Apr 20, 2011

Түүхээс бүтсэн түүх




Энд 250 мянган “язгууртан” бий. Орчин цагт төдийлөн авцалдахгүй энэ нэршил Францаас гаралтай, одоо ч тэд энэ алдраа гээчихэлгүй шинэ зуунтай золгосон нь байх юм. “Bordeaux гэх нэрийг бид дарсны лонхон дээрээс тоймгүй олон харсан ч Сэргэн мандлын үеийн Европын, тэр дундаа Францын соёлын амьд гэрч болон оршин буй энэ хотын тухай төдий л ихийг мэдэхгүй. VIII зууны тэртээх түүх сөхөх хэргийн учиг болсон энэ хотын эдийн засаг өдгөө ч дарс үйлдвэрлэл дээр тогтдог аж. Хачирхалтай юм гээч. Өнгөрсөн жил л гэхэд дарс үйлдвэрлэлээр 14.5 тэрбум еврогийн ашиг олсон гэхээр дээрхээс өөр юу хэлэх вэ дээ. “Bordeaux” хот XVIII зууны алтан үеийнхээ төрхийг шинэ зуунд буухиалан, орчин үеийн гялгар төрхийн хэлтэрхий ч үгүйгээр “гэрэлтэж” болдгийн жишээ болон оршиж байна. Дэлхийн II дайны сүүдэр хотыг дайрсан хэдий ч ер хэзээд тийм юм болоогүй аятай намбайж байх юм. Гаронна голыг дагаж өндийсан Бордо хотын хуулийн цөм нь эрх чөлөө. Улс төрийн үзэл, шашны тухай бодлоо ор тас мартаад төв үзлээ өвөртлөөд алхвал хэн ч танд тээр болохгүй.
“Бяцхан Парис”
Францын зургаа дахь том хот болох Бордод нэрт зохиолч Виктор Хюго ийм хоч өгсөн гэдэг. Өгөх ч юу байхав, санамсаргүй унагасан үгийг нь өнөө хэр өлгөж ярьдаг бордогийнхон энэ хочиндоо сэтгэл хангалуун байдаг аж. Дэлхийн хот Парисийн жижигхэн хувилбар, нэрээ хугалж болохгүй!
Тансаг машин, брэндийн хувцас сэлтийг та эндээс олж харахгүй дээ. Өндөр өсгийттэй хэрнээ унадаг дугуй жийсэн үзэсглэнэт бүсгүйчүүдтэй харин хаа сайгүй дайралдана. Хотын удирдлагууд ч тантай унадаг дугуйн дээрээс мэндчилж мэднэ. 243 гүшгүүртэй шат өөд саадгүй гарч чадвал Сен Мишель дээрээс та хотыг бүрэн тольдож болно. Саарал ногоон өнгө холилдон харагдах хотын ерөнхий төрх гунигтай харагдаж мэдэх ч, ширхэг бүр дээр нь анхаарал хандуулж үзээрэй. Хуучны төрх яагаад хээнцэр харагддагыг та харна. Бас Токио, Нью-Йорк, Бээжинг биш яагаад хөгшин Францын “бяцхан Парис”-ыг сонгосноо ойлгох вий.
Түүхээр бүтсэн түүх
Ихийг үзсэн буурал ханануудыг ширхэглэн харах гээд үзье. Европоор нэг тархсан катедралууд мэдээж нүдэнд торно. Верона хотоор аялах үеэр “танилцсан” болохоор түр алгасъя. VII зуунд өрсөн тоосго, шавар бүрээ хадгалсан “Sainte Croix” сүм, Ромын загвар “үнэртэх”-ийг нь бодвол эдний түүхийн шархыг хөндөх хэрэг гарна. Европын хот бүрт содон түүх бүхий хаалга байдаг даа. Бордод ч бас байна аа. 40 метр өндөр “La Grosse Cloche” хаалганы дээр 1759 онд сүндэрлэсэн хотын төв цаг бий. Бас л өрнийн соёлын бэлгэ тэмдэг. 7800 кг жинтэй хонхыг гурван зуунд нуруундаа үүрсэн түүхэн хаалгыг алгасаад Мэриадэкийн номын сан тийш хараа сунгая. Францын хамгийн том номын сан болох Мэриадект МЭӨ-өөс авахуулаад орчин цагийн бүхий л шидээвэр ном зохиол бий бөгөөд олон орны түүхэн судруудыг хав дарсных нь төлөө зарим нэг нь жаахан гомдол тээх хандлага бий л дээ. Мэдээж дарсны музей. Америкийн түүхээс ч урт настай дарс бий гээд бод доо. “Түүхээр бүтсэн түүх” гэж хэн хэлсэн гэлээ байз...
