Oct 23, 2012

Салхи биднийг хөтөлнө: Шальвартай монгол бүсгүй



Цаг мөчтэй өрсөлдөн тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрс өлдөн тэмцсээр.
Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол? Олз гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд өөрт чинь үлдээв.

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
“Бид бүгдийг төрийн минь сүлд ивээг...”. Байдаг газрыг нь зөвхөн монгол хүмүүс л мэддэг, гаднаа энэ гэчих таних тэмдэг, хаяггүй караокений хананд ийм бичиг бүхий Монгол Улсын төрийн далбаа хадаастай байх үүдээр нь анх ороход л содон тусав. Хүний нутгийн хүйтэн хандлагад жиндэхдээ монголчууд маань энд цугларч, дуулж тайтгардаг ажээ. “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна...” гэж хоолой нийлүүлэх нь гунигтай.
Эндхийн оёдлын үйлдвэрүүд хагас сайн өдрийн үдээс хойш хүртэл ажиллаад, бүтэн сайнд амардаг. Тэгмэгц манайхан энд л цуглардаг юм билээ. Байнга ирсээр тэд бие биенээ бүр нүдэлчихсэн. Хэн нэг нь Монгол руугаа буцжээ гэсэн сураг дуулдвал тэдний төлөөнөө хундага харшуулан ахиад л дуулна. Монголоос авчирсан архи ууж, халамцсан нэг нь ширээн дээр гарч төрийн далбаанаасаа адис авна, цугаараа тойрч зогсоод төрийн дууллаа дуулна, уйлна. Найман зууны урьд Монголын эзэнт гүрний эзэмшил нутгийн баруун хязгаар байсан энэ оронд өнөө энэ жижигхэн оромж л бидний мэдэлд үлджээ.
Хоолны цэсэнд буузнаас өөр сонголт алга. Гэвч долоо хоногтоо л барааг нь хардаг болохоор үүнээс залхах шинжгүй. Бас Монголоос авчирсан архи, шар айраг, ааруул сэлт бий. Оюутнууд ирж, очихдоо энд бараа нийлүүлж, бяцхан бизнес эрхэлдэг гэсэн. Зааланд гурван ширээ, хэдэн сандал байх бөгөөд үүнээс гадна хоёр VIP өрөөтэй. Гэвч монголчууд бөөнөөр цуглахаараа VIP өрөөний хаалгыг цэлийтэл нээчихээд тойрч суугаад дуулна. “Монголын үнэртэй салхи”, “Харийн нутаг давчдаад байна”, “Монгол Улсын Төрийн дуулал” зэрэг дууны үгийг ч харахгүйгээр цээжээр мэддэг юм билээ. Хараар ажилладаг монголчууд уулзахаараа юу ярьдаг бол гэж их л сониучирхаж байв. Харин тэд уулзмагц ам.долларын ханш Монголд хэд байгааг ярилцаж эхэлсэн нь уйтгартай санагдсан. Гэвч тэдний хувьд энэ мэдээлэл гойд чухал. Учир нь долоо хоног бүрийн хагассайнд цалингаа турк лирээр аваад ам.доллараар солиулж, нааш нь явуулдаг. Хэрэв Монголд ам.долларын ханш унавал тэдний хөлс хүч хий дэмий салхинд хийссэнээс ялгаагүй болохоор тэр. Аз болж есдүгээр сарын эхээр буюу намайг тэдэнтэй уулзах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 хүрч өссөн байв. Харин тэр өдөр Соёмбоо бусдадаа ам.долларын ханш өссөнөөс ч чухал мэдээ дуулгасан нь удахгүй болох монгол эмэгтэйн хуримын зар байлаа.

ҮЛ ТАНИХ ЗОЧИД
Турк бүсгүйчүүдийн үндэсний хувцас шальвар түүнд сайхан зохьжээ. Том том алтан зүүсгэлээр гоёсон байгаа нь чинээлэг айлын бэр болж буйг илтгэнэ. Учир нь туркууд ху римын ёслолд гойд ач холбогдол өг дөг бөгөөд хадам тал нь бэрдээ кг-аар хэмжигдэх үнэт эдлэл бэлэглэдэг уламж лалтай аж. Хүү нь монгол бүс гүйтэй гэрлэж байгаа ч харь нутгийн бэр шүү гэж хатуурхаагүйд нь баярлаж суулаа.
Хүргэний талаас 140 гаруй хүн иржээ. Харин бэрийн талыг төлөөлөх хүмүүст зэхсэн ширээ эл хуль. “Бэрийн даамал” гэгчээр оёдлын үйлдвэрт хамт ажилладаг монгол залуу зогссон бөгөөд бүсгүйн хамаатан садан гэхээр хүн нэг ч байгаагүйн учрыг асуух зориг хүрсэнгүй. Бэрийн талыг төлөөлөхөөр хараар ажилладаг таних, танихгүй 30 орчим хүн цугласан нь хэлж зүрхлээгүй асуултын минь хариу байж ч болох. Хэн нэг нь намайг сонины сурвалжлагч гэдгийг түүнд хэлсэн бололтой. Хөөгдөөгүй юм шүү, гэхдээ би эл ёслолоос гарахаас өөр аргагүйд хүрэв. Дараа нь харин Соёмбоогоос асуухад энд хараар ажилладаг монголчууд Турк хүнтэй гэрлэж байж л иргэншилтэй болдгийг тайлбарласан. Оёдлын үйлдвэрт ажиллах гэж бүсгүйчүүд голцуу ирнэ. Нууг даж, нугдайж явахаас залхсан цөөнгүй монгол эмэгтэй турк хүнтэй гэрлэж, иргэншил авсан тухай хараар ажилладаг хүмүүсийн амнаас сонсож байв.

