Jan 23, 2013

Өлмий дээрх монологи

Д.Алтанхуяг, Ашли Эллис. 
Улаан хилэн хөшиг зугуухнаар дээш өргөгдөхөд үзэгдэл хэдийнэ үлгэрт уусаж, тэр тайз бодит амьдралын тусгалаас хэдийнэ холдсон байв. Үзэсгэлэнт Одетта нуурын эргээр цэцэг түүн, хөнгөн бүжнэ. Бүхий л үлгэрийн адилаар үйл явдал эрт урьдын цагт л өрнөж буй. Хөх цэнхэр нуурын хөвөөнөө хун цагаан Одетта...
Хурууны өндөгнөөс тайзнаа тулах цэг хүртлээ биеэ зэгсэн мэдэрсэн баллеринагийн хөдөлгөөн бүрийг даган тэнүүчлэх гэрлийн нөлөөнөөс үүдэн, түүний сүүдэр дөрвөн тийшээ цацарч, театрын хана даган сунайх нь үзэгдэх орчны бодь нөлөөнөөс биднийг ангижруулж авай. Тэр эмэгтэй эрт урьдын гэх тодорхойгүй цаг руу бүрнээ уусчээ. Тэнгэр өөд сунайн зогсохдоо тэр энергийн цөм мэт энд цугласан хүн бүрт үл үзэгдэх, зөвхөн мэдрэмжээр л хүртэж болох ид шид түгээн, цацруулах мэт.
Магад манай ДБЭТ дэлхийн бусад театраас “Хунт нуур”-ыг хамгийн олон удаа тоглодог нь байх. Хувцас хэрэглэлээс эхлээд тавилт нь хүртэл (ялангуяа төгсгөл нь!) нэгэн хэвийн уйдаж болмоор атал зуун дамнасан сонгодог балет хэзээд ч, хэнийг ч өөртөө татаж, эзэмдэж чаддаг шидтэй ажээ. Театрын захирал хатагтай Б.Сэргэлэн өнгөрсөн жил “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч Шейла Мелвинд ярилцлага өгөхдөө “Хүмүүс надаас манай театрыг яагаад илүү орчин үеийн байж болдоггүй юм бэ гэж асуудаг. Нэг төрлийн театр бүхнээ хадгалж үлддэг байхад, нөгөө нь бүгдийг өөрчилж явдаг. Миний менежмент бол хадгалах” гэж хэлсэн байсан. Гаднын бүжигчид манай театрт ирэх бүртээ “Хунт нуур”-ыг тоглодог болсон нь мөнөөх л хадгалах зарчмынх нь илрэл байх.
Энэ удаа Бостон балет компанийн гурвал хүрэлцэн иржээ. Тус театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон Ашли Эллис (АНУ), Аветик Карапетиан (Армян) нар. Тэд гурван өөр соёлын төлөөлөл байсан нь сонин л тохиол. Гэвч ямар ч гайхамшгийг яг нэг орчинд, нэг үзэгдэлд дахин мэдрэхэд шид болоод “соронзон үйлчлэл” нь үгүй болсон байдаг шиг ханхүү Зигфридэд тоглосон Д.Алтанхуяг төдийлэн онцгой санагдсангүй. Гаргууд техник, сайн гүйцэтгэл л ханхалж байв. 
Аветик Карапетиан. 
Харин “Бостон балет”-ийн залуухан, армян гочлооч Аветик Карапетиан шинэ бөгөөд сэргэгийн дээр соронзон адил бүхний анхаарлыг өөрийн зүг татав аа. Салбадайн дүрийн нэрийн хуудас болсон өнөөх эргэлтүүд нь сайн гүйцэтгэлтэйн улмаас үзэгчид бид сонгодог урлагийн театрт буйгаа ч умартаад судлаасаа өндийн даган бүжихээ шахсан. Бүжгийн урлагийн гайхамшиг нь үггүйгээр харилцан ярилцах, биеийн хэлээр хүүрнэх мэдэрхүйн дээд хэлбэрт хэдий ч үүн дээр багахан нүүрний хувирал нэмчихвэл бодит руу бүр ихээр ойртдог доо. Үүнийг л чадмаг харуулсан болохоор бүжгэн жүжгийн турш Салбадай (Аветик) бидэнтэй мөн ч их юм “ярьж” амжсан. Харин таван настайгаасаа балетаар хичээллэсэн Ашли Эллисийн байгаа нь л үлгэрийн нэг хэсэг мэт санагдсан.
Тоглолтын дараа түүнтэй хэсэг зуур ярилцахад булчингууд нь аажмаар сулран тавирч, тэр хэрээр хунгийн дүрээс хүний амьдрал руу шилжих урвал явагдаж байсан ч тэр нэг л өөр. Үг хэлэх нь хүртэл бүжгийн хөдөлгөөн шигээ хөнгөн болоод намуун. “Хэдийгээр бид ижилхэн, тайзнаа л бүжиглэдэг авч бусад нөлөө (хамтран бүжиглэгч, тайз, гэрэл, хөгжмийн хэмнэл, үзэгчид) зайлшгүй хамааралтай болдог. Монгол театртай холбогдох нь тийм ч хэцүү байсангүй” гэж Ашли Эллис ярих зуураа багтаж ядсан эрчимээ мөн л хөнгөн бөгөөд намуухнаар гаргаж байлаа.
Тоглолт дууссаны дараа Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзыг илүү ойроос харж, арын хэсэг болон бүжигчдийн өрөөгөөр шагайх хүслээ гүйцээв. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирсэн учраас хаа сайгүй хамгаалалт гарч, тоглолт ид өрнөж байх зуур тайзны арын уур амьсгалыг мэдрэх боломж олдоогүй юм. Тайз бүхэлдээ хүйт оргиж байлаа. Ийм хүйтэнд инээмсэглэн бүжиж байсан нь монгол бүжигчдийн онцлог ч байж мэдэх юм. “Манай театрын тайз энэ жил их л хүйтэн байна. Бараг л мөсөн дээр бүжиглэж байгаа мэт” гэж Д.Алтанхуяг ярьсан хэдий ч үзэгдэх орчны нөлөөнд авталгүй тоглолтоо дуусгасан нь сонгодог, мэргэжлийн гэх үгсийг дагалдах хүчний нөлөө байх. “Эх орондоо ирээд удаагүй болохоор энд тийм ч удаан бэлтгэл хийж амжаагүй. Харин АНУ-аас ирэхээс өмнө бэлтгэлээ чамгүй базаасан” гэж тэр даруухан тайлбар хийсэн ч энэ орой, энэ тайзнаа бүжиглэх гэж л насан туршдаа бэлтгэл хийсэн адил эрч, хүчтэй хэвээр байв.
Резинэн шалан дээр нь таягтай хүмүүс туучаад өнгөрсөн мэт сааралтсан олон жижиг толбо байх нь жигтэй. Балетийн шаахайн товшооноос үүдэлтэй толбо байсанд үүн дээгүүр гуталтайгаа туучих нь гэм хийж байгаа адил санагдав. Улаан тансар хөшиг хаасны дараа бүжигчид болон тэдний ойр, дотнын хүмүүс тайзан дээр шаагиж, Аветик болон Ашлигийн үзүүлбэрийн тухай сэтгэгдэл солилцоно. Нэг хэсэг үг - гүйгээр харилцсан тэд тэсгэл алдаад ингэж буй бололтой. Дараа нь дээш гарч, бүжигчдийн өрөөгөөр шагайлаа. Зарим нь тамхи татаж, хувцас сэлтээ түшлэгтэй сандал, буйдан ер нь л хаа таарсан газраа хайнгадуу тайлж орхисон нь үзэгдэл дуусаж, үлгэрээс ангид болсны шинж аж. Тэд одоо Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг”-т хувилахаар бэлтгэлээ базааж эхэлнэ.

