Feb 7, 2013

Стивен Хокинг


Онолын физикийн салбарын өнөө цагийн хамгийн чухаг эрдэмтэн Стивен Хокинг тэргэнцэрт сууж, дундаж өндөртэй хүний бүсэлхийн дайтай зайнаас одон орныг судалж, хар нүхний тухай, их тэсрэлтийн нууцыг эрэлхийлж яваа. “Цаг хугацааны товч түүх” (Brief History of time) номоороо шуугиан тарьсан тэрбээр Альберт Эйнштейний нэрэмжит шагнал, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гардсан юм. Тэрбээр амьдралдаа цөөн хэдхэн удаа ярилцлага өгч байсан бөгөөд 1992 онд ВВС радиогийн “Desert island disc нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.  
-Энгийн физикчийн амьдралаа золиосолж, олны хэмнэлээс ангижраад, ганцаардал дунд та цөөнгүй жилийг өнгөрүүлжээ. Ганцаардал гэгч таныхаар юу вэ?

-Би өөрийгөө нийгмээс тусгаарлагдаж, ганцаардал дундаа өтөлж яваа хүн гэж хэлэхгүй. Бас эрэмдэг амьтан ч биш. Зарим хүн өнгө ялгаж чаддаггүйтэй адил зарим нэг мэдрэлийн эс нь ажиллахаа больсон л хүн, би.
Түүний гаргасан
алдартай номуудаас 
-Тийм байтал та элдэв томъёо, шинжлэх ухааны нээлт хийхэд ухамсарт бүхий л амьдралаа зориулсан байна шүү дээ. Энэ нь шинжлэх ухаанд тоймтой их нөлөө үзүүлж байгаа боловч хувь хүний амьдралыг тань үрэн таран болгож байгаа биш үү.
-Ер нь би төрөлхийн дотогшоо хүн. Бусадтай харилцах нь миний хувьд хэзээд ч түвэгтэй байдаг. Азаар би хар багын сайн ярьж, бусдыг итгүүлэхдээ гаргуун. Ямар нэг сэдвээр маргаан, мэтгэлцээн хийж байвал би бүгдийг, бүр эсрэг талаа ч итгэтэл сэнхрүүлэх чадвартай. Үүнийгээ би их үнэлдэг юм. Миний нээлт, санаанууд үнэхээр гойд байлаа ч бусдад хүргэж, илэрхийлж чадахгүй бол юу ч биш болоод л дуусна.
-Физикч хүний мэргэжлээсээ авах таашаал сайхан л байх. Гэхдээ энэ нь энгийн амьдралын өдөр тутмын процессоос авах мэдрэмжийг гүйцэхгүй байх даа гэж би боддог юм. Та санал нийлэх үү?
-Физикийн шинжлэх ухааны гүн рүү орох сайхан, гэвч хүйтэн. Хүйтэн гэдэг нь ямар ч сэтгэл хөдлөлгүй бодис, материудтай харилцдагийг нь хэлж байна. Хэрэв би физикт улайрвал хувийн амьдралыг мартах хэрэгтэй. Хэрэв хувийн амьдралын элдэв асуудалд сатаарвал хэзээ ч гайхалтай нээлт хийж чадахгүй. Эгзэгтэй сонголт байгаа биз. Гэхдээ би эхнийхийг нь сонгосон. Харин азаар.., энэ үгийг би хоёр дахь удаагаа хэрэглэж байна шүү. Азаар бие эрхтний гажигийг минь үл хэрэгсэж, намайг үнэнчээр хайрлаж, халуун дулаан энерги өгдөг хүмүүс эргэн тойронд маань бишгүй. Харин физикээс өөр гэвэл би хөгжим сонсох дуртай.
- Хөгжим, физик хоёрын аль нь танд илүү сэтгэл ханамж өгдөг вэ?
-Салгаж, дэнслэхэд хэцүү л дээ. Судалгаагаа түр хойшлуулж, амсхийх үедээ би хөгжим сонсдог. Харин тоогүй нь амсхийх зав надад тун бага гардаг юм.
-Цуутай физикчийн дуртай хөгжмийг мэдмээр байх чинь?
