May 13, 2015

Гая Бурдений өрөөсөн нүд


            ФрансинКресентийн удирдлаган дорх 1970-аад оны франц “Vogue” Диана Врийландын америк “Vogue”-оос илүү хээнцэр, бас эрх чөлөөтэй хэв маягтай байлаа. Врийландад сэтгүүлийн хуудаснаа зургийг хэрхэн байрших нь хамгийн чухал зүйл байсан бол Франсин гэрэл зураг хүчтэй, мэдрэмжтэй байхыг илүүд үзнэ. Хээнцэр, чамин байдал Врийландын нэрийн хуудас бол Франсин далд утга бүхий, зоримог, тэрслүү зургуудыг нийтлэх дуртай байв. Тэс өөр арга барил хэдий ч тэд хоёул сэтгүүлээ амжилттай зарж чадаж байлаа.
            “Vogue” хэвлэгдэж буй улсынхаа нэрээр нэрлэгддэг байсан ч Франц“Vogue” Парисынх хэмээгдэж байсан нь тохиолдын хэрэг биш. Францын загварын ертөнцийг Парис дангаараа төлөөлчих учраас тэр. Харин Франсинфранцын загварыг Парис “Vogue” л төлөөлөх ёстой хэмээн үзэж, улмаар санасандаа хүрсэн учраас тухайн үед бүх залуу охид, загварын ертөнцийнхөн сар тутмын эл сэтгүүлийг хэрэг гарган авч, шимтэн уншдаг болсон юм. Уншигчид Франсиний мэдрэмжийг бишрэхийн сацуу цөм нэг зүйлд ухаан алддаг байсан нь гэрэл зурагчин Гая Бурдений ажлууд. Түүний гэрэл зургууд ямар ч хувцсыг урлагийн цоо шинэ урсгалын илрэл шиг жигтэй, бас хээнцэр харуулж чаддаг байлаа. Гая Бурдений өвөрмөц зураг авалт, алдарт Хелмут Ньютоны хар цагаан зургуудтэр үеийн Парис “Vogue”-ийг дэлхийн загварын ертөнцийн хамгийн шилдэг сэтгүүл болгож чадсан юм.
            Эрин цагийн хамгийн алдартай, бас хамгийн тэрслүү хоёр гэрэл зурагчин парис “Vogue” сэтгүүлд нэгэн зэрэг ажиллаж байсан үеийг загварын ертөнцөд цунами, эсвэл хар салхи, эсвэл... ямар нэг хүчтэй зүйлтэй л жишихгүй бол тохирохгүй. Тэд хоёул бүтээлч, тэсрэлт хийхүйц хүчтэй зураг авалтууд хийдэг ч өөр хоорондоо хэзээ ч давтагдахгүй. Ньютоны хүүхнүүд хүчтэй төрхтэй, ихэвчлэн камер руу эгц ширтсэн, баярын жагсаалд алхаж буй цэрэг шиг жавхаатай байдаг бол Бурдений моделиуд хэт залуухан, маш өвөрмөц, тоглолт хийж болмоор царайтай байдаг. Тиймдээ ч Бурден тэднээр яаж л бол яаж “тоглодог” байсан бөгөөд өнөөдүүл нь ч хүслээрээ хүчирхийлүүлсэн аятай жаргалтай харагдана. Тэр албаар хэвийн хэмжээнээс хэтэрсэн нүүр будалт сонгож, тэр дундаа уруулыг илэрхий тод байлгахыг чухалдаг байсан нь моделиудыг хүн гэхээсээ хүүхэлдэй шиг, хүүхэлдэй гэхээсээ хүн шиг болгодог байв.
            Гая Бурдений өвөрмөц, жигтэй, мэргэжлийн, мэдрэмжтэй, хээнцэр, чамин гэсэн бүх тодотголыг багтаасан загварын гэрэл зургуудыг, улмаар өөрийг нь ойлгохын тулд тэр үеийн загварын сэтгүүлийн ертөнцийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэрбээр 1960-1970 оны хооронд Парис “Vogue”-д ажилласан бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан феминизмийн давалгаа дөнгөж эхэлж байсан үетэй давхацдаг. Тэгэхэд Гермайне Грийрийн дуулиант бүтээл “The Female Eunuch” дөнгөж хэвлэгдэж, феминизмийн бамбарт томоохон цучил өгөөд байлаа. Улмаар “Spare Rib”, “Cosmopolitan(тэд сэтгүүлээ радикаль гэдэг байсан ч тухайн үед феминизмийг илт сурталчилдаг байсан) тэргүүтэй феминист сэтгүүлүүд хувцас загварыг тэмцлийн чухал зэвсгээ болгон ашиглаж эхлэв. Харин Парис “Vogue” үүнд илүү хүчтэй, илүү шийдэмгий нөлөө үзүүлсэн бөгөөд тиймдээ ч орчин үеийн эмэгтэй хэн байх, юу өмсөх, яаж аяглахын гол судар болж байлаа.
Твигги, Жеан Шримптон зэрэг тухайн үеийн цуутай моделиудтай ажиллаж байсан гэрэл зурагчин Дэвид Бейли, Энтони Армстронг Жонес нар сайн боловч одоо ч гэсэн аль сэтгүүлээс харж болох тийм л зургуудыг хэдэн зуугаар нь “үйлдвэрлэж” байхад Гая Бурден цаг үеийн томоохон давалгааг төлөөлж, хувцас загвар тэмцэл, өөрчлөлтийг давхар илтгэсэн ажлуудаараа илт онцгойрсон юм. Шалаар нэг бялхсан цусан дээр нүүрээрээ харж унасан нүцгэн моделийн зургийг тэр үед зөвхөн Гая Бурден л дарж, Парис “Vogue” л хэвлэх зоригтой байлаа. Энэ цоо шинэ, хэний ч яваагүй зам байсан учраас Бурдений аюултай, аз туршсан, зарим талаар гаж ч гэж хэлж болмоор зургуудын үнэ цэнэ өнөөдөр ч өндөр хэвээр байгаа билээ.

