Sep 21, 2012

Ургаж буй бүхэнд атаархнам



Ургаж буй бүхэнд атаархнам. Миний байхгүй ирээдүй түүний мэдэлд байгаад, төсөөлөлд нь, мөрөөдөлд нь, ургаж буй түүнд бас атаархана. Улайм цайм таван хуруугаа гозойлгочихоод “Би дөрван настай” хэмээн хэнбугай ч үнэмшмээр эгдүүтэй хөөрхөн харцаараа итгүүлж дөнгөдөг дүү маань энэ жил сургуулийн босго алхав аа. “Үлгэрт гардаг гүнж нар бүгдээрээ ухаантай, сайхан сэтгэлтэй байдаг болохоор би ийм “юм”-тай болох гээд сургуульд явж байгаа” хэмээн ярих тэрбээр 2008 оны тавдугаар сарын 7-нд буюу Их Британийн хатан хаан Мэри Моденагийн насан эцэслэснээс яг 300 жилийн дараа миний ээжийн анхны ач нь болж ирсэн юм. Эл өдөр 100 мянган охин дэлхийд мэндэлсэн гэх бөгөөд тэдний чухам хэд нь гүнж болохоор шулуудсан юм, хэн мэдлээ. XXI зууны эхэн үе гэдэг дэлхийд шинээр мэндлэх “сахиусан тэнгэр”-үүдэд чухам тохиромжтой мөч хэмээн Стивен Хокин бичсэн байдаг юм. Нийгмийн хөгжил чухам хааш, юуны зүг хөвөрч буйг мэдэхгүй ч хаанаас ирснээ барим, тавим санагалзаж буй ажээ, бид. Харин мөнөөх тодорхойгүй байгаа ирээдүй нь хүсээд байх зүйлээр дутмаг, нэг тийм робот маягийн, “жинхэнэ хүн” өсөж, торних боломжгүй гэдэгт зөрүүд Хокин итгэдэг. Хүн хүнээрээ байх хамгийн сүүлийн боломжит үед дүү Т.Одончимэг маань мэндэлсэн ажээ.
            Хоёр хүүтэй айлын гурав дахь нь болж мэндэлсэн учраас гэр бүл дэх миний байр суурь парламентын сөрөг хүчний өнцгөөс хэтэрдэггүй байв. Харин тэр маань охины мөрөөсөл болсон манайх гэдэг айлд ёстой л гүнжийн дайтай эрх мэдэлтэйгээр ирсэн юм даа. Аав минь амьд сэрүүндээ яг түүн шиг бяцхан гүнжийг өвөр дээрээ суулган, эрхлүүлэхийг хүсдэг байв. Гурван хүүтэй байхын жаргал ч, зовлон ч бас бий хойно. Том хүүгийнх нь гэргийн хэвлийд долоон сартай ураг бойжиж байх зуур, өвөө болохоор зэхэж байсан аав минь тэнгэрийн орныг зорьсон. Магадгүй тэсгэл алдаад, тэр гүнжийн дүрээр бидэндээ эргээд ирсэн байх гэж бид итгэдэг.
Ээж маань эрэгтэй хүүхэд өсгөх жорыг гурвантаа туршсан, бас ч гэж багагүй туршлага хуримтлуулсан байтлаа охин ачаа хэрхэн өсгөх тухайд дам сонссоноос цаашгүй байлаа. Тийм болохоор ахад, бас бэр эгчид маань зөвлөх, туслахдаа маруухан, гэхдээ л тэрхүү бяцхан гүнжтэй хатан хааны байрнаас бус эгчийн, зарим үед асрагч эхийн ёсоор дотночлон харилцаж буй юмдаг. Харин охидыг бол шоглож явснаас өөр намтаргүй түүний аав, бас авга ах нь хэмээгдэгч хоёр эрийн хувьд эмэгтэй хүнтэй харилцах харьцаа нь цоо шинэ шатанд гарсан явдал болов оо. Бидний багадаа тоглож асан “Болтрон”, ногоон өнгөтэй хуванцар цэрэг, үрлэн сумтай буу байдаг асан тоглоомын тавиурт барби, бамбаруушны чихмэл сэлт байраа эзэлснээр тэр дархан эрхээ баталгаажуулсан.  
