Oct 12, 2014

Саваагаа гээсэн шидтэн


            Миний бага нас аав, ээж, үгүй ядаж том ахын хүүхэд үеийнхээс  унших ном, үзэх киноны хувьд хавьгүй хангалуун байсан нь үнэн, гэвч өөрт бол их л тарчиг санагддаг байж билээ. Зургаан настайдаа эмээгээр үсэг, бичиг заалгаснаас хойш анх учирсан ном нь “Хөх цэнхэр тэнгэрийн хаяанаа”. Артекийн зуслангийн хүүхдүүдийн адал явдал гарна. Мэдээж дараа нь “Үүлэн бор”, “Буратиногийн адал явдал”, “Үл мэдэх ба түүний нөхөд” залгасан. Миний үеийн, мөн түүнээс өмнөх үеийн хүүхдүүдийн үлгэрийн шидэт ертөнцтэй танилцсан түүх адилхан, ийм л дараалалтай байсан болов уу.
Өнөө хэдээ өдөржин мэрнэ, шөнөжин мэрнэ, маргааш нь, нөгөөдөр нь, сарын дараа ч гэсэн мэрсээр л байна, ер уйдахгүй. Үнэндээ уйдна л даа, гэвч өөр сонголт үгүйн улмаас л энэ хэдийгээ элтэл нь уншдаг байсан байх.
Ид шидийн ертөнц. Дээрх номуудын биднийг татаад байдаг гол шид нь энэ. Хүүхэд нас гэдэг ердөөсөө төсөөлөл багтдаггүй үе шүү дээ. Томоотой бай, хичээлээ давт, гэрээ цэвэрлэ, тоглож орж ирээд гараа угаа зэрэг үргэлж сонсдог, хэт “бодит” үгс ой ухаанаас дорхноо ойгоод гарчихдаг хэрнээ шүүр унадаг шулам, хүүхдээр хооллодог мангас, нисдэг байшин, ярьдаг амьтад, тэдэнтэй ойлголцоод байдаг хүмүүс бол эгэлээс эгэл мэт л санагдана. Тэгээд найзууддаа нохойтойгоо ярьсан, шоргоолжны вант улсад очсон гэх зэргээр санаатайгаар бурна, заримдаа энэ бүхэндээ өөрөө ч итгэчихсэн явах нь бий. Худлаа ярина гэдэг хүүхдийн ертөнцөд гэмт хэрэг биш шүү дээ.
Харин яагаад ч юм, тэр үед ардын үлгэрүүд анхаарал татдаггүй байж билээ. Адал явдал багатай мөртлөө сургааль сургамж нь дэндсэн, хэт богино, хуучинсаг, ер нь л нэг тийм уйтгартай. Тэрний оронд “Сайхан сэтгэлт Василиса”-г анх уншиж байгаа мэт догдлолтойгоор 103 дахь удаагаа эхлүүлэх нь илүү дээр санагдана. Барууны эл үлгэрүүд ёстой л мөхөхшгүй мөнхийн шидтэй байх аа. Өлсөхөөрөө Ханзэл, Гретель хоёртой хамт хүүхэд чанаж иддэг шулмын байшин руу явахсан гэж бодно, гэнэт ямар нэг баатарлаг үйл бүтээмээр болоход Питер Пэн санаад орно, зүүдэндээ Артект очно, ноён Дэгээг чадна, сэрүүндээ газар шагайн шидэт дэнлүү таарах вий хэмээн өлийнэ, харанхуй буланд Хадес нуугдаад, намайг хүн шавьж болгохоор хүлээж байх вий гэхээс үхтлээ айна. Үүнээс гадна бүхий л хүүхдүүд өөрийн гэсэн шидэт дохиуртай болохсон гэж нууцхан хүсэж явсан байх аа.
Тэгж байсаар Үндэсний телевизээр “Сансрыг хамгаалагч Волтрон” гарч эхэлсэн нь болоод найм, билүү есөн настайд “Тоглоомын түүх”-ийг анх үзсэн нь миний доторх ид шидийн ертөнцийг орвонгоор нь эргүүлж билээ. Нэг нь сансар огторгуй хэмээх уудам орон зайг төсөөлөлд минь бий болгосон бол нөгөө нь хэдэн тоглоомоо хөдөлж, ярьж байхыг нь нууцаар харчих юмсан гэх “дон”-д хөтөлсөн юм. “Сансрыг хамгаалагч Болтрон” ММ агентлагийн 10 минутын мэдээний дараа, 18.10-аас гарна. “Би өөрөө толгойг нь угсаръя” гэсэн эхлэлийн хэсэг нь одоо ч чихэнд сонсогдож байна гээч. Үлгэрийн номуудад ямар нэг шидээр гол баатрыг л аврах тухай гардаг бол энэ хүүхэлдэйн киноны роботууд бүхэл бүтэн гариг ертөцийг авардгаараа хавь илүү. Нэг их удаачгүй, ах маань мортал шүүрэлцэж ялаад, шанд нь далавч нь дэлгэгддэг волтрон тоглоом авчирсан нь миний хүүхэд насны түүхэн үйл явдлуудын нэг болж байлаа. Нэг л мэдэхэд би үлгэрийн номуудыг тавиур руу шидэж орхиод, хүүхэлдэйн киноны ертөнцөд эргэлт буцалтгүй орсчихсон байсан. Тэгэхэд хүүхэлдэйн киног одоогийнх шиг хүссэн үедээ компьютерээ асаагаад юм уу, “Youtube”ухаж, торрентоос татах боломж байсангүй. Хааяа нэг зурагтаар хүүхэлдэй гарахад бүх юмаа орхиод, дэлгэц ширтээд суучихна. Урьд нь 13 удаа үзсэн байсан ч хамаагүй, яг л анхны учрал шиг догдолдогсон. Яагаад гэвэл эд миний төсөөлөл, мөрөөдөл, ургуулан бодохуйгаас эхлээд миний гэх ертөнцийг бүхэлд нь бүтээдэг байсан болохоор тэр. “Надад тулах цэг л өгчих, би ертөнцийг эргүүлье” гэдэг дээ. Тэгэхэд миний тулах цэг эдгээр хүүхэлдэйн кино л болж байв.
Тавдугаар ангид орлоо. Унших бичгийн номын нэр солигдож, уран зохиол болчихож. Би өөрөө ухаан сууж эхэлсэн болохоор тэр үү, эсвэл үнэхээр ч ийм байх ёстой байсан уу, үлгэрийн ертөнцийн хамаг шид номын хуудастаа хоцорч, би гэдэг хүн тэгж л анх бодит ертөнцтэй нүүр тулсан байх. Ямар ч ид шидийн юмгүй баахан зохиол “Хоньчин Найдан”-гаас эхлээд хөврөх болов. Улмаар номыг хүсэж догдолж биш, даалгавар гүйцэтгэх маягаар уншиж эхэллээ. Гэтэл зургадугаар ангид байхдаа “Harry Potter” гээч цуврал номын тухай “Сурагч”сониноос уншив. Ид шидийн ахлах сургуулийн сурагч, балчир шидтэн Харри Поттер хүүгийн адал явдал гардаг гэнэ. Дэлхийн бараг бүх хүүхэд уншсан юм байх аа. Бурхан минь тэрийг л олж үзэхсэн.
Тэр үед Монголд номын зах зээл, тэр дундаа орчуулгийн ном, тэрэн дотроо хүүхдийн зохиолын ертөнц хөдөлгөөнд орж эхлээгүй байсан. “Харри Поттер” л гэхэд намайг сургуульд орохоос нэг жилийн өмнө Америкт хэвлэгдэн гарч, хэдийнэ шуугиан тарьчихсан байтал би зургадугаар ангидаа Монголд орчуулагдаасай гэж хүлээж байсан гэхээр тодорхой болно. Тэгэхээс тэг гэсэн шиг тэр үед “Харри Поттер”-ийн тухай мэдээ байсхийгээд л гарна. Ж.К.Роулинг гэх зохиолч бүсгүй тэрбумтан болжээ, вагонд явах зуураа зүүдэлсэн зүйлээ цааснаа буулгаснаар эл ном бүтжээ, “Харри Поттер” бүх цаг үеийн хамгийн их борлогдсон хүүхдийн ном болжээ гээд л. Тэгтэл нэг удаа Үндэсний телевизийн “Гэрэлтэй цонх”-ыг үзэж байтал ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтын эхэнд өнөө нэр гараад ирдэг байгаа. “Харри Поттер” кино болчихож!
Тэгэхэд намар байсан. Харин тэр киног анх үзэхэд зун болсон байлаа. Гайхмаар ид шид, ой ухаанд буумгүй дүрслэл, төсөөлөөгүй ертөнц, адал явдлаар дүүрэн эл кино надад азаар шидэт савааг минь дахин нэг, харамсалтай нь бас сүүлийн удаа атгуулж өгсөн юм аа.
Хэзээ би том хүн болсноо санадаггүй. Нэг л мэдэхэд ид шид гэж байдаггүй гэх бодит үнэнтэй эвлэрээд, төсөөлөл мөрөөдөл ч илүү ахуйн шинж чанартай болчихсон. Ургуулсан далавчаа өөрөө тайрчихсан, эсвэл шидэт саваагаа хаана нууснаа мартсан шидтэн шиг. Одоо намайг хар даа. Өглөө ажлаа бодож сэрдэг, өдөржин ширээний ард суудаг, орой нь сулбайсан амьтан ирээд бөөн асуудлаа дэрлэн унтаад, шөнөжин тэдгээрийгнээ зүүдэлсээр өглөө дурамжхан сэрээд буцаад л ажилдаа явдаг мануухай болчихлоо. Би далдыг хардаг шидтэн биш ч, үлдсэн амьдрал маань мөн л иймэрхүү зохиомжоор хөвөрнө гэдгийг мэдэж байна.
Муу юм тохиолдож байж л, ид шид хэрэглэх шалтгаан гардаг байх аа, үлгэрт. Надад тэр муу нь тохиогоод маш удаж байна. Намайг аврах үлгэрийн баатрууд хэрэгтэй боллоо. Надад шидэт саваа хайрлаач? 

