Mar 31, 2012

Эрх чөлөөгүй байх эрх чөлөө


Эртний Египетэд хүний зохистой амьдралын хэм хэмжээг номлосон зөвлөмж бүхий 12 ном хэвлэгдэж асан цагаас хойш хэдийнэ 3000 жил өнгөрчээ. Энэ бол хүн төрөлхтний зохисон анхны “хууль”. Гэвч тэрс үзэлтнүүд зохистой амьдрал гээч нь юу юм, заавал хүн бүр зохистойгоор амьдрах ёстой юу гэсэн асуултын хариуг өнөө хэр олоогүй байна. Энэ цаг үед дэлхий дээр бичмэл болон бичигдээгүй хэчнээн хууль, журам ноёлож байдгийг хэн мэдлээ. Харин шалтгаан нь л тодорхой. Хүмүүс байгалиас, улмаар бие биенээсээ хэтэрхий холдсон учраас л тэр. Энэ цэнхэр гаригт эрх чөлөөтэй, ардчилсан нийгэм хэдийнэ төлөвшсөн хэмээдэг ч жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ ардчилалын “үнэр” даанч алга.
Тэнд хэн нэгэн нь идэх хоолгүй шаналж байхад энд нэг нь насаараа идээд ч барахгүй “талх” хураасан байж. Гэтэл шаардлагатай болоод илүү талхнаас нь хэлэхгүй авч, цаагуураа хэн нэгний амийг аврах үйлдлийг хуулийн хүрээнд шийддэг болсон энэ нийгмээс ямархан сайн сайхан, гэрэл гэгээг хүлээх билээ. Хар тамхи хэрэглэх байтугай энэ тухай ярих, бүр “үнэрлээд” л өнгөрөх нь ихэнх оронд хориотой зүйл. Тайлбар нь хар тамхи хэрэглэх нь хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлж, улмаар гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулахад нөлөөлөх магадлалтай гэнэ. Магадлалтай л гэсэн болохоос биш хар тамхи хэрэглэсэн хүн бүр хүн алаад, бусдыг хохироогоод явдаг юм биш. Түүнийг хүн өөрийнхөө мөнгөөр худалдан аваад, хувь дороо тодорхой сэтгэлийн таашаал эдлээд өнгөрөхөд болохгүй юм үгүй. Гэвч энэ нь хуулинд, хүний зохистой амьдрах ёсонд үл нийцэх учраас хориотой.
Тэгвэл үнэхээр л хүний биед хор болох бүхнийг хорьж байгаа юм бол тарган хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Өөх тостой хоол их хэмжээгээр хэрэглэхийг архидан согтуурсантай адил хэмжээнд дэнсэлж ял оноох ёстой. Өдөрт гурваас дээш “Кока кола” хэрэглэж байвал хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Дээр дурдсан зүйлүүд нь хар тамхитай харьцуулбал ядаж л бусдад хор хөнөөл учруулах магадлал бага хэмээн зөвтгөх шалтгаан юун. Өөх тостой хоол идэх нь нэгд тухайн хүний биед муу, хоёрдугаарт туранхай хүмүүсийн нүдэнд зохистой харагддаггүй, улмаар хэт тарга нь сандал ширээ, ор сэлтийг эвдлэх эрсдэлтэй гэсэн зүйл анги тулгаж болно. Мэдээж энэ нь хар тамхи хэрэглээд бай гэсэн зөвтгөл биш, харин зохист амьдралын хэмнэлийг тулгахдаа зохисгүй зүйл анги тулгаж байгааг эсэргүүцэж буй хэрэг юм. Олон нийтийн газар тамхи татахыг ихэнх оронд хоригложээ. Тэгвэл олон нийтийн газар мөхөөлдөс, модтой чихэр хүлхэхийг ч хорьчих хэрэгтэй. Аль аль нь л шууд болон шууд утгаараа хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж, “хохироох” магадлалтай.