ЦАГДААТАЙ ХАЛЗ ТУЛСАН НЬ
Туркт байх хугацаанд Соёмбо надад газарчилж байсан учраас бид хамтдаа гэр рүүгээ буцлаа. Ажлын өдрүүдээр бол буцалж байдаг Истанбулийн гудамжууд амралтын өдр үүдээр энд хүмүүс аж төрдөг юм уу гэж асуумаар эл хуль болчихно. Гэвч энэ аниргүй байдал л тун осолтой хэ мээн тэр сануулав. “Биднийг хэн нэгэн дуудвал эргэж харахгүй гээр, намайг дагаад гүйнэ шүү. Аль болох замын хажуугаар яв. Туркууд халуун цустай хүмүүс учраас тэдэнтэй шөргөөцөлдөх аюултай. Хэрэв тэд гадаадын иргэн, тэр тусмаа хууль бусаар амьдарч байгааг мэдчихвэл том, багагүй дээрэлхэх гэнэ. Учир нь элдэв асуудал гарвал цагдаа чамайг хамгаалахгүй. Харин ч цагаач иргэн гээд шууд барьчихна” хэмээн сануулаад цааш ийн ярив. “Манай хөршүүд намайг хараар ажилладаг гэдгийг мэднэ. Гэхдээ сайн танилцаад авсан учраас гайгүй ханддаг юм. Туркчууд “Их мөнгөтэй байснаас сайн хөрштэй байсан нь дээр” гэж ярьдаг болохоор ч тэр байх. Нэг удаа архи уугаад эхнэртэйгээ түр тар гэв ээ. Нэлээн л чимээ шуугиан гаргасан юм шиг байгаа юм. Гэтэл тэд ойролцоох цагдаагийн газарт мэдэгдээд манай гэрт юу юугүй хоёр цагдаа ороод ирсэн. Баривчилах юм гэнэ.
Амьдрах визгүй, хараар ажиллаж байгаа болохоор улайм цайм цагдаатай халз тулсандаа, архи ч дороо гарчихсан. Аз болж бичиг баримт шалгаж завдаагүй байхад нь хөршүүд өөрсдөө орж ирээд, гомдлоо буцааж аминд орсон. Дараа нь уулзахад намайг айлгая л гэж бодсон юм билээ. Харин өнөөх хоёр цагдаа намайг нүдэлчихээд гэрт маань хэд хэдэн удаа ирж баривчилна, нутаг руу чинь буцаана гэж сүрдүүлсэн. Бид хоёр сарын цалингаа өгч байж тэднээс мултарсан” гэлээ. Үүнээс ч дор зүйл түүнтэй цөөнг үй тохиолдож байжээ. Турк эрчүүд ер нь л хүүхэмсэг талдаа. Эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхад нь хажуугаар зөрсөн залуус хөх, бөгснөөс нь базаад авах энүүхэнд. Хараар ажилладаг л бол тэнд хүн биш шахуу учраас тааваараа шоглодог аж. Өө- дөөс нь эсэргүүцвэл цагдаад өгнө шүү гэж сүрдүүлдэг гэж байгаа.
Нэг удаа Соёмбоо тэсгэл алдаад эхнэрийг нь шоглосон залуутай заамдалцаад ав тал чаргууцалдсаар булан руу шахаад гуян тус газар нь хутгалаад зугатаажээ. Хараар ажиллаж байгаа хүн цагдаа, эмнэлгийн хаалгаар шагайх боломжгүй. Тэр өөрөө өөрийнхөө хө лийг боогоод, хоёр долоо хоног ажлаасаа чөлөө авч, шархаа эдгэтэл гэртээ бүгсэн ажээ. Ийн ярилцсаар бид мөнөөх л эгц, уруу тахиралдсан гудамжуудаар дайрч гэрт нь иртэл огтоос тааварлаагүй “зочид” үүдэнд нь хүлээж байлаа. Хөршүүд нь ч тэдгээр зочидтой нэгдсэн байхыг хараад бид хоёул ямар нэг муу зүйл болсныг дорхноо гадарлав.
                                                                                                                                      Үргэлжлэл бий.



Oct 20, 2012

Салхи биднийг хөтөлнө: "Харх"-ны даяан

Цаг мөчтэй өрсөлдөн тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол? Олз гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа толь дох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эр хийг мэргэн уншигч Танд өөрт чинь үлдээв.


