Большой театрын бүжигчин, уран сайхны удирдаач Сергей Филин |
Оросын түүхийн зузаан зузаан номууд
бүхэлдээ дайн тулаан, атаа хорсолоор улбаалсан гэмт хэргээр дүүрэнсэн. Ер нь л
дэлхийн түүх гэгч чигтээ л дайны тулааны түүх байдаг хойно. Урлагийн түүх ч
ялгаагүй. Зэвсэг барин тулалдахаас илүү боловсон, бас хорон. Яг ийм хорон бас
боловсон өшөө авалт дэлхийд алдартай Большой театрын дотроос гарч, тус театрын
балетийн уран сайхны удирдаач Сергей Филин өдгөө дахин хараа орох эсэх нь
эргэлзээтэй гэсэн оноштойгоор Германы эмнэлгийн орон дээр өдөр хоногийг
өнгөрөөж буй билээ.
Түүнийг Оросын балетийн ханхүү
гэцгээдэг. Таван жараны түүхтэй Большой театрт гоцлож, улмаар уран сайхны
удирдаач болтлоо дэвшинэ гэдэг дэлхийн балетийн урлагийн оргил өөд гарсантай
ялгаа юун. Долоон настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн Сергей Филин хоёр
жилийн дараа Москвагийн Балетийн академид суралцах урилга гардсан нь том
завшаан байв. 18 насандаа тэр “Большой балет компани”-д элсэх хүртлээ
чадваржжээ. Хоёр жилийн хойно Сергей Филин хэдийнэ алдрыг олж, бүхий л томоохон
балетад гоцлож, шуугиулаад авсан гэдэг. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Ромео
Жулиет хоёр”, “Жизель”, “Сүүлчийн танго”, “Кихот ноён”, “Үнсгэлжин” зэрэг
балетад гоцлож, XX зууны
сүүл үеийн Оросын балетийн урлагийн өнгө төрх нь болж явав. Тухайн үед бол
алдарт Галина Степаненко, Светлана Ланкина нартай л хоршиж байж шүү дээ. 2004
онд “Зөрүүд охин” охин бүжгэн жүжигт гоцлож байх үедээ хөлдөө бэртэл авч,
тухайн жилдээ зодог тайлсан юм. Хэсэг зуур амсхийсний дараа 2011 онд Большой
театрын балетийн уран сайхны удирдаач болсноор их театрын босгыг дахин алхжээ.
Олон улсын театрын наадмаас “Алтан маск” шагнал хүртсэн шинэ эриний анхны орос
хүн болсон түүнд энэ зэргийн хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсных байв. Гэвч өдгөө
Сергей Филиний төрх алтан маск гэгдэх нь битгий хэл бүхэлдээ эрэмдэг болсоны дээр
хоёр нүд нь дахин хараа орох магадлал ч бага. Учир нь тоглолтоо тарчихаад гэртээ
харих замд нь баг зүүсэн үл таних этгээд нүүр рүү нь хүчил цацаад зугатаачихсан
гэдэг. Энэ гунигт явдал түүхийн номонд хараахан орж амжаагүй байна. Дээрх хэрэг
тун саяхан, бүр тодруулбал 2013 оны нэгдүгээр сарын 21-нд болсон юм.
Хүчилд цацуулсны дараа |
Нүд нь хавдаж, нүүрээ бүхэлд нь
бинтээр ороолгуулсан түүнийг нэгэн цагт Большой театрын тайзнаа мандаж явсан
балетчин гэхэд итгэх хүн цөөн. “Эрэмдэг
болсон царайгаа харж чадахгүй байгаа нь нэг бодлын амар юм даа” гэж Сергей
Филин “Newsweek”
сэтгүүлд ярилцлага өгөх үедээ хэлж. Уйтгартай ч юм, гунигтай ч юм. Одоо түүнд
хагалгаа амжилттай болоосой гэж хүсэх л үлдсэн. Энэ нь эхний бөгөөд эцсийн
оролдлого учраас тэр. Түүнийг ийн шаналах зуур дэлхийн хэвлэлүүд шуугиж, энэхүү
хэрэг явдлын цаана хэн байв, ямар зорилгоор ингэх болов гэдгийг мөшгиж эхлээд
байна. Большой театрын хэвлэлийн төлөөлөгч Екатрина Новикова “Сергейг суудлаас нь буулгах гэсэн оролдлого
байснаас зайлахгүй. Театрын дотроос л хэн нэгэн энэхүү ичгүүртэй хэргийг
өдөөсөн байх. Учир нь Сергей ажилдаа төгс мэргэшсэн нэгэн учраас түүнийг
зайлуулах цорын ганц арга л энэ” хэмээн ярьжээ. Сергей Филин ч мөн ийн
бодож буй. Тэрбээр “New
York Times”-д өгсөн ярилцлагадаа энэ хэргийн цаана хэн буйг мэдэж
байгаа гэдгээ хэлсэн ч, нэрийг нь дурдахаас зайлсхийсэн байна. “Учир нь тэр өөрөө гэмээ хүлээгээсэй гэж би
найдаж, бас хүсэж байна. Ийм хэрэг үйлдсэн тэр хүнд энэ зэргийн зориг байгаа
гэдэгт эргэлзэхгүй байна”.
