Mar 14, 2013

Үхэж үзээгүй хүн

   Эгээ л бидний адил энэ дэлхий дээр нүв нүцгэн ирэхэд эцэг нь түүнд Людмила Окан-ооловна Намчылак гэх нэр хайрлажээ. Энэ бол 1957 оны гуравдугаар сарын 11-нд болсон явдал. Одоо бид түүнийг Сайнхо Намчылак гэх нэрээр нь мэддэг болсон. Харин энэ бол тун саяхны хэрэг болой. 
    Олон хүн таньдаг болсны хойно зарим нь түүнийг “Дорнын Бьёрк” хэмээн нэрлэх болсон. Аа, харин нөгөө хэсэг нь шувуудын дууч, гол усны хэлмэрч, эгшиг авиаг эрхшээгч гэнэ. Ийн элдэвтэй зүйрлэн сайшаах гэж ам өрсөх нь түүний гэх урлаг, манай дэлхийд урьд тохиож байгаагүй нь лавтай содон хэм хэмнэл бүхий уран бүтээлүүдээс нь үүтгэлтэй болж таарна. Гэхдээ хэлбэр галбирыг нь яг дуурайсан атлаа хэлэх ам, харах нүдгүй сүүдэр нэг их ойшоох эд биш болохын адил энэ мэт харьцуулалтыг тэр өөрөө хэрхэн хүлээж авдгийг бид мэдэхгүй. “Stepmother city”, “Naked spirit” цомгуудыг нь сонссоны дараа жинхэнэ шувуудын дуун, жинхэнэ горхины хоржигноон, жинхэнэ сэтгэлийн авиаг мэдэрснээ л сайн мэдэж байна. Шувуу болж биш, шувуу мэт л дуулдаг байсансан бол дуучин гэж өөрийгөө нэрлэсэн шороон түмэн хүнээс бид түүнийг хэрхэн онцгойд үзэж, таних билээ. 
       2011 оны дөрөвдүгээр сард Кызыл хотын Үндэсний урлагийн төвийн тайзнаа тоглох үеэр нь Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оол түүнийг “Тувагийн ардын дууч” хэмээн цоллосон байдаг. Үнэхээр ч Сайнхо Намчылак хэмээх энэ эмэгтэй Европ, Америкт мандан бадраагүй бол Оросын бөөрөнд наалдсан энэ жижигхэн үндэстэн дэлхий дээр оршин байдгийг хүмүүс мэдэхгүй өнгөрөх байсан болов уу. Дорноос өрнө хүртэлх их замын туршид нь тува гэдэг нэр түүнийг дагаад л явсан хэрэг. Тува бол их сонин түүхтэй нутаг. Монголын эзэнт гүрний нэг эд эс нь болж хэдэн зууныг элээсэн атал Манжийн хараан дор 200 жилийг биднээс салангид шахам өнгөрөөсөн. Дараа нь Оросын олзонд очсон. 1921-1944 он хүртэл ердөө 23 жил тусгаар улс гэж яваад, даруй Оросын автономит улс болсон байдаг. Үүнээс хэдэн жилийн өмнө монгол хэлийг албан ёсоор хэрэгсэхгүй болгосноор тува үндэстэн биднээс бүрмөсөн тасарсан. Монголтой дахин нэгдэх тэмцэл их бага хэмжээгээр өрнөж байсан ч толгойлж явсан хэд хэдэн хүн нь шороонд булагдсанаар их гүр ний элгэн дэх жижигхэн үндэстний эх оронтойгоо нийлэх хүсэл нь тэгсхийгээд хүчээр ч болтугай намжсан гэдэг. Гэхдээ Монголыг гэх сэтгэл одоо ч гэсэн зүрхнийх нь төвд байдаг хэвээр юм билээ. Сайнхо ч мөн ялгаагүй. Түүний “Хойт эхийн хот” (“Stepmother city”, 2001) цомогт нь энэ хүслийн далд сэдэл цухалзсан болов уу гэж би найддаг. Уг нь бол Европыг төлөөлүүлсэн юм билээ л дээ. Мөн энэ цомгийн “Тува блюз” дуунд “...Эрх чөлөөг минь өгөөч...” гэсэн гашуун мөр байдаг. Одоо харин тэр энд ирэх гэж буй. Ирэх сарын сүүлчээр монголчуудад зориулж анхны тоглолтоо тавихаар зэхсэн. Ийм тохиолыг бид, бас тэр их олон жил хүлээсэн! 
