Nov 26, 2011

Бамбар хэзээ бар болох вэ?



Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 17 хувь, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн таамаглалаар 20 хувьд хүрнэ хэмээж байна. Энэ онд дэлхийн аль ч улсад эдийн засгийн өсөлт ийм өндөр хувьд хүрээгүй ч эл таамагт монголчууд итгэсэнгүй, бас баярласан ч үгүй. Төсөв томорч, эдийн засаг өсөж, гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залхтал нийтэлж байгаа ч монголчууд мөнөөх л хуучин янзаар. Иргэдийн амьдрал энэ сүржин сураг мэтээр дээшилж өгөхгүй, цалин хангамж нь өсөхгүй, бараа, бүтээгдэхүүний үнэ дуу аван нэмэгдэж байгаа учраас л итгэл төрөхгүй байгаа юм шүү дээ. Гэвч цаг өөрчлөгдөнө. “Хүн болж төрнө гэдэг олдохгүй хувь заяа. Харин хэн байх вэ гэдэг өөр хэрэг” гэх үг Жан Поль Сартрын “Үг” номонд бий. Уул уурхайн түүхий эдийн нөөцөөр дэлхийд эхний аравт орж буй нь дэлхийн зах зээлд Монгол гэх “бамбар” мэндэлсэн гэдгийг сануулж байна. Харин бамбар бар болон торниж чадах болов уу?
Ази тив өдгөө дэлхийн зах зээлийн өнгө толь нь болсон АНУ, Европын орнуудаас гойд сонирхолтой цэг болон хувирлаа. Энд бар мэт, луу мэт, заан мэт хөгжилтэй орнууд бий. Эдийн засаг нь туулай мэт хурдан тэлж эхлэв. Харин Монгол Улсын Азийн тавцанд хэн болж чадах вэ гэдэг л сонирхол татаж байна. Луу мэт, заан мэт хөгжил биднээс тэс өөр. Тиймээс биднийг бар болон хөгжиж чадах уу хэмээн “Reuters”, “Telegraph”, “Eurasia net”, “Голос Россий” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд бичиж байна.
Б.Батзаяа Хөдөө аж ахуйн их сургуулийн Бизнесийн удирдлагын ... дамжаанд сурдаг. Тэрбээр Монголын эдийн засгийн хөгжлийн талаар “Өдгөө манай улс эдийн засгийн хувьд сул дорой байгаа нь үнэн. Гэхдээ төр, засаг руу хамаг бурууг чихэхгүйгээр хүн бүр хичээвэл бид уул уурхайн баялгаа зөв хуваарилж, баян чинээлэг улс болох боломжтой. Би хувьдаа Монгол Азийн бар улс болж чадна гэж итгэдэг. Гэхдээ үүнд багагүй хугацаа орно байх” гэв. Харин Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг үүнийг өөр өнцгөөс харж байна. Тэрбээр тоон үзүүлэлт шийдвэрлэх гаргалгаа биш хэмээв. “Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ, инфляц зэрэг эдийн засгийн хэмжүүр улсын хөгжил иргэндээ хэр нөлөөлж байгааг харуулж байгаа юм. 10 жилийн өмнө Монголын ядуурлын төвшин 32 хувьтай байсан. Өдгөө энэ хувь 38-д хүрчээ. Гэтэл энэ хугацаанд эдийн засаг яаж өссөн билээ. Тиймээс би цаасан дээрх эдийн засгийн өсөлтөд итгэхгүй байна” гэсэн юм. Үнэхээр ч эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, дэд бүтцийн салбар эдийн засгийн өсөлттэй ижил байдлаар хөгжөөгүй байгаа нь энэ бүх сайхан үгс гал унтраах төдий үзүүлэлт байсан юм биш гэх таамагт хөтөлж байна.