Эрт цагт нэг эмэгтэй нэг биш тооны хүнтэй хурьцаж, үүнийхээ төлөөсөнд мөнгө, таваар авахыг хориглосон хууль байсангүй. Тэглээ гээд биеэ үнэлэлт одоогийнх шиг завхраагүй. Гэтэл өнөө цагт биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн орон тун цөөхөн. Энэ бол хууль зөрчихөөс илүүтэй хүний хүсэл, хэрэгцээг боомилсон хачин жигтэй явдал биш гэж үү. Ийм болохоор л хуульчлагдсан эрх чөлөө нь хүсээд байхаар зүйл биш болчихоод байна. Гэвч бичигдээгүй хууль гээч нь үүнээс ч эрээ цээргүй.
Зохист амьдралын хэм хэмжээ нь хүн бүрийг үйлдвэрийн талх шиг нэгэн хэвийн байхыг тулгадаг. Хүүхэд 18 нас хүртлээ том хүний зааварын дагуу амьдрах бөгөөд том хүмүүсийн эдлэх бүхий л эрхээс хязгаарлагдана. Улмаар хүүхэд бүр дунд сургуульд суралцаж, төгсөөд их, дээд сургуульд элсэж, ажилчин болоход өөрийгөө бүрнээ бэлдэх ёстой. Үүний дараа өөрийн гэсэн байр, машин, амьдралын ханиа олох хэрэгтэй болж, дараа нь үр удмаа үлдээж, түүндээ өөрийн бага насныхаа нэгэн адлиар, зохистойгоор хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Хэрэв хэн нэгэн дээрх хэм хэмжээнээс гажвал хуулийн хариуцлага хүлээхгүй ч “зохистой амьдралын загвар”-т үл нийцэж буй учраас олон нийтийн зүгээс таагүй хандлагуудтай нүүр тулах хэрэг гарна. Их, дээд сургуульд элсэж чадаагүй бол гэр бүл, хамаатан садан, багш нарын хатуу ширүүн үгсээр булуулах нь зүй ёсны тулган шаардалт болох бөгөөд хэрэв хэн нэгэн 30 нас хүртлээ ганц бие амьдралаар замнасан бол хүссэн хүсээгүй хүн бүр таныг нэг бол гаж донтон, нөгөө бол ижил хүйстэн хэмээн сэрдэх болно. Улмаар үхэн үхтэл чинь гэр бүлтэй болохыг алхам тутамдаа зөвлөж, сануулж, тулган, шаардана.
Хэрэв таны амьдарч байгаа газар нутагт ямар нэгэн шашин, жишээ нь Буддын шашиныг нийтээр даган сүсгэлдэг бол Христийн шашинд итгэл үнэмшилтэй болох бололцоогүй. Хувь хүн өөрөө сонгож болох ч бас л тухайн бүс нутгийн зохист амьдралын хэм хэмжээнд нийцэхгүй учраас нийтийн зүгээс илтэд бүдүүлэг харилцаатай тулгарна. Хэн нэгэн нь кофенд дурлах, бүр донтохыг юман чинээнд тоодоггүй бол архинд хүн донтвол цагдаа, эрүүлжүүлэх улмаар сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хаалгыг нэг биш удаа татаж таарна. Угтаа донтолт бол донтолт. Гэтэл нэг нь хуулийн хариуцлага хүлээж, нөгөө нь хэнээ ч хараат бусаар донтсоор л байдаг. Энэ бол эрх чөлөө биш.
Энэ мэтээр уудалбал зохист амьдрал гээч хүсэхээр зүйл биш болохыг мэдэрч, улам л утгагүй, харанхуй бүхэн рүү, үзэн ядалт руу хөтлөгдөх нь. Харин бурхан минь надад нэг л зүйлийг хайрла. Эрх чөлөөгүй байх эрх чөлөөг л ханатал мэдрэхсэн.

