Jan 23, 2011

Нүцгэн


Далайн түвшнээс дээш 115 метрийн өндөрт Швейцарын Алетсчийн мөсөн гол дээр зогсоо нүв нүцгэн “нөхдүүд”-ийг хараад таньд ямар мэдрэмж төрж байгааг таах гээд үзэх үү. Ммм..., НҮЦГЭН гэдэг үг нэлээдгүй хүнийг ичээдэг гэдгийг мэднэ л дээ. Хачин, “солиотой”, нууц гэдэг ямар нэг сэжмээр холбоотой(Библид бас нэг хачин, эвгүйгээр тодорхойлсон байсан).
“Санаа”
Нүцгэн хүний зураг харж “таашаал” авдаг нөхдүүдийг “гаж донтон” гэсэн бүлэгт хамруулан ойлгодог хүмүүсийн нэг та мөн бол үнэнээ хэлье, би ч бас “тийм”. Гэхдээ яаран дүнгэлт хийхээс тань өмнө бас нэг үнэнээ өчье, энэ бүхэн Спенсер Туникийн санаа л даа. Дээрх “эвгүй нөхдүүд” бол хүн танаас болж байгаль сүйрч байна шүү гэдгийг дохиолж буй түүний “санаа”-нууд. Дулаарлын эсрэг гэрэл зургийн кампанит ажил эхлүүлснийх нь нэг хэсэг болох энэ бүтээл “хүн гуай та байгаль дээр нүцгэн ирсэн шиг ээ нүцгэн л буцах болно шүү” гэдгийг сануулах зорилготой. Зөвхөн энэ мессежийг таньд өгөх гэж сүүлийн 150 жилийн дотор урсгалынхаа 2/3-ыг алдсан Алетсчийн туниа муутай мөсөн голын хүйтэн цасан дээр 600 хүн зогсож байгаа нь энэ. Гэвч үүгээр зогссонгүй. Францын Бургундийн усан үзмийн талбайд ахиад л 713 этгээд нүцгэлэв. Учир нь дэлхийн дулаарал Францын дарсны үйлдвэрлэлд аюул учруулж байна. Саяхан бас бүсэлхийнээс доош хэсгээ бус нүүрээ навчаар халхалсан 3000 гаруй “Адам”, “Ева” Сурвейн ойд зогсож байсан. Амстердамд 2000, Барселонад 7000, Каракасын Саймон Боливарт 1557, Веннийн Ернст Хаппел цэнгэлдэхэд 2008 хүн... Өнгөрсөн гуравдугаар сард алдарт Сиднейн дуурийн театрийн өмнө Лэди Гага тэргүүтэй 5200 хүн сайн дураараа “санаа” болж зогссон (мөн л нүцгэн). Нүцгэн биенд дуртай Спенсер Туник гэгч нөхөр...
1988 онд Эмерсоны коллежийг урлаг судлалын баклавр зэрэгтэйгээр төгсөөд ажлын талбар дээр гарахдаа тэр ямар ажил хийж, юугаараа зоос олох тухай бодохын оронд нүцгэн зураг дарахыг л мөрөөддөг байж. Ганц, нэгийн зэргээр ч тогтохгүй, ертөнцийн бүх хүнийг нүцгэлчихмээр адын хүсэл л оргилох (өөрийнх нь хэлснээр) болсон нь тэр аж. Гэхдээ бидний бодож байгаа шиг гаж дон хэлбэрээр бус, дөнгөж төгссөн оюутан гэхэд түүний бодол дэндүү философилог байж. Анх 1994 онд АНУ-ын хил дээр асар зоригтой 57 нүцгэлэгчийн зураг авсан нь Америкийн “дэлхийн дээр зөвхөн бид” гэх үзлийг эсэргүүцсэн агуулгатай байв. Мэдээж, өөдөөс нь чулуу шидэхэд инээгээд зогсдог хэн байх вэ. Эхэндээ түүнийг ёстой л гаж донтон гэх нүдээр бүгд харцгааж. Гэвч юм үзэж нүд тайлсан Дублин, Буфалло, Монтреал, Сантиаго, Венн, Мехикод байдал тийм ч муу байсангүй. Илт дэмжихгүй юм аа гэхэд энэ чинь юу вэ гэж анхаарал хандуулах болов. 1997 онд Лайметонд цугласан нүсэр бүрэлдэхүүн, зураг авалт, уран бүтээл ёстой бут авсаан. Энэ чинь одоо хэн бэ?
XX зууны сүүлчээс гуч гаруй жилийн өмнө Нью-Йоркийн Миддлетаунд манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчдын нэг Спенсер Туникийн нялх дүр мэндэлжээ. Яг л өөрийнх нь уран бүтээлийн санаа шигээр нүв нүцгэн шүү (Нээрээ хүн бүр нүцгэн мэндэлдэг билүү). Өсвөр насандаа Лондон руу нүүж, Дульвичид суурьших зуураа Аллейнд анхан шатны боловсрол эзэмшсэн. Удалгүй бидний хэдийнэ мэдэх болсон сургуулийг төгсөж, хэдийн танил болсон замналаа эхлүүлсэн.
Урлаг цуглуулагч
Түүний өмнө нүцгэлэхээр Мехикогийн Заколад 18000 “санаа” цугласан нь Туникийн тогтоосон дээд амжилт байв. Нүцгэлэх юу нь сайхан байдаг юм бол??? (Яагаад ч юм Кристина Агилерагийн “Beautiful” дуу санаанд орж байх чинь)
“Хүн яг л эхээс төрснөөрөө амь, амьсгал, судсаар нь гүйх цусыг юу ч халхлаагүйгээр урлаг бүтээх нь хамгаас гайхалтай... Урлаг хаа ч тааралдаж болно, амьдралын нэг хоромыг хэрхэн өнгөрүүлж байгаа нь ч өөрөө урлаг мөн. Тиймээс л би урлаг цуглуулж яваа юм...” гэж нэг удаа хэлсэн байна билээ. “Би зураг авахуулагч хүнээс урлаг авч, хариуд нь урлаг өгдөг” ... “Юу гээч Туник, би өөрийгөө ямар олон хог новшийн дор хөглөрүүлж орхисноо нүцгэн байхдаа л мэдэрлээ” гэж хэн нэгэн түүнд хэлж л дээ. Үнэний ортой байгаа биз. Түүний тооцоогоор хагас сая гаруй хүн Спенсерийн өмнө “хог новшноосоо салжээ”.
“Чингис хаанаас их нүцгэн хүн харсан гэж үү”
“The White hot” сэтгүүлийн редактор Жое Хеапс Нелсон, Спенсер Туниктай 2009 оны гуравдугаар сарын өглөө 19-ны өглөө “Челсиа” рестораны даруухан ширээнээ ийн хүүрнэжээ.
-Спенсер, чамайг дэлхийн хамгийн олон нүцгэн хүн харсан хүн гэж нэрлэж болох уу?
-Чингис хаанаас их гэж үү?
