Jul 22, 2014

Инээмтгий хүн



Сэтгэл санаа шар айрагны хөөс шиг сагаж байгаад гэнэт юу ч үгүй хоосрон унаж,  балгах тоолон хамт суугсадаас холдсоор, шилтэй хүрэн дундрах тусам бодол дарсаар би бид хоёр нэг л мэдэхэд эрүүлийн талбарт ирсэн байдаг. Биелээгүй хүсэл, учраагүй хүмүүс, тохиогоогүй үйл явдал, бүх алдаа, бүх муу талаа дундаа овоолоод шалтаг болгон өөрийгөө хэмлэж гарна. Хэрэв үүр хаяармагц хамт уугсад нэг нэгээр гэр бүлийн олсондоо татагдан одож, эргэн тойрон чиний л адил ганц бие нөхөд, зарим тохиолдолд чи ганцаараа үлдэх тэр хорлонтой мөчийг мэдэрсэн бол уу! Хүүхэдгүй, эхнэргүй, ажилдаа сэтгэл хангалуун биш, нөхдийнхөө дунд хүндэтгэлгүй, товчхондоо амьдралгүй нэгэн үлдэж хоцорсон нь тэр. Ингэж “өнчрөх” муухай шүү. Харихын өмнө халаасаа тэмтэрнэ. Гэвч үүнээс урд дотоодоо тэмтэрнэ. Надад юу байна вэ? Дотор минь дүүрэн, гэвч уй гуниг л.
Өдрийн ихэнхийг баяр хөөр дунд өнгөрөөдөг хүн, би. Хамт ажиллагсадтайгаа маазарна. Зүсэн зүйлээр хөхин баяссаар сая үдэш болно. Гэвч угтаа би чинь гэрэл гэгээ цацруулсан жаргалтай хүн биш шүү дээ. Инээдээр царайгаа хучдагийн хүчинд би өөрийгөө нууж чаддаг. Үнэндээ хамгийн сайн найз маань ч миний тухай хамгийн энгийн нууцыг мэддэггүй. Намайг гомдвол, уурлавал, гуниглавал тэд аргадаж чаддаггүй. Дуугаа хураачихвал хэрхэн бөөцийлөх аргаа олохгүй. Уг нь хэнд ч бусдын дэм, ядахнаа доторхоо юүлэх “сав” хэрэгтэйсэн. Хамгийн их асуудалтай хүн л хамгийн “юу ч болоогүй” царайг гаргаж чаддаг байхаа ер нь. Нуусаар, дотроо хураасаар гуниг, гутрал, бэрхшээл, асуудал нь дүүрчихээр тэндээ царцаад ер нь гарч өгдөггүй ч байж мэднэ.
 Чаддаг байсан бүхнээ чадахаа байсныгаа, залхуурч юмнаас хойш суух нь элбэгшсэнийг, итгэл хариуцлага алдах нь олширч, хүсэл мөрөөдлийнхөө зүгт яваа гэвч санасан шигээ хүч гаргахгүй байгаагаа ярьмаар. Өөрийгөө чамласаар, зэмлэсээр өдрийг бардаг болсноо, өөрөө үүнд дургүй боловч, яахаа мэдэхгүй байгаадаа тайлбар олохсон. Нэг тийм хатуу, үнэн дагуулсан мөртлөө цаанаа хайр бий нь мэдрэгдсэн, үг нь ширүүн ч, буулт нь зөөлөн, чангаар эхлээд зөөлөн үнсэж төгсдөг аавынх шиг зэмлэл хүртэхсэн. Тэгээд дотор үүрлэсэн энэ бүхнийг юүлж хаяад амгалан болохсон. 
Азаар шинэ өглөө ирж байна, бушуухан “инээх” минь!

Jul 14, 2014

Түүнд уншигдахын тулд тэд зуун жил ургана


Яг одоо та Норвегийн нийслэл Ослод саяхан баригдсан номын сангийн тавдугаар давхрын хоосон өрөөний цонхоор өнгийвөл нэг сая зулзган модод өөдөө тэмүүлэн ургаж буйг олж харна. Энэ өрөө, эдгээр модод зуун жилийн дараах учралаа хүлээж байгаа бөгөөд болзолт хугацаа ирвэл аль алиных нь урган буй, оршин буй үйл төгөлдөр болно, Кэти Патерсоны сүнс амарна. Өдгөө амьд мэнд буй Кэти Патерсон зуун жилийн дараа, модод ургаж гүйцээд номын хуудас болон хувирахад зул болсон байна, та бид ч ялгаагүй. Гэвч үг үлдэнэ. Үүнийг л тэр хүсчээ.
            Шотланд уран бүтээлч Кэти Патерсоны “Ирээдүйн номын сан” зуун жилийн төсөл гараанаас гараад тун удаагүй байна. Утга учрыг тайлбарлах аваас... Зуун жилийн дараа буюу 2114 онд дээрх моддоор цаас хийж, “Future library” антологи номыг хэвлэнэ. Дээрх он хүртэл жил бүр нэг бичээч сонгож, антологид багтах нэг ном бичүүлнэ. Тэдгээрийг модод ургаж гүйцэх хүртэл хэзээ ч хэвлэхгүй гэсэн болзолтойгоор Дэйшманске нийтийн номын сангийн шинэ барилгын тавдугаар давхарт хадгална. Төслийн багт найман хүн байгаа бөгөөд тэд одоо бичээч нар буюу “Future library” антологийг гүйцээлцэх хүмүүсийг сонгон шалгаруулж байгаа (анхны бичээчийн нэр ирэх есдүгээр сард ил болно). Бичээчид ямар нэг сэдэв, бичлэгийн хэв маяг тулгахгүй аж.
            Ирээдүйн ном болохын төлөө ургах нэг сая моддыг хөрсөндөө тэвэрсэн Норвегийн боомт хот Бёрвика томоохон дуурийн театр байдаг гэдгээс өөрөөр юугаараа ч алдартай биш. Магадгүй зуун жилийн дараа энэ төсөл амжилттай хэрэгжих үеэр нэр алдар нь түгэж мэдэх ч хэсэг уран бүтээлчид энэ хотыг хамгийн “хөгжилгүй” газар болгохоор чармайж буй (Кэти Патерсоныг оролцуулаад тэр шүү). Хөгжилгүй гэдэг нь энэ хотод шинэ цагийн дэвшилтэд техник технологи, үйлдвэрийн нүргээн, машины чимээ үл байна гэсэн үг. Хорвоогийн хамгийн “удаан”, өрнөлгүй, үйл явдалгүй энэ хотод хүмүүс бодох гэж, чимээ шуугианаас холдох гэж, төвлөрөх гэж ирдэг болгох санаатай. “Slow space” төслийн гол түлхүүр нь “Future Library” байх бөгөөд “Future farmers”-нийтийн хэрэглээний талхны томоохон зуух гудамжинд барих төсөл, Иван Моррисоноор удирдуулсан нийтийн “бодох өрөө” барилгын төсөл бас багтана.
“Энэ бол мартагдах болоод эргэн дурсагдахын учиртай төсөл” гэж  Кэти Патерсон “Future library”-г тодотгосон бөгөөд асар их тэвчээр гаргаж буйн учир нь техник технологи бүхнийг орлож, хүмүүс робот шиг сэтгэхүйтэй болж, цаасан хэвлэлийн мөхөл ирэх вий гэдгээс эмээснийх гэнэ. Хэрэв танд Ослод очих боломж гарах аваас Дэйшманске нийтийн номын сангаар заавал ороод гараарай. Нар тоссон цонхоор нь хожмын хүмүүст уншигдахын төлөө зуун жил ургах, таны байхгүй ирээдүйд үг болж үлдэх моддын барааг хараарай.

Jun 6, 2014

Хилгүй зүрхэн


             Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум лугаа өнгөрч, нэг л мэдэхэд ураг төрөл алсран холдсон байх. Эрүү яс байтугай элгэн садан салдаг хорвоогийн жамтай эс хүссэн ч эвлрэхээс аргагүй боловч зүрхэндээ хилгүй, сэтгэлдээ тээггүй бол холбох зай яахин алсрах.
Дор таны үгээр нь учран золгох Б.Түмэн-Өлзий Өвөрмонголын Баарин барууны хошууны хүн. Их сургуульд монгол хэл, утга зохиолын мэргэжил эзэмшсэн тэрбээр “Өвөрмонголын сурган хүмүүжүүлэх сэтгүүл”-д хорь шахам жил сэтгүүлчээр ажиллаж, өөрийн нь хэлснээр колони орны хүний “сэтгэлийн гажиг”-ийн нөлөөгөөр зохиолчийн зөнгөө даран, эх оронч үзлийн нөлөө туссан нийтлэл нэлээдийг бичжээ. Энэ зуур “Царай”, “Голын дуун”, “Хүний нутагт”, “Хэнз бодол, хэнз үг” зэрэг ном бичсэн нь Өвөрмонголд ихээхэн алдаршсан аж. Намтарт нь Өвөрмонголын ардын намд нууцаар элсэн орсон түүх ч бий. Япон Монгол, Америкаар асуулт бэдрэн яваа нь ч бас багтана. Одоо Нью-Йоркт амьдарч буй тэрбээр Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөнд судлаачаар ажиллаж байгаа.