Sep 1, 2014

Тань руу нүүж явна


            Долдугаар сар жилийн хамгийн дүйнгэ үе. Халуун бүгчимд гараас юм гарах янзгүй, тэгсхийж нозоорсоор хамаг цаг урссан байхдаа их. Тамир шавхсан энэ ноорхой өдрүүдийг барахын тулд жилийн яг энэ үед хаашаа ч хамаагүй явах л хэрэгтэй гэсэн хорьж дийлэмгүй нүүдэлчин араншин дотроос хатгаад, хэдийгээр хийх ажил их байсан ч хүчээр шахам чөлөө аваад нутгийн зүг зам шулуудав аа. Нутгийн зүг!
             “Аль нутгийнх вэ?” гэж таарсан хүн ярианы далимд асуухад шууд хотынх гэж хариулах уг нь манай үеийнхний дунд догь сонсогддог л доо. Хөдөө гэхээр гадаадынханд унаган эрх чөлөө, уудам тал нутаг уужуу сэтгэлт хүмүүстэйгээ, байгалийн үзэсгэлэнт зураглалтайгаа буудаг бол өөрийгөө хотынх гээд байгаа манай үеийнхэнд бол шууд л мал, малчин, шулуухан хэлбэл нэг тийм маанагдуу хүний дүр зураг хамт буудаг учраас зугатаад байдаг талтай. Аав минь Говь-Алтай, ээж Сүхбаатарынх, товчхондоо хоёул хөдөөнийх боловч эндхийн уугуул иргэдээс дутахгүй соёл, боловсролтой хүмүүс болохоор уугуул нутаг, унагасан хүмүүсээсээ би ичдэггүй юм. Цагаан зээр, эм хүн нутаггүй гэдэг ардын үг үеээ элээж, дээр нь “шинэ үеийнхэн”-ийг нэмэх хэрэг гарсан энэ цагт над шиг хүмүүс “Би хотод төрсөн. Гэхдээ аавын минь нутаг Говь-Алтайн Чандмань” гэж дамжлаад хэлчих нь жаахан нуршуу боловч, хамгийн “аюулгүй” хариулт шиг санагддаг.
             Багад очих газраасаа хүрэх зам зуур хамгийн сайхан санагддаг байлаа. Аав маань геологич хүн байсных, зун хичээл амармагц бүх гэрээрээ хөдөө дагаад явна. Ээж тогооч, хоёр ах маань туслах, авга ах жолооч, би харин эрхийн тэнэгийн үүрэгтэй, бас нэг шар үүргэвчтэй гарна. Тэрнийхээ ёроолд солих хэдэн хувцас хийгээд, үлдсэн зайг нь ундаа, чихрээр дүүргэчихнэ. Аяны замд энэ цүнх бас аавын шил юмны авдар, ээжид хэзээ ч харуулж болохгүй хориотой сэйф болж хувирна. Тэгээд л урд талын суудалд, аавын өвөр дээр тухалж аваад хөдөө замд гараад туучихна. Аль хүрэх, хаагуур дайрах, юу хийх тухай ямар ч бодолгүй, чихэр хүлхэх зуур жирэлзэн өнгөрөх уул толгодыг тоож харах ч сэхэлгүй, гагц аавын өврийг тулах цэгээ болгоод зоргоор тэнэглэхийн жаргалтай юу эгнэх билээ. Харин одоо очих газар ч, хүрэх зам зуур ч сэтгэл догдлуулахгүй байгаа нь хачин. Хэн ч намайг хүлээгээгүй газар руу, тэгээд бүр аавын нутаг руу аавгүй явахын гашууныг гарган дүрслэх үг энэ дэлхийн аль ч хэлэнд байдаггүй байх аа. Ийм доголхон аяны турш очих газар, очоод юу хийх тухай, үгүй дээ л замаар өнгөрөх бүхэнд санаа сэтгэл өөрийн эрхгүй торж, тээглээд бэрх аж.  
            Долоон жилийн дараа анх удаа гэр бүлээрээ аялах болоход надад хамт замд гарах боломж олдсонгүй. Товлосон өдөр нь гарцаагүй ажил гарсан учир ах нар ээжийг аваад түрүүлэн хөдөлж, би маргааш нь авгын машинтай явахаар болов. Амбаа маань ёстой л залуу насаа дуустал, залгаад өтөл насаа элтэл жолоо барьсан хүн. Багад, нэг өглөө сэрэхэд л ПАЗ дүүрэн танихгүй хүн газраар зулчихсан, “Амбаа нь ирсэн” гээд ээж цай цүү чанаж байдаг дүр зураг даанч тодхон. Тавьтайгаасаа хойш царай төрх нь хэвэндээ тогтчихсон аятай огтхон өөрчлөгдөхгүй байгаа Амбаа маань Чандмань Улаанбаатарын хооронд нүдээ аньж байгаад ч явж чадахаар хүн. Аян замд гарах нь ямар нэг ариул үйл, ёслол төгөлдөр арга хэмжээ мэт санагдахуйцаар бүхнийг бэлтгэдэг нь хэвээр. Өглөө ирж хэдэн цүнхийг маань аваад, ачаагаа жимбийтэл янзлаад орой ирж намайг авахаар тохироод явлаа.
             Болзолт цаг болоход баахан ууртай хүн ирэв. Үг ч дуугарсангүй. Би ч бушуухан суугаад авлаа. Үнэндээ Амбаагаас өөр нутгийн замыг гаргаахгүй мэдэх хүнгүй, дээр нь хамаатны хэд маань “Таныг дагаад явна шүү” гэж яриан зуураа захьсан учраас мань хүн залгахыг нь хүлээгээд байж. Гэтэл хэн ч яриагүйн учраас л ийн уурласан болж таарлаа. “Та хэзээ гарах гэж байна, тэнд энд уулзаад хөдөлье” гэж ярьж болно оо доо. Ер байхгүй. Утас шөрмөс нь нэгжгүй байдаг юм байх даа. Тэгнэ гэж баймааргүй л юм” гээд замаа нэг, утсаа нэгэн харан дургүйхэн хөдлөв. Уг нь их тайван хүн шиг боловч уурлахаараа мөд тайвширдаггүйг нь бид бэлхнээ мэдэх хойно дуугүй л толгой дохин явна.  “Сэтгэлийн нэгж нь дуусчихсан амьтад” гэж сая нэг голыг нь олж хэлээд санаа нь амрав бололтой хэсэгтээ чимээгүй боллоо. Амьхандаа тэдэндээ туньж зөрүүдлээд, хол замд түрүүлээд гарсан боловч Лүн дээр ирмэгцээ “Нөгөө хэд рүү залга, гарсан эсэхийг нь мэдээдэх. Бид эндээ хүлээж байя гээд хэлчих” хэмээн үүрэгдлээ. Тэвчээр нь алдарчээ, янз нь. Ор сураггүй орхиод гартлаа “сэтгэлийн нэгж” нь дуусаагүй бололтой, авга минь.
            Цаг хэдийнэ шөнийн 03.00-ийг заах ч, Улаанбаатараас гарсан машины урсгал татарсангүй. Амралт зугаалгын цаг таарснаас гадна энэ жил улс даяар нийт 118 сумын тэгш ой тохиосноос, Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 14 сум 90 жилийн ойгоо тэмдэглэх болов. Гарахаас өмнө фэйсбүүкээ шалгаж суухдаа “Хотын хөдөлгөөн эрс багасчээ. Хөдөөнийхөн нутаг руугаа явж, уугуул хотынхон үлдлээ дээ” гэсэн зурвас олон удаа шэйрлэгдснийг харлаа. Хэрэв би ийн бичээд, эмээ, өвөө маань харсан бол, байг гэхэд авга ах маань үзсэн бол турсагаа нэг сайн хуулуулахгүй юу. Хүн ер нь аль зэлний унага гэдгээ хэзээ ч мартаж болохгүй юм шиг ээ.