-Та олон хүний нүцгэн биеийг амьдад нь харсан гэдгээрээ түүнээс өөр л дөө.
-Би маш олон нүцгэн бие харсан, бараг хагас сая дөхөх байх шүү. Гэхдээ XX зуунаас хойш л доо. (инээв)
-Би таныг анх Нью-Йоркийн гудамжинд 20 нүцгэн хүний зураг авч байхад харж байсан санагдана. Тэр үед та одоогийнх шигээ нэрд гараагүй байсан л даа. Гэхдээ санаанаас минь одоо ч гардаггүй нь галт тэрэгний буудлын сигналаас зүүгдсэн бүсгүйн зураг...
-Тийм ээ, тэгэхэд би энэ ажлаа дөнгөж эхэлж байсан. Энэ яг зөв газар гээд XIV гудамжны энэ газрыг сонгочихоод өглөө бүр нар мандахаас, шингэх хүртэл нь өнцөгөө олох гэж хичээж билээ. Нью-Йоркийн нэг азтай өглөө л би зөв цагтаа, зөв зургаа авсан гэж боддог шүү.
-Би энэ газрыг мэдэх юм байна. Нью-Йоркийнхон их уйдамтгай улс. Та нэг л сэдвээр дагнадаг хэрнээ яаж өөрийгөө ч тэр, бусдыг ч тэр уйдаахгүй байж чаддаг юм бэ?
-Эллсуорт Келли, Нанси Рубинс, Барнет Ньюмэн, Ротко.
-Ингээд л болоо юу.
-Тийм ээ.
-Анхны зургийн аппаратаа одоо санадаг уу?
-Техникийн хөгжил биднийг салгасан ч гэлээ би хамгийн анхны “Пентакс 7’6”-гаа одоо ч санадаг. Тэр үед “Катскилл Маунтайн” зочид буудалд зураг авдаг байснаа яагаад ч юм уйтгартай санагдаж эхлэхээр нь аппаратаа үүрээд зүгээр гадуур л явж эхэлсэн.
-Хэзээ бид танаас хувцастай хүмүүсийн зураг хүлээж болох бол?
-Ммм, сонин асуулт байна. Яагаад гэвэл хариултыг нь би өөрөө ч мэдэхгүй. Одоогоор би эхнэртэйгээ хамт нэг ном гаргахаар ажиллаж байгаа. Сүүлийн 10 жилд нэг ч ном гаргаагүй учраас илүү хариуцлагатай хандаж байгаа л даа. Мэдээж, энэ номонд нэг ч бие халхлах зүйлс байхгүй. (инээв)

ГАДИЛТАЙ ИРСЭН “ГАБИТО”

Мексикийн Калле Фюгогийн шатаам халуун нарнаас халхалсан зуны байшингийн цонхоор тамхины утаа баагихад уран зохиолд “донтогчид”, яг л хар тамхичин шиг хорхой нь хөдөлдөг. Тэвчээргүй нэг нь модон байшингийн хаалгыг тогших аваас Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг ца гаан даавуу хөлөглөн тэнгэрт аваач сан, тоорын модны дор суугаа 100 жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилж орхисон буржгар саарал үстэй, тамхичин өвгөний дүрийг харна. “Шидэт реализм”-ын эцэг болсон, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес гэдэг чинь энэ шүү дээ. Түүнийг мэндэлсэн жил буюу 1928 онд урьд хожид байгаагүй гадилын их ургац Аракатакагийнхан хураасан гэнэ билээ. Удаах жил нь гадилын компанийн ажилчдын бослогыг 3000 хүний цусаар дарахад Габито (Г.Г.Маркесийн хоч бөгөөд Бага Габриэль гэх утгатай) нэг нас хүрч байв. Учир ойлгох насандаа буурлуудаас дээрх түүхийг сонссон нь Бага Хосе Аркадио хүүр ачсан вагонд сэрээд, гэртээ мөлхөж харихад огт тийм зүйл болоогүйг Урсула хүртэл батласан учир битүүлэг үйл явдалд нь туссан байдгийг эрхэм уншигч та санаж байгаа нь лавтай.
ЦЭНХЭР МУУР ЮУ ЗӨГНӨВ
Миний л мэдэх дэлхийн хамгийн хачин суу ринд биднийг аваачиж, таны эчнээ мэдсэн тэр битүүлэг хүмүүстэй уулзуулж, үлгэр домгийн, гэхдээ бодит ертөнцтэй танилцуулсан Габриэль Гарсиа Маркест Макондо суурингийнхны сонирхолтой амьдрал 1982 онд Нобелийн шагнал бэлэглэсэн юм. Маркес энэ зохиолоо бичихийн тулд өдрийн зургаан хайрцаг тамхины нормтойгоор 20 хаврыг үдсэн гэнэ билээ. “Тэр нэг орой романаа дуусгаад сандлаасаа босон хаалгаа нээтэл өрөөнд цэнхэр муур орж ирлээ. "Энэ ном маань нэлээд хэдэн удаа хэвлэгдэх нь дээ гэж тэгэхэд бодогдсон юм” гэж хэлснийг нь Го.Аким гуайн орчуулсан “Зуун жилийн ганцаардал” номын хуудаснаас Мексикийн Калле Фюгогийн шатаам халуун нарнаас халхалсан зуны байшингийн цонхоор тамхины утаа баагихад уран зохиолд “донтогчид”, яг л хар тамхичин шиг хорхой нь хөдөлдөг. Тэвчээргүй нэг нь модон байшингийн хаалгыг тогших аваас Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг ца гаан даавуу хөлөглөн тэнгэрт аваач сан, тоорын модны дор суугаа 100 жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилж орхисон буржгар саарал үстэй, тамхичин өвгөний дүрийг харна.
“Шидэт реализм”-ын эцэг болсон, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес гэдэг чинь энэ шүү дээ. уншиж байсан санагдана. Хэдийгээр тэр цэнхэр муурны араас гараа нэл цэнхэр будаг болгочихсон хүүхдүүд орж ирсэн боловч зохиогчийн бэлгэшээн бодсон нь талаар болоогүйгээр үл барам дэлхийн 60 гаруй улсад орчуулагдан гарч, олон сая хувь хэвлэгдсэн билээ.
“НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ”
Бөөн гадилтай цуг дэлхийд ирсэн өдрөөс хойш Габито өдгөө 83 намрыг үджээ. 1952 онд бичсэн “Навчны шуурга” анхны романаасаа хойш “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч бичихгүй” (“Мартагдсан хурандаа” гэж орчуулсан нь бий), “Тахлын үеийн дурлал” тэргүүтэй олон тууж, роман туурвисан түүний 2004 онд “La Vanguardia” сэтгүүлийнхэнд задалсан нууц нь тухайн үедээ дэлхийн бүх хүнийг уран зохиолын номоос салгахын дайтай хүчтэй байв.
