Jun 10, 2011

Харах дуртай



“Би чамайг хүлээж байна”, тэр мэдээгүй, сонсоогүй, би хэлээгүй, чадаагүй. Шалтаг маш энгийн, би зүгээр л чамайг харах дуртай. Цааш даварч боддог л доо, гэхдээ чаддаггүй, бас л. “Нэг американо, сүүтэй шүү”. Энэ ердөө л халхавч. Би кофенд тийм ч дуртай байгаагүй, одоо бол кофе, чи хоёр нэг л гоё.
Американо, хатуу байсан учраас хоёр сүү, tequila gold (үнэндээ анх удаа), зургадугаар сарын “Гоодаль”-ийн феминизмийн тухай нийтлэл. Эмэгтэйчүүд энэ нийгэм дэх байр сууриа илүү их байлгах тухай улигт тэмцлийн жишээ, хажууд нь Өлзийтөгсийн айлдсан “Эрч чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” гэнэ. Би өөрийнхөө эрх чөлөөг урьтал болгож, Валочкагийн эрх чөлөөнд халдаж, хулгайлсан ном (мэдээж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр). Муу чихэвч минь цаа хэвтэж байна. Тэр “Ravel”, “She”, “My love эгшиглүүлдэг. Ингэхэд миний эргэн тойронд яасан олон эмэгтэй байна вэ? яасан олон. Хажуугийн ширээнд бас л нэг эмэгтэй, бас хүүхэн шиг залуу, “хоёр эмэгтэй” гэе. Гэхдээ энд суухын шалтгаан энэ хоёр “бүсгүй” байсангүй ээ. “Би чамайг хүлээж байна”, бас чамайг харах л дуртай. “хазчихвал” таашаалгүй, харах л...
Тэр хоёр далан дээрээ далавч мэт шивээстэй. Илүү ихийг мэдээлбэл та харчихна, “өө энэ үү” л гэнэ. Тийм ээ, ердөө л тэр. Гайхалтай нь, энэ “үүр”-нд орж ирэх тоолонд чи байж байна шүү. Намайг хүлээдэг эсэхийг нь мэдэхгүй ээ, над шиг мэдэрдэгийг нь ч таах юм алга. Лав л суужийнэ, ихэвчлэн ганцаараа шүү, ганцаараа... Хамт суух зориг надад байхгүй ээ, нуугаад яахав. Хэрэв суучихвал тэр минийх болно, харах дуртай эмэгтэй биш миний өмчид хувирна. Харин би харах л дуртай. Өмчилчихвөл би уйдна, харахаас дургүй хүрнэ, яагаад гэвэл би чамайг харах л дуртай. “Гал байна уу...” анхны харилцан яриа. Өө би яриагүй юм байна, шууд л галаа өгөөд яг тэнэг хүн шиг, сэтгүүл рүүгээ ширтсэн, үнэндээ ямар гарчигтай нийтлэл байсныг ч санахгүй байна. Ямартаа ч чи баяртай ч гэхгүй явчихсан байсан. Тэр ярьдаг юм байна лээ. “Энд суучих уу, ганц л залгууртай юм байна...”, хоёр дахь нь. Харин энэ удаа би ярьсан шүү. Жинхэнэ харилцан яриа. Тэр маркетингийн чиглэлээр сурдаг, хувийн бизнестэй, нөхөртэй, гэхдээ хүүхэдгүй. Бас “Mild seven”-ий байнгын хэрэглэгч, гэхдээ миний “Boro”-ны дуслыг уухаас татгалзаагүй. Уучлаарай, бас л удаан ярьж чадаагүй. Яагаад гэвэл би тэрнийг харах л дуртай. Гэхдээ нэг гэм нь, хүсэлтэйгээ нүүр тулчихаар харж чаддаггүй юм билээ. Бидний зай хэтэрхий ойртсон учраас... Тэгээд л тэр. Учир нь би чамайг харах л дуртай!

1 comment:

  1. Бас “Mild seven”-ий байнгын хэрэглэгч, гэхдээ миний “Boro”-ны дуслыг уухаас татгалзаагүй

    ReplyDelete