Dec 15, 2012

Жэймс Бондын магтуу


            Хорин настай залуу шиг үсний засалттай хэрнээ 40 хүрч яваа хүний гүн бөгөөд ухаалаг харцтай эр Лондоны Үндэсний галерейн танхимд сууна. Тэр өмнөх 50 жилийн түүхэн дэх агентуудын адилаар дүнсгэр, бодлогошронгуй, гэхдээ яахаас ч буцахгүй эрэмгий араншингаа дотроо нуусан нь илт...
Skyfall”  кино, бүхий л цагт төвийг сахиж асан эх загварыг нь Сэм Мендес эвдэж, Жэймс Бондын цувралын өмнөх ангиудыг холбосон гүүр байхын сацуу бүхэл бүтэн хагас зууны дараах үзэгчдийг хуучин түүхээр уйдаагаагүй нь сайн хэрэг. Жон Кеннеди, Хэрольд МакМиллан нар дэлхийг атгаж байхаас эхлэн, Хүйтэн дайны цуст тэмцлээр өртөөлж, кибер-терроризмын үе хүртэл 50 жил, бүхэл бүтэн хагас зууны турш Жэймс Бондын цуврал кино ертөнцийн магнайд нь байж ирэв. Цувралын анхны анги “Dr.No” дэлгэцнээ гарснаас хойших хагас зууны дараах тэсрэлтийг кино ертөнцийнхөн зүрх даран хүлээж байлаа. Гэтэл урам хугарсангүйгээр үл барам шүүмжлэгчдээс 92 буюу “Casino Royal”-аас хойших хамгийн өндөр үнэлгээг хүртэж, “box office”-ийг байлдан дагуулж эхэллээ.
Саяхан нээлтээ хийсэн 23 дахь анги Skyfall кинонд анхаарал татам, дурсамж сэргээм нэгэн зүйл байсан нь “Aston Martin DB5” загварын төмөр хүлэг байв. Үүнийг 1964 онд дэлгэцнээ гарсан Goldfinger”-т анх танилцуулж байсныг гярхай үзэгчид андахгүй нь лав. Дараах харилцан яриа бүр ч сонирхолтой. Хатагтай М “Aston Martin DB5” хүлгийн хажууд очоод “Тийм ч тухтай биш юм, тийм үү?” гэснээ “Тэгэхээр, бид хаачих билээ” хэмээн асууна. Жэймс Бонд хариулах нь, “Өнгөрсөн цаг хугацаа руу”.
Цаг хугацаагаар аялах... Лондоны зуны олимпийн нээлтийн ёслолыг үзсэн хүн бүр Жэймс Бонд бол Их Британийн түүхийн онцгой нэг хэсэг нь, бардамнал, бахархлынх нь бэлгэ тэмдэг болсныг мэдэрсэн байх. Энэ кино британи соёлыг нэвт шингээсэн түүхийн болон урлагийн үнэт өв гэдэгтэй санал үл нийлэх хүн гарахгүй биз. Үе үеийн Бондууд (Шоноос Крэйг хүртэл) жинхэнэ жентельмений идеалыг тодорхойлоод зогсохгүй кино ертөнцийн түүхэнд дахин давтагдах боломжгүй төгс тагнуулчийн дүрийг сийлж чадсанд үнэ цэн нь оршиж байна. Жэймс Бонд өөрийг нь уран зохиол дотор бүтээгч Иан Флемингийн (зохиолч) адилаар ямагт эрхэмсэг, дэгжирхүү байж ирсэн. Үүний нэгэн адилаар Бондын хүүхнүүд хэзээ ч хөөрхөн царайтай, шаргал үстнүүд байсангүй. Фиона Вольпе (Thunder ball), эсвэл Ксения Онатопп (GoldenEye) шиг үзэсгэлэнтэй хэрнээ, үхлийн шид нуусан хоёрдмол царайтай хүчирхэг бүсгүйчүүд л Бондыг түшдэг. Америк киноны митологид харь элгийн, өөрсдийнх нь идеалд огтоос таарахгүй романс хааяахан харагддаг нь Жэймс Бондын нөлөөлөл болохыг шүүмжлэгчид үзгээ элэгдтэл гэрчилж муушаадаг. Учир нь цэвэр британи хүнд, британи хэв маягт таарах зүйлсийг бусад нь яаж ч өөриймсүүлэх гээд чаддаггүй ажээ. Хурц төлөвтэй, хэрцгий араншинтай Бондыг зөөллөгч хүч болох эротик дүрслэл хэзээд л энэ киноны чухал шугам болж ирсэн. Хэдийгээр Рожер Мурыг хамгийн сээтэгнүүр 007 хэмээдэг ч Skyfall кинонд Дэниэль Крэйг энэ титмийг булаасан нь лав. Өсвөр насны охид Жастин Бибер, Роберт Паттинсон гэх нялхамсуу хөвгүүдэд унан тусдаг атал жинхэнэ эмэгтэйчүүд Жэймс Бондыг л нууцхан хүсдэг.
            Холливудын кинонуудын үйл явдал нь ихэвчлэн орон зайн нэг л талбарт өрнөдөг бол Бонд тэргүүтэй Британи кинонууд (гэхдээ жинхэнэ бүтээл гэж үнэлэгдэх кинонууд шүү!) өнгөрсөн ба ирээдүйн заагийг гярхай мэдэрч, хийцийн хувьд ч антик болон нэн шинэ хэв маягийг нарийн хослуулсан байдаг. Мэдээж энэ амаргүй хэрэг. Хэрэв бид цаг хугацааг яг 50 жилээр ухраавал уг киноны орших уу, эс орших уу нөлөөлсөн цөөнгүй үйл явц болж байсныг бид мэдэх болно.
            1960-аад оны эхэнд Иан Флеминг (цувралын зохиолч) эрэлхэг, тачаангуй британи тагнуулчийн түүхээр оролдсон цорын ганц зохиолч байгаагүй гэдэг. Анхдагч бол байсаан. Гэвч 1960-аад оны эхээр Жэймс Бондын анхны кино дэлгэцнээ гарсан даруйд Жон ле Карри хэмээх зохиолч Хүйтэн дайны үе дэх MI6-ийн ажиллагааг эзэн биежүүлж, детектив зохиол бичин, 1963 онд ном болгон хэвлүүлсэн байдаг. Бас нэг овжин эр бол Лен Дейтон хэмээх хоолны жор бичиглэгч. Тэрбээр Харри Палмер хэмээх зохиолын баатрыг бий болгон, Жэймс Бондын эхний хоёр ангийн үйл явдлаас нэг их гажихгүй өгүүлэмж бүхий кино гаргажээ. 1965 онд Жон ле Карригийн зохиолоор хийсэн “The Spy who came in from the Cold”, Дэйтоны зохиолоор хийсэн “The IPCRESS file” нэртэй кино зэрэг шахуу нээлтээ хийсэн байдаг. Эднээс Дэйтоных арай илүү итгэл үнэмшилтэй болсон гэж хожим зарим шүүмжлэгч бичсэн байдаг юм билээ.
            Гэвч XX зууны домогт продюссер Харри Салтзмэн Жэймс Бондыг түүхийг улам хүчирхэгжүүлж, кино ертөнцийн түүхэнд “Битлз”, “Rolling Stones” шиг цэвэр, дээд түвшний британи брэндийг бий болгож чадсан. Энэ нэр, энэ баатар, энэ кино өөрөө дээд түвшний брэнд, цэвэр британи хэв маягийн илэрхийлэл болсон учраас Их Британийн Хатан хаан II Элизабета Лондоны зуны олимпийн нээлтэд Бондын хамгийн сүүлийн “бүсгүй” болохоос татгалзаагүй юм.
            Эрхэмсэг бөгөөд хүүхэмсэг Рожер Мур, хувь шинжээрээ олны хайрыг татагч Шон Коннерри, цорын ганц ангид тоглосон ч гайхалтай авьяастай Жорж Лазенби, хамелеон мэт Тимоти Далтон, зүрх шархлуулагч Пирс Броснан гэхчлэн үе үеийн Жэймс Бондууд өөрийн гэсэн онцлог хэв маягтай ч үндсэн нурууг нь огтоос гажуудуулаагүй ихрүүд гэлтэй. Харин отгон Бонд болох Дэниэль Крэйг “Casino Royal”-д анх сонгогдохдоо найруулагчдийн болон кино багийнхан, улмаар Бондын үнэнч фенүүдийг хамгийн их түгшээсэн ч хамгийн сайн гүйцэтгэлтэй хэмээн магтуулын үгэнд булуулж буй. Жэймс Бондын түүхэнд хамгийн их ашиг орлого олсон сүүлийн гурван ангийн алдар гавъяг гарцаагүй тэр л хүлээх ёстой билээ. 
            Эцэст нь, Жэймс Бонд эргэн ирлээ. Урьд урьдынхаас илүү баялаг өрнөлтэй, илүү хөгжимлөг төрхтэйгээр дэлгэцнээ гарлаа. Бэлгэ тэмдэг болсон тагнуулчийн түүх 50 нас хүрлээ.