Mar 2, 2012

Хөөрхөн хүүхэн


Ф.М.Достоевский бээр “Гоо сайхан ертөнцийг аварна” гэчихээд, чухам яаж аврах жорыг нь хэлж өгөөгүйн улмаас ихэнх эмэгтэй нэг бол будаг, нөгөө бол хутга ашиглан ертөнцийг “аврах” гэсэн мөнхийн санаархлаа гүйцэлдүүлэхээр богинохон насаа үрж дуусгадаг нь гачлантай. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн гоо сайханлаг зүйл, гоо сайхан бүхий хүний гоо сайхан нь энэ ертөнцийг аварч гийгүүлсэн жишээ нэгээхэн ч алга. Байсгээд л ертөнц, дэлхий, тив, орон нутаг, орц хонгилийн гоо сайхан бүхий хүмүүсийг шалгаруулдаг бөгөөд энэ нь социализм нуран унаж, ливичүүд тусгаар тогтнолоо олж, цунамийн гамшгийн дэлхий нийтээрээ хамтран давж, өнөө хэр дэлхийн III дайны галыг өрдчихөөгүй байгаатай ямар нэг сэжимээр холбоотой гэж санахад бэрх. Яахав, зам дээр хоёр машин шүргэлцлээ гэхэд өртөгч хоёр талын аль нэгнийх нь гоо үзэсгэлэн бүхий байдал нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж болох талтай. Гэвч энэ нь ертөнцийг аврахтай харьцуулашгүй зүйл ажээ.
Гоо сайхан, хөөрхөний тухай ойлголт нь Эртний Грек, түүнээс ч өмнөх үеээс улбаатай мөнхийн сэдэв бөгөөд Сократ, Пифагор нар энэ талаар ихээхэн сонирхож, нэг сэдэвт зохиол бичиж асан удаатай. Тэд гоо сайхныг зөвхөн эмэгтэй хүнд хамаатуулалгүй амьтан, эд зүйл, жишээ нь харандаанд ч өөрийн гэсэн гоо сайхан бий хэмээн үзэж байж. Пифагорын дэг сургуулийнхан гоо сайхан байдлын тэг бүтээж, үүнийгээ математик загварчлалд оруулахаар зэхэж байсан тухай баримт ч бий. Харин өдгөө энэ ойлголт дээр дурдсан бүхнээс эрс холдож, хүнд, тэр дундаа эмэгтэй хүнд хамаатай сэтэр болж хувирсан хэрэг. Түүхийн бүхий л үед амьдарч асан эрдэмтэн мэргэд хийгээд яруу найрагчид гоо сайхны талаар залхтал ярьсан хэдий ч ямар хүнийг гоо сайхан гэх вэ, гоо сайхан байх нь яагаад чухал вэ гэдгийг тайлж чадаагүй л байна. Жишээ нь, би хувьдаа миний ээж болон дүү охин хоёрын маань хэн нь илүү хөөрхөн бэ гэдгийн хариуг хэзээ ч олж чадахгүй. Энэ хоёр эмэгтэйн гоо сайхан чухам юугаараа энэ жилийн Дэлхийн миссээр шалгарсан Ивиан Саркоз гээчээс дутуу болох тухай бодоод ч нэмэргүй.
Эртний грекчүүд гоо сайхныг одоогийнхоос огт өөрөөр, харьцангуй үнэний ортойгоор хүндэтгэн үздэг байсан бөгөөд жимс боловсрох үе буюу дундаж насны эмэгтэй хүнийг гоо сайхан гэж үздэг байж. Харин бяцхан охид болон настай эмэгтэйчүүд “боловсорсон жимс” байх үе рүү тэмүүлэх нь л гоо сайханд тэмүүлэх гээч аж. Гэвч гоо сайхан гэдэг тогтонги зүйл биш бөгөөд цаг үе бүхэнд шилжин, шинэчлэгдэж байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь, сэргэн мандалтаас өмнөх үед баруунд махлаг эмэгтэйчүүд сайханд тооцогдож байсан бол XVIII зуун болж ирэхэд нарийхан бэлхүүс гоо сайхны гол илэрхийлэл болж байв. Тэгвэл дорно дахинд цас мэт цагаан царай, цус мэт улаан уруултай нь сайхан бөгөөд тэр ч байтугай хятадын түүхэнд хөлийн хэмжээ ч сайхны үнэлэмж болсон жишээ байдаг. Гоо сайхны тухай ярихын тулд бэлгэ тэмдэг бологчдын тухай ярихаас аргагүйд хүрнэ. Леонардо да Винчийн бийрээр бүтсэн Мона Лизагийн хөрөг сэргэн мандалтын үеийн гоо сайхны симбол мөн бол өнөө цагт энэ үүрэг Кэйт Миддлтон, Анжелина Жоли, Жан Зы И нарт хамаатаж байна. Яагаад энэ гуравт хамаатаж байгаа гэж, яагаад өөр хэн нэгэн байж болохгүй гэж хэмээн бодож байгаа бол таны түмэн зөв. Өнөө хэр зөв хариуг нь хэн ч олоогүй байгаа шүү дээ.
Ричард Гир, Жулия Робертс нарын тоглосон “Хөөрхөн хүүхэн” кинонд нэг үнэн бий. Киноны эхлэлээс төгсгөл хүртэл Вивианд хувцас болоод нүүр будалтыг эс тооцвол элдэв өөрчлөлт гарсангүй. Тэр хэн байсан түүгээрээ л байв. Харин энэ зуур Вивианыг харах Эдвардын харц хэдэнтээ өөрчлөгдөв өө. Хиймэл үс, гуяа давсан эрээ цээргүй урт гутал, богино банзал өмссөн тэр эмэгтэйг Эдвард эхэндээ нэг шөнийн хүүхэн л гэж бодсон. Тэр зорилгоо ч биелүүлсэн. Харин тэкний ард суугаад өөдөөс нь ширтэх хар хилэн даашинзтай тэр бүсгүйтэй Эдвард гэрлэхийг хүссэн. Ердөө л энэ. Гоо сайхан гэдэг чинь ийм л хуурамч эд байх нь. Ер нь гоо сайхан байдал гэж үгүй, харин гоо сайхныг олж харж л болдог аж, тийм үү. Угтаа хэний царай толинд илүү сайхан харагдаж байна вэ гэдгээс илүүтэйгээр толинд харагдах эсэх нь л туйлын үнэн байлтай.
Тэгэхээр гоо сайхан ертөнцийг аврах нь уу, үгүй юү?