Dec 15, 2012

Ганнам стиль, Азийн Беверли Хиллс

PSY-ийн “Gangnam style” дууны “Youtube” дэх хандалт хэдийнэ 954 саяд хүрчээ. Дэлхийн хүн амын бараг наймны нэг шахуу нь энэ дууны клипийг үзсэн байх нь. “Gangnam style” дууны клипийг үзсэн хүн бүр нэг асуултын хариуг мэдэхийг хүснэ. Ганнам дүүрэг гээч нь чухам ямар газар бол оо?



            Сөүл хотын төв дэх уг дүүргийг “Newsweek” сэтгүүл Азийн “Беверли Хиллс” гэж нэрлэжээ. Ердөө 39.5 шоо км газар нутагтай, 527 мянган хүн амтай эл бичил дүүрэг өдгөө дэлхийн хамгийн их сонирхол татсан газар болов. Их Британийн “Guardian” өдөр тутмын сонинд бичсэнээр бол Ганнам дүүрэг нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг бөгөөд энд хэрэв байр худалдан авахаар болбол ам.метр нь 5500 ам.доллараас эхэлж, зарим онцгой байршлын газартаа 10000 хүрдэг аж. KOSPI 200-д багтсан Солонгосын том компаниудаас “Хьюндай”, “Ханкүүк”, “Кепко”, “GS” группийн төв оффис байдгаас гадна “IBM”, “Тоёота”, “Google” зэрэг дэлхийн нэртэй компаниуд ч салбараа нээж амжжээ. Энэ дүүрэгт Солонгосын хамаг л баячууд, алдартнууд амьдардаг нь манайхаар бол Зайсан хавьцаа юм уу даа. “Inquirer” сэтгүүлд бичснээр эл дүүрэгт амьдардаг хүмүүсийн нийт хөрөнгө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцдэг байна. “Хэрэв та Ганнам дүүрэгт очвол Нью-Йорк юм уу, Токиод өөрийгөө очсон гэж андууруузай. Учир нь “LV, Prada”, Gucci”-гийн шинэ загварын хувцасаар гоёсон хүмүүс гудамжаар нь алхаж, “Мерседес”, “Porsche” хөлөглөсөн залуус машин замаар явахы та харах болно. Яг л Европын эсвэл АНУ-ын өндөр хөгжилтэй хот шиг хөгжсөн эл дүүрэгт таныг гайхашруулах олон зүйл бий. Гагцхүү таны хэтэвч зузаан бол шүү дээ” хэмээн уг сэтгүүлд бичсэн байх юм. 2010 онд Их-20-ын чуулга уулзалт энэ дүүрэгт болсон гэдгээр ганнамчууд бахархдаг гэсэн. 
            Гэвч Ганнам дүүрэг үргэлж ийм халгиж, цалгисан тансаг газар байгаагүй юм билээ. Хэрэв одоогоос 30 жилийн өмнө энэ дүүрэгт очсон бол хөглөрсөн их хог новш салхинд хийсч, 10 давхараас өндөр барилгагүй, Ойрхи Дорнодын хөгжил муутай хотуудтай ижил дорой дүр зураг харах байв. 1978 оны Ганнам дүүргийн зургийг харвал одоогийн манай Эрдэнэт хоттой ижилхэн байж дээ гэсэн бодол төрөхөөр.
Орон сууц, байшин хорооллууд хаяалан оршиж, хүмүүс нь хашаандаа төмс, ногоогоо тарьдаг. Бас мал аж ахуй эрхлэхээс гадна Хан мөрнийг даган загас агнуур ихэд хөгжсөн байж. Үйлдвэр тун цөөхөн, байшингуудынх нь дээвэр өвсөөр голдуу хийгдсэн байх жишээтэй. 1980-аад оны үед Өмнөд Солонгосын хамгийн хөгжил муутай хэсэг байсан гэдэг юм билээ. Гэвч 80-аад оны сүүлчээр Сөүлийн үсрэнгүй хөгжлийг даган өндийж, томоохон худалдааны төв, дэлгүүр хоршоо олноороо байгуулагджээ. Өмнө нь үйлдвэр цөөтэй байсны улмаас тус улсын хамгийн утаа багатай хэсэгт тооцогдох болж. Баячууд үйлдвэрийн утаанаас зугатаж Ганнам дүүрэг рүү нүүж, тансаг хаус олныг барьцгаажээ. Баячууд нүүвэл тансаг хэрэглээ ч мөн дагах нь мэдээж. Ингэж Ганнам дүүрэгт Сөүлийн хамгийн тансаг ресторан, дэлгүүр, баар, цэнгээний газар үүдээ нээх болсон түүхтэй.
