Oct 16, 2011

Улаанбаатарын блюз



Хатсан навчисын шаргал чимээ хаалга тогшилгүй орж ирэх. Хашгирах уу, болих уу?, Ганихрах уу, тайтгарах уу? Мөчирнөөс газарт, газраас салхинд, салхинаас цонхонд, тэндээс надад... Улаанбаатар ийм байгаагүй гэсэн. Ийм болгосон хүмүүс нь бид аж. Утаатай, хог шороотой гэж адална, хүмүүс нь ууртай гэнэ. Гэвч энэ саарал хот л оршин буйг минь мэдрүүлж, биднийг амьд байлгадаг биш үү. Гудамжинд шүлсээ хаяхыг юман чинээ боддоггүй хөмсөг зангидсан хүмүүс, юунд ч юм яаран, нэг нэгнээсээ өрсөн давхих жолооч нар, хаа дуртай газраа барьсан барилгуудыг хараад заримдаа зугтмаар санагддаг ч явлаа гээд бид хаа холдох билээ. Сэтгэл зүрхний минь нийслэл энд буй хойно.

Чойжин ламын музейн ганжирын цаанаас “Sky tower”-ын шилэн барилга гэрэлтэнэ. III, IV хорооллын хүн-урсгал”-ыг сэтлэн гарч ирэхэд Гандангийн дэнжийн тоос манарсан гудамж угтана. Замын хажуугаар морин тэрэгтэй өвгөн өнгөрч үзэгдэх. Улаанбаатары блюз энэ.

Улаанбаатарыг барууны нэгэн сэтгүүлд “экзотик хот” хэмээн тодорхойлсон нь бий. Хүн амынх нь дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. Уламжлалт гэр, хятад маягийн шавар сууц, соц үеийн байшин хороололтой зэрэгцэн орчин цагийн шилэн барилгууд энд сүндэрлэнэ. Чөлөөт цаг өнгөрөөх газар хомс гэдэг ч амарч тухлах, хөгжилдөх газар ч цөөнгүй бий. Өнөөдөр амралтын өдөр. Амьдрал буцалдаг их хот нэг л нам гүм байх чинь... Урт цагааны гудамжны баруун үзүүр дэх “Занаду” арт галерейд хотын залуусын цөөнгүй хэсэг нь саатжээ.

“Мөрөөдөгчдийн өдөр”

Бернардо Бертолуччигийн “The Dreamers буюу “Мөрөөдөгчид” бүтээл 1960-аад оны Парисын дүр зургийг харуулдаг. Тодруулбал өдрийн тэн хагасыг кино үзэж өнгөрүүлэх ах дүү хоёр, нэг америк залуугийн түүх. Хүүхэд насны гэнэн мөрөөдөлдөө хэзээд үнэнч тэд урлагаар тархиа тэжээдэг. Тэгвэл Монголын “Мөрөөдөгчид” бямба гариг бүр “Занаду”-д цуглардаг юм. Цонхны хөшгийг буулгаад проектороо асаахад “Мөрөөдөгчдийн өдөр” эхэлж, тэд аялалдаа гарна. Тэдний энэ удаагийн өртөө нь Стив МакКуйны “Өлсгөлөн”. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж шоронд хоригдсон Ирландын тэмцэгч, өлсгөлөн зарлагчдын удирдагч Боб Сандсын амьдралын сүүлийн хэдэн өдрийг уг кинонд дүрсэлжээ. Түүнд эхнэр, бяцхан хүү, аав ээж байсан. Гэвч Бобод хувийн амьдралаас нь илүү Ирландын ард түмний эрх чөлөө үнэ цэнэтэй. Зургаан сар өлсгөлөн зарласны эцэст амь үрэгдсэн ч түүний амь ирландчуудад зориг, итгэл, эрх чөлөө өгсөн юм.

“Надад итгэл үнэмшил бий. Энэ бол миний үнэт зүйл. Би амьдралд хайртай. Эрх чөлөө бол миний амьдрал”. Өлсгөлөн зарлахаасаа өмнө номлогчтой ярилцдаг энэ хэсэг киноны тайлал төдийгүй эрх чөлөө, итгэл үнэмшил, амьдралын үнэ цэнийн тухай эргэцүүлэл рүү хөтлөх мэт. Тэднийг “Мөрөөдөл”-ийн нь ертөнцөд түр үлдээгээд хотын гудамжаар алхъя.

Их сургуулийн гудамж: 3.5 давхар

Галзуу мөрөөдөл амилдаг, хөвөрдөг, залуу насны эрч хүч, цог золбоо халгин цалгин байдаг энэ хэсэг газар нам гүмхэн байна. Яг л ууртай багшийн лекц эхэлсэн юм шиг. Маргааш, нөгөөдөр “хонх дуугарахад” энэ гудамж амь орно, гоё уу? Амралтын өдөр л энэ гудамж амьсгаа авдаг юм уу даа. Навчис хөглөрсөн их сургуулийн гудамжаар Нора Жонсийн “Sunrise сонссон шиг ээ алхах тааламжтай байх чинь. Хаяа даран сүндэрлэсэн их сургуулийн сүрлэг байшингуудын цонх харанхуй, яг л маш том нууц тээн, маш чимээгүй орших эртний сүм шиг сүрдмээр. Дотогш орвол харуулаас өөр хүн алга. Шатаар алхах хөлийн чимээ цуурайтах нь “Энд та хоёроос өөр хүн алга шүү” гэдгийг илтгэнэ. Өдөр бүрийн хэмнэлдээ халгин, цалгин байдаг МУИС-ийн хичээлийн II байранд нэгэн “нууцат газар” бий. Зүүн жигүүрийн 3.5 давхар. Заримдаа гитар хөгжмийн эвлэг хэмнэл эгшиглэнэ, хааяа хэн нэг нь уйлах, хязгааргүй баярлах, эсвэл сэтгэл зүрхээ уудалж суугаа дотно яриа урсана. Залуу нас, 3.5 давхар энэ содон өнгөөрөө ижилхэн юм. Харин одоо нам гүм байна. Нам гүмийн доторх намгүмхэн. Баруун талд нь “Б+Ц+Я+Н+Н+Г= Үүрд найзууд. 3.5 давхар, 2011.09.13” гэж цагаан ханан дээр балын харандаагаар бичжээ. Ийм л ер бусын бүхнээр дүүрэн, жир биш газар даа.

