Feb 27, 2012

84 дэх удаагийн “Оскар”-ын эзэд тодорлоо











“Уран бүтээлч” кинонд бүхэл бүтэн 100 минутын турш нэг ч үг ганхийгээгүй Жан Дюжарден 84 дэх удаагийн “Оскар”-ын тайзнаа “хэлд орж” ийн ярив. “Баярлалаа, би танай оронд хайртай” хэмээн хошигносныхоо дараа Жан албан ёсны хэдэн үг хэлж, эцэст нь тэсэлгүй, хамаг сэтгэл хөдлөлөө франц хэлээрээ илэрхийлсэн юм. Чухам юу гэснийг ойлгоогүй ч “mercy” гэх үг “хөвж” явах шиг болсон шүү. Түүнийг “Оскар” гардана гэдэгт хүн бүр итгэлтэй байсан. Тэгвэл Мэрил Стрип “Төмөр хатагтай” кинонд тоглож байгааг нь, уг кино нээлтээ хиймэгц нь л кино шүүмжлэгчид болоод сонирхогчид Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг түүнд өгчихсөн байлаа. Энэ ч ёсоор болов. Ийнхүү Мэрил Стрип “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд 17 удаа нэр дэвшиж, гурав дахь удаагаа алтан баримал гардлаа. Мэрил анх 1978 онд “Deer hunter” киноны Линдагийн дүрээр “Оскар”-т нэр дэвшсэн бөгөөд 1979 онд “Крамер Крамерийн эсрэг”, 1982 онд “Софиягийн сонголт”-оор “Оскар”-ын эзэн болсон. Тэгвэл 20 жилийн дараа “Төмөр хатагтай”-н дүрээр энэхүү нэр хүндтэй шагналыг гурав дахь удаагаа хүртлээ. Өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн нь энэ. Өдгөө 62 настай тэрбээр карьертаа цэг тавих болоогүй шүү гэдгээ Холливудын “Кодак театр”-т цугласан олон зуун одод болоод цэнхэр дэлгэцээр үзсэн тэрбум хүний өмнө баталлаа.
Хэдийгээр Мэрилийн дуулиантай харьцуулах юм биш ч Кристофер Пламмерыг магтах шалтгаан байна. Тэрбээр хорт хавдар туссан ч, энэ бол төгсгөл биш гэдгийг харуулж, өтөл насандаа анх удаа “найз залуу”-тай болж, амьдралдаа дахин нэг сонирхолтой хуудас эхлүүлж буй өвөөгийн дүрийг “Эхлэгчид” кинонд чадварлаг харуулсныхаа төлөө 82 насандаа “Оскар”-ын шагнал хүртлээ. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр шалгарсан Пламмер бүх цаг үеийн “Оскар”-ын хамгийн ахмад ялагч болсон нь энэ.
Октавиа Спенсер. Тэрбээр “Тусламж” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр шалгарч, энэ шагналыг гардсан хоёр дахь Африк, Америк гаралтай жүжигчин болов. Өмнө нь эл шагналыг Вупи Голдберг хүртэж байсан юм. 1996 оноос кино урлагт хүчин зүтгэж яваа Октавиа энэ удаан хугацааны турш нэг ч нэр хүндтэй наадамд нэр дэвшиж үзээгүй, “ногоон”-оороо байсан билээ. Тэгвэл “Тусламж” түүнд “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, BAFTA гурвыг зэрэг авчирлаа.
Мишель Хазанавичусын “Уран бүтээлч” кино “Оскар”-ын Шилдэг киногоор шалгарсан хоёр дахь дуугүй кино болов. Өдгөөгөөс 83 жилийн өмнө, 1927 онд “Wings” кино энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Түүнчлэн “Уран бүтээлч” кино энэ жил “Оскар”-ын дөрвөн гол төрлийн (шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин) гурвыг нь өөрийн болгож чадлаа. Харин Мартин Скорсезийн “Хюго” кино 11 төрөлд нэр дэвшиж, техникийн талын бүхий л шагналыг хамж, таван алтан барималтай болов.
Тэкист миний бие “Парисын шөнө дунд” кинонд учиргүй их найдлага тавьж байсан ч Вуди Аллен ах маань “Шилдэг эх зохиол” бичсэнээс өөрөөр гавьсангүй бололтой. Ядаж л шилдэг зураглаач, шилдэг дууны найруулга төрөлд ялчих байх гэж горьдсон хэрэг. Тэгсэн, сүүлд хартал аль алинд нь ч нэр дэвшээгүй юм байна лээ. Түүнчлэн 4 настай дүүгийнхээ өмнөөс “Ранго” шилдэг энимэйшн болсонд гүнээ харамсаж байна. Биднийхээр бол “Маша баавгай хоёр” энэ төрөлд гарцаагүй нэр дэвшиж, ялалт байгуулах бололцоотой байсан ч таалал ёсоор болсонгүй. Нэр дэвшсэн кинонуудаас “Гуталт муур”-ыг гайгүй давхих байх гэтэл мөн л явсангүй. Ядаж “Рио” нэр дэвшсэн бол ч.
84 дэх удаагийн “Оскар”-ын тайзнаа гарч, ялагчийг тодруулах үүрэг Холливудын харьцангуй залуу төлөөллүүдэд оногдов. Жишээ нь, Натали Портмэн, Колин Фөрт, Кристиан Бэйл, Сандра Баллок, Том Круз, Пенелопе Круз, Камерон Диаз, Том Хэнкс, Анжелина Жоли, Мелисса Лео, Женнифер Лопез, Гвинет Пэлтроу, Бен Стиллер, Эмма Стоун, Оуэн Уилсон нарыг тайзнаа харахад нэн таатай байв. Гэтэл залуу гэж бодож явсан тэдний ихэнх нь 40 насны босгыг алхаад, зарим нь хэдийн 50 шүргэж яваа юм байна. “Форрест Гамп”, “Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Борооны хүн”, “Хөвгүүд уйлдаггүй”, “Дурласан Шекспир”, “Оддын дайн”-аар танил болсон тэд үргэлж л залуу юм шиг санаанд буудаг нь сонин юм даа.

Feb 17, 2012

Д.Галбаатар: Ерээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш. Тэд сахилгагүйтэж, үүнийг нь би өгдөөсөн төдий



Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор, Д.Галбаатартай ийн ярилцлаа.
-Уран зохиолын шүүмжлэгчид өдгөө “Улаан ном”-д ортлоо цөөрч, байгаа хэд нь ажин түжин байх болж. Таныг бүр сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан байна лээ шүү.
-Уран сайхны шүүмж бичигдэхгүй, бичсэн ч гарахаа байж, шүүмжлэгчид нам гүм байх болсны цаад учир шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Урьд шүүмжлэгчид хөдөлмөрийн хөлсөө авдаг байв. Одоо тийм зүйлгүй болсоор удаж байна. Хэн нэгний халтар ном барьчихаад шүүмж бичиж суудаг тэнэг толгой энэ цаг үед байхгүй л болов уу. Тиймээс шүүмжлэгчид онолын болон суурь судалгааны салбарт ажиллаж, аж төрж байна. Энэ нь шүүмжлэгчид байхгүй болсон гэсэн үг биш, бид хэд хэдэн үеэрээ байж л байна.
-Гэлээ ч өнөөдөр та Монголын уран сайхны шүүмжлэлийн салбарын нэртэй төлөөлөгч хэвээр байна. Олигархи гэдэг үгийг хүмүүс янз бүрээр л ойлгож, хүлээн авдаг байх. Төр түмний толгой дээр бус мэргэжлийн салбартаа ноёрхогч гэвэл тийм ч муу утгатай үг биш шиг. Та монголын уран зохиолын олигархи мөн үү?
-2002 онд Токиогийн их сургуулиас буцаж ирэх үед нэг сонинд намайг уран зохиол дахь олигархийн тоонд оруулаад, тэр дугаарыг манай сургуулийн анги танхимд тарааж байсныг санаж байна. Тэгэхээр би албан ёсны олигархи (инээв). Улс төр, бизнесийнхэн шиг луйвар залилан хийдэггүй олигархиуд урлаг, соёл, уран зохиол, шинжлэх ухаанд ч байдаг. Тэд тухайн салбартаа дээд төвшний, нэг ёсондоо ноёлох байр сууринд хүрсэн хүмүүс юм. Миний үеийнхэн буюу С.Байгальсайхан, С.Энхбаяр нар ч онолын салбар дахь олигархи шүү дээ. Гэхдээ хүмүүс “Хөөе, олигархи гуай” гэж нүд чичлэхгүй нь сайхан юм даа. Үг улс төржихөөрөө ийм болдог юм. Надтай уулзахаар өдөрт тав, түүнээс ч олон зочин ирдэг. Тэд бүгд утга зохиолын хүрээнийхэн. Би ийм л нэг олигархи даа.
-Та өнөөдрийг хүртэл ер нь хэчнээн номд өмнөтгөл бичсэн бэ?
-Юу шалиа аж, 20 гаруй л байх. Гайгүй явж буй залуусын номд бичихийг хичээдэг.
-Монголын уран сайхны шүүмжлэлийн салбар өдгөө номд өмнөтгөл бичихээс хэтрэхгүй болж гэсэн яриа яваад байх юм. Үүнтэй та санал нийлэх үү?
-Энэ үнэн. Тийм шалтгааныг нь дээр хэлсэн ш дээ. Уран сайхны шүүмжлэл зогсонги байдалд орсон. Хэн дуртай нь элдэв юм сараачаад шүүмжлэгчид рүү гүйж, магтаалын үг бичүүлнэ. Саяхан болсон МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар яг энэ асуудлыг хөндөж ярьсан. Шүүмжлэгчдийн бүтээлийг үнэлгээтэй болгох тухай. Нөгөө нэг хүчин зүйл нь бүх сонин сэтгүүл сенсаац хөөж, зар тавиад, тэдэнд уран сайхны шүүмжлэлд гаргах зай талбай байхгүй болсон. Тиймээс шүүмжлэгчид дуугаа хурааж, үзгээ амраан хашрааж байгаа юм, та нар шүүмжлэлийг унагаад үз гэж. Шүүмжлэлгүй уран зохиол бол согтуу, солиотой хүн жолоодсон машин л гэсэн үг. Тийм машин хаана ч онхолдож мэднэ. Монгол уран зохиолыг ачаад оршуулгын газар руу давхиж байж ч мэднэ. Уран зохиол бол тэр үндэстний түүх, соён гэгээрүүлэл нь юм.
-Одоо зохиолчид өөрсдөө гүйгээд л, шүүмж бичээд өгөөч гэж ичих ч үгүй хэлдэг болсон. Тэгэхээр зориод ир сэн хүнийг улайм цайм “балбачихаж” болдоггүй хэцүү ч ажил юм даа. Зохиолч яахав дураараа л бурна, сараачна. Ингэхээр шүүмжлэлийг зориуд үнэ цэнэгүй болгоод байх шиг санагддаг.
-Тийм ч байх. Ихэнх нь магтаалд дуртай. Жишээ нь миний шавь оюутан “Багшаа, би анхны номоо гаргачихлаа” гээд бариад ирнэ. Тэдэнд миний дэмжлэг, нэр хүнд хэрэгтэй байгааг ойлгодог. Тэд өөрийгөө олох гэж алдаж, онож яваа. Би ч багш нарынхаа хүчээр л хүн шүү юм болсон доо. Би шавь нартаа туслах үүрэгтэй. Залуу хүн анхныхаа номыг гаргаж, жин багцаагаа үзэх гэж байхад би өмнөтгөлд нь “Гөлийсөн шаар минь, энэ чинь болохгүй байна” гээд бичвэл сайхан байна гэж үү. Тиймээс энэ бол шавьд гаргаж байгаа багшийн халуун сэтгэл юм. Харин магтаал хүсэгч “насанд хүрэгчид”-ийн хувьд бол хаалттай. Тэдэнд зориулсан бичвэр бол шүүмж юм. Шүүмжлэгчид ямагт үнэний талд зогсдог. Гэхдээ хааяа танилын нүүр халуун гэгчээр “залиас” гишгэх юм амьдралд байлгүй дээ.
-Ингэхээр нэрээ ашиглуулж байгаа таны нэр хүндэд халтай хэрэг биш гэж үү?
-Энд нэг зүйлийг давтаж ярих хэрэгтэй. Номын өмнөтгөл нь шүүмжлэлийн нэг жанр боловч, шүүмжлэхийг урьтал болгодоггүй юм. Голцуу тухайн бүтээлийг хүмүүст танилцуулах, санал болгох, сайхны сэдэл өгөх зорилготой, нэг ёсондоо хөтөч маягийн бичвэрийг хэлдэг. Жинхэнэ шүүмж, шүүмжлэлийн өгүүллүүд нэр хүндтэй, том хэвлэлүүдэд гарч байх ёстой. Тэр хүрээнд хэнээс ч хараат бусаар тухайн зохиолчийн бүтээлийг шүүн, үнэлэх гэсэн үг. Уран сайхны шүүмжид зөвхөн үнэнийг бичнэ. Үнэхээр сайн бүтээл байвал түүнийг тэнгэрт тултал нь магтаж, авах юмгүй номын эзнийг уран зохиолын хаалгаар дахин дахин шагалзаад байхааргүй навсайлгах боломжтой.
Шүүмжлэл нь муушаал бус, үгүйсгэл биш үнэний егөө, шоглол мөн. Энэ нь буян үйлдэж буй хэрэг бөгөөд тухайн хүнийг чадахгүйн зовлонгоос нь ангижруулж буй хэрэг. Гэхдээ ихэнх шүүмжлэгч цөөн тооны зохиолчийг сонгоод, түүний өсөлт, бууралтыг анхааралтай ажиглаж, залж, чиглүүлж, бас судалдаг.
Түүнээс хүн болгон руу нохой шиг боргоод байвал өөрийн итгэл үнэмшилгүй, уран сайхны үзэгдлийг задлан шинжлэх чадваргүйг харуулахаас хэтрэхгүй. Би хувьдаа Д.Норов, До.Цэнджав, Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Ж.Баяржаргал, Б.Галсансүхийн ном зохиолд илүү татагддаг. Учир нь бидний үзэл ойлголт ойр төсөөтэй, ойлголцоход амар. Мөн уран зохиолын талаарх мэдлэг, онол сэтгэлгээний чиг хандлага, төвшин ойролцоо учраас бүтээлийг нь мэргэжлийн үүднээс тайлбарлах, ойлгоход хялбар.
-Монголын уран зохиолын ертөнцийн үүд хаалгыг өм цөм өшигчин орж ирсэн ерээд оныхон өнөө цагийн уран зохиолын нүүр царайг тахалж байна. Таныг 1990-ээд оныхныг өлгийдөж, тэднийг цээжээрээ хамгаалсан хүн гэдэг. Тэр нь чухам юу юм бэ, таны нөлөө байсан уу?
-1990-ээд оныхон өөрсдөө л над дээр ирсэн. Цагийн тохироо байсан биз дээ. Намайг Москвагаас ирэхэд хол ойр явж, арай өөр зүйл үзэж, сонссон болов уу л гэж ирцгээсэн байх. Орост ардчилсан хувьсгал болж, тэр үеийг хүртэл оросууд үзэл сурталд баригдмал, барууны философи, уран зохиолоос таслагдмал хэвээр л байсан. Гэхдээ их гүрэн их л байдаг юм байна гэдгийг би хувьдаа ойлгосон.
Бүх салбарын эрдэмтэд нь барууны болон Америкийн дуулиан шуугиан дагуулсан соёл, уран зохиол, шинжлэх ухааны гол чухал бүтээлийг аль хэдийнэ орчуулаад ширээнийхээ нүдэнд хийчихээд цаг өөрчлөгдөхийг хүлээж байсан юм билээ. Богинохон хугацаанд асар их ном хэвлэгдсэн. Үүний нөлөө туяа надад их, бага ямар нэг хэмжээгээр туссан байж мэднэ. Ямар ч байсан надад итгэж, найдаж ирсэн тэдгээр залуус дутуу зэм дэг мэдлэгтэй, хөдлөшг үй ганц үхмэл онолтой хол явахгүй, дэлхийн нийтийн уран зохиолыг ядаж төсөөлдөг байх учиртай гэдгийг л хэлсэн.
Уран зохиол чинь жинхэнэ ид шидийн хүчний бөөгнөрөл, хэзээ ч үхдэггүй амьд үйл явц. Цагийн жамаар олон зүйл өөрчлөгдөж болох ч дэлхий сөнөх хүртэл уран зохиол амьд оршсоор байх биз.
-1990-ээд оныхон анх гарч ирснээ бодвол нэг л мохсон юм шиг харагддаг. Тэдний зохиол, бүтээлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өөдрөг. Монгол уран зохиолд эрх чөлөө, үзэл санааны асар том өөрч лөлт хийсэн залуус. Монгол уран зохиол сонирхолтой, олон тал тай, өрсөлдөөнтэй, хачин сонин болсон ш дээ. Тэдний араас манай сургуулийнхнаас голдуу бүрд сэн “Хөх мэдрэхүй”-нхнээс эх лээд хэчнээн ч олон өнгө төрх, сэтгэлгээ, ур чадварын нарийвчлалтай бүлэглэлүүд бий болов.