“Миний уйтгарт янхны дуртгал” (Memories of My Melancholy whores) номоо бичээд удаагүй байхдаа тэр “Би бичихээ зогсоохоор шийдлээ. Өнгөрсөн жил (2003) бол миний зохиол бичих гэж сэтгэлээ уудалсан сүүлийн жил байлаа” гэсэн юм. Тэр үүнээс хойш богино өгүүллэг ч бичиж байна гэж дуулдалгүй нам жим байсан. Харин өнөөдөр би түүний шинэхэн номын хавтсыг хараад сууж байх азтайдаа баярлаж байна.
Чухамхүү юу түүнийг уран зохиолтой дахин сүлбэлдэх шалтгаан болсон бэ гэсэн асуултын тэмдгийг дагуулсаар “Наймдугаар сард уулзъя” шинэхэн роман хэвлэгдэн гарчээ. Өнгөрөгч баасан гаригт Испани, Мексикт нээлтээ хийсэн энэхүү номыг бичихэд зохиолч зургаан жил зарцуулсан аж.
Г.Г.МАРКЕС:
РОМАН ТУУРВИХ ГЭДЭГ ТАВИЛГА БАЙРЛУУЛАХААС ТЭС ӨӨР
Габриэль Гарсиа Маркесийн “La Vanguardia” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь товчлон хүргэе.
-Зуун жилийн ганцаардал. Үлгэр домгийн юм шиг хэрнээ үнэн түүхийг бичихдээ та юу гэж бодож байв? -Зохиолыг хааш нь ч эргүүлж болох галын шугаман дээр би цор ганцаараа зогсож байсан. Тэр үед социологич Аустин, Техас нар надтай уулзахдаа “Чи өөрийн гэсэн арга барилтай юу” гэж асууж байсан. Би тэдэнд “Надад ямар ч арга барил байхгүй. Харин би уншиж, судлахад бүхий л цагаа зарцуулсан” гэж хэлсэн. Үр дүн нь “Зуун жилийн ганцаардал”.
-Зохиолын баатрууд, тэдгээрт тохиолдож буй үйл явдлууд таны амьдралтай холбоотой гэж дуулсан юм байна?
-“Юнайтед фруйт” гадилын компанийн шаардлагаар цэргүүд төмөр замын өртөөн дээр цугласан ажил хаягчдыг бүсэлж байгаад пулемётоор шүршсэн тэр жил би мэндэлсэн. Энэ талаар хожим манай нутгаар үнэн, худал нь үл мэдэгдэх олон яриа байдгийг би зохиолдоо зориуд оруулсан. Миний намтрыг эчнээ мэдэх уншигчид Урсула, Аурелино Буэнда нарын эх дүр хэн байсныг мэдэх биз.
-Зарим шүүмжлэгчид таны зохиолыг ердөө л Латин Америк “домгийн цуглуулга” гэж нэрлэсэн байсан. Тэдэнд хариу барьж, юу хэлэх вэ?
-Кубад таарсан хэсэг шүүмжлэгч “Зуун жилийн ганцаардал” дэлхийн хэмжээний сод туурвил мөн хэдий ч олон домог хольж, шийдлийг нь ядмагхан гаргасан гэцгээж байлаа. Би тэдэнд юу гэж хэлсэн бэ гэвэл “Роман бол тавилга байрлуулахаас тэс өөр зүйл”.
-Таны зохиолуудаас ганцаард лын ул мөр нэвт үнэртэхээс гадна эгэл борчуудын амьдралын дүр зураг тод харагддаг.
-(Хэсэг дуугүй сууж бодолхийлэв). Энэ бол миний мэдэх орчин. Жинхэнэ амьдралын мөн чанар энд л байдаг юм.
-Олон хүн алдартнуудын амьдрал там байдаг гэж итгэдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Чи буруу бодож байна. Кофе авахаар дэлгүүр орохдоо би уншигчидтайгаа бишгүй л таардаг. Тэд яагаад гэж ирээд л зохиолын өрнөл, хайртай баатрынхаа үхлийн учрыг надаас асуудаг. Тэдэнд асуух зориг байна гэдэг нь нэгийг хэлэх байлгүй. Маркес өвгөн байгаагаараа л байна.
-Та өөрийн зохиолуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?
-Хамгийн сүүлчийн зохиол л хамгийн шилдэг нь юм шиг санагддаг. Зохиолч өөрөө ч тэр, уншигч ч тэр ийм бодолтой байдаг. Харин миний хувьд “Зуун жилийн ганцаардал”-ын үндсийг тавьсан “Хурандаад хэн ч бичихгүй” зохиолдоо илүү хайртай. Бас намайг мартагдахаас аварч мэдэх “Дарангуйлагчийн намар”-аа овоо юм болсон гэж боддог шүү
ЯГ Л АУРЕЛИАНО ШИГ
Өвөө, эмээ хоёрынхоо гар дээр өссөн Габито алдаршихаасаа өмнө сонинд өгүүлэл бичиж, улс төрийн хэрэгт оролцох зэргээр эхнэр Мерседес болон Родриго, Ганзоло нарыгаа тэжээдэг байж. Өөрийнх нь хэлснээр найман настайдаа өвөөтэйгээ салах ёс хийснээс хойш түүний амьдралд онцын жигтэй үйл явдал тохиолдоогүй гэдэг. Гагцхүү эмээгээрээ элдвийн домог яриулж, хурандаа Аурелино Буэндиа багадаа мөсний хэлтэрхий үзэхээр аавтайгаа явж байх үед төрдөг тийм сэтгэгдэл шиг сайхан үе түүний амьдралын найман жилд тохиосон аж. Гэхдээ??? гээд өөр шиг нь гурван асуултын тэмдэг тавьчихъя.
19 нас хүрсэн эр өөрөөсөө зургаа дүү охиныг эхнэрээ болгохоор зориглосныг хожим сонссон хэн ч түүнийг хурандаа Аурелианотой зүйрлэх нь лав. Гэвч хурандаагаас өөр нь Маркес Мерседестэйгээ гэрлэж, хоёр сайхан хүүхдийн аав болж, одоо хэр нь Мексикийн тосгонд нам гүм амьдарч байна. 1958 онд Мерседестэйгээ гэрлэж, хоёр сайхан хүү төрүүлсэн нь телевизийн найруулагч Родриго Гарсиа, график дизайнер Ганзоло Гарсиа нар юм.
“Зуун жилийн ганцаардал”-аа бичиж дуусгаад гэр бүлийн хамт Испанийн Барселона хотод долоон жил амьдарсан. Тэр үедээ Кубын Ерөнхийлөгч Фидель Кастротой танилцаж, үй зайгүй найзууд болжээ. “Бидний нөхөрлөл бол оюунлиг. Тиймдээ ч бид улс төр рүү огт хазайхгүйгээр уран зохиолын тухай халуухан маргаан өрнүүлж чаддаг” хэмээн найзынхаа тухай ярьсан байдаг. Тэдний нөхөрлөлийн тухай хөрөг ном ч хэвлэгдсэн нь бий.