Ганнам стиль, Азийн Беверли Хиллс

PSY-ийн “Gangnam style” дууны “Youtube” дэх хандалт хэдийнэ 954 саяд хүрчээ. Дэлхийн хүн амын бараг наймны нэг шахуу нь энэ дууны клипийг үзсэн байх нь. “Gangnam style” дууны клипийг үзсэн хүн бүр нэг асуултын хариуг мэдэхийг хүснэ. Ганнам дүүрэг гээч нь чухам ямар газар бол оо?



            Сөүл хотын төв дэх уг дүүргийг “Newsweek” сэтгүүл Азийн “Беверли Хиллс” гэж нэрлэжээ. Ердөө 39.5 шоо км газар нутагтай, 527 мянган хүн амтай эл бичил дүүрэг өдгөө дэлхийн хамгийн их сонирхол татсан газар болов. Их Британийн “Guardian” өдөр тутмын сонинд бичсэнээр бол Ганнам дүүрэг нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг бөгөөд энд хэрэв байр худалдан авахаар болбол ам.метр нь 5500 ам.доллараас эхэлж, зарим онцгой байршлын газартаа 10000 хүрдэг аж. KOSPI 200-д багтсан Солонгосын том компаниудаас “Хьюндай”, “Ханкүүк”, “Кепко”, “GS” группийн төв оффис байдгаас гадна “IBM”, “Тоёота”, “Google” зэрэг дэлхийн нэртэй компаниуд ч салбараа нээж амжжээ. Энэ дүүрэгт Солонгосын хамаг л баячууд, алдартнууд амьдардаг нь манайхаар бол Зайсан хавьцаа юм уу даа. “Inquirer” сэтгүүлд бичснээр эл дүүрэгт амьдардаг хүмүүсийн нийт хөрөнгө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцдэг байна. “Хэрэв та Ганнам дүүрэгт очвол Нью-Йорк юм уу, Токиод өөрийгөө очсон гэж андууруузай. Учир нь “LV, Prada”, Gucci”-гийн шинэ загварын хувцасаар гоёсон хүмүүс гудамжаар нь алхаж, “Мерседес”, “Porsche” хөлөглөсөн залуус машин замаар явахы та харах болно. Яг л Европын эсвэл АНУ-ын өндөр хөгжилтэй хот шиг хөгжсөн эл дүүрэгт таныг гайхашруулах олон зүйл бий. Гагцхүү таны хэтэвч зузаан бол шүү дээ” хэмээн уг сэтгүүлд бичсэн байх юм. 2010 онд Их-20-ын чуулга уулзалт энэ дүүрэгт болсон гэдгээр ганнамчууд бахархдаг гэсэн. 
            Гэвч Ганнам дүүрэг үргэлж ийм халгиж, цалгисан тансаг газар байгаагүй юм билээ. Хэрэв одоогоос 30 жилийн өмнө энэ дүүрэгт очсон бол хөглөрсөн их хог новш салхинд хийсч, 10 давхараас өндөр барилгагүй, Ойрхи Дорнодын хөгжил муутай хотуудтай ижил дорой дүр зураг харах байв. 1978 оны Ганнам дүүргийн зургийг харвал одоогийн манай Эрдэнэт хоттой ижилхэн байж дээ гэсэн бодол төрөхөөр.
Орон сууц, байшин хорооллууд хаяалан оршиж, хүмүүс нь хашаандаа төмс, ногоогоо тарьдаг. Бас мал аж ахуй эрхлэхээс гадна Хан мөрнийг даган загас агнуур ихэд хөгжсөн байж. Үйлдвэр тун цөөхөн, байшингуудынх нь дээвэр өвсөөр голдуу хийгдсэн байх жишээтэй. 1980-аад оны үед Өмнөд Солонгосын хамгийн хөгжил муутай хэсэг байсан гэдэг юм билээ. Гэвч 80-аад оны сүүлчээр Сөүлийн үсрэнгүй хөгжлийг даган өндийж, томоохон худалдааны төв, дэлгүүр хоршоо олноороо байгуулагджээ. Өмнө нь үйлдвэр цөөтэй байсны улмаас тус улсын хамгийн утаа багатай хэсэгт тооцогдох болж. Баячууд үйлдвэрийн утаанаас зугатаж Ганнам дүүрэг рүү нүүж, тансаг хаус олныг барьцгаажээ. Баячууд нүүвэл тансаг хэрэглээ ч мөн дагах нь мэдээж. Ингэж Ганнам дүүрэгт Сөүлийн хамгийн тансаг ресторан, дэлгүүр, баар, цэнгээний газар үүдээ нээх болсон түүхтэй.
Реппер PSY өөрийн дуундаа Ганнам дүүргийнхний хэт дээгүүр занг ёгт маягаар шүүмжилсэн болохыг та эчнээ мэдсэн байх. Тэгвэл 23 настай оюутан Вон Ю Би уг газрын тухайд “Ганнам дүүрэг хэдийнэ Өмнөд Солонгосын бэлгэ тэмдэг болсон. Залуу хүмүүст өдрийг, үдшийг зугаатай өнгөрөөх бүхий л тансаг орчинд энд бэлхнээ бүрдсэн. Гэвч хэрэв чи баян айлын хүүхэд биш бол энд амьдарна гэдэг бүтэхгүй санаа” хэмээснийг AFP сийрүүлжээ. Тэрбээр Сөүлийн Үндэсний их сургуулийн оюутан бөгөөд сарын 1500 ам.долларын (эндээ бол хамгийн хямд нь) түрээсийн байранд амьдардаг аж. Хичээлийнхээ хажуугаар шөнийн цэнгээний газар бармен хийж, сарын 4000 ам.доллартай дүйцэх цалин авдаг тулдаа л энд аж төрж дөнгөдөг гэжээ. Ганнам дүүрэгт 15 жил амьдарч буй 49 настай Ким Су Ми PSY-ын “Gangnam style” дууг “Galaxy SIII гар утсаараа сонсчээ. “Тэр залуу Ганнам дүүргийн хэтэрхий бараан өнцгөөс харж, дуундаа оруулжээ. Энд онцлом сайхан зүйлс олон шүү дээ” хэмээн AFP-гийн сэтгүүлчид ярьсан байна. “Хэрэв энд хэсэг амьдраад, дараа нь Өмнөд Солонгосын бусад хотуудад очих юм бол Ганнам дүүрэгт аж төрөх нь яагаад үнэ цэнэтэй болохыг ойлгоно. Хүний жинхэнэ амьдралын зүй ёсны хэв маяг энд л бий” хэмээн нэмж өгүүлжээ. Амьдралын зүй ёсны хэв маягийг мэдрэхээр Ганнам дүүрэгт очвол таныг чухам юу хүлээж байгаа вэ?
LV”, “Prada”, “Chanel”, Dior”,“Gucci”-гийн дэлгүүрээр орж болно гэдгийг дурдах нь илүүц байж мэднэ. Ганнам дүүрэг бол Сөүлийн шөнийн клубуудын тоогоор тэргүүлэх бүс. “NB (хип хоп), “Eden(электро), “Club answer(хаус), “Woodstock(60, 70-аад оны рок, блюз) зэрэг Өмнөд Солонгостоо алдартай клубууд энд бий. Мөн “Seven luck casino”-г онцолж болно. Гадаадын иргэд үйлчлүүлж болох цорын ганц, албан ёсны казино энэ. Гадаад паспортыг чинь зайлшгүй шалгаж, гаалиар нэвтрэх гэж байгаа мэт олон байцаалт өгч байж ийшээ нэвтрэх эрхтэй болох хэдий ч нэгэнт дотогш орсны дараа бол өөрийгөө Лас Вегаст ирлээ гэж андуурч магадгүй ажээ.  
“Ганнамынхны ихэмсэг занг эс тооцвол энэ гайхалтай газар. Сөүл Өмнөд Солонгосын нийслэл бол, Ганнам Сөүлийн зүрх нь” хэмээн 34 настай PSY буюу Пак Жае Сан ярьжээ. Тэрбээр энэ дүүргийн уугуул иргэн юм байна. PSY өөрийн төрөлх дүүргийг далдуур шүүмжилсэн утгатай дуу гаргасан хэдий ч Ганнам Өмнөд Солонгосын удирдлагууд эсэргүүцлийн мэдэгдэл хийхгүй байгаагийн цаад шалтгаан нь урьд хэзээ ч байгаагүй сурталчилгаа болсонтой холбоотой. Хэрэв хэн нэгэн шинэ жилийн аяллаар Ази тивийг зүглэхээр болбол сонголт хийлгүй шууд л Сөүл хүрэх онгоцны тийз захиалж, Ганнам дүүргийн тухай мэдээллийг интернэтээс шүүрдэх биз. Үүнийг батлах гэсэн мэт тус улсын Аялал жуулчлалын нийгэмлэгийн тэргүүн Ли Чарм “2013 оны хавар Солонгосыг зорих жуулчдын тоо эрс өсөх таамаг бий. PSY-ийн л ач шүү дээ” хэмээн мэдэгджээ. Энэ оны эхний арван сард Өмнөд Солонгост 9.8 сая жуулчин ирсэн бөгөөд эл тоо ирэх жил 4-5 саяар нэмэгдэх тооцоо хийгээд байгаа юм билээ. 