            Дүү маань их л дотогшоо хүн болж төлөвшиж байгаа санагддаг юм. Зарим үед Хокины бичсэнтэй санал нийлэх үе гардаг нь, өнөөгийн хүүхдүүд бие биенээсээ их л хол өсөж буйтай холбоотой байх. Бид бол нэг гудамжныхаа найзуудтай хамт “шороо идэж”, хашаа болгоны хүүхдүүдтэй нар жаргатал дэггүйтдэг байв. Харин өдгөө болохоор өглөө, өдөр, үдшийн алинд ч гудамжинд хамт тоглож яваа хүүхдүүд харагдахаа байчихаж. Энэ нь эцэг эх нь гэрийнхээ түлхүүрийг хүзүүнд нь зүүж өгөөд ажилдаа явж зүрхэлдэг, тэр хэрээр эргэн тойрныхондоо итгэдэг үе дуусаж буйтай, зурагт, компьютер, ухаалаг гар утас зэргээр хүүхдийг сатааруулах “шид” олон болсонтой холбоотой байх.  Тийм болохоор миний дүү ганцаардал дунд, гэртээ байх том хүмүүсийн тойронд л өндийж байна. Ярианы сэдэв нь том хүнийрхүү талдаа. Ээж, аавынхаа гар утасны бүтцийг тэднээс ч дутахгүй мэддэг, компьютер асаагаад тоглоомоо гаргаж дөнгөдөг, гэр бүлийн элдэв маргаан болоход өөрийн болон бусдын эрх ашгийг хамгаалах зорилготой үг хэлж чаддаг болжээ. Ердөө таван нас хүрч яваа хэрнээ Н.Энхбаяр гэж ямар хүн болохыг, яагаад тэр зурагтаар олон гарах болсны учрыг мэдэхээр асуулт тавьж зүрхэлдэг. Энэ хэрээр үеийнхэнтэйгээ харилцахаас цааргалах талдаа.
            Түүний эмээ буюу миний ээж бага ангийн багш. Энэ жил анх удаа сургуульд орж байгаа дүүд маань Хичээлийн шинэ жилийн нээлтэд ахлах ангийн сурагчийн хамт хонх жингэнүүлж, Есдүгээр сарын нэгэн болсныг зарлах үүрэг ногдсон юм. Харин тийм олон хүн өөр рүү нь харж байхыг урьд үзээгүй, мөн гэртээ ч ганцаараа байхыг илүүд үздэг дүү маань тэрхүү хүндтэй үүргийг гүйцэтгэж дуусталаа доош тонгойж явсан хэмээн орой нь ээж, аав нь зэмлэж байхыг сонслоо. “Би даараад байсан юм, маргааш очоод тэр хонхыг нь ахиад дуугаргачихъя” хэмээн өөрийгөө өмөөрч байна, тэр. “Сүүлийн үеийн хүүхдүүд хичээл дээр их томоотой байх болжээ, бие биетэйгээ нийлж дүрсгүйтэх нь ч багассан байна” хэмээн ээж маань хааяа ярьдаг. Бяцхан гүнж маань хүнийрхүү нийгэмд, хүнээс хол өсөж байгаад нь харамсах сэтгэл төрөх боллоо. Гэр бүл гэх цомхон, бараг вакуум гэмээр орчинд хүмүүжиж байгаа нь хайран.