            Чандмань хүрэх замын урт (940 км) өөрчлөгдөөгүй ч танил дотно зүйл баахан алсарсан санагдав. Амбаа маань жолоогоо атган хоёр тийшээ найгасхийгээд, замын уртыг дуулсаар бардаг нь байж. Мань мэттэй юугаа л яриа аж гэхэд хамт яваа хоёр үеэлтэйгээ хөөрөх юм ч тэгсгээд татарчихдаг юм байна. Хамаатан, садан гэдэг ойлголт биднээс улам бүр холдсоор байгаагийн нэг жишээг ийн бүтээж, үг дуу, уур амьсгал муутайхан суух зуур өнөө хэд араас ирж, бидэнтэй нийлээд цааш явлаа.
            “Нар жаргахаас өмнө шалын хоолойд хүрчих юмсан” гэж Амбаа маань аяны турш сая нэг ам нээлээ. Шалын хоолой! Яг тэр шүү. Чандмань руу дөхөөд ирмэгц хүмүүс ёс аятай Шалын хоолойн элдэв домог, жолооч нарын паян, төөрч будилснаа дэлгэдэг нь ер өөрчлөгдөөгүй аж. Багадаа би энэ газрыг дүүрэн устай, дээгүүр нь модон шал тавьчихсан, жолооч нар эмээгээд байдгийн учир нь живчих вий гэсэндээ байдаг байх гэж ургуулан боддог байв. Тэгээд учиргүй айна, тэгсэн мөртлөө бас тэр хоолойг нь харчих юмсан гэсэн хүсэл дотроос асна. Гэтэл яагаад ч юм, багадаа тэр айхтар хоолойгоор хоёр удаа явахдаа хоёуланд нь унтчихсан байж таараад, нэг сэрэхэд Чандманийн төв дээр ирчихсэн дуу шуугиан болоод явчихдаг байв. Ямартай ч аяны хүмүүс Шалын хоолойд нарны голтойд хүрэхийг хичээцгээдгийг л санаж үлджээ.
            Цонхоор ширтэн, бодлоо тэнүүлж суутал Амбаа маань Хөх эргэний гарам руу дөхөж яваад ёрдойсон чулуунд машиныхаа касчерийг цохиж, дороо зогсов. Муу тэрлэгээ хэдрээд машиныхаа доогуур шургаад, гарч ирлээ. Засал авахгүй нь тодорхой болж, бүх тос асгарч дууссаны ул мөрийг янзгүйхэн заалаа. Тэр наадмын нээлтээс хоцрох нь ч дүүрч гэхэд 90 жилийн ойн концертод дуулах хөг өнгөрсөнд харамсна. Гэвч бас насаараа жолоо барьсан хүн нутгийнхаа барааг харах төдий болоод эзгүй талд таг зогсчихсондоо итгэж чадахгүй байгаа нь илт. Азаар удсан ч үгүй, замын машин хоёроороо гарч ирээд, нэг нь Амбаагийн машиныг Хөх эрэгний гарам хүртэл чирж, нөгөө нь үеэл бид хоёрыг суулгаад Чандмань орохоор болоод саллаа. Удаан саатсан учраас алдарт Шалын хоолойтойгоо аргагүй шөнө тулав шүү. Энэ удаа сэрүүн явсаар Шалын хоолойд хүрлээ. Ус гол, түүн дээр татсан модон шал юу байх билээ дээ, зүгээр л тал. Эргэн тойрон энгүй их талаас өөр юмгүй. Энэ хавьд айл бараг л үгүй, дээр нь салаалсан олон замтай учир шөнөдөө туршлагатай жолооч байтугай нутгийн иргэд ч төөрдөг гэнэ. Аяны хүмүүс Шалын хоолойд нарны голтойд хүрэхийг хичээдэг нь ийм учиртай аж. Харанхуй шөнө, жижиг машин тал дундуур шороон манаруулан хурдална. Жолооч нь нутгийн хүн учраас битгий л төөрчихөөсэй гэж зальбираад, өнөөх маань ч сурамгай янзтай шулуухан давхиад байсанд нь бас ч гэж итгэл төрж байтал гэнэт зогсоод, нэг явсан замаараа гурвантаа тойрчихлоо гэх нь тэр. Шалын хоолой барахгүй даваа гэдэг үнэн байж шүү. Бид хэд бууж нүдээ дасгаад айл харлаа, эргэн тойрон бөртийх юмгүй. Жолооч тамхиа баагиулаад үг дуугарах шинжгүй. Тэгсэн өнөөх маань гэнэт хөдөлье гээд ухасхийв. Замаас салж, айл таарч юуны магад гэсэн сохор азандаа найдаад хаашаа ч юм давхиад өглөө.
            Дэрстэй бутнаас өөр таарах юм алга. Хэр удаан явсан, ахиад бас хэр удаан явахыг бүү мэд. Ер нь бидэнд мэдэхгүй юм даанч их ажээ. Өдийг хүртэл юу тууллаа, урдах ирээдүйд намайг юу тосож байгаа тухайд хар таамаг, хий найдвараас өөр юу л хань болдог билээ дээ. Хотын цутгамал хэвнээс ховхроод хөдөөгийн дүрэмгүй энэ талаар яваа маань таалагдаж эхэлж, элдэв тэнэг бодолдоо эргэцэж суутал ашгүй нэг айлын бараа харагдав шүү. Шөнийн 03.30 цагт айлын гадаа бууж, ердөө зам асуухын тулд эздийг нь сэрээх, тэгмэгц дээл хэдэрсэн хүн гарч ирээд уйгагүй гэгч зам зааж, цай уугаад гар гэж уриалгахан загнах сэлт бүгд үзэгдээгүй юм шиг цоо шинэ санагдана. Айлын эзний буянаар Шалын хоолойг гатлах замаа олж, өглөөтэй уралдан Чандмань суманд ирлээ. Энд урд хоёр удаа ирэхдээ хагас сараас илүү удаагүй байх. Тэгсэн мөртлөө миний нутаг гэж өмчирхөнө. Аавын минь төрсөн газар гэх үг л алсаас тодрох жижигхэн сум, гайхуулах юмгүй бяцхан сууринтай намайг уяж байлаа. Өөр юм ч бас бий байх.
            Сумыг ер нь юу сум болгодог юм бол оо. Чандманийг жишээлж үзье. Хөгжил дэвшлээс 1000 шахам км алслагдсан зай нь уу, нутагтаа аж төрж буйгаараа хөдөөнийх хэмээх агуулгад багтсан хүмүүс нь үү, интернэт кафе, кофе шоп, фитнесс, үгүй ядаж засмал зам, гэрлэн дохио байхгүй буурай хөгжил нь үү, эсвэл ердөө 90 жилийн өмнө хилийг нь зааглаж, Чандмань хэмээн нэрлэсэн тэр үйл явдлын үр дүн үү? Албан ёсны бичигт “Сум нь Монгол Улсын засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж юм. Нэг сум дунджаар 4200 ам.км нутагтай, 3000 орчим хүн амтай, нийт 120 сая төгрөгийн орлоготой бөгөөд үүнээс 90 хувь нь улсын мөнгөн тэтгэмжээс гардаг” гэжээ. Чандмань бол 4600 ам.км газар нутагтай, 2200 орчим хүн амтай, ерөнхийдөө дундаж түвшний сум байж таарах нь. Сумын төвдөө хүн амынх нь 40 хүрэхгүй хувь нь буюу, 890 нь аж төрдөг. Чандманий 90 жилийн ойд оролцох гэж л ирсэн, хот газрын амьдралын хэв маягт нэгэнт дассан хүнд бол уйтгарын далай адил. “Unitel”-ээс өөр утасны сүлжээ барихгүй, фэйсбүүктээ зураг оруулах тухай бодоод ч хэрэггүй энэ газар Соёлын төв, халуун усны газар, зочид буудал, цайны газар, шатахуун түгээх газар, худаг, номын сан цорын ганц л бий. Гэвч тоо биш чанарыг, боломжийг бус хүртээмжийг тооцвол эндхийн иргэд тийм ч тарчиг амьдардаггүй аж.