Dec 3, 2012

Дэлхий сөнөнө, гэхдээ одоо лав биш!


НАСА-гийн шуудан руу зургаан настай Лилиан Женсон гэх охин ийм захидал бичжээ. “Эрхэм хүндэт НАСА. Шинэ жил болохгүй юм уу. Дэлхий байхгүй болоод, өвлийн өвгөн ч бас дахин ирэхгүй гэж ах хэлсэн. Тиймээс та бүхэн дэлхий байхгүй болохоос өмнө шинэ жилийг авчирч чадах уу.  Хүндэтгэсэн Ли­лиан Женсон”. НАСА-гийн мэргэ­жилтнүүд бяцхан охин руу хариу захидал бичихдээ шинэ жил болд­гоороо болж, өвлийн өвгөн ч ирэх болно хэмээсэн тухай “The Atlantic” сэтгүүлд бичсэн байв. Хэдийгээр дэлхий сүйрэх нь худлаа гэж бидний ихэнх нь бйодож байгаа ч “үнэн бол яана” гэсэн сониучхан эргэлзээ, ба­гахан айдас бас хургажээ. 
Хэрэв үнэн бол дэлхий сүйрэхэд, хүн төрөлхтөн хумхын тоос болоход яг 17 хоног үлдэв. Уулгамч зарим нь ажлаасаа гарч, гэртээ бүгээд, газар дор хоргодох байр барьж байгаа л гэх. Энэ дүйвээнээр “тоглолт” хийж, зөн билгийн мэдрэмжээрээ олны тархийг угаах хүсэлтнүүд ч олшров. Гэвч энэ бүхнийг үл тоон дэлхий эргэдгээрээ эргэж, хүмүүсийн амьд­рал урьдын хэмнэлээр буцалж, удахгүй болох шинэ жилийн баярын уур амьсгалд бүлээцэж байна. 
Хүмүүс айж биш хачирхаж байна. Дэлхий 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд сүйрэх нь үнэн үү?

“Майячуудын хуанли 2012 онд дуусна. Дэлхий сүйрнэ”. Бүх юм үүнээс эхтэй. Майячуудын соёлыг тусгайлан судалдаг антропологич, археологич Майкл дКое 1966 онд дээр таамаглалыг дэвшүүлжээ. Учир нь маячуудын бактун хэмээх тоолол нь МЭӨ 3113 онд эхэлсэн бөгөөд нэг бактун нь 114 мянган өдөр, 13 бактун нь 5125 жилтэй дүйдэг аж. Тоо бодъё. 5125 – 3113 = 2012. Дэлхий энэ онд сөнөнө гэсэн таамаг үүнээс үүдэлтэй юм.
Хэрэв анзаарвал мөнөөх өдөр (2012.12.21) маячуудын тооллоор 13.0.0.0.0 гэж бичигдэх бөгөөд хуанли ийн тэглэх өдөр ямар нэг онцгой зүйл (жишээ нь дэлхийн сүйрэл ч юм уу) тохионо гэж тэд итгэдэг байж. Гэхдээ тэд яг дэлхийн сүйрлийг хэлсэн үү, эсвэл хуанлийн төгсгөж, дахин шинэ тоолол эхлэхийг зөгнөсөн үү гэдгийг хэн маань ч баталж чадахгүй. Энэ сэдэв тодорхой биш, маргаантай, эцсийн үнэнийг батлах боломжгүй учраас эрдэмтэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн этгээдүүд хаа дуртай зүг рүүгээ үүнийг авч давхицгаав. Бүгд өөр өөрийн таамгийг ҮНЭН хэмээн хашгирч, зарим нь хүн төрөлхтнийг аврагч баатрын баг зүүсэн бол, нөгөө хэсэг нь аврагдах найдлагагүй, “нүглийн төлөөсөө төл” хэмээн бахтайяа мэдэгдэж байх жишээтэй. Мэдээж энэ сэдэв бол шоу бизнесийн хамгийн том өгөөш. “The Economist” сэтгүүлд бичсэнээр бол өнгөрсөн арван жилийн дотор дэлхийн сүйрэлтэй холбоотой 260 гаруй ном, 190 орчим уран сайхны болон баримтат кино худалдаанд гарсан байна. Дэлхийн сүйрлийн тухай өгүүлсэн номууд нийтдээ 220 сая хувь хэвлэгдсэн гэдгийг ч дурджээ. Монголд ч гэсэн үүнийг далимдуулан номоо эрэлтэд оруулж, лаа шүдэнз үйлдвэрлэгчдийн магнайг тэнийлгэсэн мэдээллүүд хэлж “онцгойрч” буй хүмүүс мэр сэр бий гэдгийг бид мэднэ.
Хэрэв байж болох бүхий л муу утгаар бодох юм бол агшин хором бүрт биднийг үхэл дагаж, маргаашийн өдөр яг ирнэ ээ гэдгийг хэн маань ч баталж чадахгүй. Яг одоо үүнийг уншиж сууж байхдаа та маргааш өдөр нар мандахгүй ч байж болно оо гэдгийг эргэцүүлээд нэг үзээрэй. Гэвч хэн нэгэн энэ тухай дотроо эргэцүүлж болно. Харин хүмүүсийн сэтгэл санааг сэнсрүүлэх ойворгон дүгнэлтээ, зэвэргэн бодлоо ҮНЭН мэт тунхаглаж, бусдыг түгшээх аюултай.
Энэ аюултайн харгай одоо бидэнд нүүрлэж байна. Дэлхийн сөнөх болов уу, яах бол? “Дэлхий сөнөнө. Энэ бол үнэн. Гэхдээ одоо биш. Магадгүй, ойрын хэдэн тэрбум жилийн дотор биш” хэмээн Бостоны их сургуулийн археологич Уильям Сатурно “Newsweek” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Тэрбээр цааш нь “Маячуудын хуанлийн нэг хугацал төгсөнө. Гэхдээ ахиад нэг нь эхэлнэ. Тэдний хуанли үе үеэр шинэчлэгдэх зориулалттай юм” гэсэн байна. Тэгвэл “Science сэтгүүлд гарсан саяхны нийтлэлд Мезо-Америкийн үеийн урлаг судлаач, зохиолч Дэвид Стюарт ярилцлага өгөхдөө “Маячуудын хуанлийн нэг хугацал дуусна. Тэгэхээр эрдэмтэд яг тэдний, тухайн үеийн аргачлалаар дээрх хуанлийг дахин зохиох хэрэг гарлаа. Бид туршилт хийж байгаа. Эхэн үеийн тооцоогоор бол шинээр гарах хуанли 7000 жил хүртэлхийг хамруулах учиртай” хэмээн ярьжээ. У.Сатурногийн хэлж буйгаар маячууд хуанлиг шохойн ханан дээр жүрж болон хашийн өнгөтэй будгаар бичиж, дугуй дүрсүүдээр өдрүүдийг орлуулсан байдаг аж.
Бид Америкийн Сансар судлалын үндэсний газар буюу НАСА-гаас гаргасан албан ёсны тайлбар, тодруулгыг дор нийтэлсэн байгаа. Тэдний хэлж буйгаар дэлхий ойрын дөрвөн тэрбум жилийн дотор сүйрэхгүй аж. Гэхдээ ойлгож байна аа, энэ бүхнийг уншаад ч таны сэтгэл дэх сэв, сониучхан бодол ор мөргүй арилчихгүй гэдгийг. Учир нь дэлхийн сүйрлийн талаарх Пи-Ар хангалттай сайн явагдсан. Уран сайхны болон баримтат кино, ном зохиол, таамаг дэвшүүлсэн нийтлэлүүд одоо ч хөвөрсөөр байна. Энэ бол хүн бүхэнд хамаатай, бас сонирхол татсан сэдэв учраас ашиг хөөгчид үүнийг алдана гэж байхгүй. Нэг жишээ дурдъя. Дэлхийн сүйрлийн тухай өгүүлсөн кинонуудаас хамгийн их алдаршсан нь найруулагч Роланд Эммэрикийн “2012” нэртэй бүтээл. 2009 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн уг кино 200 сая ам.долларын төсвөөр бүтэж, дэлхий даяар нийт 769 сая ам.долларын ашиг олсон хэмээн “IMBD” цахим хуудаст бичжээ. Үр дүн нь ийм л байна.
Дэлхийн сөнөхтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт хачин жигтэй үйл явдал өрнөх боллоо. Жишээ нь, нэгэн бизнесмэн хатагтай монголчуудыг лаа, шүдэнзээ нөөцлөөрэй хэмээн захиж байгаа нь гарцаагүй дээрх жишээний нэгд тооцогдоно. Бразилийн Сан Франсиско де Паула хотын захирагч Дэкио Колла ард иргэддээ хоол, хүнс, анхан шатны тусламжийн хэрэгсэл нөөцлөх зарилга гаргасан байна. Дэлхийн төгсгөл ирэхгүй юм аа гэхэд хэдэн өдөр үргэлжилсэн харанхуй нүүрлэнэ хэмээн таамаглаж, ийм шийдвэр гаргасан аж. Мөн л Бразилийн Тересина хотод дэлхийн төгсгөл ирнэ гэдэгт итгэсэн нэгэн эр 18-45 насны 120 гаруй хүнийг хамтдаа амиа хорлоход ятгаж байгаад цагдаад баригдсан байна. НАСА-д 2007 оноос хойш дэлхийн сүйрэлтэй холбоотой асуулт бүхий 5000 гаруй захидал ирсэн бөгөөд и-мэйлээр ирсэн асуултууд тоогоо алджээ. Энэ бүхний эцэст Уильям Сатурногийн хэлсэн үг л итгэл үнэмшил төрүүлж байна. Дахиад нэг уншаад үзье. “Дэлхийн сөнөнө. Гэхдээ одоо лав биш. Магадгүй ойрын хэдэн тэрбум жилд ч тохиохгүй байх”.
2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны нар тэнгэртээ урьдын адилаар мандаж, удахгүй болох шинэ жилийн уур амьсгалд хөглүүлэн, бид дахин нэг шинэ өдрийг угтана гэдэгт л итгэе. 