...Таксим гудамж, Истанбул хот. 00.15 цаг. 2012.09.07. Баасан гариг.
Хэрэв олны анхаарлыг илтэд татахуйц “галзуу үйлдэл” хийгээгүй л бол тэр Таксим гудамжаар холхиж буй хоёр сая хүний нэгэн адил сурталчилгааны самбар, түргэн хоолны цэг, цэнгээний газруудын харанхуй шөнийг ичээн гялбалзах лед гэрлийн дор, эл завгүй хэмнэлийн эд эс болон алхахад саадгүй. Гэвч анхнаасаа энд “шингэх”, тэгэхдээ хууль бусаар орогнох зорилго тавьсан тэрбээр хаанаас цагдаа гараад ирэх бол хэмээн бэмбэгнэж, эргэн тойрноо байн байн хулгайн нүдээр хялалзана. Монгол, Туркийн хооронд зорчиход визгүй болсон учраас тэр жуулчны шугамаар 30 хүртэл хоног энд хууль ёсоор байх боломжтой. Үүнээс ердөө 10 хоног өнгөрсөн ч тэр нэгэн оёдлын үйлдвэрт долоо хоног ажиллаад амжчихжээ. Ахиад 20 хоног өнгөрвөл тэр далдын хар малгай өмссөн мэт хэнд ч, хамгийн гол нь цагдаа нарын хараанд өртөхгүйгээр амьдрах ёстой болно. Яг л айлын гэрт нууцаар орогнож, бяслагтай хавханд хууртах хүртлээ амьдардаг харх мэт гэсэн үг.
Мөнөөхөн оёдлын үйлдвэрт илүү цагаар шөнийн 23.00 хүртэл ажиллаж, бие нь илтэд ядран сульдсан ч “хархны амьдрал” албан ёсоор эхлэхээс өмнө, энд байх хугацаа хүчинтэй байгаа дээр Истанбултай танилцах гэж яваа нь энэ.
Гуч хоног дуусчихвал ингэж ил тод алхах боломж хаагдана. “Дутуу идэж, гуцуу өмсөж явахаас залхсан учраас би энд ирсэн. Амьдралаа шинээр эхлэх гэж шүү дээ. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн сонголт” хэмээн “Sturbucks”-ын кофе шимэх зуураа тэр надад ярьсан. Намхан биетэй, хөрслөг бор царайтай, монгол хүн гэдгийг нь илтгэх навтгар хамар, онигор нүдтэй тэрбээр энэ жил 34 нас хүрч буй аж. Хожим элдэв асуудал үүсэхээс болгоомжлон түүний нэрийг өөрчилж, Цогтоо гэж нэрлэхээр болов.
Өдгөө манай улсын 107 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаагаас Туркт 2645 монгол хүн бий. “Фэйсбүүк” цахим хуудаст байх “Турк дэх монгол оюутнууд” группт 855 залуу бүртгэлтэй бөгөөд тэдний ярьж буйгаар энд 1400 гаруй оюутан сурдаг гэх. Харин хөдөлмөрийн гэрээгээр болон албаны шугамаар ажиллаж буй хүмүүсээс гадна хууль бусаар ажилладаг 900 гаруй хүн байдаг юм байна. “Turkish airlines” агаарын тээврийн компани шууд нислэг үйлдэх болсноос хойш дээрх тоо эрс нэмэгдэж буй гэнэ.
Энд ирсэн монголчуудын дийлэнх нь оёдолчин. Өөр мэргэжилтэй хэдий ч ажил амархан олддогоор нь “аргагүйн эрхэнд” үйл мэтгэх болсон хүмүүс олон бий. Харин Цогтоогийн хувьд байдал арай өөр. Тэрбээр эхнэрийнхээ хамт “Дархан нэхий” компанид арав гаруй жил ажилласан. Дараа нь Улаанбаатар хот  руу нүүж, хувийн хувцас захиалгын газарт ажиллаж байсан туршлагатай. Түүнийг хотод ирээд удаагүй байхад Дарханд хамт ажиллаж байгаад Турк руу гарсан найз, нөхөд нь ирэхийг зөвлөж эхэлж. Оёдлын ажил элбэг, цалин өндөр, дээр нь ажилд нэг ороод авбал хажуугаар нь халтуур хийх боломжтой хэмээн ятгана. Сардаа дээд тал нь 600 мянган төгрөг гар дээрээ авдаг түүнд эл санал гойд санагдаж байсан ч явчихаж зүрхэлдэггүй байснаа нуугаагүй.
Харин хоёр орны хооронд зорчиход визгүй, дээр нь шууд нислэгтэй болсны дараа Цогтоо нэг л өдөр Туркийг зорихоор шийджээ. Баянхошуун дахь хашаагаа, “Mark II” машинтайгаа зарж, таван ханатай гэрээ аавынхаа зуны амбаарт хурааж тавьчихаад, долоон настай хүүгээ тэдэндээ үлдээн эхнэртэйгээ хамт гараад туучихсан тухайгаа одоо инээдэм болгон ярьж сууна. Тэр хоёр Турк явахаар шийдсэнээс хойш ердөө тав хоногийн дараа “Чингис хаан” онгоцны буудалд, “Turkish Airlines”-ын ээлжит нислэгийг хүлээн зогсож байсан аж.
Их 20-ын орнуудын гишүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.07 их наяд ам.долларт хүрсэн, дэлхийн 16 дахь том “хэтэвч” бүхий Туркийн эдийн засаг эрчимтэй хөгжиж буй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг дотооддоо үйлдвэрлэж, экспортолдог тэднийг “Европын хятадууд” хэмээх нь ч бий. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь ДНБ-ийнхээ 90.7 хувийг бүрдүүлдэг гэдгээр үүнийг баталж болно. Ялангуяа оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд өнгөрсөн жил 18.98 тэрбум ам.доллараар үнэлэгдэх оёмол бүтээгдэхүүн экспортолсон гэх тоо баримт байна. Гэвч хүн амынхаа тоогоор дэлхийд 18 дугаарт (74.7 сая) бичигддэг тус улсын ажилгүйдлийн түвшин Засгийн газрынх нь толгойн өвчин болсоор удаж буй. “Indexmundi.com” цахим хуудаст бичсэнээр бол ажилгүйдлийн түвшин нь 9.8 хувь бөгөөд 2.7 сая хүн ажилгүй, 12.6 сая хүн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой буюу ядуу гэсэн ангилалд багтдаг аж. Харин “Today’s Zaman” сонинд бичсэнээр бол эх оронд нь гадаадын хоёр сая орчим иргэн хууль бусаар ажилладаг бөгөөд Болгар, Румын, Сири, Иран, Ирак, Армян зэрэг хөрш зэргэлдээ, буурай хөгжилтэй орнуудаас ирэгсэд түлхүү байдаг гэжээ. Бас монгол ажилчин цөөнгүй. 1990-ээд оны эхээр Туркийн эдийн засгийн хөөс хагарч, үндэсний мөнгөн тэмдэгт нь болох лирийн ам.доллартай харьцах ханш 41000 хүрч байсан түүхтэй. Улмаар Засгийн газар нь эдийн засгийн хувьсгал явуулахдаа хувийн салбарыг ихэд дэмжиж, хариуд нь татварын хэмжээг үлэмж нэмсэн юм. Ийм учраас өдгөө Туркийн хувийн жижиг компаниуд татвараас зайлсхийхийн тулд гадаадын иргэдийг нууцаар, бага цалинтайгаар ажиллуулж эхэлжээ. Жишээ нь, Цогтоогийн ажилладаг сандлын бүрээсийн үйлдвэрт гэхэд захирлаас бусад дөрвөн ажилтан нь бүгдээрээ монгол аж. Истанбул дахь оёдлын үйлдвэрүүдийн бүрэлдэхүүн ер нь л иймэрхүү байдаг тухай монгол ажилчид ярьж байлаа.
Эх орондоо хүссэн цалингаа авч, тааваараа амьдрах боломжгүй үед л хүмүүс гаднын орныг зорьдог бөгөөд Монголоос визгүй зорчдог 16 орны дотроос БНСУ, Туркийг зорих нь элбэг. Цогтоо “Turkish airlines”-ийн онгоцоор таван цаг нисээд буухад л хангалттай цалин, сайхан амьдрал угтах мэтээр боддог байж. Заримдаа үүнээсээ болж бухимдах үе ч цөөнгүй гардаг байснаа тэр ярив. “Монголд байхдаа сар бүрийн сүүлийн өдөр би Турк руу явах тухай улам их эргэцүүлдэг байв. Учир нь манай цехийнхэн цалингаа сар бүрийн сүүлийн өдөр нэг дор авдаг байсан юм” хэмээгээд инээж байлаа. Харин Истанбулд ирээд арав хонохдоо эх орон руугаа буцдаг ч юм бил үү гэж орой бүр боддог болсноо бас ярилаа. Мармара тэнгисийн зөөлөн уур амьсгалд хөтлүүлэн буман хүн холхисон Таксимын талбайг бид орхив. Истанбулийн шөнө өдрөөсөө ч гэгээлэг, бас үзэсгэлэнтэй харагддаг. Өрнө, Дорныг зааглан урсах Мармара тэнгисийн дээгүүр хөлөг онгоцнууд гэрэл татуулан зөрөлдөх нь энэ дэлхийн хамаг л гайхам бүхэн нүдний өмнө зураглан байгаа мэт сэтгэл сэргээнэ. Гэвч эндээс холдон алхах бүрт, Истанбулын захад байх Цогтоогийн гэр рүү дөхөх тусам энэ хотын талаарх сайхан сэтгэгдэл сэмэрсээр л байв. Эгц, уруу хөшилдсөн тахир гудамжууд төөрдөг байшин мэт улам л замбараагүй болж эхэллээ. Цогтоогийнх энд байдаг. Таксимаас метрогоор 50 минут явж хүрэх эл газраас оёдлын үйлдвэр нь ердөө 10 минут алхах зайд бий. Хүчинтэй хугацаа нь дуусмагц тэр энэ хавиас барагтай л бол гарахгүй.
Истанбулд ирээд сар ч болоогүй учраас гэр нь тохижиж амжаагүй илт. 21 инчийн “Toshiba” зурагтаа чемодан дээрээ тавьжээ. Хөдөөгийн айлын пингээс томгүй эл өрөөний плитан шалнаа бас нэг эвдэрхий зурагт, хоёр хүний орноос өөр тавилга харагдсангүй. Хувцасны шүүгээгүйн улмаас хувцас, хунар нь чемодам дотроо л байх аж. Тэд гэнэтийн шийдвэрээр, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн энд ирсэн учраас турк хэл сурах нь байтугай интернэтээр орж, хүрэх газрынхаа тухай ч уншихаагүй гэнэ. “Тэнэг зориг шүү” хэмээн гэрийн эзэгтэй энд ирсэн хойноо уулга алдаж байв. Зурагтаар гарах нэвтрүүлгийн хэлийг нь ойлгохгүй тэд угаас туркчуудын түр, тар гэсэн яриаг сонсох ч хүсэлгүй байгаа нь илт. Харин тэд ажлаа тарж ирээд зурагтынхаа өмнө чухалчлан байрлуулсан DVD уншуулагчаар Монголоос авчирсан кино хошин шог үзэх дуртай. CD-ний хайрцагт “Чиний эзгүйд” кино байсан нь сонирхолтой санагдаж, хоол хүлээх зуураа энийг үзье гэж санал болгов. Энэ кинонд Солонгост хараар ажиллахаар мордож, улмаар хараагүй болсон залуугийн амьдрал, хайр дурлалын тухай өгүүлдэг юм л даа. Монголоос гараад удаагүй, бас хараар ажиллахын хэцүүг гүн мэдэрч амжаагүй болоод ч тэр үү энэ кино сэтгэлийг нь нэг их хөдөлгөхгүй байгаа харагдсан. Магадгүй тэд дотроо өөрийг бодсон ч юм билүү хэн мэдлээ.