-Пуленкийн “Gloria”. Тэр жил Колорадогийн Аспенд болсон физикчдийн уулзалтын үеэр анх сонссон. Тэгэхэд хурал болсон газраас холгүйхэн бэсрэг хөгжмийн наадам болж байв аа. Хэрэв хар нүх алга болбол яах вэ гэх чухал сэдвийг бид авч хэлэлцэх ёстой байдаг, өнөөх сайхан дууг сонсмоор байдаг. Би хурал руугаа орсон л доо. Гэхдээ би туслахаараа тэр дууны нэрийг бичүүлж авсан.
-Одоогоос долоон жилийн та ярьж чадахаа больсон. Тэгэхэд чухам юу болсон юм бэ?
-Женевт Европын цөмийн шинжилгээний төв (CERN)-д эгэл бөөмийн хурдасгуурт судалгаа хийж байгаад хэсэг амсхийж, Германы Байрот руу явж, Вагнерийн “Бөгж” дуурийг үзэх санаатай байсан. Гэтэл гэнэт уушигний үрэвсэл маань сэдэрч, Женевийн эмнэлэгт хүргэгдэж, улмаар Камбрижийн эмнэлэг рүү очиж хагалгаа хийлгэхээр болсон. Рожер Грей эмч миний амийг аварсан ч, би ярьж чадахгүй болсон байсан. Судалгаа хийхэд угаас ярих шаардлагагүй. Харин хуралд оролцох, илтгэл тавих зэрэгт л тун хэцүү. Хүмүүс аманд маань чихээ нааж байж л миний яриаг бүдэг бадаг ойлгохоор тийм дордсон. Энэ үед би ярих зүйлээ цааснаа хэвлэж тараагаад, бас хэлмэрч ашигладаг байсан.
-Дараа нь нэгэн компьютерийн инженер тань руу тусгай яригч аппарат илгээсэн гэдэг. Тэр нь яаж ажилладаг юм бэ?
-Уолт Волтос. Хадам ээж нь миний нэгэн адил ярьж чадахаа байгаад, тэр түүнд зоиулж шинэ программ зохиосон юм билээ. Ярих үгээ текст болгон бичээд программд оруулмагц тэдгээрийг нь дуу цацруулагч руу дамжуулж, автомат машин яриа болгон хөрвүүлнэ гэсэн үг.
-Аав, ээж тань хоёл биологич байсан. Харин ааваас чинь илүү ээж чинь таныг физикч болоход их нөлөөлсөн гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Үгүй байх аа, харин ч аав маань надад илүү их нөлөөлсөн. Тэр илүү шинжлэх ухаанч суурьтай. Багадаа аавыг дагаж Африкийн ширэнгэн ой руу ч юм уу, цөөнгүй газраар явж байгалийн судалгаа хийсэн. Ургамлыг эмчилгээнд хэрэглэх тухайд ч багаасаа оролцсон. Гэхдээ эмчилгээ болон биологийн салбар хоёул цалгар, нэг тийм ерөнхий шинжтэй мэт санагддаг юм. Харин би аливаад илүү ул суурьтай хандахыг илүүд үздэг. Магадгүй энэ шалтгаанаар би физик сонирхож эхэлсэн байх.
-Ээж тань таныг багын л сониуч, ялихгүй зүйлд ч сэтгэл нь хөдөлдөг хүүхэд байсан гэсэн. Тэр бүр таныг анх оддыг хараад уулга алдсныг тань ч ярьж байсан шүү.
-Багадаа, Лондон дахь гэр рүүгээ оройтосхийгээд харьж явтал гэнэт гудамжны гэрлүүд унтарчихсан. Хотын удирдлага эдийн засгийн хэмнэлт гаргаж, оройн цагаар гудамжны гэрлүүдийг унтраах шийдвэр гаргаад байсан үе. Тэгээд л дээшээ шөнийн тэнгэрийг хартал, ээ бурхан минь. Одод гялбалзаад л, сүүн зам зурайгаад л. Ер нь энэ хотод гудамжны гэрэлтүүлгийн хэрэг байгаа ч юм уу гэж бодож байснаа санаж байна. Тэгж л од руу, огторгуй руу тэмүүлэх хүсэл маань өдөөгдсөн байх.
