Dec 17, 2014

Захидал


         Б.Ганчимэг танаа  
           
         Сайн байна уу гэсэн сайхан монгол үгээр, амар байна уу гэсэн Ар Монгол ёсоор танд энэхүү захидал очих өдөр, унших цагийн мэндийг дэвшүүлье. Бас намрын мэнд!
        Захидлын энэ эхлэлийг би дөнгөж сая аав, ээжийнхээ хайрын захиаг хайр найргүй уншиж дуусгасныхаа дараахан олсон бөгөөд, хорвоо дээр 23 жил амьдрахдаа (хаха) ховорхон захиа бичсэнийхээ нэгийг танд зориулж буй нь энэ юм шүү. Таньтай ярилцлага хийхсэн гээд хэдэнтээ холбогдож, нэгэнтээ уулзах тохиол бүрдэхийн урд орой “Эгч рүүгээ асуултаа явуулчих юм уу?” гэж хэлсэнд тань сэтгэл дундуур хоцорсон нь энэхүү захидлыг бичихэд ихээхэн түлхэц болсныг нуух юун. Гэвч үүнтэй зэргэцээд юу чухам ингэхэд хүргэсэн болоод яагаад тийн хэлсний учрыг гадарлаж буй учраас цааш ургуулсангүй.
        Налаад л суухсан гэж таны гэгээхэн хүсдэг, гэвч үнэн хэрэгтээ өөрийг тань өөрөөр тань онгичуулж, орь дуу тавихыг чинь ч үл тоон сэмлэдэг, буй бүхнийг чинь шавхдаг, үртэс ч үлдэхгүйгээр үг болгон гаргахаас өөр аргагүйд хүргэдэг “увайгүй” намар ирээтэхлээ. Урагдаж дуусах, эсвэл ураад нэг мөр дуусгахын алинд та бэлэн байна? Өөрийн хүслээр биш ч гэлээ, намрын эхэн сарыг ганцаарханаа давсанд тань атаархаж байнашүү. Юу олов, юу чагнав гэдгийг тань асуухыг хүслээ, бас. Зуур харин Улаанбаатар зүсээ олжээ. Манай хотод ер нь намар л зохидог болов уу гэж бодоод байгаа. Зуны цовоо цолгиун яавч зохидоггүй, хавар нэг тиймхэн, өвлийн тухай бол дурсаад ч нэмэргүй. Харин намар л...Үзэхээс ихийг үзсэн энэ хот гял цял, гялгар чаминд үнэндээ дургүй шиг санагддаг. Саарал байшингуудынх нь хормойгоор шар навчис дэвсээтэй тэр жилийн намрууд, миний үзээгүй намрууд, танай үеийнхний дуртгалд хоцорсон тэр гоё зураглалуудыг хардагсан бол уу!
      Нээрэн, нөгөө Москвад очиж сурах юу болов. Дэрнийхээ цаана “хуучин дурлал”-уудаа өрчихөөд өдөржин, шөнөжин тэднийгээ мэрээд, зохиол болон цааснаа буух гэж яаран тонгочиж байгаа үгсийг яаж өдий болтол дарж зүрхэлнэм, яаж цаашид тогтоон барина гэж санав? Шинэ ажил, хэлж ирдэггүй бүхэн шалтгаан мөн, гэвч үнэндээ та өөрөө ч удаан барьж тэсэхгүй гэдгээ мэдэж байгаа байлгүй. Энэ бүхнийг “хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл” болгоход та хэтэрхий залуу байна шүү дээ гэж бөх зүрхэлээд энэ сэдвийг хаая J.
       Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн босгоор, өөрийн тань хэлсэнчлэн, өвдөг чичрэн орж байснаас чинь хойш 18 жил өнгөрсөн байна даг шүү. Гэрлийн хурдаар өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай энд тэнд ярихдаа та өвдөг чичирч ороод, өвдөг чичрүүлэх болсон хоёрыгоо л дурссан байна билээ (хэргээр бяцхан дэгс нэмлээ шүү). Хэдхэн жилийн дараа “Ардын эрх”-ийн тэргүүн бичлэгийн шагналыг их хүн Л.Түдэв гуайн хамт авах хүртэл хүндэтгэл зүгээр нэг сулдаа ганхан жороолж байхад чинь ирээгүй нь лав. Юунд хүрсэнийг тань л бид мэдэх болохоос биш юуны төлөө, юуг туг болгоод, юугаа зольж, чухам юу олсныг тань огт мэдэхгүй. Нээлттэй юм шиг хэлэхээ хэлж, хяргахаа хяргаж, хайрлахаа хайрладаг атал дотроо бас хаалттай хаалга, хав дарсан дурсамжууд олонтой хүн шүү, та. Гэснээс олон хүн таныг “төмөр хатагтай” гэж боддог юм билээ. Мэдэж байна аа, би тийм биш шүү дээ гэж өөрийгөө өмөөрөөд хөхрөхийг тань. “Fuck you, сайд аа” гэж нийтлэлээ гарчиглаж байснаас авахуулаад шулуухан бичиж, “бомба” тэсэлдэг тань хэсэг нийтэд тийм сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу. Атал та ямар хүнб? Гэнэт нэг их гунина, нэлэнхүйдээ сэмэрнэ, амьдралыг өөртэйгөө, ойр тойрныхонтойгоо нийлүүлээд үзэн ядна, зүхнэ, тэгснээ тэнгэрт нисчихсэн явна, өөр чухам яадаг юм бүү мэд. Ийм төмөр л би үзээгүй, хувьдаа :P. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.