Дарсны хот
Жилдээ 850 сая лонх дарс үйлдвэрлэж, дийлэнхийг нь өөрсдөө хөнтөрч орхидог бордогийнхон бас их хачин шүү. 287000 акр газар дамнан усан үзмийн талбай үргэлжилнэ. Тиймдээ ч усан үзэм боловсрох цагаар ер бишийн нялуун үнэр хотоор нэг тархдаг гэнэ лээ. Хамрын сэрэл хөдөлж байгаа биз. Wikipedia цахим хуудсаар шагайвал хотын эдийн засгийн тухай хэсэгт дан дарсны тухай л дурдсан байхыг харна. Дэлхийн хамгийн үнэтэй таван дарсны дөрөв нь Бордод мэндэлдэг гэхээр яалтай ч билээ.
Усан толь
Бордогийн бас нэг брэнд газар нь усан толь. Манай Сүхбаатарын талбай хэрийн газарт 2 см усан давхарга байх бөгөөд үүгээр алхах шиг жаргал хотын иргэд болон жуулчдад үгүй. Бордод очоод усан толинд зургаа даруулаагүй л бол таны аялалд итгэх хүн олдохгүй байж мэднэ. Бордо бас “Урлаг болон түүхийн хот” гэх хочтой. Нэг нэрэнд яасан ч олон зүүлттэй юм бэ дээ. ЮНЕСКО-гоос Бордог дэлхийн соёлын үнэт өв хэмээн нэрлэсэн болохоор аргагүй ч биз. Ялангуяа Сэргэн мандлын үеийн барилга, уран барималыг тэр чигээрээ хадгалан үлдсэн учраас Европын үнэ цэнэтэй хотуудын тоонд зайлшгүй багтдаг. Европын хамгийн урт дэлгүүрийн гудамжийг дурдаад ч яахав.
Мишель де Монтень, Лили Дамита, Франсуа Моуиак нарын авъяас мэндэлсэн Бордогоор ороод нэг гараарай. Түүхээр бүтэх түүхэнд таны хувь нэмэр ч бас хэрэгтэй юм билүү!

Apr 14, 2011

Бурханы “амбиц”




Яг л “Гоо сайхан ертөнцийг аварна...” гэдэг шиг улиг болсон үгийг давтах хэрэг гарлаа (Энэ үгийн үнэ цэнэ буурахад, чихнээ “хямдхан” сонсогдоход өнөөх цаг хугацаа гэгч л буруутай байх). “Цаг явсаар байна гэв үү. Үгүй дээ, бид л явж цаг хугацаа байрандаа зогсож л байна шүү дээ”. Амьдрал гээч юу болохыг өөрийн хэрээр үзэж мэдсэн, бас ч гэж цаг хугацааны эргэлтэн дунд үнэ цэнэтэй хэвээр оршиж тогтнож ирсэн эрхмүүдийн амнаас гарсан ухаалаг “хий”-нүүд дунд Хэнри Остон Добсоны энэхүү афоризм чухаг байр эзэлнэ. Цаг хугацаа биднээс огт хамааралгүй оршсоор л, харин бид цагийн зүүг л яваад байна гэж мунхаглаж байтал гэнэт эцсийн цэг тавих мөч тулахад Добсоны зөв байсныг өөрийнхөөрөө тунгаагаад л оддог аж. Хаашаа вэ гэдгийг бид мэдэхгүй, магадгүй цаг хугацаа нууцыг нь хадгалж байж болох. Төсөөлье л дөө, хориотой жимсийг хазах хүртэл тэвчсэн Адам, Ева хоёрт нүцгэн буйгаа, тэр нь үнэхээр ичим зүйл байсныг мэдрэхэд хэдий хэр цаг орсныг таах аргагүй. Учир нь тэдний бугуйд цаг байхгүй, диваажингийн цэцэрлэг гээч нь яг л Лас Вегасын казино төвүүдийн тактикаар “ажилладаг” байж. Гэтэл тэр үед цаг гэх механик хөдөлгүүр байгаагүй хэрнээ л цаг хугацаа явсаар байсан нь мэдээж, хэн ч түүнийг зуурч хоцорч чадаагүйд л нууц нь бий. Ер нь алим хазах эсэх шийдвэрийг ч өөрсдөө гаргачихаж чадахгүй Адам, Ева хоёрт иймэрхүү шаардлага тавих нь хэтэрхий үнэ цэнэгүй зүйл болж хувирна. Гэвч нэг асуулт байна. Хязгааргүй гэж төсөөлж болом цаг хугацааны зүүг хэн, хэзээ түлхэж орхио вэ? Ойлгомжгүй бүхэнтэй хутгаж заншснаар нь бурхан руу чихэх үү? “Эрт ээ урьдын цаг” гээч нь хэзээ эхлснийг чөтгөр бүү мэд.
Бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг гэдэг. Бурханд хүртэл өөрийн нууцаа үнэ хүргэх хэмжээний “амбиц” байж л таараа. Тэр амбиц нь цаг гэх механик хөдөлгүүрээр дамжин бидэнд мэдрэгдэж байна. Үнэндээ хүн гэх амьтанд (оюун ухаант) цаг хийх санаа төрөөгүй, үүнийг огт бүтээж чадаагүй бол бурханы “оньсого” үнэгүйдэж орхино. Хэн ч мэдэхгүй зүйл үнэндээ ямар ч сонирхолгүй байдагчлан зах сэжүүрийг нь өдөөж өгөхөд л хүссэн хүсээгүй тархиа гашилгах шаардлага гарч ирдэг. Ердөө л энэ.
Соёл иргэншил гээч дөнгөж үүсэж байх үед ч цаг хугацааг аргамжиж хоцрох адын хүслийн биелэл элс болон урсаж, гэрэлтэй өдөр газарт зоосон гадасны сүүдрээр дамжин биелэлээ олж байгаад бидний үетэй золгосон байх нь. Гэхдээ золгох хүртлээ хүн төрөлхтний хэврэг насаар тооцвол нэлээдгүй үеийг туулсан юм шүү. Хамгийн анхны механик цагийн түүх л гэхэд XV зуунд хамаатна. Электрон цагны тухай ярьвал бүр ч ойрын хуудсыг сөхөх хэрэг гарна.
Гар утас эхэндээ шидийн эд, хэлбэрдэх хүслийн амьд биелэл болж байсан ч өдгөө цэцэрлэгийн жаалын халаасанд орох хүртлээ энгийншсэн. Өнөөдөр гар утас хэрэглээ, ирээдүйд бүр юу ч биш болж мэднэ. Гэтэл цаг хэзээ ч моодноос гарч байсангүй. Өнөөдөр ч үнэтэй цаг зүүх адын хүсэл оргилсоор байгаа нь, цаг үйлдвэрлэгчид алт, очир эрдэнээр цаг урлах амаргүй даалгавар гүйцэтгэж байгааг бодоход хэзээ ч хуучрахгүй бололтой. Цагийг хэчнээн үнэт эдээр хийсэн байлаа ч цаад мөн чанараас нь ямагт хямдхан байх л болно. Хенри Остон Добсон онож хэлж. Гэхдээ дээрх өгүүлбэр бүрэлдэн бий болж, Добсоны амнаас гарах хүртлээ хэчнээн мянган жилийг элээсэн юм бүү мэд. Бид бас л тогтоож чадахгүй. Учир нь цаг хугацааны адармаа өнөөдөр ч нууцлаг байж, бурхан байдаг эсэх шиг мөнхийн асуулт дагуулж яваа болохоор тэр. Хэн нэгэн нууцыг тайлж гэмээнэ л бидний хувьд үнэ цэнэ нь шалдаа буух биз. Гэхдээ энэ хугацаа бас л хүний ахархан насаар тооцвол хэзээ ч нүүр тулахгүй цаг гарч ирнэ.
“Цаг явсаар байна гэв үү. Үгүй дээ, бид л явж цаг хугацаа байрандаа зогсож л байна шүү дээ”.

