Apr 7, 2011

Хаврын амьсгал... ургаж буй улирал



Хайр дурлалын тухай түр мартъя аа, хаварт ч бас үзэн ядалт буй. Харин! Дасал болсон зүгээс шувууд зэллэн, танил хэрнээ анхных адил догдлуулах хаврын амьсгалыг мэдрээч. Дэлхийн цаг тоолол хэдийд эхэлдэг тухай маргахаа больё оо, одоо л бүх юмс амь ордог бус уу, хавар эхлэл юм. Хавар хаана дууссан, яг тэр газраа дахин эхлэхээр ирж. Ургаж, ханзарч, учирч, салаад л... өнөөх танил бүхэн. Гэвч хавар бид хоёр биенээсээ ер уйдахгүй юм. Энд хавар, тэнд намар. Өөр хаа нэгтээ өвлийн цасаар бөмбөг урлаж суугаа хэн нэгэн бий. Хагацал, намар, цасан бөмбөлөг... хоорондоо нэг л авцалдаж өгөхгүй байх чинь! Ай хавар...


Харахуй (Винсент Ван Гог- "Хавар загасчилсан нь")

Түүх болон үлдэх тийм ч амархан биш. Тэр дундаа өнгө будгаар урлаг бүтээгч үй түмэн эрхмүүд дундаас торж хоцрох, зуун зуунаар дуурсагдах үйл хэргийг бийрийн үзүүрээр урлах зэргийг ёстой л “төрчихсөн” нөхдүүд л гүйцэлдүүлдэг байх. Тэдний нэг Винсент Ван Гог. “Жозеф Роулиний хөрөг”, “Вааран дахь 12 наранцэцэг” гэхчлэн алдартай зураг урласан энэ эрхэмийн нүдэнд хавар хэрхэн төсөөлөгдөж, бийрээр хэрхэн амилах бол? “Fishing in spring” буюу “Хавар загасчилсан нь” гэх зураг урлаг судлаачдын сонирхлыг өнөө хэр татсаар. Шар, ногоон, цэнхэр гурван өнгөөр тоглосон 50.5х60 см-ийн хэмжээтэй уг зураг 1887 онд “мэндэлжээ”. Понт де Кликийн хөвөөнөө хоёр салтайгаа хөвж яваа өвгөн загасчны царай үл харагдана. Төсөөлвөөл үзсэн хавар бүхнээ эвлүүлэн бодож суугаа хижээл насны эр, уснаа тусаа биз. Парисын хавар, Понт де Клинк голын хөвөөнөө тэр өдгөө ч бодлогшрон суугаа даа, Ван Гогын ертөнцөд.

Сонсохуй (Вивалди-"Хавар" сонет)

1678 оны хавар хүн төрөлхтний түүхэн дэх суут хөгжмийн зохиолчдын нэг Антонио Вивалди мэндлэв. Энэ сонин биш, харин тэр 1725 оны хавар “Дөрвөн улирал” цуврал бүтээлийнхээ “Хавар” (Spring) аязыг туурвисан нь өнөө хэр Антонио Вивалди гэх итали эрийн нэрийг санан дурсахын шалтгаан болсон юм. Үггүй, дүрс ч үгүй (XVII зуунд юуных нь видео байх вэ дээ) зөвхөн хөгжмийн хэлээр хаврыг мэдрэх, хүсэмжлэх, үгүйлэн санагалзах бүхий л мэдрэмжийг хөглөх түүний бүтээл 276 дахь хавартаа эгшиглэж байна. Хүн төрөлхтөн мөхөж, сүйрч, хорвоогийн бяцхан орон зайгаас ул мөргүй арчигдталаа (хэрэвзээ ийм зүйл болвол шүү дээ) жил жилийн хаврыг Вивалдитай хамт мэдрэх нь дамжиггүй. Хачирхалтай нь тэр хавар аязаа “Нохойн хуцалт” гэх бүтээлээсээ хуулбарласан гэнэ билээ. Хавар, нохой хоёр хэрхэн авцалдсан нь сонин байх чинь!



Мэдрэхүй (Ким Ки Дук- "Хавар, зун, намар, өвөл... дахиад л хавар")

Хавар иржээ. Үнэндээ энд л хаврын амьсгал ирсэн болохоос тэнд намар, нөгөөд өвөл, тээр цаана зун... Хавар, зун, намар, өвөл... дөрван улиралын мөчлөгт хөвөн, уусан, шингэн амьдрах хүн төрөлхтний мөнхийн тойрог. Сөрж хэн ч үл чадна. Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Дук 2003 онд хүн төрөлхтний түүхэнд дэх нэгэн өвөрмөц хаврыг бидэнд бэлэглэсэн юм. Буддын шашины ламын дүрээр амилах уг кино таван хэсэгтэй. Ким Янг Им, Жи Бак нарын уянгалаг хөгжимийн мэдрэн, таван улирлыг мэдрэх... хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар. “Цэнхэр луу” кино наадмын шилдгээр шалгарсан уг кино таны үнэт цагаас 103 минутыг хорооно. 104 дэх минутаас эхлэн хүмүүс ертөнцийг цоо шинээр хардаг гэнэ билээ (мэдээж бүгд биш). Дөрвөн улирлын мөнхийн тойрог эргэх төдийд буддын ламын нэгэн түүх цэг тавих аж, ай хавар.



Уншихуй (Д.Нацагдорж- "Хавар")

“Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар” гэж мөр бий. Мөнх тэнгэр гэдэг бол монголчуудын үеийн үед шүтэж байсан шүтлэг. Энэ шүлгийн хамгийн сүүлийн мөрүүд буюу “Хүн бүр өтгөсийг үдэж нялхасыг угтан, Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл мөнх тэнгэрийн дор монголчуудын амьдрал хязгааргүй “мөнх” үргэлжлэх юм гэж “Дөрвөн цаг” шүлгээрээ гайхамшигтай шинэчлэл хийсэн юм” хэмээн судлаачид үнэлсэн байх юм. Мөнх тэнгэрийн дорх мянган мянган хаврыг тал нутгийн хөвүүн ийн мэдэрч. Монгол ахуйн хавар ийм гэгээн аж.

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

2 comments:

  1. Ким Ки Дук... "Хавар, зун, намар, өвөл... дахиад л хавар"... Гайхалтай кино шүү. Шуудхан л үхмээр, эсвэл сайхан амьдармаар санагддаг юм. Амжилт хүсье

    ReplyDelete
  2. saihan bichileg setgeld nen oyg tod duursagdxaar saihan zuils medregdlee

    ReplyDelete