Энэ байшин гурван өрөөтэй бөгөөд хараар ажилладаг монголчууд хамт түрээслэдэг юм байна. Дундаа нэг л гал тогооны өрөөтэй учраас бүсгүйчүүд монголоос авч ирсэн борцоор гурилтай шөл хийгээд завгүй. Харин энэ зуур би Истанбулд ирээд гурван жил гаруй болж байгаа залуутай танилцлаа. Тэр мөн л гэргийнхээ хамт ирж, бусдын адил оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа. Гэхдээ Цогтоог бодвол турк хэл бага зэрэг гадарлана. Энд шинээр ирсэн Цогтоод юм болгон л сонин жигтэй санагдаж байгаа нь илт. Шинэхэн танилын маань амар заяаг үзүүлэхгүй элдэв зүйл шалгаана. “Цагдаатай халз таарчихвал яах вэ”, “Цагдаад баригдаад монгол руу буцсан хүмүүс хэр олон байдаг вэ”, “Туркчууд архи, дарс хэрэглэдэггүй гэдэг нь яг үнэн юм уу”, “Энд иргэншилтэй болж, хууль ёсоор амьдрах “нүх” бий юү” гэхчлэнгээр сонирхол татсан олон асуултаар булж эхлэв. Шинэ танилын маань баруун шуунд соёмбо бүхий шивээс байдаг учраас түүнийг цаашид Соёмбо гээд нэрлэчихье. Хал цэрэг гэдэг шиг энд ирээд удсан учраас Туркийн хар, цагаан амьдралыг тэр сайн мэднэ. Тэр цагдаад гурван баригдаж, туркчуудтэй нударга зөрүүлж, гуяндаа хутгалуулсан зэрэг адал явдалтай киноноос ч сонирхолтой түүх ярьсныг нь дараачийн дугаартаа сийрүүлье.
Соёмбоор бид Истанбулд байдаг монголчуудын нууц караоке хаана байдгийг заалгаж авлаа. Бас нэг чухал мэдээ. Түүний танил монгол бүсгүй турк хүнтэй гэрлэж байгаа бөгөөд, хараар ажилладаг монголчууд хуримын урлига гарджээ. Туркчууд хуримын ёслолд онцгой ач холбогдол өгдөг учраас хүргэний талаас л гэхэд 140 орчим хүн ирэх сураг гарсан байтал монгол бэргэнд хараар ажилладаг бусдыгаа урихаас өөр сонголтгүй үлдээгүй нь энэ аж. Соёмбо надад хуримын урилга олж өгнө гэж амлалаа.
Үргэлжлэл бий. 

Oct 17, 2012

Салхи биднийг хөтөлнө: Улаанбаатарын магтуу

     Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд, өөрт чинь үлдээв.


“Reuters” агентлаг саяхан цахим хуудастаа “Капиталист Монгол большевик Лениний хөшөөнөөс саллаа” гэсэн гарчигтай материал нийтэлжээ. Коммунист Оросын удирдагч асан Лениний хөшөө ардчилсан нийгмийг цогцлоож, хөгжил дэвшил өөд тэмүүлж буй шинэ цагийн хэмнэлд огтоос нийцэхгүй хэмээн Улаанбаатар хотын Мээр Э.Бат-Үүл үзэж, социалист үнэр ханхлуулсан дөрвөн метр өндөр эл саарал хөшөөг буулган, улмаар дуудлага худалдаанд оруулах тухай тэнд өгүүлж л дээ. Гэвч Монголын хөдөөд, тэр дундаа бидний очсон Матад суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт буурай дорой байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Харин ч социализмын үед монголчуудыг төвлөрлийн эсрэг нүүлгэн суурьшуулж байсны нэгэн жишээ нь тус сумын хүн амынх нь тоо одоогийнхоос хоёр дахин их байснаар нотлогдоно. Матадад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг “Энхтайван” нэгдэл ажиллаж байх үед хөгжил нь одоогийнхоос арай дээр байсан байх даа гэж бодов.

ШИНЭ СОРИЛТ

Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Ази тивийн төвд орших, уул уурхайн салбараа түшиж Австрали шиг хөлжих зорилго тээсэн Монгол Улсын зүүн хязгаарт бараг Бельгийнхтэй тэнцэх хэмжээний газар нутагтай энэ сум гэрэл цахилгаан юу ч үгүйгээр шинэ зууны босгыг давж, бүр саяхныг хүртэл таг харанхуй байсан гэхэд үнэмших хүн цөөн. Зөвхөн Матад гэлтгүй, Монголын бараг бүх сум, төвөөс алслагдсан за рим аймагт социализмын үеийн бай гууламж өнөө хэр хадгалагдан үлдсэн төдийгүй тэр цагаас хойш өндөр байшин бараг нэгийг ч бариагүй болохыг та олж харж болно. Хөдөөнөөс хотод нүүж ирээд удаагүй байгаа залуустай уулзахад машин замаар гарах, супермаркетаар үйлчлүүлэх, кино театрт орох, и-мэйл хаяг шинээр нээх гэхчлэн гийн олон сорилттой тулгарснаа ярьж байсан юм. Энэ бүхэнд дастлаа тэд эвэртэй туулай мэт бусдын анхаарлыг татаж, элэг доог болдгоо ч нуусангүй. Учир нь хотынхон хөдөөгийн хүмүүст хужаа иргэдийн нэгэн адилаар таагүй ханддаг. Сурвалжлагын маань гол баатар 17 настай Б.Хишигжаргал ч үүнийг тойрсонгүй. “Бушуухан сумаасаа гарч, хотын охин болчихвол бүх юм сайхан болно л гэж боддог байсан. Харин энд ирээд юунд нь тэгтлээ дурласан юм болдоо гэдгийг эргэцүүлж эхэлсэн” хэмээн тэр ярьж байлаа.