            Намар та нэг ярилцлага өгөхдөө намайг ганц түлсэн шүү. “Эрх чөлөөнд” чинь атаархаж байна гээд л зүгээр хэлчихийн оронд “бэртэгчин” гэхдээ ч яахав дээ :P. Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд, өөр рүү минь мессеж бичээд байгаа юм аа, бас. Гэлээ ч шувуу бүхэнд үг заагаад, шуудан бүхэнд захиа дайгаад явахгүйг тань мэдэх учир “хайр”-аа илэрхийлэх хачирхалтай хэлбэрүүдийн чинь нэг гээд л бодчихсон, мөн үү? (хэхэ). Гэтэл би танд яаж дурлалаа илчилсэн. “Орхон дээр уулзъя”-г уншчихаад, даруйдаа мессеж бичиж сэтгэлээ нээгээгүй билүү? “Аав бид хоёр”, “Шар туяа”-г уншихчаад үүр шөнийн заагаар, бас бичээгүй билүү, би? Дашрамд эдгээр сайхан уянгын нийтлэлийн удаахууд хаачив. Энэ намар танаас их юм хүлээж буйгаа дайсан гэж ойлгоорой. Твиттерт бужигнуулсаар ийм гоё намрыг алдваас хайран шүү. Тэнд харин та “Би нэг л юманд баярлах юм. Миний дурсамжууд огт гэмтээгүйд...” гэсэн байна билээ. Гэмтээгүйгээс гадна та дотроо бүр уячихсан юм билээ. Тэрийгээ айраг шиг бүлээд л, иссэн сайхнаас нь амсуулдагт дуртай.
       Ярилцлагын “хатан хаан” гэх юм, таныг. Гэхдээ хүмүүсийн ийн нэрлэхээс илүү “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн тань бардам бөгөөд “зэвүүн” санагдсан. Хүнийг нээх, таньж мэдэх ер нь хэцүү ажил үү? Хүнийг байтугай өөрийгөө танихаа болих үе танд олон уу? Гэтэл бас нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар, хадгалмаар хүн байна уу, Тасралтгүйгээр хамгийн удаан ярилцаж чадах, хүсэх хүн чинь хэн бэ? Нээлгүй ерөөсөө нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр хүнтэй олон таарав уу? Хэзээ та өөрийгөө том хүн боллоо гэж бодов? Эмэгтэй хүн байх хэцүү юү, эр хүн байсан бол гэж бодож байсан уу? Таныг бий болгосон гэр бүл, таны бий болгож яваа гэр бүл хоёрын хооронд хэр их ялгаа байна? гэхчлэн миний угсруулж буй шиг асуултын тэмдэг бариад л таньж, мэдэж, ойлгож явах сайхан ажил. Мэдэхгүй бүхэн, учраагүй гайхамшиг, уулзаагүй агуу сэтгэлтнүүд дуусдаггүйг нь бодохоор амьдрал ч бас муугүй эд шиг санагдаад байгаа. Яг энэ мөчид саваагүй хөдлөөд асуухад, ярилцлагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байх уу (жишээ нь би танаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэвэл ч юм уу), эсвэл асуучмаар болсон ч хэлээ хазаад өнгөрөх тохиол олон уу? Жич: Заавал хариулаарай тэр хаалтанд хийсэн хэсэгт.
Манай нэг найз өөрийнхөө юмыг байн дахин унших нь “гар хангалга”-ын нэг хэлбэр шүү гэж байсан удаатай. Та ер нь бичсэнээ эргэж уншдаг уу. Бас би нэг юмыг гайхаж бас, хүлээдэг. Миний адил 23-тай байгаагаа эргэж шагайвал ямархуу охин төсөөлөгдөх юм. Хамгийн чухал нь өдийг хүртэл явахдаа танхил залуу насныхаа аалиас алдсан нь олон уу, үлдээсэн нь их үү? Нэгэнт таниас явж одсон хамгийн үнэт чанар, хайрламаар нандин юм чинь юу байв, хэлээч. Тэрийгээ л ариглан гамнаарай гэж юуг онцлох нь надад сонин бөгөөд чухал байна. Өөрийн минь дотор дэлхий байтугай манай нарны аймаг бүхлээрээ багтаад байгаа нь насных биз, өнө үргэлж ийм байх боломжийг амьдрал хүнд олгодог юм байна уу, үгүй юм уу хариулаач.
Энд бас асуухад, эрийг юу (жинхэнэ) эр болгож, эмийг юу эм болгодог юм бэ? Таныг “хоёр хүйстэн” гэж боддогоо хэлж буйд минь өршөөгөөрэй (хэхэ). Яагаад ч юм танаас эр характер мэдрэгдээд байдаг. Дандаа (жаахан хэтрүүлэв) эрэгтэй найзуудтай, тэдэнтэйгээ ана мана үзэлцэж явах. Тийм байтал бас наалинхай нь дэндүү болчихно (заримдаа бүр жаахан хүүхэд шиг болчихдгыг энэ удаа орхилоо шүү) гээч.
Дуртай бас мөрөөдлийнхөө ажлыг хийж буй маань үнэн боловч ажил үргэлж, дандаа сайхан байдаггүй. Заримдаа хийж буй маань үйлдвэрлэлийн шинж чанартай болоод эхлэхээр яахаа мэдэхээ больчих юм. Та ийм үедээ яадаг вэ? гэж асуучихаад нэвсийсэн урт юм болохоос нь өмнө захиагаа өндөрлье.
Өөрийнхөө хамгийн бүтээлч байдаг шөнө дөлийн заагаар ийн бичлээ шүү, болгооно уу!
Таныг хүндэтгэсэн Ж.Тэгшжаргал