ТӨГСГӨЛД НЬ
Маркесийн шидэт реализмтай дэлхийн хүн төрөлхтөн шинээр учрах уу гэсэн асуултын тэмдэг шинэхэн номтой нь цуг тавигдаж байна. Гэхдээ яах юм бэ, бидний өмнөөс зуун жил ганцаардсан энэ эрхэм тааваараа амьдраг л дээ гэж өмөөрөхийн сацуу шунал гэгч зүйл хүн анх үүсэхэд л байсан гэдгийг мартаж боломгүй.
Магадгүй тэр Мелькиадес өвгөн шиг… “Миний романыг уншаад өөрийнхөөрөө ойлгож, баатруудыг нь өөрийнхөөрөө төсөөлж байгаасай.
Энэ бол зохиолч уншигчдын дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг” гэж тэр хэлж байсан. Жинхэнэ уран зохиолд намайг оруулж, олон шөнө нойргүй хонуулахын тулд зуун жилийн ганцаардлыг туулсан Габриэл Гарсиа Маркес танд баярлалаа.

Эмч жараахайтай, эх дагинын нэртэй хотын хөдөө


Би хотын хүүхэд. Дуу, шүлгэнд гардаг хөдөөгийн үзэсгэлэнт байгалиас тэс өөр орчинд өссөн болоод ч тэр үү тариа халиурах, бугын урамдах, зэрэглээ жирвэлзэхийг хараад малчин хүний мэдэрдэг мэдрэмжийг үнэндээ ойлгодоггүй. Гэхдээ голын усанд сэлсний дараа засмал зам дээр хэвтэх таашаалын тухай хэний ч нүдэнд харагдтал дүрсэлж чадна.
Гэрэл залгасан шонгийн модод нар жаргах үеэр хэрхэн “Волтрон” шиг болж хүүхэд айлгадаг, нүүрсний утаа, автобусны яндангийн үнэр ямар мэдрэмж төрүүлдгийг адуу манаж суугаа эрээс илүү мэднэ. Унасан газар минь Улаанбаатар, угаасан ус минь Сэлбийн гол (үнэндээ Төрөхийн ор миний анхны унасан газар, тэндхийн крантны усаар намайг угаасан гэнэ лээ).
Энэ бүгдийг тоочихын учир уншигч авхай таныг би хүй цөглөсөн нутаг тийшээ хөтлөхөөр зориглолоо. Сүхийн талбайгаас зүүн тийш явсаар, чанх хойш эргэхэд XI хорооллын өндөр байрнууд байдаг даа. Тэр биш. Үүнээс яг чанх хойш, таксигаар явбал 5000 төгрөг гарах гэр хорооллын дунд миний хүүхэд нас өнгөрсөн. Хотын бид уул, усны нэр тогтоохдоо маруухан болохоор тэр уулын бэлд гэж онож хэлэхэд бэрх байгааг минь ойлгоно гэж найдъя. Өвлийн эхэн сарын тэсгим хүйтэнд, нагац ах минь 10-ын бидон дүүрэн тос даа сан шөл хийж, ээжийг минь эргэсэн тэр өдөр би мэндэлж, Дарь-Эхийн оршин суугчдын тоог нэгээр нэмсэн гэдэг.
Тэр үед Дарь-Эх гэх энэ буйдхан газар хотын нэг хэсэг гэхэд хэцүү, Сэлбийн хөвөөнд уулын нөмөр бараадсан хоёр хашаанаас өөр эзэнгүй байж. Зоосон газартаа 20 жил гозойсон бор банзнууд минь үүнийг гэрчилнэ. Тоглох найзгүй ганцаараа ярьж, ахдаа үүдэн шүдээ цохиулаад өөхөнд боож нохойд хаяж өгч байсан, нууцаар хашаа давж, найзуудтайгаа уулын бэлд “барьсан” байшиндаа очихоор оргож байсан түүхийг энэ хэдэн банз хэлтэйсэн бол хүүрнэх байсан биз.
Дарь-Эхийнхний дэд бүтцэд анхаарч зур гаан настайд минь худаг барихаас өмнө би Дондогдуламын рашаанаас ус зөөдөг байв. Зуны шатам халуунд ч чөмөг царцаам хүйтэн, өвөл бол эргэн тойрон мөсөөр бүрхэгдэж, уур савссан хүйтэн тамын газар шиг л санагддагсан. Тавын бидонтой усаа татаж дийлэхгүй өвлийн хүйтэнд олон ч удаа рашааны усанд булхаж байсан даа.
Хүн үү, мөс үү, ер ялгагдахгүй жаал ахдаа шоолуулахгүй гэж гэрийнхээ гадаа хувцасныхаа мөсийг чулуугаар цохиод орно. Тэгсний хүчинд хоёр хоног халуурч хэв тэн, гэрийн ажлаас чөлөөлөгдөж байсан удаатай. Энэ рашааны жараахайг залгивал элэг, хо доод эмчилдэг гэх жорыг хэнээс ч юм бэ дуу лаад өглөө бүр аавдаа өгөх гэж ажилтай хүн шиг гэрээсээ гарах дэрчгэр шар бандийн дүр зургийг “жаазлан” үлдсэн банзан хашаанууд одоо блок болжээ. Их хотыг мөрөөдөн ирэх шинэ цагийн нүүдэлчдийн хөлд голын хайрга шиг мөлийсөн чулуунууд хундааманд цутгагдаж миний мэдэх ертөнцөөс хэлтэрхий ч алга шиг санагдана.
Өдөр бүр шахам болох шинэ хөршийн найрын боов, чихэр хороосоор нэг л мэдэхэд би рашааны жараахайнаас олон танилтай бол сон байж билээ. Эхлээд Юмжаа, дараа нь Отгоо, Мандах ирсэн. Хотын хүүхдүүдийн нийтлэг зангаар уул, усны нэр цээжлэхдээ муу, ёстой зоргоороо нэрлэдэг байж. Нэг л мэдэхэд хойморт дарайх сүрлэг уулсын дөрвөн оргил Энхмандах, Тэгшжаргал, Юмжирдулам, Отгонбат гэх нэртэй болчихсон юмдаг. Зөв цагт нь чигчий хуруугаа гозойлгосны хүчинд хамгийн өндөр хайрхан миний мэдлийнх болов. Оргил дээрээ хадаг, яндар болсон овоотой учраас нөгөө гурвынхаа дунд додигор байлаа, би. Дөрвөн оргилынхоо бэлд тус бүртээ чулуун “байшин” бариад нэгнийхээрээ зочилно.
Гэхдээ бас хоосонгүй. Уулын бэлийг улбар ягаан өнгөөр ярайтал нь будсан цэцгээр баглаа бэлдэж, гонзгой чулуун дарс тэвэрч, боловсон маягаар айл хэснэ. Аялан тоглолт дууссаны дараа бид уул өөд өгсөж, цэцгэн титэм сүлжиж суудагсан. Уулс нүдлүүлж, байгаль хайрлах ухаан заах өвөө, эмээгээсээ хол өссөн бидэнд цэцгийг үндсээр нь биш, угаар нь таслах сэтгэлийг хэн суулгасан юм бүү мэд.