            Залуу эцэг, эхчүүд цаг үе нэг л биш болж буйг мэдэрч эхэлснээр хүүхдээ багаас нь хөгжүүлэх талд анхаарах болсон байна. Түүний ээж, аав хоёр л гэхэд охиноо төгөлдөр хуур, балетийн дугуйланд хамруулах, арван нас хүрэхээр нь англи хэлний сургалттай сургуульд шилжүүлэх тухай ярьж эхлэв. Тэр хэрээр багаас нь том хүн шиг хандах, үүрэг хариуцлага ногдуулах тал ажиглагддаг. Харин энэ зуур дүүгийн минь “далавч”-ийг л битгий тасадчихаасай гэж би хувьдаа хүсдэг. Аав нь түүнд “Гүнж гэдэг мэргэжил байдаггүй юм аа” хэмээж урмыг нь хугалсан сурагтай. Хүүхэлдэйн кино үзэх цагаас нь хумсалж, гэрийн даалгавар сэлтээр бөмбөгдөх болж. Үүний нөлөө ч байж мэднэ, тэр маань том хүн болоход л жигтэйхэн яардаг болов.
Авга ахынх нь хүүхэд болох гурав, нэг ойтой хоёр ч дүү түүнд бий. Бас түүний ээж удахгүй маамуулах гэж байгаа. “Би гурван дүүтэй юм чинь том аниа... сургуульд явдаг том хүн болсон...” гэж л ярина. Өөрөө гүнж болчихоод дүүгээ “гүнжийн дүү, жижигхэн гүнж” болгоно л гэнэ. Бодит амьдралын бүхий л хориг цээрээс даван, жинхэнэ хязгааргүй мөрөөдөх эрх чөлөө нэвт ханхалдаг үнэ цэнэтэй мөчөөр тэр бялхаж буй. Хүүхэд насны цагаан дэггүйтэлд л хууль үйлчилдэггүй болохоор орчлон бүхэлдээ түүний мэдэлд байна. Үггүйгээр харилцаж, хайрлуулж, томчууд бидний хүчлээд ч ой ухаандаа зураглаж чадахгүй үлгэрийн мэт бодол, төсөөлөлдөө итгээд л. Бохир нийгмийн бараан тоосыг тоож наахгүй бардам амьтан ч бол доо.
Гэвч өглөө сэрэх бүртээ тэр маань “өтөлж” буй. Хэтэрхий хэрсүү ярианаас нь гэгээн шид нь цухас цухсаар арилаад ч байх шиг. Чиний гэгээн бодол, төсөөлөл үгүй учраас л “том хүн”-ий амьдрал уйтай байдаг юм. Энэ амьдрал биднээс тийм ч ихийг хүсдэггүй юм аа гүнж минь, чи өөрөө л бэлэг шүү.

Sep 3, 2012

Ото



Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 18 удаагийн аварга “Ливерпуль” баг энэ жил нэг л одгүй байна. Ердөө нэг тэнцээ, нэг хожигдолтой яваа нь багийнханд ч, фанатуудад нь ч хүнд цохилт болж буй нь мэдээж. Ж.Отгонцагаан буюу Ото ах энэ мэдээнд сэтгэл дундуур яваа олон сая фанатын нэг. Бидний ярилцлага хийх өдрийн өмнөхөн тус баг “Манчестер Сити”-тэй 2:2-оор тэнцсэн даруухан амжилт үзүүлсэн болоод ч тэр үү. Хаа холын Английн баг бидэнд ер ямар хамаа байх вэ. Тэдний хожих, хожигдох нь маньд огтоос чухал бишсэн. Гэвч өөрт огт хамаагүй нэгэнд санаа тавих, ялалтын уухай, ялагдлын гашуунд ХҮН хэвээр буйгаа мэдрэхэд л спортын нандин чанар буй. 
“Английн хөлбөмбөгийн багийг нэг монгол хүн дэмжээд яах ч юм билээ гэж бодож болно. Гэхдээ тэр багийг дэмжиж, хамтдаа баярлаж, хямарч, зовж, үүнээсээ кайф авч, амьдралын утга учрыг бүр ихээр мэдэрнэ. Спорт, тэр дундаа хөлбөмбөгийн хүнийг татах чанар энд л буй. Хүмүүс юм болгонд өөрт ашигтай хувилбарыг сонгодог бол амьдрал хэчнээн уйтай байх бол оо” хэмээн яриагаа эхэлсэн энэ эрхэм саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол хүртсэнийг та бүхэн дуулсан нь лав. 