1990-ээд оныхон одоо төлөвшсөн. Өөрсдийн байр суурьтай, сэтгэлгээний хэв маяг тогтож, томоохон бүтээл рүү орцгоож байна. Хэсэгтээ л тэднийг та нар дагаж давхихаас өөр аргагүй л болов уу даа. Голлоо гэж бүү бод. Цагийн жам гэж нэг үл дийлдэх хүч буй. Өнөөдөртөө цагийн цааз тэдний талд байна.
-Та болоод таны үеийнхэн ямархуу явна даа. Жаахан гундангуй юм шиг...
-Гундаад байх ч юу байхав. Д.Норов, Д.Төрбат, Б.Цэнддоо, З.Түмэнжаргал, С.Байгальсайхан, П.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, О.Содномпил гээд ид л байна даа. С.Дулам багшийн дугуйлангийнхан гээд манаргаж л явлаа. Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Д.Цэнд, С.Лувсанвандан зэрэг ахмад үеийн шүүмжлэгчид, түү ний дараа үеийнхэн болох Х.Сампилдэндэв, Б.Цэдэв, Д.Оюунбадрах, С.Лочин, Ш.ЦэндАюуш нар надад маш их итгэл хүлээлгэсэн.
Багш шавь, ах захын ёсоор дэмжиж байсан нь өдий зэрэгтэй явахын үүтгэл шалтгаан байлаа. Энэ хүмүүсийн ачийг би тэдэнд өөрсдөд нь хариулж барахгүй ч өөрөөс минь үг сонсдог шавь нартаа дамжуулан өгөхийг л хүсдэг. 1990-ээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өдөөсөн”. Тэд жамаараа өсөж, өндийсөн. Сахилгагүйт, чөлөөтэй сэтгэ, өөрсдийгөө нээ, бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийл, ном үз л гээ биз дээ.
2000 оныг хүртэл тэднийг нийгэм тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдэн хөөрүү сагсуу юмнууд, эдний зохиол гэж юу байдаг юм гэх янзтай хандаж байх шиг санагдаж байсаан. Одоо бол тэднийг уншигчид хүлээж байна. Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Д.Энхболдбаатар, Ц.Хулан, Г.Аюурзаныг хүлээхг үй гээд яах юм бэ? Уран зохиол мөнхийн боловч нэг үеийнхэн гэдэг цаг хугацааны үзэгдэл, тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлчид аяндаа өөрсдийгөө давтаж эхэлдэг.
Тэгээд хуучирдаг. Зарим нь үлдэнэ, зарим нь мартагдана. 1990-ээд оныхон одоо өндөрлөгт гарсан. Тогтонгишиж, сахилгаг үйт лээс илүү ухаан нь түлхүү болж. Энэ цэнэгээрээ тэд ахиад 10-20 жил явна. Гэвч 1990-ээд оныхонд дахин тэсрэлт хийх боломж тохиолдохгүй.
Харин танай үеийнхэнд сахилгагүйтэл үнэхээр алга. 1990-ээд оныхон гарч ирсэн тэр төвшнөөс илүү өндөрт нисэх магадлал бага. Магадгүй уянгын тал руу гүнзгийрэх, сэтгэлийн ертөнцөд хүнийг шинжлэх, үүнийгээ уянга сэрлийн, мэдрэхүйн шинэ орон зай руу чиглүүлбэл амжилт ол но. Нэг ёсондоо 1990-ээд оныхны уриа тунхаг болгож, бодож мөрөөдсөн зүйл нь уран бү тээлийн практикт та най үеийнхэнд өвлөгдөн, жин хэнэ ёсоор биеллээ олох магадлалтай.
Яруу найрагт Д.Нацагдоржоос Б.Явуухуланд, Б.Явуухулангаас Б.Лхагвасү рэнг дамжин 1990-ээд оны залуучууд нэг том тэсрэлт хийсэн. Үүнийг гардан хийгчид нь 1990-ээд оныхон. Тэдний тавьсан замаар та нарт жинхэнэ урлагийн эрх чөлөө нээгдсэн.
-А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирэхдээ та мэргэжлийнхээ хувьд өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Би 1983 онд их сургууль төгсөхөд манай тэнхимийн эрхлэгч С.Лувсанвандан, орлогч эрхлэгч С.Дулам багш нар багшлах санал тавьсан. Тэр үед Боловсролын яам томилолт өгдөг, Сайдын зөвлөлийн хурлаар орж байж багш болдог байлаа. Гэвч ямар нэг ойлгомжгүй учир шалтгаанаар би МУИС-д биш, Ховдын багшийн дээд сургуульд томилогдсон. Хэрэв би тэр хурал номоороо болж, МУИС-д багшлах болсон бол Москвагийн Их Сургуулийн онолын тэнхимд нэг жил уран зохиолын онол, ном үзэж, улмаар Горькийн сургуульд сурах хувь дутах байсан юм билээ.
Миний энэ аялал надад асар их юм ойлгуулсан. Төгсөж ирээд Их сургуулийн гудамжаар алхаж яваад С.Дулам багштай таарахад Утга зохиолын тэнхимд чиний орон зай байна гэсэн. Би ч их баярласан. 1991 оноос хойш тэнхимдээ ажиллаж байна. Зорилгын тухайд би ганц л юм хийж чадах юм байна гэдгээ ойлгосон. Онолын талын юм нэлээд үзэж, уран зохиолын өвөрмөц ертөнц, олон үндэстний зохиолчидтой хэдэн жил хамт аж төрсөн учраас онол болон практикийн зохих мэдлэгтэй болсон. Түүнийгээ залууст багшлаж түгээх зорилго байлаа.
-А.М.Горькийн сургуульд сурахаас өмнөх уран зохиолын талаарх бодол, төсөөлөл тань төгсөөд Монголдоо ирэхэд өөрчлөгдсөн байв уу?
-Уран зохиолын хувьд Орос, Монгол нэг л онолтой байсан. Гэхдээ М.Горькийн сургууль өвөрмөц, жинхэнэ утга зохиолын сургууль. Миний сурч байсан үед Орост хувьсгал дэгдэж, өнөө Цагаан ордны хамгаалалт, энэ тэр буудалцаан болж бид ч хөл хөөрцөг болж явлаа. Зөвлөлтийн Бүх Холбоотын Зохиолчдын Эвлэл задарч, профессор В.И.Гусев гэдэг мундаг багштайн хувьд уг хуралд оролцож байсан. Тэр задралын дараа түрүүн хэлсэнчлэн гаднын олон бодролтой танилцах боломж нээгдэж, түүний нөлөө, туяа надад тусаж байх магадлалтай.
-МУИС-ийн Утга зохиолын тэнхим 30 жилийн ойн босгонд тулав. Түүхэн хөгжлийнх нь нэлээдгүй хэсэгт та энэ тэнхимд ажилласан, одоо ч хамт байна. Монголын зохиолчдын нэлээдгүй хэсэг энэ тэнхимтэй ямар нэг сэжмээр холбогдсон байх?
-Миний багцаагаар бол Монголын зохиолчдын тал хувь нь МУИС-ийн Утга зохиолын дугуйлантай холбогдоно. Да, Ри, Га, Ха, Мө багш нарын үед манай тэнхим хэл шинжлэлтэйгээ хамт байсан. Зөвхөн утга зохиолын ангиас гэж байгаа хэрэг биш, Утга зохиолын оройн дээд сургуулийн төгсөгчид, бусад факультетэд суралцагчид, гаднаас ирэгсэд, монгол хэлний болон утга зохиол судлалын ангийнхан ч хамрагдана.
1981 оны намар намайг III курсын оюутан байхад манай тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр доктор С.Лувсанвандан, орлогчоор С.Дулам багш ажиллаж, Ч.Дагвадорж, Ж.Төмөрхуяг, Ч.Билигсайхан гээд багш нар ажиллаж байв. Ж.Төмөрхуяг багш 1990-ээд оныхныг оюун санааны хувьд цэнэглэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Манай тэнхим ерөнхийдөө судалгааны тал руугаа илүү.
Одоо домог зүй, соёл, хүн судлалын чиглэлээр шинжлэх ухааны доктор С.Дулам багш, уран зохиол, сэтгүүл зүйн туурвил талаас доктор До.Цэнджав, Д.Батжаргал, аман зохиолын талаас доктор Г.Нандинбилэг, орчин үеийн уран зохиолоор доктор Г.Галбаяр, С.Дашдэжид, эртний уран зохиолоор доктор Б.Хишигсүх, докторант Г.Нарантунгалаг нар мэргэшиж дээ. Шавь нараа зөвхөн багшийн замыг хөөлгүй, уран зохиолын сайн түүхч, онолч, шүүмжлэгчид болоосой гэж би хүсдэг.
-Таныг уран зохиолын онолын томоохон толь бичиг бүтээж байгаа гэж дууллаа. Энэ ажлын явцын талаар сонирхуулахгүй юу?
-Өмнө нь би “Уран зохиолын онолын нэр томъёоны тайлбар толь” бичиж, нэмэн засварлаж дөрвөн удаа хэвлүүлсэн. Одоо барууны уран зохиолын онолын томоохон урсгал, чиглэлийн онолын үндсэн ойлголт, нэр томъёог багтаасан нэвтэрхий толь бичиж дууслаа. Дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдийн нэрийн онолын нэвтэрхий толь бичигтэй байдаг. Ер нь алив сургууль гэдэг нэг том дэг шүү дээ. Манай тэнхим ч өөрийн дэгтэй. Тэгэхээр МУИСийн МХСС-ийн нэрийн толь байх болно.
-Та уран сайхны шүүмжлэл, онолын судалгааны их ажлынхаа зайгаар шүлэг, зохиол бичих гэж оролдож байв уу?
-Үгүй. Би багадаа хааяа шүлэг бичих гэж оролдож байсан юм байна. Энэ миний мэргэжил, хоолоо олж идэх салбар биш байсан учраас орхисон. Одоо харин туульсын зохиол бичмээр бодогддог. Энэ нь хүнд, урт удаан хугацаа шаарддаг, залхуу хүрэм ажил. Хэзээ нэгэн цагт тэтгэвэрт суухаараа л бичиж үзнэ дээ. Гэхдээ байдаг нэг зохиол биш. Би ВГИК (киноны дээд сургууль)-ийн оюутнуудад хэд хэдэн кино зохиол бичиж өгч байсан удаатай. Болмоор юм байна лээ.
-Уран зохиолын ертөнцөд тэсрэлт болохуйц зохиол бичнэ гэж үү?
-Тэсрэлт ч юу байхав, миний насны хүн тэсрээд хаа холдохов. Гэхдээ хааяа нэг дэлбэрч байхад болохгүй нь юу байхав.

