Apr 22, 2012

Итгэлээс ангид


ХҮН. Гуравхан үсгэндээ дааж ядах, ахадсан их ачаа тээсэн үг. Баярлахдаа оюун ухаант хэмээн сайрхаж, жигшихдээ, уурлахдаа, тачаадахдаа араатан шинжээ мэдэрдэг амьд бие. Угтаа өвс, шувуу, хүн гурвын дунд тийм ч том ялгаа байхгүй сэн. Аль аль нь өөрт оногдсон тавилангаа үүрч, үхтлээ амьдрах зараалаар ирсэн нэгэн зүйл. Өвсийг бид амьгүй гэж зүхлээ ч, өнөө хожид хөрс нь болох тавилан бий гэхээр ялгаагүйн тухай бид илүү сайн ойлгох байх. Биднийг хэн илгээсэн, бид яагаад ирснээ мэдэхгүй байх нь хүчгүйг, юу ч бишийг, ялгаагүйг бүр ч мэдрүүлнэ. Тэгэхээр өвсний тухай, шувууны тухай, харандааны тухай бид арай өөрөөр харах шаардлага гарч ирж мэдэх нь.
Аллахын тааллаар бол хүн нисэж огтоос болохгүй аж. Бүр нисэх тухай бодох, үйлдэх ч ёсгүй юм. Бас хүн мэргэлүүлэх, хувь тавилангаа засах гэж далдын хүч ашиглах, ид шид, илбэ жатганд итгэх ёсгүй. Хүн бурханаас юуг ч хүсэх эрхгүй хийгээд ёсгүй. Учир нь Аллах хүнд байх ёстой бүхнийг өгсөн аж. Харин хүн үүнээс илүүг хүсэх эрхгүй юм. Аллах хүн нисэх ёсгүй гэж бодсон учраас далавч өгөөгүй. Хүн өөрөөсөө өөр хэнд ч итгэж болохгүй гэсэн учраас ид шид, увидас заяагаагүй. Хүн бурхнаас авч болох бүхнийг харамгүй авсан учраас Аллахаас гуйх зүйл түүнд байхгүй. Тэгэхээр лалын шашины эл ёсоор бол “хүн тохиолдохдоо л аль хэдийнэ тодорхойлогдсон байдаг” аж. Харьцангуй үнэний ортой эл тайлбарын өмнө оршихуйн философи тэр чигтээ нуран унах магадлалтай юм.
Үнэхээр л бурхан гэж байдаг бол, тэр хүнийг бүтээсэн юм бол боломжит бүхнийг яагаад бүрэн тунгаар өгсөнгүй вэ. Христ яагаад хүн төрөлхтөнд анхны нүгэлийг үйлдэх боломж олгов. Хүний орчлонгийн саарал бүхнээс зугатахыг тулгаж, гэгээрлийг номлодог Будда биднийг эхнээс нь л гэгээрсэн орчинд амьдруулж яагаад болсонгүй вэ. Зөвхөн үхэж байж бурхантай уулзах, энэ амьдралын бараан бүхнийг туучиж, мэдэрч, хүлээн зөвшөөрч, улмаар ангижирч байж гэгээрэлд хүрэх зэрэг нь хэтэрхий эрээ цээргүй хэрэг биш үү. Нэгэнт өгөөгүй зүйлээ биднээс нэхэж, таалалд нь нийцээгүйг тамд шатаана хэмээн сүрдүүлэх нь Бурханы араншин байж таарах уу? Үзэн ядахыг, атаа хорсолыг, муу зүйл үйлдэх нь битгий хэл бодохыг цээрлэдэг бурхан там бий шүү гэж сүрдүүлэх нь хэр зохистой бол? Ингэж бодвол “Би чамд байж болох бүхнийг өгсөн, надаас хүсэх өөр зүйл үлдээгүй шүү” гэж буй Аллах илүү шударга санагдаж байна. Гэхдээ байгаа эсэхийг нь бат нот мэдэхгүй бурханы өөдөөс хараал, зүхэл тавих нь утгагүй л юм даа.  
Хүн ер нь яагаад өөртөө итгэдэггүй юм бол? 12 жилийн, 12 ордын, тэрбайтугай секс зурхай ч гэж бий. Зурхайг ихэнх маань бурхантай л холбож ойлгодог. Одон орон, сар, нарны хөдөлгөөн хэн нэгний сексийн хандлагыг илэрхийлж үл чадах нь тодорхой. Тэгэхээр хэн байх уу? Бурхан л биз. Гээд үзэхээр бурхан хэн нэгнээр үг дайгаад, “За нумын ордныхонд маргааш хүнтэй унтаад хэрэггүй гээд хэлчих” гэх нь юу л бол. Бүр цааш нь ухвал, дэлхийн долоон тэрбум хүнийг ордоор нь, эсвэл жилээр нь 12 