Ж.Тэгшжаргал танаа 

Сайн уу. Гараар бичсэн уртын урт захидал авах шиг сайхан зүйл хаа байх вэ. Тэр тусмаа өөрөөсөө 20 дүү залуугаас. Энэ үнэхээр аятайхан мэдрэмж юм аа.
Ноён Ж.Тэгшжаргал танд наргил шаргал намрын мэндийг хүргэн хариу захидал бичиж байна. Би захиа гэдэг зүйл хүмүүсийн харилцаанд жинхэнээсээ байдаг байсан тэр үед өссөн л дөө. Захиа авч, бас догдлон байж захиа бичих нь тэр үеийн миний гэгэлгэн амьдралын нэг хэсэг байсан ч гэж хэлж болно. Цэрэгт, оюутан залууд, ангийнхандаа гээд хичнээн олон захиа бичсэнээ мартжээ. Бичээд л бичээд л...бас шуудан ирэхийг хүлээж, захиа ирвэл тэр өдөржин нисчихдэг догдлуун амьтан явлаа. Залуу, ноёнтон та дуу хураагуургүй, өөд өөдөөсөө албажуу харан сууцгааж асуулт хариулт болох “онц биш” аргачлалыг тун өвөрмөц аргаар сольжээ. Надад таалагдаж байна.
Тийм ээ, намар ирчихлээ. Хаалгаар гараад явангуут нь санаж эхэлдэг амраг шиг, ирэхээр нь баярлаж, цааш алхах зам боогдох тусам шархлан шаналдаг яг л тийм нууц амраг шиг, минийх юм шиг, тэгсэн хэрнээ гарч одохдоо хүнийх гэдгээ хаалганы хатуу чимээтэй хамт тунхагладаг бусдын эр шиг зэвүүн намар хүрээд ирлээ. Би энэ зэвүүн намартай сүлэлдэн уусч, сэтгэл зүрхээ цөлмүүлээд цас нэвсийн орохоор ай, ашгүй чи явчихав уу гэж араас нь сэнсэртэл санаа алдах өдрөө хүлээж байна.
Урьд нь намраас навсайтал зүүгдэж байгаад ямар нэгэн юм авч үлдэхийг хүсдэг байснаа нуухгүй ээ. Гоё санаанууд, ядаж ганц хоёр шүлэгтэй хоцорвол олз гэж боддог байж дээ. Энэ намрыг харин тийм олзны төлөө үрэхгүй бололтой. Би илүү завгүй, илүү их ажилладаг, шуудхан хэлэхэд албаны маягийн зорилготой болчихлоо. Энийг би хүссэн гэж үү дээ гэмээр сонин, дасч өгөхгүй байгаа ч жаргалтай байна. Цэвэр утгаараа уншигчдын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг болон өөрчлөгдчихлөө, миний амьдрал. Гэвч чи үүнийг мэдэж байгаа болохоор ингээд орхилоо.
Москваг мөрөөддөг насан туршийн зовлон, зохиолч болохыг хүсдэг салж өгдөггүй шаналанг минь хөндөж намайг өвтгөхөөр шийдээ юу. Нээрээ та 23 тай, салхи шиг дураараа, сайхан эрх чөлөөтэй “амьтан”. Харин би 43 тай, хагас эрх чөлөө, хангал зоргоороо үеэ дуусгачихсан эмэгтэй. Та ч хатгахдаа сайн юм аа. Гэхдээ энэ чанар сэтгүүлч хүнд хэрэгтэй шүү.
Сэтгүүл зүйн их өргөөний хаалгаар өвдөг чичрүүлэн орж байсан үеэс хойш нээрээ олон жил өнгөрчээ. Одоо харин хүүхдүүдийн өвдөг чичирдэг эсэхийг би мэдэхгүй юм. Юуны туг болж явснаа, юугаа зольж, юу олсноо мэдэхгүй нь ээ. Цэгнэхэд эрт ч байж мэдэх юм.
Тийм ээ, миний дотор хаалттай нэг өрөө байгаа. Тэр өрөөндөө би мөрөөдлийн зохиолоо бичиж, мөрөөдлийн эртэйгээ амраглаж, мөрөөдлийн улирлуудаа гаднаа уячихаад мөн нохой тэжээж, цамц нэхэж, цонхоор ширтэж амьдардаг. Ганцаараа улаан дарс шимэж, галын үнэрт хөнжилдөө хөлбөрөн галзуурч, гар хангалаг...галзуу мөчүүдийг эдэлдэг. Тэгснээ ганиран уй гунигт автаж, гарч навчсын шуурганаар алхдаг. Өөр та юу хэлүүлэхийг хүсч байна. Өө, би энэ хотын хамгийн галзуу эмэгтэйн хариултыг өөрт тань бичиж чадаж байна уу.