Feb 15, 2012

Өрнөдийнхөн рациональ сэтгэлгээнээсээ уйджээ


...Эхлэлээс өрнөл хүртэл нэг хэвийн амьдрал дундаа бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдгийг хэн мэдлээ. Гэвч энэ зуур нэг агшин, энгийн харилцан яриа, санамсаргүй учралуудаас торж үлдсэн хэдхэн мөр бүх л бүтэн амьдралын үнэ цэнтэй дүйх хэмжээнд хүрч өндөлздөг нь гайхмаар. “Шинжлэх ухааны хөгжил, одоо цагийн сайн муу бүхий л үйл явдлуудын үр дүнд хүнд иррациональ сэтгэлгээ чухаг хэрэгтэй байсныг өрнөдийнхөн одоо л ойлгож эхэлж байна. Өдгөө бид тэдний соёл руу хуйларч байгаа нь буруу биш ч өөрийнхөө уураг тархиар аливааг бодож, боловсруулах нь түүнээс чухал гэдгийг сая явахдаа илүү хурц мэдэрлээ”. Бидний ярилцлагын дараа дээрх хоёр өгүүлбэр ой ухааны минь гүнд шингэж үлджээ. Бид гэдэг нь Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Дулам, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилиг болон миний биеийг хэлж байгаа хэрэг. Одоо хэдийнэ талийж одсон цаг хугацааны турш бид ийн ярилцсан юм.
-Санхүүгийн хямралд өртөж, зээлжих зэрэглэлээ нэг шатаар бууруулсан францчууд бүх нийтээрээ бүсээ чангалахаар “тохирсон” хэрнээ хаа холын Монголоос хоёрын хоёр эрдэмтэн урьж аваачих нь тэдэнд чухам ямар хэрэгтэй байсан юм бол?
С.Д: -Соёлын торгон мөн чанар болох рациональ, иррациональ сэтгэлгээгээ алдаагүй нь монголчууд юм байна гэж тэд харжээ. Тиймээс энэ хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй гэсэн бодол төрсөн байна. Францчууд оюунлаг хүмүүс учраас шинэ мэдлэг, мэдээлэл хүлээж авахыг бүхнээс эрхэмлэдэг. Тэд нэгэн үе рациональ сэтгэлгээгээр бүхнийг тунгааж, хэрэггүй гэснээ хаяж, гээж явсаар тодорхой нэг хязгаарт хүрсэн хойноо тойрч явах гээд алдаа гаргасан зүйл байна уу хэмээн тэмтэрч эхэлсэн байх юм. Жишээ нь, бидний очсон Турын их сургуульд францын түүх, соёл, тэр дундаа идээ ундааны соёлыг тусгайлан судлах ЮНЕСКО-гийн түшиц тэнхим (Chaire UNESCO) байгуулсан байна. Энэ соёлын өвөө ЮНЕСКО-д саяхан бүртгүүлсэнтэй холбоотой юм байна л даа. Францын суут зохиолч Франсуа Раблегийн “Гаргантюа ба Пантагрюэль” зохиолд энэ орны идээ, ундааны соёлын талаар дэлгэрэнгүй гарч байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэдний хувьд монголчууд идээ, ундааныхаа соёлыг хэрхэн үздэг, таван өнгө идээ, ундаа гэдэг нь чухам юу вэ, тэр нь монголчуудын ураг төрлийг хэрхэн бэлгэддэг талаар ярихаар содон соргог сонсогдсон байх. Тараг бол эхийн тал, нагацын ургийг, айраг бол эцгийн тал, авгын ургийг бэлгэддэг гэхлээр тэдэнд гайхалтай санагдсан аж. Тахианы мөч, хонины хаа тэдний хувьд ураг төрлийн бэлгэдэлтэй ямар ч хамааралгүй. Лекцийн дараа нэгэн докторант залуу “Бид өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн соёлтой хүмүүс гэж итгэж явсан. Гэтэл таны лекцийг сонсоод монголын соёл биднийхээс илүү уран тансаг юм байна гэх сэтгэгдэл төрлөө” гэж хэлсэн.
-Лекц сонсож буй хүмүүст гарал үүсэлтэй холбоотой ялгаа гарч эхлэхээр ямар нэгэн өөрчлөлт ажиглагдах юм уу?
С.Д: -Турын их сургууль 22000 оюутантай, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн бүхий л салбарыг багтаасан том сургууль. Тэнд нь Нобелийн шагналт эрдэмтэд ч хичээл заадаг юм байна. Тус сургууль ЮНЕСКО-гийн түшиц тэнхим (Chaire UNESCO) гээчийг байгуулаад, францын идээ, ундааны соёлыг авцалдуулж судлахаар гадаадын профессоруудыг урьж хичээл заалгаж байгаа бөгөөд анхных нь бид боллоо. Үүнийг “Рабле сан”-гаас санхүүжүүлсэн. Тэгээд энэ түшиц тэнхмийнхээ гадаад гишүүн болгож байна гэж нэг мэргэжлийн зурагчин бүсгүй хуучин хотод өдөржин зураг авлаа. За, харин барахгүй ажил чинь тэр байна юм лээ дээ. Таван зуун зураг аваад, нэгийг л сонгох юм гэнэ. Тэр нь таван зуун еврогийн үнэтэй юм гэнэ. Топ моделийн зовлонг тэгэхэд л сайн ойлгосоон. Бид Турын их сургуулийн магистр, докторын түвшний оюутнуудад соёлын антропологи, бэлгэдэл зүйн цуврал лекцүүд уншлаа. Тэр дундаас тэдний нэлээд сонирхож буй зүйл нь монголчуудын идээ, ундааны соёл байсан. Бүр товчлоод хэлэх юм бол тэд бэлгэдэл зүйн учрыг ухаарах гэж урьд өмнөхөөс илүү эрмэлздэг болсон байна.
- Лекцээ тэгээд ямар хэлээр уншиж байв?
С.Д: - Франц хэлээр л уншилгүй, өөр ямар хэлээр унших вэ? Одоо чинь орчуулагчтай лекц уншдаг үе өнгөрсөн шүү дээ. Хүний хэлээр унших болохоор бэлтгэл их хэрэгтэй, ер нь зав зайгүй байсаар байгаад өнгөрсөн. Тэдний нэг удаагийн лекц нь гурван цаг үргэлжилдэг болохоор бүүр ч амаргүй.
- Франсуа Раблегийн их сургуулиас өөр газар лекц уншив уу?
С.Д: - Нэг нэгнээсээ дам сонссон юм байлгүй, Парисын ойролцоо байдаг Реймс хотын Урлаг, дизайны дээд сургууль урьж лекц уншуулсан, тэхдээ хоёрхон өдрийн дотор 12 цагийн лекц унших болоод ядарч байсан шүү. Яахав нэг шинэ хот үзэх хүсэлдээ хөтлөгдөөд зөвшөөрчихсөн юм.
-Тур бол Францын соёл, оюун санааны хар хайрцагны бодлого нь оршдог хот гэдэг. Бас бидний мэдэхээр Декарт, Рабле, Оноре де Бальзак, Пьер де Ронсар нарын төрсөн нутаг байх аа.
Г.Н: -Францын тусгаар тогтнол 800 гаруй жилийн түүхтэй бөгөөд тэд өөрсдийгөө өрнийн соёл иргэншлийн өлгий хэмээдэг. Орчин үеийн ардчилал, бүгд найрамдах ёс гэдгийг хувьсгалаар байгуулсан анхны улс шүү дээ. Энэ дотроо Тур хот нь байгалийн гоо сайхан, аялаг тухлаг байдлаараа гайхагдсан учраас Францын бүхий л үеийн хаадын орд, шилтгээн байдаг юм билээ. 16000 гаруй шилтгээн байдаг гэсэн шүү. Мөн Сэргэн мандлын үеийн агуу зохиолч Франсуа Рабле гарч ирснээр Латин хэлт соёлоос цэвэр франц хэлт уран зохиол үүсэх өлгий болсон газар хэмээдэг. Түүний зохиол гарснаас хойш л франц хэл утга зохиолын хэл болж бүрэлдсэн байдаг. Тур хот цэвэр франц хэл, аялгууны өлгий гэдэг утгаараа бидний сонирхлыг их татсан.
Францчуудад зохиолч, уран бүтээлчдийнхээ нэрээр гудамж, талбай үйлчилгээний газруудаа нэрлэх үзэгдэл нийтлэг байдаг. Харин биднийг Турт очиход Леонардо Да Винчийн нэртэй ресторан, байшин, барилга олон тааралдсан нь содон харагдаж байсан. Тэгсэн чинь энэ нутагт Леонардо Да Винчийн амьдралын сүүлчийн жилүүд өнгөрсөн юм билээ.
-Рациональ сэтгэлгээнээсээ уйдсан францчуудад түүх соёл, аман зохиолоо эргээд тэмтрэх, ямар нэг сэдэл төрүүлэх зүйл үлдэж үү. Энэ санаа таны “Хүмүүний сүйрэл” цуврал өгүүллээс ч цухалзаж байсан санагдана.
