Jan 7, 2014

Шинэ Монголд хуучиртлаа амьдрахыг хүснэ


Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр, хүний нас улам уртсах тухай мэдээлэл унших бүрийд одооноос эхэлж биеэ зэхмээр санагдана. Удахгүй ирэх ямар нэг сайхан учралын төлөөнөө урьд урьдахаас илүү их бэлдмээр болно. Энд, Монголдоо илүү удмаар бодогдоно. Монголоо гэх сэтгэл, эх оронч үзлийн үнэ цэнэ шалан дээр хөсөр хаягдан хэвтэж буй нь үнэн боловч, би энэ газрыг сонгож төрөөгүйгээ мэдэх хэдий ч, өөртөө би Монголын алтан үед амьдарч байгаа гэж итг үүлэх дуртай (Яг л Парисын алтан үе, эсвэл Америк мөрөөдөл эхэлсэн цэг шиг). Хонгилын үзүүрт гэрэл гийх эсэхийг ч мэдэх сөхөөгүй хорин жил тэмтчин, бүдчин жирийсээр яг хүрчихээгүй ч, тэр гэгээ тун удахгүй бидэн дээр асгарах дөхсөн дөө гэх зөн аяндаа төрнө. Ромыг ганцхан өдөр барьчихаагүй гэдэг. Үүн лугаа Улаанбаатар маань бидний гараар бүтээгдэж байна. Яг одоо цонхоо нээгээд хараач. Өндөр уулын оройд гараад буй бүхнээ тольдоод нэг үз. Аль ч газар ялгаагүй ээ, асуудал байдаг юм. Өөнтөгч нүдээр харвал өртөх юм бишгүй л олдоно. Утааг нь үлээгээд, цухлыг чинь төрүүлдэг бүхнийг зуурхан авч хаяад өмнөөс чинь тосох сайхан бүхнийг төсөөлөөсэй гэж хүсэж байна. Гар утас, интернэттэй хамт мэндэлсэн залуус гадагшаа харлахаар биш, сурахаар явж байгааг баталсан олон олон судалгааг харах нь Монголын эдийн засаг 12.5 хувиар өснө гэдгээс илүү гоё сонсогддог.
Эхнээсээ явсан нь ирээд энд тэнд, хараахан чимээ шуугиан дэгдээж амжаагүй ч шинэ шинэ туршилтууд хийж байна. Бидний хөгжил барууны орнуудын зуун жилийн өмнөх шиг түвшинд байгааг хэн нэгэн сануулахад бухимдах хэрэг надад ер гардаггүй. Бүх юм утга төгөлдөр эхэлж, “бүүм” болж байсан, боломжоор дүүрэн цаг нь манайд, энд дэргэд иржээ л гэж боддог.
Сүүлийн таван жилийн дотор Монголд 2000 гаруй шинэ компани байгуулагдсан гэх бөгөөд эдгээрийн 15 орчим хувь нь манайд урьд өмнө байгаагүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж, нэвтрүүлсэн байна. Та бидний тугаа болгодог орнууд, жишээ нь АНУ-д л гэхэд “Fortune 500”-д багтдаг томоохон компаниудын “дундаж наслалт” 60 жил байдаг. Нэгэн зууны түүхийн ард гарсан нь ч бишгүй. Яг одоогийн Монголынх шиг боломжоор дүүрэн үед тэд анх үүдээ нээж, туузаа хайчилж байсан байх юм. Марк Зукербергийн “Фэйсбүүк” шиг томоохон тэсрэлт хийхгүй л бол одоо тэнд шинэ юм эхлүүлэх хэцүү. Харин Монголын тухайд юу ч эхлүүлсэн болохоор үе иржээ. Та санал нэгдэнэ гэж итгэж байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манайх шиг улсад сүүлийн жилүүдэд яасан ч их сонин, сайт, телевиз нээгдэж байна вэ гэж бид дотроо адалдаг нь нууц биш. Харах өнцгөө өөрчилбөл тэд бүгдээрээ боломжийг эрэлхийлж байгаа нь тэр. Болохгүй, бүтэхгүй байсан ч хамаагүй. Хаа газар л зах зээлд эхлээд олон тоглогч гарч ирдэг, тэгээд шалгарлын хууль үйлчилнэ. Цаг хугацаа үүнийг аяндаа цэгцлээд, хэн нь үлдэж хэн нь явахыг шийдээд өгнө. Өрсөлдөгч олон байх тусмаа л шалгарч үлдэхийн төлөөх тэмцэл сонирхолтой, шударга байдаг биш үү.