Jan 20, 2013

Сонсох-уй

Зуны шугуй чигтээ л симфони адил. Салхи удирдаач нь. Навчисын хоороор цэцэгс найгаж, тэр дуунаа бяцхан шувууд өхөөрдлийн мадригал “урлана”. Өтөл царс бишгүүр үлээж, холоо цайвалзах уулсын амьсгал наашлан наашилна. Тэргүүн өөд нь тэмүүлэн шунгинах бүргэдийн нисэлтээс лимбэн эгшиг тасарч, суунаглагч хөх тэнгэрт хүрээд замхарна. Тэгэхэд би эгшиглэнт энэ хэмнэлийн эд эс нь болсон байдаг. Татсан чавхдас мэт амьдрал дундах тасалж болохгүй нот болохоо ойлгодог. Уулсын анир, шувуудын жиргээ, моддын найгал одоо надаар дамжин чамд хүрнэ, би зэмсэг нь.
Горхины хөгжөөнт чимээнээс төгөлдөр хуурын хөнгөн товшоо түгнэ. Тэр нь явсаар цүнхээлд хүрч тогтоно. Түмэн дуслын нийлэмжээс soul хэмнэл тодорч, түүний гүн рүү би шуналтайгаар уусан шингэхийг хүсэж, тайван бөгөөд намуухнаар доошлон доошилно. Аниргүйн айзам намайг бүрхэж, дүлийрсэн мэт атлаа дүүрэн болно, би урсгал нь.
Хотын хэмнэл надад жааз мэт санагддаг. Мэдэрдэг хэрнээ мэддэггүй. Ойлгодог мөртлөө орооцолдоод байдаг. Үзэн яддаг ч салж чаддаггүй нь сонин. Хүмүүс хөлөө түргэн товшиж, хурдан хурдан жирийлгэх нь ямар нэгэн гайхамшиг руу биднийг яаруулж байдаг. Яг тэнд нь очихоор юу ч байдаггүй л байх. Гэхдээ л энд бид яарч амьдардаг.
Хот шөнөдөө рок болдог. Хүнд! Харанхуйн дундах нууцхан үнсэлт, архины халуунтай холилдож, авцалдаагүй аязаар агсамнаж сонстдог. Эгц, уруу хөшилдсөн саарал байшингууд, хурц өнцөгт гудамж харанхуй болохоор уураа гаргадаг. Чарлана, “чанга” нотууд ирийнэ. Харин шөнө дунд болмогц мансуурсан энэ хот эзгүйрсэн байдаг. Нүх нүхэндээ шургалж, бид талийж одно. Эзэнгүй хотод хоосон ая л үлдэж, блюз мэт шөнө л хохийж хоцорно. Би эгшиглэх цаг..
Кофе үнэртэхэд өглөө болсон байдаг. Цонхоор харвал хүмүүс мөнөөх л хэмээр яаран алхана, тэднийг дагаад хот өөрөө амь орчихсон байдаг. Агшин хормыг алдахгүйн тулд өөр өөрийн өнгөөр аялацгаах нь, Bosso nova. Бүхэлдээ харин энэ хэмнэл нь модерн симфони. Бид харин дуучин нь! 