-Оксфордод оюутан байх хугацаанд та одоогийнхтой харьцуулбал илүү танхай байсан юм билээ. Ядаж л шар айраг ууж, үеийн залуустай янз бүрийн тоглоом тоглохоос буцдаггүй байсан тухай уншсан. Бүр өдөрт нэг цагийг л хичээл хийхэд зарцуулдаг байсан гэсэн байх аа.
 -Зөвхөн би гэлтгүй дээ. 1960-аад оны сүүлээр залуус бүгд л амьдралаас уйдсан, залхсан маягтай байсан. Байгаа орчин нь уйтай, гэтэл үүнээс дээрдэх гэрэл гэгээ хонгилийн үзүүрт харагдахгүй шинжтэй. Консервативчууд сонгуульд гурав дахиа ялалт байгуулахдаа “Амьдрал хэзээ ч ийм сайхан байсангүй” гэх маягийн уриа дэвшүүлсэн нь бидний итгэлийг бүр ч унтраасан хэрэг. Дээр нь Оксфордод заадаг хичээлүүдэд хэтэрхий амархан зүйлийг дэндүү олон цаг тайлбарлаж ярьсаар биднийг залхаана. Би жишээ нь, лекценд ер суудаггүй, хааяа нэг давтлагад очвол очно. Чи бүх тооны хариуг гаргаж цаг алдах хэрэггүй, ердөө гол томъёог нь л цээжилчих гэсэн афоризм өөртөө дэвшүүлээд, түүндээ итгэж явлаа.
-Дараа нь та судалгааны ажилд идэвхтэй орсон. Гэхдээ харамсалтай нь та мэдрэл, булчингийн дистрофи өвчтэй болохоо мэдсэн гэдэг. Өнөөг хүртэл та физикийн салбарт ажиллаж, бүх зүйлийг ялж гарчээ. Харин тухайн үед, өвчний тухай анх мэдэхэд танд юу бодогдож байсан бэ?
-Оксфордод байхдаа би шатнаас нэлээд хүчтэй уначихсан юм. Тархи маань гэмтсэн байх вий гэж санаа зовоод сургуулийнхаа эмчид үзүүлтэл тэр бүх зүйл зүгээр, харин шар айраг бага уугаарай л гэж зөвлөсөн. Гэтэл сургууль төгсөх үед миний биеийн байдал эрс муудсан. Залуу байсан болоод ч тэр үү, тухайн үед нэг их тоогоогүй юм аа. Кэмбрижийн их сургуульд ороод удаагүй байхдаа 1962 билүү 1963 оны нэг их хүйтэн өвөл Зул сарын баяраар мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгаж байгаад дахин хүчтэй унасан. Бие маань хөдөлж болохгүй байснаас ээж маань ямар нэг зүйл буруу болсныг гадарлаад гэр бүлийн эмчийг дуудлаа. Удалгүй, Бартсын эмнэлэгт хэвтэхээр болов. Миний бие үнэхээр муу байтал эмч нар надад тодорхой юу ч хэлээгүй. Гэхдээ надад яагаад ч юм муу совин татаж байсан учраас тэднээс юу ч тодруулж асуугаагүй. Насгүй болж дээ гэж бодож байсан ч, би нэг их харамсаагүй. Харин үлдсэн амьдрал маань докторын ажлаа дуусгахад хүрэлцэх болов уу гэдэгт л эргэлзэж байлаа. Эмчилгээ хийсний дүнд амь насаар холуур өнгөрсөн ч суумгай, гажиг нэгэн болно гэдгээ бол мэдсэн. Тэгмэгц шаналж хэвтэхийн оронд миний цаг хугацаа зогстол судалгаагаа хийе гэж шийдсэн. Учир нь, хар нүх цацраг ялгаруулдаг эсэх, цаг хугацаагаар аялах боломж бий юү гэх асуултын хариуг мэдэх нь надад бүхнээс илүү санагдаж байсан л даа.
Бас намайг түлхсэн нэг хүчин зүйл нь үхэлтэй ойрхон тулсан үеийн мэдрэмж. Амьдралыг маань илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулсан гэвэл онох байх.