            Дээр дурдсан “ганцууд” сумын төв дэх мянга хүрэхгүй иргэндээ элбэг хүрэлцдэг. Дээр нь зурагтаар кабелийн сувгууд гарна. Хувьдаа музейтэй, тэнд нь XIII зууны үеийн эмээл хүртэл байдаг Соёлын төвд жилд 100 орчим соёл урлагийн арга хэмжээ болдог гэхээр сумынханд уйдах зав цөөхөн гардаг бололтой. Намайг Чандманьд хоцорч очсон орой 90 жилийн ойн нээлтийн концерт болох тухай зар элдэв сурталчилгааны хэрэггүй, ам дамжиж тарж, үдээс хойш гэхэд бүх хүн мэдсэн байлаа. Соёлын төвийн эрхлэгч нь манай авга ах Ц.Лханаажав. Манайхан Анаа гэж авгайлна. Концертийн бэлтгэл, наадмын нээлт, хаалт гээд ухаан сөхөөгүй хэд хоног гүйхдээ, намайг ирээд буцсаныг ер мэдээ болов уу, яагаа бол гэмээр л завгүй харагдсан. Улсын тэргүүний соёлын төвөөр шалгарах болзол хангасан Чандмань сумын соёлын төв 100 гаруй сандалтай. Гэтэл 90 жилийн ой гээд сумын суурин 2200 хүн дээр хотоос мөн дайны хүмүүс хүрээд ирж. Соёлын төвийн эрхлэгч санаа зовж буй нь илт. Гэвч концерт цагтаа эхэллээ. Бүх суудал дүүрч, зарим нь давхарлан сууж, завсар зайгаар нь хүмүүс зогсоод лав 220 орчим хүн эхний тоглолтыг үзэв. МУГЖ Том Жагаагаас эхлээд ардын авъяастан, сайн дурын уран сайханч хүртэл зуу шахам хүн концертийн багт багтжээ. Үзэгчид үнэлгээ, сэтгэгдлийг тайзан дээрх уран бүтээлчид сонсогдохоор дор дор нь хэлээд явчихдаг нь шударга санагдав. Тайзнаа гарсан хүн бүрийг эхлээд хэний хэн болохыг нь тодорхойлно. Залгаад зарим онцлог шинж, онцлох баримтуудыг хуучилна. Дуусмагц сайн муу, дутуу гүйцэдийг нь хэлээд туучихдаг нь хаа сайгүй нэвтрүүлмээр арга шиг санагдав. 19.00 цагаас эхэлсэн толголт зөвхөн тэр оройноо л гэхэд гурав дахиж, 02.00 цаг болоход арайхийн хөшгөө хаалаа. Дараа өдөр нь бас хоёр ч удаа тоглосноор, сумд ирсэн бараг бүх хүнд тоглолтоо хүргэж дөнгөв.
            Маргааш өдрийн тоглолт эхлэхээс урьтаж, Соёлын төвөөр орсон нь аавын нэрэмжит шатрын клубээр орох ёстой байлаа. Багадаа өвөөгөөр шатар заалгасан аав маань уйгагүй хичээллэсээр цагтаа дэлхийн шатрын аварга Тигран Петрсиантай зэрэг тоглолтод оролцож, 28 нүүдлийн дараа хайнцах хүртлээ өсөж, 1985 онд ЗСБНХУ-ын дэд мастер цол хүртэж байсан юм. Хоёр ах ааваар шатар заалган, чамбай сурч, одоо ч хаа явсан газраа өрөг дэлгэдэг болсон. Харин яг ах нарт зааж байсан үед нь би тийм жаахан байсан уу, эсвэл огт сонирхоогүй юу бүү мэд, авъяасыг нь өвлөж үлдээгүй. Нэг удаа ах нараар шатар заалгая гэтэл “Муу хүнтэй тоглохоор муу болчихдог юм” гэж томроод хаалгаагаагүй юмдаг. Аль багын явдал л даа. Түүнээс хойш бүрмөсөн орхисон. Бага ахын маань хичээнгүйлэн тохижуулсан, аавын нэрэмжит шатрын клуб таван ширээтэй, ханандаа тойроод дэлхийн аварга шатарчдын намтарт зурагтай, цөөн хэдэн гарын авлагатай авсаархан өрөө байна. Сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн сүүлийн дөрвөн жилд энд зохиогдсон гэнэ. Соёлын төвийн өрөөнд, хүн бүрт нээлттэй учир хүүхдүүдээс гадна томчууд хүртэл зав зайгаараа шатар тоглож суудаг хэмээн Анаа ярианыхаа далимд хуучилсан нь сайхан санагдав.
            Аавынхаа нутагт нэрийг нь гаргаж явах шиг бахархал хүү заяанд олдохгүй хувь байх. Намайг багаас л аавтайгаа усны дусал шиг адилхан гээд, эмээ маань бүр “Үхсэн бол эргээд төрлөө гэхсэн. Яахаараа ингэж ааш зан, царай зүс цөмийг нь дуурайдаг байна аа” гэж өхөөрддөгсөн. Удаан хараагүй авга эгчийнхээ гэрт ортол намайг харуут л уйлчихав. “Дүүгээ ороод ирлээ л гэж бодлоо шүү, миний хүү аавтайгаа яасан адилхан болоо вэ” гээд үнсэнэ. Нутгийн хөгшид, ангийнх нь хүүхдүүд, найзууд нь гээд миний танихгүй, царайг нь ч харж байгаагүй хүмүүс “Жамъян-Очирын хүүхэд мөн үү” гээд танимхайрч байсныг харахад би одоо ч аавтайгаа адилхан хэвээр аж гэж бодоод харц дээгүүрхэн явлаа.
            Хотоос баахан хүн ирнэ гэсэн сургаар сумын төвийнхөн дээр дооргүй баахан сандарцгааж, удаан ирээгүй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ тэр үү наадмын хөтөлбөрийг тав хоногт тараан байршуулсан нь буруудав. Баярын өдрүүдэд нэг бол орой хүртэл хийх юмгүй, нөгөө бол хурдан морины уралдаанаас өөр арга хэмжээгүй байсан нь баахан цалгар цаг боллоо. Хотоос ирсэн хүмүүс хувь хувьдаа л хийх ажил бодож олохгүй бол болохоо больж эхлэхэд бид гэрээрээ аавын, өвөөгийн, өвөөгийн өвөөгийн амьдарч асан газар нь одоо хүртэл аж төрж буй авга ахынх руугаа явахаар шийдэв. Түмээ ахынх сумын төвөөс 50 км-ийн зайд, Найтаастын голд буй. Манай удмынхан хэдэн үеэрээ амьдарсан болохоор бараг чулуу болгон нь түүх өгүүлмээр дотно газар. Багадаа нэг ирэхэд хориглоод гаргадаггүй байсан нутгийн уулсаар өдөржин морьтой явлаа. Хүрэмтийн уул, Илийн овоо, Эхийн хэвлий өөд гарахад уулсын эрчим надад буй бүхнээ өгөх шиг, тэдгээрийн оройгоос эргэн тойрноо харахад аавыг минь, бас намайг бүтээлцсэн ертөнцийн ширхэг чулуу нь болсон адил санагдаж байлаа. Замын турш элдвийн л юм бодогдов. Аавыгаа ямар их санадгийг, байсан бол гэж хэчнээн их үгүйлдгийг хүрээлсэн их уулс мэдчихээд, энгэр нөмөртөө бөөцийлөн аргадах ч шиг болов. Амьдралын огцом эргэлттэй үеүүдэд, нэг их баярлахаараа, эсвэл их том алдаж бүдрэхдээ хүү хүн аавыгаа хамгийн их санадаг байх аа. Ээж минь анхны ачаа үнэрлэж, эмээ болсон тэр өдөр аавыгаа би хамгийн их санаж билээ.
