Dec 24, 2011

Гудамжин дахь баллада



“Улаанбаатар абсурд хот. Сэтгэл дурлах юм нэг ч үгүй хэрнээ зүрхний гүнд хайрламаар нандин дурсамж дүүрэн. Бүх юм нь холилдсон инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг...” өвлийн хотын гудамжнаа танил үгс амилна. Нээрээ ч абсурд хот гэдэг нь үнэн юм болов уу даа. Эргэн тойрон хөмсөг зангидсан ууртай хүмүүс, ороолт малгай сэлтээр өөрийгөө далдын далд нуучихна. Замаар нэг эгнэсэн машинууд амь орж, “шүгэлдэх” нь рок цуглаан болов уу гэлтэй.

Улаанбаатарын өвөл ийм гунигтай, саарал байгаагүй юм гэнэ лээ. Харин өдгөө төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон аялгуу мэт түгшүүртэй бөгөөд гаслантай үзэгдэл нүдний өмнө хөврөнө. Гэвч утаан саарал хөшиг л хамаг сайхныг халхалчихсан болохоос биш хайрламаар сайхан учралаар дүүрэн яруу өвөл сайхан үзэгдлээ биднээс харамлах учиргүйсэн.

Гудамж бол нэн сонирхолтой орчин. Зарим нэгэн хэлбэрдэгч “гудамжны сэтгэл зүй” нь тухайн орны толь байдаг ч гэх. Жинхэнэ абсурд гэх тодорхойлолтод багтах жир бишийн үзэгдэл энд өрнөнө. Алхан өнгөрөх хүний хэтэвчний хэр зузааныг тэмтрэх шаардлагагүй, амьд тайз. Согтуу нэгэн дугхийж, хажуугаар нь хашаанаас зугатсан эзэнгүй ноход тэнүүчилж, энд хүн төрнө, энд хүн бөхнө. Гэвч гайхмаар сайхан үзэгдлүүдийг нь мартаж боломгүй.

“...Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа...”. Дүнсгэр өвөл сэтгэлд нь бороо дусалсан хэн нэгэн байх, хачин юм аа. “Тэнгис” кинотеартын ойролцоох автобусны буудал дээр өвлийн жаврыг ч үл хайхран нэгэн залуу дуулж зогсдогийг та харсан л байх. Урдаа алимны хуучин цаасан хайрцаг тавиад, гар, хөлөө эвлэгхэн хөдөлгөн дуулж гарна. Халаасаа уудлахаас ч залхуурсан, бээрэнхий хүмүүс түүнийг төдийлэн анзаарахгүй, мань эр ч тэднийг харуулдах сөхөөгүй. “Дуулах сайхан. Би залуудаа эдийн засагч мэргэжилтэй байлаа. ОХУ-д сургууль төгсөөд барууны цөөнгүй улсаар аялаж байсан дурсамж бий. Уул нь би орос ардын дуунд дуртай, гэхдээ монгол хүн учраас монгол дуу л дуулдаг даа” хэмээв. Улаанбаатарын уйтай саарал гудамжинд хөг нэмэх тэрбээр дулаан цагт дуулах дургүй гэж байна. “Дулаарахаар хүмүүс хүссэн хүсээгүй баяр хөөртэй, инээх нь хүртэл олшироод ирдэг. Харин өвөл тийм биш. Ер нь би хөмсөг зангидсан хүн харах дургүй”.

Улаанбаатарын утаатай өвөл хүн чанарыг маань хөлдөөсөн гэдэг үнэн байх шүү. Гудамжинд хэн нэгэн хэвтэж байвал “Согтоод л унаа биз” хэмээн тоохгүй өнгөрнө. Өвдөөд уначихсан бол үхэлтэй бүр ойртоно. Учир нь гараа сунгах хүсэл, сайхан сэтгэл хөлдчихсөн. Харамсалтай нь үнэн энэ. Гудамжинд дуу дуулж зогсох хүмүүсийн тухай бидний бодол өөр, муухай. Гуйлгачин аятай хандаж, мөнгө өгөхгүй мөртлөө хажуугаар нь шоолж өнгөрөхөө бас мартахгүй. Гэвч гудамжны дуучид бидэнд мөнгөөр үл хэмжигдэх сэтгэл зүрхний нандин харилцаа илгээж байгааг ойлгох сөхөө алга даа. Тэр нэрийг нь битгий бичээрэй гэж гуйсан. Учир нь танил хүмүүстээ шоолуулахыг тэр хүсээгүй. Харин би түүнийг “хүн” гэж нэрлэе. ХҮН, элдэв цол гуншин дагалдаагүй хамгийн үнэн тодотгол юм шүү.