            Жамъян-Очирын Тэгшжаргал Нью Жерсид болдог Чингис хааны тахилгад та гурав дахь жилдээ оролцож байна гэсэн. Энэ ёслолд ирэхдээ та сэтгэлдээ чухам юу боддог вэ?
            Буянмэндийн Түмэн-Өлзий Америкт ирснээсээ хойш буюу гурван жил энэ ёслолд алгасалгүй оролцсон. Бид өөрийн гэсэн агуу өвөг дээдэстэй, түүнээ марталгүй шүтэж явах, үндэс угсаагаа гэсэн сэтгэлээ дотроо тээж явах гэдэг нэг ёсны хариуцлага гэж би боддог. Нөгөө талаас би өвөрмонгол, колоничлогдож байгаа орны иргэн учир өөрийн мэдэлгүй сэтгэлийн гажиг шиг тийм хүчтэй үндсэрхэг үзэл надад суужээ. Монголтой холбоотой бүхий л юмсад мэдрэмжтэй байж, юу ч байсан цагаа гаргаад оролцдог. Чингис хаан бол энгийн биш, өнөө цагийн ерөнхийлөгч гэх ойлголтоос дээхнүүр хүн. Монгол хүний бахархал, төлөөний нэр. Хаана ч явсан чамайг мэдэхгүй байж болох ч, Чингис хааны үр удам гэвэл танихгүйн зовлонгүй.
            Ж.Т. Би энэ жил анх удаа оролцсон учраас нарийн ширийнийг тийм ч сайн мэдэхгүй л дээ. Гэвч өнгөн талдаа Чингис хааны тахилгын ёслол мэт боловч далд бас нөлөө тусгал их байгааг анзаарлаа. Хүний нутагт аж төрж буй монголчууд нэгнээ олж, мэнд мэдэж, монгол соёл түгэн дэлгэрэх, мартагдахгүй байх утга агуулга бас байна. Үүнээс гадна бас өөр зүйлсийг та анзаарч, ойлгосон нь лав?
            Б.Т. Хамгийн гол нь Чингисийн үр удам өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Энэ л юм. Жишээ нь, би Америкт ирэхээс өмнө хазара нарын тухай номноос л уншсан болохоос биш, биечлэн уулзаж, үзэл бодлоо хуваалцаж, үгсийн санд нь монгол үг хэчнээн байдаг, Монголын өндөрлөгт байдаггүй ч мал малладаг, сүү цагаан идээ боловсруулдгийг нь таньж байсангүй. Харин энд уулзаад мэдлээ. Өвөрмонголтой уулзаагүй Монгол улсын хүн биднийг хятад ч юм уу, янз бүрээр боддог. Гэвч Чингисийн тахилгад газар газрын монголчууд учран золгоод, арга хэмжээний явцад өөр өөрийгөө хараад, бид адилхан монгол юм байна, яах аргагүй энэ цагаан сахалтай хүний үр удам юм гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал утга агуулга нь байх. Хүмүүс ирэхдээ ингэж бодоогүй байж болно. Гэвч үр дүн нь ийм байдаг. Энэ бол бүхэл бүтэн нэг улсын соёл сэтгэлгээний бүрэн цогц үйл явдал.
            Ж.Т. Сүүлийн үед даяарчлалын тухай, дэлхийн иргэн байх тухай яриа хөөрөө гарах нь их болж. Энэ ялангуяа залуу хүмүүсийн сэтгэл санааг их татдаг бололтой. Дэлхийн иргэн гэх бантангийн нэг хэсэг байхаас илүү хувь монгол хүн байна гэдэг таны хувьд хэр эрхэм зүйл вэ? 
            Б.Т. Даяарчлал, дэлхийчлэл гээд байгаа нь том гүрнүүдийн жижиг орныг залгих, өөртөө нийлүүлэх, үндэснийх нь соёлыг хувьдаа уусгаж, итгэлийг нь бууруулах явуулга. Нөгөө талаар энэ нь хөгжил буурай орны хүмүүст таатай ч юм шиг сонстдог байх. Өөрийгөө үгүйсгэж, гадаад руу гарчихмаар ч юм шиг санагдуулах энэ арга нь үндсэндээ бол мэхлэл юм. Цөөн улсын соёл үлдээд, бусад соёл арчигдана гэсэн үг. Хэл соёлоос авахуулаад бүх зүйл үүнд багтаж байна. Ийм оролдлого урьд ч гарч байсан. Жишээ нь, А.Гитлер Европыг дайнаар нийлүүлэх гээд чадаагүй. Тэгтэл Европын холбоо гэж бий болоод, зугуухан, маш амархан нийлүүлчихлээ. Хэлбэр нь л өөр болохоос биш утга нь нэг юм.
Би ч залуу ч байсан. Залуу хүн бусдыг шүтдэг, өөрөөс нь хөгжилтэй гэж бодсон улс орныг шүтдэг нь жам. Харин тавь хүрээд Монгол гэж юу вэ гэж бодоход оюун ухаан, эдийн засаг, бидэнд заяасан газар орон, цаг агаар гээд энэ дэлхийн 200 орчим улсаас дутах юм алга байна. Тийм учраас бид монголоороо бахархах хэрэгтэй. Гэвч сэтгэлийн хөөрлөөр биш. Надад монгол хүн болсны хувьд бахдах зүйл ихээс биш, харамсах юм даанч үгүй. Орчин үеэс багахан хоцорсон, эдийн засгийн хувьд таагүй байгаа боловч өнөө цагийн таатай амьдрал гээд дэлхийн нийтийн нэрлээд байгаа чинь их олон үнэ цэнэтэй зүйлээ алдсны хувьд сольж авчирсан зүйл шүү дээ.
            Ж.Т. Та Японд дөрвөн жил, Монголд зургаан жил, амьдарсан. Одоо бид Америкт уулзаж байна. Өөр газар аж төрөхөөр амьдралын хэвшлээс эхлээд бодол сэтгэлгээ хүртэл хүссэн хүсээгүй өөрчлөгддөг. Танд тийм зүйл ажиглагдах юм уу?
            Б.Т. Би Японд байхдаа ч, Америкт ирэхдээ ч энэ газруудыг эцсийн цэгээ гэж бодож байгаагүй. Аль нэг өдөр, нас өндөр болохоор Монгол газартаа очиж амьдарна гэсэн бодол бий. Тийм учраас нутаг солигдоод, сэтгэлээр унах асуудал байдаггүй. Мэдээж хүн өссөн соёлоосоо өөр соёлтой нүүр тулна гэдэг үнэхээр хэцүү. Мэндлэх хүндлэх ёсноос эхлээд цаг агаар, хоол унд зэрэг нь тэс өмнөө. Энэ их хэцүү бөгөөд дахин төрж байгаагаас ялгаагүй ч юм шиг. Жишээ нь, зун болохоор эндхийн чийг хэцүү байдаг. Би чинь Монголд хуурай газар салхинд үлээгдэж өссөн хүн болохоор тэсэхгүй. Өөр соёлд амьдарна гэдэг аз жаргалтай биш, энэ бол нэг талын зовлон. Гэвч би өөрөө үүнийг эрж, дуртайдаа амсаж байгаа учраас сэтгэлээ тэнцүүлж, дасахаас өөр аргагүй.
            Ж.Т. Урьд таны Америкийн талаарх төсөөлөл ямар байсан бэ. Энд ирээд ялгаа заагийг нь бүр сайн харж байгаа биз. 
            Б.Т. Барууны ертөнц бол хүн төрөлхтний хамгийн дэвшилттэй ертөнц гэж ярьдаг. Чухам тэр дэвшил гээд байгаа нь юу вэ, биднийхээс юугаараа өөр бөгөөд илүү гэцгээдэг юм гэдгийг мэдэх гэж ирсэн. Өнөөдөр ч энэ тухай эргэцүүлсэн хэвээр.
- Тэр нь жишээ нь юу байв?
-Дэвшилт орны хүмүүсийн харьцангуй буурай орны хүн ардаас ялгагдах тал бол амьдралын тансаг, технологийн зөрүү биш харин хүн эрх тэгш байх болоод хүний бүтээлч чадвараа бадруулах боломжид байна. Үүнийг л би ажигласан.
            Ж.Т. Та түрүүнд колони орны хүмүүст өөрийн мэдэлгүй “үндсэрхэг үзлийн гажиг” суудаг гэж хэлсэн. Нийтлэлч, зохиолч хүний хувьд энэ хамгийн түрүүнд бүтээлд чинь тусгалаа олдог байх, тийм үү?
            Б.Т. Үндэснийхээ талаар хүмүүс барагтай бол бичдэггүй үед би хуй салхи шиг боссон хүчтэй нийтлэлүүдийг анх бичсэн. Нийтлэл чинь зохиолоос илүү бусдад шууд хүрдэг эд. Тэгэхдээ би өвөрмонголчуудын өөрийн дутагдлыг илүүтэй шүүмжилдэг байсан. Үндэсний доройтол гэдэг нэг үзүүрээс болдоггүй. Хятад зөвхөн хүчирхэг байгаад нь асуудлын цөм бишийн тухай долоон жил бичсэн. Ингэхдээ бусдыг хараахаас илүү дутагдлаа олж харж, шүүмжилбэл өөрийгөө дээшлүүлнэ гэж бодсон. Нөгөө талаар Хятадын колоничлолын бодлогын ов мэхийг илрүүлэн бичсэн. Тэд колони орны иргэдийг ирээдүйгүй мэт бодуулж сэтгэлээр нь унагаад, өөртөө итгэх итгэлийг үгүй хийхийг зорьдог шүү дээ.