Тэр сэтгэлийг зуурч хоцорсон 15 настай хатаасан цэцэг дэвтрийн минь завсар одоо ч бий. Хэзээ ч очсон эрээн цэцгээ дэвсэн эрхл үүлдэг уулсынхаа бэлд очлоо. Тэднийг харахад загнаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг үзэгдэнэ. Юмжаа, Отгоо, Мандахын уулсаар айл шавж, зочилж явсан тэдний минь “байшин” хундааманд цутгагджээ. Хадаг яндартай миний өндөр хайрхан л нулимс дуслуулан байх шиг үзэгдэнэ. Хүний мөс хайлах цагаар тэр ч бас эзлэгдэх биз. Уулын бэлийг эмжин урсах Сэлбийн голын наадхан талд буянтай хүний мэнгэ шиг бяцхан хар дусал байх нь Дондогдуламын рашаан. Зуны шатам халуунд ч толгой царцаам хүйтэн байдгийнх нь учрыг ойлгохгүй, “хөргөгчтэй ус” гэж шоолдог байж билээ, бид.
Хотоос нэлээд зай дуу байдаг болохоор бид өөрсдийгөө “Хотын хөдөөгийнхөн” гэж нэрлэдэг. Рашааны минь жараахайд л болж ирэх машинууд “хөдөөгийн” дөрвөн жаалд их л соньхон үзэгддэг байсныг тодхон санаж байна. Бидний хамгийн том нь болох Юмжааг сургуульд ордог жилээс хойш машин гээчийг залхталаа харж билээ. Хотын хүүхэд тэр бүр олдохгүй хүүхэд насыг Сэлбийн хөвөөнд би өнгөрүүлсэн.
“Нэг, хоёрын, гурав аа” гээд л эрэг дээрээс үсрэхэд чулуу нь тулдаггүй байсан гол мөч уртсах тусам дундрах шиг санагдана. Усан борооноор намагт хөндийг тэр чигт нь бүрхэж, догширдог Сэлбийн гол өдгөө шагай ч норгох туниагүй болсон байна лээ. Голын усанд өдөржин булхсаны дараа зас мал зам дээр тэрийж хэвтэхийн сайх ныг та мэдэх үү. Уншигч та биднийг амиа хорлогч гэж зэмлэх байх.
Таны зөв. Гэхдээ бидний багад айл амьтан ч ховор, зам ч биднээс өөр эзэнгүй байж. Наранд халсан засмал замаас үнэртэх тэр нэг сонин, өвөрмөц үнэрт би одоо ч дуртай. Хэрэв аз гийвэл бид дундаа нэг сироптой. “Эмч” жараахай багширсан Дондогдуламын рашааны ус, гүзээлзгэний сиропын гоё амтыг мэдрэхээсээ одоо ч өнгөрсөн биз дээ. Дунд ахын бөглөө сайн шүүрдгийн буянаар хуучин коньки нь миний өмч болсон тэр өдрөөс өвөл болохыг тэсгэлгүй хүлээдэг болж билээ.
Хажуу айлын хашааны банзны нэгээр дөрвөн найз тэшүүртээ тавцан суулгасныг тэднийхэн мэд сэн бол биднийг ёстой алах байсан даа. “Юмжаагийн” уулнаас конькигоор уралдаж буусан бид нэг зэрэг айлын хашаа мөргөж, хоёр нь хөлөө хугалснаас хойш өвлийг нэг их хүлээхээ больсон санагдана. Саяхан би “өөрийнхөө” уулан дээр гарлаа. Намар цаг болоод ч тэр үү, оргил өөд мацахад хийсгэчих шахам салхилна. Олон ч удаа эндээс бид өөрсдийнхөө нэрийг чангаар дуудан хашгирч, цамцаараа туг хийн дэрвүүлдэг байж билээ. Анх удаа уулын орой дээр ганцаараа гарлаа. Нэг л эвгүй байх чинь.
Жаалынх шиг хоолойн хашгирах чимээ чихэнд сонсогдох шиг болоход нутгийн уулс дууг минь хадгалж хоцорч дээ гэж бодогдож билээ. Дасал болсон жимээр би ганцаараа буусан. Ахдаа тунин гүйхэд минь хязгааргүй мэт санагддаг тэр хөндийд одоо өрсөн хасаа шиг шулуун гудам тахиралджээ. Хөдөө нутаг минь сайхан л гэж дуулдаг. Хөх уулсын минь бэлд мөчтэй болгон гардаггүй л гэж хөдөөгийнхөн ёсчирхдог.
Гэсэн атлаа найзын минь уулын оройг тэгшилж бууриа засаад, дурсамж бүхнийг шингээсэн чулуудыг минь булшилж орхисон тэднийг би ойлгодоггүй. Бидний хайрхан дээр баглаа болгох цэцэг ургахаа больсон байна лээ. Чулуун байшин өрж суусан найзууд минь ч алга. Тэгэхээр дурсамж байхг үй… Алдуурсан цаг хугацааны хэлтэрхий бүхэн нүүдэлчдийн хөлд дарагдчихаж.
“Хөдөөгийн” дөрвөн жаалын тэрийж хэвтсэн засмал, хөх ягаан цэцгэндээ бялхан суудаг миний хайрхан, “Волтрон” шиг шонгийн мод, биеийг минь хэмжин урсах Сэлбийн гол, эцгийн минь элгийг эдгээсэн эмч жараахайт рашаантай, эх дагинын нэртэй сайхан нутагт би өссөн. Ийм болчихно гэж харин зүүдлээ ч үгүй явж.

Амьтан тэжээхээ больё


Өвөөгийндөө өвөлжөөд, зун нь гэртээ ирсэн зургаан настай надад гэрийнхэн маань варений шилтэй найман загас бэлэглээд, удахгүй аквариум авч өгөх тухай амлахад ямар сэтгэл хөдлөл үзүүлэхээ би мэдээгүй. Үзүүллээ гэхэд яав ч олигтой нүүрний хувирал гаргахгүй байснаа л тодорхой санадаг юм. Тэр өдөртөө, усанд явах зуураа би тэднийг Дондогдуламын рашаанд юүлж орхисон. Ээж минь намайг амьтан хайрлаж мэдэхгүй хэрцгий хүн гарах нь дээ гэсэн харцаар “шагнах” тэр үед рашааны хүйтэн усанд өнөөх загаснууд тэсэж үлдээ болов уу гэсэн бодол зурсхийж байсан. Амьтан хайрлах хайр хамгийн хүчтэй илэрсэн үе минь тэр байж дээ гэж одоо ч бодогддог.