Тэр хүнд өвлийн тухай гайхмаар сайхан дурсамж бий. “Жаахан байхад өвлийн улирал мандариний үнэртэй юм шиг санагддаг байсан. Дунд сургуульд байхад нэг удаа өвлийн өвгөнөөс бэлэг авлаа. Мэдээж цаасан уутан дотор хэдэн чихэр, нэг ширхэг мандиранаас өөр юм байхгүй шүү дээ. Тэр шинэ жилээ би анх удаа олны өмнө дуулсан. “Цалин мөнгөн тэнгэртээ” гээд л авч өгсөн шүү дээ. Дуулж байх зуур дээлийн энгэртээ хийсэн мандаринаас өөр юм бодогдохгүй. Дуусаад л сургуулийнхаа ариун цэврийн өрөө рүү чавхадчихсан. Гэтэл дээлийн энгэрт мандарин маань байдаггүй...” Гадаа дуулсаар байгаад түүний хоолой сөөчихөж. Бас байн байн нусаа татна. Ханиад хүрсэн бололтой. Гэвч гэгэлгэн дурсамжаа эргэн санаад дуу нь бүр ч хөгжимлөг болж ирлээ. Юун ханиад. Түүнийг өрөвдөх хэрэггүй ээ, таны л нэг адил хүн гэдгээр нь хүлээж аваарай.

Түүнд мандаринтай өвөл ахиж ирэхгүй. Харин өөрийгөө ч танихаа байхад хөтлөх утаан хөшиг сунайсаар. Тэнд, гудамжинд зөрж өнгөрөх хүн бүрт зориулж сэтгэлийнхээ хөгийг хуваалцаж байхад хүлээж авдаг зүрх хэр олон байдаг бол? Ай даа, Улаанбаатарын өвөл улам л уйтгартай болоод хүмүүс бид нэгнээсээ улам л төөрөөд байх шиг.

“Бороонд норсон бүхэн үзэсгэлэнтэй харагддаг. Яагаад ч юм хүний жинхэнэ гоо үзэсгэлэн тэнд... будаггүй, баггүй, нойтон. Харин цас бүхнийг ариусгадаг гэдэгт би итгэдэг. Бүхнийг цагаан өнгөөр будчихдаг болохоор тэр биз. Тайван амгалан, даарах нь хүртэл зовлонтой биш. Том том цасан ширхэгүүд тэнгэрээс будраад л, бороон дусал шиг яарч биш, ер бишийн тайван. Удахгүй шинэ жил болно доо гэж бодох нь нэг л гоё, чамин мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед их хотын хөл хөдөлгөөн саарч, сэтгэлдээ байх бүхий л сайхнаа эргэцүүлэх, аз жаргал бэлгэлэх хүн хоорондын хамгийн нандин харилцаа цастай өвөл л өрнөнө. Яг одоо цас орвол, яг одоо гараад гүймээр... Гэвч энэ зун...” өнгөрсөн зун өөрийн блогтоо ийн бичиж байв, би. Гэвч миний мөрөөдөж дурласан өвөл энэ биш байна. Өнөөх л танил, уйтай мэдрэмж. Төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон саарал аялгуу.

“Бөмбөгөр”-ийн баруун урд байрлах “Genex зочид буудлын гадаа нэгэн хүү дуулж суухыг олон удаа харсан. Өмнөх хүн ихэвчлэн зохиолын дуу дуулдаг бол энэ жаал хүүхдийн дуу л мэддэг.

“...Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна

Цэгээн Туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай...”. Хүн хөгширдөггүй, хүүхэд нас нь л мөнхөд үргэлжилдэг бол сайхнаа. Хүүхдийн дууны үгэнд улс төр, хүнд суртал, нийгмийн хар бараан сүүдэр байхгүй. Тийм болоод ч тэр үү нийгмийн гаралтай шалтгаанаар нулимс унагах шалтгаан байдаггүй. Гэгээн байгаа биз.

Гудамж тэр чигтээ хөгжим юм. Тэнд жааз хөгжимийн намуухан хэмнэл шиг хайр дурлал өрнөж, хип хип дууны үг шиг үнэ амьдрал хөвөрч, Улаанбаатар бүхэлдээ сонгодог хөгжмийг намуун аянд бүүвэйлэгдэнэ. Түүнийг хөглөх нь би, бас та. Өнөө мөнхийн настай хэрнээ өнөөдөр яг анхных юм шиг сэдэл төрүүлэх цас бударч л байна. Тэгэхээр хүн чанар хаврын цас шиг хайлж дууссан гэдэгт битгий эвлэр. Харин сэтгэлээ уудал, нандин сайхнаа юунд зориулж хадгалах билээ, одоо л мэдэр.

Яг одоо цас орж байна. Сэтгэл доторх дурсамжийн орон зайд цасаар шуурч, жавар тачигнасан өвөл ирж, бага нас маань цонхны цаана цагаахан ертөнцийг ширтэн зогсоно. Цас ороод л, ороод л, орсоор л байна гэнэ ээ. Өвөл бүхэн дандаа урт, өнгөрсөн хойно нь л богинохон санагддаг хойно.

2 comments:

  1. "Улаанбаатарын утаатай өвөл хүн чанарыг маань хөлдөөсөн гэдэг үнэн байх шүү"... Өвөлд буруу өгөх нь хаашаа юм, бид л сэтгэлээ хөлдөөсөн, гадаа жавар тачигнаж байгаа ч сэтгэлдээ галтай хүмүүс олон байг дээ. Хүн чанар "Улаан ном"-д байдаг бил үү?

    ReplyDelete
  2. Хайвал олдох биз, одоохондоо гарч ирэх хүсэлгүй байгаа юм байлгүй тэр хүн чанар маань :D

    ReplyDelete