      Ардын хөгжим болон авант жааз, электроник урсгалын нэгдлээс түүний бүтээл төрдөг бол тэр өөрөө телевизийн нэвтрүүлэгч эцэг, бага ангийн багш эхийн дундаас мэндэлсэн. Одоо 60 дөхөж яваа хэдий ч тэр өөрийгөө 32 настай эмэгтэй гэж мэдэрдэг хэмээн “Новые исследования Тувы” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байж билээ. Сэтгэл дэх тооллоороо бол өсвөр насны охин байхдаа, биологийн насаар бол 34-тэйдээ “Lost river” хэмээх цомгоо гаргасан. Үүнээс хойш 30 гаруй цомгийн ард гарч, дэлхий дахинд, тэр дундаа Европын хөгжмийн зах зээлд шуугиан тарьж, BBC радиогийн нэрлэснээр дэлхийн шилдэг 500 дуучны тооцогдох болсон ч энэ хүртэл тэр тийм ч дардан зам туулаагүй. Ер нь тэгээд газрын зураг дээр байдаг эсэхийг нь ч мэдэхгүй жижигхэн үндэстнээс дэлхий нийтийн танил болтлоо тодорно гэдэг амар хэрэг биш байх. Гурван охинтой айлын ууган нь болох Сайнхогийн эцэг, эх завгүй ажилладаг байсны улмаас тэр эмээгээ түшиж хүн болж. Удалгүй тэднийх Аяс (Сергей) хэмээх хүүг үрчилж авснаар Намчылакийнх гэдэг айл бүрдлээ олжээ. Кызылийн II дунд сургуулийг төгсөөд Сайнхо Москваг зорьж, тэндээ сүлжмэлийн үйлдвэрт хэсэг зуур ажилласан. Гэвч төд удалгүй төрөлх хотдоо буцаж, Кызылийн урлагийн сургуульд суралцаж эхэлсэн ч Олег Лазаревский гэгчээс болж сургуулиа хаяхаас өөр аргагүйд хүрчээ. Тэр бол Сайнхогийн анхны эр нөхөр, өөрөөс нь найман насаар ах, хөгжимчин хүн. Олег нөхдийн хамт үүсгэн байгуулсан “Elegest” хэмээх чуулгадаа Сайнхог гоцлоочоор авчээ. Энэ түүний карьерийн муугүй эхлэл болсон. Чуулгынхан цөм түүнээс насаар ахмад. Тэр тэднийг “хөгшин чононууд” гэж нэрлэсэн байсан. Тухайн үед (1975) тэр хөгшин чононууд Сайнхог “айлгадаг” байсан “Pink Floyd”, “Led Zeppelin” тэргүүтнийг нууцаар сонсдог байж. “Elegest” чуулгын цорын ганц тува хүн нь байсан Сайнхо ингэж барууны, тухайн үед илтэд хориотой байсан хөгжмийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд ч болтугай мэдэж авчээ. Чуулга нэртэй энэ жигтэй бүлгэмийнхэн бас уран зурагт дуртайн дээр өөрсдөө бас оролддог байснаас тэр амьдралдаа анх удаа абстракт уран зураг, ер бишийн урлагтай нүүр тулсан гэдэг. Дараа нь анхны хүүхдээ өлгийдөн авч, Чай Су Лазаревская хэмээх хөөрхөн охинтой болсон ч, удалгүй нөхрөөсөө салж, хүүхдээ ээж дээрээ үлдээгээд Москваг зорин Ипполитов Ивановын хөгжмийн сургуул ийн ардын дууны ангид элсэн орсон байна. Уг нь энэ сургуульд тэр орос ардын дууг судлах ёстой байсан ч жижиг үндэстний язгуур урлаг багш нарынх нь анхаарлыг татаж, Сайнхо тусгай оюутан болов. Багш нар нь түүний хоолойны тембрийг эхлээд сопрано гэснээ дараа нь альт гэхчлэн өөр өөрөөр тодорхойлдог байсан ч тэр энэ мэт шилжилтэд нэг их түүртэж байгаагүй гэсэн. Ингээд тэр дөрвөн жил сурах ёстой сургуулиа хоёрхон жилийн дотор дүүргэж, мэргэжлийн диплом өвөртөлжээ. Тэр илүү ихийг сурах ёстой хэмээн бодож, Москвад байдаг Гнесиний хөгжмийн нийгэмлэг рүү шилжсэн байдаг. Энэ үед тэр шаргуу хичээж, бага иддэг байснаас хий юм хардаг өвч тэй болов. “Чанасан төмс хоолыг, бу цалсан ус ундыг орлодог бай сан” хэмээн хожим дурссан байсан. 