Удалгүй “Баавгай” нас барсны дараа манайх нохой тэжээх оролдлого дахиж хийгээгүй. Тэр цагаас л хойш би хүнээс бусад амьтантай төдийлэн ойртож, дотносоогүй юмдаг. Гэхдээ үүрнийх нь гадаа элсэн чихэр асгахад идэхээс урьтан үүр рүүгээ зөөх шоргоолж, зөвхөн зурагтаар л “уулзсан”, чулуунд дурлагч оцон шувууг харахад төрдөг гайхалтай мэдрэмж арилчихаагүй гэж найддаг. 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүсэж, анхны амьд биет бүрэлдсэн гэдэг эрдэмтдийн тооцоо үнэн бол геологийн цагаар авч үзвэл хоног дуусахаас ганцхан хормын өмнө хүн ухамсартай болсон гэнэ лээ. Яг энэ хормоос л эхлэн хүчтэй нь хүчгүйгээ
гэх дээрэлхүү үзэл дээд цэгтээ хүрсэн болов уу гэж би таамагладаг. Үүнээс өмнө амьдрахын төлөө тэмцэл өрнөж, амьтад нэгнийгээ найз биш хоол гэсэн нүдээр харах явдал байгаагүй гэж гүжирдэхгүй л дээ. Гэхдээ чоно, баавгайн толгой яаж ч “эргэсэн”, туулай тэжээх тэнэг бодол орж ирэхгүй гэдэгт итгэдэг. Бодоод байх нь ээ, бидний амьтан хайрлах хайр нэг л өөр, гаж юм шиг. Логикийн хувьд ямар ч утга авцалдаагүй гэж нэрлэсэн ч зохих юм уу.
Нохойд хайртай хүн хэзээ ч хөөрхий гөлгийг эхийнх нь халуун өврөөс салгаж, хашаандаа гинжилж орхихгүй. Уяатай нохой өөрөө яаж ч тэмцээд хоол олж чадахаасаа өнгөрсөн тохиолдолд эзэндээ бялдуучилж, яс горьдон мурилзах “өрөвдөлтэй үзүүлбэр”-ийг харж таашаал авдаг этгээдүүд амьтанд хайртай гэж ярихаар яав ч үнэмшилгүй сонсогдоно. Өөрийгөө амьтанд хайртай гэж боддог танилынхаа гэрийн шилэн хоргон дахь загасыг харахаар өрөвдөх сэтгэлээс өөр хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Тэр хорго нь шоронгийн зэврүүн өрөө шиг санагдаж, доторх хоёр хенли нь цаазын ялаа хүлээж суугаа хоригдлоос ч өрөвдөлтэй харагддаг. Ингэж таашаал авдаг “маньяк”-уудыг би өөрсдийг нь загас болгоод хоргонд хорьж байгаагаар төсөөлөх “дуртай”. Хэрвээ бидний туулай, усан гахай, нохой, муур тэжээх нь амьтан хайрлах хайрын шинж тэмдэг мөн юм бол үнэхээр “эгдүү” нь хүрээд хүн хазаад авсан чоныг ч өөртэйгээ адилтган өршөөн соёрхох сэтгэлийг хүн төрөлхтнөөс нэхэх хэрэгтэй. Хүн чоно албал аз хийморийн бэлгэдэл болж, чоно хүн барих аваас жигшүүртэй үзэгдэлд тооцдог “эрэмдэг” маягийн хайр байж болох уу. Би, бас та амьтны ангиллын хамгийн дээр “Оюун ухаант хүн” гэх “шошго”-той залардаг.
Гэтэл “Нохой бол хүний сайн нөхөр, харин хүн нохойны сайн нөхөр мөн үү” гэх эргэлзээтэй асуулт бидний сүрхий нэр хүндийг ганхахад хүргэдэг юм. Гэхдээ буруу биш. Би л хувьдаа “Хүнийг таньснаас хойш амьтанд хайртай болов оо, би” гэж хэлж зүрхэлсэн Гётетой санал нэгддэг.
Төсөөлье л дөө. Баавгай маш сайхан сэтгэлтэй. Тэр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтанд жигтэйхэн хайртай учраас ойн гүн дэх үүрэндээ хамт амьдарч, хүнийг тэжээхээр шийдэж. Тэр хүнийг гинжилж, дөнгөлж чадахгүй ч хэтэрхий хайртайдаа үүрнээсээ оргуулахгүй байх арга сэднэ. “Гоё” сонсогдож байна уу. Та баавгайгаар хайрлуулах гээд оролдоод үзэж чадах уу.
Ямар ч тэнэг хүн байлаа, ийм сонголтонд тулбал, утсан чинээ амиа хоохойлон зугтаана. Үнэн ээ хэлье би ч тэдний нэг. Гэхдээ ийм “тэнэг” сонголтыг өөртөө тулгаж, ухаан бодлоо өмхийрүүлчихгүйн тулд амьтан хайрлах хайраа эргээд нэг ухаалгаар харъя гэж уриалах хүсэлтэй байна л даа.
Та бодоод үз дээ. Амьтан, хүн ялгаагүй хэчнээн сая, тэрбум жилийн өмнө уснаас гарч, дэлхийн агаарт зохицох чадварынхаа ачаар хөхтөн амьтны өвөг болсон тэр өчүүхэн эд эсийн л үргэлжлэл. Ялгаа нь бид хэлтэй, хэрэндээ таарсан оюун ухаантай.
Гэхдээ энийг би давуу тал болгон өргөж, амьтны амийг санаан зоргоор эд бад хийлгэн, “янаглан хорлох” үндэслэл болж чадахгүй гэдгийг хэнбугайн ч өмнө хэлж чадна. Жил бүр, зөвхөн шинжлэх ухааны туршилтад хамрагдсан 2.8 сая амьтны талаас илүү хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн аймшигт баримтыг олж үзээгүй, эс бөгөөс ойшоогоогүйдээ та одоо ч өөрийгөө өмөөрч суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ганцхан жилд 732 сая гэрийн тэжээмэл амьтан зохисгүй асаргааны улмаас үхэж, 10 тэрбум 280 сая амьтан зөвхөн америкчуудын хоолны ширээнд залардаг гэдэг аймшигт тоо баримтыг сонсоод хүн л юм бол та хирдхийнэ. Бодоод үз л дээ, ганцхан Америкт л ийм байгаа юм чинь дэлхий нийтээр тооцож үзвэл... ээ бүү үзэгд.
Би цагаан хоолтон биш л дээ. Хүй нэгдлээс хойш уламжилж ирсэн махчин араншингаа дийлж чадаагүйн харгайгаар хонь, үхрийн мах зулгаахгүй л бол хоёр ч хонож дийлэхгүй жирийн монгол хүний нэг. Гэхдээ “нэг амь нөгөө амиар хооллоно” гэх байгалийн хуулийг зөрчиж дийлэхгүйгээ мэддэг учраас өөрийгөө өмөөрч дөнгөдөг юм. Хүн анх ухамсартай болсон 150 мянган жилийн тэртээгээс хойш хэчнээн амьтан зооглосныг тооцоход бидний зохиосон ямар ч ухаалаг тоон систем хүрэлцэхгүй нь лавтай.
Хэрвээ энэ хязгааргүй тоон үзүүлэлт танд хангалттай санагдсан бол ядаж амьтан тэжээнэ энэ тэр гэж тэнэглэхээ больё, тэгэх үү. Дэлхий дээр амьд амьтан бий болсон цагаас хойш хүн, жоом хоёрын тоо толгой л зогсолтгүй өсөж байгаа гэсэн мэдээ бий.
