НАСА-гийн шуудан руу зургаан настай Лилиан Женсон гэх охин ийм захидал бичжээ. “Эрхэм хүндэт НАСА. Шинэ жил болохгүй юм уу. Дэлхий байхгүй болоод, өвлийн өвгөн ч бас дахин ирэхгүй гэж ах хэлсэн. Тиймээс та бүхэн дэлхий байхгүй болохоос өмнө шинэ жилийг авчирч чадах уу. Хүндэтгэсэн Лилиан Женсон”. НАСА-гийн мэргэжилтнүүд бяцхан охин руу хариу захидал бичихдээ шинэ жил болдгоороо болж, өвлийн өвгөн ч ирэх болно хэмээсэн тухай “The Atlantic” сэтгүүлд бичсэн байв. Хэдийгээр дэлхий сүйрэх нь худлаа гэж бидний ихэнх нь бйодож байгаа ч “үнэн бол яана” гэсэн сониучхан эргэлзээ, багахан айдас бас хургажээ.
Хэрэв үнэн бол дэлхий сүйрэхэд, хүн төрөлхтөн хумхын тоос болоход яг 17 хоног үлдэв. Уулгамч зарим нь ажлаасаа гарч, гэртээ бүгээд, газар дор хоргодох байр барьж байгаа л гэх. Энэ дүйвээнээр “тоглолт” хийж, зөн билгийн мэдрэмжээрээ олны тархийг угаах хүсэлтнүүд ч олшров. Гэвч энэ бүхнийг үл тоон дэлхий эргэдгээрээ эргэж, хүмүүсийн амьдрал урьдын хэмнэлээр буцалж, удахгүй болох шинэ жилийн баярын уур амьсгалд бүлээцэж байна.
Хүмүүс айж биш хачирхаж байна. Дэлхий 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд сүйрэх нь үнэн үү?
“Майячуудын хуанли 2012 онд дуусна. Дэлхий сүйрнэ”. Бүх юм үүнээс эхтэй. Майячуудын соёлыг тусгайлан судалдаг антропологич, археологич Майкл д’Кое 1966 онд дээр таамаглалыг дэвшүүлжээ. Учир нь маячуудын бактун хэмээх тоолол нь МЭӨ 3113 онд эхэлсэн бөгөөд нэг бактун нь 114 мянган өдөр, 13 бактун нь 5125 жилтэй дүйдэг аж. Тоо бодъё. 5125 – 3113 = 2012. Дэлхий энэ онд сөнөнө гэсэн таамаг үүнээс үүдэлтэй юм.
Хэрэв
анзаарвал мөнөөх өдөр (2012.12.21) маячуудын
тооллоор 13.0.0.0.0 гэж бичигдэх бөгөөд хуанли ийн тэглэх өдөр ямар нэг онцгой
зүйл (жишээ нь
дэлхийн сүйрэл ч юм уу) тохионо
гэж тэд итгэдэг байж. Гэхдээ тэд яг дэлхийн сүйрлийг хэлсэн үү, эсвэл хуанлийн
төгсгөж, дахин шинэ тоолол эхлэхийг зөгнөсөн үү гэдгийг хэн маань ч баталж
чадахгүй. Энэ сэдэв тодорхой биш, маргаантай, эцсийн үнэнийг батлах боломжгүй
учраас эрдэмтэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн этгээдүүд хаа дуртай зүг рүүгээ
үүнийг авч давхицгаав. Бүгд өөр өөрийн таамгийг ҮНЭН хэмээн хашгирч, зарим нь
хүн төрөлхтнийг аврагч баатрын баг зүүсэн бол, нөгөө хэсэг нь аврагдах
найдлагагүй, “нүглийн төлөөсөө төл” хэмээн бахтайяа мэдэгдэж байх жишээтэй.
Мэдээж энэ сэдэв бол шоу бизнесийн хамгийн том өгөөш. “The Economist” сэтгүүлд
бичсэнээр бол өнгөрсөн арван жилийн дотор дэлхийн сүйрэлтэй холбоотой 260 гаруй
ном, 190 орчим уран сайхны болон баримтат кино худалдаанд гарсан байна. Дэлхийн
сүйрлийн тухай өгүүлсэн номууд нийтдээ 220 сая хувь хэвлэгдсэн гэдгийг ч
дурджээ. Монголд ч гэсэн үүнийг далимдуулан номоо эрэлтэд оруулж, лаа шүдэнз
үйлдвэрлэгчдийн магнайг тэнийлгэсэн мэдээллүүд хэлж “онцгойрч” буй хүмүүс мэр
сэр бий гэдгийг бид мэднэ.
Хэрэв
байж болох бүхий л муу утгаар бодох юм бол агшин хором бүрт биднийг үхэл дагаж,
маргаашийн өдөр яг ирнэ ээ гэдгийг хэн маань ч баталж чадахгүй. Яг одоо үүнийг
уншиж сууж байхдаа та маргааш өдөр нар мандахгүй ч байж болно оо гэдгийг
эргэцүүлээд нэг үзээрэй. Гэвч хэн нэгэн энэ тухай дотроо эргэцүүлж болно. Харин
хүмүүсийн сэтгэл санааг сэнсрүүлэх ойворгон дүгнэлтээ, зэвэргэн бодлоо ҮНЭН мэт
тунхаглаж, бусдыг түгшээх аюултай.