С.Д: -Рациональ сэтгэлгээ тэртээ тэргүй хүн төрөлхтөнд өгөх юмаа өгсөн ч, авах юмаа аваад арилчихжээ. Аваад арилсан тэр юман дотор нь иррациональ сэтгэлгээ, байх ёстой зүйл нь байсныг тэд анзаараад, дахин үгүйлж эхэлсэн байна. Монгол соёл бэлгэдлийн олон үелэл шатлалтай гэдгээрээ тэдний анхаарлыг гойд татаж байна. Гэтэл энэ нь тэдний соёлд бараг байхгүйтэй адил болжээ. Хэрэвзэеэ байвал дурсамж төдий, хааяа нэг “Библи”-ээсээ иш татаж юм яривал ярина. Язгуурынхаа үнэт зүйлийг мартаад, үүний орыг техник, технологи эзлээд хүн гээч амьтан машин болох янз руугаа оржээ, тэнд. Хүний оролцоогүй юмс олширч, ихэвчлэн машинтай харилцах болж. Бэлгэдэл, цээр ёс гээч нь энэ “машинжсан” нийгэм дотор хүмүүний мөн чанарыг хадгалах, үл мэдэгдэх “х, у” амин дэм байжээ гэдгийг би илүү сайн ойлгосон. Тэд биднээс юм дуулах гэж хүсээд, тэрхүү алдагдсан соёл руу нь бид дөхүүлж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Г.Н: -Дээр хэлсэнчлэн тэд мөнөөх рациональ сэтгэлгээнийхээ дагуу аман зохиолоо хайхрахгүй байсаар “алдагдсан иргэншил” (civilization perdu) болгочихсон. Өдгөө эргээд “Гаргантюа ба Пантагрюэль”-ээсээ л аман зохиолтой холбогдох зүйлсээ дурсан санагалзаж байдаг юм билээ. Рабле нь нутгийн аялгуу, аман соёл, грек, латин, итали хэлний хэлц хэллэг зэргээр франц хэлний найруулга болон үгсийн санг баяжуулж, өгүүлэлт зохиолын хэлийг бүтээсэн бол, яруу найрагч Пьер де Ронсар “Мичид” бүлгийн анд нарын хамт францын яруу найргийн хэлийг бүтээсэн гэдэг. Ийнхүү өгүүлэлт зохиол болоод, орчин үеийн яруу найргийн хэл нь хоёулаа Тур хот, тэндээс төрсөн зохиолчидтой холбоотой болохоор бас ч гэж соёл, түүхээсээ бүрмөсөн тасарчихаагүй дээрээ санагалзаж буй нь зүйн хэрэг. Францын гүний нутаг болох Турыг үе үеийн дайн тулааны үед хамгаалж үлддэг, хар хайрцагны бодлого нь эндээ байдаг бололтой, цэвэр франц хэл нь, цэвэр франц соёл, хаадын шилтгээн нь энэхүү өлгий нутагтаа байдаг юм билээ. Мөн Декартыг бид дурдахгүй өнгөрч болохгүй байх. Тэрбээр өмнө нь латин хэлээр бичдэг байсан философийг франц хэлээр анх бичсэн хүмүүсийн нэг. Харин Бальзакын хувьд түүнийг нутгийнхан “Наполеоны зэвсгийн хүчээр европыг эзлэх санаархлыг О.Бальзак бийр бэхийнхээ хүчээр биелүүлсэн хүн” гэлцдэг юм билээ.
-Тур хот руу явахаасаа өмнө ямар “асуулт”-д хариу авахаар зэхсэн байсан бэ?
Г.Н: -Би уран зохиол заах аргын хичээл зааж, дунд сургуулийн сурах бичиг бичдэг учраас хичээлийн дидактик, сургалтын арга зүйтэй холбоотой зүйлсийг ажиглан харж, тэр чиглэлээр хүмүүстэй уулзахыг зорьсон. Тэндхийн их, дээд сургуулийн сургалт их чөлөөтэй, элдэв бүртгэл, хар данс байдаггүй хэрнээ лекцийн танхим нь үргэлж пиг дүүрэн байдаг. Зөвхөн оюутан ч гэлтгүй настай хүмүүс ч сонирхож, сууж байхыг харсан. Бүгд Wi-Fi ашиглан лекцийн туршид яригдаж байгаа зүйлсийг тэр дор нь “Google”-ээс хайж олоод, харьцуулж үзээд, асуулт асуух гээд гар нь гозолзоод л суудаг юм билээ. Хичээл дуусангуут монгол профессорын хичээл ийм ийм боллоо гээд декан, тэнхмийн эрхлэгчиддээ и-мэйл биччихдэг юм билээ. Тэхлээр бидний хэлдэгээр цээжний бангаар туугаад байж болохгүй юм билээ. Харин сүүлд нь сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзахдаа хичээл заалгасан оюутнууд маань монгол профессор урьсныг талархсан, сургуулийн вэбэд лекцийг нь дахин байршуулж өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлснийг бидэнд дамжуулж өгсөн. Харин дунд сургуулийн сургалт нь хүүхэд бүрийн онцлогт тааруулахыг чухалчилдаг бөгөөд хүүхэд бүр өөрийнхөө түвшинд л мэдлэг олж авахыг илүүд үздэг нь анзаарагдсан. Жакыг Жантай юмуу, Батыг Доржтой заавал адилхан болгох гэхгүй, харьцуулж уралдуулахаас зайлсхийсэн хүүхдийг урамшуулан хөтөлсөн харилцаа нь онцгой санагдсан.
-Энэ бүх гайхамшиг дунд байгаа хүмүүс нь чухам ямар вэ. Тэд түүхээ яаж хадгалж үлдсэн нууц руу нь өнгийж үзэв үү, та?
Г.Н: -Тэндхийн шилтгээнүүдийг үзэж явахад XV, XVI, XVII зууных гэнэ. Шенонсо дахь хатдын шилтгээн, Амбуаз дахь хаадын шилтгээн гээд бүгд цэцэрлэгтэй, жирийн айлын хаус ч цонхон доороо сарнайн буттай. Бид ямар нэг байшингийн хажууд цемент л байх ёстой мэтээр ойлгодог байтал тэнд үгүй аж. Жишээ нь, Леонардо Да Винчийн шилтгээний гаднах цэцэрлэг сэргэн мандлын үеийнх гэж байсан. Тухайн үед эл цэцэрлэгийг яаж байгуулсан, яг тэр өнгө төрхөөр нь арчилж, хэв маягийг нь алдалгүйгээр өнөөдрийг хүргэсэн байна. Энгийн нэг цэцэрлэгийг ийн хадгалж байгаа юм чинь бусад зүйлийг хэрхэн нандигнадаг нь тодорхой. Тэд юм бүхнээ өөрчлөлгүйгээр тухайн цаг үеийн түүхийг харуулах зорилгоор хадгалж үлдээд, үүгээрээ жуулчдыг татаж байдаг. Тур хотод хэддүгээр зууных гэдгийг нь ч хэлж чадамгүй, нүхэн гэрүүд байхтай таарсан. Уулыг нүхлээд хаалга, цонх гаргачихсан, үүнд нь өдгөө ч хүмүүс амьдардаг төдийгүй Францын хамгийн үнэтэй ресторануудын нэг нь байж байх жишээтэй. Олон зууны өмнө жирийн хүний амьдарч байсан байшин сууц ч өдгөө жуулчдын заавал үзэх ёстой зүйл болон хувирсан байх юм.
Леонардо Альпийн нурууг давж, илжигний нуруун дээр “Жоконда”, “Сент Анна”, “Сент Жан Батист” хөргүүдээ ачаад I Франсуа хааны урилгаар Францад ирж суурьшсан байна. Дэлхийн хүмүүс өнөөдөр “Жоконда”-г үзэх л гэж Францад ирдэг, Луврт очдогийг хэн бүхэн мэднэ. Тэгэхэд хааны гаргаж өгсөн Кло Люсе шилтгээн өдгөө ч тэр хэвээр байх бөгөөд дотор нь Леонардогийн ажлын өрөө, унтлагын өрөө, бичгийн ширээ цөм янзаараа байж байсан. Бүр АНУ-ын IBM компанийнхан очоод Леонардогийн хар зургуудыг ашиглан бүтээлүүдийг нь биежүүлж, тусгайлан үзүүлж байдагюм билээ.
-Та бүхэн өмнө нь Францад цөөнгүй удаа очиж байсан байх. Сэтгэл гэдэг хувирамтгай эд болохоор яг адилхан зүйлээс өөр өөр мэдрэмж авдаг байх. Сая тэндээс ямар шинэ санаа тээж ирсэн бэ?
Г.Н: -Уран зохиолын дидактикт юуг шинээр оруулбал дээр вэ, хүүхдэд урлаг, уран зохиолыг танин мэдүүлж, өөрөө мэдлэг бүтээлгэх дидактикийг сурах бичгээр нь дамжуулж, нэвтрүүлэх санаа төрсөн. Мөн хүн төрөлхтөн өөрсдийнхөө соёл, оюуны баялгийг яаж хөгжүүлдэг вэ, соёлын аж үйлдвэрлэл гэж юуг хэлдгийг ажиглах гэж оролдсон.
-Гадагшаа яваад ирэхэд эх орноо, дасал болсон бүхнээ өөр өнцгөөс харж эхэлдэг, тийм үү?