NASA: Дэлхий ойрын дөрвөн тэрбум жил сөнөхгүй

     Америкийн Сансар судлалын үндэсний газарт дэлхий сөнөх нь үнэн үү гэж лавласан, хариулт хүссэн захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа гэнэ. Тиймээс тэд хүмүүст нэгдсэн ойлголт өгөхөөр дараах ярилцлагыг өгсөн байна. www.nasa.gov буюу тус газрын албан ёсны цахим хуудас дахь ярилцлагыг орчуулан хүргэе.
-Дэлхий энэ сарын 21-нд сүйрнэ гэж аль дээрээс шуугицгаах болсон. Хэрэв үнэн бол дэлхийн сөнөхөд хэдхэн хоног үлджээ. Энэ яг үнэн юм уу?
-Дэлхийн 2012 онд сөнөхгүй. Манай гариг ойрын дөрвөн тэрбум жилийн дотор лав сөнөхгүй. Өөр гариг эсвэл солиртой мөргөлдөх таамаглал ч хэдэн сая саяын дотор лав гарахгүй.
-Тэгвэл дэлхий энэ онд сөнөнө гэцгээж байгаа хүмүүс ямар үндэслэл дэвшүүлж байгаа юм бэ?
-Шумерчүүдийн домогт өгүүлэхдээ Нибиру хэмээх гариг дэлхийтэй халз мөргөлдөнө гэсэн байдаг. Тэдний тоолол болон зөгнөлөөр дэлхий 2003 оны тавдугаар сард сүйрэх байснаа тэр өдөр нь юу ч болоогүй болохоор 2012 оны арванхоёрдугаар сарын 21 гэж хойшлуулсан. Үүнтэй зэргэцэн майяачуудын цаг тооны бичиг 2012 оны өвөл дуусдаг нь тэдэнд итгэл үнэмшил төрүүлсэн байх. Гэтэл майяачуудын цаг тоололд дэлхийн сөнөх тухай биш, дээрх тооллыг шинэчлэх өдөр гэж байдгийг ийн гуйвуулж яриад байгаа.
-Майяачуудын цаг тооны бичиг үнэхээр арванхоёрдугаар сарын 21-нд дуусдаг юм уу?
-Гал тогооны өрөөний ханан дээрх хуанли чинь арванхоёрдугаар сарын 31-нийг тэмдэглэсэн хуудас хүрээд дуусахад, та шинэ хуанли худалдаж авна аа даа. Үүнтэй л адил юм. Тэдний тоолол дээрх өдөр дуусад, нэгдүгээр сарын 1 гээд л дахиад эхлээд явчихна гэсэн үг.
-НАСА энэ сарын 23-25-ны хооронд дэлхийд тас харанхуй нүүрлэнэ гэж таамагласан тухай хэвлэлүүдээр мэдээ тархаж байна. Энэ үнэн үү?
 -Ёстой худал. НАСА болон ижил төрлийн бусад байгууллага ч ийм мэдээлэл гаргаагүй. Гаригууд нэг шугамд огтолцож, улмаар хэд хоног харанхуй нүүрлэнэ гэж тэдгээр сонин, хэвлэлд бичсэн байна билээ. Дахиад хэлье, энэ бол худал. 1962 онд нэг удаа гаригууд нэг шугамд зэргэцэж, түр зуурын харанхуй нүүрлэсэн. Дараа нь 1982 болон 2000 онд дахин тохиосон. Харин ойрын хэдэн арван жилд гаригууд огтолцохгүй.
-Нибиру, Х-гариг эсвэл Эрис дэлхийтэй мөргөлдөнө гэдэг тэгэхээр бас худал болж таарч байна уу?
-Нибиру болон Х- гаригийн тухайд бол энэ нь зохиомол бас интернэтийн дэмий цуурхал төдий. Хэрэв энэ үнэн байсан бол сансар судлаачид олж мэдэх байсан. Тэдний таамагласан хугацаа болоход 20 ч хүрэхгүй хоног үлджээ. Хэрэв энэ үнэн байсан бол бид хэдэн арван жилийн өмнө олж тогтоож болох бөгөөд өдгөө хэдийнэ хагас  хиртилт ажиглагдах байв. Харин Эрис гаригийн хувьд ортой. Энэ гариг дэлхий вантай тун ойрхон зөрж магадгүй байгаа. Гэхдээ энэ нь манай гаригаас дөрвөн тэрбум гэрлийн жилийн зайд болох зүйл учраас дэлхий ямар ч нөлөө үзүүлэхгүй. 