Энэ
аюултайн харгай одоо бидэнд нүүрлэж байна. Дэлхийн сөнөх болов уу, яах бол?
“Дэлхий сөнөнө. Энэ бол үнэн. Гэхдээ одоо биш. Магадгүй, ойрын хэдэн тэрбум
жилийн дотор биш” хэмээн Бостоны их сургуулийн археологич Уильям Сатурно “Newsweek” сэтгүүлд
ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Тэрбээр цааш нь “Маячуудын хуанлийн нэг хугацал
төгсөнө. Гэхдээ ахиад нэг нь эхэлнэ. Тэдний хуанли үе үеэр шинэчлэгдэх
зориулалттай юм” гэсэн байна. Тэгвэл “Science” сэтгүүлд гарсан
саяхны нийтлэлд Мезо-Америкийн үеийн урлаг судлаач, зохиолч Дэвид Стюарт
ярилцлага өгөхдөө “Маячуудын хуанлийн нэг хугацал дуусна. Тэгэхээр эрдэмтэд яг
тэдний, тухайн үеийн аргачлалаар дээрх хуанлийг дахин зохиох хэрэг гарлаа. Бид
туршилт хийж байгаа. Эхэн үеийн тооцоогоор бол шинээр гарах хуанли 7000 жил
хүртэлхийг хамруулах учиртай” хэмээн ярьжээ. У.Сатурногийн хэлж буйгаар маячууд
хуанлиг шохойн ханан дээр жүрж болон хашийн өнгөтэй будгаар бичиж, дугуй
дүрсүүдээр өдрүүдийг орлуулсан байдаг аж.
Бид
Америкийн Сансар судлалын үндэсний газар буюу НАСА-гаас гаргасан албан ёсны
тайлбар, тодруулгыг дор нийтэлсэн байгаа. Тэдний хэлж буйгаар дэлхий ойрын
дөрвөн тэрбум жилийн дотор сүйрэхгүй аж. Гэхдээ ойлгож байна аа, энэ бүхнийг
уншаад ч таны сэтгэл дэх сэв, сониучхан бодол ор мөргүй арилчихгүй гэдгийг.
Учир нь дэлхийн сүйрлийн талаарх Пи-Ар хангалттай сайн явагдсан. Уран сайхны болон баримтат
кино, ном зохиол, таамаг дэвшүүлсэн нийтлэлүүд одоо ч хөвөрсөөр байна. Энэ бол
хүн бүхэнд хамаатай, бас сонирхол татсан сэдэв учраас ашиг хөөгчид үүнийг
алдана гэж байхгүй. Нэг жишээ дурдъя. Дэлхийн сүйрлийн тухай өгүүлсөн
кинонуудаас хамгийн их алдаршсан нь найруулагч Роланд Эммэрикийн “2012” нэртэй
бүтээл. 2009 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн уг кино 200 сая ам.долларын
төсвөөр бүтэж, дэлхий даяар нийт 769 сая ам.долларын ашиг олсон хэмээн “IMBD” цахим хуудаст
бичжээ. Үр дүн нь ийм л байна.
Дэлхийн
сөнөхтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт хачин жигтэй үйл явдал өрнөх
боллоо. Жишээ нь, нэгэн бизнесмэн хатагтай монголчуудыг лаа, шүдэнзээ
нөөцлөөрэй хэмээн захиж байгаа нь гарцаагүй дээрх жишээний нэгд тооцогдоно.
Бразилийн Сан Франсиско де Паула хотын захирагч Дэкио Колла ард иргэддээ хоол,
хүнс, анхан шатны тусламжийн хэрэгсэл нөөцлөх зарилга гаргасан байна. Дэлхийн
төгсгөл ирэхгүй юм аа гэхэд хэдэн өдөр үргэлжилсэн харанхуй нүүрлэнэ хэмээн
таамаглаж, ийм шийдвэр гаргасан аж. Мөн л Бразилийн Тересина хотод дэлхийн
төгсгөл ирнэ гэдэгт итгэсэн нэгэн эр 18-45 насны 120 гаруй хүнийг хамтдаа амиа
хорлоход ятгаж байгаад цагдаад баригдсан байна. НАСА-д 2007 оноос хойш дэлхийн
сүйрэлтэй холбоотой асуулт бүхий 5000 гаруй захидал ирсэн бөгөөд и-мэйлээр
ирсэн асуултууд тоогоо алджээ. Энэ бүхний эцэст Уильям Сатурногийн хэлсэн үг л
итгэл үнэмшил төрүүлж байна. Дахиад нэг уншаад үзье. “Дэлхийн сөнөнө. Гэхдээ
одоо лав биш. Магадгүй ойрын хэдэн тэрбум жилд ч тохиохгүй байх”.