Хүн амьдралынхаа турш 40 тонн махан хүнс хэрэглэдэг гээд бодохоор л дотор хачин болдог юм. Гэтэл эсрэгээрээ зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж сээр нуруутны багийн 20 хувь, далай тэнгисийн амьтны 50 хувь нь ор мөргүй устаж, араг яс нь л үлдсэн байх жишээтэй. Нэг бөхтэй тэмээ, хулсны баавгай, тахь... мөхлийн ирмэгт тулаад байгаа амьтны төрөл зүйлийн тоо ч дуусахгүй.
Гэтэл оюун ухаант хүн төрөлхтөн бид “2050 он гэхэд дэлхий дээрх амьтны төрөл зүйлийн 25 хувь нь устаж үгүй болох нь ээ” гэж тооцоолохоос өөрөөр гийж, гийгүүлсэн юм алга. Би амьтны хүрээлэн үзэх дургүй. Аз болж манайд тийм юм байхгүй нь над шиг “солиотнуудад” ашигтай.
Торонд байгаа матар, горилл, баавгай урьд насандаа ямар үйл хийснийхээ төлөөсөнд хү- ний өмнө амьдаараа хатах ял “эдэлж” суугааг харж баясах тэвчээр надад заяагаагүй. Харин хашаанд минь байдаг шоргоолжны амьдралд хэт их орооцолдохгүй, мөр мөрөөрөө эвтэй амьдрахыг би илүүд үздэг. Усны, эсвэл тэнгэрийн амьдрал надад зохихгүй гэдгийг мэдэх учраас газартаа, төрсөн гэртээ амьдрах шиг жаргал надад байхгүй.
Үүний адил загас усандаа, туулай бутандаа, тоть ширэнгэдээ л амьдрах нь тэдэнд заяасан эрх чөлөө, аз жаргал. Хэрвээ та туулайд үнэхээр хайртай л юм бол бутанд нь буцаагаад тавьчих.
Ийм зэргийн хайр танаас гарч чадахгүй бол та амьтан хайрлагч биш. Нохой гудамжинд даарч байснаас манай гэрт хоолтой ундтай, дулаан хэвтэрт байг л дээ гэж та бодож байна уу. Уул талаар гэр хийж амьдрах ёстой энэ амьтныг ер нь хэн суурин газарт авчирсан юм бэ?

Улаанбаатарыг юугаар нь дурсах вэ?


Дубайчууд 828 метрийн өндөр Бурж Халифа барилгыг барихын тулд 1.5 тэрбум долларын хөрөнгө хаяжээ. Яасан ч үрэлгэн улс вэ дээ, тийм ээ. Иргэдийнхээ тоонд хуваагаад л тараачих юмыг. Нью-Йоркийн “Эрх чөлөөний хөшөө”-г л үзчихвэл амьд явсны хэрэг бүтлээ... Парисын “Эйфелийн цамхаг” уу... Австралийн “Дуурийн театр”- ыг амьд яваа хүн бүр үзэх ёстой гэнэ... Москвагийн “Улаан талбай”-д очоод зургаа даруулчихвал ч. СанФранцискогийн “Golden Gate” гүүр, Токио ч бас ... Хаа нэгтээ дуулсан, чихэнд танил мөрүүд байгаа биз. Дэлхийн хотууд биднийг ингэж л “тамлаад” байгаа юм.
Заавал оч гэж хэн ч тулгаагүй хэрнээ нүдээр үзэж, биеэр мэдрэхг үй л бол сэтгэл амардаггүй, шунал хөдөлгөм адын хүслийг дээрх ам дамжсан үгс бүр ч хүчтэй өдөөхийг яана. Тэд өөрсөддөө элдэв янзын “урин тачаангуй” нэр өгч хүртэл үзнэ. Парис
бол “хайр дурлалын хот”, “Эрх чөлөөний хот Нью-Йорк”... өшөө юу ч билээ дээ. “I love NY” гэх лого өдгөө дэлхийн хүн бүрт хамаатай мэт ойлгогдох болсон. Хэрвээ танд дээрх шинж тэмдэг их, бага хэмжээгээр илэрдэг бол та хотын аялал жуулчлалын давалгаанд хэдийнэ өртчихөж.
Суурин хэмнэлд удаан дасаагүйдээ ч юм уу, аялал жуулчлал гэдэг үг бидэнд хөдөө хээр, ой мод, гол ус, байгаль гэх үгстэй заавал хавсарч ойлгогдоод байх нь бий. Гэтэл байгальгүй, гайхуулаад байхаар газар нутаггүй улсуудын сэдсэн хотын аялал жуулчлал гэх шинэ маршрутын нөлөөнд дэлхийн нийт жуулчдын 63 хувь нь автсан байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймдээ ч хотоо суртал члах энгийнээс бүр нарийн түвэгтэй хүртэлх бүхий л аргыг дэлхийн улсууд ашиглаж байна.
Ордосчууд хүртэл өөрсдийгөө “Үлэг гүрвэлийн өлгий”-д амьдардаг гэж итгүүлэх гэж ядаж байна. Нэрээ л нэлээдгүй сольсноос бус Улаанбаатар хот маань тэднээс дутаад байх юу байх вэ, нааш хүрээд ирэх үү, жуулчид аа... Гэж үзэхээр нэг асуудал гарч ирж байна.
Жуулчдыг бид юугаараа татах юм бэ? Зүв зүгээр дүмбийж суултай нь биш. Бас байгаа нь энэ гээд “утаа үнэрлэх үү?” гэж уриалах нь ч хаашаа юм. Өгүүллийн эхэнд дурдсан дубайчуудын тансаглал зүгээр ч нэг баярхах үзэгдэл биш гэдгийг та ойлгосон байх. Баялаг хэмжээтэй учраас хэзээ нэгэн цагт дуусна. Тэр цагт Дубайн иргэдийг “утаагүй үйлдвэрлэл” буюу аялал жуулчлалын салбар тэжээнэ.
Тун ч холын ухаан байгаа биз. Дэлхийн аялал жуулчлалын цэс гэгдэх “National Geographic” сэтгүүлээс нэрлэсэн 2011 оны хамгийн шилдэг 20 аяллын тоонд Улаанбаатар хот оржээ гэсэн мэдээг бид өмнө нь хүргэж байсан. Итали, Норвеги, Гректэй нэг эгнээнд нэрлэгдсэн гэхлээр үл тоож боломгүй үзүүлэлт шүү дээ. “National Geographic” энэ газрыг санал болгочихож, ямар хот байдаг юм бол?
www.google.com/ search/Ulaanbaatar... Юу гарч ирж халаах бол доо. Хэрвээ гаднын жуулчин Нийслэлийн аялал жуулчлалын газрын цахим хуудсаар зочил бол энэ хотод музей, буддын сүмээс өөр үзэх газар байхгүй нь гэж гонсойно. “National Geographic”-ийн бичсэнийг үзвэл нэг иймэрхүү тайлбар олж уншина. “Гурван сая орчим нүү- дэлчинтэй Монгол Улсын иргэдийн ихэнх нь Улаанбаатар хотдоо амьдардаг.