            Ж.Т. Таныг багад ч, мөн одоо ч ийм кампанит ажил явж л байгааг мэднэ. Харин юу таныг энэ бүхэнд уусаж авталгүй, монголоо гэх үзэл тань хүчирхэг хэвээр үлдэхэд нөлөөлсөн юм бэ?
Б.Т. Би удам угсаатай айлын хүүхэд, Бааран хошууны тайжийн хүү. Миний аав Хятадад олон жил хэлмэгдсэн. Тиймээс миний багад манай гэрт өрнөдөг яриа бүхний гол сэдэв нь монголчуудын хувь заяа, бидэнд тулгарч буй бэрхшээл, хятадууд хэчнээн хүнийг хэлмэгдүүлсэн зэрэг байв. Энэ их нөлөөлсөн. Дараа нь дунд сургуульд байхад завшаанаар манай багш нар их үндсэрхэг хүмүүс таарсан. Тийм мундаг багш олон байсны хүчинд өнөөдөр над шиг хүмүүс байгаа юм. Угтаа тэд биднийг бодвол тэрхүү хэлмэгдүүлэлтийг биеэр туулж, тархи угаалтанд ид орсон хүмүүс байтал өөрсдөөрөө үлдэж чадсан байна. Миний багын монгол хэлний хичээл барагтай л үндсэрхэг үзлийн хичээл байлаа. Өөрийн маань чармайлт ч бас байсан.
            Ж.Т. Зохиолч болъё гэсэн зөн танд хэзээ ирэв. Багаасаа л бичдэг байв уу?
            Б.Т. Багаас л миний мөрөөдөл байв. Хүүхэд байхдаа их уншсан, өөрөө ч сайн бичдэг байлаа. Багш нар маань дэмжиж, урамшуулна. VII ангид байхдаа найруулал бичсэн нь аймгийн сонинд нийтлэгдэж сургуульдаа домог шиг л ярианы эзэн болж байлаа. Аймгийн төв манайхаас 300 гаруй км-ийн зайтай шүү дээ. Тэгсэн удалгүй дөрвөн юанийн цалин ирсэн нь тухайн үедээ (1974 он) мундаг мөнгө байлаа. Багш нар миний бичсэнийг дээд ангийн ах эгч нарт уншуулж байсан. Ер нь зохиолч болох авъяас, зөн бага ч гэсэн байсан гэж боддог.
            Ж.Т. Уран зохиол өөрөө үүргээс ангид, зохиолчид ямар ч “ёстой”-г тулгаж болдоггүй. Гэвч зарим зохиол тэмцлийн маш том хэлбэр, өдөөгч болсон жишээ бишгүй. Хэн нэгэн улстөрчөөс илүү аажмаар нийгмийн оюун санаад нөлөө тусгал үзүүлсэн нь ч олон. Тиймээс зохиолчийн шууд биш ч дам утгаар нийгмийн өмнө хүлээх үүрэг таныхаар юу вэ?
            Б.Т. Зохиолч мэдээж өөрийн ертөнцийг харах үзэлтэй болж төлөвшсөн байгаа. Тиймээс яалт ч үгүй сод бүтээлд нь түүний үзэл бодол мэдэгдэхгүйгээр тусаж таарна. Жишээ нь, би өвөрмонгол хүний хувьд хятадууд биднийг яаж дарлаж, эдийн засгаар дарамталж байгаа тухай зохиол бичье гээд бодвол амжилтад хүрэхгүй. Харин энэ үзэл дотор чинь нэвчсэн байдаг учраас өөрийн мэдэлгүй цаанаас гаргаж байгааг л хүмүүс үүрэг болгож хардаг юм уу даа.
            Ж.Т. Зохиолч болох хүслийг тань хамгийн их өдөөсөн зохиолч, зохиол гэвэл юуг нэрлэх вэ?
            Б.Т. Яг бичихэд, бийр барихад хүргэсэн тийм зохиол, зохиолч үгүй. Энэ бол нийгмийн асуудал. Харин шүтдэг зохиолч бол бий. Хаашаа ч явсан Д.Нацагдоржийн зохиолуудыг би нүүдэл болгондоо авч явдаг. Түүний монгол хэл бол өнөөдрийхөөс өөр. Барууныхан сонгодог зохиол гэдэг шиг Д.Нацагдорж бол Монголын сонгодог. “Миний хэнз хурга”-д гоё чамин үг нэг ч байхгүй хэрнээ тэрл жинхэнэ монгол хэл байдаг. Тэрнээс биш өнөө цагийн, англи хэл шиг тонгоруулж, будилуулсан зохиолуудаас би аль болох зай барьдаг. Япон зохиолуудад бас дуртай. Мэдээж дэлхийн сонгодог бүтээлүүдийг шүтэн уншихаас өөр аргагүй. Тэр дундаа орос зохиолчдыг би шүтдэг.
            Ж.Т. Зохиол бичдэг хүнээс гадна жирийн уншигчдад өөрийн гэсэн сайн, муугийн үнэлэмж тогтсон байдаг. Таны хувьд ямар зохиолд сайн гэх үнэлэлтэд багтах вэ?
            -Энэ бол янз янз. Зарим зохиол мэргэжлийн ажилласнаараа хүнийг бишрүүлдэг. Энийг ямар гайхалтай зохион байгуулаа вэ гэхчлэн, зохиолын бүтэц талаасаа. Монгол зохиол бол хэлээрээ татдаг. С.Эрдэнийн зохиол хүний яруу тансаг хэлээрээ хүний татна. Тэр бол монгол хэлний оргилд нь тултал бичсэн хүн. “Уянгын тойрог”-ийг би гурван удаа уншсан. Хүн дуртай номоо давтан унших дуртай л байдаг шүү дээ.
            Ж.Т. Та өөрийнхөө зохиол бүтээл, нийтлэлийг шударга үнэлж чаддаг уу. Өөртөө ер нь хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
            -Би өөрийн бүтээлийг түүхийгээр хэзээ ч гаргадггүй. Болоогүй санагдвал хэдэн жилээр ч орхичихно. Хуучны адил сонинд өгдөггүй, блогтоо бичдэг ч түүхий юм хэзээ ч нийтлэдэггүй. Миний өөрийн мэдлэгийн хувьд хамгийн оргилд нь хүрсэн гэснээ л бусадтай хуваалцдаг учраас муу байна гэж боддог юм байхгүй.
            Ж.Т. Нийтлэлч, зохиолч хүн цаг үеэсээ түрүүлж сэтгэхээс аргагүй. Тэгвэл үүнээс ч илүүгээр, бичсэний дараа ч цаг үе нь болоогүй гээд хав дараад үлдсэн зохиол танд байдаг уу?  
            -Өвөрмонголд байхад тийм зүйл их байсаан. Одоо харин энэ чөлөөт ертөнцөд тиймийн зовлонгүй. Нийтлэлч хүн бусдаас урьдаж сэтгэхээс гадна хүнээс өөрөөр сэтгэх ёстой юм шиг. Хүнд содон санагдахаар. Яг үнэнийг хэлэхэд нийтлэлч, зохиолч хувь хүний онцлог, бичлэгийн өөрийн гэсэн аргаараа хүнийг татдаг. Урьд хүн тэр тухай нь бичсэн байхыг үгүйсгэхгүй ч өөрийн онцлогоор бичсэн учраас содон тусдаг шүү дээ. Дуучин ч ялгаагүй. Норовбанзад гуайн дууг урьд олон хүн дуулж л байсан ч, түүнийхээр л хүмүүс одоо эргээд дурсдаг.
             Ж.Т. Бүхий л зохиолч уншигчид зориулж бичдэг. Таны хувьд уншигчаас авсан хамгийн сайхан урмын үг юу байсан ба. Үүн дээр нэмэхэд уншигчдийн хэлсэн сэтгэгдэл дараа дараачийн бүтээлд тань нөлөөлөх нь хэр их вэ?
            Б.Т. Уншигч өөрөө адилгүй байдаг. Таны зохиолуудад автаад, дайны цагийн байлдан дагуулагч, хувьсгалын тэргүүн шиг бодох нь ч бий. Өвөрмонголд намайг хүмүүс тэгж үздэг байсан. Гудамжинд таарахаар залуус хоорондоо нударч яриад л, миний зохиолын нэрээр нэрлэгдсэн гуанз ч бий болж байлаа. Ийм үед энэ бүхэнд согтуураад өөрийгөө хэн билээ гэдгээ мартаж эхлэх үе байдаг. Их бага хэмжээгээр урам авч байсан ч дараагийн бүтээлд нөлөө үзүүлсэн гэж би бодохгүй байна. Тэр үедээ л дууссан. Монголын уншигчид “Зууны мэдээ” сонины сонинд гарсан өгүүллийн сэтгэгдэлд “Өвөрмонголын Баабар” гэхэд, манайхан намайг “Одоо үеийн Инжинаш” хэмээж байсан ч би тийм хэмжээнд угаас хүрээгүй учраас нэг их баяр болж санагдаагүй. Болжморыг бүргэдтэй зүйрлэснээс ялгаа юун.
            Ж.Т. Өөрийн дотоодоо шүүмжилсэн нийтлэлүүдийн тань гол цэг нь, төв санаа нь юу байсан юм бэ?