Үүнээс дутахгүй том хүндлэлийг тэрбээр ОУОХ, Лондоны олимпийг зохион байгуулах хороо, Олон улсын спор тын сэтгүүлчдийн холбооноос хүртсэн. Өвөл, зуны олимпийг арваас дээш жил сурвалжилсан дэлхийн спортын шил дэг 100 сэтгүүлчид хүндэтгэлийн шагнал гардуулахад Азийн дөрвөн орны, тэр дундаа Монголын төлөөлөл багтсан нь Ото юм. 1992 оны Барселоны зуны олимпоос Лондон хүртэл тэрбээр нийт 11 олимп сурвалжилсан аж. “Анхны олимпоо сурвалжилснаас хойш 20 жил өнгөрчээ. Уг нь би ОУОХ-г төлөөлж, менежерийн шугамаар явдаг юм. Гэхдээ хажуугаар нь олимпийн торгон агшны мэдээллийг монголчууддаа хүргэх үүр гээ мартаж байгаагүй. Статус өөр учраас сэтгүүлчдийн багтай тэр бүр ойр байдаггүй ч шагнал авсан 100 сэт гүүлчийн дотор танил дотно  найз нөхөд цөөнгүй байсан. Мэдээлэл харилцаа сайн хөгжөөгүй байх үед тэднээс нээлт, хаалтын торгон агшны зураг гуйж авах зэргээр ойрхон нөхөрлөнө” хэмээн тэрбээр дурссан.
Түүний хувьд хамгийн мартагдашгүй наадмын нэг нь 1992 оны Барсело ны олимп аж. “Миний биеэр очиж үзсэн анхны олимп. Мөн тэр жил би зохион байгуулагчид биш, С.Болд даргын дагалдах зочноор явсан учраас хамгийн эрх чөлөөтэй, баяр хөөртэй олимп энэ л байв” гэлээ. Түүхийн эхэлжээ. Дэлгүүрт цуу, жангаас өөр юм байдаггүй, хүмүүс өргөн хэрэглээний бараагаа хязгаартай авдаг байсан 1992 онд олимпийн наадмыг биеэр үзэх нь байтугай зурагтын шууд нэвтрүүлэг харах нь ч холын мө рөөдөл байв. Тэгтэл “Монголын спорт” сонины эрхлэгч С.Түвдэнням түүнийг дагуулан Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч С.Болд агсан дээр очиж, дагалдах зочны статусаар Барселоныг зорих болсныг нь дуулгажээ. Энэ баярт мэдээг тэр хамгийн түрүүнд аавдаа хэлтэл, үг дуугүй гараад явчихаж. Тэгтэл хажуу айлынхаа сарын норм болох шил архийг зээлдээд, “Сайн яваарай, миний хүү” гээд өгсөн гэдэг.
“Испани улс каталончуудын сүр хүчийг мэдрүүлж, олимпийн наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсан. Тэнд очоод “Кока кола” ундааг анх удаа ууж, од тамирчдыг ойроос харах нь миний хувьд хэмжээлшгүй баяр цэнгэл байв. Олимп эхлээд хоёр дахь өдөр нь Монголын буудлагын тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль хүртэж, дараа нь боксын тамирчин Н.Баярсайхан амжилтыг нь давтсан. Интернет, цахилгаан хол боо сайн хөгжөөгүй байсан учраас Д.Мөнхбаяр олимпоос медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон тухай мэдээг Монгол руу хүргэх гээд чаддаггүй. Тэгэхээр нь С.Болд дарга Москва хотод суудаг МИАТийн төлөөлөгчид мэдэгдэж, тэрбээр Монгол руу утасдаж энэ хүү баярт мэдээг эх орон даяар дамжуулж байлаа” хэмээн тэрбээр дурсав.