Apr 13, 2011

Төгсөв




Цэг тавихгүй ээ, тэр одоо ч эгшиглэж байгаа хойно. Парисын гудамжны согтуу дууч эмийг “Le Gerny” клубын эзэн Луйс Леплий “өөр” нүдээр харж, Эдит Жиованна Гассион (Édith Giovanna Gassion) гэх хэл хугалам нэрийг нь Ла Моме Пиаф хэмээн эвтэйхэн “янзлаад” тайзнаа гаргажээ. Тансаг зэрэглэлийн клубын тайзнаа, өөрийг нь үл тоомсорлон ширтэх хоёр зуун хос нүдний өмнө Эдит яг л Пигаль гудамжинд зогсоо шигээ тоомжиргүйхэн дуулав. Сэтгэл хөдлөлөө гар, хөлөөрөө илэрхийлж угаас сураагүй Эдит тансаг зэрэглэлийн үзэгчдэд эв хавгүй харагдсан байх л даа. Дуу ч дуусав. Танхим хэсэг чимээгүй... Өнөөх эрхмүүд алга ташилтаа түүнд хайр, найргүй илгээж, “дахиулъя, дахиулъя” (мэдээж францаар) хэмээн орилолдох нь тэр. Юун нөгөө тансаг зэрэглэлийн эрхмүүд. 1935 оны Парис бол урлагийн ариун газар, хотын иргэд гоо сайхны таашаал гээчид үнэндээ ханачихсан байсан хэдий ч Эдитийн өмнө жинхэнэ ёсоороо жижигдсэн юм даа.
Олон алдартнуудын адил тэр аз жаргалтай амьдралыг туулаагүй. Түүнд энэ байдал таалагддаг байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч, бидний зовлон гэх ангилалд оруулдаг бүхий л адармаатай үйлийг тэр харж, мэдэрсэн юм. Түүний ээж Аннетта Жиованна Майллард сайн эх байсангүй, Эдитийг тэнэмлүүд дунд үлдээгээд өдөржин гудамжинд дуулж, хоногийн хоолоо залгуулдаг байж Циркийн акробатч аав нь газар газраар хэрэн тэнүүчилж яваад, золоор Парист ирж хуучин эхнэрийнхээ гэрээр дайрсанд Эдит охин нь хүндээр өвдсөн байхыг олж харж л дээ. Хорвоод мэндэлснээс нь хойш анх удаа харахад иймэрхүү дүр зураг угтсанд гутсан аав нь охиноо ээж дээрээ аваачив. Эцэг, эхийн хайрыг төдий л амсаагүй бяцхан охин эмээгийнхээ эмсийн хүрээлэнд ирж, нүд чих нь ёстой л алт болсон нь мэдээж. Гэхдээ түүний амьдралд тийм ч олон таараагүй, жинхэнэ “хайр” мэдрүүлсэн хуурай ээж Титинетэйгээ учирсан юм. Титине эвлэгхэн дуулдаг, усанд оруулахдаа ч тэр, унтуулахдаа ч тэр мөнөөх л эвлэгхэн хоолойгоороо Эдитийн зүрхийг “усалдаг” байсан нь хожим хүн бүрийн хайрыг татсан хоолой бүрэлдэхэд сэтгэлийн их дэм болсон хэмээн дурссан байдаг. 1935 он руу эргэе.
Анхны үзүүлбэрийнхээ дараа л Эдит Пиаф (Бяцхан болжмор гэсэн утгатай) овоо алдаршиж (гэхдээ Франц даяар нэр алдар нь цуурайтаагүй л дээ), тогтмол цалин, үзэгчидтэй болоод удаагүй байтал Луйс Леплий дээрэмчдийн гарт үрэгдэв. Харамсалтай нь энэ үхэл түүнд хэчнээн хүндээр туссаныг үл тоон Луйсын гэр бүл болон хэвлэлийнхэн Эдит рүү дайрч гарав. Амжилтын өөд зугуухан мацаж явсан залуу бүсгүй юу ч үгүй хоосон чигээрээ буцаад л гудамжны “тайз” руугаа уруудах нь тэр. Азаар продюссер Рэймонд Ассо гарч ирлээ. Эдит Пиафын авьяасыг клубын ширээний араас харж суусан түүнд гудамжны дууч бүсгүйг жинхэнэ дуучин болгох мөрийн хөтөлбөрөө гүйцэлдүүлэх боломж нээгдсэн нь энэ. Багаасаа л эрх чөлөөнөөс өөр хууль үйлчилдэггүй гудамжинд өссөн Эдитэд өндөр шаардлага, хариуцлага гэгч ер таалагдсангүй. Бас түүний дургүй гараа хөдөлгөх чадварыг ч тулгах болов. Эсэргүүцвэл эргээд л гудамж гэдгийг дэндүү сайн ойлгосон Эдит Рэймондын хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэхээс өөр сонголтгүй болж, зөвхөн өөрт нь зориулж бичсэн Францын алдарт дуу зохиогч Жак Боргетын дууг амилуулах боллоо. Бэлтгэл гэх үгийг огт мэдэхгүй тэрээр анх удаа тайзнаа гарахаас долоо хоногийн өмнө хоосон өрөөнд гараа эвлэгхэн хөдөлгөхийн хажуугаар хөгжимтэй зохицож дуулах чадварыг эзэмших шаардлагатай туллаа. Дахин тайзнаа...