Nov 19, 2012

Салхи биднийг хөтөлнө: Төгсгөл

Истанбул, Улаанбаатар хот таван цагийн зөрүүтэй. Харин хөгжлийн хувьд тэд биднээс бараг л хагас зуунаар түрүүлж дээ гэсэн бодол тээсээр нутаг буцлаа. Истанбулыг зорих замд онгоцны зорчигчдын дийлэнх нь монгол хүмүүс байсан бол буцахад бүрэлдэхүүн нь эрс өөрчлөгдсөн байв. “Lonely Planet: Mongolia” гэсэн ном барьсан гадаадынхан л дүүрэн. Хөгжил дэвшилд тэмүүлэх хил хязгааргүй хүсэл тэднийг маань Туркт аргамжин хоцорчээ. Цогтоогийн Туркт албан ёсоор байх 30 хоногийн виз дуусахад яг 13 хоног үлдсэн учраас тэр эмээх зүйлгүйгээр намайг Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудал руу хүргэж өгсөн. Харин түүний гэргий болон Соёмбо өглөө нь надад борцтой шөл хийж өгөөд, салах ёс гүйцэтгэн ажилдаа явцгаасан юм. Тэд өглөө бүр ажилдаа гарахын өмнө арцаар биеэ нар зөв гурав тойруулцгаадаг бөгөөд зам зуур цагдаатай таарахгүй байх дом юм болов уу гэж дотроо бодов. Би ч мөн адил Монгол руу нисэхийн өмнө арцаар биеэ утсан.
ХИЛ, ХЯЗГААРГҮЙ ХҮСЭЛ
Хуримаас тарж ирдэг өдөр гэрт нь цагдаа нар дахин ирж, мөнгө нэхсэн болохоор Соёмбоогийн сэтгэл санаа сайнгүй л байсанд одоо ч миний сэтгэл зовсон хэвээр. Туркийн цагдаа нарт нэг л нүдлэгдчихвэл амар заяа үздэггүй бөгөөд тэр өдөр хөршүүд нь гэрийнх нь үүдэнд цуглаж, Соёмбоог өмөөрсөн хэдий ч дийлээгүй. Тэд 250 лир (190 орчим мянган төгрөг) буюу бараг л долоо хоногийнх нь цалинтай дүйцэх хэмжээний хахуул авч байж салсан юм. Цагдаа нар хэзээ дахин ирэх бол, 30 хоногийн виз нь дуусвал Цогтоо ч мөн адил сарын цалингийнхаа багагүй хувийг цагдаа нартай хуваалцах болно доо гэхээс буцах замд нойр хүрч өгс өнгүй. Гэтэл үл ялигхан илүү цалингийн төлөө ийм их зовлон, бэрхшээлийг туулдаг болохыг гадарлаа ч үгүй яваа Б.Хишигжаргал боломж л олдвол гадаадыг зориход сэтгэл зүйн хувьд бэлэн байгаа. Монголд ирээд түүнтэй дахин уулзахад хичээлийнхээ хажуугаар солонгос хэлний сургалтад суухаар шийдэж, ээж ааваасаа төлбөрийн мөнгө хүссэн тухайгаа ярив. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн тухай өөрийн нүдээр үзсэн болгоныг түүнд хуваалцсан. Гэсэн ч тэр “Хүн болгоны хувь тавилан адилгүй шүү дээ. Магад намайг гадаадад гарвал сайхан ажил таарч, их мөнгө олох аз тохиох ч юм билүү” гэж хариулсан юм.
Соёмбоо, Цогтоо, түүний эхнэр, ер нь гадаадад ажилахаар явж буй хүн бүр л түүн шиг өөдрөгөөр сэтгэж, ахиад нэг л алхвал аз жаргал яг бий гэж боддог байх. Гэвч сугалаа авсан хүн бүрт хонж вор таардаггүй шүү дээ. Шинэ цагийн нүүдлийн жимээр явсан сур валжлагынхаа турш би нийт 6180 км зам туулжээ. Энэ зуур надтай дайралдсан, миний уулзаж ярилцсан хүмүүсийг зугатах хүсэл л нэгтгэж байв. Байгаа газраас нь илүү сайхан амьдрал хаа нэгтээ бий л гэж сонсвол тэд маань хаачихад ч бэлэн. Дэлхий гэх ганцхан эх га зарт амьдарч буй ч улс, үндэстэн болж хуваагд сны хэрэг юу билээ амин хувийн асуудлаа л илүүд үзэх нь мэдээж. Гэтэл Монголоос хүн бүр явахыг хү сэх болж, үүнийгээ ч гүйцэл дүүлж байхыг нүдээр үзсэнээс хойш энэ орны ирээдүй хэний гарт байна вэ гэсэн хоржоотой асуулт намайг шаналгах болов. Өдгөө Монголд уул уурхайн салбар эрчимжиж, бүтээн байгуулалтын ажил дөнгөж л эхэлж байна. Гэтэл Цогтоо шиг, Соёмбоо шиг залуус гадаадад харх мэт харанхуй гудамж бараадан нуугдаж, нугдайж явахыг илүүд үзээд явав. Гэтэл эсрэгээр гадаадын ажилчид Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд болон барилгын салбарт ажиллахаар, Монгол Улсыг боломж гэж хараад ирж байгаа нь нэгийг хэлэх шиг. Дэлхий нийтээр Монголыг “Азийн шинэ бар” болно хэмээн харж байхад монгол залуус юу хүсэж гадаадыг зорьдог юм бэ.
ҮЛГЭРИЙН ТӨГСГӨЛ
Социализм, коммунизмын үлгэрийн сүүлчийн он жилүүд дуусаж, “Зах зээлийн ний гэмд л шилжчихвэл бүх юм өөгүй сайхан бол чихно” гэсэн хүрэх газар, онох байтай байсан бол одоо бидэнд юу ч алга. Ийм жингүйдэл хэр удаан үргэлжилж, өнөөгийн монголчуу дын нүүдэл хаана хүрээд зогсох бол. Энэ асуултын хариуг бидний хэн маань ч үл мэднэ. Гэтэл төр, засгийн эрхмүүд 20 жилийн да раа Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд тэрг үүлж, нэг хүнд ног дох ДНБ-ий хэмжээгээр барууны орнуудынх тай ижилхэн болно хэмээн сурталдаж байгаа нь бодит амьдралын хил шугамаас хэтэрхий хол давхисан мөрөөдөл гэдгийг очсон газар бүртээ мэдэрч байв. Өндөр шилэн барилгууд хөшилдөх Улаанбаатараас гармагц орхигдсон сумд, хөгжил хүлээж цөхсөн уйтай саарал байшингууд дайралдна. Сумын төвийн амьдрал бусад тай харьцуулбал удаан, энд ер нь хүн амьдардаг юм уу гэмээр нам жим.
Хотын дугаартай машин явбал хөдөөгийн хүүхдүүд дагаад гүйдэг нь ч хэвээр. Энэ хэсэг газар 20 жилийн дараа барууны хот, суурин лугаа хөгжинө гэж итгэхэд бэрх. Улаанбаатарын хүүхдүүд хичээлдээ таксигаар ирж, үнэтэй брэндийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, дэвтэр биш зөөв рийн компьютер дээрээ хичээлээ хийж байхад эндээс 720 км-ийн зайд байх сумын төвийн хүүхдүүд өвлийн хүйтэнд хацраа хайруулан байж сур гуульдаа ирээд, жижүүр сурагч нь галаа түлж ангиа дулаацуулсны дараа хичээлээ эхэлдэг. Тэд даарахгүйн тулд хичээл дээрээ хөвөн тэй тэрлэг тэй сууна. Нэг улсын, ижил насны хүүхдүүдийн хоёр өөр амьдралын төрх, эрс тэс ялгаа өнөөдөр ч хэвээр байгааг эндээс харж болно. 20 жилийн дараа тэд ямар хүмүүс болцгоох бол.
Амьдралын түвшин, үзэж харсан бүхнээр адилхан байж чадах болов уу. Сумын төвийн айлуудын цонхноо хаашаа ч юм тууштай ширтэж, гансарсан царай олныг харж байв. Хотын хүмүүс цонхоороо яаран алхах хүн урсгал, замаар нисэлдэх машины цуваа гэхчлэн завгүй хэмнэл, хөдөлгөөнийг тольд дог бол хөдөөгийн иргэд дүнсгэр байшин, уйтгартай гэгч жирийсэн банзан хашаанууд, эсвэл зүгээр л юу ч үгүй нүцгэн тал руу хараа сунгадаг. Тэд ийн суухдаа чухам юу бодож, юу хүлээдэг бол оо гэдгийг би үргэлж мэдэхийг хүсдэг байв. Магадгүй тэд ямар нэг өөрчлөлтийг л хүлээж суудаг болов уу даа. Амьдралын нөхцөл нь тэнгэр газар мэт ялгаатай байхад бид тэднийг хөдөөнөө амьдар гэж ятгах нь зөв үү. Эсвэл тэднийг нийслэлд ир ээ гэж уриалах уу. Америкт, эсвэл Туркт амьдралын түвшин Мон голын сумаас ч, нийслэлээс ч дөнгүүр байдаг. Тэгвэл хамтдаа тийшээ нүүх юм уу.
ЭЦЭСТ НЬ
Сурвалжлагын маань баатрууд бүгд л хүсэл, мөрөөдлийнхөө төлөө нэг алхам хийжээ. Матад суманд малтай, орон гэртэй, өмчлөх газартай байсан гэрээ орхиж Б.Хишигжа ргал Улаанбаатарт ирээд “Долоон буудал”-д түрээсийн байшинд амьдарч буй. Хотын иргэн шил аваагүй тэрбээр оюутан нэртэй сул иргэн болов. Хотыг завхруулж буй гэж бидний адладаг хөдөөгийн хүмүүсийн тоог л нэгээр нэмэв. Харин Улаанбаатарт таван ханатай гэртэй, “Mark II” машинтай, тогтсон ажилтай, эхнэр хүүхдийн хамт халуун дулаан амьдарч байсан Цогтоо энэ бүхнээ орхин Туркийг зорьсон. Гэвч тэнд халаалтгүй умгар өрөөний хүйтэн плитан ша лан дээр унтаж, хүн амьтанд харагдахг үй дальд чин амьдрах тохиол түүнийг угтсан. Одоо тэгээд яах вэ? Энэ асуултыг би хоёуланд нь тавив. Б.Хишигжаргал солонгос хэл сураад, яадаг ч байсан Өмнөд Солонгос руу гарч амьдарна гэж хариулсан бол Цогтоо буцахад хэдийнэ оройтсон учраас эндээ ажиллаж, хангалттай мөнгө цуглуулсан үедээ Монгол руугаа явна гэлээ. Тэд хоёул энэ хариултдаа туйлын итгэлтэй байсан юм.
Хотод ирсэн хойноо Цогтоотой интернэтээр дахин холбогдоход визний хүчинтэй хугацаа нь дууссан тухай дуулгасан. Түүний байгаа газрыг цагдаагийнхан хэдийнэ нүдэлсэн учраас өөр газар руу нүүхээр шийдсэн гэнэ. Нийтлэлийнхээ төгсгөлд өөрсдийнхөө амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа талархаж буйгаа илэрхийлье. Хөгжлийн салхи та бүхнийг хүссэн амьдралд тань хөтлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсье.