            Гурван хүүтэй байхын жаргал, зовлонг аав ээж хоёр минь ханатал мэдрээ байлгүй. Багахан амжилтыг минь хүртэл өөгшүүлэн дэвэргэж, гурван хүүгээрээ орсон гарсанд омгорхон бахрахдгийнхаа цаана тэр хоёр маань нууцхан охин хүүхдийн хүслэн болж явдгийг нь бид цөм гадарладаг байлаа. “Хүүтэй бол охинтой” гэдэг үгээр л хүслээ цайлгаж ярьдаг байсан нь санаанд бууна. Үнэхээр л ардын үгний шид биелэж, том ах маань нэг л өдөр найз бүсгүйгээ дагуулан орж ирж, хэвлийд нь шинэ амь бүрэлдэж эхэлснийг гэнэтхэн дуулгасан тэр өдөр аав, ээж хоёр маань лав “ниссэн” байх аа. Бараг маргаашнаас нь өвөө, эмээ болохдоо бэлдэж эхэлсэн дээ. Тэгэхэд шүлэг бичиж байна гэж үг сэглэдэг байсан би хүртэл хөөрөөд аавдаа зориулсан шүлэгнийхээ мөрийг өөрчилж,
            “Үрсээ өсгөх гэж зовсоныхоо жаргалыг
            Өвөө болохоороо мэдэрнэ ээ, та...” гэж ч билүү солиод тавьчихаж билээ. Эхнэрийнх нь хэвлийд охин үр бүрэлдэж байгааг мэдсэн тэр өдрөө ах аав, ээжид хамгийн түрүүнд дуулгаж, баярын нулимсыг нь баахан шавхсан. Аав маань сэтгэл хөөрсөндөө найзуудаа цуглуулан хэдэн өдөр ууж, тэгэх тоолондоо миний өнөө муу шүлгийг дахиулсаар байтал хэвлий дэх ураг хэдийнэ долоон сартай болсон байв. Тэгэхэд аав гэнэт ходоод өвдлөө, эмчид үзүүлтэл гайгүй шиг гэнэ, хавар ажил эхлэхээс урьтаж ер нь эмчилгээнд явж, давхар сувилуулаад ч авъя гээд эмнэлэгт болов. Хүний тэнэг барагдах биш дээ, аавыгаа сувилуулж байгаа л гэж итгээд өглөө, өдөртөө хоол дөхүүлчихээд, тавтай суухын завдалгүй гараад гүйчихнэ, би. Ээж хэдэн өдөр дараалж эмнэлэгт нь цуг байгаад ядарсан уу, нэг орой намайг хамт хоно гэв. Хичээлээ тарж очоод эргэлтийн боов чихрийг нь хуурайлчихаад сууж байх зуур аав утсаар ажил ярина. Эмнэлгээс удахгүй гарах тухайгаа хэлээд, хаврын ажлаа төлөвлөж буйг нь чагналаа. Би л болсон хойно “За энэ зун аль аймаг руу явах бол оо. Урьд очиж байгаагүй шинэ газар руу явбал сайхан даа” ухааны л юм бодож байсан байх. Тэгэхэд би 15 байсан хэрнээ эрхийн тэнэг хэвээр л байв. Эргэлтээр ирсэн найзууд нь “Жааяагийн эрх шар” гээд толгой илнэ. Харин тэр орой яагаад ч юм аав маань надтай бараг анх удаа том хүний байрнаас ярьж, сургууль төгсмөгц “Сэтгүүлч” коллежид оруулахаар төлөвөлсөн учир одооноос сонин сэтгүүл уншиж бай гэхчлэн баахан сургав. Энэ жилээс геологийн ажилд явахдаа тоглож гүйдгээ болиод, уул ус нүдэлж, нутгийн хүн амьтантай яриа хөөрөө дэлгэж, учиртайхан явахыг ч захилаа.
            Ээж өглөө эрт ирмэгц, зөрөөд би сургууль руугаа дэгдэв. Хичээлээ тараад гэртээ иртэл хэн ч алга. Ээж ажлаа тараад, гэрээр дайрах завдалгүй шууд аав руу явна гэдгийг нь мэдэж байсан учраас хоол, цай бэлдэх санаатай суутал том ах залгаж “Эмнэлэг дээр хүрээд ир” гэж байна. Би ч санаачлагатай, сайн дүү гэдгээ батлах гэж сүржигнэн, “Тийм тийм, би энд яг хоолоо хийгээд сууж байна” гэтэл “Хоол унд яах вэ, өөрөө хурдан хүрээд ир” гээд утсаа шууд таслахад байдал бишдсэнийг зөнгөөрөө ойлгох шиг болсон. Гэхдээ л тэгэхэд байж болох хамгийн муу хувилбарын тухай санаанд ер буугаагүй. Өглөөхөн үнсээд гарсан, удахгүй эмнэлгээс гарч хаврын ажлаа эхлүүлэхээр ярьж байсныг сонссон учир “Бие нь жаахан хүндрээ юм болов уу” л гэж хоосон таамаглаад яваад очсон хэрэг. Аав минь сэхээнд байлаа. Авга нараас зарим нь ирж. Авга эгч, ээж хоёр өрөөнд нь орсон, намайг бусдын хамт гадаа хүлээж бай гэв. Хөл хүндтэй бэр эгч хүртэл ирсэн харагдана. Цаг гаруй боллоо. Өдөр гэнэт бие нь муудаад сэхээнд орсон, тэрнээс хойш ухаан нь орж гараад байгаа тухай хоёр ах маань хэлэв. Би оръё гэтэл эмч халгаасангүй. Ахиад хэдэн минут өнгөрлөө. Тэгтэл ээж гэнэт уйлаад гарч ирэв. Гүйгээд очих зуур авга эгч араас нь бас гараад ирэв. Ээж юу ч хэлэлгүй уйлаад л... Авга эгч харин эмчтэй хэд гурван үг солиод, ах бид гурвыг дуудаж “Аав чинь бурхан боллоо” гэж ердөө дөрөвхөн үг л хэлсэн. Итгэж, хүлцэж, хүлээж авахад ухаан сэтгэл хүрэмгүй, гэвч итгэж, хүлцэж, хүлээж авахаас аргагүйд хүргэдэг үнэнийг өмнө минь шууд л босгоод тавьчихсан дөрвөн үг....
             Алтайн уулстай хамт аавыгаа нэг дурслаа. Аав өөрөө уул болчихсон шиг санагдав. Буцаад ирэхэд авга ах маань тослоо. Инээсээр ирээд, үнсээд буулгав. Алтайн хөх харчуудын үггүй “яриа” ийм л байдаг даа.
            Ээж дайнаас ирсэн хүүгээ угтах шиг сүржигнээд “Ядрав уу, өлсөв үү” гээд сүрхий.  Цай хоолоо идчихээд сумын төв рүү хөдөлье гэж байна. Цаанаас нь нугасны дэгдээхэй шиг хэдэн юм шаагилдан, гүйхээрээ ирээд тошлой нэхнэ. Тэдний хамгийн том нь аавыг бурхан болсноос ердөө хоёрхон сарын мэндэлсэн Т.Одончимэг билээ.

