Jan 1, 2014

Намайг олоорой

Дэфнэ Халман (Туркийн жүжигчин)
            Энүүхэн дэрвэж байсан сэтгэлээ сэмрэн сэмэрсээр агшин өнгөрөхийн зуургүй уруудан унаж болдгийг санахаар инээмсэглэн өнгөрсөн бүхнийг цагдан, цэгнэж, заавал нэг хар тээн зөрөх өөртөө дур гутах. Тэндээс энэ хүрэхийн зуур хэдэнтээ орь тавьж, дур ханаж чадах сэтгэлийн чалх дундрахгүй бөгөөд хорвоогийн туйл рүү үсчин дэвэх бүрийд нь холбирч өнхөрсөөр нэгэн агшинд ер хэрэглэгдэхүүн болсноо мэдрэхэд урам хугарах. “Насан туршдаа” доройхон, даруухан амьдарсан нэгний дотор хар материйн эрчимтэй дүйх энерги гүйж, тэгэхдээ тэсэрчихэлгүй тэнд нь байлгаж дөнгөх чадал мөнөөх л даруухан, доройхон нэгэнд байсныг мэдээд амьдрал баян гэдэгтэй аргагүй санал нийлэх. Надад байх олон дүрийн аль нь яг би вэ. Түүнээс харсан төрх бүрийн хэн жинхэнэ тэр вэ?

