Apr 21, 2011

Урлагийн тэнгэр үл ивээгсдийн музей




Түүх байхгүй л бол музей утгагүй. Харин түүх заавал гоё байдаг уу? Энэ асуултыг хариуг Монголоор үгүй гэдэг аж. Урлагийн муу бүтээлийн музей гэх хачин газар Массачусетс гэх хэл хугалам нэртэй хотод бий. Скоттын сэдсэн ажил л даа. Скотт Вилсон гэх этгээд 1994 онд Бостоноор тэнэж яваад музейд байж огт таарахгүй ангилалд багтсан “Lюси цэцэгсийн дунд” зургийг хогийн саванд байхыг харжээ. Урлагийн бүтээл гэж харахад бас хэцүү л зураг. Гэвч Скоттын толгойд “Урлаг заавал сайхан байх ёстой юм уу” гэсэн асуулт орж ирээд л, хариултаа ийн биежүүлсэн байна. Музей, урлан бүрээс “гологдол”-уудыг нь сорчилдог хачин нөхөрт зураачид ч бас “сор” бүтээлүүдээ өгөх болж. “Museum of Bad art ч удахгүй нээгдэж (түүний гэрт), удалгүй өөртэй нь санаа зорилго нэгтэй Рэйли гэгчтэй таарснаар урлагийн муу бүтээлүүд амилах цаг эхлэв. Анхны үзэсгэлэнд 95 уран бүтээлч оролцож, анх удаа муу бүтээлүүдээ сорчилж дэлгэжээ. Гэхдээ тэд яаж ч байсан нэрээ тавихгүй гэсэн болзол тавьсан нь ойлгомжтой. Сайханд бялхсан үзэгчдэд энэ музей шиг тохиромжтой газар байсангүй. Тэдний ажил бүр бизнес болтлоо өргөжсөн юм шүү. Анхны үзэсгэлэнгийн нэр “Гараас гадуур”. Хачин сайхан зохисон байгаа биз.
1995 уг музей зэрэглэл дээшилж, Дедхамын театрт байрлаж байсан удаатай. Удсан ч үгүй, тэд төрхөмдөө буцсан л даа. Тэндээ “Цонхны цаадах урлаг” нэртэй үзэсгэлэн гаргасан нь ёстой л бут авав. Юун Лувр, гэх нь арай ч хаашаа юм. Энэ зуур тэдний архив овоо зузаарав. Бүр муу урлагийн бүтээлээр дагнан ажиллах зураачдийн тоо ч нэмэгдсэн гэх юм. Урлагийн хөшгийг хуу татаж, ард нь чармай нүцгэн мэт чичирч зогссон бүтээлүүд “од” болох замналаа эхэлж, дэлхийн томоохон хотуудаар аялах хүртлээ дэвшив. Тэнэж явсан тэд өдгөө Массачусетс суурин байна. “Далд сэтгэл хөдлөл”, “Юу хүсээд байгааг чинь мэдэж байна” зэрэг музейн түүхэнд баймгүй хачин нэр бүхий үзэсгэлэнгүүд тэнд мэндэлсэн. Тэд бүр даварч, eBuy-аар бүтээлээ худалдаж, дуудлага худалдаанд ч орж үзэв. Эхэндээ “Үнэгүй өгье гэсэн ч авахгүй” гэх хариу сонсдог байсан тэдний бүтээлүүдийн дундаж ханш өдгөө 10000 доллар хүрсэн гэвэл та итгэхгүй дээ. Хогийн саванд хоног төөрүүлж байсан “Люси цэцэгсийн дунд” зураг үнэд орж, найман тэгтэй тоо санал болгоход ч хөдлөөгүй аж. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв.
Музейн тасалбар хоёр жилийн өмнө 6.5 доллар байснаа огцом дээшилж, 36 долларт хүрсэн гэдгийг ч бас хэлье. “Урлагийн муу бүтээлүүд мандтугай”. Эднийх музейд тавих бүтээлүүдэд тавих тогтсон шаардлагатай. Уриа нь “Хамгийн, эцсийн, туйлын муу байх”. Бас насны шалгуур бий. Хүүхдийн бүтээлийг авдаггүй бөгөөд нас биед хүрсэн, бас ч гэж тодорхой амжилтад хүрсэн зураачдын бүтээлийг л хүлээн авна. Шалгуурын дээр дурдсан хоёр эрхэм явуулна. Жилд 6000 орчим бүтээл ирдэг бөгөөд шалгуурт тэнцсэн шидээврүүдийг л авна уу гэхээс, сайн бүтээл байх юм бол ураад хаях нь ч энүүхэнд. Музейн дэргэд “Хогийн савны ухагчид” клуб бий. Тэд урлагийн муу бүтээл хайх эрлийг гардан хийдэг.
Хачирхалтай нь Скоттоос халдвар авсан этгээдүүд буюу урлангийн хогийн сав үл тайван байлгагчид Европоор олширч, тус тусын музейгээ нээж амжсан гэнэ. “Урлагийн муу бүтээл туурвигчид мандтугай!

No comments:

Post a Comment