            Наадам ч яахав болдгоороо болсоон. Бөх барилдаж, сур харваж, морь уралдаад дууссан. Ойн уртад залхсан гийчид хотын зүг цуваа болж, өчигдөрхөн хүний хөлд хөлчүүхэн дайвалзаж байсан сум урьдын хэвээрээ эл хульхан хоцорлоо. Хэзээд л ийм байсан сумын төв хэн ч ирээгүй юм шиг гунигтайхан үлдсэн тэр өдөр би ч бас гэрийнхээн зүг хөдөллөө. “Хаа нэгтээгээс буцах зам, тэр дундаа харанхуй шөнөөр буцах зам хэзээд гунигтай” нь үнэн ажгуу. 

Aug 26, 2014

Атаархах зүйл буй


        “New Economic foundation” байгууллага дэлхийн улсуудын аз жаргалын индексийг шинэчлэн нийтлэв. Нэг хүнд ногдох ДНБ, хүний хөгжлийн индекс, баян хоосны ялгаа, дундаж наслалт, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх зэрэгт үндэслэн жагсаахад Коста Рика тэргүүлж, Вьетнам, Колумб, Ямайк удаалсан байна. Уг жагсаалтад Хойд, Өмнөд Солонгосын талаарх мэдээллийг оруулаагүй нь сонирхол татав. “New economic foundation” байгууллагын зүгээс “Хойд Солонгосын иргэдээс амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх талаар санал авах боломжгүй юм. Мөн тус улсын санхүүгийн болон бусад мэдээлэл нууцлагдмал учраас бид жагсаалтад оруулсангүй” хэмээн мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосыг оруулаагүй шалтгаан нь хоёр улсын индекс эрс зөрүүтэй гарах учраас үүнээс үүдэж үл ойлголцол бий болохоос сэргийлсэн байж болзошгүй юм. Энэ үйл явдал ингэсхийгээд намжлаа. Тэгтэл Хойд Солонгосын “агуу их худалч” хочит “Чосон” телевизээр дээрх үйл явдлын тухай мэдээ засвартайгаар хүрсэн тухай “Синьхуа” цацаж, тэр нь дэлхий даяар түгэв ээ.
Тэрхүү мэдээлэлд нь “Дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргахад бидний анд нөхөр Хятад улс итгэл төгс тэргүүллээ. Агуу их удирдагчийнхаа ухаалаг бодлогоор хөгжлийн зүг явж буй манай улс хоёрдугаарт жагссан баярт мэдээг толилуулж байгаадаа баяртай байна. Харин янки зулбасганууд (АНУ) 203 дугаарт орж, сүүл мушгисан бол тэдний гар хөл болсон Өмнөд Солонгос 152 дугаарт бичигджээ” хэмээн сурталджээ. Мэдээж, эл мэдээлэл цөөнгүй хүний инээдийг хүргэсэн нь лав. Бүр “Time” сэтгүүл “Хойд Солонгос дэлхийн хамгийн аз жаргалтай гүрэн мөн гэж үү” хэмээх ёожилсон гарчиг дор дээрх мэдээллийг нийтэлжээ. Тийм ээ, бидний ойлголтоор Хойд Солонгос дэлхийн хамгийн аз жаргалгүй гүрэн, бөмбөрцөг дээрх цор ганц “тамын орон” мөн байх. Гэхдээ зөвхөн бидний ойлголтоор шүү.
“Лос Анжелес таймс” сонины сэтгүүлч Барбара Демикийн шуугиант бүтээл “Атаархах зүйл үгүй” (Nothing to envy) ном 2009 онд худалдаанд гарч, эл хаалттай гүрний талаарх нүцгэн үнэнийг уншсан хүмүүс ямар гээчийн диваажинд амьдарч буйгаа илүү ихээр мэдэрсэн байх. Энэ улсад интернет кафе ганцхан бий. Иргэд нь “Facebook”-т амьдралаа хүүрнэж, “Twitter”-ээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэдний ихэнх нь дэлхий дээр интернэт гээч бий болж, хүмүүс хоорондоо хялбар харилцдаг болсныг, гар утсаар дамжуулан Өмнөд Солонгос дахь хамаатан садантайгаа холбогдож болохыг мэдэхгүй л яваа. 2008 оны дөрөвдүгээр сарын 8-нд цус нэгт, Өмнөд Солонгосын анхны, Азийн хоёр дахь эмэгтэй сансрын нисгэгч Ю Со Ен “Союз ТМА-12” хөлгөөр огторгуйд зорчсныг тоогоогүй хэрнээ, хэзээ нэгэн цагт янки зулбасгууд, өмнөдүүд дургүйг нь хүргэвэл тэднийг газрын хөрснөөс арчих цөмийн зэвсэгтэйдээ баярладаг. ЗХУ задарсан тул эрчим хүч нийлүүлэхээ зогсоож, өнөөдрийг хүртэл үзүүлэнгийн нийслэл Пхеньянаас бусад хотуудад мөнхийн харанхуй үргэлжилж буй. Ердөө л энэ мэт шалтгаар бид хойд солонгосчууд Аз жаргалын индексийн сүүлд орох ёстой хэмээн итгэдэг. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай нүүр тулаагүйдээ битүүхэн баярлаж байгаа. Гэвч энэ үнэхээр гашуудал мөн үү, бид тэднээс илүү дээр, аз жаргалтай амьдарч буйгаа хэрхэн батлах вэ?
Гэрэл, цахилгаангүйн улмаас Хойд Солонгосын үйлдвэрүүд зогсож, шөнийн хотын гудамж нэлэнхүйдээ харлаж харагддаг болсон гэнэ лээ. Үйлдвэрүүд ажиллахгүй учраас утаа гарахгүй. Тийм болохоор Хойд Солонгосын тэнгэр хамгийн цэлмэг нь, шөнийн тэнгэрийн одод нь бариад авмаар ойрхон, бас тод харагддаг гэсэн. Хүчирхэг төрийн нударган дор өчнөөн жилийг үдсэн учраас хүмүүс нь хүсэл, шуналаас ангижирсан гэлтэй. 1970 онд анх дэлгэцнээ гарсан “Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй” кинонд иргэд нь дуртай. Эл киноны төгсгөлд эгшиглэдэг ижил нэртэй хүүхдийн дуу Төрийн дууллаас нь өөрцгүй, үнэ цэнтэй. Тэргүүнд нь ганцхан Коммунист нам л байдаг учраас улс төрийн үзэл баримтлалаар талцдаггүй, төрдөө хүсэл, шуналаа тулгадаггүй. Дорой яваагаа төр, засгийн буруу гэж асдаггүй, өөрөө хичээвэл болно л гэж итгэцгээдэг. Залуус нь Америк, Англи шиг оронд амьдрахыг мөрөөддөг үе тэнгийн азиудаас ангид. Эх орондоо ажиллаж, бүтээн байгуулалтад гар бие оролцох нь тэдний эхний бөгөөд эцсийн сонголтгүй хувилбар. Хоёр дахь Америк болохоор зүтгэж буй өмнөд хөршөө бодвол солонгос үндэсний онцлог, соёл, уламжлалаа тэд өнөөг хүртэл тээж яваа. Импорт нь ердөө 3.5 тэрбум ам.доллар. Хэрэгцээт зүйлсийнхээ ихэнхийг дотооддоо үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтийг сөхрүүлсэн санхүүгийн хямрал тэдэнд нөлөөлөхгүй. Тэртээ тэргүй зүдүү амьдардаг юм чинь гэж даапаалж болох. Гэхдээ л санхүүгийн болоод батлан хамгаалах хүчний хувьд бүрэн бие даасан цөөн хэдэн улсын нэг.
Хүн төрөлхтөн зохист хэмжээнээс хол алхаж, хэтэрхий гэмээр хөгжсөн гэдэгтэй санал нийлмээр үе гарах. Мэдээллийн утгагүйдэл бий болж, жаахан хүүхдүүдийн мэдэхгүй зүйл цөөн болсонд гайхмаар. Ардчиллын буянаар хүмүүс юу дуртайгаа хийдэг болов. Гэвч энэ “юу дуртай” дотор эрээ цээргүй зүйлс олон бий. Тэдгээр нь бидний хяналтаас хэдийнэ гарсан. Харин Хойд Солонгос даяаршлын давалгаанд бохирдоогүй, харин ч тойрч яваа.
Барбара Демик тэндхийн аядуу, уйтай байдлыг “Хойд Солонгост цаг хугацаа 1970 он хүрээд зогссон мэт” хэмээн дүрсэлжээ. Магадгүй, дэлхийн хөгжил 1970 онд хүрээд зогсох ёстой байсан байх. Хэрэв хөгжлийн хэмнэл түр ч атугай амсхийж, бид хаана буйгаа, хаашаа зүглэж буйгаа эргэцүүлэх боломж олдсон бол дэлхий дээр орших бидний хугацаа бага ч гэсэн уртсах байж мэднэ. Бид эргэцүүлж амжаагүй учраас л, хэмнэл дагаж хэтэрхий хол алхсан учраас дэлхийн амьсгаа бачимдаж, цаг уурын дулаарал, озоны давхарга цоорсон, олон зүйлийн амьтан, ургамал сүйдсэн зэрэг урьдаас тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулав. 200 жилийн дараа энэ гариг дээр хүн амьдарч болох уу, үгүй юу гэдгийн хариултыг ч өнөө хэр олоогүй л явна. Харин тэд өөр.
Бидний ихэнх нь интернэтгүйгээр маргаашаа төсөөлж чадахгүй болтлоо хүлэгджээ. Харин ахуйн элдэв хүлээснээс ангид хойд солонгосчууд хоосон хонолоо ч “Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй” гэх үгэндээ итгэн, урам зоригтойгоор сэрж чадна. Дэлхийн улс орнуудын аз жаргалын индекст Хойд Солонгосын талаарх баримтыг нийтлээгүй ч оносон мэт. Тэдэнд энэ дэлхий дээр атаархах зүйл үгүй юм чинь. Харин бидэнд л буй.