Тэр үед олон хөгжилтэй явдал тохиож байжээ. Олимпийн тосгоны хоол хүнс нь анх удаа очсон хүмүүст гойд сайхан санагдах нь мэдээж. “Нийтээрээ хооллох үеэр энэ ч гоё, тэр ч гоё гэсээр хоолны тавиур дээрээ бид “майхан” өрчихнө. Мэдээж бүгдийг нь идэж барахгүй шүү дээ. Тэгсэн орой нь манай багийн дарга, зохион байгуулагчид хуралдаж, “За, нөхөд өө, ингэж болохгүй. Энд хооллохдоо өөрийн идэх хэмжээгээр л авна, хэрэв цадахгүй бол хэдэн ч удаа босож очоод нэмж болно шүү дээ” хэмээн үүрэгдэж байлаа” гэв. Сэтгүүлчээр ажиллаж, МҮОХ-ны төлөөлөл болж, тэрбээр их спортод олон жил ойр явна. Энэ зуур “Би ер нь тамирчин болъё” гэж цөөнгүй бодсоноо ч нуусангүй. Бөмбөг өшиглөж, сагс, хоккей тоглож, цана тэшүүрээр гулгах гэхчлэн спортоор хичээллэхээр чармайсан ч, өөрийнх нь хэлснээр хүч ний талдаа тааруу учраас аль нэ гийг нь тууштай хөөж чадаагүй аж. “Гэх дээ эвсэлгүй бол биш, юм юмны захтай” хэмээн өөрийгөө өмөөрөв. “Жүдогоор хичээллэх гэж Б.Буядаа багшид очсон тухайгаа аавдаа хэлтэл “Өө, чи бөх болохгүй” гээд тас хориод, болиулсан. Чөлөөтөөр хичээллэх гэтэл суниалтаа дийлэл гүй мултарчихав. Дараа нь манай ангийн Д.Гансүх дугуйн секцэнд оръё гэж ятгаад, очтол бие халаалт хийнэ гээд “Хүч” спорт хорооны байрнаас Зайсан толгой хүртэл гүйлгэдэг юм байна. Би удаан гүйж чадахгүй, замдаа хялайгаад, төмөр морио мордож чадалгүй бас л гарчихсан. Гэхдээ найз нөхөдтэйгээ хөдөө гарах, хааяа нэг байгууллагын тэмцээн болоход өөрийнхөө хэмжээнд өгөө аваатай үзчихнэ ээ” хэмээн ярьсан. Дунд сургуульд байхдаа Ото сагс, хөлбөмбөгийн тэмцээнд ангийн хаа шигшээд багтаж чаддаггүй ч, багийн ахлагч, менежерийн үүрэг гүйцэтгэдэг байсан гэдэг.