Nov 11, 2012

“Гамлет”




            Улсын драмын эрдмийн театр үзвэрийн 81 дэх жилийн нээлтийн хөшгөө өргөхөөс хоёр цагийн өмнө урьтаж очив. Нэвсийсэн их цасан дундах театрын барилга галзуурсан бухыг хилэнд хөтлөх гал улаан өнгөөр “асах” нь айдас, бас бишрэл төрүүлнэ. Харин үүдэнд надтай зөрсөн УДЭТ-ын ерөнхий найруулагч, энэ үдшийн гол хүн болох Н.Наранбаатарт галзуу матадор лугаа шинж ер харагдсангүй. Гадаах хүйтэнд сэтгэл хөдлөл нь царцаа юу гэмээр тайван алхаж өнгөрөв. У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг 33 жилийн дараа их театртаа дахин залах түүний зориг өнөөдөр намайг энд хөтөлж буй юм.
Театр дотор эл хуль оргино. Хүрэн улаан суудлууд нь хүний мөрөөсөл болсон мэт уйтай эгнэжээ. Нүүрээ жимбийтэл будаад, үсэндээ пигүж ороож, тайзны хувцас доогуураа жинсэн өмд өмссөн жүжигчид хонгилоор яаран алхах нь хоёр ертөнцийн заагт буй мэт сэтгэгдэл төрүүлж байв. УДЭТ-ийн хойд хаалгаар орж, тайзны арын өрөө рүү нууцаар шагайвал жүжигчдийн хувцасыг нямбайчлан өлгөсний хажууд Гамлетийн сэлэм, Офелиягийн цэцгэн сүлжээс тэргүүтэн харагдана. Офелиягийн дүрийг бүтээх залуу жүжигчин А.Ганчимэг цагаан, цэнхэр даашинзаа өмсөж, зэхээд нүдээ анин нааш цааш холхих нь хэзээ ч бодитоор амьдраагүй хэрнээ цаасан дээр хагас мянган жил оршсон бүсгүйн сүнстэй бие, сэтгэлээрээ холбогдохыг хичээж буй мэт санагдаж байлаа. Офелия бол У.Шекспирийн зохиолуудаас хамгийн их маргаан, мэтгэлцээн өдөөсөн эмэгтэй дүр. XX зууны эхэн үед Элейн Шоуолтер тэргүүтэй феминист үзэлтнүүд Офелия, Гертруда нарын дүрийн тухайд цоо шинэ санаа дэвшүүлж, шуугиан дэгдээсэн. Офелия охин аав, ах, бас Гамлет гэх гурван хүчирхэг эрийн дунд байснаа гэнэт л хэн ч үгүй хоцорч, улмаар галзуурсан. Ах Лаэрт Франц руу явж, эцэг Полоний нь амь үрэгдэж, Гамлет орхин оддог. Энэ нь цаанаа эм хүн эр хүнгүй бол хэн ч биш гэсэн санааг илтгэж байна хэмээн үздэг байсан юм. Харин Элейн үүний яг эсрэг санааг дэвшүүлсэн байдаг юм. Ялангуяа Офелия охины галзуурдаг хэсэг нь жүжигчний авъяасыг шууд харуулах үзэгдэл  хэмээн мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. “Галзуу гэж өвчний нэр томъёо байдаггүй юм билээ. Шинжлэх ухаанд бол солио туссан гэж нэрийддэг. Чухам энэ хэсгийг яаж гаргах вэ гэдэгт би ихэд анхаарсан. “Шархад”-ны эмнэлэгээр ч орж, солио өвчин туссан хүмүүсийг ажигласан” хэмээн А.Ганчимэг өмнө нь ярьж байсан. Энэ тухай сүүлд өгүүлье.
Жүжиг эхлэхэд 30 минут үлдлээ. Театрын үүдэнд улаан хивс дэлгэж, үе үеийн жүжигчид, уран бүтээлчид үүгээр алхан үзвэрийн 81 дэх жилийн нээлт эхэлж буйг албан ёсоор илтгэх хуваарьтай байсан ч даарсан үзэгчид машин дотроо бүгцгээжээ. Харин театрын төв хаалгаар дотогш орвол хийл хөгжимчид эгнэн суугаад алдарт Бетховений сонгодог аязуудыг “урлана”. Энэхэн зуур үзэгчид даарснаа ч умартан яг л XVII зууны Английн хааны ордонд буй мэт ихэмсэг энэ хэмнэлд уусан шингэж байлаа. УДЭТ-ын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан У.Шекспирийн “Гамлет” жүжгийн нээлт товлосон цагаасаа үл ялиг хоцрон эхэллээ. Тус театрын дэд захирал, Ардын жүжигчин, Монголын анхны Офелия Н.Сувд “Одоогоос яг 33 жилийн өмнө би энэ сүрлэг хөшигний цаана сүрдэн зогсож байлаа. Харин одоо манай театрын залуу уран бүтээлчдийн гардсан хоёр дахь тавилтын хөшигний өмнө сэтгэл догдлон зогсож байна, би. Энэ хөшигний наана, цаана буй жүжигчин, үзэгч хоёрын амьсгаа нэгэн цул болж гэмээнэ жүжиг бүтдэг юм аа” хэмээсний дараа их театр сүрлэг хөшгөө нээлээ.
Эльсинор шилтгээний танхим. Ван, хатан, Гамлет, Полоний, Лаэрт, Корнелий болон ордны бараа бологчид байх аж. Данийн вангийн үхлийн дараа уй гашууд авсан Гамлет, уй гашууд автсан болж харагдах гэсэн Клавдий, ямар сэтгэл хөдлөл илэрхийлэхээ тааж ядах Гертруда яг л номын хуудаснаас амь ороод гарч ирсэн мэт үнэмшиж болохоор харагдаж, энэ гэхийн зуургүй тайз руу биднийг татан оруулав аа. Тэр өдөр жүжиг үзэхээр цугласан хүмүүсийн ихэнх нь “Гамлет” жүжгийг анх удаа үзэж буй нь энэ. Өмнө нь номын хуудаснаас уншиж, өөр өөрийн дотор ургуулан бодож байсан бүхэн нь өнөөдөр Н.Наранбаатар найруулагчийн санаагаар амилж буй болохоор догдлох нь аргагүй. Харин 1979 онд анх тоглосныг нь үзэж байсан ахмадууд мартсанаа санагалзаж, бас өөр өөрийн дотор харьцуулалт хийж суусан биз ээ.