-Хэрэв та энэ бүхэнтэй нүүр тулаагүй бол одоогийнхоос илүү амжилтад хүрэх байсан гэж бодож байв уу?
-Үгүй, харин ч намайг түлхсэн. Нөхцөл байдал хумигдах тусам хүн илүү ихийг өөрөөсөө шаардаж, үхэл ойртох бүрийд хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд яардаг байх.
-Таны мөрөөдөл өдгөө биелсэн байх шүү. Кэмбрижийн их сургуулийн профессор болж Исаак Ньютонтой мөр зэргэцсэн. “Цаг хугацааны товч түүх” ном тань бестселлер болсон гээд л...
-“Цаг хугацааны товч түүх”-ийг хэвлүүлэхдээ бестселлер болж, маш их мөнгө над руу цутгах тухай бодоогүй. Хүмүүс шинжлэх ухааны номыг ингэтэл сонирхоно гэж ч төсөөлөөгүй. Нэгд энэ номыг бичих нь миний зорилго, хоёрт, надад зугаатай санагдсан. 25 жил судалж, учрыг нь арайхийн ойлгосон зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэндээ л энэ номыг хэвлүүлсэн юм аа.
-“Цаг хугацааны товч түүх” ном “New York times”-ийн бестселлийн жагсаалтад 237 долоо хоног багтаж, “Гиннесийн дээд амжилт”-ын номд бичигдсэн. Надад нэг асуулт байна. Хүмүүс энэ номыг уншаад ойлгох уу?
-Хэрэв тэд залхууралгүйгээр 29 дэх хуудас хүртэл уншвал цааш заавал уншиж дуусгах байх. 29 дэх хуудасыг давж, номыг маань дуустал уншсан хүмүүс надтай уулзаж, баяр хүргэсээр л байгаа. Заавал тэд энэ номыг дуустал уншиж, бүгдийг үг бүрчлэн ойлгох хэрэггүй. Харин орчлон өөрөө бүрэлдэн бий болсон, тийм болохоор хүсвэл чи өөрөө дэлхийг өөрчилж чадна гэдгийг ухаарах нь чухал. Гал асаахад, алхахад, инээхэд ямар ч бурхан биш чи өөрөө л өөртөө тусладаг гэдгийг л ойлгочих.
-Та одон орон судалж, хар нүхний нууцын хойноос хөөгчийн хувьд “Оддын дайн” киноны ямар нэг ангийг үзсэн үү. “Хар нүх рүү унасан юу ч  буцаж гарч ирэхгүй...” гээд л.
-Физик, одон орон гэх үгс хүмүүсийн сонирхлыг татдаг ч, хэтэрхий хүнд санагдаад цааргалдаг байх. Тиймээс би өөрийн номыг хөнгөн, хүмүүс ойлгоход хялбар байхын дээр тэдний сонирхлыг татах байдлаар бичих гэж хичээсэн. Гэхдээ хөнгөн гээд “Оддын дайн” шиг зохиомол байж болохгүй. Учир нь миний ном шинжлэх ухааны, үнэн бодит судалгаа болохоос биш ашгийн хойноос хөөсөн энгийн нэг утгагүйдэл биш шүү дээ.
-Хар нүх цацраг ялгаруулдаг гэх онолыг та гаргаж тавьсан. Энэ нь нэг хэрэг. Гэхдээ хэрэв бид хар нүх руу уналаа гэж төсөөлбөл бидэнд чухам юу тохиолдох вэ?
-Асар их татах хүч бүхий эл урхинд гэрэл хүртэл баригдаж, орон зай мурийж, цаг хугацаа гажууддаг. Бид хар нүхний гадна оршиж байгаа ч огторгуйн бол дотор нь байна. Тэгэхээр хэзээ нэгэн цагт хар нүхтэй дайралдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Таны асуултын хувьд хэрэв хар нүх рүү унавал та үүрд алга болох уу, эсвэл тэс өөр ертөнцөд очих уу. Энэ асуултын хариу л миний сонирхлыг татаад байгаа юм. Гэхдээ яаж сонирхсон байлаа, хэрэв би сансар огторгуйд аялж, хар нүхтэй дайралдлаа гэхэд тийш үсэрч орох тэнэг зориг лав надад байхгүй.
