|
БНСУ-ын найруулагч Ким Ки Дук |
Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал гардах мөчид
нь Есүсийн цогцосыг тэвэрсэн ариун Мариагийн хөрөг зургийн далд утгаар оролдсон
зэн буддист, дорно эр чухам юу гэж хэлэхийг танхимд цуглагсад хүлээж байлаа.
Тэгтэл ёрог ханбугтай, гутлынхаа хойд дээр нүцгэн хөлөөрөө хээв нэг гишгэсэн
мөнөөх эр шагналаа хүлээж аваад тийм ч эвлэг биш хоолойгоор “Ариранг” нэртэй
дуу дуулчихаад тайзнаас буув. Дараа нь тэр тайлбар хийхдээ “Солонгосчууд бид
энэ дууг ганцаардаж, гуньсан үедээ дуулдаг юм аа” гэж билээ. Найруулагч Ким Ки
Дук ийнхүү “Пьета” киногоороо Канн, Венец, Берлин гэх дэлхийн гурван том кино
наадмын нэгнийх нь дээд шагналыг өөрийн болгосон анхны солонгос хүн болсон юм.
Өр нэхэгч чанд эр Канг До, түүнийг багад нь орхиод явсан ээж хоёрын жир биш
харилцааг харуулсан энэ кино Кимийн хамгийн бараан бүтээл гэлцдэг. Ээж нь
хүүдээ гар хангалга хийхэд нь тусалж, хүү нь эхийнхээ нууц эрхтэн рүү гараа
оруулаад “Би эндээс гарсан гэл үү, буцаад орж болох уу?” гэж асуудгаас нь
болоод секс хүчирхийлэл харуулсан увайгүй дүрслэлтэй хэмээн зарим шүүмжлэгч үл
таалахад нь Ким Ки Дук “Та нар ийм хулчгар байсан хэрэг үү” гэж асууж байсан.
Төгсгөлд нь кино урлаг дахь хамгийн “гоёмсог”, хамгийн бахдам үхэл гардаг.
Хэрэв гарцаагүй ирэх үхэлд зэгсэн бэлддэг байсан бол бидний ихэнх маань
өнгөрүүлсэн амьдралаа түүн шиг л цэглэхийг хүсэх байсан болов уу. М.Ханакегийн
“Amour”-оос бол хавь илүү, Ю.Мишимагийн “Эх оронч үзэл”-тэй л
дүйхүйц хүчирхэг үхэл! Хүлцэнгүй хохирогчоо өөрийн нь мэдэлгүй алуурчин болгочихоод, ачааны
тэрэгний дор чирэгдэн яваад л, яваад л, яваад л байдаг тансаг үхэл. “Пьета”-г
бүтээснийхээ дараа Ким Ки Дук “Hollywood Reporter”-т ярилцлага өгөхдөө “Энэ киног үзсэн хүмүүс миний
бүтээлүүдийг илүү объектив болоо юу даа гэж хэлсэн. Харин би найруулагын шинэ
хэлбэрийг эрэлхийлж байгаа. Урьд миний бүтээлүүд дорно руу чиглэж байсан бол
одоо би өрнө рүү харахыг хүсэж байна” гэж хэлсэн байсан. Анг Ли шиг бүрнээ
уусчихгүй болов уу гэж бид найдах хэрэгтэй байх л даа.
|
"Pieta" киноны баг, Венецийн кино наадам |
“Пьета”
түүний 18 дахь бүрэн хэмжээний кино байсан ч өнөө хэр тэр унаагүй л байгаа.
Үгүй ядаж өөрийгөө давтлаа ч гэж зэмлүүлээгүй. Энэ бол баргийн найруулагчийн
туулахгүй бардам зам. Харин тэр өөрийнхөө тухайд “Уран бүтээлч хүн үргэлж агуу
байж чадахгүй. 2004 он, “Samaritan girl, ”3 Iron ”-ийг хийж байсан нь миний карьерийн оргил үе гэж би
боддог. Тэгээд хэсэг “унтсан”. Харин “Пьета” намайг дахин оргил руу гаргалаа”
гэж ярьсан билээ. Эхэн үеийн кинонуудынхаа тухай, жишээ нь,
|
Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд |
“Crocodile”, “The
Isle”-ийгээ бол аз туршсан хэрнээ
хүчтэй бүтээлүүд болсон гэж үнэлдэг. Өөрийнх нь дэбют кино “Crocodile” (1996) олны хүртээл болохоос урьд тэр кино зохиолчоор хэсэг
зуур ажилласан байдаг. Үүнээс өмнө 1993 он хүртэл гурван жилийг Парист сурахад
зориулсан. Уг нь тэр зураач байсан юм билээ. “Би байгалийн зураглалд дуртай.
