариулж байгаагаас нь дүрдээ орж чадаагүй болохыг мэдэж болно. Гэхдээ бүсгүй угаасаа төгс байх шаардлага байсангүй, гол нь тэр энгийн байж чадсандаа л дүрээ “аварсан”. Хоёр төгс уулзвал юу болох байсан нь сонин. Хэн нэгэн нь дутуу байж л сонирхолтой байна шүү дээ.
Киноны эхэнд гарах “Далд амьдрал” зургийн өмнүүр монгол цоож өлгөөтэй байсан. Чухам энэ л бүсгүйг зураачийн урлан тийш хөтөлсөн байх. “Далд амьдрал” зурагтаа зураач өөрийгөө дүрсэлчихэж. Өнөө сэтгүүлч бүсгүйн хийсэн “баатарлаг” алхам тэр цоожийг онгойлгож чадлаа. “Босоо, суугаа хоёрын үзэл бодол нийлэхгүй” учраас бүсгүй буйдан дээр сууж, дектафоноо асаав. “Та ямар өнгөнд дуртай вэ” гэх хамгийн тэнэг асуултаа бүсгүй хэлж орхилоо. Хар, цагаанаас өөр өнгөгүй энэ орчинд зураач солонгын өнгөнөөс аль нэгийг онож хэлэх магадлал үнэндээ тэг хувь байсан шүү дээ. Сэтгүүлч бүсгүй цэнхэр өнгөнд дуртайгаа, учир нь үнэн, үнэнч санагддаг тухайгаа хэлж байна.
“Амьдралд хоёрхон өнгө бий хар цагаан, бусад өнгөнүүд бол хувирамтгай амьтад, яг л охид шиг...”
Herman Brood-ийн My way эгшиглэнэ. “...энэ дуу шиг яг өөрийнхөөрөө, өөрийн ертөнцдөө сэтгэл хангалуун байх ёстой. Харамсалтай нь дуу бүхэн төгсгөлтэй байх юм даа...” Зурагт ямар ч цэг, таслал хэрэггүй байдаг нь ийм учиртай аж. Зураач солонгын өнгөний тухай ярив. Мэдээж түүний нүдэнд солонго хүртэл хар, цагаан харагдана.
Кино хамгийн сонирхолгүй хэсгүүд үргэлжилэв. Бүсгүй анх ирсэн зорилгоо ч умартаад өөрийгөө зуруулах хүсэлтэйгээ хэлж орхилоо. “Зурахад биш бодоход цаг хэрэгтэй байдаг юм ш дээ...”.
“Та бид хоёр нэг ертөнцийн хүмүүс. Учир нь та амьдралыг зургаар, би үзгээрээ дүрсэлдэг...”. Зохиолчдод л тохирч мэдэх үг сэтгүүлч бүсгүйн амнаас гарах нь тэр. Уулзлаа, зурлаа... Зураач амьдралдаа анх удаа ч байж мэдэх улаан, шар, ногоон, цэнхэр өнгийг бүсгүйн гараас авлаа. Гэрэлтэх шалтгаан ердөө л энэ. Ийм “хямдхан” хувирах байсан юм бол өчнөөн жил яах гэж хар, цагаан амьдралтайгаа зууралдсан юм бол?
Киноны кадр дундуур гэнэт орж ирэх учир битүүлэг дүрсүүд ч үзэгдэхээ болилоо. Ж.Гэрэл жинхэнэ утгаараа гэрэлтэж эхэлсэн дээ. Хэсэг хугацааны дараа...
Зураачийн үзэсгэлэн. Бүх зураг өнгөтэй харагдана. Зураач, бүсгүй хоёр гар гараасаа барилцан, бүсгүйн хөргийг харж зогсоно. Кино дууслаа. Сонирхолтой нь зураач өнөөх л хар, цагаан хувцастайгаа зогсож байна. Өөрийнхөөрөө “гэрэлтэж” байгаа нь тэр. Хажууд солонго байхад хамелеон шиг хувирах шаардлага түүнд байсангүй ээ.
Киноны үйл явдал ерөнхийдөө ийм. Мэдээж та үзсэн даруйдаа бас өөрөөр тунгааж, мэдрэх биз. Бүх зүйл төгс байдаггүй учраас архи гэнэт дүүрэх, дундрах тохиолдлоос авахуулаад бяцхан алдаанууд байсныг нуух юун. Нэг үзээд л бүрэн ойлгочихдог бүтээлийг бүтээлд тооцдоггүй гэдэг. Хэд ч үзээд уйдахааргүй, бас өөрийнхөөрөө ажиглаж, тунгаах бүрт шинэ мэдрэмж өгч чадаж байгаа учраас Б.Чингүүний уг кино бүтээл болж чаджээ. Гэрэл бүхэн “гэрэлтдэггүй”. Заавал улаан, ногоон өнгөөр солонгорох ч албагүй. Гол нь өөрийнхөө өнгөөр, хэр чадлаараа гэрэлтэж л байвал бол оо доо.

No comments:

Post a Comment