Aug 25, 2013

Тэд мэдэрдэг, үхэл ямар гашуун болохыг


  Хэрээний талаар сайхан сэтгэгдэлтэй хүн ховор. Бидний багадаа уншсан бүхий л үлгэр, домогт хар хүчний хамсаатан болно. Хараалч, сувдаг, бусдын үлдэгдэл сэгээр хооллогч, зовлонгийн зөнч, чөтгөр шуламын зараалч гэнэ. Үлгэр, домог нь ятгуулан сэнхрүүлэх агуу их шидтэй болохоор бидний ихэнх маань зарим амьтдын, тэр дундаа хэрээний тухайд өөрийн мэдэлгүй л элдэв хар сэжигтэй болчихсон байдаг. Гэвч хэрээ дотроо бол гаднах шигээ тас хар, арилчихсан амьтан биш ажээ.
Зэрлэг байгаль судлаач Жон Марзлафф хэрээд үхсэн нэгнийхээ араас хэрхэн гашууддаг болохыг олон жил судалсан хүн. Тэгэээд тэр ийм нэгэн зүй тогтлыг ажиглан тогтоожээ. Хэрээний сүргээс хэн нэг нь үхснийг мэдмэгц, хоёроос гурав нь холдолгүй манаж байдаг. Урьд урьдынхаас илүү чанга дуугаар хашгиран гуагчих бөгөөд нисэлт нь хүртэл эрчимлэг болно. Бусдыгаа дуудаж байгаа нь энэ. Төд удалгүй зуу зуун хэрээ нисэн ирж, мөнөөх үхсэн хэрээний дэргэд цуглаад хэдэн цагаар огт чимээгүй шомбойн сууна. Тэгснээ энд тэндээс жижиг мөчир, өвс зууж ирээд үхсэн нэгнийхээ дээрээс далд ортол нь шидлээд, “оршуулгын ёслол”-ыг өндөрлөдөг аж. “Тэд мэдэрдэг, үхэл ямар гашуун болохыг” хэмээн Жон Марзлафф ярьсан бөгөөд тэрбээр энэхүү үйл явдлыг хэдэн зуун удаа харж, баримтуулж авсан байна. Хүн оюун ухаан, зүрх сэтгэлтэй учраас амьтдаас ялгардаг, магадгүй дээд төрөл нь болдог гэж бидний ихэнх нь боддог. Тэгтэл биш ажээ. Шиншлэх, содон дуу авиа гаргах, хуцах, жиргэх, гуаглах зэрэг нь ямар ч утгагүй хоосон үйлдэл үү. Амьтдын дуу авиа, үйл хөдлөлийг бид хараахан мэдэрч чаддагүй гэдэг нь тэд сэтгэл хөдлөлгүй, сэтгэдэггүй гэсэн үг мөн үү. Бидний хэлийг ойлгодоггүй шигээ сүргээс хэн нэг нь үхвэл тэд мөн л юу ч болоогүй мэт ажин түжин байдаг болов уу.
Үр нь үхсэнтэй үл эвлэрсэн эх сармагчин зулзагынх нь цогцос хөрч, ялзрах хүртэл хэдэн өдрөөр биеэсээ салгалгүй, тэвэрч суудаг. Дотно нөхөр нь нас барсаныг мэдвэл нохой, муур хоолоо ч идэлгүй нам жим болдог бөгөөд муур тасралтгүй гийнан дуугарсаар байдаг. Бонобо мичнүүд үхлийн өөдөөс чулуу, мод шидлэн, цээжээ чангаар дэлдэн хилгэнэдэг аж. Итгэхэд бэрх ч үнэхээр тэд үхлийг мэдрэхийн сацуу гашуудлаа өөр өөрсдийн ёсоор илэрхийлдэг юм байна. Аргагүй л дээ, амьтад бидний л нэгэн адил байгалийн нэг хэсэг бөгөөд амьсгалж байдаг шигээ сэтгэл хөдлөлөө ч бас илэрхийлж л таарна. 
 Тэд үхэл хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэддэг эсэхийг бид мэдэхгүй. Мэддэг байлаа ч мөнхийн амьдрал байж магадгүй гэж бас найддаг ч байж мэднэ. Кенийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Элеанора хэмээх заан амьдарч байсан бөгөөд 2003 онд ижил сүргийнхнийхээ дэргэд нүд аньжээ. Сүргийнх нь бусад гишүүн эхэндээ үхлийг “үнэрлэсэнгүй”. Хөдөлгөөнгүй болсон цогцосных нь дэргэд удаан зогсон хошуугаараа хүрч үзэн, хөлөөрөө зөөлөн өшиглөж байж. Маргааш нь Мауи гэх нэртэй заантай хамт түүний цогцосыг орхиод бусад нь хэдэн тийш тарж, төд удалгүй сүргийн бусад гишүүд ирсний дотор Элеонорагийн зургаан сартай тугал хамт иржээ. Бүхэл бүтэн долоо хоног бяцхан тугал эхийнхээ дэргэдээс холдоогүй бөгөөд сүргийн зарим гишүүн ч үргэлж хамт байгаад байж. Эхийнх нь хөхнөөс дусал ч сүү гарахгүй байсан ч, тугал хатах завдал өгөхгүй хөхсөөр л байсан аж. Ингэсээр тав хоногийн дараа тугал ч мөн адил нас барсан байна. Харин сүргийн бусад гишүүн тэдний цогцосыг ялзрах хүртэл цөөвөр чоно, арслан зэрэг махчин амьтдаас хамгаалсаар байсан гэдэг.
Сармагчингууд бусдаасаа ухаантай учраас нэгнийгээ үхэж буйг мэдэрдэг. Голландын Арнхемийн амьтны хүрээлэнгийн Оортже хэмээх сармагчин хорт могойнд хатгуулж, аажмаар үхэж байж. Хүрээлэн хаалгаа барьж, хүмүүс холдох хүртэл юу ч болоогүй мэт байсан тэд орой нь Оортжег тойрж, ээлж ээлжээр нүдийг нь нээж хараад байсан гэнэ. Тэгснээ бүгдээрээ цээжээ дэлдэн орилж эхэлсэн бөгөөд ажилтнуудыг ирж, тусламж үзүүлэх хооронд Оортже хорвоогоос хальжээ. Амьтад, тэр дундаа сармагчин зөвхөн өөрийнхөө ижлийн үхэлд гашууддаггүй. Кенийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн бонобо сармагчин Габун хорт могойд хатгуулж, нас барахад сүргийн бусад гишүүд мөнөөх могойг чулуугаар цохиж алжээ. 
Тэгтэл үхмэгц нь саяхан дайсагнаж, хөнөөсөн тэд гэнэт л “сайхан сэтгэлтэй” болж, газар малтан мөнөөх могойг хаяад, дээрээс нь өвс, зомгол сэлтийг хаясан байна. Муур бол бүр сонин. Яг л алдарт Хачико нохойн түүх шиг, Сиамын муурны ихэр нь өнгөрсний дараа үлдсэн нэг нь байшингийн дотор булан, тохой бүрээр мөшгин явсаар, яг үхсэн газар нь ирээд нам сууж, тэндээсээ хэд хоног огт босоогүй аж. Мөн Гвинейд нэгэн эх сармагчин монш нь үхснээс хойш 68 өдөр буюу, бараг зандштал нь биеэсээ салгалгүй байсан түүх ч бий.