Туулын голын ойролцоогоос та хоёр бөхтэй тэмээ олж үзэх бөгөөд Буддын сүм, музей үзэх боломжтой. Үндэсний соёл ам ралтын хүрээлэн нь хаалттай байгаа учраас 2500 гаруй худалдаачинтай “Нарантуул” захаас та хямд үнээр олон зүйл худалдан авч чадна” гэх мэт. Бас болоогүй ээ, бага мөнгөөр сайн, муу олон зүйл үзэх боломжтой гэж тодотгосон байгаа юм. Хэрвээ би гаднын жуулчин байгаад, Улаанбаатарын тухай дээрх мэдээллийг уншсан бол хэтэвчин дэх хэдээ гурав, дөрөв хуваасны нэгийг нь л авч явна.
Бүр ч нарийвчлалтай үзэж мэднэ. “Юм нь хямд гэж байна ш дээ, бас үзээд байх юм ч алга бололтой...” Манайд ирсэн жуулчдын ихэнх нь нэг их том үүргэвч үүрээд явдгийн нэг нууц нь энэ. Тэд долоо хоног хүрэхгүй хугацаанд Монголоор аялж, өдөрт үсрээд л 20 долларын орлого оруулчихаад л буцна. Хөдөөгүүр явбал сайхан сэтгэлт малчид маань хонь, малаа үнэгүй төхөөрөөд өгнө.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэдэг нь аль болох олон хүнд газар нутгаа үзүүлэх биш л юм бол эвтэйхэн судсыг нь атгаж байгаад хэдэн төгрөг салгах хэрэгтэй биз дээ. Гэтэл сая доллар өвөртлөөд ирсэн жуулчныг халаасыг “хоослох” юм бидэнд юу байгаа билээ? Чингис хааны морьт хө шөө, Зайсан толгой, харангад сан Сэлбэ, Туул гол... юуг нь тэд дурсах юм бэ?
Таны толгойд “Азийн цагаан дагина” гэх “өхөөрдөм” хоч орж ирж байна уу. 60-аад онд МАХН-ын хуралд ирсэн хэсэг вьетнам иргэдийн амнаас унасан үгийг бид сүр болгон өлгөж авсан юм байна лээ ш дээ. (Тэглээ ч одоо энэ нэрэнд тохирох нэг ч зүйл байхгүй) Парисын Эйфелийн цамхаг баригдсан түүхийг бид мэднэ. Өнөөг хүртэл хэдий хэр жуулчин үзсэн болохыг ч гадарлаж байгаа байх.
“I love NY” гэсэн лого л гэхэд давхардсан тоогоор хагас тэрбум хүний сонголтод нөлөөлсөн бол үлэг гүрвэлийн өлгий гэх сенсаац 800 мянган жуулчныг татжээ. Бидэнд гаднынхныг татах брэнд болж чадахуйц зүйлс бий юү гэвэл бий. Зайсан толгойгоо тордоод, Чингисийн хөшөө тийш хөтлөх менежмент хийгээд, хэдэн сүм хийд, музейнхээ өнгийг тордчихвол хуйлруулж чадахгүй юм аа гэхэд зүглүүлж дөнгөх байлгүй дээ.
“Төмрийн угсармал” хүртэл түмэн хүнийг татдаг гэдгийн гэрч нь тэртээ Парист сүндэрлэж байгаа хойно. “National Geographic”-т бичсэн шиг нээрээ манайх хямдхан хот гэж үү?

Jan 22, 2011

“Хүн ер нь яах гэж ном уншдаг юм бэ?”

...гэж хэн нэгэн надаас асуухад яг таг хариулж чадаагүй юм даг. Өөрийн жишээн дээр бодож үзэхээр эхэндээ би унших ёстой, уншихгүй л бол хэн нэгнээс ямар нэг байдлаар хоцорчих юм шиг санагддагтаа л ном уншдаг байлаа. “Зуун жилийн ганцаардал”-ыг гурав дахин уншснаас хойш ном унших нь хэрэгцээ биш гэж үзээд уран зохиолд татагдаж, сонирхож унших эхлэл тавигдсан юм. Ингэлээ гээд дээрх асуултын хариу бүрэн дүүрэн гарч ирсэнгүй. “Ээ чи “Монте Кристо гүн”-ийг уншаагүй юм уу... “Анна Каренина”-г уншаагүй бол чи ном уншдаг гэж өөрийгөө хэлээд ч хэрэггүй...” иймэрхүү утга агуулгатай үг зөндөө л сонсож байлаа. Эхэндээ нээрээ ч эднийг уншихгүй юм бол болохгүй нь гэж үзээд оролдлогууд хийсэн л дээ. Үнэхээр хуурамч байсан. Энийг уншихгүй л бол болохгүй гэсэн бодол минь намайг тэр номын дотор ороход саад болоод үнэндээ юу ч ойлгоогүй. Тэгээд л мянга гаруй хуудастай тэр “нойр”-ыг орхисон доо. Борхесийг заавал унших ёстой гэж хэн ч надад хэлээгүй. Гэхдээ би уншсан, таалсан. Элдэв уран зөгнөлтийг эс тооцвол номонд бидний л мэдэх араншин, танил ертөнцийн тасарсан хэсгүүд байдаг. Тэгэхээр бид өөрсдийн мэддэг зүйлээ дахиад л уншиж цагаа үрдэг юм уу. Үгүй байх аа. Шинэ сэдэл, шинэ өнцөг, таашаал гэдэг зүйлстэй ямар нэг сэжмээр холбоотой. Аурелиано, Кираго, Парасэлсийн оронд байсан бол би ямар сэтгэл хөдлөл үзүүлэх бол, Йоханн Грезбахыг үнэн голдоо ортол үзэн ядах юм уу эсвэл Хосе Аркадио Буэндиатай цуг Москотег хамаг тэнхээгээрээ заамдан авах зэрэг надаас тэр бүр гарахгүй сэтгэл хөдлөлийг бодит болгон мэдрэх нь таалагддагтаа л би ном уншдаг байх. Хариулт нь олдохгүй байх тусмаа л дээрх асуулт үнэ цэнэтэй байна гэж үзээд орхие. “Хоёр хаан, хоёр хонгил”-ыг уншаад эхлэхээр л би шал өөр, дээд төрлийн хүн болчихдогт ямар ч нууц байхгүй. Цаанаа юу ч үгүй багийг хуулах гээд гар сарвайх нь ер нь утгагүй талдаа юм шүү дээ.
Харин “Үл мэдэх ба түүний нөхөд”, “Үүлэн бор”, “Зуун жилийн ганцаардал”, “Хөх жавар, “Хоёр хаан хоёр хонгил” эд миний амьдралд, хувь хүний үнэт зүйл бүрэлдэхэд хамгийн их нөлөөлсөн гэдгийг хэлэх байна.