            Б.Т. Бидний ахуй амьдрал доошилсон, газар нутгаа алдаад, уламжлалт аж ахуй эрхлэх нь багасаж, монгол үг хэлж чадах хүмүүс цөөрөөд байсан үед зохиолч, дуучин, зураач нар бүхнийг их гоё болгож харагдуулахаар бүтээл туурвиж байсан. Монгол гэрийг хараа ч үгүй хүн гэр гэж шүлгэлэх жишээний. Үүнийг би шоолж, “Хоёр сая худалч” гэсэн нийтлэл бичсэн. Бид үндсээрээ худалч болжээ, юу болчихоод байхад та нар юу гэж бичээд байна вэ гэж асуудал хөндсөн. Мал сүрэг нь барагдахгүй их болж, бараг дэлхийн бөмбөрцөг даахаа байсан шиг худал бичихээр манай жинхэнэ амьдралыг хэн бичих вэ гэж. Энэ бол их хүнд сэдэв байсан. Хүмүүс янз янзаар хүлээж авч байсан. “Сүүдэр сэтгэгчтэй хүмүүс” нийтлэлдээ бидний түүхийг хятадууд бичих болж, бид өөрийнхөөрөө сэтгэхээ байсныг шүүмжилсэн. Хэлэхэд жижиг сэдэв шиг хэрнээ энэ чухал юм шүү.
            Ж.Т. Би хятадад дуртай монгол хүнийг нэг ч харж байгаагүй. “Хятад 2020 онд АНУ-г эдийн засгаараа гүйцнэ” гэх зэргийн мэдээг хараад нэг ч удаа баярлаж байсангүй. Харин танд Хятадын тухай элдэв мэдээлэл ямар өнцгөөр буудаг бол?
 Б.Т. Хятад улс бол хүнээр хэлбэл нэг хорт хавдартай өвчтөн сайн наймаа хийж байгаа хэрэг. Ийм л учир байна. Өөр юу ч биш. Эд хэдий баяжсан ч хорт хавдартай учраас удалгүй дэлбэрнэ, удахгүй үхнэ, нурна. Тэр нь өөрөөөс нь ирж байна. Тэд хамгийн хямд хөдөлмөөөр гадаадын бүх барааг Хятадад үйлдвэрлэж байна. Энэ хэрээр өөрийнхөө бүх нутгийг бохирдуулж байгаа нь зөвхөн агаар биш, уснаас эхлээд л бүх зүйлс. Тэндээс сонин хачин ураг төрж байна, хүмүүс хорт хавдар тусж байна. Тарианы газартаа барилга барих болсон. Баян ядуугийн зөрүү хэлэх юм байхгүй. Мөнгөтэй нь түүнийгээ Америк руу зөөж байна. Эцсийн эцэст тэнд хоосон байшин, хордсон газар нутгаар өөр юу ч үлдэхгүй. Ийм учраас хятад бол нурна. Хэдий түргэн хөгжинө, тэр хэрээр түргэн нурна. Хятадыг гайхах бишрэх, хожим Монголыг залгина гэж айх хэрэггүй.
            Ж.Т. Зохиолч хүний хамгийн чухал эрдмийн нэг нь ургуулан бодох. Хэрэв хоёулаа яг одоо ар, өвөр Монгол нэгджээ хэмээн ургуулан бодвол сайн, муу ямар үр дүн гарах бол гэж та бодож байна вэ?
            Б.Т. Мэдээж сайн нь илүү.  Монгол маань улс маягтай болно. Улс маягтай болно гэдэг нь хүн ам ядаж 10 сая болж, дотоодын зах зээлтэй, бүтээлч ард түмэнтэй, цэрэг гэхэд цэрэгт явчмаар хөвгүүдтэй болохыг хэлж байна. Улсыг гурван талаас нь, хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засаг гэж хардаг шүү дээ. Манай монголчууд хүн нэмбэл аяган дахь хоолыг нь булаана гэж харж байна. Гэтэл хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэггүй билүү. Тэндээс хөдөлмөр, зах зээл, хэрэглэгч орж ирнэ гэж орчин үеийнхээр ойлгох хэрэгтэй байх. Сөрөг тал гэхээр би санахгүй юм байна. Нэгдсэн жолоогоор үүнийг залах хэцүү байх. Үнэхээр өөр өөр улс оронд харьяалагдаж амьдарсан нь худал биш. Хазарачууд исламын шашинтай байна. Буриад тува халимаг бол, өвөрмогнолчууд хятад соёлын нөлөөг адил бус хэмжээгээр хүртсэн. Над шиг Монгол улсын иргэн биш хүн сэтгэхэд ийм байна. Монгол улсын талаас авч хэлбэл өөр байна байх аа.
            Ж.Т. Эцэг хүний хувьд хүүхдэдээ захьж хэлдэг хамгийн чухал зүйл юу вэ?
            Б.Т. Би ганцхан охинтой. Охиноо багад нь нэг их юм ярьдаггүй байсан ч, одоо нас биед хүрч, том хүн болсон учраас нийгмийн асуудал ярина. Монголоороо байх, Хятад хүнтэй ураг барихгүй байх, монгол хүнтэйгээ суух. Энэ бол миний зүгээс охиндоо тавьж буй хамгийн том, зөрчиж болохгүй хууль. Тэрнээс биш заавал мундаг хүн болж, бусдыг байлдан дагуулаасай гэж хүсэхгүй. Энгийн л нэг хүн, гэхдээ монгол гэдгээ мартаагүй хүн байгаасай л гэж хүсдэг. Би энд болж буй өвөрмонголчуудын эрхийн төлөөх жагсаалд охиноо дагуулан очдог. Тэгэх бүрдээ “Чи зүгээр нэг оролцъё, биеэ харуулъя гэж очиж болохгүй” гэж захьдаг. Урьд орой нь Өвөрмонголд сүүлийн хагас жилд юу болов гэдгийг нэгд нэггүй ярьдаг. Тэгж байж уриа хашхираад орилоход тэр нь дотроос чинь гарна. Тиймгүй бол очоогүйгээс ялгаагүй. Охиноо би Улаанбаатарт очиж амьдар гэж шаардахгүй, энэ бол боломжоос давсан асуудал. Ядаж Америкт чи монгол хүн шиг бай л гэж хэлдэг.  
-Америкийг зорих шийдвэрийг та хэр удаан бодож гаргасан бэ. Танд өөр сонголтууд тухайн үед байсан уу?
-Монголд байсан зургаан жилийн сүүлийн дөрвөн жилд нь намайг хүлээн авах гурав дахь орныг хүлээсэн. Бүх талаар нь дэмжиж, зочин зохиолчоор урьсан Норвегийг сонгож болох байсан ч өвөрмонголын төлөө дуу хоолойгоо хүчтэй хүргэж болохоор нь Америкийн сонгосон. Одоо энэ сонголтдоо харамсдаггүй.
-Монголд та зургаан жил амьдрахдаа юу юу хийж байв. Одоо та Монголын юуг нь үгүйлж, санаж, дурсдаг вэ?
-Бараг л ном уншсаар барсан даа. Ялангуяа Монголын хоёр дахь дайнаас 1990 он хүртэлх түүхийг нэлээд судалсан. Алтанбулагаас Чингис хааны төрсөн нутаг хүртэл гээд үзэх гэсэн дурсгалт газруудаар явсан. Цөөн хэдэн нийтлэл бичиж, крилл үсэг сурсан. Энэ л байна даа.
            Ж.Т. Монголчуудын  зүгээс танд ямархуу хандлага мэдрэгдэж байсан бэ?
            Б.Т. Намайг ойлгодог, энэ бол Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шүү гэдгийг мэддэг хүн цөөнгүй байсан ч хятад гэж хандах нь их байсан. Ер нь бол хэцүү, Монголд би таатай сайхан байсан гэж худлаа хэлэхэд хэцүү. Өрөөгөө хаагаад, цаанаас согтуу хүн хаалга нүдэхгүй бол ойлгохгүйн зовлонгүй монгол телевизээ үзээд, нийгэмд юу болж байгааг алгасахгүй олж мэдээд суух сайхан л байдаг. Гадуур явахдаа болж өгвөл өвөрмонгол гэдгээ мэдүүлэхгүйгээр л чармайна. Хөдөлж барих, хэлэх үгээ цэгнэнэ. Энэ бол их дарамт. Нэг ёсондоо жүжиглэж байна гэсэн үг шүү дээ. Америкт ирсэн өдрөөс эхлээд харин тийм санаашралгүй, харууд буудагдчихгүй л бол тайван амьдарч болоод байна.
            Ж.Т. Бүх насаараа Монголд амьрах юмсан гэсэн бодол тань зарим талаар жаахан ганхсан уу?            
            Б.Т. Үе үе тийм юм санана. Хөдөө очоод мал маллаад суучихвал илүү амарч юм уу гэж бодож байлаа. Чухамхүү саальтай энгэрээс унаж, хурга тугал хариулж өссөн дөө. Миний чаддаг нь монгол бичгээр нийтлэл бичихээс гадна хоёр дахь ажил мал хариулах. Би Энэ хоёрын нэгийг сонгохоос аргагүй. Би ямар бизнес хийж чадахгүй шүү дээ. Монголд үлдээд амьдаръя гэж үе үе бодож байсан ч гэр бүлийн талын асуудал байсан учраас чадаагүй.
            Ж.Т. Та ярилцлагын эхэнд Америкийг сүүлчийн цэгээ гэж бодож ирээгүй гэж хэлсэн шүү дээ. Монголд амьдрах талаар ахиад бодох болов уу, та?   
            Б.Т Яг одоо зуун хувь баталж хэлэхэд хэцүү. Юу гээч, үнэхээр сонгож болох Монгол Улс байвал би явлаа. Гэхдээ намайг гадуурхдаг, намайг хужаа гэж хардаг тийм Монгол Улс руу биш. Намайг зүгээр л монгол хүн гэдгээр хүлээж авдаг, гадуурхдаггүй, эрх тэгш Монгол улсад очихыг би хүсэж байна.