Эхний үзэгдлийн монолог хэсгүүдэд С.Болд-Эрдэнэ тийм ч сайн байсангүй. Үгээ наана, цаана зөрүүлж бага зэрэг сандарч байгаа нь илт. Харин хоёр дахь үзэгдэл, Эльсинор шилтгээний өмнөх чөлөөнд Хорацио, Бернардо нартай харилцан яриа эхлэх хэсгээс тэр чангарсан. Яван явсаар ордны хоёр офицерийг тандан ярилцах, Лаэрттэй тулалдах хэсэгт ёстой л тэсэрсэн. Өнөө цагт Гамлетийн дүрийг танхим цугларсан үзэгчдийн сэтгэл зүрхэнд бат нот уяж чадсан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох тухай яриа гарч эхэлмэгц хүмүүс дор бүрнээ л Ардын жүжигчин Л.Жамсранжав агсантай харьцуулж эхэлсэн. Учир нь тэр Монголын анхны, бас төгс Гамлет байсан гэдэг. Найруулагч нь Н.Наранбаатар, Гамлет нь С.Болд-Эрдэнэ бас Офелия нь А.Ганчимэг. Бүгд л залуус, уран бүтээлийнхээ гарааг эхэлж яваа “балчир”-ууд. Үнэндээ нас залуу гэх шалтгаанаар тэднийг хэн, хүнгүй дотроо голж байсан. Харин энэ тухайд Н.Сувд гуай ярихдаа 1979 оны “Гамлет”-д ажиллаж байсан найруулагч, зураачаас гадна оролцож тоглосон миний хувьд бүгд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс байжээ. Дээр нь манай алтан үеийнхэн маань тоглож байлаа. Манай алтан үеийн жүжигчид ч орос сургалтаар бэлтгэгдэж гарсан уран бүтээлчид шүү дээ. Харин одоогийн “Гамлет”-ыг бүтээж байгаа уран бүтээлчид цэвэр Монгол үндэсний сургалтаар боловсрол эзэмшсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, бүгд үндэсний “бүтээгдэхүүн” гэж хэлж болно” хэмээн театрынхаа залуусыг өмөөрч байв. Итгэл хөсөрдөөгүй байх аа.
У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тавих төсөл эхнээсээ л өрсөлдөөн ихтэй байсан. Найруулагч болон гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт ч асар их “тэмцэл” дунд өрнөсөн юм билээ. Харин энэ бүхний эцэст жүжиг тайзнаа тавигдахад гол дүрээс туслах дүр хүртлээ жүжигчдийн баг атгасан гар шиг нягт, хүчтэй байсныг онцлох хэрэгтэй. Энэ нь сайн, тэр муу гэх хорон үг шидлэх хий гаргаагүй гэж хэлж болно. Монголын тайзнаа хоёр дахь удаагаа тавигдсан “Гамлет” жүжигт онцолж хэлэх хэд хэдэн зүйл байлаа. Жүжгийн тайз засал тун өвөрмөц байсан бол үзэгчид жүжигчдийн хувцасыг шагшин магтаж байлаа. Хөгжим гайхалтай, бүжигийн тавилт нь шинэлэг. Бас Гамлетийн хүүхэд насанд хувилсан 11 настай Б.Хангай хүүг онцлох хэрэгтэй. Офелиягийн солиорсон хэсгийг А.Ганчимэг үнэхээр сайн гаргаж чадсан тухай “Фэйсбүүк”, “Твиттер”-ээр хүмүүс өдгөө ч шагшицгааж байна.
 Жүжгийн төгсгөлд хүн бүр босож зогсоод хүндэтгэл үзүүлэн, удтал алга нижигнүүлэн байсан Н.Наранбаатарын баг үзэгчдээс ямар үнэлгээ авсныг илтгэнэ. Ялангуяа Гамлетийн дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ ёслоход алга таших чимээний эрчим бүр ихэссэн нь ч бас нэгийг хэлнэ. Энэ бүхний дараа Ардын жүжигчин Д.Мэндбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр 33 жилийн өмнө уг жүжигт олны хэсэгт тоглож байсан бөгөөд “Сонгодог жүжиг гэдэг үнэхээр л сонгодог байдаг юм байна. Жүжгийн хэлэх санаа өнөө цагт хуучраагүй, үнэ цэнэ нь ч буураагүйг харлаа. Бас манай театрын залуус үнэхээр сайн, бүр маш сайн байлаа. Бид тэднээс хуучнаа нэхэхгүй ээ. Шинэ үеийн үзэгчдэд, шинэ тавилттай “Гамлет”-ийг тэд үнэхээр сайн хүргэж чаджээ” хэмээв. Шекспирийн алдарт бүтээл “Гамлет” жүжиг өдгөө ч дэлхийн театруудад “шалгалт” болж тоглогдсон хэвээр л. Зигмунд Фрэйд Гамлетийн дүрийг “Эдипийн комплекс” буюу эхдээ сэтгэл алдрах гэх томъёондоо багтаасан байдаг. Нэгэн зууны өмнөх энэ задлан шинжлэлтийг өдгөө ч бид харьцуулан дүгнэж болохоор байгаа нь Н.Наранбаатарын баг уламжлалыг алдалгүй, шинэчлэлээс хоцроогүйг харуулсан.
Жүжгийн тухайд дэлгэрэнгүй өгүүлээгүйг маань та анзаарсан байх. Учир нь Монголын тайзнаа эргэн ирсэн “Гамлет” жүжгийн тухай шагшин ярилцхыг та хэдийнэ сонсож, өөрийн биеэр очиж үзэхээр шийдсэн гэж найдсан учраас л тэр  юм шүү. 