Г.Н: -Хүмүүсийн харилцааны онцлог чухал л даа. Францад бүхий л хүмүүс найрсаг харилцаан дунд оршдог. Гэтэл Орост ирэхэд орос авгай нарын дуу чангараад, илүү тушаах янзтай болж ирнэ. Харин Монголын нисэх дээр буухад түүнээс ч илүү аашилж, зандраад, биеэрээ түлхэлцээд эхэлж байгаа юм. Бид соёлтой харилцааг уран зохиолын хичээлээр дамжуулан хүүхдүүдэд заах хэрэгтэй юм байна. Манайхан уран зохиолын сургалтад “хүмүүжүүлэх” гэх үгнээс айж зугатаад “төлөвшүүлэх” гэдэг үгээр орлуулсан. Гэтэл төлөвшүүлэх гэдэг нь тэр хүнийг дахин бүтээх тухай асуудал. Францын сургалтад бол хүний харилцааг л чухалчилдаг байна. Тухайн хүүхэд хэн болох нь гэр бүлийн үнэт зүйлийн хүрээний асуудал болохоос биш түүнийг эвдээд бүхнийг адилхан болгох нь эцсийн зорилго биш юм.
-Тэгвэл одоо эсрэгээр нь харцгаая. Францын соёлд сөрөг, зарим талаараа биднийхээс дутуу зүйл ажиглагдав уу?
Г.Н: -Луар голын наана, цаана хуучин, шинэ Тур хот бий. Манайхтай адилаар байшингуудын хаалга нь хаашаа л бол хаашаа харсан байрлалтай. Анх очсон өдөр бүрхэг өдөр таараад, бид баруун зүүнээ ч ялгахаа больсон. Тэгээд нутгийн хүнээс хойт зүг хаана байгааг асуухад тэр мэдэхгүй гэсэн. Энд удаан жил амьдарсан хэрнээ зүг хаашаа байхыг өнөө хэр мэдэхгүй, бүр энэ тухай бодож ч байгаагүй тухайгаа хэлж, хойт зүг хаана байх нь нүүдэлчний юм уу, далайчинд хамаатай асуулт байх гэж билээ. Гэтэл монгол хүний хувьд зүгээ мэдэхгүй байх нь ухаан санаанд багтамгүй, байж боломгүй зүйл шүү дээ. Хөл толгойгоо алдснаас өөрцгүй. Тэгэхээр өөрсдөө төдийлэн анзаарахгүй байгаа олон чухал үнэт зүйл бидэнд их байгааг энэ төдийгээр хариулж болно.
-Энэ бүхний эхлэл рүү эргээд очъё. Рациональ сэтгэлгээнээсээ уйдаж эхэлсэн тэдний “алдаатай” соёл руу өдгөө бид бүр илүүгээр тэмүүлж байгааг та бүхэн юу гэж үзэж байна вэ?
С.Д: -Хүн төрөлхтний соёлд тэдний бүтээсэн бүхнийг бид ер үгүйсгэхгүй. Харин дагалдаж, хосолж явах ёстой зүйл нь тэдэнд дутсан байна гэсэн дүгнэлт би хувьдаа хийж байгаа юм. Хэдийгээр Франц улс, франц соёл иргэншил, урлаг, уран зохиол миний зүрх сэтгэлд эрхэм хүндтэй байр эзэлдэг ч би бүх зүйлд нь шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдрийг хүртэл явж ирсэн тэр рациональ буюу картезиан сэтгэлгээг нь би “Хүмүүний сүйрэл” цуврал бодролдоо хэдхэн хоногийн өмнө шүүмжилж бичсэн байсан. Тэгтэл харин тэр сэтгэгчийг төрүүлсэн нутагт нь “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum) хэмээх бичигтэй хөшөөнд нь очдог байна шүү. Миний бодлоор би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршин байдаг, тансаг билиг минь тасраагүй л бол оршин байдаг. Францын соёлд бидэнд хэрэгтэй зүйл их байна. Өнөөдөр бидний их юм болгоод байгаа ардчилалыг тэд сонгодог маягаар бүтээсэн. Өөр газрууд харин буруу тийшээ авч давхисан байж магадгүй. Хүний харилцааны асуудал бүр шийдэгдсэн. Бүх хүн бие биедээ баяр, хөөр, инээмсэглэл бэлэглэнэ гэсэн дадал зуршилтай байдаг. Гэвч бид аливааг өөрийнхөө бодол, сэтгэлгээ, уураг тархиар сээж, шүүн тунгааж хандах хэрэгтэй. Тэр үүднээс үзвэл, бэлгэдэлт сэтгэлгээ, тэр дундаа монгол бэлгэдэл зүй бол алдаж гээж болшгүй үнэт зүйл юм байна. Аналитик сэтгэлгээгээр үзэхэд ямар ч утга учиргүй юм шиг, хэрэггүй юм шиг санагдах тэр зүйл маань харин хүмүүнийг хүмүүн болгож, хүмүүнийг машин болгох, машины эд анги болгохоос сэргийлдэг зүйлс байсан юм билээ. Францчууд угийн оюунлаг хүмүүс болохоороо үүнийг ойлгон сэхээрсэн байна.
Г.Н: -Бид өдгөө бас ч гэж аман зохиол, утга соёл дундаа амьдарч байна. Харин тэд үүнийгээ алдчихаад, нөгөө л Ф. Рабле, О.Бальзак гэх эрт үеийн суутнууддаа нялзаах маягтай байдаг. Эргэн тойрондоо буй бүхний амин сүнсийг мэдэрч, эд зүйлсдээ ч гэсэн энэ мэтээр хандах нь маш үнэт баялаг юм шүү дээ. Жишээ нь, Францын соёлд орон дээр малгай тавьж болохгүй гэсэн хорио цээр байнаа. Яагаад ингэдэг вэ гэхээр хэн ч мэдэхгүй. Гэтэл монгол соёлын хорио цээр бүхэн өөрийн гэсэн тайлал тайлбартай, үүнийг нь захын чавганц хэлж суудаг. Энэ нь бидний хувьд бахархал мөн. Бас тэнд байхдаа нэг сонирхолтой зүйл ажигласан. Францчууд оройн хоолон дээр соёл, урлаг, уран сайхны мэдлэгээ хуваалцсан өргөн яриа өрнүүлдэг. Хоол идэх нь гол биш, харин үүнд хэнийг урьж авчирвал өнөөдөр ямар сэдвээр ярилцаж, шинэ мэдээлэл авч, танин мэдэхүйгээ нээх вэ гэдэгт анхаардаг. Энэ нь маш сонирхолтой бөгөөд ярилцагчид нэг сэдэвт зохиол биччих гээд, том том нээлт хийчих гээд л байх жишээтэй. Монгол соёлд хууч хөөрөх ёс гэж бий. Айлд орж хууч хөөрнө гэдэг нь маш том соёл байжээ гэдгийг дахин мэдэрсэн. Энэ нь өөр хоорондоо мэдээлэл дамжуулах, үндэстний дотоод хэлхээгээ бэхжүүлэх үнэт зүйл байжээ. Би өөрөө энд аман зохиолыг арваад жил судалчихаад ухаараагүй зүйлээ айлын хоол идэж суугаад олж мэдэж байх юм даа (инээв).
-Сүүлийн үед монголчууд маань ёотон шиг санагддаг болоод байна. Юу руу ч үсэрч ороод уусахад бэлэн. Тэр нь кофе юу, байхуу юу, эсвэл зүгээр ус уу гэдэг нь төдийлэн хамаатай биш юм шиг.
С.Д: -Яг зөв хэллээ. Тэр ёотон чинь бусдыг амттай болгох авч өөрөө алга болчихно шүү дээ, цай, кофе нь л үлдэнэ. Чи өөрөө нэг бодгаль л юм бол, өөрийн гэсэн гаралтай, үндэс, угсаатай, соёлтой хүн мөн юм бол үүнийгээ алдвал хэн болох вэ?. Эдгээр чанараа агуулж байж л бусдын соёлын хэрэг тустайг шүүн авч, гээхийг нь бас гээж чадна. Өөрийн ямар ч бодгаль чанаргүй бол фермийн үнээнээс өөрцгүй. Хөхөнд нь аппарат зүүвэл сүүгээ саалгаж, өвс тавиад өгвөл идчихнэ. Өөрөөр гийгүүлж гавихгүй. Тэгэхээр юм юмыг дуурайж, “сармагчлах”-аасаа урьтаж өөр хэнбугай ч булаацалдахгүй гагц өмч болох уураг тархиндаа оюун бодлоо сайтар боловсруулж, энэ дотроо өөрийгөө бүтээх ёстой юм. Залуу байхад дуурайх тал маань давамгайлж байсан байх л даа, одоо аливааг илүү олон талаас нь харж, өөрийнхөө бодол сэтгэлгээ, үзэл саналыг бий болгохыг чухалчлах болжээ. Тэр нь илүү сонирхолтой. Хүн ямагт өөртэйгээ адил хүнийг биш, харин өөр хүнийг л анзаарч үзэх байх.
Г.Н: -Бид үнэхээр л дуурайх дуртай юм бол ядаж сайныг нь л сонгох хэрэгтэй. Жишээ нь Францын сэхээтэн айлуудад зурагт байдаг ч түүнийгээ асаах нь ховор. Зайлшгүй мэдээлэл авах цагтаа л хэдхэн хором асаадаг бөгөөд зар сурталчилгаа, элдэв мэдээллийн түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй нь тэр. Гэтэл бид өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй болж, улмаар хүсээгүй үедээ хүсээгүй мэдээллээр тархиа дүүргээд, үүнийхээ үр дүнд стресстэж, өөрийн мөн чанарыг үгүй хийж байна. Хүүхдээ ч энэ мэтээр багаас нь “устгачихаад”, ёстой л хаашаа ч үсэрч ороод уусч мэдэх “ёотон” бэлтгэж байна.