Jun 2, 2014

Мэдээ унших эрүүл мэндэд хортой


Харин “Гэрэг”-ийг унших нь танд чухал хэрэгтэй. Яагаад гэж үү? 

            Долоо хоногт би хоёр хэвлэл авахаар ажлын үүдэн дэх сонины мухлагийг заавал зорьдог. Нэг нь сэтгүүл, нөгөө нь сонин. Нэг нь зузаан, нөгөө нь нимгэн. Нимгэн нь “Open door”. Ховор ярилцлага, баримт тайлбар нь бэлхнээ нийтлэлүүд байдаг учраас сонгодог. Арай зузаан нь “Үндэстний Тойм”. Зөвхөн нэг авторынх нь нийтлэлийг унших гэж авдаг. Миний сайтаас уншсан, сониноос гарчигласан мэдээний үнэн учир, цаад голчийг нарийн  шинжлэн гаргасан байдгаас тэр. Энэ хоёрын алинд нь ч жир мэдээ байдаггүй. Бичвэр бүр нь баримт, тайлбартай, үйл явдлын голч дүгнэлттэй. Товчхондоо миний хэзээ ч сайтаас олж уншдаггүй бүхэн байдаг болж таарна.
Мөн нэг хэвлэл гарахыг тэсэн ядан хүлээдэг. Эрхлэн гаргаж буй сэтгүүл, энд таны гарт байгаа “Гэрэг”-ээ мэрэн, имрэн уншдаг. Эхний шалтгаан нь, зэргэцэн суудаг ажлын хамтрагчийн маань фэйсбүүк хуудастаа бичсэнчлэн “Ажил руугаа яарч ирдэг, гэр рүүгээ яарч очдог хүнийг жаргалтай хүн гэдэг дээ. “Гэрэг”-ийг унш, энэ аз жаргалтай хүмүүсийн гараас гарсан бүтээл”. Удаах нь Монголын хэвлэлийн тогтсон жаягаас гажих гэж хичээж, илүүц нуршаангүй, чинээнд нь тултал шахаж базсан ус багатай голч нийтлэл, үйл явдлыг харсан өнгөц дүрслэл бус, тунгаан шинжилсэн дүгнэлтийг голлож, бас шинэ сэдэв, бичлэгийн шинэ хэв маягийн туршсан бичвэрүүд байдагт нь тэр. Магадгүй та сэтгүүлийн хуудаснаас дээрх сүржин тайлбартай яв цав дүйсэн бичвэр уншаагүй ч байж мэднэ. Харин түүнд хүрэх гэсэн тэмүүлэл, зүтгэлийг бол заавал харсан гэдэгт бат итгэлтэй байна.
Гэвч яах гэж, хэнд зориулж? Энэ хэцүү асуулт шүү. Монголд 240 орчим цаасан хэвлэл тогтмол гардаг нь хэтийдсэн их тоо мөн боловч чин үнэндээ эд хорин мянга хүрэхгүй уншигчийг хэмлэн аж төрдөг. Ерөнхий эрхлэгчтэйгээ хамт жил гаруйн өмнөөс сэтгүүлээ гаргахаар төлөвлөж, ярилцах бүрт унших хүн бий юү, ер нь хэдэн хүн хэвлэл захиалдаг юм бол гэсэн асуултын хариу хамгийн их ээрч байсныг санаж байна. Удаан хайсны эцэст дээр дурдсан тоог, хорин мянга гэх өчүүхэн бага тоог олж билээ. Дээрх 240-өөс ядаж нэгд нь энэ тоо ногдож байвал өөр хэрэг. Төсөөлөл, мөрөөдөл бодит байдалтай гэнэт тулахаар үйрч унах тохиол бишгүй, бас даанч тоогүй шүү, тийм ээ! Интернэт гэх гайхал түргэн түгэж, дээрээс нь фэйсбүүк, твиттер тэргүүтэй нийгмийн сүлжээний цахим хуудсууд өрсөлдөөнд хүч түрч хэвлэл мэдээллийн зах зээлд шуурга тарьж, үр дүнд нь цаасан хэвлэлүүд үүдээ барихад ойрхон ирсэн тухай хаа сайгүй бичсэнийг та олж уншсан нь лав. Гэвч ийм мэдээ гарсаар байтал бид яагаад сэтгүүлээ хэвлэсээр байгаа вэ?
Интернэтийн орчинд хүн жилд дунджаар 120 мянган мэдээ уншдаг гэнэ ээ. Би тэгсэн байх, та ч бас тийм ээ? Гэвч та өнгөрсөн жил уншсан өдий тооны мэдээнийхээ хэдийг санаж байна вэ? Миний хувьд лав бараг арын дөрвөн тэгийг нь хасах хэрэг гарах байх шүү. Мэдээ эрүүл мэндэд хортой гэсэн нь энэ. Чихэр идэх биед муу шиг, мэдээ унших тархинд муу гэж “Guardian” дээр бичсэнийг саяхан уншсан. Мэдээнд дүгнэлт, үйл явдлын урьдач дэвсгэр, удаах үр дүнгийн талаар эргэцүүлэл барагтай байдаггүй учраас хэдий нэг ч худал мэдээлэлгүй байлаа ч уншигчийг өнгөц дүгнэлт хийж, туйлшрахад хүргэнэ. Дээр нь түмэн янзын мэдээн дундаас өөрт хэрэгтэйг олоход амаргүй. Уншаад л байна, уншаад л байна, эцэсгүй. Эцэсгүй учраас таны сонирхлыг татах авч, эргээд ой тоонд буухад амаргүй. Хамгийн чухал мэдээ ч түмний нэг болно гэсэн үг. Мэдээ яг л компьютерийн вирус шиг. Тунгаан бодох завдал өгөхгүй шууд л хариу үйлдэл шаарддаг. Тэр нь эсэргүүцэл, үзэн ядалт үүсгэхэд нөлөөлнө. Өдөрт төчнөөн удаа сэтгэцийн хариу үйлдлүүд үзүүлэх нь эргээд нервт нөлөөлдөг байна. Явсаар мэдээллийн урсгал дунд хүний унших дадал аажмаар сулардаг бөгөөд, хэвлэлийн бүтэн нийтлэл, бүрэн ном унших чадвар мөхдөг гэнэ. Мэдээ бичих пирамид гэж бий. Лийд буюу эхлэл хэсэгт бүхий л шинэ мэдээллээ базаж гаргасан байх ёстой гэдэг. Энэ зүйтэй, гэвч энэ явцад нэг нууц хор нуугдаж байдаг. Зөвхөн хэрэгтэйг түүн унших! Мэдээ уншсаар дассан уншигчид ном, нийтлэл байлаа ч автоматаар алгасдаг зуршилтай болдог байна. Үүгээр бас зогсохгүй ээ. Мэдээ унших нь бүтээлч чанарыг үгүй хийдэг. Хүмүүс бүх зүйлийн тухай мэдээлэлтэй хэрнээ юуны ч тухай бүрэн мэдлэгтэй биш. Хариулт нь энгийн бөгөөд амархан байгаа биз.
Мэдээнд талбай өгдөггүй “Үндэстний тойм”, “Open door”-ыг унших гэж долоо хоног бүр сонины мухлагийг заавал зорьдог шалтгаан маань энэ. Бас цаасан хэвлэл мөхөж байгаа гэсэн МЭДЭЭ-нд итгэлгүй, хүмүүст үйл явдлын голчийг харсан тойм хэрэгтэй гэсэн НИЙТЛЭЛ-д итгэн “Гэрэг” сэтгүүлийг гаргаж, 11 дэх дугаараа өмнө тань барьж, цаашид ч учирсаар байх болно гэж бат итгэсний цаад учир ч ийм юм.  