Германы эмнэлгийг зорихоос өмнө |
Золгүй явдал болох үед Сергей Филин
“Сүмийн бүжигч” (La
Baydere) бүжгийн уран сайхны найруулга дээр ажиллаж байсан бөгөөд
энэ зуур эзэн нэргүй заналхийлсэн захидал хүлээж авсан гэдэг. Энэхүү захидалд
чухам юу дурдагдсаныг Сергей Филин нийтэд дэлгэхээс цааргалаж буй ч, “өөрийн
хүсэлтээр ажлаа хүлээлгэн өг” хэмээсэн боловсон ятгалга байсан юм билээ. Их
театрын удирдах албан тушаалын төлөөх далд дайн хэзээнээс л улбаатай аж. Сергей
Филиний хүлээж авсан энэхүү албыг өмнө нь Геннадий Янин хашиж байсан ч, түүний
зүй бус, садар бичлэг интернэтээр тархасны дараа ажлаа өгсөн байна. Тус театрын
зарим балетчиний баталж буйгаар уг нь Г.Яниныг гочлооч Николай Цискаридзе орлох
байсан ч, Большой театрын удирдлагууд С.Филинийг сонгосон ажээ. Мэдээж, энэ
хэрэгт хамгийн түрүүнд Н.Цискаридзег сэрдэж буй ч, хэд хэдэн байцаалтын дараа ч
тэр дээрх явдалд холбоогүй гэдгээ баталсаар байгаа юм. Большой театрыг тойрсон
улигт асуудал үүгээр дууссангүй тус театрын өнөө цагийн шилдэг гоцлоочид болох
Иван Васильев, Наталья Осипова нар ажлаасаа халагдах хүсэлтээ өгч шуугиан
тарив. Тэд өөрсдийн өргөдөлдөө “Мөнхийн дарамт шахалт, атаа хорслоор дүүрсэн
энэ тайзнаа дахин тоглоно гэхээс эмээж байна” гэж бичсэн байна. Үүнээс болж
Большой театр 247 дахь үзвэрийн жилийнхээ хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим нэг
тоглолтыг цуцлах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ.
Өдгөө Большой театр 100 рублийн
дэвсгэрт дээрх хөрөг шигээ сүрдэм бөгөөд амгалан налайхаа байв. Театрын үе
үеийн уран бүтээлчид ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр ээлж ээлжээр театрын
доторх бузар булайг нь дэлгэцгээж байна. Бэлгийн дарамт, бүжигчдийн хоорондох
хорон өшөө авалтууд энд бол хэвийн үзэгдэл бөгөөд бүр театрын удирдлагууд
Оросын мафитай сүлбээтэй гэдэг нь хүртэл ил болов. Зургаан жил үргэлжилсэн
театрын сэргээн босгох их засварт 668 сая ам.долларын хөрөнгө зарсаны цаана
томоохон нууц бий гэж итгэсэн цагдаагийн ажилтнууд хэдийнэ мөрдөн байцаах
ажилаа эхлүүлээд байгаа аж.
Гэвч
дэлхийд цуутай уг театрыг дотроос нь ч, гаднаас ч мэрцгээж буй энэ үед их театр
эдгээр дуулиан шуугианыг сүрлэг барилгынхаа гадна үлдээж, улаан хамбан хөшгөөр
халхалсан тайзныхаа ард ээлжит сургуулилтаа явуулж, хөтөлбөрт арга хэмжээ бүрээ
ээлж дараалан явуулсаар л байна. 300 шахам жилийн түүхтэй их театр уран сайхны
удирдаачаа, хоёр ч гоцлол бүжигчнээ алдсан ч үл ганхаж, барьц алдахгүй байгаа
нь сүржин бөгөөд хүчирхэг санагдана. Магад Сергей Филин 2004 онд тоглолтын үеэр
хөлдөө гэмтэл авсан ч дуусан дуустал нь торох юмгүй бүжиж, зангирсан их
өвдөлтийг тэвчин, алга нижигнүүлэх үзэгчдийн өмнөө хоёр гараа дээш өргөн мишээж
байхдаа ийм л байсан болов уу. Дуулиан тарьсан хэрэг явдлууд ар араасаа хөвөрч,
театрын бүжигчдийг түгшээж байгаа ч тэд энэ сарын 15-нд тоглох “Нойрсож буй
гүнж” бүжгэн жүжгийн бэлтгэлээ хийсээр л байгаа тухай “New York Times”-д
бичжээ. Большой театрын цахим хуудаст нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр
Сергей Филиний албан тушаалыг театрын экс гоцлооч Галина Степаненко түр
хугацаанд хашихаар болсон гэнэ
(бүр ч байж мэдэх л юм).
Харин уг цахим хуудаст Сергей Филинтэй холбоотой хэргийн талаар нэгээхэн ч үг,
өгүүлбэр байсангүй.
Сергей
Филиний нүүрний хавдар бүрэн буусан бөгөөд тэр Москвагийн төв эмнэлгээс гарч,
Германд эмчлүүлэхээр шийджээ. “Би нэг л
зүйл мэдэж байна, энэ хэргийн цаана ганц хүн биш бүхэл бүтэн бүлэг бий. Би нэг
л зүйлд итгэж байна. Нүд минь хараа орвол би тайзнаа дахин ирнэ. Тэгээд жинхэнэ
уран бүтээлч хүн хэрхэн өшөө авдагийг уран бүтээлээрээ харуулна, би”.
No comments:
Post a Comment