 ЦЭНХЭР ТЭРЛЭГТЭЙ ХАМТ ОРХИГДСОН ҮНЭТ ЗҮЙЛС

Матад суманд очоод анх түүнтэй уулзахад үсээ нямбай гэгч нь сүлжиж, биеийн тамирын хослол жимбийтэл өмсөөд өсгийтэй гутал жийсэн, бас ногоон өнгийн оймс углачихсан нь надад содон харагдаж байсан юм. Харин түүнтэй хотод ирснээс нь хойш сар гаруйн дараа уулзахад бариу жийнсэн өмд өмсөж, богино цамцныхаа гадуур савхин хүрэмтэй ирсэн. Үнэнийг хэлэхэд эхэндээ таньсангүй. Хацрын улаан, өөртөө итгэлгүйг нь илтгэх байрагшуу алхаа нь л түүнийг хөдөөнөөс ирсэн гэдгийг илтгэхээс биш, хотын охидоос нэг их ялгарах зүйлгүй байлаа. Хотын амьдрал хөдөөгийнхөөс хэр ялгаатай байгааг болон энд ирээд ямар санагдаж буй талаар бид удтал ярилцсан юм. Б.Хишигжаргал нутгаасаа гарах яг тэр мөчид сэтгэл нь огтоос хорогдохгүй байс ныг одоо гайх ширсан янзтайгаар эргэн дурссан юм. Болох юм болдгоороо л болж буй адил, харин ч айсуй ирээдүй нь, аравхан цагийн дараа хүрэх мөрөөдлийн хот нь охины сэтгэлийг соронзон мэт татаж, бүр хурдхан л очих юмсан гэж адгах хүсэлд хөтөлжээ. Бидний олонхийн ойлголтоор сайхан амьдрал гэдэг нь хөдөөгөөс хэр хол, хотожсон бүстэй хэр ойр буйгаар хэмжигддэг. Үүний нэгэн адилаар Матадаас хол явах тусам охиныг сайхан амьдрал руу тэр хэрээр ойртуулах учраас ийн адгах нь байж болох хувилбар юм. Хишигээ хот руу гарахдаа эмээгийнхээ оёж өгсөн цэнхэр дээлийг орхиж, харин хотын хүнд хэрэгцээтэй бүхнийг бэлтгэжээ. Гэртээ бол энэ цэнхэр тэрлэгнээсээ салах дургүй, заримдаа хичээлдээ явахдаа ч өмсөөд туучихдаг байж. Гэвч хотод дээлтэй явна гэдэг байж боломгүй хэрэг гэдгийг тэр мэдэж байлаа. Наанадаж л хөдөөгийнх гэдгээ мэдэгдэж шоолуулна. Ийн бодож сэтгэсний хэрээр хувцас хунар зэхэх хэрэг явдал амархан шийдэгдсэн ч томруулан харвал тэр монгол соёл, үнэт зүйлсээ дээлтэйгээ хамт орхисноо яахин мэдэх билээ. Хотын соёл хүнээс илүү аминчхан байдлыг нэхдэг юм шүү дээ.

ТООЦООЛООГҮЙ ХӨГЖИЛ, ТӨЛӨВЛӨӨГҮЙ ЭРСДЭЛ

Монголын ихэнх аймаг, сум автозамын их, бага сүлжээнд холбогдсон атлаа төвүүдэд нь гэрлэн дохио байдаггүй. Гэсэн хэрнээ зам тээврийн осол бага гардгийн учир нь тэндхийн хүмүүс хоорондоо эвлэгхэн зохицдог, хотынхноос илүү хүлээцтэй хандлагыг эрхэмлэдэгтэй холбоотой байх. Хүмүүс хотод бөөгнөрөх тусмаа биенээсээ холддог, тээр шаадаг бол цөөн хүн амтай аймаг, сумын амьдрал илүү дотносог, бас “халуун”. Сумынхан нэгнийхээ амьдралыг өөрөөс нь асуухгүйгээр мэддэг бөгөөд тэр хэрээр халамж, ан хаарал хандуулдаг. Хэрэг зоригоо үнэнээр хэлж учирлавал танихгүй байлаа ч хөдөөгийн ямар ч айл халуун хоол, цайгаар дайлж, гэртээ хонуу лахаас татгалзахгүй. Харин хотод бүх зүйл хахир, хүмүүс нь үр гэлж “байл дааны бэлэн байдал”-тай явдаг. Алхам тутамдаа хүн биш автомат машинтай харьцах болсон хэтэрхий амьд бус амьдралын эл хэмнэлээ бид эмх цэгцтэй, соёлтой гэх үгээр эвтэйхэн тайлбарлачихна. Харин энэ бүхэн нь хөдөө суманд төрж, өссөн Б.Хишигжаргалын хувьд цоо шинэ орчин, мэдрэмж байв.
Хөдөөд хөгжил буурайн улмаас иргэд түүний нэгэн адилаар зугтах хүслээр өвчилсөн хэвээр. Монголын аймаг, сумдын хөгжил хэвэнд цутгасан мэт ижилхэн учраас зугтахдаа тэд нийслэлийг л зорьдог. Сүү лийн таван жилийн дотор орон нутгаас 140 мянган хүн нийслэлд ирж суурьшсаныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайланд дурджээ. Харин надад ганц л асуулт байна. Улаанбаатар тэгээд зугтан ирэгсдийн диваажин мөн гэж үү? Улаанбаатар хотыг анх Зөвлөлтийн мэргэжилт нүүд төлөвлөсөн гэдэг. 1911-1990-ээд он хүртэлх Монголын нийгэм, улс төрийн өнгөрсөн үйл явцыг аваад үзвэл хожим тусгаар тогтнох, өөртөө эзэн болж бие даах, улмаар дэлхийн бусад улсын адил хөгжих тухай төсөөлөөгүй мэт. Зарим түүхийн номонд бичсэнээр Улаанбаатарыг ажилчдын суурингийн зохион байгуулалтаар төлөвлөж, хойд хэсэг нь одоогийн Бага тойруу, урд хэсэг нь Зайсан толгой хүрч байхаар зураг төсөл гаргаж байжээ.
“Оросууд Улаанбаатарыг, бүр Монголыг өөрийн нэг хэсэг болно гэдэгт тухайн үед тун итгэлтэй байсан. Тиймдээ ч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг гаргахдаа “Энэ чинь улсын нийслэл шүү” гэж огт санаа тавиагүй санагддаг” хэмээн манай нэгэн нэрт ахмад улс төрийн зүтгэлтэн ярьсан юм. 1911 онд зурсан нийслэлийн план зургийг ажвал томоохон сүм, хийдүүдийг тойруулан монгол гэр жирийтэл өрсөн байх бөгөөд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд сүндэрлэж, хожим засмал зам сүлжилдэх тухайд огт тооцоолоогүй нь илт. Улмаар 1948 онд Монголын анхны архитектор Б.Чимид хот төлөвлөлтийг шинээр хийснээс хойш өнөө дрийг хүртэл гурав, дөрвөн ч удаа хар ноорог үйлдсэн хэдий ч ямар ч өөдрөг төлөвлөгөө гаргалаа гээд энэ хотод 500 мянга хүртэл хүн л аж төрөх боломжтой гэсэн дүгнэлт гардаг байв. Харин өдгөө Улаанбаатар хотын хүн амын тоо 1.2 саяд хүрчээ. Эдгээрийн бараг тал нь шинээр нүүдэллэн ирэгсэд. Дээр хэлсэнчлэн хө дөөгийн бусад аймаг, сумын хөгжил ижилхэн буурай тул зугтахыг хүсвэл нэгмөсөн хотыг зорих нь тэдний хувьд хувилбаргүй сонголт юм. Харин эл сонголт эцэстээ нийслэлийг нүүл гэх үү, үлдээх үү гэсэн нэн эгзэг тэй хувилбарт хөтөлж байна. Өдгөө хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч буй. Сүүлийн арван жилийн дотор өнгөрсөн 100 жилийн түүхэнд барьсан бүх барилгаас ч илүү гарч мэдэх олон орон сууц сүндэрлэн босож, бүгд богино ху гацаанд эзэнтэй болохтой зэрэг цэн хөдөөгийнхний урсгал идэвх жиж, гэр хорооллыг улам л тэлж байна. Гэр хороолол гэх нэршил “хө дөө ний” хэ мээн хэн нэгнээ шоолдогтой маань ижилхэн “бүдүүлэг” сонсогд дог болсныг бидний хэчнээн нь анзаарч буй бол?