May 29, 2014

Аракатакагийн илбэчин



“Ер нь зохиолч хүний хамгийн хэцүү ажил бол эхний догол мөрөө бичих. Ганцхан догол мөр бичих гэж хэдэн сар болох үе ч бий” хэмээн хэлснийг нь эшлэснээр би түүний тухай бичихийн хамгийн хэцүү үеэ ашгүй давлаа. Эрхлэгч маань надад 87 насандаа таалал төгссөн, зохиолч Габриэль Гарсиа Маркесийн тухай бичихийг зөвлөсөн нь чухам хамгийн амархан, бас хамгийн хэцүү ажил байснаас тэр. Одоо зовлонгүй.
Эхний удаа би бичгийн ширээн дээрээ “Зуун жилийн ганцаардал” номын түүний дуртай шар өнгийн хавтастай, испани хэл дээрх 1968 оны хэвлэл, Го.Аким гуайн монгол орчуулга, хоёр ёотон хийсэн аяга хар кофе, мөн 60 ширхэг янжуур зэхсэн нь тэрбээр мөнхүү номоо бичих 20 жилийн турш өдөрт ийм тооны янжуурын ард гардаг байсныг дуурайсан хэрэг. Гэсэн ч энэ бүхний хэрэг ер гараагүйгээр үл барам 13 ширхэг тамхи, гурван аяга хар кофе уусан миний толгой дүйрч, дотор муухайраад юм бичих манатай болсноос бичиг цааснаас бушуухан зугатав. Харин одоо үүнийг бичиглэх зуур өмнө минь мөн л 60 ширхэг янжуур зэхээстэй байгаа боловч тэднийг би татаж баръя гэсэнгүй, ер гэрчээ болгохоор шийдсэн болно. Бас бидний хэн хэн нь өдрийн цагаар бүтээмж муутай байдаг учир өглөөний 02.15 цагт бичвэрээ эхэллээ. Бусдын хувьд энгийн л мэт санагдах зарим ажлыг бид дотроо бүхэл бүтэн хувьсгалын дайтай санаж, сүржигнэх тохиолдол бишгүй олны нэг жишээ нь миний хувьд таны уншиж буй энэ нийтлэл гэдгийг бас нэмье.   
Арван зургаан насны төрсөн өдрөөрөө хамгийн дотно найзаасаа “Зуун жилийн ганцаардал” номыг бэлгэнд авахад Габриэл Гарсиа Маркес бид хоёр нэгэн цаг үед амьдарч байснаар үл барам наян насны босго руу дөхөж явсан тэр “Надад ахиад роман бичих тамир байгаа ч, би бичихгүй гэдгээ маш сайн мэдэрч  байна” хэмээж, утга зохиолд дурлагсдын урмыг хугалсан дуулиант мэдэгдлээ хийж амжсан байлаа. Гэвч түүний эл бүтээл анх миний сонирхлыг ер татаагүй бөгөөд номын шүүгээнд тоосонд дарагдан хэвтэж байхад нь амьдралдаа “Тунгалаг Тамир”-аас өөрөөр бүтэн ном хэзээ ч уншиж байгаагүй ах маань зориглон авч, шөнөжин мэрэх болсон юм. Дараа нь ээж барьж авсан. Ээж маань ном унших тун сонин зуршилтай бөгөөд хуудас бүрийг нэг нэгээр нь биш, арав арваар нь алгасдаг нь хэзээд гайхшыг маань бардаг байлаа. Тэр мөнөөх л тогтсон янзаараа “Зуун жилийн ганцаардал”-ын ард зургаан цагийн дотор гараад ширээн рүү шидсэнийг санаж байна. Ингэсээр бүтэн нэг жил дамардаж, надад дахин нэг төрсөн өдөр ойртоход найзынхаа бэлгийг нээж ч хараагүйн ялд унах вий гэсэндээ би номын хуудсыг албадан нээж байлаа.
“Олон жилийн хойно хурандаа Аурелино Буэндиа гэгчийн бие Макандогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо тэр жилийн нэг үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макандо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа...” гэж зэгсэн дориун эхэлсэн боловч хуудас хөврөх бүрт олон Буэндиагийн дунд толгой эргэж, нягтрал сайтай өгүүлбэрүүдийнх нь утгыг ойлгох гэж хоёр, гурав эргэцсээр залхаж, хожим намайг олон удаа аврах хувьтай тэрхүү номоос би хоёр дахь удаагаа хагацсан юм даг.
Тэр ч бас багадаа ийм л нэгэн байсан гэх бөгөөд Латин Америкийн сонгодуудыг холоо орхиод, нас биед хүрсэн хойноо ч эмээгийнхээ аман түүхүүдийг шимтэн сонсдог байсан гэдэг. Энэ дашрамд хэлэхэд, бид хоёул үлгэрч эмээтэй байсан нь бидний цаашдын замд ихээ хэрэг болсон. Намайг зургаан настайд ээж, аав хоёр салж сарних дээрээ тулж, би эхийгээ даган Сүхбаатар явж, тэгэхэд Баруун-Уртын I арван жилийн уран зохиолын багш байсан эмээ маань яаж гэдгийг нь яг таг санадаггүй ч, яаж ийгээд намайг уншуулж сургасан байлаа. Эцэг эх хоёрын маань салалт хоёр долоо хоног үргэлжилж, тэгэхэд харин цэцэрлэгт ч ороогүй, “ажил албагүй”, үймүүлэхээс өөр хэрэг тусгүй би гэгч эмээтэйгээ жил хагасыг үдээд гэртээ ирэхдээ хэдийнэ уншиж, бичдэг болсон нь тэр. Бас Дарьгангын шилийн сайн эрсийн элдэв түүхийг эгээ үг, өгүүлбэр гээлгүй цээжээр ярина гээч.
Харин Маркесийн Аракатакад үдсэн бага нас эмээгийнх нь шидэт үлгэрүүд, Мянган өдрийн дайны ахмад явсан өвөөгийнх нь элдэв баатарлаг түүхээр сүлэгдсэн байдаг. Үргэлж “Тэгэхэд миний үзсэн цусан овоо ямархуу харагдаж байсныг чи төсөөлөхгүй дээ” хэмээн ижилхэн оршилтой эхэлдэг тэдгээр түүх нь хожим Габогийн (Маркесийн багын хоч) ихэнх зохиолд их, бага ямар нэг байдлаар орсон байдгийг уншигч авхай та мэдэх биз. “Зуун жилийн ганцаардал”-д гардаг гадилын хядлага, Аурелиано Буэндиа аавыгаа даган мөс үзэхээр цыгануудын овоохой руу очсон зураглал зэргийг өвөө нь тэрхүү алдарт зохиол нь бичигдэхээс төдий тэртээд бяцхан ой ухаанд нь зурж өгсөн ажээ.
Гурав дахь удаагаа “Зуун жилийн ганцаардал”-ыг барьж авахад хүүхэд насны минь хамгийн сүүлчийн зун шувтарч байсан. Тэгэхэд би өрөөсөн, харин Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг цагаан даавуу хөлөглөн тэнгэрт аваачсан, тоорын модонд хүлүүлж, жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилсан зүрхтэн, буржгар саарал толгойтой, тамхичин өвгөн бээр Хосе Аркадио Буэндиа туулайн бөөр модонд хүлүүлдэг шиг, эмнэлгийн оронд бат шигдсэн байлаа. Олон Буэндиагийн нэрэнд төөрөхгүй гэж ургийн бичиг хөтлөх цаас бэлдээд, сууж уншиж сураагүйн тул номоо тэвэрч хэвтээд эхлэлээс сүүлийн хуудсыг хаах хүртэл урьд надтай төдийлэн таарч байгаагүй бахдал, баатарлагийг мэдэрснээ, дүр бүр нь гайхалтай цулыг, дайсангүй, эсрэг тал болгон үзэн ядах, үгүй ядаж хүүхдүүдээ цөмийг нь орондоо гүйцээсэн Пилар Тернераг ч зүхэх завдал өгөөгүйд алмайрч хоцорснооо санаж байна. Ертөнцийн эхлэл, төгсгөлөөтэйгээ багтдаг тэр жижигхэн номын дүрүүд хүн хэрхэн амьдрах ёстойн үлгэр шиг л санагдсансан.