Aug 18, 2014

Эрхтний хүүрнэл




Өөрөөсөө асуугаад үз: Би бэлгэ эрхтнийхээ тухай хэр ихийг мэдэх билээ? Мэдээж, нэг их сонирхолтой санагдахгүй учраас та энэ асуултыг алгасах нь лав. Тэгвэл асуултаа өөрчилье. Дэлхий дээр амьдарч буй 3.5 тэрбум эр эрхтний талаар эрхтний шинжээч юу хэлэх бол? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд эхлээд чин шударга эрхтний шинжээчтэй холбогдох хэрэгтэй болно. Гэвч би эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү явсангүй. Эрхтний тухай шүүмжлэлийг надтай учирч байсан эмэгтэйчүүд л хамгийн сайн хэлж чадна. Тэдний эрэлд гарч, хариултаа ч олсноо дор хуваалцах гэж байна (Чухам үнэн бидний сонсохыг хүссэнээс өөр байдаг нь гачлантай юм даа).
“Чиний эрхтэн жижиг лав биш” хэмээн Л шулуухан хэллээ. “Дунд зэрэг, хатуу, бас ажилдаа сайн” гэж урамшуулахаа ч мартсангүй (Яамай даа). Учирч байсан эрчүүдээсээ үүдээд тур дундаж хэмжээтэй эрхтэнд дуртай болсон гэнэ. Нэг удаа гал сөнөөгч залуутай унтсан тухайгаа надад ярихдаа нүдээ учиргүй том болгоод, гартаа дарсны шилний хэмжээтэй зай авав. “Түүний эрхтэн, ээ бурхан минь азарганы сэлдий л гэсэн үг. Даанч би гүү биш болохоор бидний сексийн харилцаа удаан үргэлжлээгүй юм даа” гэв. Хэмжээ! Мэдээж хамгийн чухал үзүүлэлт. Төмсөгний хэмжээ ч бас үүнд хамаатай байдаг аж. Л миний төмсөгийг хэвийн хэмжээтэй гэж байна. Хэвийн бус хэмжээний төмсөгтэй хүмүүс байдаг гэж үү? гэж намайг асуухад Л өөрийн туршлагадаа үндэслэн “Тийм шүү” гэв. Тэр нэг удаа бараг  шинжлэх ухааны олдвор болохуйц том төмсөгтэй эртэй унтсан аж. Түүний эрхтэн бас муруй байсан нь тэр эрийн тухай баяр хөөртэйгөөр хэлэх нэг шалтгаан нь гэнэ.
Түүнд миний эрхтний таалагддаг нэг зүйл нь зөөлөн-хатуу чанар гэлээ. Би эхэндээ ойлгосонгүй. Тэр дахиад нэг залуугийн тухай ярилаа. Түүний эрхтэн хэтэрхий, дэндүү, үнэхээр хатуу байсныг тэр ганжтай зүйрлэв. “Түүнтэй секс хийх нь яг л харь гаригийнхны туршилтад орж байгаа юм шиг жигтэй, тухгүй” гээд ярвайв.
“Бусад нь чиний эрхтний тухай юу гэж байх юм, тэгээд?” гэж С хэрүүлийн шинж чанартай хэлэхэд нь тэр ч минийхийг гомдоох үг л хэлэх нь дээ гэж би бодов. Би түүнд чамайг хэлсний дараа хэлье гээд хариулт авахыг хүслээ. “За яахав”, гээд жуумалзсанаа “Чинийх дундажаас жижиг, гэхдээ тойрог нь намайг гонсойлгохооргүй байсан шүү” гэв. “Зөвхөн эрхтний чинь тухайд гэвэл ахиад уулзахад асуудалгүй, гэвч чи өөрөө бол хөгийн новш...” бла бла бла. Тэр угаасаа түргэн ууртай хүн, ингээд зогссон нь дээр.
М л яг үнэнийг хэлнэ дээ гэж бодоод түүнтэй холбогдов. Бид хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзаж байсан ч, гэмгүй хэдэн жаргалтай шөнийг хамт өнгөрүүлсэн болохоор түүнд найдлага тавилаа. “Би амьдралынхаа турш гурван оронтой тоогоор тоологдох эрхтэн харж байсан...” гээд эхэлж байна (Чи ч тэгнэ л дээ). “Хэрэв жижгээс том хүртэл нь 100 оноогоор үнэлбэл... чинийх багцаагаар 33-т орох байх” гэв. Өчигдөр үсчний хүлээлгийн суудалд зэргэцэн суусан гурван эрийн хоёр нь минийхээс том, нэг нь надаас жижиг байсан байх нь. Тэгээд би түүнээс ийн асуув. Хэрэв минийх дундажаас доогуур, гэхдээ урам хугарахаар биш юм бол чиний үзсэн “маш жижигхэн” нь ямархуу байсан бэ? М надад найз бүсгүйнхээ нөхрийн тухай ярив. (Эмэгтэйчүүд хоорондоо эрхтний тухай тийм их ярилцдаг л юм байх даа?).
“Тэрний эрхтэн бол минимализмын сонгодог жишээ гэсэн. Түүний эрхтнийг хөхнө гэдэг яг л өөрийнхөө хэлийг хөхөж байгаа юм шиг санагддаг гэж найз бүсгүй маань хэлсэн гээч” гээд хөхөрч гарав. Тэгснээ “Ээ бурхан минь, би үлдсэн амьдралынхаа турш хуруугаараа л орлуулчихаж болмоор эрхтэнтэй эрийн дор хэвтэх юм гэж үү дээ” гэж бодоод салах тухай бодсон ч тэр хэтэвчнийх нь зузааныг санаад тэнэг бодлоо авч хаясан даа” гэв. Бурхан бүгдэд өгөөмөр ханддаг гэдэг ч тэгвэл худлаа юм шив гэж намайг хэлэхэд тэр “Үгүй дээ, тийм тохиолдолд бусад ажилдаа сайн байх хэрэгтэй. Түрийвч зузаанаас гадна гар, хэл хоёр нь гайхамшгийг мэдрүүлэхээр чадварлаг учраас л найз хүүхэн маань хиймэл эрхтэн авах гэж секс шоп зүглэх тухайгаа ч мартсан юм” гэж М хэллээ. Найз хүүхэн нь гэлтгүй түүнд ч бас ижил түүх тохиож байсан аж. Гурван оронтой тоогоор хэмжигдэх эрхтэн дотор юу эс багтах нь аргагүй ч биз. 
Тэр надаас порно үздэг хэвээр үү гэхэд нь тийм л гэв. Тэгсэн М миний нөүтбүүкийг өөррүүгээ эргүүлээд  www.pornhub.com гэж бичлээ. “Харав уу” гээд порно киноны жагсаалт биш хажуугийнх нь баннер руу заатал тэрэн дээр “Bigger is not always better” гэж бичсэн байлаа.
Эрхтний тухай яриа түүнд таатай байгаа бололтой, намайг асуулт асуух завдалгүй ярьж гарав аа. “Эрхтэн бол “Subway”-ийн сэндвич биш. Энэ бол хэрэгсэл. Бас энэ амьд зүйлтэй үрэлцдэг. Эмэгтэйчүүд бид нар хэдий өлссөн ч түргэн хоолны газар очоод та нар шиг том сэндвич биш, амттай сэндвичийг илүүд үздэг. Би нэг удаа 27 см урт эрхтэнтэй залуутай унтаж байсан. Хэрэг гаргаж хэмжсэн учраас би ийм сайн мэдэж байгаа юм. Гэтэл, гэтэл... тэр даанч залхуу. Новшийн боов нь ч ялгаагүй. Ёстой л шугамаар хэмжихээс өөрөөр ашиглагдахааргүй эд. Нэг үгээр хэлбэл үлбэгэр. Миний амьдралын хамгийн сайхан секс амтлуулсан залуугийнх бараг чинийхаас ч жижигхэн байсан (бараг гэнэ шүү). Гэвч түүнийгээ ажиллуулах чадвар, гараа ашиглалтыг нь ээ. “Life is Beautiful”-ийн Роберто Бенини л орон дотроо тийм байдаг байх”гэв. Нэгэнт ам нь халсан түүнээр 200 бэлгэ эрхтний тухай яриулахыг хүсээгүй учраас бушуу салахын түүс боллоо.
Энэ бүхний эцэст би санаадгүй тохиолдлоор “Man’s Health” сэтгүүлээс эрэгтэйчүүдийн эмч Стевен Ламмын ярилцлагыг олж уншив. Танд ч бас хэрэг болж магад гээд сонирхолтой хэсгийг нь оруулахаар шийдлээ.
“Эрхтэн бол чиний эрүүл мэндийн барометр. Хэрэв өглөө босоход эрхтэн чинь “асаалттай” байвал маш сайн. Энэ нь чи урьд шөнө маш сайн амарч чадсанаас гадна тестостероны хэмжээ хэвийн, бие чинь бүхэлдээ цоо эрүүл байгааг илтгэнэ. Тогтмол секс хийх ёстой гэдгийг бүгд мэддэг ч чухам юунд тустайг тэр бүр мэддэггүй. Эрхтэн рүү чинь шинэ цус сэлбэгдэнэ. Шинэ, хүчилтөрөгжсөн цус.Юу эрхтэнд чинь муу вэ гэвэл тамхи, таргалалт, стресс. Эрхтэнд чинь муу гэж сая бичсэн бүхэн эрхтэнд чинь үнэхээр муу гэсэн үг. Юу эрхтэнд чинь сайн бэ гэж үү? Бодоод үз. Хэрэв чи Ferrari-тай бол машиндаа хамгийн сайн чанарын шатахуун л хийхийг хүснэ биз дээ. Эрхтэн чинь чиний Феррари л гэсэн үг. Тиймээс эрүүл хүнс идэж бай. Кокоа, жимс, хүнсний ногоо, загас, В витамин. Хамгийн чухал ойлголт бол: Эрхтэнд чинь сайн гэж дээр бичсэн бүхэн эрхтэнд чинь үнэхээр сайн гэсэн үг”. 