             Жамъян-Очирын Тэгшжаргал “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн биеэр хүрэлцэн ирж, киногоо танилцуулсан нь үзсэн бидэнд сайхан санагдлаа. Харин танд энэ наадмын нэг хэсэг болох ямар байв?
            Дэфнэ Халман Гайхалтай сайхан байлаа. Анхны наадам гэдэг утгаар хүндэлж ирсэн. Бас бидний киног гаргахаар сонгосонд нь баяртай байсан. Энд ирэхийн өмнө Бразилийн Рио Де Жанейро, Монголын Улаанбаатар хот хоёрын аль нэг рүү явах сонголт гараад... Тэгээд би одоо энд байна даа.
            Ж.Т. Сонголт чинь буруудаагүй байх гэж найдаж байна. Та энд намрын эхэн сард ирлээ. Монголын намар хүйтэн ч энд сэтгэл хөдөлгөм олон сайхан зураглал бас тодордог юм. Харин таны төрөлх нутаг, Туркийн намар ямар байдаг бол?
            Д.Х. Намайг яг наашаа ниссэн өдөр хүйтэн, зэврүүн байсан. Би ч тундр руу явж байгаа юм шиг л өвлийн хүрэм, ороолт сэлтээ зэхээд гарсан л даа. Истанбул далайтай залгаа болохоор чийглэг уур амьсгалтай, намар өвөлдөө бороо их ордог. Харин энд хүйтэн ч агаар нь дэндүү цэнгэг юм. Энэ нь надад таалагдаж байна.
            Ж.Т. Таны гол дүрд нь тоглосон Lifelong киноноос халуун, чийглэг Истанбулийн хүйтэн зэврүүн дотоодыг олж харлаа. Урд нь Нури Билгэ Жейланы Climates-ээс ийм “төрх”-ийг нь үзэж байсан. Олон жил театрт ажилласан, кино урлагт бол бараг л шинэхэн гэж хэлж болох таны хувьд бас чамгүй сорилт болсон байх даа?   
            Д.Х. Энэнээс өмнө ердөө хоёр л кинонд тоглосон. Жүжигчин гэх нэг малгайн дор явдаг хэрнээ тайз, дэлгэцийн бүтээл тэс ондоо байдаг. Нэгэнт л кинонд тоглохоор бол өөрийгөө бүх талаар нь сорьсон, бас содон кинонд тоглох хүсэлтэй байсан үед  залуу найруулагч Эсли Огзэ Lifelong-ийн Элагийн дүр санал болгосон нь яг таарч тохирсон гэж хэлж болно. Олон жил тайзан дээр, үзэгчдийн өмнө тоглосон болохоор камер надад цоо шинэ сорилт байсан. Сэтгэлийн бүхий л хөдлөлөө нөхрөөсөө нууж байгаа хэрнээ дэлгэцээр үзэж буй хүмүүст хэрхэн дамжуулах вэ гэдгээс эхлээд л.
            Т.Ж. Энэ кинонд тоглох саналыг зөвшөөрөхөд дээрхээс өөр хүндэтгэх, харгалзан үзэх шалтгаан байсан уу?
            Д.Х. Зохиолыг уншиж дуусаад л Элагийн тухай мэдэхийг, мэдрэхийг үнэхээр хүссэн. Энэ эмэгтэйн дотор түймэр дэгдэж, галт уул оргилж байсан ч тэрийг ил гаргалгүй, дааж давашгүй их сэтгэлийн ачаагаа үүрсээр юу ч болоогүй мэт л байдаг. Урлагийн болон шогийн мэдрэмжтэй, бусдад муугаа үзүүлэх дургүй, дотроос нь өнөөх хоосон мэдрэмж маажиж байсан ч уйлж унждаггүй гэхчлэн түүнд татагдах олон шалтгаан бий. Бас тэр контемпорари уран бүтээлч байсан нь ч бас догь. Эла миний дотор орж, надаар хөтлөгдөж, намайг хөтлөхийг мэдэхсэн гэсэндээ кино багийнханд тийм гэж хэлсэн.
             Т.Ж. Өнгөрсөн жилийн өдийд Истанбулд түр саатахдаа гивлүүрээр нүүрээ хааж, нөхрийнхөө араас хүүхдээ тэврэн доройхон алхаж яваа эмэгтэй олныг харсан. Эрчүүд илүү давуу эрхтэй тухай нь ч уншиж байсан. Харин найруулагч нь эмэгтэй хүн байсан болоод ч тэр үү энэ киноноос өөрийг анзаарлаа. Дэлгэцийн өмнө нүцгэлэх, мөргөлийн цагаар цонхны тавцан дээр эмэгтэй хүн тамхи татаж зогсох зэргийг харна гэж төсөөлөө ч үгүй шүү.
            Д.Х. Энэ бол нийгмийн байдлыг харуулах зорилтот кино биш л дээ. Тийм болохоор турк эмэгтэйчүүдийн тухай нэгдсэн ойлголт төрүүлж чадахгүй. Истанбулын чинээлэг амьдралтай, дундаж насны эхнэр, нөхөр хоёр хэдийгээр тансаг байшинд амьдардаг ч гэр бүлийн уур амьсгалд нь гял, цял юм юу ч үгүй. Хоёул юунаас ч юм уйдсан. Гэхдээ эхнэр нь энэ бүхнийг сэтлэх гэж нөхрөөсөө хайр халамж хүлээдэг ч үүнийгөө ер илэрхийлдэггүй. Зүгээр л хүлээдэг. Хэзээ ч хүлээсэнтэйгээ дүйцэх хайр халамж хүртэхгүй байсаар дасал болсон. Ийм л дүр зургийг дэлгэцнээс олж харна.
            Харин камерийн өмнө нүцгэлсэн тухайд би үүнийг зоригтой алхам хийлээ гэж бодоогүй. Зохиолын дагуу, Элагийн дүрийг харуулахын тулд хийх ёстой зүйлсийн л нэг байсан. Бидний хэн хэн маань гэртээ ийм л байдаг шүү дээ. Нүцгэн алхах, нүцгэн шүршүүрт орох, унтах, босох, тамхи татах, хурьцал үйлдэх гээд л... Бусдаас өөр, онцгой гойд юм нэг ч байхгүй. Туркт нийгмийн байр суурь, хөрөнгийн хэмжээ, амьдардаг хот, шашины үзлээсээ шалтгаалж хүмүүс янз бүрийн давхаргад хуваагддаг. Зарим бүс нутаг шашин, улс төр, соёлын хоригууд их байдаг ч Турк ардчилсан болохоор бид хүссэнээ л хийдэг.
           
