Jan 5, 2014

Үг үлдэнэ


            Үг бүхэлдээ эрээлжилсэн хэдэн үсгийн цуглуулга биш аж. Мөн байлаа ч үг гэгч үнэртэж, амтагдаж бас болдог байх нь. Үйлчин лугаа нямбайлан шаглаж, уран дархан адил сийлэн цойлдсон уран тансаг монгол хэл бүхий зохиолыг энэ цагийн зохиолчоос мэдэж, мэдэрнэ гэдэг ховор хэрэг. Энийг бүтээсэн хүнтэй уулзана гэдэг ховроос ч ховор тохиол болой. 2009 онд анх авсан цагаасаа үнгэмэл навсархай болтол нь түмэнтээ эмэрсэн “Хөх жавар” номын зохиогч Долгорын Цэнджавтай уншигч авхай таныг уулзуулж байна.
            Орчин цагийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолын арга барил, далд гүн санаанд эргэлт авчирч, нээлт хийсэн хэмээн шүүмжлэгчид үнэлдэг түүний “Хөх жавар”, “Тэнгэрт хальсан тоос”, “Цахарын хар шуурга” туужуудаас  гадна “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд айрагдаж байсан “Мэнгэ”, “Алтан жүн жор”, “Хоёрын даваа” зэрэг өгүүллэг нь дүрийн сэтгэл зүйн онцлог, монгол хэлний уран тансаг найруулгаараа илтэд ялгардаг бөгөөд уянга-сэтгэлзүйн аргыг чадмаг ашигласан хэмээн сайшаагддаг билээ.
Жамъян-Очирын Тэгшжаргал Таныг хүмүүс хос морьтой хүн. Сэтгүүл зүй, уран зохиолын туг хоёул ширээн дээр нь бий  гэдэг. Гэвч аль нэгээр нь тууштай явсан бол доо гэж бодох үе байдаг уу?
            Долгорын Цэнджав Энэ хоёр тал бие биенээ харин ч нөхөж, намайг өдий зэрэгт хүрэхэд тус, дэм болсон юм уу гэж би хардаг. Зарим нь хүн олон юм рүү үсчих өөдтэй биш л гэдэг юм. Гэвч чадаж л байвал юм юманд гоожтой байхын буруу гэж юу байхав. Өөрийгөө би уран зохиол, сэтгүүл зүй гэх адал явдлаар дүүрэн, сониуч, соньхон ертөнцийн дунд яваад харин ч баярладаг. Сэтгүүл зүйд нухлуулаагүй бол амьдралаас хол, дөрвөн ханын дунд үзгээ тэвэрсэн хуурай зохиолч болох байж. Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг гэдэгчлэн өдөр бүр бидэнд хүнтэй уулзаж, ярилцах завшаан тохиодог. Уулзсан хүн бүрээсээ үг унагаж, амьдралын үнэн мөнийг мэдэж танина гэдэг зохиолч хүнд тун хэрэгтэй чанар. Даанч манай ихэнх зохиолч энэ тал дээр тун хойрго. Надад харагддаг зохиолч, сэтгүүлч гэсэн хоёр их цамхагаа өндөр нам гэж би дугаарлахгүй. Энэ хоёр цамхагийн дунд л миний амьдрал өнгөрч байна.
            Ж.Т. Зарим шүүмжлэгч, зохиолч үргэлжилсэн үгийн зэгсэн дориун мастер болох хүнээ сэтгүүл зүйд алдлаа гэж халаглаж байхыг сонсож байлаа. Тийм учраас л дээрхийг асуусан хэрэг.
            Д.Ц. Яриа, хөөрөө дундаа би Л.Түдэв багшийнхаа нэрийг дурдах дуртай. Энэ хүнийг багшаа гэж дуудахаас ч эмээдэг тийм нандин холбоо бидний дунд байдаг юм. Л.Түдэв багш намайг сэтгүүлчээр ажиллаж байхад хөдөө томилж, би Өмнөговийг зорьсон. Одоо эргээд бодоход сэтгүүл зүйн буянаар тэгж би жинхэнэ амьдралыг зорьж билээ. Энэ зуур дунд сургуульд багшилж ч үзлээ. Гэвч хэрэв би багшаар үлдсэн бол үнэн амьдралыг мэдэхгүй, бичихгүй байж дээ гэж боддог юм.
