Jun 2, 2014

Мэдээ унших эрүүл мэндэд хортой


Харин “Гэрэг”-ийг унших нь танд чухал хэрэгтэй. Яагаад гэж үү? 

            Долоо хоногт би хоёр хэвлэл авахаар ажлын үүдэн дэх сонины мухлагийг заавал зорьдог. Нэг нь сэтгүүл, нөгөө нь сонин. Нэг нь зузаан, нөгөө нь нимгэн. Нимгэн нь “Open door”. Ховор ярилцлага, баримт тайлбар нь бэлхнээ нийтлэлүүд байдаг учраас сонгодог. Арай зузаан нь “Үндэстний Тойм”. Зөвхөн нэг авторынх нь нийтлэлийг унших гэж авдаг. Миний сайтаас уншсан, сониноос гарчигласан мэдээний үнэн учир, цаад голчийг нарийн  шинжлэн гаргасан байдгаас тэр. Энэ хоёрын алинд нь ч жир мэдээ байдаггүй. Бичвэр бүр нь баримт, тайлбартай, үйл явдлын голч дүгнэлттэй. Товчхондоо миний хэзээ ч сайтаас олж уншдаггүй бүхэн байдаг болж таарна.
Мөн нэг хэвлэл гарахыг тэсэн ядан хүлээдэг. Эрхлэн гаргаж буй сэтгүүл, энд таны гарт байгаа “Гэрэг”-ээ мэрэн, имрэн уншдаг. Эхний шалтгаан нь, зэргэцэн суудаг ажлын хамтрагчийн маань фэйсбүүк хуудастаа бичсэнчлэн “Ажил руугаа яарч ирдэг, гэр рүүгээ яарч очдог хүнийг жаргалтай хүн гэдэг дээ. “Гэрэг”-ийг унш, энэ аз жаргалтай хүмүүсийн гараас гарсан бүтээл”. Удаах нь Монголын хэвлэлийн тогтсон жаягаас гажих гэж хичээж, илүүц нуршаангүй, чинээнд нь тултал шахаж базсан ус багатай голч нийтлэл, үйл явдлыг харсан өнгөц дүрслэл бус, тунгаан шинжилсэн дүгнэлтийг голлож, бас шинэ сэдэв, бичлэгийн шинэ хэв маягийн туршсан бичвэрүүд байдагт нь тэр. Магадгүй та сэтгүүлийн хуудаснаас дээрх сүржин тайлбартай яв цав дүйсэн бичвэр уншаагүй ч байж мэднэ. Харин түүнд хүрэх гэсэн тэмүүлэл, зүтгэлийг бол заавал харсан гэдэгт бат итгэлтэй байна.
Гэвч яах гэж, хэнд зориулж? Энэ хэцүү асуулт шүү. Монголд 240 орчим цаасан хэвлэл тогтмол гардаг нь хэтийдсэн их тоо мөн боловч чин үнэндээ эд хорин мянга хүрэхгүй уншигчийг хэмлэн аж төрдөг. Ерөнхий эрхлэгчтэйгээ хамт жил гаруйн өмнөөс сэтгүүлээ гаргахаар төлөвлөж, ярилцах бүрт унших хүн бий юү, ер нь хэдэн хүн хэвлэл захиалдаг юм бол гэсэн асуултын хариу хамгийн их ээрч байсныг санаж байна. Удаан хайсны эцэст дээр дурдсан тоог, хорин мянга гэх өчүүхэн бага тоог олж билээ. Дээрх 240-өөс ядаж нэгд нь энэ тоо ногдож байвал өөр хэрэг. Төсөөлөл, мөрөөдөл бодит байдалтай гэнэт тулахаар үйрч унах тохиол бишгүй, бас даанч тоогүй шүү, тийм ээ! Интернэт гэх гайхал түргэн түгэж, дээрээс нь фэйсбүүк, твиттер тэргүүтэй нийгмийн сүлжээний цахим хуудсууд өрсөлдөөнд хүч түрч хэвлэл мэдээллийн зах зээлд шуурга тарьж, үр дүнд нь цаасан хэвлэлүүд үүдээ барихад ойрхон ирсэн тухай хаа сайгүй бичсэнийг та олж уншсан нь лав. Гэвч ийм мэдээ гарсаар байтал бид яагаад сэтгүүлээ хэвлэсээр байгаа вэ?