Ж.Т. Киноны гарсны дараа үзэгчидтэй ярилцах үеэр та Элагийн дүрд орох гэж маш их удсан, бас хичээсэн гэж байсан. Мэдээж тэр бүхэн тань сүүлчийн кадрыг аваад л ор тас нисчихдэггүй байх. Элагаас танд юу үлдэж хоцорсон бэ?
            Д.Х. Би өөр доторх Элагаа олсон. Хэзээ ч юм бүү мэд, тэр надад мэдэгдэхгүйгээр миний дотор үүрлэчихсэн байж. Киноны ачаар би түүнийг дотроосоо олж, мэдэрч, ярилцсандаа нэг талаар азтай. Элаг мэдрэх тусам түүний тэвчээр, сэтгэл хөдлөлөө нууж, далдлах чадварт нь биширсэн. Би амьдрал дээр түүн шиг байж чадах эсэхээ одоо ч хэлж мэдэхгүй. Гэхдээ ийн байж сурахсан гэж хичээх болсон нь үнэн.
            Т.Ж. Та Нью-Йоркт төрж, их сургуульд орох хүртлээ тэнд амьдарсан гэж сонссон. Бүх юм нээлттэй, боломжоор дүүрэн гэгдэх тэр газар та бүр үлдчихэж болох л байсан биз. Юу таныг Турк руу авчирсан бэ?
            Д.Х. Бага, залуу насныхаа ихэнх хугацааг Нью-Йоркт өнгөрүүлсэн гэдэг үнээн. Гэхдээ бид зуны амралт болгоноор гэр бүлээрээ Турк руугээ явдаг байсан. Тэгэхээр тийм ч хол, хөндий санагдаагүй. Дунд сургуулиа төгсөөд би балетийн ангид элссэн. Харин нэг удаа Туркт амарч байхдаа хөлөө хүнд гэмтээж, дахиж хэзээ ч бүжиглэж чадахгүй болсон юм. Үүнээс болоод миний амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл бүгд өөрчлөгдсөн. Тэгээд л Туркт бүрмөсөн ирсэн дээ. Анх эх хэлээрээ аялгатай ярьдаг байсан болохоор шоолуулдаг байлаа. Одоо харин ийм асуудал байхгүй. Туркт ирээд жүжигчин болохоор шийдэж, анх хүүхдийн театраас гараагаа эхэлсэн. Нью-Йоркоос явахдаа би ер харамсаагүй. Учир нь Туркийн соёл америкийнхаа хамаагүй эртний, бас сонирхолтой шүү дээ (инээв).
            Т.Ж. Таны аав Туркт Соёлын яамыг байгуулах санаачилга гаргаж, анхны сайдаар нь ажиллаж байсан хүн юм билээ. Юу ч болсон урлагтай холбоотой яваа нь аавын тань нөлөө юү?
            Д.Х. Аав минь надад байгаа бүхнийг өгсөн. Би бүжиглэж байна уу, дуулж байна уу хамаагүй, урлагтай холбоотой л бол тэр намайг бүх талаар нь дэмждэг. Сурагч байхдаа лимбээр хичээлье гэхэд ч дургүйцэж байгаагүй. Ээж аавыгаа дагаад олон сайхан газар орон үзэж, үргэлж музей, театр, галерейгаас салдаггүй байсан нь надад мэдэгдэхгүйгээр олон дадал, чадвар суулгасан.
            Т.Ж Ерээд оны сүүлээр та телевизийн шоу хөтөлдөг байсан гэсэн, үнэн үү?
            Д.Х. Тийм ээ, кино нэвтрүүлэг хөтөлдөг байсан. MTV-гийн турк хувилбар шахуу даа. Шинээр нээлтээ хийсэн киноны мэдээлэл, оддын амьдралын эргэн тойрон гээд л... тиймэрхүү л мэдээ бэлтгэдэг байсан.
            Ж.Т. Нээрээ, таны шивээс жинхэнэ байсан уу. Одоо танд би юү, эсвэр арилгачихсан уу?
            Д.Х. Тэр шивээсийг бүр залуудаа шивүүлсэн юм шүү дээ. Элагийн дүрд тоглох нь тодорхой болж, найруулагчтай тохирч, за гэж зөвшөөрчихөөд “Нээрээ би бэлхүүсэн дээрээ том шивээстэй. Зүгээр үү?” гэтэл Эсли болно оо гэсэн.
            Ж.Т. Тэгээд бүр нь постерт нь гарчихдаг. Сонин тохиол юм аа.
            Д.Х. Харин тийм. Шувуу шиг эрх чөлөөтэй байх гэсэн утга санаатай юм.

No comments:

Post a Comment