1986 онд Бүх Оросын ардын дууны улсын уралдаанд орж, хөөмийтэй хосолсон дуу дуулж, хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ нь түүний амьдралын шийдвэрлэх ялалтын нэг байсан бөгөөд Марина Петровна гэх багш нь өндрөөр үнэлж, Сайнход мэргэжлийн номууд өгч, түүнийг сонсож, зааж зөвлөх зэргээр өөрийн хүүхэд мэт халамжилсанд тэр одоо ч талархаж явдаг. Учир нь энэ үед гаслант ганцаардал дундаа тэр бараг л живж яв сан гэдэг. Тэр жилээ Сайнхо ёстой л нэг чуулга гэх нэрэндээ тохирмоор, Оросын өнцөг булан бүрээс цугласан, зүсэн зүйлийн авъяастай хүмүүстэй нэгдэж, анх удаа хилийн дээс алхлаа. Канад, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Филиппин гээд л явж өгсөн байгаа юм. Энэ зуур тэр зөвхөн тува үндэснийхээ л дууг дуулдаг байсан нь хүмүүсийн сонирхлыг гойд татаж, мөнөөх чуулгынхнаасаа аяндаа л тодроод иржээ. Ингэж тэр урьд хэн нэгний яваад өнгөрсөн замаар биш, Тува үндэснийхээ хөөмийг электро, авант жааз хэмнэлтэй сүлж, цоо шинэ нэгэн урлагийг бүтээх замналаа эхлүүлсэн юм. 
     Яагаад бид энэ удаа түүний тухай ярих болсон бэ гэвэл Сайнхо Намчылакийн тоглолт ирэх сарын 28-нд Монголд анх удаа болох гэж байгаатай холбоотой. “Харгислалын театр”-ыг үүсгэн байгуулагч Д.Оюунномин буюу бидний дотночлон дууддагаар “Мод” маань хүн төрөлхтөнд илгээсэн тува гайхамшгийг бидэнтэй уулзуулахаар, Сайнхог урьсан юм. Тоглолтыг зохион байгуулах ажлыг мөн тэр хариуцаж яваа. Миний л мэдэж буйгаар Сайнхог бидний үеийн залуус мэддэг болсон нь, ядаж л энэ ямар хүн байна вэ гэх сониуч бодолд хөтөлсөн хүн бол “Мод”. Хэдэн жилийн өмнө түүний ажилладаг “Гоодаль” сэтгүүлд Сайнхогийн тухай нийтлэл гарч байсан нь бараг л манайдаа анхны тохиолдол байсан болов уу. Түүний сонирхол, бас зоригоос нь улбаалж өдгөө буурал Европт ажин түжин амьдарч буй Сайнхо Намчылак Монголд ирэх өдрөө хүлээж (анх удаа) байгаа. Сайнхо “Новые исследования Тувы” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “...Тувагийн маань уулс намайг татдаг. Сая сая жилийн туршид бүхнийг тольдогч наран араас нь манддаг, сүрлэг уулсаараа манай нутаг алдартай. Хэзээ нэгэн цагт уулсын хүршгүй өндрийг олж, тэндээ бяцхан сүм бариад энэ орчлонгийн үйл хэргээс ангижран амар жимэр суух юмсан...” гэсэн байж билээ. Монголын хөдөө, тэр дундаа баруун тийш хүрч, хүсэлд чинь байдаг хүршгүй өндөр уулсын барааг харан суугаад... Сайнхо, тань руу тэмүүлэх мянга мянган зүрх ний соронзон үйлчлэлийг мэдрэнгээ энд та зочны ёсоор бус эртээ орхиод одсон эцгийн бууриа эргэж байгаа ачлалт охин мэт дотно санаж саатаарай.


1 comment:

  1. Тоглолтыг нь заавал үзнэ ээ, ямар мундаг эмэгтэй вэ

    ReplyDelete