May 30, 2012

Хонх дуугарахаас өмнө


“Төгсөв”. Ингээд л дуусчих байсан бол яах гэж ч эхлэв дээ. Эхлэлгүй, төгсгөлгүй нь орчлон өөрөө л учраас өнө мөнхийн зүйл өөр хаана ч алга. Амьдралдаа бид хэчнээн олныг эхлүүлж, бас эцсийн цэгийг нь тавьдаг бол оо. Гэвч энд нэг л юм давтагдаж байдаг. Төгсгөл эхлэхээс гунигтай.
Хүүхэд байхдаа хурдхан л том хүн болчихъё гэж адгаж байснаа саналаа. Оюутан нас дуусаж, одоо би том хүн болов. “Хүүхэд нас минь” баяртай гэж хэлээд хэзээ дуусах нь үл мэдэгдэх өөр нэг эргүүлэгт орно. Харин одоо юунд нь тэгтлээ адгаж байснаа үл ойлгоно. Удахгүй болох Хүүхдийн баяр надад хэдийнэ хамаагүй болсон гэж бодохоор эрээ цээргүй тэр төгсгөлийн өөдөөс нулимах ч оройтжээ. Төгсгөл эхлэхээс гунигтай.
МУИС-ийн хичээлийн II байрны гурван давхар. Дөрвөн жилийн өмнө мөн л энэ хэвээр байсан хэрнээ одоо надад хамаагүй, харь элгийн газар мэт санагдана. Энэ минийх биш, эцсийн цэгээ хэдийн тавьчихсан болохоор... Би энд сурч байсан, эндээс би насны нөхөрлөлөө эхлүүлсэн, энд би номын дуу сонссон, энэ танхимд би дөрвөн жилийг үдсэн, инээсэн, уйлсан, уусан, дуулсан... Та анзаарав уу, дурсамж тээсэн өгүүлбэр бүхэн өнгөрсөн цагт байгааг. Тийм ээ, би “байсан”. Байна, байгаа, байх болно биш “байсан”. Үлгэр бүхэн төгсгөлтэй байдаг хойно, эхэлсэн бол дуусгах ёстой болдог амьдралын эрээгүй жамтай эвлэрэхээс ч яахав.
Хавар эхлэл гэдэгсэн. Харин оюутан нас минь дуусаж буйг илтгэх энэ хавар юутай уйтайв. Намар төгсгөл гэх атлаа энэ түүх, тэр дурсамж намрын навч нэгээр тасрах тэр хугацалд эхэлсэн юмсан. “Одоо би бууж өгч болохгүй. Энэ дөрвөн жил юүхэн байхав, үзүүлээд өгнө”. Тулаантай киноны эерэг дүрийн баатар мэтээр өөрийгөө төсөөлсөн 18-тай хүү их сургуулийн хаалгыг анх татаж байв. Огт мэдэхгүй, дайсан биш, баатар ч биш 25 охид, хөвгүүдтэй оюутны амьдрал минь нэг цэгээс эхлэв ээ. Үнэндээ тэд миний хувьд хэн ч биш, оноолт тавилангаар л нэг цэгт огтлолцсон хүмүүс гэж бодож байв шүү. Гэвч төгсгөлд нь ингэж догдлоно гэж огтоос тооцож байсангүй.
Сургуулийн гуанзад пирошки хувааж, Нацагдоржийн нэрэмжит номын санд семинар бэлдэх ном нуусан “цагаахан” тэнэглэлээр түүх эхлэв. Танилцах үдэшлэгт тавуулаа очсон хэдий ч хэдхэн сарын дараа заримд нь би найзаа гэж дуудуулах эрхтэй боллоо. “Утга зохиолын ажилтан” болно оо, гэж багш хэлэхэд урагшгүй сонсогдож байсныг нуугаад яахав. Гэвч нэр агуулгаа төлөөлж чаддаггүй аж. Залуу насны дэврүүн мөрөөдлийн өмнө бүхэн нурдаг юм байна. Нэгдүгээр курсээ төгслөө. Арван жилийн андууд нэг л хөндий санагдаад, арав биш нэгхэн жил хамт сурсан оюутан цагийн нөхөд санаанд буух нь юуных байв?
Намар дахиад ирэв. Оюутан цагийн нөхөд минь үл таних биес биш үл мартагдах хүмүүс болж хувирчээ. Гурван давхар, 3.5 давхарын шат, оюутны бие даах төв, сургуулийн гуанз, арын цэцэрлэг, тэнхимийн өрөө... Хоёрдукаар курсын намар энэ бүхэн хэзээний л минийх байсан мэт дотно санагдаж эхэллээ. Нулимс түргэнтэй биш ч аавдаа зориулж анх удаа өгүүллэг бичснээ ангийн нөхдийн өмнө уншихдаа уйлчихаж билээ. Хэн ч биш гэж бодож асан тэд ч гуниглаж орхив. Бидний дунд хэн ч салгаж үл чадах холбоо үүсчээ гэдгийг тэгэхэд анх мэдэж билээ.
Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар... Ангийн анд минь ийн шүлэглэжээ.

