Яг л “Гоо сайхан ертөнцийг аварна...” гэдэг шиг улиг болсон үгийг давтах хэрэг гарлаа (Энэ үгийн үнэ цэнэ буурахад, чихнээ “хямдхан” сонсогдоход өнөөх цаг хугацаа гэгч л буруутай байх). “Цаг явсаар байна гэв үү. Үгүй дээ, бид л явж цаг хугацаа байрандаа зогсож л байна шүү дээ”. Амьдрал гээч юу болохыг өөрийн хэрээр үзэж мэдсэн, бас ч гэж цаг хугацааны эргэлтэн дунд үнэ цэнэтэй хэвээр оршиж тогтнож ирсэн эрхмүүдийн амнаас гарсан ухаалаг “хий”-нүүд дунд Хэнри Остон Добсоны энэхүү афоризм чухаг байр эзэлнэ. Цаг хугацаа биднээс огт хамааралгүй оршсоор л, харин бид цагийн зүүг л яваад байна гэж мунхаглаж байтал гэнэт эцсийн цэг тавих мөч тулахад Добсоны зөв байсныг өөрийнхөөрөө тунгаагаад л оддог аж. Хаашаа вэ гэдгийг бид мэдэхгүй, магадгүй цаг хугацаа нууцыг нь хадгалж байж болох. Төсөөлье л дөө, хориотой жимсийг хазах хүртэл тэвчсэн Адам, Ева хоёрт нүцгэн буйгаа, тэр нь үнэхээр ичим зүйл байсныг мэдрэхэд хэдий хэр цаг орсныг таах аргагүй. Учир нь тэдний бугуйд цаг байхгүй, диваажингийн цэцэрлэг гээч нь яг л Лас Вегасын казино төвүүдийн тактикаар “ажилладаг” байж. Гэтэл тэр үед цаг гэх механик хөдөлгүүр байгаагүй хэрнээ л цаг хугацаа явсаар байсан нь мэдээж, хэн ч түүнийг зуурч хоцорч чадаагүйд л нууц нь бий. Ер нь алим хазах эсэх шийдвэрийг ч өөрсдөө гаргачихаж чадахгүй Адам, Ева хоёрт иймэрхүү шаардлага тавих нь хэтэрхий үнэ цэнэгүй зүйл болж хувирна. Гэвч нэг асуулт байна. Хязгааргүй гэж төсөөлж болом цаг хугацааны зүүг хэн, хэзээ түлхэж орхио вэ? Ойлгомжгүй бүхэнтэй хутгаж заншснаар нь бурхан руу чихэх үү? “Эрт ээ урьдын цаг” гээч нь хэзээ эхлснийг чөтгөр бүү мэд.
Бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг гэдэг. Бурханд хүртэл өөрийн нууцаа үнэ хүргэх хэмжээний “амбиц” байж л таараа. Тэр амбиц нь цаг гэх механик хөдөлгүүрээр дамжин бидэнд мэдрэгдэж байна. Үнэндээ хүн гэх амьтанд (оюун ухаант) цаг хийх санаа төрөөгүй, үүнийг огт бүтээж чадаагүй бол бурханы “оньсого” үнэгүйдэж орхино. Хэн ч мэдэхгүй зүйл үнэндээ ямар ч сонирхолгүй байдагчлан зах сэжүүрийг нь өдөөж өгөхөд л хүссэн хүсээгүй тархиа гашилгах шаардлага гарч ирдэг. Ердөө л энэ.
Соёл иргэншил гээч дөнгөж үүсэж байх үед ч цаг хугацааг аргамжиж хоцрох адын хүслийн биелэл элс болон урсаж, гэрэлтэй өдөр газарт зоосон гадасны сүүдрээр дамжин биелэлээ олж байгаад бидний үетэй золгосон байх нь. Гэхдээ золгох хүртлээ хүн төрөлхтний хэврэг насаар тооцвол нэлээдгүй үеийг туулсан юм шүү. Хамгийн анхны механик цагийн түүх л гэхэд XV зуунд хамаатна. Электрон цагны тухай ярьвал бүр ч ойрын хуудсыг сөхөх хэрэг гарна.
Гар утас эхэндээ шидийн эд, хэлбэрдэх хүслийн амьд биелэл болж байсан ч өдгөө цэцэрлэгийн жаалын халаасанд орох хүртлээ энгийншсэн. Өнөөдөр гар утас хэрэглээ, ирээдүйд бүр юу ч биш болж мэднэ. Гэтэл цаг хэзээ ч моодноос гарч байсангүй. Өнөөдөр ч үнэтэй цаг зүүх адын хүсэл оргилсоор байгаа нь, цаг үйлдвэрлэгчид алт, очир эрдэнээр цаг урлах амаргүй даалгавар гүйцэтгэж байгааг бодоход хэзээ ч хуучрахгүй бололтой. Цагийг хэчнээн үнэт эдээр хийсэн байлаа ч цаад мөн чанараас нь ямагт хямдхан байх л болно. Хенри Остон Добсон онож хэлж. Гэхдээ дээрх өгүүлбэр бүрэлдэн бий болж, Добсоны амнаас гарах хүртлээ хэчнээн мянган жилийг элээсэн юм бүү мэд. Бид бас л тогтоож чадахгүй. Учир нь цаг хугацааны адармаа өнөөдөр ч нууцлаг байж, бурхан байдаг эсэх шиг мөнхийн асуулт дагуулж яваа болохоор тэр. Хэн нэгэн нууцыг тайлж гэмээнэ л бидний хувьд үнэ цэнэ нь шалдаа буух биз. Гэхдээ энэ хугацаа бас л хүний ахархан насаар тооцвол хэзээ ч нүүр тулахгүй цаг гарч ирнэ.
“Цаг явсаар байна гэв үү. Үгүй дээ, бид л явж цаг хугацаа байрандаа зогсож л байна шүү дээ”.
Цаг хугацаа төгсгөлөг бас харьцангуй ойлголт гэдгийг олж мэдээрэй. Орчлон ертөнц тэлж байгаа, хэзээ нэгэн цагт хумигдах үед цаг хугацаа утгагүй хэмжигдэхүүн болохыг хэрэв энэ чиглэлээр юм бичихийг горилж байгаа бол уншиж мэдээрэй. "ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ " номоороо Стефен Хокинг философичдын мэдэмхийрэн маргалдаж байсан олон асуултад хариу өгсөн байгаа. Дэлхий даяараа шуугиж байхад бид хоцормооргүй л байна.
ReplyDelete