ОДОО ХААЧИХ ГЭЖ !?

Хотод ирээд сар ч болоогүй хэрнээ Хишигээ хэдийнэ уйдаж эхэлсэн байлаа. Учир нь тэр хотод амьдарч буй ч жинхэнэ ёсоор хотын иргэн болоогүй. Гэлээ гээд хөдөө сумандаа байгаа мэт аяглаж болохгүй ацан шалаанд орсон нь ийн бодоход хүргэжээ. “Central tower”-ийн усан оргилуурын өмнө зургаа татуулж, үе тэнгийн бусад хотын залуусын нэгэн адилаар кино үзэж, бургер идэж, “Кока кола” ууж, нөхөрлөлийнхөө хүрээг өөрийнх нь хувьд цоо шинэ үзэл бодолтой залуусаар тэл сэн хэдий ч түүний мөрөөдөхдөө төсөөлсөн аз жар гал энэ биш байжээ. Гэхдээ буцаад сум руугаа явах бодол огт байхгүй. Сум нь түүний хувьд орхигдсон цэнхэр тэрлэгтэй нь адил болсон. Сумаас хот хүртэлх арван цагийн зайд байсан аз жаргал нь дулимаг, ийш ирэ хийг учиргүй хүсэж байсан тэмүүлэл нь ердөө л ойворгон явдал болохыг тэр мэдэрч буйгаа ярьсан. Зугтах хүсэл нь урьд урьдынхаас ихээр оргилох болжээ. Хотод ирсэн болгонд хотын хүмүүсийн эдэлдэг аз жаргал өөриймсдөггүй аж. Мөнгөгүй, орон сууцгүй, зуслангийн хаусгүй, орлого багатай, ажилгүй хүнд хот бол там. Хотод баян ядуугийн зааг, асар их бөгөөд дунд нь хавчуулагдан амьдрахын төлөөх тэмцэлд бүх насаа үрж ч мэднэ.
Орон зайг эвхэн, нүүж хүрэх алсын алс газар түүнийг соронздон даллах мэт. “Тэнд л очвол цаг хугацаа хожиж, үтэр түргэн мөнгөтэй болно”. Зугтаж хүрэх дараачийн сонголт нь гадаадад гарч амьдрах гэдгийг тэр олж мэдсэн байлаа. Гадаадад гарч, их хэмжээний мөнгө олоод эх орон доо буцаж ирсэн өч төчнөөн түүхийг тэр сонсохоороо нэг болжээ. Ийм түүх болгон түүнд бахдалтай санаг дах болсны хажуугаар тийн явах зардал, мөнгөгүйдээ өөрийгөө дорд үзэх болс ноо ч нуусангүй. Тэр гадаа дад очиж ажиллаж, мөнгө олохын тулд хү мүүс ямар их зовлонг тэсэж гарах хэрэгтэй болдгийг огтоос гадарлахгүй байгаа нь илт. Эрүүл мэндээ золин байж авчирсан хэдэн төгрөг нь Монголдоо ирээд юу ч биш болсон түүхийг тэр яагаад ч юм сонссонгүй. Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн байхнээ ядахгүй. Сурвалжлага маань явсаар га даадад амьдарч буй иргэдтэй очиж уулзах замд хөтлөв. Энэ зуур Б.Хишигжаргал Улаанбаатар хотын амьдралд хэрхэн дасч буй тухайг ч дараа дараачийн нийтлэлүүддээ хүргэх болно.

Турк орон. Хараар ажилладаг монголчуудын тоогоор БНСУ-ын дараа орох энд улсад 1500 орчим монгол хүн бий. Визгүй, дээр нь шууд нислэгтэй учраас Турк руу явахад зовлон байсангүй. “Turkish airlines”-ийн ээлжит нислэг нэг ч сул суудалгүйгээр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд зорчигчдын дийлэнх нь монголчууд байлаа. Аялах, эсвэл сурах зорилготой хэдхэн хүний дотор “харх” болохоор шийдсэн цөөнгүй хүн байх аж.
                                                                                                                                                          Үргэлжлэл бий.

Oct 15, 2012

Салхи биднийг хөтөлнө: Аз жаргалаас арван цагийн зайд

 Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд, өөрт чинь үлдээв.