Интернэтийн орчинд хүн жилд дунджаар 120 мянган мэдээ уншдаг гэнэ ээ. Би тэгсэн байх, та ч бас тийм ээ? Гэвч та өнгөрсөн жил уншсан өдий тооны мэдээнийхээ хэдийг санаж байна вэ? Миний хувьд лав бараг арын дөрвөн тэгийг нь хасах хэрэг гарах байх шүү. Мэдээ эрүүл мэндэд хортой гэсэн нь энэ. Чихэр идэх биед муу шиг, мэдээ унших тархинд муу гэж “Guardian дээр бичсэнийг саяхан уншсан. Мэдээнд дүгнэлт, үйл явдлын урьдач дэвсгэр, удаах үр дүнгийн талаар эргэцүүлэл барагтай байдаггүй учраас хэдий нэг ч худал мэдээлэлгүй байлаа ч уншигчийг өнгөц дүгнэлт хийж, туйлшрахад хүргэнэ. Дээр нь түмэн янзын мэдээн дундаас өөрт хэрэгтэйг олоход амаргүй. Уншаад л байна, уншаад л байна, эцэсгүй. Эцэсгүй учраас таны сонирхлыг татах авч, эргээд ой тоонд буухад амаргүй. Хамгийн чухал мэдээ ч түмний нэг болно гэсэн үг. Мэдээ яг л компьютерийн вирус шиг. Тунгаан бодох завдал өгөхгүй шууд л хариу үйлдэл шаарддаг. Тэр нь эсэргүүцэл, үзэн ядалт үүсгэхэд нөлөөлнө. Өдөрт төчнөөн удаа сэтгэцийн хариу үйлдлүүд үзүүлэх нь эргээд нервт нөлөөлдөг байна. Явсаар мэдээллийн урсгал дунд хүний унших дадал аажмаар сулардаг бөгөөд, хэвлэлийн бүтэн нийтлэл, бүрэн ном унших чадвар мөхдөг гэнэ. Мэдээ бичих пирамид гэж бий. Лийд буюу эхлэл хэсэгт бүхий л шинэ мэдээллээ базаж гаргасан байх ёстой гэдэг. Энэ зүйтэй, гэвч энэ явцад нэг нууц хор нуугдаж байдаг. Зөвхөн хэрэгтэйг түүн унших! Мэдээ уншсаар дассан уншигчид ном, нийтлэл байлаа ч автоматаар алгасдаг зуршилтай болдог байна. Үүгээр бас зогсохгүй ээ. Мэдээ унших нь бүтээлч чанарыг үгүй хийдэг. Хүмүүс бүх зүйлийн тухай мэдээлэлтэй хэрнээ юуны ч тухай бүрэн мэдлэгтэй биш. Хариулт нь энгийн бөгөөд амархан байгаа биз.
Мэдээнд талбай өгдөггүй “Үндэстний тойм”, “Open door”-ыг унших гэж долоо хоног бүр сонины мухлагийг заавал зорьдог шалтгаан маань энэ. Бас цаасан хэвлэл мөхөж байгаа гэсэн МЭДЭЭ-нд итгэлгүй, хүмүүст үйл явдлын голчийг харсан тойм хэрэгтэй гэсэн НИЙТЛЭЛ-д итгэн “Гэрэг” сэтгүүлийг гаргаж, 11 дэх дугаараа өмнө тань барьж, цаашид ч учирсаар байх болно гэж бат итгэсний цаад учир ч ийм юм.  

1 comment:

  1. Сайн сайханд зорьсон зам хамгийн бартаатай боловч хамгийн сайн зам гэдэг. Бүтээж байгаа бүхэнд нь амжилт хүсье. Харамсалтай нь энэ сэтгүүлийн ганц ч болтугай дугаарыг имэрч амжаагүй явна. Монголд очмогцоо хамгийн түрүүнд шүүрэн авах сэтгүүлүүдийн нэг байх нь дамчиггүй.

    Дээр сийрүүлсэн мэдээний тухайд бол хэр тааруу нэг нийтлэл дуусгах гэж сууснаас хэрэгтэй 5 мэдээ уншихыг чухалчлах үе байсан. Гэвч одоо цагт хэрэгтэй ганц мэдээ олох гэсээр байтал бараг бүтэн ном дуусгах хэмжээний цаг алдах болж.. Тархи угаалт дээр нэмээд мэргэжлийн ур чадвар дулимаг сэтгүүлчийн шар мэдээнд бид хэт их даруулж байгаа юм шиг санагдах болсон.

    ReplyDelete