Feb 27, 2012

84 дэх удаагийн “Оскар”-ын эзэд тодорлоо











“Уран бүтээлч” кинонд бүхэл бүтэн 100 минутын турш нэг ч үг ганхийгээгүй Жан Дюжарден 84 дэх удаагийн “Оскар”-ын тайзнаа “хэлд орж” ийн ярив. “Баярлалаа, би танай оронд хайртай” хэмээн хошигносныхоо дараа Жан албан ёсны хэдэн үг хэлж, эцэст нь тэсэлгүй, хамаг сэтгэл хөдлөлөө франц хэлээрээ илэрхийлсэн юм. Чухам юу гэснийг ойлгоогүй ч “mercy” гэх үг “хөвж” явах шиг болсон шүү. Түүнийг “Оскар” гардана гэдэгт хүн бүр итгэлтэй байсан. Тэгвэл Мэрил Стрип “Төмөр хатагтай” кинонд тоглож байгааг нь, уг кино нээлтээ хиймэгц нь л кино шүүмжлэгчид болоод сонирхогчид Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг түүнд өгчихсөн байлаа. Энэ ч ёсоор болов. Ийнхүү Мэрил Стрип “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд 17 удаа нэр дэвшиж, гурав дахь удаагаа алтан баримал гардлаа. Мэрил анх 1978 онд “Deer hunter” киноны Линдагийн дүрээр “Оскар”-т нэр дэвшсэн бөгөөд 1979 онд “Крамер Крамерийн эсрэг”, 1982 онд “Софиягийн сонголт”-оор “Оскар”-ын эзэн болсон. Тэгвэл 20 жилийн дараа “Төмөр хатагтай”-н дүрээр энэхүү нэр хүндтэй шагналыг гурав дахь удаагаа хүртлээ. Өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн нь энэ. Өдгөө 62 настай тэрбээр карьертаа цэг тавих болоогүй шүү гэдгээ Холливудын “Кодак театр”-т цугласан олон зуун одод болоод цэнхэр дэлгэцээр үзсэн тэрбум хүний өмнө баталлаа.
Хэдийгээр Мэрилийн дуулиантай харьцуулах юм биш ч Кристофер Пламмерыг магтах шалтгаан байна. Тэрбээр хорт хавдар туссан ч, энэ бол төгсгөл биш гэдгийг харуулж, өтөл насандаа анх удаа “найз залуу”-тай болж, амьдралдаа дахин нэг сонирхолтой хуудас эхлүүлж буй өвөөгийн дүрийг “Эхлэгчид” кинонд чадварлаг харуулсныхаа төлөө 82 насандаа “Оскар”-ын шагнал хүртлээ. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр шалгарсан Пламмер бүх цаг үеийн “Оскар”-ын хамгийн ахмад ялагч болсон нь энэ.
Октавиа Спенсер. Тэрбээр “Тусламж” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр шалгарч, энэ шагналыг гардсан хоёр дахь Африк, Америк гаралтай жүжигчин болов. Өмнө нь эл шагналыг Вупи Голдберг хүртэж байсан юм. 1996 оноос кино урлагт хүчин зүтгэж яваа Октавиа энэ удаан хугацааны турш нэг ч нэр хүндтэй наадамд нэр дэвшиж үзээгүй, “ногоон”-оороо байсан билээ. Тэгвэл “Тусламж” түүнд “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, BAFTA гурвыг зэрэг авчирлаа.
Мишель Хазанавичусын “Уран бүтээлч” кино “Оскар”-ын Шилдэг киногоор шалгарсан хоёр дахь дуугүй кино болов. Өдгөөгөөс 83 жилийн өмнө, 1927 онд “Wings” кино энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Түүнчлэн “Уран бүтээлч” кино энэ жил “Оскар”-ын дөрвөн гол төрлийн (шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин) гурвыг нь өөрийн болгож чадлаа. Харин Мартин Скорсезийн “Хюго” кино 11 төрөлд нэр дэвшиж, техникийн талын бүхий л шагналыг хамж, таван алтан барималтай болов.
Тэкист миний бие “Парисын шөнө дунд” кинонд учиргүй их найдлага тавьж байсан ч Вуди Аллен ах маань “Шилдэг эх зохиол” бичсэнээс өөрөөр гавьсангүй бололтой. Ядаж л шилдэг зураглаач, шилдэг дууны найруулга төрөлд ялчих байх гэж горьдсон хэрэг. Тэгсэн, сүүлд хартал аль алинд нь ч нэр дэвшээгүй юм байна лээ. Түүнчлэн 4 настай дүүгийнхээ өмнөөс “Ранго” шилдэг энимэйшн болсонд гүнээ харамсаж байна. Биднийхээр бол “Маша баавгай хоёр” энэ төрөлд гарцаагүй нэр дэвшиж, ялалт байгуулах бололцоотой байсан ч таалал ёсоор болсонгүй. Нэр дэвшсэн кинонуудаас “Гуталт муур”-ыг гайгүй давхих байх гэтэл мөн л явсангүй. Ядаж “Рио” нэр дэвшсэн бол ч.
84 дэх удаагийн “Оскар”-ын тайзнаа гарч, ялагчийг тодруулах үүрэг Холливудын харьцангуй залуу төлөөллүүдэд оногдов. Жишээ нь, Натали Портмэн, Колин Фөрт, Кристиан Бэйл, Сандра Баллок, Том Круз, Пенелопе Круз, Камерон Диаз, Том Хэнкс, Анжелина Жоли, Мелисса Лео, Женнифер Лопез, Гвинет Пэлтроу, Бен Стиллер, Эмма Стоун, Оуэн Уилсон нарыг тайзнаа харахад нэн таатай байв. Гэтэл залуу гэж бодож явсан тэдний ихэнх нь 40 насны босгыг алхаад, зарим нь хэдийн 50 шүргэж яваа юм байна. “Форрест Гамп”, “Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Борооны хүн”, “Хөвгүүд уйлдаггүй”, “Дурласан Шекспир”, “Оддын дайн”-аар танил болсон тэд үргэлж л залуу юм шиг санаанд буудаг нь сонин юм даа.

1 comment:

  1. Artist үнэхээр сайн кино болсон байна лээ.

    ReplyDelete