Сумын төв бол тэр чигээрээ л амьдрал өрнөж, буцалж байдаг газар. Ер нь манай уран зохиолын баатрууд хөдөө л байдаг шүү дээ. Тэнд ажиллаж байхдаа би амьдралд тохиолдох бүхий л төрлийн хүнийг, нэг талаар зохиолынхоо бодит дүрүүдын дунд байсан. Сайхан бүсгүй, шилийн сайн эр, домог хууч дэлгэн суудаг хөгшид гээд л...Дэргэдүүр зөрсөн, үг солиод өнгөрсөн хүн бүр надад өөрийн дүрээ өгчихөөд буцсан буй мэт санагдана. Ухаан нь амандаа биш тархиндаа байдаг тэр хүмүүсээс би их ч юм сурсан. Ялангуяа настангуудын хууч яриа сонсох надад хамгийн амттай байдаг. Өнөө цагт харин ийм хүмүүс, хууч яриа дэлгэн суудаг хөгшид ховор болж дээ. Ээжийн минь дүү, миний бага ижий Бүжээ гэж хөгшин хөдөөгийн эгэл жирийн буурай боловч оноч үгийн мастер, ямар ч хийгүй хэрнээ уран цэцэн, их амьд яриатай хүн байсан. Хоёр ижий хонь, ямаа холбон саах зуураа юу ч юм ярьж л байдаг. Аргалд явах зуураа ч ярьж л байна. Яасан ч дуусдаггүй юм. Гэхдээ тэд яг л өгүүллэг, тууж уншиж буй мэт уран ярихыг нь яана. Тэднийхээ яриаг сонжин, сонсож өссөн минь ч бас их нөлөө үзүүлсэн гэж би боддог.
Ж.Т. Зохиол эхлүүлсэн үед таны өдөр тутмын амьдралын хэмнэлд ямар өөрчлөлт ордог вэ. Зовлон шаналал, адал явдал нь илт мэдрэгдээд ирдэг байх гэж боддог юм.
Д.Ц. Цаанаас бурхан ч юм уу, хэн нэгэн хэлж бичүүлээд байга юм шиг аяндаа урсаад ирэх мөч байхад, яаж ч хүчлээд явахгүй байх тохиолдол бий. Зарим зохиолоо бичигдэх мөч нь иртэл тав, зургаан жил хаях ч үе байна. Ялангуяа үргэлжилсэн үгийн зохиол бичнэ гэдэг тамын ажил. Хувь зохиолчоос авъяас, тэвчээр, цаг нар гээд бүхнийг шаардана. Хаа явсан газар үргэлж дагаж, бодогдоод салахгүй. Зөрчил дотор нь өөрөө амьдрах хэрэг гарна. Яруу найраг бол сайхан л даа. Наадмын морьтой дэрвүүлж яваа мэт хийсгэж бичиж болдог. Гэтэл үргэлжилсэн үгийг бодохгүй бол болдоггүй. Хонины бор морьтой яваа мэт аядуухан бичихээс аргагүй. Дээр нь сэтгэлийн хөөрлөөр бичиж болдоггүй.
Заримдаа, дээр хэлсэнчлэн санаа хаанаас ч юм гэнэт л ороод ирэхэд юу бичиж буйгаа мэдэхээ байтал сараачин, үзэг гүйцэхгүй зовох үе бас гарна. Эргүү балай юм шиг л бичнэ шүү дээ. Тэгсээр аяндаа нэг юманд тээглээд, гацна. Ингэж л нэг зогсоно, амарна. Зохиолч ийм байдалд орсон үед түгжээ тайлагч хэрэгтэй болдог. Манай С.Дашдооров түгжээ тайлахдаа гаргуун байсан. Одоо харин түүн шиг хүн ховордож. Тэгэхээр өөртөө найдахаас аргагүй. Харин кино найруулагч, бас зураачид түгжээ их сайн тайлдаг юм билээ.