Хүмүүс бид өөрсдийгөө ухаантай гэдэгт итгэн амьтны ангиллын хамгийн дээр оюун ухаант хүн хэмээн залсан. Гэвч биднээс ухаан мөхөс гэгдэх амьтад байгальтай яг урьдын хэвээр эвлэг зохицоод амьдарсан хэвээр л байна. Тэднийг бид сэтгэл зүрхгүй, сэтгэлийн хөдлөлгүй л гэдэг. Гэвч тэд эх болсон байгалийнхаа төлөө эрээ цээргүйгээр нулимдаггүй. Заан газар ухаж, баавгай мод тарьж, зээр нугыг түймэрддэггүй гэдгийг мэднэ. Хүн хүнээсээ бүр их холдож буй өнөө цагт бид амьтдын тухай маш ихийг мэдэх хэрэгтэй. Тэгээд тэднээс маш ихийг сурах ёстой. Учир нь тэд анх ирсэн төрхөөсөө төрөл арилжин холдоогүй шүү дээ.

1 comment:

  1. Харилцаа холбоо гэдэг зөвхөн гар хөл, бие махбодиор төдийгүй санаа сэтгэл, оюун санаанд ч байх ажээ. Сэтгэл эмзэглэмээр хэдий ч гашуун үнэн бол анх ирсэн, төрөлх төрхөөсөө бид хэтэрхий холдчихсон юм шиг санагдах.

    ReplyDelete