Бусад албаны амьдрал, алдагдсан, бас ассаар байгаа миний мэргэжлийн орон зай, нэр хүнд...таны ишилсэн “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн бардам үг...тэмцэж тэрсэж байдаг чанараа ч буцаамааргүй байна. Одоо тэгээд яах билээ, хонгор дүү минь.
Тийм ээ, өөрийгөө танихаа байх үе надад тохиолддог. Нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар,хайрламаар хүн харин одоо надад алга. Нээх ч хэрэггүй, нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр нөхдүүд тааралддаг. Өөрийгөө би том хүн болчихлоо гэж  21 жилийн өмнө ээж болохдоо бодсонсон. Ккк одоо охиноосоо ч гэнэн аашилж тэр “Том хүн” гэдэг арал руу очиж үзээ ч үгүй яваа юм шиг хааяа санагддаг.
Амьдрал бас ч гэж муугүй гэдэг үнэн шүү. Гэхдээ өвдөх хэцүү. Өвдөж, эмнэлгийн байшингаар явах муухай. Цаагуураа л халуун бүхнийг минь идэж байх шиг мэдрэмж төрөхийг анзаарсан. Ийм мэдрэмжтэй учрахгүйн тулд амьдралаа гамнаж, эрүүл мэндээ хайрлаж явах чухал шүү. Эгчирхэх нээрээ ийм зүгээр гэдгийг анзаараагүй юм байна.
Ярилцагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байдаг уу гэж та надаас асуужээ.Би хариулъя аа. Гагцхүү яаж эвгүйцүүлэхгүй, уран, амтлаг асуух вэ гэдэгт л бүх учир бий шүү дээ.
Чи надаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэж асуух тийм ч гаж юм биш. Зарим үед эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү барьж үзмээр сонирхолтой, бас илүү амтлаг харагдах үе бий юу...ч юм уу. Эсрэг хүйсний хүнээсээ авдаг тэр гоё таашаалыг ижил хүйстнээсээ авч болдог тэр амьдрал таны хувьд юу вэ....эсвэл та бэлгийн цөөнхийнхний талаар ямар бодолтой явдаг вэ....энэ мэт түмэн янзаар асууж болно шүү дээ. Залуу, ноёхой та үүнийг сайн мэдэж байгаа.
Амьдрал харамсалтай нь бүх боломжийг тааруухан хүмүүст илүү их олгоод байх шиг харагддаг. Гэхдээ би атаач хүн биш. Би зүдрэхээс нэг их халгадаггүй шүү. Энэ л миний дотоод хүчийг бүтээж байдаг байж магадгүй.
Ээ бурхан минь, та чинь бас ямар гээчийн юм асуух нь энэ вэ. Эрийг юу эр болгож, эмийг юу эм болгодог вэ гэнэ үү....Би хариулъя аа.
Эрийг хайрлах чадвар, хамт байгаа бүсгүйгээ уйлуулж, бас нулимстай инээлгэж, өөртөө шингээж, бас жаахан гажигтай болгочихоод гараас нь хөтөлсөөр өтлөх чанар нь эр болгодог. Энэ бүхэн байхад эм хүн эм байдаг. Бас нууцхан шивнэхэд эмийг үнэндээ юу ч болоогүй юм шиг араар тавьчихдаг ч бас юу ч болоогүй юм шиг амандаа дуу аялаад нөхрийнхөө цамцыг угааж зогсдог сийхгүй чанар нь эм байлгадаг юм ш дээ. Би жаахан фантазитай хариулж байгааг та мэдэрч байгаа биз дээ.
За, ингээд Залуу ноёнтон Ж.Тэгшжаргал танд бичсэн захиагаа өндөрлөе дөө. Танд эмэгтэй хүнийх шиг хорон атлаа гэгээн цагаан мэдрэмж, эр хүний шазруун тэсвэр аль аль нь байдаг шиг надад санагддаг. Охид одоохондоо тоглоход амархан санагдаж байж мэдэх юм. Харин жинхэнээсээ зүрхэнд чинь хадаас зоож чадах хүн энэ хорвоод эмэгтэй хүн л байдаг юм шүү...бардам танхай залуу насаа сайхан эдлээрэй. Өө, нэг асуулт байна. Салхи хаашаа та тийш ээ байж нээрээ чадаж байна уу даа.....ккк 