Спортод ойр явсан өөрийн “карьер”-т тэрбээр нэг удаа медалийн болзол хангаж байж. Спортын холбоодын дунд зохион байгуулсан боулингийн тэмцээнд Ото МҮОХ-ны ахмад ажилтан Ж.Баасанхүүтэй хамт баг болж, мөнгөн медалийн болзол хангасан байна. Гэтэл уг тэмцээнийг зохион байгуулагчид ганцхан медаль бэлдсэн учраас, өнөөхийг нь Ж.Баасанхүү гуай зүүж, тэрбээр хоосон буцсан тухайгаа хэлэв. “Би медалиа зүүчих гээд, Ж.Баасанхүү ахын араас бултганаад л байлаа. Гэтэл өгдөггүй ээ. Уг нь би тэр тэмцээнд их сайн шидэж, багийн хаа хожилд муугүй хувь нэмэр оруулсан юм (инээв). Хожим нь би хүчээрээ авдаг медаль их үнэ цэнтэй юм байна гэж бодсон доо” гэлээ. Гэхдээ бас хоосонгүй. 1984 онд их, дээд сургуулиудын оюутнуудын дунд болсон орос хэлний улсын олимпиадад түрүүлж, алтан медаль хүртэж байсан аж. Тэр үед орос хэлийг хоёр дахь хэлээ болгон тунхагласан, мэддэгг үй хүн ч цөөн байсан үе учраас олимпиад маш өрсөлдөөнтэй болдог байжээ. Бүр олимпиадад оролцох оюутнуудыг хичээлээс нь чөлөөлж, тусгай байранд суулгаж, бэлдүүлдэг. Олимпиадад МУИС-ийн Хятад хэлний ангийн оюутан Ж.Отгон цагаан 30 онооноос 29.5-ыг авч, алтан медаль аваад Ж.Бакей (УИХ-ын гишүүн), Д.Шүрхүү нарын хамтаар МоскваЛенинград- Рига гэсэн маршрутаар аялах эрхээр шагнуулжээ. “Энэ нь миний хувьд олимпийн аварга болсноос өөрцгүй” хэмээн тэрбээр хэлсэн.
Үүнээс хойш түүний спорттой нөхөрлөсөн түүх эхэлнэ. 1984 онд болсон МУИС-ийн шатрын тэмцээнээс найз Н.Төрбат нь медаль хүртэж, уг үйл явдлыг сурвалжилж, “Монголын спорт” сонинд мэдээ бэлтгэж өгчээ. Энэ түүний сонинд хэвлүүлсэн анхны мэдээ, бүр сонины тэргүүн нүүрэнд гарсан учраас баярлаж, хайчилбар хийгээд хадгалчихсан гэнэ. Дараа нь, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, МҮОХ-ны ерөнхийлөгч Ш.Отгонбилэг агсны санаачилгаар “Монголын спорт” сонины дагуул “Таван цагариг”-ийн нэрийг сэргээж, спортын мэдээллийн долоо хоног тутмын сонин гаргахад С.Батбаатарын хамтаар гар бие оролцож, мэдээ, сурвалжлага бэлтгэж явсан. Өдгөө ч сэтгүүлчийн үүргээ умартаагүй тэрбээр Лондоны олимпийн торгон агшны мэдээллийг “Өнөөдөр”, “Таван цагариг” сониноор дамжуулан хүргэж буй. МҮОХны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг ч, үе үе “Та ван цагариг”-ийн редакцад ирчихсэн л харагддаг юм.
“Редакц даа очоод, сэтгүүлчийн ажлаа хийхэд сайхан санагддаг” хэмээн хуучилсан. Түүний иргэний үнэмлэх дээр Олимп овгийн Жүгдэрийн Отгонцагаан хэмээн бичигджээ. Хүмүүс ургийн овгоо тодруулж байх үед, хамаатнууд нь хоёр ч овог санал болгож, шийдэлд хүрэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь бид нэг л ээж, аавын хүүхдүүд, үр удам учраас ижилхэн овогтой байх ёстой, тиймээс өөрийн хувьд үнэ цэнэтэйг бодож эл овгийг авчээ. Сонирхолтой байгаа биз. Завины төрлөөс бусад бүхий л спортыг сонирхдог хэмээсэн тэрбээр дэлхийн дөрвөн том лигт өөрийн шүтээн багтай. Англиас “Ливер пуль”, Испаниас “Барселона”, Германы “Бавари Мюнхен”-ий фанат. Италийн багуудаас “Ювентус”-ыг дэмж дэг байснаа Андрей Шевчен ког “Милан”- д очсоноос хойш тус багийг дэмжиж буй аж. Үүнээс гадна Оросын хөлбөмбөгийг сонирхож үздэг, Украины алдарт “Динамо Киев” багийн үнэнч шүтэн бишрэгч байснаа ч дурссан. СГЗ хэмээх цолоор энгэрээ мялаалгаж, баяртай яваа ч тэрбээр “Ливерпуль”-ийн төлөө санаа нь зовнисон хэвээр. Маргааш “Арсенал”-тай тоглохыг нь тэсэн ядан хүлээж буй. “Хэдийгээр нэг тэнцээ, нэг хожигдол гэх базаахгүй амжилттай яваа ч бууж өгөх болоогүй. Маргааш “Арсе нал”- тай өөрийн талбайдаа тоглох учраас найд лага тавьж байгаа” гэв. Агуу их спортын татах хүч, үнэнч фана тын сэтгэл хөдлөл гэдэг ийм  гэгээн ажээ.

Sep 2, 2012

Сумын сургуулиас цуурайтах мөнгөн хонхны дуун









            Төв аймгийн Зуунмод сумын IV дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 09.00 цагаас эхлэх хуваарьтай байсан ч биднийг 08.10 цагт очиход зургаан настай О.Амин-Эрдэнэ хэдийнэ ирчихсэн байлаа. Энэ жил анх удаа сургуулийн босго алхах гэж буй зургаан настай тэрбээр нээлтийн хонхыг цохих хүндтэй үүрэг хүлээжээ. Бас шүлэг унших гэнэ.
“Цэцэгхэн насаа үдэж, цэцэрлэгээ бид төгслөө.
Мөнгөн хонхны дуунаар мөрөөдлийн сургуульдаа ирлээ...” хэмээн унших шүлгээ цээжлэн сургуулийн хонгилоор алхаж байна. “Ах аа, аав ээж надад цоо шинэ цүнх авч өгсөн. Та харах уу?” гэсээр надтай уулзав. “Дэвтэр, шугам, үзэг, харандаа...бас сам байгаа. Барбины зурагтай гоё сам байгаа биз” гэлээ. Зунжин амарч, гэртээ өнжсөн хүүхдүүд ангийнхантайгаа уулзах гэж яаран ирсэн нь илт. Зуун мод сумын IV дунд сургууль Төв аймгийн төвөөс ердөө 4.5 км-ийн зайтай Зүүндэлгэрт багт байдаг. Төв аймгийн төвд гурван ч сургууль бий. Харин уг сургуульд энэ хичээлийн жил 265 сурагч суралцахаар бүртгүүлжээ. Эцэг, эхчүүд төвийн сургууль бараадалгүй, яагаад сумын сургуульд хүүхдүүдээ сургаж буй нь сонирхол татав. Ойролцоох Сэргэлэн сумын хичээлийн шинэ жилийн нээлтэд 50 хүрэхгүй сурагч оролцож байхад энд бол өөр. “Сумын сургууль хэдий ч сургалтын чанар нь сайн. Өнгөрсөн жилийн Ерөнхий шалгалтад энэ сургуулийн төгсөх ангийн сурагчид найман хичээлээр аймагтаа, гурваар нь улсад тэргүүлсэн. Тиймээс хүүхдээ энэ сургууль руу шилжүүлсэн” хэмээн Сэргэлэн сумын иргэн Э.Батболд хэлэв.
Өглөөний нарны шижир туяа зүгт бүрт цацарч, шинэ хувцсаа өмсөж, инээмсэглэлээр нүүрээ чимсэн сурагчид хоёр, гурваараа зуны амралтын сонин сайхныг хэлэлцэн сургуулийн зүг айсуй. Зүүндэлгэр багт нэг л сургууль буй учраас энэ өглөө хүмүүсийн хөл хөдөлгөөн нэг чигт, зүүн хойд дэнж рүү төвлөрч байна. Сургуулийн захирал Ө.Дуламсүрэн нээлтийн үг хэлсний дараа шинэхэн сурагч О.Амин-Эрдэнэ “Далгавараа марталгүй, дандаа онц сурдаг сайн сурагч болоорой” хэмээн захиад түрүүжин бэлдсэн шүлгээ уншиж, сонирхуулсан. Дараа нь тэрбээр XI ангийн сурагч Б.Батбаясгалангийн хамтаар мөнгөн хонхны дуу хангинуулж, эрдэм номын их аяндаа гарах цаг болсныг мэдэгдлээ.
Анги бүрийн самбарын хажууд зурагт байрлуулжээ. 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах гэнэ. Зурагт хүрэлцээгүйн улмаас I, II ангийнхан хамтдаа нэг ангид суужээ. Тэгтэл зургаан настай Н.Буяннэмэх ээж нь ангид байхгүйг гэнэт мэдээд, уйлж гарав аа. Тэр мөддөө тайвшрах янзгүй учраас багш Д.Даваадулам ээжийг нь ангид оруулж, Ерөнхийлөгчийн заах хичээлд хамтдаа суулгав. Гэвч цэцэрлэгийн ширээнээс сургуулийн босго дөнгөж алхаж буй тэдэнд сайн хүн болох тухай номлох Ерөнхийлөгчийн хичээл сонирхолтой санагдаагүй бололтой. Хөвгүүд хойно суугаад шинэхэн үзэгнийхээ шидийг ангийн ширээн дээр туршина. Тэдний хажууд дөрвөн ч хөвгүүн бөөгнөрсөн харагдана. Х.Буян-Арвижих анх удаа өөрийн гэсэн гар утастай болсноо гайхуулж байгаа нь тэр. “Чиний утасны дугаар хэд вэ?” гэж асуухад, “76, 86, 87...ммм 65” гэлээ. Ширээний ард удаан сууж сураагүй тэд бие засахаар гарав. Сургуулийн жорлон гадаа байдаг учраас багш нь хөтөлж, галуу цуваа шиг нэг эгнээнд жагсаад, шуугилдан одлоо. “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл ороод, эхний өдөр дуусав. Маргааш тэд зураг, дууны хичээлтэй. Бас “Монголын нууц товчоо” сэдэвт хичээлийн үеэр багш Д.Даваадулам Чингис хааны баатарлаг түүхээс сонирхуулахаар зэхснээ ярив.
Залуу багш Ц.Нарангэрэл өнгөрсөн жил анхны ангиа төгсгөж, энэ жил V ангийг дааж авч буй. “МУИС-ийн биологийн ангийг төгсөөд, Борнуур суманд хоёр жил ажилласан. Харин энэ сургуульд ирээд найман болж байна. Сумын сургууль, хотын сургууль ялгаагүй. Хөдөөгийн хүүхдүүд багшийгаа хүндэлнэ, орчин нөхцөл нь хотынхон шиг тансаг биш учраас хичээлдээ маш их мэрийдэг. Тиймээс би цаашдаа ч энэ сургуульдаа багшилна гэж бодож байгаа” хэмээн тэрбээр ярьсан. Өнгөрсөн жил түүний шавь нар Элсэлтийн ерөнхий шалгалтад хими, биологийн хичээлийн хэмжээст онооны дунджаар аймагтаа тэргүүлсэн байна. Тэдний эл амжилт энэ хичээлийн жилд сургуулиа төгсөх ахлах ангийн сурагчдын бахдалыг төрүүлж, урам зоригийг нь сэргээжээ. “Би сургуулиа төгсөөд эдийн засагч мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, төгсөөд Зүүндэлгэр багтаа ажиллаж гэж боддог” хэмээн 11a ангийн дарга О.Цэрэнтогтох ярьсан.
Сургуулийн хүндэт самбарын хажууханд, “Хүн бүрт жижиг хонх нуугдаж байдаг. Хэрэв түүнийг нь зөв хөглөж чадвал улам сайхан аялгуугаар эгшиглэнэ” хэмээсэн М.Горькийн үгийг ишэлсэн самбар байхтай таарав. Тийм ээ, хүүхэд бүрийн дотор нуугдаж буй тэр хонх Монголын хөгжлийн хөг болох учиртай. Хонх минь жингэнэн дуугар, дэлхий нийтээр сонстол цуурайтаарай.