“Барын чихмэлийг хараад бар байна гэж хөөрцөглөж болохгүй шүү” хэмээн Ө.Ганзориг хэлсэн. Тэгвэл Оросын улс төр судлаач Владимир Родионов бүр ч өөр байр суурьтай байна. “Монгол Улс нь Азийн бусад “бар” болон “луу”-наас ялгаатай нь далайд гарцгүй. Энэ нь тэд хөрш ОХУ, БНХАУ-тай худалдаа хийх юм уу, үүгээр дамжин бусад зах зээлд гарна гэсэн үг. Мөн тэд нийгэм, эдийн засгийн шилжилтээ даваад удаагүй байгаа. Тус улс дахь Зөвлөлтийн хараат байдал нуран унах үед зүүн өмнөд Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшин ерөнхийдөө доогуур байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн эхний үед хүмүүст алдах зүйл байгаагүй нь харин ч амжилтын үндэс болсон” хэмээжээ.
Үнэхээр ч манай улс хөгжиж байгаа бусад оронтой нэг л адилгүй. Далайд гарцгүй хэрнээ байгалийн асар их баялагтай. Энэ нь муу мэдээ юм шиг хэрнээ дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий ОХУ, БНХАУ-ын хөрш гэдэг утгаараа давуу тал болж хувирна. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн хэрэгцээ үлэмж ихэссэн үед үүцээ задалсан нь биднийг “гэнэт баяжигч” болгож орхисон. Үнэндээ ийм зүйл болно гэдэгт итгэж байсан хүн цөөн. Монгол Улс Азийн шинэ бар болох нь бүү хэл бамбар болж “бойжих” талаар ч өмнө ярьж, төсөөлж байсангүй. Харин одоо салхи эргэжээ. Оюутолгой, Тавантолгой гэх дэлхийд алт, зэс, нүүрсний нөөцөөр тэргүүлэх ордуудын олборлолт эхлээгүй, хараахан жигдрээгүй байгаа ч их мөнгөний сураг хэдийнэ үнэртэж эхэлсэн. Хүссэн ч, хүсээгүй ч зэс, нүүрс манай улсын эдийн засгийн ойрдын хэдэн жилд торохгүй тэтгэж, мөнгөөр “услах” болно. Харин үүнийг хэрхэн зарцуулах, иргэддээ яаж тэгш хуваарилах вэ гэдгээс л бамбар бар болж чадах эсэх нь хамаарна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нью-Йорк хотноо аравдугаар сарын 28-нд болсон Азийн нийгэмлэгийн (Asia Society) форумд оролцох үеэрээ Монголын Засгийн газар байгалийн баялагтай бусад орны туршлагыг сайтар судалж байгаа тухай ярьсан байна билээ. “Байгалийн баялагтай орнуудыг балласан голланд өвчин тусахгүйн тулд бид цоо шинэ юм сэтгээгүй. Манайхан Норвеги, Австрали, Канад улсын туршлагыг судалж байна” хэмээжээ. Тэрбээр ард түмнээ боловсрол, байр сууц, нийгмийн халамжийг үйлчилгээгээр бүрэн хангахыг хүсэж байгаагаа илэрхийлээд эдийн засгийн хямрал тохиолдох үед хэрэглэх Тогтвортой байдлын сан байгуулснаа ч дуулгажээ. Монголын Засгийн газар Азийн нийгэмлэгийн форумд оролцогчдод хэлснээ ажил хэрэг болгож чадвал бар болж хөгжинө гэдэг тийм ч бүтэшгүй зүйл биш. Гэвч бодит байдал гэвэл өнөөдөр инфляцын хэмжээ 12 хувьд хүрч, цаашлаад 20 хувь болж мэдэх таамаг бий. Ядуурлын төвшин сүүлийн жилд огт буурсангүй. Арилжааны банкууд зээлээ хумьж, эдийн засаг нэг л биш хэмнэлээр яваад байгааг бид харж байна. Энэ бүх сөрөг үзүүлэлтүүд монголчуудыг маргаашдаа итгэх итгэлийг нугачин даржээ. 50 жилийн өмнө жирийн хятад иргэн улс нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай болно гэдэгт итгээгүй. БНСУ-ын жишээг бид мэднэ. Гэтэд өдгөө эдгээр улсын эдийн засаг хэдхэн жилийн дотор яаж өөрчлөгдснийг хар даа. Бид чадахгүй гэж үү. Байгалийн асар их баялагтай “бамбар” бар болж дөнгөхгүй юү?

No comments:

Post a Comment