-Бас нэг маргаантай сэдэв. Та их тэсрэлтийн онолыг судалсан хүн. Их тэсрэлтээс үүдэж огторгуй аяндаа өөрөө өөрийгөө бүтээсэн, огторгуй цаг тоололд эхлэл ч, төгсгөл ч гэж байхгүй гэдэгт та итгэдэг. Хэрэв таны онол гарцаагүй үнэн бол бурхан гэж байхгүй бол таарах нь ээ?
-Тийм ээ, энгийнээр бол тийм. Би огторгуй их тэсрэлтийн улмаас үүсэж бий болсон гэдэгт итгэдэг. Өөрийн судалгаагаар ч үүнийг батлахыг хичээж буй. Ямартай ч огторгуй физикийн хуулиар бий болсон бөгөөд үүнд эхлэл, бас төгсгөл гэж байхгүй. Хэн нэг бурхан дураараа бүхнийг бүтээгээд, хоосон дунд гариг, эрхсийг шидээд, тогтоочихоогүй гэсэн үг. Гэхдээ энэ нь бурхан байдаг, эсвэл үгүй гэдэгтэй огт хамаагүй. Тэр байдаг ч байж болно, гол нь огторгуй лав түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн гэдэг нь л чухал.
-Тэгвэл физикийн хуулиас гадуур зүйлс хаанаас бий болсон байх вэ. Жишээ нь хайр, итгэл, хүний сэтгэл хөдлөлийн үүслийг бас л физикийн хуулийн дагуу тайлбарлах уу?
-Хайр, итгэл, ёс суртахуун гэдэг нь физикийн өөр салбарт хамаарах зүйл. Физикийн хуулиар хүнд хайр, итгэл, ёс суртахуун гэгч нь бий болсон гэх дүгнэлт гаргаж болохгүй. Гэхдээ хэн нэгний зан араншан бүрэлдэн бий болж, тогтоход физикийн хууль нөлөөлсөн, хөтөлсөн гэвэл зохино.
-Гэхдээ л энэ бүхнийг бурхан л бидэнд өгсөн гэж итгэдэг хүмүүс маш олон шүү дээ. Та үүнийг няцааах гэж үү?
-Миний бүх судалгааны ажлын эцсийн зорилго бол огторгуй бурхан гэж өөрийгөө нэрлэсэн дураараа авирлагчийн хүсэл сонирхлоор бүтсэн гэдэгт битгий итгээсэй гэдэгт л чиглэж байгаа. Гэсэн ч та надад эргэлзсээр, нэг асуултаа л дахин дахин асуугаад байх юм. Тэгвэл хэрэв бурхан гэж байдаг юм бол, байдагт нь та итгэдэг бол яагаад энэ асуултаа надаас биш түүнээс асууж болохгүй гэж?
-Зул сарын баярыг та юу гэж хүлээж авдаг вэ?
-Малын саравчинд мэндэлсэн хэн нэг хүүхдийн төрсөн өдөр гэхээсээ илүү өнгөрсөн оны алдаа дутагдлаа эргэцүүлж, угтан ирэх шинэ онд юу хийж, бүтээх тухайгаа эргүүцэл өдөр. Бас гэр бүлээрээ хамт байж, талархсан сэтгэлээ илэрхийлэх гэдэг утгаар л хүлээж авдаг.

6 comments:

  1. Tegshee,
    Ene nuguu mongold hevlegdsen nomiinh ni ar deerh yaria mun uu. Olon jiliin umnu manai surguuliin nomiin sand ene nom irehed uneheer nud salgalgui unshij bilee. odoo ahin neg unshmaar l baigaa yum.

    ReplyDelete
  2. Малын саравчинд мэндэлсэн хэн нэг хүүхдийн төрсөн өдөр хаха сайхан хэлж оок,

    ReplyDelete
  3. Сайхан ярилцлага байна даа, Номыг нь уншина гэж явсаар аль хэдийн хэдэн жил өнгөрсөн байх чинь..

    ReplyDelete
  4. яг одоо номыг нь уншиж бна

    ReplyDelete
  5. Би ердөө л хумсаа хэтэрхий лав авчихсан хүн юм.

    ReplyDelete