Мэдээж өмнөхийн адил алга ташилт, “дахиулъя..”. Өөрчлөгдсөн нь гэвэл үзэгчдийн тоо л байлаа. Тэр зөвхөн Францад нэрд гараад зогсохгүй Европ, Америкаар аялан тоглолт хийж, очсон газар бүртээ оргилуун дарс, цэцэг хоёрт дарагдаж байв. Мартах шахаж, оргилуун дарс бол түүний амьдралын нэгээхэн хэсэг, тэр үүнийг ёстой л ус шиг уудаг байсан юм. Америкт тэр түргэн алдаршиж, өндөр босготой Эд Сулливаны шоунд долоо хоногийн дотор найман удаа дуулсан юм даа.
1945 он. Дэлхийн II дайн дуусаж байх үед Парисын дуу бичлэгийн студид нэгэн чухал үйл явдал болсныг хэн ч анзаараагүй нь лавтай. Эдитийн нэрийг дэлхий даяар цуурайтуулсан “La vie en rose” буюу “Ягаан амьдрал” дуу төрж, тэр жинхэнэ утгаараа дэлхийн хүн боллоо. Оргилуун дарсны бөглөө мултарсаар л...
1949 он. Түүний сэтгэл санаа “үхэж”, газрын гүнд булшлагдталаа гуньсан өдөр тохиосон нь амьдралдаа анх удаа зүрхээ өгсөн сүйт хархүү, боксчин Марсель Сердан нь онгоцны ослоор нас барав. Марсельдаа өгч амжаагүй бугуйн цагаа үе үе санаж, тэгэх бүртээ хий юм хардаг болсон байлаа. Хоёр жилийн дараа Пиаф мөн л Марселийг бодож, шаналж явах үедээ машины осолд өртөв. Энэ нь түүнд морфин, архинд донтох эмгэгийг “бэлэглэсэн” юм. Мэдээж энэ үед ч тэр дуулсан хэвээр, үзэгчид түүнийг мөлхөөд ч болтугай тайзнаа гарахыг нь харах гэж мөнгө төлсөөр л байсан. Энэ үед түүнтэй амьдралынх нь турш нөхөрлөж, гудамжнаас тайз хүртэл хамт алхсан Момоне л хань болж байсан гэдэг. Гэхдээ тэр ч бас донтогч гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэр дуулсаар л, гэхдээ морфиноос болж өдөр ирэх бүр бие нь атийж, хөгширч 45 настай франц эмэгтэй гэхэд яг л 80 гарсан эмгэн шиг төрхтэй болж ирэв. Хэвлэлүүд янз бүрийн хорон үгээр өдөр бүр мэндчилж байсан ч түүний хоолойноос уйдахгүй нь нэгэнт тодорхой болохоор хүнээр түшүүлээд ч болов тайзаа эзэгнэсэн хэвээр. Энэ зуур түүний бас нэг сод бүтээл “Non, je ne regrette rien” дуу төрөв. Тэргэнцэрт сууж, үхлээ хүлээж байгаа хэдий ч энэ дууг санал болгосон дуу зохиогчийн өөдөөс “Энэ миний дуу, би дуулах ёстой, би, би...” хэмээн сэтгэл нь хөдөлж буй дүр зургийг түүний амьдралаар хийсэн “La vie en rose” киноноос хараарай. Тэр дуулсан, дуу ч дэлхий даяар түгсэн. Францын мэдлээс хэдийнэ хальж, дэлхийн суут дуучин болсон Эдит Жиованна Гассион хоёрхон жилийн дараа буюу 1963 оны аравдугаар сарын 11-нд тэнгэрт хальсан юм. Түүнээс ахиж шинэ дуу хүлээхгүй, дуу хоолойг нь амьдаар сонсохгүй бүх зүйл “төгсөв”. Гэхдээ цэг тавихгүй байхад л болоо, тэр өнөөдөр ч, маргааш ч эгшиглэнэ. “La vie en rose”, “Non, je ne regretted rein”, “Padam, padam”, “Milord”, “La Foule”, “Hymne à l'amour”, “l'Accordéoniste”... Та үргэлжлүүлэх үү?