Ж.Т. Одоо цагт нэг ном гаргасан хүүхэд л өөрийгөө зохиолч, яруу найрагч хэмээн нэрлэдэг болж. Таны залууд бол ингэх зүрх зориг, сэтгэл ч байхгүй байсан биз. Хэзээ та өөрийгөө зохиолч боллоо гэж тооцож байв?
Д.Ц. Ихэнх зохиолч эхлээд шүлэг бичиж гарч ирээд, дараа нь үргэлжилсэн үг рүү ордог. Харин би шүүмж бичиж утга зохиолын ертөнцийн хаалгыг татаж байсан. Өөрийн сайндаа ч биш, Отгонсүрэн, Дашдорж, Оюунбадрах гэх мэт багш нарынхаа нөлөөгөөр. Тэгсэн, нэг удаа би Дундговь аймгийн зохиолчийн эвлэлийг шүүмжилсэн. Тэгэхэд манай Дундговь аймгийн зохиолчид “Талын дуу” шүлгийн эмхэтгэл гаргаад байсан юм. Миний бичсэн шүүмжийг Отгонсүрэн багш “Улаан туг” сонинд гаргаж, нутгийн зохиолч нөхөд маань тэрийг харчихаад “Чи ч мань хэдийгээ ёстой авч өгчээ” гэсэн. Тэр үеийнхэн шүүмж сонсож чаддаг байсан л даа. Тэгэхэд яагаад ч юм нэг сайхан өгүүллэг биччих юмсан гэсэн бодол дотроос гаралгүй явсаар, 1995 онд “Мэнгэ” өгүүллэгээ бичсэн. Тэгэхэд л жаахан урам орж, би чадна гэсэн итгэл төрж, ер нь болмоор санагдаад эхэлсэн.
Ж.Т. Тэгэхэд та хэдтэй байсан юм бэ?
Д.Ц. 40 хүрч байсан санагдана.  
Ж.Т. Их л хожуу өөрийгөө нээж дээ та?
Д.Ц. Тэгээд урьд бичсэнээсээ ичээд бүгдийг нь шатаасан. Ичээд ирэхээр сая хүн болдог. Ичдэггүй хүн бол тун муу. Харийн өнөөгийн залуус их л эрт өөрсдийгөө дөвийлгөж байна даа гэж хардаг.
Ж.Т. Шүүмжээр эхэлж, үргэлжилсэн үгээр ороод дараа нь шүлэг бичиж эхэлсэн үе чинь дурдагдах болов уу. Дарааллын хувьд урвуу зүй тогтол харагдаж байх чинь.
Д.Ц. Шүүмж бичихийн хажуугаар нууцаар шүлэг бичдэг л байсан. Шүүмжлэгч хүн өөрөө муу юм бичвэл үг үнэгүйднэ гэж санаад хүнд үзүүлэхгүй, тас нууна. Нэг удаа шүлгүүдээ О.Дашбалбар агсанд харуултал их урам өгч, Утга зохиол, урлаг сонинд хэдийг нь гаргасан. “Шүүмж бичихээ боль. Шүлэг бич. Хотынхон шиг” гэсэн.
Ж.Т. “Хотынхон шиг” үү! 1990-ээд оны Монголын утга зохиолд хот, хөдөөгийн гэсэн зааг ид гарч байсан гэж ярьдаг. Тийм зүйл үнэхээр байсан юм уу?
Д.Ц. Орост бол тосгоны найрагч гэсэн хэллэг хүртэл бий. В.Распутин, Пушкин нар гол төлөөлөл. Харин манайд ийм яриа ер гардаггүй байснаа 1990-ээд оноос гэнэт цухалцаж эхэлсэн. Хотынхны соёл, сэтгэхүй аж амьдрал өөр гэсэндээ хөдөөгийн зохиолчдыг гадуурхах маягтай болоод ирсэн. Тэр үед бүр “Хөдөөгийн зохиолчдын холбоо” гэж байгуулагдаж байлаа шүү дээ. Азаар энэ нэг их буруу тийшээ явчихаагүй. Харин ч бие биенээ хурцалж, энэ жижиг зөрчил дундаас олон сайн бүтээл гарсан.