Jul 22, 2014

Инээмтгий хүн



Сэтгэл санаа шар айрагны хөөс шиг сагаж байгаад гэнэт юу ч үгүй хоосрон унаж,  балгах тоолон хамт суугсадаас холдсоор, шилтэй хүрэн дундрах тусам бодол дарсаар би бид хоёр нэг л мэдэхэд эрүүлийн талбарт ирсэн байдаг. Биелээгүй хүсэл, учраагүй хүмүүс, тохиогоогүй үйл явдал, бүх алдаа, бүх муу талаа дундаа овоолоод шалтаг болгон өөрийгөө хэмлэж гарна. Хэрэв үүр хаяармагц хамт уугсад нэг нэгээр гэр бүлийн олсондоо татагдан одож, эргэн тойрон чиний л адил ганц бие нөхөд, зарим тохиолдолд чи ганцаараа үлдэх тэр хорлонтой мөчийг мэдэрсэн бол уу! Хүүхэдгүй, эхнэргүй, ажилдаа сэтгэл хангалуун биш, нөхдийнхөө дунд хүндэтгэлгүй, товчхондоо амьдралгүй нэгэн үлдэж хоцорсон нь тэр. Ингэж “өнчрөх” муухай шүү. Харихын өмнө халаасаа тэмтэрнэ. Гэвч үүнээс урд дотоодоо тэмтэрнэ. Надад юу байна вэ? Дотор минь дүүрэн, гэвч уй гуниг л.
Өдрийн ихэнхийг баяр хөөр дунд өнгөрөөдөг хүн, би. Хамт ажиллагсадтайгаа маазарна. Зүсэн зүйлээр хөхин баяссаар сая үдэш болно. Гэвч угтаа би чинь гэрэл гэгээ цацруулсан жаргалтай хүн биш шүү дээ. Инээдээр царайгаа хучдагийн хүчинд би өөрийгөө нууж чаддаг. Үнэндээ хамгийн сайн найз маань ч миний тухай хамгийн энгийн нууцыг мэддэггүй. Намайг гомдвол, уурлавал, гуниглавал тэд аргадаж чаддаггүй. Дуугаа хураачихвал хэрхэн бөөцийлөх аргаа олохгүй. Уг нь хэнд ч бусдын дэм, ядахнаа доторхоо юүлэх “сав” хэрэгтэйсэн. Хамгийн их асуудалтай хүн л хамгийн “юу ч болоогүй” царайг гаргаж чаддаг байхаа ер нь. Нуусаар, дотроо хураасаар гуниг, гутрал, бэрхшээл, асуудал нь дүүрчихээр тэндээ царцаад ер нь гарч өгдөггүй ч байж мэднэ.
 Чаддаг байсан бүхнээ чадахаа байсныгаа, залхуурч юмнаас хойш суух нь элбэгшсэнийг, итгэл хариуцлага алдах нь олширч, хүсэл мөрөөдлийнхөө зүгт яваа гэвч санасан шигээ хүч гаргахгүй байгаагаа ярьмаар. Өөрийгөө чамласаар, зэмлэсээр өдрийг бардаг болсноо, өөрөө үүнд дургүй боловч, яахаа мэдэхгүй байгаадаа тайлбар олохсон. Нэг тийм хатуу, үнэн дагуулсан мөртлөө цаанаа хайр бий нь мэдрэгдсэн, үг нь ширүүн ч, буулт нь зөөлөн, чангаар эхлээд зөөлөн үнсэж төгсдөг аавынх шиг зэмлэл хүртэхсэн. Тэгээд дотор үүрлэсэн энэ бүхнийг юүлж хаяад амгалан болохсон. 
Азаар шинэ өглөө ирж байна, бушуухан “инээх” минь!