Feb 7, 2011

Өчигдөр орсон цасан дээр хэн анх гишгэсэн бол?


Өчигдөр орсон цасан дээр хэн анх гишгэсэн бол? Хамгийн эхний цасан ширхэг хаана буусан бол, сүүлийнх нь бас...
Өглөө сэрэхэд бүх юм цагаан... Хэрвээ би өөдрөг үзэлтэн байсан бол... Энэ цас хэчнээн олон булхайг далдалсан бол... Гээсэн бөгж, (магадгүй сүйн... Ундрамын бөгжийг хайж бид далан дээгүүр явж байсан) хулгайчийн мөр ч юм уу. Цагаан өнгийг хэн ч буруутгадаггүй. Цас орсон л бол, сүү дуссан л бол (энэ хэсэгт заавал эмэгтэй хүний тухай бодох хэрэг гардаг) бүх юм ариун, үнэн. Үнэнийг хаацайлахын тулд би худлаа ярьдаг. Учир нь ихэнх хүн үнэнийг сонсох тэнхэлгүй байдаг (юм билээ). Автобусан дотор таньдаг хүн хулгай хийж зогсоно. “Миний танил хулгай хийж байна...” гэж хашхирахын оронд үнэнийг хаацайлахыг, дуугүй зогсохыг илүүд үзнэ. Дугүй зогсох нь хүртэл худал. Тэгэхээр үнэн гэдэг нь ч худал...
Өчигдөр цас орсон. Гэхдээ яг одоо миний харж байгаа, алган дээр хайлж байгаа цас хэзээнийх вэ гэдгийг би мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Өвөл цас ордог. Цас орохгүй байсан ч өвөл болдог. Гэхдээ... цас орсон хойно би өвөл болсныг мэддэг. Тэгэхээр... цас орохгүй удна гэдэг нь өвөл болсныг мэдэхгүй удна гэсэн үг. Өнөөх цагаан өнгө байхгүй.
Өчигдөр орсон цасыг сүүдэр л нууж хоцорсон. Учир нь цас мөнхийн биш. Сүүдэр ч бас...

No comments:

Post a Comment