2012 оны
арванхоёрдугаар сарын 22-ны нар тэнгэртээ урьдын адилаар мандаж, удахгүй болох
шинэ жилийн уур амьсгалд хөглүүлэн, бид дахин нэг шинэ өдрийг угтана гэдэгт л
итгэе.
NASA: Дэлхий ойрын дөрвөн тэрбум жил сөнөхгүй
Америкийн
Сансар судлалын үндэсний газарт дэлхий сөнөх нь үнэн үү гэж лавласан, хариулт
хүссэн захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа гэнэ. Тиймээс тэд хүмүүст
нэгдсэн ойлголт өгөхөөр дараах ярилцлагыг өгсөн байна. www.nasa.gov буюу тус газрын албан ёсны цахим хуудас дахь ярилцлагыг
орчуулан хүргэе.
-Дэлхий
энэ сарын 21-нд сүйрнэ гэж аль дээрээс шуугицгаах болсон. Хэрэв үнэн бол
дэлхийн сөнөхөд хэдхэн хоног үлджээ. Энэ яг үнэн юм уу?
-Дэлхийн 2012 онд сөнөхгүй. Манай
гариг ойрын дөрвөн тэрбум жилийн дотор лав сөнөхгүй. Өөр гариг эсвэл солиртой
мөргөлдөх таамаглал ч хэдэн сая саяын дотор лав гарахгүй.
-Тэгвэл
дэлхий энэ онд сөнөнө гэцгээж байгаа хүмүүс ямар үндэслэл дэвшүүлж байгаа юм
бэ?
-Шумерчүүдийн домогт өгүүлэхдээ
Нибиру хэмээх гариг дэлхийтэй халз мөргөлдөнө гэсэн байдаг. Тэдний тоолол болон
зөгнөлөөр дэлхий 2003 оны тавдугаар сард сүйрэх байснаа тэр өдөр нь юу ч
болоогүй болохоор 2012 оны арванхоёрдугаар сарын 21 гэж хойшлуулсан. Үүнтэй
зэргэцэн майяачуудын цаг тооны бичиг 2012 оны өвөл дуусдаг нь тэдэнд итгэл
үнэмшил төрүүлсэн байх. Гэтэл майяачуудын цаг тоололд дэлхийн сөнөх тухай биш,
дээрх тооллыг шинэчлэх өдөр гэж байдгийг ийн гуйвуулж яриад байгаа.
-Майяачуудын
цаг тооны бичиг үнэхээр арванхоёрдугаар сарын 21-нд дуусдаг юм уу?
-Гал тогооны өрөөний ханан дээрх
хуанли чинь арванхоёрдугаар сарын 31-нийг тэмдэглэсэн хуудас хүрээд дуусахад,
та шинэ хуанли худалдаж авна аа даа. Үүнтэй л адил юм. Тэдний тоолол дээрх өдөр
дуусад, нэгдүгээр сарын 1 гээд л дахиад эхлээд явчихна гэсэн үг.
-НАСА
энэ сарын 23-25-ны хооронд дэлхийд тас харанхуй нүүрлэнэ гэж таамагласан тухай
хэвлэлүүдээр мэдээ тархаж байна. Энэ үнэн үү?
-Ёстой худал. НАСА болон ижил
төрлийн бусад байгууллага ч ийм мэдээлэл гаргаагүй. Гаригууд нэг шугамд
огтолцож, улмаар хэд хоног харанхуй нүүрлэнэ гэж тэдгээр сонин, хэвлэлд бичсэн
байна билээ. Дахиад хэлье, энэ бол худал. 1962 онд нэг удаа гаригууд нэг шугамд
зэргэцэж, түр зуурын харанхуй нүүрлэсэн. Дараа нь 1982 болон 2000 онд дахин
тохиосон. Харин ойрын хэдэн арван жилд гаригууд огтолцохгүй.
-Нибиру,
Х-гариг эсвэл Эрис дэлхийтэй мөргөлдөнө гэдэг тэгэхээр бас худал болж таарч
байна уу?
-Нибиру болон Х- гаригийн тухайд бол
энэ нь зохиомол бас интернэтийн дэмий цуурхал төдий. Хэрэв энэ үнэн байсан бол
сансар судлаачид олж мэдэх байсан. Тэдний таамагласан хугацаа болоход 20 ч
хүрэхгүй хоног үлджээ. Хэрэв энэ үнэн байсан бол бид хэдэн арван жилийн өмнө олж
тогтоож болох бөгөөд өдгөө хэдийнэ хагас
хиртилт ажиглагдах байв. Харин Эрис гаригийн хувьд ортой. Энэ гариг
дэлхий вантай тун ойрхон зөрж магадгүй байгаа. Гэхдээ энэ нь манай гаригаас
дөрвөн тэрбум гэрлийн жилийн зайд болох зүйл учраас дэлхий ямар ч нөлөө
үзүүлэхгүй.
No comments:
Post a Comment