Арван зургаан улирал, хорин зургаан найз минь
Ахиад би ийм гэгээн гунигийг хаанаас олох юм бэ?
Дугуй шар ширээ, дуугүй ширтэх гурван хөшөө
Ду багшийн тэнхим, дуулимаас би дүүлэн нислээ
Охидын инээд нимгэрдэг онгон ариун хавар
Одтой ярьж зогсдог аяс намуухан өвөл
Их сургуулийн гудамжнаа ирэхгүй юм шиг байна аа
Ихээ хол нисэхийн дохио юм болов уу даа (У.Бямбаням)

Үнэн аж. Ихээ хол нисэхийн дохио байж. Их сургуулийн гудамж одоо минийх биш болж, “Энд би байсан” гэх дурсамжаас өөр юу ч үлдээгүйг тэр ийн зураглажээ. Баяртай гэж хэлэхэд хэтэрхий хайран оюутан насаа дурсамжийн “авдар”-т орхих таагүй байна. Сүүлийн хавар, хичээл бүрийн дараа гараад явчихалгүй хорогдон суугаад байсны учир нь энэ л байж. Ангийн ширээ хэлтэйсэн бол дөрвөн жилийн түүхийг шувт хүүрнэхсэн. Жилийн жилд л үүрээ орхиж нисэх шувуудыг үдэж, үлдэж даасаагүйсэн бол багш нар ч бас нэгийг хэлэхсэн. Тэд даанч чимээгүй. Төгсгөл эхлэлээс гунигтай.
Гэвч би буруу бодож байж. Оюутан цагийн дөрвөн жил дуусаж байгаа нь төгсгөл огтоос биш аж. Бидний нөхөрлөлийн нэгээхэн хуудас хаагдаж байгаагаас биш амьдралын уртад ахиад бид уулзана. Дөрвөн жил дассан сэтгэл хэврэг хөрчихгүй. Одоо харин шалгалт, оюутан цагийн нөхөрлөлөө он жилүүдийн уртад мартахгүй л бол энэ төгсгөл биш. 
Сүүлчийн хонх дуугарахаас урьтаж сэтгэлээ нээе. 
Төгсгөхөөс эхлүүлэх нь сайхан!