Реппер PSY өөрийн дуундаа Ганнам дүүргийнхний хэт дээгүүр занг ёгт маягаар шүүмжилсэн болохыг та эчнээ мэдсэн байх. Тэгвэл 23 настай оюутан Вон Ю Би уг газрын тухайд “Ганнам дүүрэг хэдийнэ Өмнөд Солонгосын бэлгэ тэмдэг болсон. Залуу хүмүүст өдрийг, үдшийг зугаатай өнгөрөөх бүхий л тансаг орчинд энд бэлхнээ бүрдсэн. Гэвч хэрэв чи баян айлын хүүхэд биш бол энд амьдарна гэдэг бүтэхгүй санаа” хэмээснийг AFP сийрүүлжээ. Тэрбээр Сөүлийн Үндэсний их сургуулийн оюутан бөгөөд сарын 1500 ам.долларын (эндээ бол хамгийн хямд нь) түрээсийн байранд амьдардаг аж. Хичээлийнхээ хажуугаар шөнийн цэнгээний газар бармен хийж, сарын 4000 ам.доллартай дүйцэх цалин авдаг тулдаа л энд аж төрж дөнгөдөг гэжээ. Ганнам дүүрэгт 15 жил амьдарч буй 49 настай Ким Су Ми PSY-ын “Gangnam style” дууг “Galaxy SIII гар утсаараа сонсчээ. “Тэр залуу Ганнам дүүргийн хэтэрхий бараан өнцгөөс харж, дуундаа оруулжээ. Энд онцлом сайхан зүйлс олон шүү дээ” хэмээн AFP-гийн сэтгүүлчид ярьсан байна. “Хэрэв энд хэсэг амьдраад, дараа нь Өмнөд Солонгосын бусад хотуудад очих юм бол Ганнам дүүрэгт аж төрөх нь яагаад үнэ цэнэтэй болохыг ойлгоно. Хүний жинхэнэ амьдралын зүй ёсны хэв маяг энд л бий” хэмээн нэмж өгүүлжээ. Амьдралын зүй ёсны хэв маягийг мэдрэхээр Ганнам дүүрэгт очвол таныг чухам юу хүлээж байгаа вэ?
LV”, “Prada”, “Chanel”, Dior”,“Gucci”-гийн дэлгүүрээр орж болно гэдгийг дурдах нь илүүц байж мэднэ. Ганнам дүүрэг бол Сөүлийн шөнийн клубуудын тоогоор тэргүүлэх бүс. “NB (хип хоп), “Eden(электро), “Club answer(хаус), “Woodstock(60, 70-аад оны рок, блюз) зэрэг Өмнөд Солонгостоо алдартай клубууд энд бий. Мөн “Seven luck casino”-г онцолж болно. Гадаадын иргэд үйлчлүүлж болох цорын ганц, албан ёсны казино энэ. Гадаад паспортыг чинь зайлшгүй шалгаж, гаалиар нэвтрэх гэж байгаа мэт олон байцаалт өгч байж ийшээ нэвтрэх эрхтэй болох хэдий ч нэгэнт дотогш орсны дараа бол өөрийгөө Лас Вегаст ирлээ гэж андуурч магадгүй ажээ.  
“Ганнамынхны ихэмсэг занг эс тооцвол энэ гайхалтай газар. Сөүл Өмнөд Солонгосын нийслэл бол, Ганнам Сөүлийн зүрх нь” хэмээн 34 настай PSY буюу Пак Жае Сан ярьжээ. Тэрбээр энэ дүүргийн уугуул иргэн юм байна. PSY өөрийн төрөлх дүүргийг далдуур шүүмжилсэн утгатай дуу гаргасан хэдий ч Ганнам Өмнөд Солонгосын удирдлагууд эсэргүүцлийн мэдэгдэл хийхгүй байгаагийн цаад шалтгаан нь урьд хэзээ ч байгаагүй сурталчилгаа болсонтой холбоотой. Хэрэв хэн нэгэн шинэ жилийн аяллаар Ази тивийг зүглэхээр болбол сонголт хийлгүй шууд л Сөүл хүрэх онгоцны тийз захиалж, Ганнам дүүргийн тухай мэдээллийг интернэтээс шүүрдэх биз. Үүнийг батлах гэсэн мэт тус улсын Аялал жуулчлалын нийгэмлэгийн тэргүүн Ли Чарм “2013 оны хавар Солонгосыг зорих жуулчдын тоо эрс өсөх таамаг бий. PSY-ийн л ач шүү дээ” хэмээн мэдэгджээ. Энэ оны эхний арван сард Өмнөд Солонгост 9.8 сая жуулчин ирсэн бөгөөд эл тоо ирэх жил 4-5 саяар нэмэгдэх тооцоо хийгээд байгаа юм билээ. 

No comments:

Post a Comment