Oct 3, 2011

Сэрэл ба айдас

Хайр гэж яг юу вэ гэдэгт хэн дуртай нь л хариулдаг. Гэхдээ хайр гэж яг ийм юм байдаг юм аа гээд хэн ч баталчихаагүй болохоор тэд бүгд худалч аж. Томъёогүй байна гэдэг ч бас томъёо шүү дээ. Тэгэхээр сэрэл болон айдасын тухай ярилцъя, мэдээж ямар нэгэн томъёололгүйгээр. Эрт урьдын цагт амьдарч байсан хэн нэгэн “Хүнийг танья гэвэл сэрэл нь хөдөлсөн юм уу, үхтлээ айсан царайг нь хар, үйл хөдлөлийг нь ажигла” гэж ээ. Энэ үнэн байх. Учир нь сэрэл хөдөлсөн үед хүнийг тархи нь биш өөр сувгийн хүртэхүй удирдаж эхэлдэг бөгөөд багаа тайлж, ямар нэгэн хяналтгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг аж. Айдас ч мөн ижил.
Зуун зуунаас нэг нэг эр сонгоод, тэр 21-ийн өмнө нүцгэн бүсгүй суулгаад үзье гэх хамгийн бүтэшгүй хувилбараар жишээ авъя. Хүйсийн хувьд нэг, сонирхол бол яв цав таарсан энэ нөхцөлд хэнээс нь ямар араншин илрэхийг төсөөлье. Мэдээллийн технологи хөгжсөн XXI зууны төлөөлөл болох эрийн сексийн төсөөлөл бусдаасаа эрс илүү байж таарна. Тэр үйлдэхгүй юм аа гэхэд өч төчнөөн янзын сувгаар мэдээлэл хүртсэн учраас ургуулан бодох сэтгэлгээ нь машид хөгжсөн байна. Тэгвэл агуйд амьдарч, ахуйн тэс өөр орчноос ирсэн эр буюу МЭӨ-өөс маш холгүй үеийн төлөөллүүд магадгүй айж мэднэ. Эхийн эрхэт ёс ид мандаж байсан үеийнхэн шүү дээ, тэд. Мөн тэдний үед хувцас гээчийг навч сэлтээр орлуулдаг байсан учраас маш өөр төрлийн сэрэл өдөөгдөх нь гарцаагүй. Хүнийг тархи нь бус зүрх нь, бүр нарийндаа төрөлх араншин ба үзэж туулсан зүйлсийн нөлөө удирддаг гэдэг. Иймээс нийгмийн хөгжлийн явц бүрийн төлөөллийн сэрэл, хүртэхүй өөр байж таарах гээд байна. Ер нь тийм. Өнөө цагт интернет хайлтын 80 гаруй хувь нь “секс”, “порно” гэх түлхүүр үгийн давтамжтай болж, “Playboy”-ийн сүүдэр болсон маш олон төрлийн эротик сэтгүүл, ном зохиол гарч буй нь бидний сэрлийн өгөгдлийг улам баяжуулж, төсөөлөн бодох чадварт хувь нэмрээ оруулж байна. Холливуудын кино бүрт секс дүрслэл зах замбараагүйгээр гарч эхэлсэн нь ч үнэн. Энэ хэтийдэл яваандаа ирээдүй хойчийн маань бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлөх талаар эрдэмтэд ярьж эхэллээ. Учир нь өнөө цагийнхан ийм сэдвийг ил дол болтол ярьж, бичиж, үзэж, харж буй нь олон жилийн хөгжлийн явцдаа сексийг юу ч биш, байдаг л нэг хов живийн дайтай үзэж мэдэх аж. Хэрэв ийм зүйл бодит утгаараа болвол дэлхийн хүн амын зогсолтгүй өсөлт буурч эхлэх юм. Гэвч сүүлийн магадлалыг эс тооцвол сэрлийн хувьсал, төсөөлөн бодохуйн хүчирхэг байдал сөрөг үр дүнгүй байж болно. Харин айдас өөр.

Биднийг хаа сайгүй л айдас дагалдаж байдаг. Харанхуй, сүүмгэр газар, сүйрсэн балгас, эзэнгүй байшин харах, мэдрэх үед бидний тархийг айдсын төсөөлөн бодохуй шууд удирдаж, болох хийгээд болохгүй бүх үйл явцыг бодож эхэлдэг. Энэ нь айдсын хүчин зүйлсийн долгионыг бүр ч эрчимжүүлэх бөгөөд ялангуяа “Хөрөө”, “Техасын цахилгаан хөрөөт алуурчин” зэрэг аймшгийн триллерийг үзсэн хүмүүст айдсын даавар бүр ч их тунгаар илэрнэ. Сүүлийн жилүүдэд амиа хорлох, зүрх нь хаагдан, гэнэтийн цочролоор хорвоог орхих хүмүүсийн тоо ихсэж буйг эрдэмтэд аймшгийн кино, сэдлүүдтэй холбож буй нь буруу биш. Эцсийн дүнд үзэж туулсан, мэдэрсэн зүйлс л аливаад шийдвэрлэх үүрэгтэй оролцдог бөгөөд аймшгийн кино огт үзээгүй, айдастай нүүр тулаагүй бяцхан хүүхдүүд тухайн агшинд томчуудаас ч эрэлхэг байх тохиолдол бий. Энэ тухай “Dogtooth” киноноос та бүхэн хэдийнэ мэдэрсэн байх. Тэгэхээр холливуудын гэх шошготой элдэв эротик өгөгдөл бүхий кино, эсвэл аймшгийн бүтээлүүд хүний сэтгэл хөдлөл, төсөөлөн бодохуйд асар хүчтэйгээр нөлөөлж буй нь нууц биш.

Шинжлэх ухаан, технологи хөгжиж буй ч тархин дахь өгөгдлүүдийг бүрэн устгах, ангилах хүртлээ хөгжөөгүй байна. Бидний оюун санааны бүр гүнд хадгалагдан айдсын, сэрлийн хүчин зүйлүүдийг улам хүчтэй өдөөдөг тэрхүү ухаан бодлоос хагацах, тунг нь багасгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Чөтгөр хараагүй бид үүнийг киноноос харснаараа л төсөөлдөг. Ганцаараа гудамжинд явахдаа өнөөх нь энд тэндээс гарч ирэх мэтээр бодож, эмээдэг нь зүрхний хүчдэлийг бүр ч эрчимжүүлдэг. Харин энэ тухай огт мэдэхгүй, хараагүй хүн харанхуй гудамжаар яваад магадгүй бурхантай, эсвэл хэн нэг эсрэг хүйсийн сайхан хүн гарч ирэх мэтээр төсөөлж болно. Үүнд л гол нууц нь байгаа юм даа.

No comments:

Post a Comment