Байгууллагуудаар орохоор нусаа хацартаа наасан “жаалууд” дүүрэн сууцгаах юм гэж санаашрах хүмүүстэй олон таарч байлаа. Шинэ цус сэлбэгдэж, залуусын алхааны хурдаар хөгжил эрчлэх нь дээ гэж бэлгэшээгээд үзвэл юуны буруу. Зууны турш ажин түжин байсан Улаанбаатар хүний хөлөөр хахаж байна гэх. Түгжрэл ихсэв, хөдөлгөөн удаашрав гэцгээж байна. Үүнийг жам ёсоор гэвэл өрөөсгөл байж мэдэх. Шинэ цагийн, шинэ Монголын хурдтай дүйцэхгүй байгаа нь л хүмүүсийг бухимдуулж байгаагаас биш, урьд үүнээс хурдан байсан нь хөшиж царцчихлаа гэвэл хилс. Тайвуухан алхаж, тэр хэрээр налайсаар царцаж орхисон хөгжил одоо биднээс хурдан гүйхийг шаардаж байгаа нь тэр. Тэгж байж бид хүссэндээ хүрнэ, хөгжил рүү бид улам илүү дөтөлнө. Энэ бахдах юм биш ч авлигын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа тухай ярьсаар улиг боллоо. Тэгвэл ажилгүйчүүдийн тоогоор сүүл мушгидгийг одоо ярья. Мухрын өрөөнөөс гарахгүй элгээ тэвэрч, дэлгэц ширтэн өдрийг бардаг хүн таны эргэн тойронд хэр олон бэ? Монголчууд бүгдээрээ хөдөлж байна, эрвийх дэрвийхээрээ, чадах ядахаараа зүтгэж байна. Энэ л хангалттай. Үүнээс гадна бид бүгд мэдэх боловч, ойшоож авч үздэггүй баримт байна. Хэвлэл мэдээлэлд ч тэр, ер нь хаа газар ажил сольж, нэг компаниас нөгөө рүү зүглэх нүүдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Боломж байгаа болоод л тэр. Жижиг, дунд ч ялгаагүй компаниуд хүн олдохгүй байна л гэцгээх. Хүн илүүдлээ гэх шалтаг хэн ч хэлдэггүйг та мэднэ. Үүнд бас ижилхэн л хариулт байна. Эрчилсэн хөгжил биднээс илүү их хөдөлмөр, илүү их хүн хүч нэхэж байна
Бусдаас дутуу байна, бид хөгжлөөр гүйцэхгүй байна гэж дээр доргүй л ярих боллоо. Энэ бол унжигнасан зовлон тоочилт биш, энэ цагийн шаардлага юм. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр болдог гэдэгсэн биш бил үү. Бүхэлдээ ч бас хоцорлоо, хожигдлоо гэвэл худал. Шинэ тутам гарсан дэвшил, техник технологийн ололтоос бид ер хоцорсонгүй. Эдэлж хэрэглэж буйгаа, эргэн тойрноо харвал үүнийг заавал бусдаар батлуулахын хэрэг юун. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монголыг дэлхий нэг нүдээрээ ч тоож хялайдаггүй байлаа. Одоо гэтэл киноноос л нэр сургийг нь сонссон мөнөөх акул компаниуд зах зээл хайн манайх руу нүүдэллэх боллоо. Энэ бол шинэ давалгаа юм. Шинэ цаг биднээс шинэлэг сэтгэлгээг шаардаж байна. Хийснээсээ өө хайж, шинээр сэтгэснээ нийтээрээ элэглэдэг, шоолдог зуршил өнөө цагийн аясад тохирохгүй. Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болох цаг ирсэн гэсэн хүсэлтийг хорь гаруйхан настай залуу Засгийн газартаа тавьж, түүнээ биелүүлж чаддаг бардам зоримог үе ирснийг харагтун. Шинэ цагт мэдээллээр, номоор, үзэж харах бүхнээр дутахын бус, илүүдэхийн зовлон нүүрлэж байна.
Улаанбаатар үргэлж утаатай байхгүй, хүн ам нь тасралтгүй бөөгнөрсөөр эндхийн газар дүүрчихгүйд итгэдэг ирээдүй ирж явна. Бусдын л эдэлсэн асуудалтай тулж буйнх тэдэн шиг шийдлийг олох мөч айсуйд итгэнэ. Муу бүхэн нягтаршсаар тэсрэх нь гарцаагүй. Тэндээс жинхэнэ хөгжил эхлэх нь баараггүй. Одоо байгаа байдлаасаа үүрд хөдлөхгүй гэж боддог хүн байдаггүйтэй адил, өнөөгийн болохгүй бүхэн бидний гараар засагдаж, бидний хүсдэг хөгжилд байраа тавих нь мадаггүй. Хуучин бүхэн ул болж, шинэ бүхэн зул болоход итгээрэй, тэрний төлөө чадахаасаа ихийг хийгээрэй.
Ингэж бодохын хэрээр энд, Монголдоо аль болох удахыг хүснэ. Хүний наслалт уртасч байгаа тухай мэдээг шунан дурлан уншина. Түүний л төлөөнөө одооноос эхэлж биеэ зэхэж эхэлнэ.

No comments:

Post a Comment