Nov 4, 2012

Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй бүсгүй



            “Central Tower”-ийн гуравдугаар давхарт байрлах “Georges”-т баасан гаригийн үдэш бүр амьд хөгжмийн тоглолт болдог тухай сонслоо. PSY, Жастин Бибер, “One Direction”, “The Wanted”... Жинхэнэ урлагаас хол хөндий, хиймэл дуунуудаас уйдаад байхтай яг таарсан болохоор хэрэг гарган тийш зорив. “Central tower”-ийн шатаар дээш өгсөх тусам танил аялгуу хаа нэгтээс тодрон тодорсоор. Тийм ээ, “The Carpenters” хамтлагийн “Yesterday once more” яг мөн байна. 1970-аад оны залуусыг байлдан дагуулсан поп, софт рок чиглэлээр уран бүтээл туурвидаг гайхамшигт хамтлагийн, гайхалтай дуутай ингэж би таардаг байжээ. “Georges”-т явж ороход жижигхэн тайзны голд хар нүдний шил, мөн өнгийн даашинз өмссөн дуучин Daisy гитараа бариад дуулж байна. Өнөөх ялдам эгшиг эндээс оргилж байсан ажээ. Дараачийн дуу, “Fugees” хамтлагийн “Killing me softly”. Daisy гитараа тавиад, төгөлдөр хуурын айзамтай хоршино. Тэнд цугларсан хүмүүс илбэ жатгад автсан мэт бүгд л нүдээ анин, толгойгоо зугуухан хөдөлгөн,
               “Strumming my pain with his fingers,
               Singing my life with his words
               Killing me softly with his song
             Killing me softly with his song… хэмээн түрлэг нэмнэ. Ийм тансаг орчин, ийм дотно, ийм ойрхон мэдрэмжийн төв цэг болж буй Daisy харин дуу эхлэснээс дуусах хүртэл нүдээ аньсан хэвээр. Дуутайгаа уусан шингэж, нэгэн цул болох нь энэ ажээ. “Feeling good”, “Fever”... жааз дуунд дурлагсдын диваажинд ирсэн юм биш биз, би? Бүтэн цаг гаруй үргэлжилсэн амьд тоглолтын дараа түүнтэй уулзах завшаан тохиов. Daisy дөнгөж ширээнээ суумагц л “Зөрлөг киноны дуугаа дахиад дуулаач ээ” гэж булангийн ширээний эр хашгирна. Ийм танхай, гэхдээ  ийм нээлттэй, халуун уур амьсгал биднийг хүрээлнэ. “Тайз ба үзэгчдийн хоорондын зай ойрхон, ирсэн хүмүүс нь урьдаас төлөвлөөгүй ийм орчинд би дуулах дуртай. Анх дуулж байхад сандрал нь том тайзнаас ч их байдаг байсан ч одоо би дассан” хэмээн ярих энэ бүсгүйг бид “Зөрлөг” киноны саундтрак “Дурлал юу хүснэ вэ” дуугаар нь сайн мэднэ. Бүхэл бүтэн арван жил дуулсан хэрнээ тэр ердөө ганцхан цомог гаргажээ. 2010 онд худалдаанд гаргасан “Daisy” нэртэй эл цомогт нь түүний арван жилийн хөдөлмөр нь шингэсэн. “Хүмүүс надаас асуудаг юм. Арван жил дуулчихаад яагаад ганцхан цомог л гаргав аа гэж. Өнөө цагт нэг жил байтугай хэдхэн сарын дотор цомог гаргаад, тоглолт хийгээд явж болдог болжээ. Энэ хугацаанд би 5-6 цомог элбэг гаргачих хэмжээний дуу зохиож, дуулсан байна. Гэвч би өөрийгөө хуурахыг хүсээгүй. Надад таалагдсан дуунуудаа сонгож, одоо боллоо гэсэн үед л би анхны цомгоо гаргаж байлаа” хэмээн тэр дурссан. “Georges”-т PSY-ийн “Gangnam style” дуу эгшиглэнэ. Жинхэнэ амьд хөгжим сонссоны дараа PSY-ын эл уран бүтээлийг сонсоход дуу гэж нэрлэхээс ой гутах шиг болов. Дуучны хоолой л хамгийн чухал байх ёстой атал бүжгийн хөдөлгөөн, салбадайнх шиг аяг эсвэл, гаж хувцаслалт сонсогчдыг татах болж, хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн гунигтай үе ирж дээ гэж бодов. Ямар азаар Адель, Эмили Санде, “Coldplay”, “U2” бидэнтэй нэгэн цаг үед амьдарч, жинхэнэ дуу, жинхэнэ амьд хөгжимд үнэнчээр үлдсэн юм бэ. Ямар азаар “Харанга”-ын Лхагваа, “Madness”, “Нисванис” өнөө хэр уран бүтээлээ туурвиж, “A Sound”, “Lemons”, “Kush and Oyuka” бас Daisy тэдний залгамж халаа болж байна вэ. Daisy ийн ярив. “Шоу бизнес хөгжлийнхөө оргил үед ирж, жинхэнэ урлагийг шороотой хутгах ажиллагаа явуулж байна. Хамтлаг, дуучдыг гаргаж ирэхдээ хоолойн чадал бус царай зүс, бие хаа, хувцаслалт зэргийг нь нэн түрүүнд хардаг болж. Продюссер гэх хүмүүс уран бүтээлчдээс ч илүү чухал болсон байна. Энэ бол сүйрэл. Гэхдээ энэ үзэгдэл цаг зуурынх байж хүмүүс жинхэнэ амьд хоолойг, жинхэнэ уран бүтээлчийг эрэхийлэх үе удахгүй ирээсэй гэж хүлээдэг”. 
            Одоогоос арван жилийн өмнө Daisy Madness” хамтлагт дуулахаар анх шалгуулсан гэдэг. Тэд түүнийг дуугаа бэлдээд, маргааш ирж уулзаарай гээд явуулж. Гэтэл... “Миний хувьд том боломж, том хариуцлага байсан. Замаараа хөгжмийн дэлгүүр орж их гоё хар гитар худалдаж аваад, гэртээ очоод л дуугаа бэлдэж эхэлсэн. Интернэтээс өөрт таалагдсан хэдэн дууныхаа нот, үгийг нь олж аваад л өөрийгөө бэлэн болтол бүтэн нэг жил хагас бэлтгэл хийсэн. Тэгээд нэг өдөр за боллоо гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, “Madness”-ийнхэн дээр явж очив оо. Гэтэл тэд гайхаад, “Маргааш ирнэ гэсэн хүн жил хагасын дараа юу хийж яваа юм” гэлээ. Би ч үнэн учраа хэлтэл, тэр оройноо л “River Sounds”-ын тайзнаа хамт тоглохоор болсон. Анхны тайз... Ээ бурхан минь, юу болж эхлээд, яаж дууссаныг нь ч мэдээгүй. Цаг хугацааны эргүүлэгт орсон юм шиг. Нэг мэдэхэд л тайзны ард гараад уртаар амьсгаа аваад зогсож байсан. Гэхдээ хэдий сандарсан ч гэсэн өөрийгөө би муу дуулсан гэж бодоогүй. Яагаад ч юм сэтгэлд нэг л өег байсан” гэлээ. Дуучин хүн өөртөө, улмаар урлагт үнэнч үлдэнэ гэдэг энэ байх. Өөрийгөө бэлдэхийн тулд тэр бүтэн жил хагасыг зарцуулж, хожим “Madness”-тэй цөөнгүй жил хамтран дуулах тийз атгажээ, тэр. Одоо тэр шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Анхны цомгоос нь гурван жилийн дараа гарах энэ цомогтоо өөрийгөө шинээр нээж, хоолойн чадлаа сорих бодолтой байгаа аж. “Гурван жилийн дотор 10 гаруй цомог гаргачихсан уран бүтээлчид цаашаа явдаггүй. Тэд хоромхон зуур бүхнээ дэлгэчихсэн учраас хүмүүс тэднээс шинэ юм хүлээхээ больчихно. Улмаар гаж хувцаслалт, этгээд бүжгийн хөдөлгөөнөөр хүмүүсийн анхаарлыг татах гэж үзнэ. Хэсэг хугацаа өнгөрмөгц ахиад л хуучирна. Конец. Би тэдгээр уран бүтээлч шиг хямдхан байхыг хүсдэггүй. Би яг л байгалийн баялаг өөрт байгаа үнэт зүйлээ он удаан жил хадгалж, аажим аажмаар нээж яваа” хэмээн Daisy ярив.
            Дуулах үедээ нүдээ аниад тэр өөрийнхөө дотоод ертөнцөд “нисдэг” гэж надад хэлсэн. Тэнд нь мөрөөдөмтгий бяцхан охин амьдардаг бөгөөд хорвоо дэлхийн тухай гайхамшигт бүхнийг төсөөлөлд нь амилуулж, түүгээр хөглөгдсөн Daisy-гээс ер бишийн хүчирхэг хоолой эгшиглэнэ. “The Carpenters”-ийн “Close to you”, бас Daisy-гийн хамгийн хайртай уран бүтээлч болох Жони Митчелийн “Both Sides now”, бас “Дурлал юу хүснэ вэ”... Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй Daisy-тэй зөвхөн энэ үдэш л өглөө битгий болоосой.  

<iframe width="420" height="315" src="http://www.youtube.com/embed/vPWQ0rKY5es" frameborder="0" allowfullscreen></iframe>