Ж.Т. Уншигч хүссэн хүсээгүй зохиолд гарч буй дүрийг дотроо сайн, муу гэж хуваачихсан байдаг. Манай, танай тал гэдэг шиг. Харин зохиолч бичих явцдаа ингэж ер нь боддог уу?
Д.Ц. Зохиолчид дүрийн боловсруулалт гэж чухал юм байдаг. Цас шиг цагаан, эсвэл цасан дээр хөө цацсан мэт хар муу тийш нь явуулахад би дургүй. Хэчнээн муу үйл хийсэн ч эр хүн уйлвал уйлж, хайрлавал хайрлаж чаддаг шүү дээ.
Гэхдээ би “Хөх жавар” туужийнхаа Харлаг Донойг өрөвдөж чадаагүй. Түүнийг аавтайгаа анх уулзаж байх үеийг бичих үед дотор муухайрч, толгой өвдөөд даралт ихсээд ирсэн. Тэгэхээр нь энийг ер нь больё гээд хэсэг хаясан. Гэвч болиулдаггүй юм билээ. Арав хоногийн дараа Донойтой дахиж уулзсан. Өнөө ой гутмаар тэр орчинд дахиж очсон. Хажуудаа зуун грамм виски тавьж байгаад л дахин үргэлжлүүлсэн дээ. Тэгж энэ зохиол маань бүтсэн.
Ж.Т. Та зохиол бичих явцдаа санаа сэдэл авах зорилгоор бусдын юмыг хардаг уу?
Д.Ц. Хүний бичсэнийг дагаж, явснаар нь замнаж цаас үрээд яах вэ гэж боддог. Тийм учраас би хүний цэг, таслалыг ч дуурайхыг хүсдэггүй. Шинэ зохиол бүрт, дүр болгондоо нээлт хийхийг хичээдэг. “Цагаагчин гахай жил” романаа бичих үед энэ хувьсгалын талаар бичсэн хоёр номоо Д.Төрбат надад өгсөн. Романаа дуусгах хүртэл би тэрийг сөхөж ч хараагүй. Ямар нэг юм нь адилхан болчихвол хэнд хэрэгтэй аж.
Ж.Т. Урьд зохиолчид нийгмээ сэрээдэг байв. Нийгэм донслоход утга зохиол дагаад донслох маягтай. Гэтэл өнөөдөр цаг үе, уран зохиол хоёрын хоорондын хамаарал байхгүйтэй ялгаагүй болсон гэвэл та санал нийлэх үү?
Д.Ц. Нийгмээ сэрээх байтугай өөрсдөө ч сэрж, сэтгэх нь хойрго болсон шиг байна. Харин энэ үүргээ сэтгүүл зүйд тохчихож.
Ж.Т. Нийгмийн орчиноос гадна яг зохиол бичээд суухад гадаад орчин хэр их нөлөөлдөг вэ. Хаана та зохиолоо амар, тайван бичдэг вэ?
Д.Ц. Орчин, улирал их чухал аа. Би “Чонын алтан шагай” романаа Америкт байхдаа бичсэн. Эх орноо, амьдралаа, онцгойлон хүнийг, хэн нэгнийг санах нь их цочроо өгдөг. Болж өгвөл байраа солих нь зохиол бичихэд сайн нөлөөтэй.
Намар уг нь зохиол бүтээлийн улирал. Гэвч МУИС-д багшаар орсноос хойш намар миний зохиолч талыг үгүй хийсэн. Зохиолоо бичээд хөдөө суух их сайхан байдаг. Санаа сэдэл урсаад л орж ирнэ. Хот харин өөр. Амьдрал нь, хэмнэл нь, бүр байшингууд нь хүртэл нэг хэвийн учраас онц санагддаггүй. Гэхдээ манай зохиолчид, ялангуяа залуус хотын амьдралыг амттай бичээсэй гэж би хүлээдэг.

1 comment:

  1. зөндөө үгий нь сонсож бсан мөртлөө зарим зүйлий нь мэдээгүй л байжээ

    ReplyDelete