хуваагаад тэд яг ижил захиасаар амьдарна гэдэг үлгэр. Гэсэн ч бидний заримд зурхайд итгэх, улмаар үүнийг бурханы захиас, сануулга учраас биелүүлэх ёстой гэж итгэх хэрэгцээ байна. Энэ өөртөө итгэлгүй нь, аврал эрэх нь, улмаар эцсийн цэгтээ бурханыг сэтгэлдээ амилуулах нь нэг төрлийн зугталт юм. Өөрийгөө хүчгүй гэж бодсон хүн сонингийн булан дээрх зурхайд итгэхийг илүүд үзнэ. Бурханд шүтэхийн золиос нь магадгүй энэ байх. Бидэнд өөрөө өөртөө итгэх, түр ч атугай бурханы захиасыг умартаж болох шалтгаан бий.
12 ордын ерөнхий ааш араншин, сэтгэл хөдлөлийг бичиглэсэн зурхайнаас бид өөрт оногдох ордынхыг, жишээ нь би нумын ордынхыг л хардаг. Тэгэх бүрт яалт ч үгүй л таараад байдаг нь сонин. Нэг удаа саваагүйтээд, хумхын ордынхыг уншлаа. Гэтэл миний зан чанартай мөн л таарч байх юм гээч. “Хумхын ордныхон бусдыг дагах дургүй учраас ганцаардах нь элбэг. Хүнээс маш их зүйлийг шаарддаг. Гэнэт муухай догшин авир гаргадаг, дургүйцлээ шууд илэрхийлдэг...” гэнэ. Би даврахаар шийдлээ. Арслангийн ордыг уншив. “Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй, таних ч шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Бэртэгчин зантай, дарангуйлагч хандлагатай” гэнэ. Үнэн. Надад үнэхээр ийм араншин бий. Тэгэхээр эцсийн дүндээ юу болоод таарчихав. Арслан, хумх, нумын ордны шинж тэмдэгүүд бүгд надад байгааг юу гэж тайлбарлах уу? Би өөрийгөө бусдаас онцгой, гаж амьтан гэж бодохгүй байна.
Харин хүн бүрт хүнд байдаг бүхий л зан чанар бий гэдэгт би итгэдэг. Жишээ нь, аминд тулбал би алуурчин болж болно. Шөвөгдөөд байвал түргэн уурлаж, сэтгэлд нийцвэл юунаас ч хөнгөн таашаал авч чадна. Би уйлна, уурлана, инээнэ, дотроо зэвүүцнэ, үзэн ядна, тачаадна, галзуурна, хор найруулна, хулгай хийнэ, заль гаргана, дарангуйлна, гөлөлзөнө, амиа бодно, бусдыг бодно. Аль аль нь надад бий. Харин тухайн агшинд алийг нь хэрэглэх нь л сонин байх. Тийм учраас зурхай гэдэг ердөө бизнес гэж би боддог. Хэрэв та одоо ч итгэхгүй байгаа бол, өөрөөсөө бусад ордын зурхайг өөрт минь бий гэж итгээд уншаад үзээрэй. Энэ бүхний эцэс нь зурхай хуурмаг гэдгийг илчлэх биш, харин хүн өөртөө ер итгэдэггүй гэдгийг л нээх гэсэн юм.
Бурхан байдаг гэдгийг батлах маш олон туршилтууд байдаг. Зарим нь хүний оюун ухаан далдын агуу их хүчний өмнө ямар ч хүч чадалгүй учраас бурхан оршин байгааг батлах ямар ч шаардлагагүй гэнэ. Зарим нь хүрээлэн байгаа орчин маш ухаалаг зүй тогтолтой гэдгээр түрий барьж, бурхан байдаг болохыг тойруу аргаар батлах гэнэ. Бас хүн бүр мөнхийн сайн сайхны тухай бодлогошрохдоо энэ бүхний цаана далдын хүч байгаа хэмээн үздэг учраас бурхан байдгийг баталж болно гэдэг. Гэвч оршихуйн философичдын бадрангуй үзлийг няцаасандаа хүлцэл өчөөд, тэдний нэг саналыг хүлээн зөвшөөрөхыг хүсэж байна. “Бурхан байлаа гээд хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй”. Учир “тэр” байлаа гэсэн ч, түүнээс авч болох бүхнээ хэдийнэ авчихсан шүү дээ бид.

No comments:

Post a Comment