May 11, 2012

Хиймэл хэмнэл


1895 онд порно-арт үүссэн нь уламжлалт гэр бүлийн харилцаанд сэв суулгахад хүргэсэн хэмээн “Сексийн хувьсгал” номын зохиогч Вильхельм Райх бичжээ. XX зууны сүүлийн хагаст энэ үзэгдэл бүр төгөлдөржиж, гэр бүлийн харилцаанд ганц биеийн жаргалыг эрэлхийлэх үзэгдэл гаарч, гэр бүлийн харилцаа ойлгомжгүй болж ирсэн аж. Гэвч аюул зөвхөн гэр бүлийн харилцаанд нүүрлэж, буруутан нь зөвхөн порно-арт биш юм гэнэ. Техник, технологийн хөгжлийн үл гүйцэлдэм хурд хүнийг хүнээс нь бүр ч ихээр холдуулж эхэллээ.
Дэнгийн гэрэлд дүүрдэг байсан гэрт чийдэн бий болсон нь хамтдаа өнгөрүүлэх цагийг хумслаж, зурагт, интернэт бүр ч даамжруулж байна. Захидал үзэглэх сэтгэл, тэр мэдрэмж, хүлээх тусмаа улам дотносох сонгодог харилцаа гар утасны эзэрхийлэлд өртөж, үр дүнд нь түргэн илгээгддэг мессеж шиг богинохон настай дурлалын романсууд өрнөсөөр. Вильхельм Райхын хэлснээр XX зууны эхэн хагаст буюу гар утас, интернэт зэрэг нь бараа ч үгүй байхад гэр бүлийн салалтын хувь харьцангуй бага байсан аж.
Америкийн өсвөр насны хүүхдүүд өдөрт дор хаяж 10 цагийг цахим ертөнцөд өнгөрүүлж байна гэсэн судалгааг судлаач Том Ларс дэлгэв. Өнөө цагт энэ нь тийм ч цочирдом баримт биш. Харин анзаарвал, тэд өдрийн 10 цагийг бусдаас хол, ганцаараа байхад зарцуулж байна. Мэдээж тэр өдөрт 6-8 цагт унтдаг байж таараа. Ийнхүү хоногийн 24 цагийн ердөө наймыг нь л (ихдээ шүү!) нийгмийн харилцаан дунд өнгөрүүлдэг аж. Хүмүүс бие биенээсээ хэтэрхий их холдоод байгаагийн шалтгаан нь энэ. Та бод л доо. Өглөө ажилдаа ирэхэд тань нэг том хар дэлгэц угтана. Мэдээж эндээс дэлхий дахинд болж буй шороон түмэн мэдээллийг хүртэж болох нь давуу тал мөн. Бөмбөрцөгийн нөгөө хагаст байгаа найзтайгаа холбогдож болдогт нь бүр ч баярламаар. Гэвч ажлынхаа хамт олныг хар даа. Бүгд л таны нэг адил мөнөөх хар дэлгэцээ ширтэн, тань руу хялайх ч сөхөөгүй түчигнүүлж суугаа нь харагдах вий. Ажиллагсад үдийн хоолны ердөө ганцхан цагийг, тамхилах үедээ л царай царайгаа тод саруул харж байгаа нь хувь хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ч бид робот биш.
Технологийн шийдлүүд хүний бүхий л орчинд эрээ цээргүй нэвтэрснээр хувь хүнээс шаардах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Уурхайн гүнд чулуу нүдэж суугаа нэгнээс компьютерийн ард бүтэн өдөр суугаад гарах нь илүү хялбар гэж боддог учраас л бид энэ золгүй хувь тавилантайгаа эвлэрч байгаа юм. Биеийн хүчний ажлаас оюуны хөдөлмөр илүү ярвигтайг дурдаад ч яахав. Эргээд бодоход тархиа биш зүрхээ чагнаж асан тэр нийгэмд л аз жаргал, амар тайван амьдрал гэдэг жинхэнэ утгаараа байж дээ гэж харуусах юм. Солонгосын зарим бага сургуульд робот багш нар хичээл зааж эхэлсэн тухай мэдээ өнгөрсөн онд олныг шуугиулсан. Мэдээж, бидний ихэнх нь үүнийг алга ташин хүлээж авсан. Гэвч та бод доо, зүрх сэтгэлгүй хувхай төмөр таны хүүхдийн ирээдүйг зурж байна гээд. Таван нас ч хүрээгүй бяцхан хүү гар утас, компьютер гаргаахгүй сурсан нь баярлах мэдээ ерөөсөө ч биш. Таны хүүхэд гадаа найзуутайгаа тоглосноос гэртээ суугаад мөнөөх хар хайрцгийг ширтэж суухыг илүүд үзэх болсныг та анзаарсан уу? Аавыгаа гэртээ ирсэнд нь биш, гар утсаар нь тоглох боломж тохиосонд баярлаж байгаа хүүхдээ хар даа. Нэг их сүржигнэлээ гэж бүү бодоорой.
“Францын сэхээтэн гэр бүл зурагтаа ер асаахгүй юм. Зарим еврей айлд зурагт бүрч байхгүй. Учир нь тэд хүсээгүй үедээ хүсээгүй мэдээллээр тархиа цэнэглэж, үүнээсээ болж стресст орохоос сэргийлж байгаа нь энэ” хэмээн доктор Г.Нандинбилэг ярьсан. Бас өдгөө Италид суралцаж буй Э.Мөнхсайхан тэндхийн чинээлэг айлууд хотоос тосгон руу нүүдэллэж эхэлснийг ажигласан тухайгаа хэлж байв. Хөгжлийн бурангуйгаас зугатаж, өөрийгөө болон гэр бүлээ оюун санааны, технологийн дарамтаас чөлөөлж байгаа энэ алхам манайд яг эсрэгээр өрнөж байна.
“Хүмүүс технологитой хэтэрхий их танилцаж буйгаас үүдэн илүү аминчхан болж, улмаар элдэв гаж сэдлүүдийн тун нэмэгдэж эхэллээ” хэмээн Огайогийн их сургуулийн профессор Пол Миллер ярьжээ. Түүнийхээр чулуун урцанд хоноглож, чонотой хөөцөлдөж явсан балар эртний хүмүүс л жинхэнэ амар тайвнаар оршиж, түүнээс хойш байж болох хамгийн л гэсгээлт цаг хугацаа өрнөж байгаа юм байх. “Цахим эринд хэрхэн хялбар аргаар мөнгө олж болох вэ” номын зохиогч Том Чатфиельд тун ч сэнхэрч, BBC.com цахим хуудаст “Технологийн хөгжлөөс чөлөөлөгдөх нь” нэртэй нийтлэл бичжээ. Тэрбээр Пол Миллерийн ярьсантай санал нэгдэж, хүмүүсийг боломжтой бол нэг жил ч атугай компьютер, гар утас, таблет хэрэглэхгүй байхад уриалжээ. Мэдээж энэ бол үл бүтэх санаа. Гэхдээ ийм санаа гаргаж байгаа нь сайхан л юм.
Робот багшаар хичээл заалгаж, хиймэл хүүхэнтэй хурьцаж, интернэтээр роман уншиж, эргэн тойронд маань мод биш төмөр олширсон энэ нийгмийн сайхан нь чухам хаана байна вэ?

May 3, 2012

Хоосон









































(Жич өгүүлэх нь: Одоо би дүүрэн)