Яаж ч сайн зурлаа гээд байгалийг байгаа шиг нь үзэсгэлэнтэй буулгах боломжгүй.
Тийм болохоор би уран зургийг орхиж, камертай харицахыг илүүд үзсэн”. Шуугиант
хотын зүрхээр урсах голын эрэгт амьдардаг, гүүрнээс үсэрч амиа хорлогчдыг авардаг
тэнүүлч эрийн тухай өгүүлсэн “Crocodile” нь тухайн жилээ Солонгосын кино шүүмжлэгчдээс өндөр
үнэлгээ авч, нэг сайн арт хаус чиглэлийн найруулагч төрж буйг илтгэж байлаа.
Эхлээд “Crocodile”-ийг, дараа нь “Pieta”-г үзэх юм бол Ким Ки Дук эхнээсээ л чадварлаг байсныг,
үндсэн чиг нуруугаа өнөө хэр алдаагүй болохыг харьцуулж мэдэх боломжтой юм.
|
"Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар" |
Ким Ки
Дукийн бас нэг дархлагдсан бүтээл нь “Хавар, зун, намар, өвөл...дахиад л хавар”
(2003). Нуурын гол дахь бяцхан сүмд өссөн бяцхан ламхайн өтөл
нас хүртэлх түүхийг харуулах энэ кинонд хүний ааш араншин, төлөв янзын цагийн
улиралтай уялдах цэгийг гайхалтай мэдэрч, яг хэвээр нь дүрслэн харуулсан энэ
кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Нуурын мандал дээр өрнөх амьдрал,
өсөлт, хайр дурлал, итгэл, атаа хорсол, үзэн ядалт, байгаль болон түүний
нууцлаг шүтэлцээ энд байдаг. Бяцхан сүмийн доторх хийгээд нуурын гаднах хана
хэрмээр тушигдаагүй хаалга бол зөвхөн дорнын хүмүүс л ойлгож чадах хүрээтэй.
Энэ кино нь “Chicago Sun times” сонины шүүмжлэгч Рожер Эбертийн “Агуу кинонууд” түүвэрт
нь багтсан бараг л цорын ганц азийн арт хаус кино болсон. “Бидний мартсан,
эсвэл бидэнд хэзээ ч байгаагүй суртахууныг тэр нээж, харуулдаг” гэж Рожер Эберт
өрнөдийнхөнд мань эрийг танилцуулж байсан билээ. “Хавар, зун, намар, өвөл...дахиад
л хавар” кинонд нь жаал хүү загасны аманд жижиг чулуу хийн, могой болон
мэлхийнээс томоо чулуу уяж тарчлааж буй дүрслэл гардаг. Мөн “The
Isle” кинонд нь арьсгүй хэрнээ амьд
буй мэлхий, эрэмдэглэгдсэн загасыг харуулдагаас нь үүдэж Их Британи болон АНУ-д
дээрх киног гаргахаас татгалзаж байв. Харин энэ бүхний хариуд Ким хэлэхдээ “Энэ
буруу зүйл гэдгийг би мэднэ. Тийм ч учраас би ядаж л тэдгээрийн төлөө дотроо
залбирдаг. Харин та нар загасыг шараад түүнийгээ амтархан зооглож буй дүрс
кинондоо зөндөө л ашигладаг. Америкчууд та нар үхэр, гахайн мах иддэг. Ингэхийн
тулд бүгдийг нь алдаг. Тийм үү? Би эндээс ямар ч ялгаа олж харахгүй байна” гэж
хэлэн, маргааныг таслаж байлаа.
|
"Пьета" киноны постер |
Аль
болох бага хүүрнэл, эсвэл бүр огтоос харилцан яриагүй байх нь Кимийн трэйдмарк.
Үггүйгээр харилцан ярилцахыг тэр кинондоо ч бодит амьдрал дээрээ ч эрхэмлэн
үздэг. “Өнөө цагт хүмүүс хэтэрхий их ярьдаг болсон болохоор бие биетэйгээ ер
ойлголцож чадахаа больж байна. Уг нь чимээгүй байхдаа хүмүүс хамгийн их
мэдрэлцдэг юмсан”. Дээр нь кино харилцан яриа багатай байх нь үзэгч тухтай
эргэцүүлж, ургуулан бодоход нь саад болдоггүй сайн гэж тэр боддог. Кимийн
киноны дүрүүд ганцаардал гэсэн ганц цэгт огтолцдог. Тийм болохоор түүний
кинонууд цөөхөн дүртэй. Кимийн хүүхнүүд хүлцэнгүй харагддагийнхаа цаана хүчээ
нуусан байдаг. Яг л дорно шиг ээ.
excellent
ReplyDeletedahiad dahiad... unshii
ReplyDelete