4 comments:

  1. Сайн уу? Тэгшжаргалаа. Сүүлийн үед богино нийтлэл их унших болсон, харин чам шиг сайхан бичдэг, бас үйлдвэрлэдэг сэтгүүлч /эхэндээ уншиж байхад зүгээр блогчин юм болов уу гэж бодож байлаа /зүгээр блогчинд муу зүйл байхгүй шүү// ховор юм. Харин 23 тай гэж уншаад жаахан урам хугарлаа, тэр хэсгээс хойш анхаарал төвлөрөхгүй, надаас залуу юм байна гэж бодохоор л... насаа нуухад яадаг байнаа кккк Саваагаа гээсэн шидтэн дээр насыг чинь гадарласан юмаа. facebook хаягаа энэ бичлэгийнхээ коммент дээр үлдээж болох уу? 21 - р зууны бид их сониуч хүн шүү дээ.

    ReplyDelete
  2. Сайн байна уу? "Anonymous"-аа. Өөрийг чинь их илэн далангүй сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Харин надаас ахмад гэдгийг чинь мэдээд жаахан урам хугарлаа, тэр хэсгээс хойш анхаарал төвлөрөхгүй, надаас хөгшин юм байна гэж бодохоор л... насаа нуухад яадаг байна ккк. "надаас залуу юм байна" гэсэн комментоос чинь насыг чинь гадарласан юмаа. Facebook хаягаа энэ бичлэгийнхээ коммент дээр үлдээж болно оо Tekist Tegshee. 21-р зууны бид их илэн далангүй хүмүүс шүү дээ :P

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete