Jul 6, 2012

Бээжингийн хиртэлт



Гуамао дүүргээс Тянь Аньминий талбай хүрэх метронд сууж явах зуураа “New economic foundation” бай гууллагаас Дэлхийн улсуудын аз жаргалын индексийг жагсаасан тухай мэдээ интернэтээр уншлаа. Монгол Улс 151 орноос 146 дугаарт жагсаж, хо моол хамсан байхад “төмөр” төрийн нударган дор торниж буй хятадууд биднээс илүү аз жаргалтайд тоо цогджээ. Монгол ардчилсан орон, хэлэх, ярих, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг гойд (заримдаа хэтрүүлдэг ч байж мэднэ) эдэлдэг байхад хятадууд тийм биш.
Дэлхийн хамгийн хөгжингүй хотуудын нэг болох Бээжингийн иргэд Фэйсбүүк, Твиттер, блог зэрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдынхыг ч мөн тандаж болох цахим хуудсаар орох эрхгүй. Гэвч энэ бол аз жаргал, сэтгэл хангалуун байдлын илэрхийлэл биш ажээ. Метроны буудлаас гарч, шороон түмэн хүний урсгал сэтлэн Тян Аньминий талбай дээр зогсож байна би. Ард чиллын аранзал тугийг цу саар бялдсан хар өдрөөс хойш 23 жил өнг өрчээ. Бэтгэрсэн зүрхний шарх аньж амжаагүй байхад гаднын жуулчид мөнөөх талбайн хавтан дээр зогсоод, дурсгалын зургаа татуулж байх юм.
Харин дэргэд нь утаан хөшиг, суунагласан мананг сэтлэн өндөр барилгууд тэнгэр өөд тэмүүлэн “ургаж” бай на. БНХАУ ойрын 10 жилд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр АНУ-ыг гүйцэж, дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий улс болно гэх таамаг тэдэнд итгэл төрүүлнэ. Мэдээж, гол тоглолт Бээжингийн тайзнаа өрнөх биз ээ.  

“ДЭЛХИЙ: MADE IN CHINA”

“Wealth report”-оос гаргасан, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлсэн, дэлхийн хамгийн гол хотуудын жагсаалтад Бээжин Лондон, НьюЙоркийн дараа гуравдугаарт бичигджээ. Гэтэл аравхан жилийн өмнө эл жагсаалтад Бээжин эхний арвын гадна үлдэж байсныг дурдах нь зүйтэй. XX зуун, тэрний өмнөх зуунуудад Азийн орнууд Европын сүүдэрт нугдайж, төдийлэн торойж харагддаггүй л байсан. Гэтэл шинэ зуун, шинэ мянганд Азийн орнууд дэлхийн тавцанд ил гарч, тэгэхдээ бүр илүү, үсрэнгүй хөгжиж буурал тивийнхнийг, хөгшин Америкийг өвдөг чичрүүлж эхэллээ. БНХАУ, Японы эдийн засаг АНУ-ыг шил дарж, улмаар өвдөг шороодуулах хэтийн төлөв харагдаж байгааг шинжээчид бичиж байна.
Харин Азийн эл эзэрхийллийн түүчээ нь БНХАУ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах билээ. Өдгөө тус улсын ДНБ-ий үйлдвэрлэл 5.8 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт ДНБий 9.6 хувийг эзэлж байна. Дэлхийг бөмбөрцөг дээр “Made in China” гэх шошго тавих л дутав гэх ёжтой үг бодитоор биелж эхэлсэн нь энэ. Дэлхийн банкны БНХАУ-ыг хариуцсан ахлах эдийн засагч Ардо Ханссон энэ онд тус улсын ДНБ-ий өсөлт 8.7 хувьтай байх болно гэх таамаг дэвшүүлсэн. Тэр алдаагүй байлаа. Мэдээж 5.4 хувьд хүрч дуулиан тарьсан инфляцын өсөлт, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, барилгын салбарын хөөс балаг тарьж мэдэх ч энэ зэргийн муу мэдээ хэтийн төлөвийг өөрчилж чадахгүй гэдгийг тэр хэлсэн. “Галт тэрэг нэгэнт эрчээ авсан” хэмээн Ардо Ханссон мэдэгдсэн. Ер нь дэлхий тэр чигтээ Хятадын их, бага нөлөөнд орсон гэдэгт эдийн засагчид гунигтайгаар тол гой дохиж байгаа. Яг л Хятадын (Азийн зарим орны аман зохиолд ч буй) эртний домогт өгүүлс нээр Рах хэмээх мангас сарыг залгиж, хиртүүлсэн гэдэг шиг хүчирхэг лууны аманд дэлхий өөрөө өнхрөөд орчихлоо. 

АЙСУЙ БЭЭЖИН 

БНХАУ-ын ДНБ-ий 73.2 хувийг үйлдвэрлэдэг Бээжин хотод “Fortune” сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн Топ-500 компанийн 41 нь бий. Энэ үзүүлэлтээр тэд Токиогийн дараа хоёрдугаарт бичигдэж эхэлжээ. Үйлдвэрлэлийн тэргүүлэх хот байсан Бээжингийн эдийн засгийн томоохон хөшүүрэг нь өдгөө санхүүгийн үйлчилгээ болж, улмаар энэ хот дэлхийн санхүүгийн гол төвүүдийн нэгд тооцогдож эхэлсэн.
Өнгөрсөн онд л гэхэд тус хотод байрлах 751 санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө 128.6 тэрбум юаньд хүрсэн тухай “Forbes” сэтгүүлд онцолжээ. Энэ бол дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч байсан Европ, АНУ-ын хотуудын хувьд аюулын харанга мөн. Дэлхийн улсуудын ам.долларт итгэх итгэл суларсан. Үүн дээр хятадууд дөрөөлж, юанийг Ази, Номхон далайн бүсийн, тэр дундаа Зүүн өмнөд Ази, БНСУ, Япон зэрэг улсын үндэсний нөөц валют болгож, улс хоорондын валютын бодлогод эрсдэлтэй асуудалд хамтран ажиллаж, ам.доллараас зайлсхийхийг уриалж байгаа.
Энэ ажиллагаандаа тэд Европын холбоог ч татан оролцуулахаар чармайж байгаа тухай HSBC банкны тэргүүн Стюарт Гулливер ярьж байсан. Энэ нь БНХАУ евро бүсийн өрийн бичгийг худалдан авснаар илт ажиглагдсан хэмээн шинжээчид бичиж байна. Улсуудын санхүүгийн тулааны гол тоглогчид, илэрхийлэл нь хотууд л байдаг. Үнэндээ Бээжин дэлхийн санхүүгийн тавцанд сүр дуулиантайгаар заларч, дэлхийн хүчирхэг компаниудыг, тэрбумтнуудыг соронзон мэт татаж эхэллээ. Энэ дундаас нээгдээд удаагүй байгаа Бээжингийн бизнесийн төв дүүрэг олны анхаарлыг ихэд татаж байна. Чаоянд байрлах Бээжингийн бизнесийн төв дүүрэгт “Fortune” сэтгүүлийн Топ-500 жагсаалтад багтсан дэлхийн 117 томоохон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа нь атаархал төрүүлэхүйц тоо баримт мөн юм.

СҮҮДЭР 

Бээжин тэр чигтээ ногоон хот. Гэвч мод, цэцэгс нь ямар ч үнэргүй байдаг шиг БНХАУын эдийн засагт ч сөрөг тал ажиглагдаж эхлэв. Баян, ядуу хүмүүсийн орлогын ялгаа болон бүс нутгуудын хөгжлийн төвшин эрс тэрс ялгагдаж, эдийн засаг нь экспорт руу хэтэрхий хэлбийж байгаа зэрэг нь үсрэнгүй хөгжлийн зам дахь бартаа болж байна. Хүн амын тоо хэтэрхий их, дээр нь эрчим хүчний хүрэлцээ сайнгүй байгаа нь ч асуудал мөн. Гэвч өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао арванхоёрдугаар таван жилийн бодлогыг хэрэгжүүлэх ард түмний амьдралын төвшинг дээшлүүлэх “Хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим баримтлахаа мэдэгдсэн нь найдлага төрүүлж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар бараг л анх удаа хүнийг чухалчилсан, гол төвөө бол госон үзэл баримтлал илэрхийлсэн нь олон улсын зүгээс эерэг хандлага дагуулсан. Ер нь бол БНХАУ-ын “Нэг өрх- нэг хүүхэд”-ийн бодлого нь зөвхөн хүн амын өсөлтийг хазаарласан хэрэг биш гэдэг нь хэдийнэ ил болсон. Хятад иргэд өөрсдийн үр удмаа үл дээхийн тулд эрэгтэй хүүхдийг шүтэж, үүний дүнд жилд мэндэлж буй нийт хүүхэд дунд эзлэх хөв гүүдийн тоо охидынхоос дунджаар 32 саяар илүү байж ирсэн. Энэ нь үсрэнгүй хөгжлийн босгон дээрх их бүтээн байгуулалтад гойд нэмэр болсон тооцоолол байв. Хятадын эдийн засгийн дуулиант өсөлт “Нэг өрх- нэг хүүхэд”- ийн бодлогын ачаар хэрэгжсэн ч өдгөө хүйсийн тэнцвэр нэгэнт алдагдсан учраас уг бодлогыг эргэж харах цаг ирснийг сануулж эхлэв. 

ИХ ГҮРНИЙ ХАЯЛГА 

БНХАУ-ын эдийн засгийн сэргэн мандалт Азийн бусад орныг ч араасаа дагуулсан. Дээр дурдсан “Wealth report”-ын тайланд дурдсанчлан өдгөө дэлхийн тэргүүлэгч 10 хотын жагсаалтад анх удаа Азиас дөрвөн төлөөлөл багтсан нь гуйвахгүй баталгаа байв. Бээжин, Шанхай, Сингапур, Хонконг гэх эдгээр дөрвөн хотын ард Токио, Сөүл гэсэн асаалттай танк бэлхнээ бий. Улмаар азиудыг нэг нүдээрээ ч хардаггүй шахам сэхүүн европчуудын бодол өөрчлөгдөж, томоохон компаниуд нь Азийн аль нэг хотод жижигхэн лангуу ч болов бий болгохын тулд уралцаж байна. Хөгжлийн туйлд хүрч, онгорхой хаалгагүй болтлоо чигжсэн Европтой харьцуулбал Азийн зах зээл өдгөө ч шинэхнээрээ. Дээр нь Европ, Америкийн хөгжлийн болон санхүүгийн асууд луудад дүн шинжилгээ хийж давуу, эрсдэлийг тооцоолсон, илүү гярхай тактикаар зүтгэж байгаа. 

АЗИЙН ИЖИЛСЭЛ

Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Түүхийн шарласан хуудсыг болоод өнөөгийн нөхцөл байдлыг харвал Азийн тэргүүлэх эдийн засаг бүхий орнууд, бар улсууд улс төрийн хувьд дарангуйллын тодорхой хэлбэрийг өдгөө ч баримталж буй. Ажиглавал, Азид ардчиллын замаар хөгжилд хүрсэн түүхтэй улс цөөн. Бүгд л Засгийн газрын хатуу хараа хяналт, чанга гараар удирдуулж өнөөгийн зэрэгт хүрсэн аж. Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Юүгийн хэлсэнчлэн ардчилал бол том хөлөг онгоцны асуудал. Том хөлөг онгоцон дээр хэн, яаж ч дэвхэцлээ гээд тэр живчихгүй. Харин жижиг завин дээр ардчилал хэмээн дэвхэцвэл тэр дорхноо сүйрэх бөлгөө. Эдийн засгийн болоод улс төрийн тогтвортой байдлыг бий болгосон Азийн орнуудын ижилсэл энэ. Өнгөрсөн сард Бээжинд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Ёсихико Нода, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мен Баг нар нэг жилийн дотор чөлөөт худалдааны гэрээ байгуулахаа мэдэгдэж, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай бид мэдээлсэн. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн эдийн засгийн 19.6 хувь, дэлхийн нийт худалдааны 18.5 хувь эдгээр гүрэнд ногдож байсан юм. Энэ эвсэл Азийг Европтой өрсөлдөхөөр зэхэж буйг харуулж байгаа бол нөгөө талаар БНХАУ, АНУ-ын өрсөлдөөн ил тод болсныг зарласан хэмээн тоймчид бичиж байна. Ийнхүү их гүрэн БНХАУ, нийслэл хот Бээжин нь бодлогын болоод эдийн засгийн тулааны өмнө ирээд байна. Том байхыг, тэргүүлэх эдийн засагтай орон болохыг, дэлхийг өөрөөсөө хамааралтай болгохыг тэд өөрөө хүссэн шүү дээ.

No comments:

Post a Comment