Feb 13, 2012

Cheers! Adele



Эхлэлээс өрнөл хүртэл нэгэн хэвийн амьдрал дунд бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдөг юм бүү мэд. Гэлээ ч энгийн нэг агшин, санамсаргүй учрал, хоромын төдий хөг аялгуу бүх л бүтэн амьдралын үнэ цэнэтэй дүйж байдаг нь гайхмаар. (Тун удахгүй...)
Тийм ээ, би хэний тухай хэлэх гээд байгааг минь та таасан байх. Попын хатан хаан Уитни Хьюстоний хойноос эмгэнэл илэрхийлж гүйцээгүй байхад хаа холын Лос Анжелесоос баярт мэдээ тасарсангүй. Хорвоо ийм хуурамж аж, яалтай ч билээ. Аделийг анх сонссон мэдэрсэн түүх тун энгийн, ердөө гурван минут гаруйн тааламжит хөг аялгууны дараа шийдэгдсэн хэдий ч мөнөөх л энгийн учрал өнөө хэр зүрх сэтгэлийн минь гүнийн гүнд буцалсаар, оргилсоор байх юм. Хэдий бид бие биенээ танихгүй, ийм хүн байдаг гэдгийг тэр мэдэхгүй ч гэлээ Адель миний нэгэн хэсэг, чухам хамаатай эд эс болсон байхын учрыг хэн тайлж чадах билээ. 54 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд тэр зургаан төрөлд нэр дэвшиж, мөн тооны “Эгшигт хайрцаг” тэврээд инээмсэглэж зогсож байна. “19” цомгийнхоо хүчээр олонд танигдаж, бас үүнээс шалтгаалан “Грэмми”-ийн тайз түүнд тийм ч хөндий эд биш болсон хэдий ч “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж байх үеийнх нь дүр зураг одоо ч нүдэнд харагдаж байна. Цусны дусал бүрээр дамжин, тархинд бас зүрхэнд хүрсэн тэр агшины тэр мэдрэмжийг бидний хэн хэн нь хэзээ ч мартахгүй байх шүү. Уг шагналыг хүртэхийн өмнө, өөрийн болгоно гэдгээ мэдээ ч үгүй байхдаа тэр “Грэмми”-ийн тайзнаа Rolling in the deep”-ээ дуулсан. Жинхэнэ хүч чадал, ялалтын бардам уухай нэвт үнэртсэн тэр хэдэн хором өдгөө хэдийнэ түүх болон үлджээ. Түүх, ингэхэд түүх гэдэг нь хэчнээн агуу утга санаа бүхий үг билээ дээ.
Адель 2008 онд “Chasing pavement” дуугаараа “Шилдэг шинэ залуу дуучин”, “Шилдэг поп performance” шагнал хүртэж байсан бол энэ удаа “Оны шилдэг бичлэг”, “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг цомог”, “Шилдэг поп performance”, “Шилдэг поп vocal цомог”, “Шилдэг богино хэмжээний видео клип” шагналыг хүртлээ. Энэ амжилт л түүний төлөө цохилдог, тэр хэрээрээ эрч хүч, урам зориг авч байдаг хүн бүрт хундага тулгах шалтаг мөнсөн билээ. Cheers Adele!

Feb 12, 2012

We will always love you, Whitney



Үхлийн нууцыг бид өнөө хэр тайлж чадаагүй учраас биднээс явчихсан хэн нэгний араас уйлж, гашуудахаас өөр сэтгэл хөдлөл үзүүлж чадахгүй юм. Магадгүй тэд бүхнийг дахин эхлэхээр, илүү сайхныг мэдрэхээр явсан ч байж болох, тийм үү?. Уянгын дууны хатан хаан хэмээдэг ч ямар ч цол хэргэмийн нөлөөгүйгээр бидний сэтгэлийг хөглөж чаддаг, бурхны номлол мэт түмэн жил хүмүүнийг цэнгүүлэх “I will always love you” дууны эзэн Уитни Хьюстон тэнгэрт хальжээ. 48 нас гэдэг хүний амьдралын нэлээдгүй урт хугацаа хэдий ч илүү удаан, ядаж л нэг хором илүү амьдрахыг, энд үлдэхийг хүсэх сэтгэлийн үүднээс бол харамсалтай богинохон хором ажээ. Амьд ахуйд нь элдэв муу үгийн илдээр хайр найргүй сүлбэж, нулимж, доромжилж байдаг хэрнээ “явчихсан” хойно нь мянган халуун үгээр булаад ямар ч нэмэргүй. Гэлээ ч Уитни амьд ахуйдаа хүнд учирч болох бүх сайхныг, бүхий л муу муухайг амсаж туулаад, энэ насны амьдралдаа нэр төртэйгээр цэг тавих гавъяаг амьд ахуйдаа бүтээж чадсан юм шүү.
Тэрбээр амьд ахуйдаа 415 шагналын эзэн болж, “Гиннес”-ийн номд бүх цаг үеийн хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч хэмээн бичигджээ. Үүний дотор “Грэмми”-ийн зургаа, “Эмми”-гийн хоёр, “Billboard music awards”-ын 30, “American music awards”-ийн 22 шагнал бий. Гэхдээ энэ бүхнээс илүү үнэ цэнэтэй нь зүрх сэтгэлийн холбоо билээ. Уитни 11 наснаасаа эхэлсэн карьерийнхаа турш дэлхий даяар нийт 170 сая цомог, дуу, видео борлуулж амжжээ. Түүнийг хөгжмийн ертөнцтэй загалмайлсан эх нь болох Арета Франклин, үеэлүүд болох Дионе Варвик, Ди Ди Варвик нар нь хөтөлсөн бөгөөд 11 насандаа төгөлдөр хуур тоглож сурч, улмаар сүмийн найрал дуучидтай нэгдсэн байна. 1980-аад оноос түүний моделийн карьеар эхэлж, “Seventeen, Cosmopolitan”, Glamour” сэтгүүлийн нүүрийг чимж байв. Мөн “Seventeen” сэтгүүлийн анхны өнгөт нүүр бүхий дугаарын тэргүүн нүүрэнд түүнийг зураг нийтлэгдэж байжээ. “Бие хамгаалагч” кино болон цомог түүний карьерийн хамгийн оргил үе байсан бөгөөд “I will always love you”, Run to you”, I have nothing” зэрэг дуу нь амилсан юм. Гэвч өдгөө түүнтэй холбоотой өгүүлбэр бүхэн өнгөрсөн цагийг заах болжээ. Ганцхан хоног...
Өнөөдөр хөшгөө нээж буй (2.12) “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохоор Уитни Калифорнийн “Beverly Hilton” зочид буудалд буудалсан байсан хэдий ч арга хэмжээ болохоос нэг хоногийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өглөө түүний цогцосыг мөнөөх зочид буудлаас олжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байсан учраас үхлийн шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж байгаа ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Өнөөдөр эхлэх “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын продюссерүүд түргэн авч, өнөө оройны арга хэмжээний үеэр Уитни Хьюстон хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дуучин Женнифер Хадсон гоцлох аж. Тийм ээ, дуугаар түүнийг үдэн гаргах нь хамгийн өөдрөг хувилбар ч байж болох. Тэр магадгүй илүү сайхан руу тэмүүлэн одсон ч байж мэдэх юм.
We have nothing, Whitney. But we will always love you!

Feb 2, 2012

Ашгүй бүх юм дууслаа



...Мөнөөх шүдэнзийг хэзээ асаах нь, заавал шүдэнз биш асаагуур ашиглах эсэх нь миний мэдэлд захирагдах бөлгөө. Магадгүй түүнийг асаахгүйгээр он удаан, хэдэн мянган жил ч хадгалж дөнгөх вий. Хэрэвзээ асаасан л бол тэр хэзээ нэгэн цагт үнс болох авай. Төрөх, бөхөхийн дүрэм энэ аж.

Амьдрал гээч нь асар том супермаркет. Хэрэв чи дүрмийг сайтар ухаарсан бол, мөрөөдөлтэй, хүч чадалтай басхүү мөнгөтэй бол хүссэн бүхнээ сонгож, өөрийн болгож болно. Үгүй бол байгаадаа тааруулан “бараа” сонгохоос өөр яах билээ. Хүн бүр араншингийн хувьд өөр болоод огт адилгүй зураг төөргөөр замнадаг нь чухам үүнтэй л холбоотой биз. Гэвч энд бас хүсээд авч боломгүй, хэчнээн тэг тоолоод ч хүчрэхгүй юм бий. Тэр нь цаг хугацаа. Энэ гариг дээр яагаад ирснээ, хожим хэзээ, бас яагаад буцах ёстой болохоо бид мэддэгүй. Учир нь энд ирэхийг чи өөрөө сонгоогүй, магадгүй хүсээгүйтэй адил явах цагийг зарлах дуун хэзээ дуугарах нь чамд бас надад хамаагүй ажээ.

Багадаа би хүмүүс яагаад удаан, бүр хоёр зуугаас ч урт наслаж болдоггүйг гайхдаг байлаа. Эрүүл мэндийн бүхий л энгийн жорыг ашиглаж, байж болох хамаг л тэвчээрийг заан амьдарсан нэгэн нэг зуун дөчин таваас дээш наслаагүйг сонсоод “Чөтгөр алгад, тэгээд яах ёстой билээ?” хэмээн эгээ л “том хүн” шиг эргэцүүлж суусан цаг саяхан. Гэвч хэн нэгэн надад хэлээгүй, шинжлэх ухаанч тайлбар олоогүй хэдий ч хүн яагаад ч үхэхгүй амьдрах, ядаж л нэг зуун тавин насны босго давах тэнхэлгүй болохыг ухаарч байна. Энэ амьдралд хариулт, тайлбаргүй нь энгийнээсээ олон болохоор яалтай ч билээ.

Боломжит бүхий л цаг хугацааг дэмий үрчихэлгүй, аль болох удахын мөрөөсөл болон амьдарлаа ч элсэн цагны сүүлчийн ширхэг хөсөр унах нь хэзээ гэдгийг би мэдэхгүй. Тэгэхээр нас гэдэг хязгааргүй аж. Гэвч хэзээ мөдгүй унах нь л үнэн учраас үхэлд урьдаас бэлтгэн, энэ насны амьдралдаа нэр төртэйгөөр цэг тавьсан нь цөөн аж. Үхэл гэдэг ирэхийн цагтаа хэн хэдэн тэг тоолдог, хэний царай толинд илүү сайхан харагддаг вэ гэдгийг үл тоон, бүр өрөвдөх сэтгэлийг ч таягдаж хаяад амьтай болгонд адил тэгш ханддаг учраас л тэр хамгийн үнэн шударгуу нь юм. Гэтэл хүмүүс бид өрөвч нинжин, араатанлаг авир эсвэл ойшоох үл ойшоох зэрэг эсрэг тэсрэг зан суртахууны цуглуулга учраас эцсийн цэгтээ алийг нь дагах вэ хэмээх эргэлзээтэй тулж, нэг л их бөөрөнхий суртахуунаар бүхэнд хандаж ирэв. Нэг хэсгийг нь зүүний сүвэгчээр харах төдий л шүүдэг хэрнээ нөгөөг нь томруулдаг шилээр тун ч нямбай ажиглаж “чаддаг” учраас бид үхэл яагаад ирдгийн нууцыг тайлж чадахгүй яваа ч байж мэднэ.

Хөгширнө гэдэг нь хэзээ ч ашиглаж чадахгүй баахан туршлага цуглуулахыг хэлдэг гэлцдэг. Нээрээ л энэ амьдрал гээч үл ойлгогдох тоглоомын дүрмээс ядаж л өчүүхэн жижиг хэсгийг өнгөц ч болтугай мэдэх төдийд л буцах тийз гарт ирнэ. Угаас надаас урт настай ч миний өмнө бөхөлздөг модод, чимээгүй орших хад чулуудад үүнээс чухал дүрэм байдаг гэдэгт би эргэлздэг. Хэтэрхий урт амьдрах, хамаагүй ихийг мэдэх тусам арьс үрчийж, нуруу бөгтийн, утгагүй, уваагүйг улам л гүнд нь хүрч мэдрэх гээд байдаг. Цааш явсаар л, насны тэг нэмэгдээд л байвал бүр хоосон руу, бүр л утга учиргүй рүү дурайсан урт холын уйтгарт аян болж таарна. Тэгэхээр эцсийн цэг гэж байдгийг, түүний өөдөөс тэмцээд амжилт олохгүйг аль болох залуудаа л ухаарч чадвал дээрсэн. Угаасаа мөнхий настай бурхад махан биет хүний ертөнцөд зэрэгцэн оршдоггүй биз дээ. Тэнгэрт эсвэл... ямартай ч биднээс аль болох л хол бий. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэрхүү эцсийн цэгийг хүлээж цөхсөн зарим нь үхлийг өөрөө сонгон одсон жишээ байдаг л юм. Үхлийн өөдөөс сөрөх, хариу барих цорын ганц арга энэ л гэх. Гэвч үхлийг өөрөө сонгох, үхэл өөрөө ирэхийн хооронд тийм том ялгаа байдаг гэж үү?

Ширхэг шүдэнз асаагаад, барьж зогслоо. Нэг, хоёр, гурав, дөрөв... арван нэг. Түрүүхэн өмнө минь хүлцэнгүйгээр уугиж, амьсгалах тоолонгоор дэрвэлзэж асан дөл нь яг арван нэгэн хормын дараа эрхий хурууны өндгийг хайр найргүйгээр түлж орхив. Ашгүй бүх юм дууслаа.