Одоо та Гая Бурдений ажиллаж, амьдарч байсан цаг үеийн талаар бага ч атугай мэдэрсэн гэж үзээд түүний өөрийн тухай жаахан тодруулъя. 1928 онд Парист мэндэлсэн тэрбээр анх зурах авъяасаа илт товойлгож байсан бөгөөд Мэн Рэй, Мари Лауре Ноайллес, Жаки Фат, Парис “Vogue”-ийн эрхлэгч Эдмонде Чарльз Роу нарын гараар дамжсан нь өсөх ирээдүйтэй, чадварлаг уран бүтээлчийг зөв чигт нь залахад чухал нөлөөлжээ. Тэр зөв чиг нь загварын ертөнцийг хэлж буй болно. Гая Бурден тэднийг гонсойлгоогүй бөгөөд нэг их удалгүй Парисын томоохон брэндүүд болох “Issey Miyake, Claude Montana, Chanel, Emanuel Ungaro”-гийн загварын постерууд дээр ажиллаж, нэг ёсондоо багш нартаа шалгалт өгсөн бөгөөд байж болох хамгийн өндөр оноог хүртсэн байдаг. Харин тансаг зэрэглэлийн гуталны бренд “Charles Jourdan”-д зориулсан цуврал ажил нь түүнийг загварын ертөнцийнхний анхаарлын төвд аваачсан юм.
Гуталны өмнөх сурталчилгаануудтай харьцуулахад түүний гэрэл зургууд моделийн бараг л оролцоогүйгээр зөвхөн гутлыг онцолсон. Тэгэхдээ алхаж, хөдөлж байх үеийнх агшин хэрнээ эзнийх нь биеийг цоолоод авчихсан, бүр байг гэхэд гуталтай шилбэ, гуя л харагдах жишээтэй. Эсвэл гэмт хэргийн гэрэл зураг шиг, эсвэл тамлуулж яргалуулж байх үеийн садомазохист дүрслэлүүдийг харуулна. Эдгээр дүрслэл хүний анхаарлыг татах ч тэр гэрэл зургаараа дамжуулж бүтээгдэхүүн зарж буйгаа хэзээ ч мартдаггүй байв. Эхэн үед түүнд Америкийн гэмт хэргийн алдарт гэрэл зурагчин Вийгийгийн ажлууд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэр дундаас хээнцэр дэгжин цогцос, хохирогчид бүхий сурталчилгааны ажлууд мэндэлсэн жишээтэй.
Эмэгтэйчүүдийг хүчирхийллийн золиос шиг харагдуулах загварын гэрэл зургууд тэр үеэс ихэд дэлгэрсэн ч хэн ч Гая Бурден шиг урлаг, гэмт хэрэг, хувцас загвар, гоо үзэсгэлэн, гаж санааг төгс хослуулж чадаагүй билээ. Загварын мэргэжилтнүүд Гая Бурдений зургуудыг тухайн агшинд эсвэл нэг хэсэг сэтгэгдэл төрүүлэхүйц биш, харсан хүн бүх л насан туршдаа тод санахаар ой ухаанд нь гүн үлдэхүйц хэмээн үнэлдэг нь ийм учиртай. 








No comments:

Post a Comment