Хэн нь ч амьдралд хоргоддоггүй, хэт бардам. Бардмаа бусдад тулгадаггүй. Нэгнээсээ хамааралгүй оршдог, бүгдийнх нь дайсан нь ч, аврал нь ч өөрснөө байдаг. Үхлээ урьдаас мэдэрдэг, ихэнх нь ирэхийг нь хүлээдэг. Ирвэл нь дуугүй оддог. Наминчлал, гэрээслэл... ер нь юу ч үлдээдэггүй бадрангуй  баатардуутай тэр ном харин миний дотор бүхлээрээ үлдсэн юм даа.
“Тэр нэг орой романаа дуусгаад сандлаасаа босон хаалгаа нээтэл өрөөнд цэнхэр муур орж ирлээ. “Энэ ном маань нэлээн хэдэн удаа хэвлэгдэх нь дээ” гэж тэгэхэд бодогдсон юм” гэж тэрбээр дурссаныг нь санаж байна. Хэдийгээр тэр цэнхэр муурны араас гараа нэл цэнхэр будаг болгочихсон хүүхдүүд шаагилдан орж ирсэн боловч зохиогчийн бэлгэшээн бодсон нь талаар болоогүйгээр үл барам дэлхийн 60 гаруй улсад орчуулагдан гарч, олон сая хувь хэвлэгдсний нэг хувь нь надтай гурвантаа таарсан нь энэ юм. Тэрнээс хойш би энэ номыг оюуны хангалга аятай арван нэгэн удаа уншсан. Тоо гүйцээж байгаа юм шиг тэгж олон уулзахад би биш ном намайг татдаад байгааг хожим ухаарсан. “Зуун жилийн ганцаардлыг зуу дахь удаагаа уншаад би үхэх байх” гэж тэнэглэн хөхинө, би бас.
Дээрх арван нэгийн талаас илүүг нь их сургуульд гүйцээсэн байхаас зайлахгүй. Их сургуулийн утга зохиолын ангийнханд зохиолын задаргаа хийх даалгавар байсхийгээд л гарна. Нэг бол дүрийг, нөгөө бол зохиолын байгууламж, эсвэл орчуулга гээд л хэдэн талаас нь мөлжинө. Энэ бүрийд дан ганц “Зуун жилийн ганцаардал”-ыг л ярьдаг байлаа, би. Ингэх тоолон би өөрөө уйдаагүй байхад, ангийнхан маань сонссоор бүр залхчихсан. Хичээл тус бүрийг өөр багш ордог учраас тэд анзаарахгүй. Харин манай ангийнхан бол андахгүй. Манай хүн энэ удаагийн семинарыг өнөөхөөрөө л авч гарах нь гэцгээнэ. Заримдаа миний залийг мэдээгүй багшийн дэргэд жуумалзаад золтой бариад өгчихгүй. Дөрвөн жил “Зуун жилийн ганцаардал”-аа ярьсаар сургуулиа нэг юм төгсөхдөө нэг л мэдэхэд зохиогчтой өөрийгөө ямар нэг байдлаар холбоотой гэдэгт бат итгэчихсэн байлаа.
Колумб явна, Маркесийг холоос ч болтугай харна, завдал таарвал гар барина, “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулагдсан бүх хувилбараар нь цуглуулна, тусдаа гарч зуслангийн газартай болбол тэрийгээ Макондо гэж нэрлэнэ, цэнхэр мууртай болно гэж мөрөөдөөд л дэгэж гарна. Тэгэхэд Маркес амьд байсан. Амьд байсан учраас бидэнд хорвоогийн хаа нэгтээ таарах магадлал зуун хувь бий хэрнээ, ийм зүйл хэзээ ч тохиохгүй нь сэтгэлийн шаналан болно. Өөрийн байр байдлаа түүнийхтэй жишиж үзнэ. Ажлын гараагаа сэтгүүлчээс эхэлснийг нь мэдэх учраас би нэгдүгээр курсээсээ өдөр тутмын сонинд ажиллах болсноороо бахархдаг байлаа. Түүнтэй ижилсэх нэг ч гэсэн юмтай болсон нь сайхан санагдана. Миний насан дээр Габриэль Гарсиа Маркес “Сэптимус” гэх нууц нэрээр “El Heraldo” сонинд өдрийн гурван песоны хөлсөөр элдэв жигтэй хэрэг явдлын тухай булан хөтөлж эхэлсэн байлаа. Удаа ч үгүй кино шүүмж сэлт бичиж эхэлсэн байдаг шүү бас, яг тэр үедээ. Гэвч ялгаатай нь, тэр 26 насандаа “Leaf Storm” хэмээх анхны туужаа, хэвлүүлж амжсан бол надад өөрийн зохиолоо бичсэн эрээн цаасны хэлтэрхий ч байхгүйг мэдээд түүнийг өөртэйгөө жишин бодохоо больсоон. Надад 13 настай охиныг эхнэрээ болгохоор шийдэх зориг, нас биед хүртэл нь хүлээх тэвчээр, өдөр тутмын сонины эрхлэгч хийх чадал, суут бүтээл туурвих авъяас байхгүйтэй эвлэрээд бүр ч урам хугарсан.
Гэвч түүнээс илүү урам хугарсан нь 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд таарсан билээ. Габо бид хоёр хоёул өдрийн цагт бүтээмж муутайгаа мэддэг учраас үүрээр суух дуртай тухайгаа дээр хэлсэн дээ. Тэр л янзаараа юу ч юм хийх зуураа фэйсбүүкийнхээ ньюсфийдийг гөлийж суутал Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес 87 насандаа таалал төгссөн тухай миний дагадаг “Paris Review”, “Newsweek”, “Guardian” сониныхон уралдаад л бичсэнийг харав. Бидний тэг хувийн магадлалтай, зуун хувийн боломжтой уулзалт тохиохгүй, Колумб явах, холоос ч болтугай барааг нь харах хөг өнгөрлөө. Энэ суут хүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан шүү гэх бахархал маань ч ганхлаа. Яг үнэндээ өөрөөр би шаналаагүй ээ. Учир нь тэр уншигчдаа өөрийн үхэлд эртнээс бэлдсэн. “Зуун жилийн ганцаардал”-ынхаа дүрүүд шиг тэр ч өөрөө ч үүнд бэлэн байсан.
Бас түүнд энгийн нэг үдэлт ногдохгүйг ч гадарлаж байслаа. Эцэг эх нь нэрээ элбэж өгсөн илбэчин Габо (аав нь Габриэль Элигио Гарсиа, ээж нь Луйза Сантиага Маркес) Аурелиано Буэндиа шиг хүүхэд насыг үдэж, Хосе Аркадио Буэндиа шиг амьдраад, Маурисио Вавилоны оройд эргэлдэгч мянга мянган шар эрвээхий хөлөглөн, сайхан Ремедиосынх шиг төгсгөлөөр зуу биш 87 насандаа ганцаардаж биш дэлхийн уншигчдынхаа халуун сэтгэлээр үдүүлээд одов. Гэм нь надтай л уулзсангүй, хөгшин илбэчин Габо.  