“Адессо”

Бид энд ирлээ. Эспрессо+ Лимонтой “moose”+ Интернэт+ “Гоодаль” + Мөхөөлдөс+ шатар= Энэ бол архи, тамхигүй орчин. Бүдүүлэг яриа, жир бишийн чимээтэй уулзалт энд байхгүй. Кофе ууж, шатар нүүж суугаа хүмүүс хоорондоо хов ярьдаггүй. Сэтгүүл үзэнгээ улс төрийн тухай цэцэрхдэггүй аж. Кофе ууна гэдэг соёл. Гэхдээ нэг их гангалсан хүмүүс, биеэ цэгнэн, шомбойж суудаг гэж эндүүрүүзэй.

Зөөлөн буйдан дээр зүрхэн хөөстэй латте уугаа хосуудын хажууханд суулаа. Яриа чагнах гээгүй л дээ, тэндээс ямар эрчим ялгарахыг мэдрэх гэсэн юм. Буталж буй кофе, буцалж буй сүүтэй нийлэх тэр содон үнэр өрөөгөөр нэг. Микагийн “Happy ending” эгшиглээд л уусмаар гайхалтай орчин юм. Кофе, “Адессо”... Явуу, яруу, явах уу?

Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд

“Хөндүүр зүрхээ тэврээд, хүний чимээнээс хол”... Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг зорих шалтгаан энэ. Ил захидал шил эл дол болсон газар биш, дөрвөлжин байшингууд дунд, эх адаггүй эрчимлэг алхаа, их хотын нүргээнт чимээнээс ангид, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн. Сандал бүр эзэнтэй, ирээд л буцаад л байдаг. Явуугийн дээр сар манджээ, энд хайр дүүрэн. Тэргүүнээ дээш өргөн, дээр мандах сарыг ажаад яруу сайхан үгс мэтгэн суугаа мэт Б.Явуухулангийн сүрлэг хөшөө байх. Дэргэдүүр нь ролыктой хүүхдүүд сүлжилдээд л, энэ үлгэрийн орчныг амилуулж байна. Намрын сэрүүүн шөнөөр шүү дээ. Хот нойрсдоггүй аж. Яг л хуучин пянз тоглуулагчнаа Эсперанса Спалдиний жааз хөгжим эгшиглэх мэт.

“Хөгжилтэй гуниг”

Хаа нэгтээгээс гунигт хөгжим сонсогдоно. Сонсоод, сонсоод л баймаар тэр хөгжмийг “амтат” гунигийн аялгуу гэж нэрлэе. Эсвэл “хөгжилтэй” гуниг ч юмуу. Энх тайвны гудамж дахь “River sounds” клубээс мөнөөх аялгуу эгшиглэж байж. “Их талын жааз” наадмын энэ жилийн сүүлийн тоглолт тэнд болж буй. Үлгэр мэт эхэлж, баатарлаг туульс мэт үргэлжлэх “In the country”-гийн хөгжим, хайртай тэмээндээ зориулж дуу бичсэн “Mark Brenken and Jean Yevs Braun quartet”, хөтлөгчийн хэлснээр “Мөнхийн залуу, сэтгэл татам” Боб Белоу, бүтэлгүй хайрыг магтан дуулах Дебра Расмуссен. Гадаадын шилдэг жааз хөгжимчдөөс монголчууд огт дутахгүй гэдгийг “Арга билэг”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, эвэр бүрээч Х.Чинбат нар харууллаа. Жаазыг зөвхөн саксафоноор бус ардын хөгжмийн зэмсгээр ч тоглож болохыг тэд баталсан. Ийм сайхан өдөр, ийм орчинд саатах аз хүн бүрт тохионо гэж үү?

Чшш...Үзэгчид тэр аяараа жааз хөгжмийн хэмнэлд илбэдүүлчихэж.

Сэтгэл зүрхний минь нийслэлд шөнийн сар, нам гүм хоёр айлчилжээ. Гэвч хэмнэл унтрахгүй. Хэзээ мөдгүй ирэх зочноо хүлээж ядах шиг гэрлийн шонгууд зам даган анивчина. Цонхнууд гэрэлтэй, зарим нь онгорхой. Өвлийн утаанаас өрсөж амьсгалах гээ юм болов уу даа. 00.00 цаг. Сүхбаатарын талбайн дунд зогсоод 00.00 цагийг зарлах хонхны дуу цуурайтах, хажуугаар хосууд хөтлөлцөн алхах, усан дуслууд оргилохыг харах, хажуугаар зөрөх машинаас Эрик Клэптоны “Cream эгшиглэхийг сонсох... энэ мөчийг юутай зүйрлэх вэ?
With Б.Эгшиглэн

No comments:

Post a Comment