Feb 13, 2012

Cheers! Adele



Эхлэлээс өрнөл хүртэл нэгэн хэвийн амьдрал дунд бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдөг юм бүү мэд. Гэлээ ч энгийн нэг агшин, санамсаргүй учрал, хоромын төдий хөг аялгуу бүх л бүтэн амьдралын үнэ цэнэтэй дүйж байдаг нь гайхмаар. (Тун удахгүй...)
Тийм ээ, би хэний тухай хэлэх гээд байгааг минь та таасан байх. Попын хатан хаан Уитни Хьюстоний хойноос эмгэнэл илэрхийлж гүйцээгүй байхад хаа холын Лос Анжелесоос баярт мэдээ тасарсангүй. Хорвоо ийм хуурамж аж, яалтай ч билээ. Аделийг анх сонссон мэдэрсэн түүх тун энгийн, ердөө гурван минут гаруйн тааламжит хөг аялгууны дараа шийдэгдсэн хэдий ч мөнөөх л энгийн учрал өнөө хэр зүрх сэтгэлийн минь гүнийн гүнд буцалсаар, оргилсоор байх юм. Хэдий бид бие биенээ танихгүй, ийм хүн байдаг гэдгийг тэр мэдэхгүй ч гэлээ Адель миний нэгэн хэсэг, чухам хамаатай эд эс болсон байхын учрыг хэн тайлж чадах билээ. 54 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд тэр зургаан төрөлд нэр дэвшиж, мөн тооны “Эгшигт хайрцаг” тэврээд инээмсэглэж зогсож байна. “19” цомгийнхоо хүчээр олонд танигдаж, бас үүнээс шалтгаалан “Грэмми”-ийн тайз түүнд тийм ч хөндий эд биш болсон хэдий ч “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж байх үеийнх нь дүр зураг одоо ч нүдэнд харагдаж байна. Цусны дусал бүрээр дамжин, тархинд бас зүрхэнд хүрсэн тэр агшины тэр мэдрэмжийг бидний хэн хэн нь хэзээ ч мартахгүй байх шүү. Уг шагналыг хүртэхийн өмнө, өөрийн болгоно гэдгээ мэдээ ч үгүй байхдаа тэр “Грэмми”-ийн тайзнаа Rolling in the deep”-ээ дуулсан. Жинхэнэ хүч чадал, ялалтын бардам уухай нэвт үнэртсэн тэр хэдэн хором өдгөө хэдийнэ түүх болон үлджээ. Түүх, ингэхэд түүх гэдэг нь хэчнээн агуу утга санаа бүхий үг билээ дээ.
Адель 2008 онд “Chasing pavement” дуугаараа “Шилдэг шинэ залуу дуучин”, “Шилдэг поп performance” шагнал хүртэж байсан бол энэ удаа “Оны шилдэг бичлэг”, “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг цомог”, “Шилдэг поп performance”, “Шилдэг поп vocal цомог”, “Шилдэг богино хэмжээний видео клип” шагналыг хүртлээ. Энэ амжилт л түүний төлөө цохилдог, тэр хэрээрээ эрч хүч, урам зориг авч байдаг хүн бүрт хундага тулгах шалтаг мөнсөн билээ. Cheers Adele!

No comments:

Post a Comment