                Тэр мөрөөдлийн амьдралаасаа яг арван цагийн зайд буйгаа мэддэг байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хүн амынх нь тоо сая хол давсан, дэн дүү олон машинтай учраас замын түгжрэл хотынхны хувьд асуудал болж буй тухай мэдээ зурагтаар байнга л гарна. Хөдөөгийн иргэд хотыг зорих болсноор нийслэлийн гэр хорооллын айлуудын тоо хэрээс хэтэрч, нүүрсний утаа хотын агаарыг бохирдуулж байгаа талаар 17 настай Б.Хишиг жаргал залхатлаа сонссон ажээ. Гэхдээ нийслэлчүүд энэ бүхэнд бу химдаж байгаа нь л түүнд хачин санагддаг байж. Дорнод аймгийн Матад сумын төвийн засмал замын урт нь таван км ч хүрэхгүй. Энэ зам дээр машин түгжрэх нь байтугай гурван машин зэрэг явахыг тэр харж байсангүй. Тийм болохоор замын түгжрэл гээч нь харин ч жиг тэй сонин санагдаж, хот руу явах хүслийг нь бүр өдөөнө. Сүү- лийн хоёр жил сумын төвд шинэ айл нүүж ирэхийг тэр хараагүй хэрнээ эзэнгүй болсон хашаа, хоосон гэрийн буурь хаана хаана шинээр нэмэгдсэнийг андахгүй. Тэр “зугтагсад” хааш одсоныг ч мэднэ. Дорнод аймгийн Матад сумаас машинаар яг 10 цаг яваад хүрэх Улаанбаатар хот руу тэд явцгаасан. Цахилгааны шугам татсан хэдий ч сум эрчим хүчинд холбогдох хүртэл хоёр жил хүлээх шаардлага гарсан тэр үед сумынхан бүр ч олноороо дайжжээ.



