May 30, 2012

Хонх дуугарахаас өмнө


“Төгсөв”. Ингээд л дуусчих байсан бол яах гэж ч эхлэв дээ. Эхлэлгүй, төгсгөлгүй нь орчлон өөрөө л учраас өнө мөнхийн зүйл өөр хаана ч алга. Амьдралдаа бид хэчнээн олныг эхлүүлж, бас эцсийн цэгийг нь тавьдаг бол оо. Гэвч энд нэг л юм давтагдаж байдаг. Төгсгөл эхлэхээс гунигтай.
Хүүхэд байхдаа хурдхан л том хүн болчихъё гэж адгаж байснаа саналаа. Оюутан нас дуусаж, одоо би том хүн болов. “Хүүхэд нас минь” баяртай гэж хэлээд хэзээ дуусах нь үл мэдэгдэх өөр нэг эргүүлэгт орно. Харин одоо юунд нь тэгтлээ адгаж байснаа үл ойлгоно. Удахгүй болох Хүүхдийн баяр надад хэдийнэ хамаагүй болсон гэж бодохоор эрээ цээргүй тэр төгсгөлийн өөдөөс нулимах ч оройтжээ. Төгсгөл эхлэхээс гунигтай.
МУИС-ийн хичээлийн II байрны гурван давхар. Дөрвөн жилийн өмнө мөн л энэ хэвээр байсан хэрнээ одоо надад хамаагүй, харь элгийн газар мэт санагдана. Энэ минийх биш, эцсийн цэгээ хэдийн тавьчихсан болохоор... Би энд сурч байсан, эндээс би насны нөхөрлөлөө эхлүүлсэн, энд би номын дуу сонссон, энэ танхимд би дөрвөн жилийг үдсэн, инээсэн, уйлсан, уусан, дуулсан... Та анзаарав уу, дурсамж тээсэн өгүүлбэр бүхэн өнгөрсөн цагт байгааг. Тийм ээ, би “байсан”. Байна, байгаа, байх болно биш “байсан”. Үлгэр бүхэн төгсгөлтэй байдаг хойно, эхэлсэн бол дуусгах ёстой болдог амьдралын эрээгүй жамтай эвлэрэхээс ч яахав.
Хавар эхлэл гэдэгсэн. Харин оюутан нас минь дуусаж буйг илтгэх энэ хавар юутай уйтайв. Намар төгсгөл гэх атлаа энэ түүх, тэр дурсамж намрын навч нэгээр тасрах тэр хугацалд эхэлсэн юмсан. “Одоо би бууж өгч болохгүй. Энэ дөрвөн жил юүхэн байхав, үзүүлээд өгнө”. Тулаантай киноны эерэг дүрийн баатар мэтээр өөрийгөө төсөөлсөн 18-тай хүү их сургуулийн хаалгыг анх татаж байв. Огт мэдэхгүй, дайсан биш, баатар ч биш 25 охид, хөвгүүдтэй оюутны амьдрал минь нэг цэгээс эхлэв ээ. Үнэндээ тэд миний хувьд хэн ч биш, оноолт тавилангаар л нэг цэгт огтлолцсон хүмүүс гэж бодож байв шүү. Гэвч төгсгөлд нь ингэж догдлоно гэж огтоос тооцож байсангүй.
Сургуулийн гуанзад пирошки хувааж, Нацагдоржийн нэрэмжит номын санд семинар бэлдэх ном нуусан “цагаахан” тэнэглэлээр түүх эхлэв. Танилцах үдэшлэгт тавуулаа очсон хэдий ч хэдхэн сарын дараа заримд нь би найзаа гэж дуудуулах эрхтэй боллоо. “Утга зохиолын ажилтан” болно оо, гэж багш хэлэхэд урагшгүй сонсогдож байсныг нуугаад яахав. Гэвч нэр агуулгаа төлөөлж чаддаггүй аж. Залуу насны дэврүүн мөрөөдлийн өмнө бүхэн нурдаг юм байна. Нэгдүгээр курсээ төгслөө. Арван жилийн андууд нэг л хөндий санагдаад, арав биш нэгхэн жил хамт сурсан оюутан цагийн нөхөд санаанд буух нь юуных байв?
Намар дахиад ирэв. Оюутан цагийн нөхөд минь үл таних биес биш үл мартагдах хүмүүс болж хувирчээ. Гурван давхар, 3.5 давхарын шат, оюутны бие даах төв, сургуулийн гуанз, арын цэцэрлэг, тэнхимийн өрөө... Хоёрдукаар курсын намар энэ бүхэн хэзээний л минийх байсан мэт дотно санагдаж эхэллээ. Нулимс түргэнтэй биш ч аавдаа зориулж анх удаа өгүүллэг бичснээ ангийн нөхдийн өмнө уншихдаа уйлчихаж билээ. Хэн ч биш гэж бодож асан тэд ч гуниглаж орхив. Бидний дунд хэн ч салгаж үл чадах холбоо үүсчээ гэдгийг тэгэхэд анх мэдэж билээ.
Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар... Ангийн анд минь ийн шүлэглэжээ.

Арван зургаан улирал, хорин зургаан найз минь
Ахиад би ийм гэгээн гунигийг хаанаас олох юм бэ?
Дугуй шар ширээ, дуугүй ширтэх гурван хөшөө
Ду багшийн тэнхим, дуулимаас би дүүлэн нислээ
Охидын инээд нимгэрдэг онгон ариун хавар
Одтой ярьж зогсдог аяс намуухан өвөл
Их сургуулийн гудамжнаа ирэхгүй юм шиг байна аа
Ихээ хол нисэхийн дохио юм болов уу даа (У.Бямбаням)

Үнэн аж. Ихээ хол нисэхийн дохио байж. Их сургуулийн гудамж одоо минийх биш болж, “Энд би байсан” гэх дурсамжаас өөр юу ч үлдээгүйг тэр ийн зураглажээ. Баяртай гэж хэлэхэд хэтэрхий хайран оюутан насаа дурсамжийн “авдар”-т орхих таагүй байна. Сүүлийн хавар, хичээл бүрийн дараа гараад явчихалгүй хорогдон суугаад байсны учир нь энэ л байж. Ангийн ширээ хэлтэйсэн бол дөрвөн жилийн түүхийг шувт хүүрнэхсэн. Жилийн жилд л үүрээ орхиж нисэх шувуудыг үдэж, үлдэж даасаагүйсэн бол багш нар ч бас нэгийг хэлэхсэн. Тэд даанч чимээгүй. Төгсгөл эхлэлээс гунигтай.
Гэвч би буруу бодож байж. Оюутан цагийн дөрвөн жил дуусаж байгаа нь төгсгөл огтоос биш аж. Бидний нөхөрлөлийн нэгээхэн хуудас хаагдаж байгаагаас биш амьдралын уртад ахиад бид уулзана. Дөрвөн жил дассан сэтгэл хэврэг хөрчихгүй. Одоо харин шалгалт, оюутан цагийн нөхөрлөлөө он жилүүдийн уртад мартахгүй л бол энэ төгсгөл биш. 
Сүүлчийн хонх дуугарахаас урьтаж сэтгэлээ нээе. 
Төгсгөхөөс эхлүүлэх нь сайхан!

3 comments:

  1. баярлалаа тэгшээ

    ReplyDelete
  2. mash saihan bichsen bn setgel hudulchluu....

    ReplyDelete
  3. .... saihan bichjeee.. angiinhandaa yamar ih hairtaigaa medlee hehe

    ReplyDelete