Jan 6, 2013

#2013.01.06: Өнөөдрийн шинэ нээлтүүд


     Joгo Gilberto гэх жазз, bossa nova урсгалаар тоглодог бразил өвөө (81). "Tin tin por tin tin" гэх дуугаар нь улбаатай бидний харилцал youtube-ээр дамжин улам батжив. Гитарын хөнгөн хэмнэлд хөтлүүлэн түүний аялгууг сонсох нь далайн эргийн бяцхан байшинд суугаад өвөөгөөсөө үлгэр сонсож байгаа мэт дотно сайхан. 1950-иад он мэндэлсэн Bossa nova (шинэ 'хэв маяг' гэх португаль үг) урсгалыг үүсгэгч, түгээн дэлгэрүүлэгчдийн дунд түүний нэр алтан үсгээр бичигддэг юм гэнэ. Энд дурдсан Bossa nova урсгалыг талаар би 'а' байтугай цэг, таслал ч үгүй. Гэхдээ ямартай ч надад таалагдаж эхлээд байна. 


"Time" сэтгүүлийн 2012 оны дөрөвдүгээр
 сарын 30-ны дугаар 
      Нэгэнт дуу хөгжим ярьсных 'The Girl from Ipenama' дууны хоёр ч хувилбар сайхан санагдав. Нэг нь Фрэнк Синатра, нөгөө нь мөнөөх л Joro Gilbert болон, Stan Getz, Astrud нарын хамтарсан нь. Энэ дуутай санамсаргүй анх Youtube-д таарахад хаана харлаа, хаанаас уншлаа, үзлээ гэж бодтол "Гоодаль" сэтгүүлийн тээр нэг жилийн тэр нэг сарын дугаарт сэтгүүлч Э.Ариунзаяагийн "Mining journal"-ийн эрхлэгч Л.Болормаатай хийсэн ярилцлагын гарчиг байж. Дээрх дуу гарснаас хойш Бразилийн булан дахь эл жижиг суурин ихэд алдаршсан юм билээ.  

       "Time" сэтгүүлийн суу алдрыг анхдугаар удаа бишрэв. 2012 оны дөрөвдүгээр сарын 30-нд гарсан 2012 оны нөлөө бүхий 100 хүнтэй дугаарыг барьж идэхээ шахлаа. Энд Пинк дуучин Аделийн тухай бичихдээ "... Go to Mars right now and i'm pretty sure if there is life on that planet, they're playing Adele..." гэжээ. Энэ дугаарт жишээ нь тэрбумтан, өглөгч эр Уоррен Баффетийн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Рианнагийн тухай загвар зохион бүтээгч Стелла Маккартни, Жессика Частэйний тухай Оскарын шагналт найруулагч Гэри Олдмен, Raphael Saadiq-ийн тухай Элтон Жон бичил нийтлэл бичсэн нь тун сонирхолтой. Энд дурдагдсан Raphael Saadiq болбоос soul хөгжмийн шинэ од, яг л жазз дахь Эсперанса Сполдинг шиг алдар нь түгэж яваа эр ажээ. 

       Мөн миний мэдэлд "Newsweek" сэтгүүлийн сүүлийн хэвлэмэл дугаар ирсэн бөгөөд нэгхэн шөнийн дотор энэ олон 'гайхамшиг'-уудыг үзэж, харж, мэрж, эмэрч дуусгахын оронд гурваас, дөрвөн өдөр цэнгэн, баясахыг илүүд үзээд өнөөдөртөө далд хийчихлээ. Долоо хоногийн мэдээний сэтгүүлийн их гурвал гэгддэг энэ сайхан сэтгүүлийн сүүлийн хэвлэмэл дугаарыг үхэн үхтлээ хадгалж, үр хойчдоо дамжуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж үзэв. 

     Эцэст нь, номын шүүгээн дотроос их хэмжээний цэнхэр дэвсгэрт (5 ширхэг) олсон нь ээж намайг түр хугацаанд ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байгааг тохиолдуулан хүүдээ өдөр бүр хоол, унааны мөнгө өгч байхаар шийдсэн нь энэ аж. Энэ ч бас өнөөдрийн гайхалтай нээлтүүдийн нэг болой.