Оюутолгой, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагчид “Minegolia” хэмээн цоллож, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Нүүрсний Саудын Араб”, “Азийн шинэ бар” хэмээн бахдаж байх үед нийслэлээс 720 км-ийн зайтай байрлах Матад сум эрчим хүчний шугамд холбогдоогүй л байлаа. Одоогоос гурван жилийн өмнө сумыг байнгын гэрэл цахилгаантай болгох яриа ажил хэрэг болж, гэрлийн шонгууд зоосон бөгөөд иргэд жигтэйхэн баярлаж, нэн түрүүнд зурагт, хөргөгч зэрэг цахилгаан бараа худалдан авч, зэхэцгээсэн байна. Гэвч нэг жил, ахиад нэг жил өнгөрөх өд мөнөөх шонгууд байрандаа л байсан атал эрчим хүч дамжуулж эхлээгүй л байлаа. Энэ зуур дизелиэр ажилладаг жижиг оврын цахилгаан станц ажиллаж байв. Энэ жижиг станц 18.00–21.00 цагийн хооронд буюу сумыг ердөө гуравхан цаг цахилгаанаар хангана. Өдөржин налайсан сумын төвийн амьдрал энэ зуур л буцлах бөгөөд хоолоо хийж, хувцсаа угааж, мөнөөх шинээр авсан цахилгаан бараануудынхаа шидийг үзнэ. Бас аймгийн төв, Улаанбаатарт байгаа найз нөхөд, хамаатан садан, танилуудтайгаа холбогдохыг чармайх нь тухайн үед суманд зөвхөн “Unitel”-ийн сүлжээ л барьдаг байсантай холбоотой бөгөөд дизель станц ассан үед л мөнөөх нь идэвхждэг байжээ. Матад сум 22.2 мянган хавтгай дөрвөлжин км буюу бүхэл бүтэн Бельги улсынхтай дүйцэх том газар нутагтай хэдий ч энд ердөө 2494 хүн амьдардаг. Зүүн өмнөд болон хойд хэсгээрээ БНХАУ-тай, бусад талаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Булган, Баянт үмэн, Халхгол сумтай хиллэнэ. Зэргэлдээх сумдыг бодвол Тамсагийн газрын тосны, Хөөтийн нүүрсний хоёр ч том ордтой бөгөөд хоёул эдийн засгийн эргэлтэд орсон хэдий ч сумынхны амьдралд арван жилийн өмнөх өөс өөрчлөгдсөн зүйл бараг үгүй.
18-35 насны залуучуудыг нь “Петро Чайна дачин Тамсаг”- т ажилладаг, малчин, ажилгүй гэж ердөө гурван бүлэгт хувааж болно. Учир нь сумын төвд захиргаа тойрсон нийт 20 орчим л ажлын байр байдаг бөгөөд гэрээрээ талх хийж зардаг ганцхан айлыг эс тооцвол жижиг, дунд үйлдвэр гэхээр зүйл байхгүй. Талхны үйлдвэртэй болсондоо сумынхан ихэд олзуурхдаг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд байнгын эрчим хүчинд холбогдох хүртлээ гэрийн боорцогноос өөр гурилан бүтээгдэхүүн иддэгг үй байсантай холбоотой байх. Эл өдөр матадынхан улсын наадам болсноос ч илүү баяр хөөртэй байсан тухайгаа Б.Хишигжаргал надад ярьсан. Байнгын цахилгаантай болсон эхний хэдэн өдөр Матадын төвийн хөл хөдөлгөөн саарч, хүмүүс бүгд л гэр гэртээ бүгцгээн, эрчим хүчтэй байхын эрх чөлөөг эдэлцгээсэн бөгөөд түүний найзууд нь бүтэн 24 цаг тасралтгүй зурагт үзсэн тухайгаа нэгэндээ сайрхаж байсан гэнэ. Мөн тэр оройноо сумынхан бөөнөөрөө шахуу захиргааны үүдэнд шавж, Засаг дарга Ц.Наранцэцэгт баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Учир нь өмнөх Засаг дарга нар болон дөрвөн жилд нэг удаа үзэгддэг УИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн байнга ам гардаг ч, ажил хэрэг болгоогүйг тэр л гүйцэлдүүлсэн аж.
Өнгөрсөн наймдугаар сард уг суманд анх удаа очихоос өмнө Матад өнөө хэр цахилгаангүй байгаа гэж цөөнгүй хүнээс сонссон байлаа. Нар дөнгөж жаргаж байх үед сумын бараа үзэгдэв. Матад сумын гүн рүү ороход гэрэлтэй айл нэг ч харагдааг үй учраас өнөө хэр гэрэлгүй байгаа гэдэгт нь эхэндээ итгэв. Амралтын өдөр таарсан болохоор захиргааны байр ч хаалттай. Хамгийн түрүүнд таарсан хүний мэндийг мэдээд “Утсаа цэнэглэх гэсэн юм, танай суманд мотортой айл бий юү” гэж асуухад “Юу гэж байгаа юм, манай сумын бүх айл цахилгаантай. Манайд очоод утсаа цэнэглэчих” хэмээгээд гэр рүүгээ дагуулаад явлаа. Эрчим хүчний шугамд эрт холбогдсон бусад сумын иргэдийг бодвол матадынхан цахилгаангүй байхын зовлонг сайн мэднэ. Тиймдээ ч бүрэнхий нөмрөөгүй л бол гэрлээ мөд асаахгүй. Түүнийг Ч.Батсайхан гэдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдарлаж баярладийн хамт амьдардаг. Хашаагаа банзаар нямбай гэгч нь тойруулж хатгасан боловч хаалга байх ёстой хэсгээ онгорхой орхижээ. Ер нь энэ суманд битүү хашаатай айл цөөн харагдсан нь мөнгөгүйдээ биш хот газрын аминчхан суртахуун суугаагүй, энэ хэрээр бие биедээ итгэдгийг нь харуулж буй хэрэг байх. Гэрт нь явж орвол том хүү нь зурагтынхаа өмнө суугаад “Cartoon network” сувгаар англи хэлний хичээл заадаг хүүхдийн нэвтрүүлэг үзэж байлаа. Сумын төвийн ихэнх айл DDish-ийн тавган антентай болсон бөгөөд үүгээр Монголын болоод дэлхийн 56 төрлийн суваг гардаг. Жаалхүү англи хэл мэдэх нь бүү хэл ердөө энэ жил л сургуульд орж, “А” үсэг заалгах гэж буй. Гэвч Матад сумын монгол хүү үе тэнгийн бусад ази хүүхдийн адилаар дэлхийг хэрсэн англи хэл, америк соёлын “түрэмгийлэл”-д өртөж эхэлсэн нь энэ. Хэдийгээр зурагтаар чухам юу ярьж буйг ойлгохгүй ч тэдний хэлээр ярьж, тэдний эдэлж, хэрэглэж буйтай зэргэцэх хүсэл тархинд нь гүн бат шингэж буйг тэр яахин анзаарах билээ.
Монгол Улс Хойд Солонгос шиг хаалттай орон биш учраас мэдээллийг бүхий л сувгаар чөлөөтэй авдаг. Харин энэхүү чөлөөт мэдээллийн тэнүүлч салхи монголчуудын дээлийн хормойг сэвэлзүүлж, суугаа газраа тогтож ядах, шуудхан хэлбэл тоонотоосоо зугтах хүсэлд хөтөлж байна. Хөдөө, сум, аймаг, хот гэж ялгахгүй эрчим хүчинд холбогдож, телевизийн суваг барьдаг газар бүрээр энэхүү салхи сэвэлзэнэ. Хаашаа ч юм явчихмаар, сууж үлдсэнд орвол нүүсэн нь хожоотой ч юм шиг...
Цусанд нь буй нүүдэлчин араншин ингэж л сэрдэг бололтой. Нүүдэлчид богино хугацаанд мэдээлэлжиж, байгаа орчин нь “диваажин” биш гэдгийг гасан хдарлаж эхэлснийг хөгжлийн хурд гүйцсэнгүй. Хөдөөгийн ихэнх суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт уйтай дүр зураг харагдана. Байнгын эрчим хүчтэй болсноос хойш Б.Хишигжаргал телевизээр Солонгос савангийн дуурь шимтэн үздэг болжээ. Гол баатрын өмссөн хувцас, хэрэглэж буй эд зүйлс, гэрийнх нь тавилга, өндөр шилэн барилгууд, дүүрэн модтой гудамж, замаар сүлжилдэх гоёмсог машин нь киноны үйл явдлаас ч илүүтэйгээр сонирхлыг нь татна. Энэ бүхэн нь эхэндээ охины сэтгэлийг соронзон мэт татдаг байснаа сүүлдээ уур цухлыг нь төрүүлдэг болов. Учир нь Солонгос кинонд гарч буй эдгээр дүрслэлээс Матадын амьдрал эрс ялгаатай байлаа. Сумын Соёлын төв хоёр жилийн өмнө үүдээ хаасан нь төсөв мөнгөгүй, дээр нь боловсон хүчингүй болсонтой холбоотой. АТМ, интернэт кафе, баар, тоглоомын талбай, кофе шоп зэрэг орчин үеийн суурин газрын хөгжлийг илтгэх байгууламжуудаас нэг нь ч үгүй. Матадад байхг үй зүйлсийг дурдсанаас байгааг нь тоолоход амар. Айлуудын гэрээс гадна хүнс, барааны 10 орчим дэлгүүр, талхны цех, халуун усны газар, шатахуун түгээгүүр, хоёр өрөөтэй зочид буудал, дунд сургууль, цэцэрлэг, банк, холбоо, Соёлын төв тус бүр нэг бий. Эндээ хамгийн өндөр барилга нь болох гурван давхар цэцэрлэгийн байшингаас сумын төв бүхэлдээ харагдана. Ердөө энэ хэдэн баримт л 17 настай охиныг бачууруулах хангалттай шалтгаан байжээ. “Телевиз тогтмол үздэг болсноос хойш би өдөр бүр Улаанбаатар руу явах тухай мөрөөддөг байлаа. Гэрэлгүй байх үед манай сумын хөгжил яагаад ийм буурай, ядруу байгаа тухай эргэцүүлдэггүй, бусдын амьдрал ер нь иймэрх үү л байдаг болов уу л гэж боддог байсан” хэмээн тэрбээр хожим Улаанбаатар хотод ирсэн хойноо надад ярьсан юм.
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит есөн жилийн дунд сургууль 174 сурагчтай. Энэ жил ахлах ангийг 18 сурагч төгсөж, аравдугаар ангид дэвшихээр аймгийг зорьцгоожээ. Сумын сурагчид 16 насандаа аймгийг зорьж, хоёр жилийн дараа ихэнх нь хотод уулзацгаадаг байна. Б.Хишигжаргал ч мөн тэдний нэгэн адилаар аймгийн сургуульд дэвшихээр хүлээж байв. Хоёрхон жилийн дараа тэр оюутан болж, мөрөөдлийн Улаанбаатартаа дээд сургуульд суралцахаар очиж, машин түгжирч, дараалалд зогсдог завгүй хотын нэг эд эс нь болно гэхээс сэтгэл нь хөөрч буй нь илт. Гэтэл аймаг руу сургуульд явахаас ес хоногийн өмнө ээж нь гартаа МСҮТ-ийн танилцуулга барьсаар орж иржээ. Тэгснээ түүнд сайн, муу хоёр мэдээ дуулгав. Сайн нь түүнийг Улаанбаатар руу МСҮТ-д илгээх тухай, муу мэдээ нь маргааш өглөө тэр замд гарах ёстой боллоо.
                                                                                                                    Үргэлжлэл бий.