May 28, 2014

УНШИГЧ (энэ нээрэн юутай эрхэм алдар билээ дээ)


         Урамгүй муухай үгээр өдөж, энэ сэтгүүлийн хуудсыг догдлол дүүрэн нээсэн мөчийг тань эвгүй мухар үгсээр шившиглэх бодол өчүүхэн төдий ч байхгүй шүү гэдгийг энд, зүүнтээ булгилах зүрхэн тушаагаа дарж, тангаргалъя. Та, уншигч та гэвч он цагийн нугачаанд даанч их хувирсан байна шүү.
       Хурууны өндөг дагаж дэрвэх хэвлэлийн хуудас хэчнээн муухай чахардаг болсон гээ. Хуучин, зузаан, зэвэрсэн шар өнгөтэй номын хуудас одоо үзэхэд хэдий болхи боловч хуруудтай хэчнээн эвлэгхэн эвцдэг байсныг, ээ тэр үнэрийг нь, хатсан модны үртэс хааяа таарах нь ч сийхгүй танхайг нь... Одоо гэтэл яав. Уншигч таны л анхаарлыг татах гэсэндээ өнгө будгийг ёстой нэг юүлэх шиг болж, гялгар хуудас, чамин хавтас (тэр чамин нь ч дээ) мэдэхгүй ээ, мэдэхгүй, лав танигдахаа байсан, хуучны сайхан цөм үгүй болсон. Номын дэлгүүр (тэр сайхан диваажин, ариун газар) хямдхан гутлын дэлгүүрээс ялгагдахаа байсан. Уншигч таныг сэрэмж алдах зуур (ямар чөтгөр нь хараачихсан юм бүү мэд) хачин өөрчлөлтүүд сэхээ зайгүй алгадаж, цаасан хэвлэлийн үнэ цэнэ жорлонгийн цааснаас дор болов шүү. Ойлгож байна аа, таныг зэмлэх гээгүй бас. Өөрчлөлтийн салхинд та ч мөн өртсөнийг, өөдгүй муу зэвтэй төмрүүд (технологийн дэвшил гээд байгаа юм шүү бас!) бүхний оройд (бас бүхний халаасанд) гарсныг, юм бүхэн хувьсаж буйг, дэлхий дулаарлаас болж нартай өдрүүдийн тоо зэгсэн нэмэгдсэнийг, шөнө богиноссоныг тэр зуур таны хийх болон сатаарах юмс тоймгүй их, толгойг чинь эргүүлэх урин эдүүд одноос олон болсныг ч мэдэж байна. Тоосго шиг зузаан ном цүнхлээд явах аргагүй болж, таблетан дотор номын сан чигтээ багтаж байгаа нь дэвшил мэт санагдаж байгааг ч ойлгож байна. Та мөн завгүй болсон учраас цаас эргүүлэх сөхөө гарахаа байсны далимаар хөнгөмсөг юмнууд, хоолны жор, тураах зөвлөгөө, амжилтын хөтөч гэсэн модонд гамгүй, байгальд ээлгүй цаасны үрлэг талх шиг борлох боллоо. Тэдгээрийн хавтасны гоё, доторхын хэрэггүйг ээ!
Бүхий л амьдралаа хэдэн техникийн дунд өнгөрүүлэх болсны харгайгаар ном ч гэлтгүй, цаасан хэвлэл, сонин сэтгүүлийн борлуулалт буурч, зарим нь эхнээсээ үүдээ барьж эхлэв. Хэд нь бас урвав (“Newsweek”, “New York Times”-ийн жишээг та сонссон нь лав). Ийм л юм болоод байна. Ёстой нөгөө уйтгартай ч, гунигтай ч цаг үе иржээ дээ, янз нь. Хэрэгцээнд тань зориулсан хэдэн сая цахим хуудас (дээр нь бас Фэйсбүүк, Твиттер) хүнийг залхаан цээрлүүлж, мэдээллийн бохирдол, илүүдэлд оруулж буй нь үнэн боловч хэзээний зэхсэн та шантрахгүйгээр уншсаар л байгаа авч,  муу зүгийг зорьсон галт тэрэг хэдийнэ эрчээ авч, таныг болоод цаасан хэвлэлийн хүүрийг ачаад явж байгаа нь үнэн буюу!
Уншигч та зохиолчоос давсан мэдэлтэй, (хэдийгээр энэ тохирохгүй үг ч) энэ зах зээлийн хамгийн чухаг хүн болсон. Үеийн үед бичээчид уншигчид л зориулж бичсээр ирсэн нь үнэн боловч арай ч ийм ил цагаан байгаагүй юм аа. Одоо гэтэл даргын таалад нийцэхийн төлөөнөө тайчихаас ч буцдаггүй туслах хүүхэн шиг хэвлэн гаргагчид хэчнээн өрөвдөлтэй байртай болсныг хараач! (Дор дурдах баримтууд бүр ч өрөвдөлтэй байх болно). Сүүлийн таван жилийн дотор хүн дунджаар долоо хоногт 3.8 цагийг уншихад зарцуулах болж, дундаас нь хоёр цаг хагас сох дутжээ. Цаасан хэвлэлийн борлуулалт ганцхан жилийн дотор 33 хувиар унав. “Guardian”-ий “Өнгөрсөн жил та ямар нэг ном уншив уу?” гэсэн сорилгод оролцогчдын 44 хувь үгүй гэж үнэнээ хэлсэн байна. Дөрвөн ном уншсан гэж дөнгөж есөн хувь нь хэлжээ. Энэ хэсэг бүр эмгэнэлтэй. Та номыг ямар хэлбэрээр уншиж байна вэ? гэсэн асуултад Их Британид лав цаасан хэвлэл хоёрт орж, таблет өмнүүр нь гишгэсэн байна (Ээ гэгээн Уильям Шекспир, Олдос Хакслийн сүнс өршөө! Цаас имрэхгүйгээр ном унших тухай тэдний зүүдэнд ч орохгүй дээ).
Явсаар номын сангууд суутнуудын оршуулгын газар шиг санагдах боллоо (Энийг бичиглэгч би бээр онлайнаар ном уншина гэдгийг ой гутам явдал хэмээн цээрлэдэг, хэрэв тэгвээс хиймэл хүүхэнтэй хурьцаж буй мэт огтхон ч таашаал авдаггүйгээр үл барам ямар ч сүнсгүй, цаг гарзадсан балай ажил хэмээн түвэгшээдэг хүн учраас ийн бухимдаж байж болох нэг талтай). Хамгийн сүүлд хэзээ тийш зүглэснээ хэн хэн маань санахаа ч байлаа. Цаас имрэхгүйн гай энэ. Цахилгаан төхөөрөмж хэдий амар, авсаархан, мөнгөнд болоод цагт хэмнэлттэйг гайхаад баршгүй боловч энэ бүгд л ОМО-ны сурталчилгаа шиг санагддаг (Жинхэнэ уншигч хүний бол ойг гутаасан дараалал, тодотголууд). Уншигч танд бас их учир байна шүү. Цаг завгүй, толгой гашилгахгүй амар гэж өөрийгөө зөвтгөж байгаад дэмий балай, “хөнгөн” юмсыг оодруулаад, одоо ном гэхнээ сурталчилгааны товхимолоос ялгарахгүй, хүндгүй боллоо (интернэтээр ном унших нь байгальд ээлтэй гэж балайрагсад байна бас).  Угаас төхөөрөмж дамжин ном, хэвлэл уншина гэдэг дэмий ажил боловч энэ нь явсаар хүмүүсийн унших дурыг гутаадаг аж. Энд заавал судалгаа, баримт эш татах хэрэг ч алга. Нүдний чинь өмнө эрээлжлэн урсах мэдээллийн давалгаа ч мөн ийм үр дүнд л хүргэнэ (уншихгүй бол  сэтгэхгүй гэж улиглаад юу хийхэв, уг нь бодууштай л үг тийм ээ?). Цааснаа бичихээ ч байлаа, цаас шагайхаа ч болилоо.
 Эцэст нь гээд хэлчих дүгнэлт сэлт над ер алга аа. Уриа лоозон, тунхаг, мэргэн санаа ч байхгүй. Мэргэн уншигч (уншигч гэж юутай сайхан үг билээ, УНШИГЧ) таньд хэлье гэж санасан хэдэн үг маань л энэ. 

Бас энэ :)