Хөгжим
бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн найрал хөгжмийн
болон ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Зоригттой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт
Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм.
-Юу таныг өнөөдрийг хүртэл хөгжимд үнэнч байлгаад байна вэ?
-Урлаг, тэр дундаа хөгжим хүнийг ямар
өндөр түвшинд хүргэж, хөгжүүлдэг болохыг би амьдралаа мэдэрч яваа хүмүүсийн
нэг. Залуу байхдаа хөгжмийн үнэ цэнийг өнөөгийн түвшинд хүрч ойлгож байсангүй.
Хүн амьдралаа цаг хугацаагаар хэмжиж, тэр цагийн бүтээгдэхүүн болж, хөгжимтэй холбогдож, эцэст нь өөрөө
бүтээгчдийнх нь нэг болж, урлагаас шимийг нь хүртэж харилцан шүтэлцээтэй байж
гэмээнэ тэр үнэ цэн нь он жилээр хэмжигдэн гарч ирдэг болохыг одоо би илүү сайн
мэдэрч байна.
-Монголд цохивор хөгжим үүсээд яг 50 жил болсон байна. Энэ түүхийн хэдэд нь
та холбоотой байсан бэ?
-28 жил. 1985 онд Казахстаны Алматы хотын Хөгжмийн
дээд сургуулийг төгсөж ирээд л ХБК-д цохивор хөгжмийн багшаар орсноос хойш
өнөөдрийг хүртэл цохивор хөгжимтэй холбоотой аж төрж байна. Миний өмнөх хүмүүс
болох До.Жамсран багш маань үүсгэн байгуулж, түүнийг нь би тордож тойлж,
хөгжүүлж яваа хэрэг.
- Мэдээж та бүхэн амжилт ололтоо хуваалцаж буй үед энэ түүхийн салшгүй нэг хэсэг нь болсон таниас энэ зуур бий болчихож болох байсан ч бүтээж чадаагүй зүйл юу байгаа вэ гэдгийг асууя?
- Монгол улсын сургалтын төлөвлөгөө ёсоор цохивор хөгжмийн ангид хүүхдийг зургадугаар ангиас нь элсүүлэн авдаг. Гэтэл энэ нь одоо хоцрогджээ. Бид олон улсын түвшний уралдаан тэмцээнд ороход, жишээ нь 19 насны ангилалд монголоос бол зургаан жил бэлдтгэгдсэн хүүхдүүд явдаг. Харин өрсөлдөгчид нь хэдийнэ 11 жил мэргэжлээрээ суралцааж байна. Тиймээс бид алсдаа нэгдүгээр ангиас нь элсэлт авах төлөвлөгөөтэйбайгаа. Уралдана гэдэг нэг хэрэг, дэлхийн түвшинд хүрч боловсорно гэдэг бас өөр хэрэг.
-Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд эх орондоо ирэхдээ
мэргэжлийн хувьд та өөртөө ямар зорилго тавьж байв?
-Харийн нутагт байх тусмаа хүн эх орон
руугаа тэмүүлдэг, Монголынхоо төлөө юм бүтээх гэсэн хүсэл нь бүр их тунгаар
илэрдэг юм билээ. Оюутан байх хугацаандаа Би Казахстаны Эрдмийн их симфони
найрал хөгжимд гурван жил ажилласан. Тэр үед Монгол улсынхаа симфони найрал
хөгжмийг хөгжүүлэх юмсан, ийм өндөр түвшинд хүргэхийн тулд миний бие юу хийж
чадах вэ гэж бодож байлаа. Санасан ёсоор болсон нь ч бий, болоогүй ч бас
байгаа.
-Таны хувьд мэргэжилтэй чинь холбоотойгоор бусдаас сонссон хамгийн үнэн бас
хатуу шүүмж юу байсан бэ?
-Удирдаачид бэлтгэл хийж байх зуур
зогсоогоор зөв бурууг нь харж, том том шүүмжүүд хэлдэг. Уран бүтээлийн төлөө би тэр шүүмжийг тосож
авах ёстой учраас би хэзээ ч үүнээс дальдчиж, хямарч, зовж зүдэрч байгаагүй.
Казахстаны Эрдмийн их чуулгад тоглож
байхад Тимур Мымбаев гэж ерөнхий удирдаач хүн байлаа. Тэр үед би бол ёстой
нөгөө ногоон алим, түв түүхий этгээд байсан хэрнээ энэ чуулгад тоогтоод,
хичээлийнхээ хажуугаар ажиллаж байсан. Нэг удаа ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч
Дмитрий Шостаковичийн “Баярын удиртгал” гэж Лениний шагнал хүртсэн мундаг
зохиолыг тоглоход би хавсардаг цанг тоглуулах ёстой боллоо. Гэтэл би яг орох ёстой,
оргил хэсэгтээ өнөөхөө дуугаргасангүй. Тэгсэн өнөөх удирдаач маань зуун хэдэн
хөгжимчнийг бүгдийг зогсоогоод надад хандаж, “Чи наад хөгжмөөрөө ядаж нэг
төгрөг тоглоод өгөөч!” гэсэн. Ёстой л нүүр
рүү халуун ус цацсан мэт би өөрөөсөө их ичсэн. Тэгэхэд чи ёстой нүүр рүү халуун
ус цацсан мэт маш ихээр ичсэн. “Один тукрик сыграете меня пожулуйста” гэж
байгаа байхгүй юу (инээв). Нэг талаар намайг доромжилсон хэрэг
боловч нөгөө талаар үнэн юм чинь би яах билээ. Энэ бол миний хувьд насан
туршдаа мартахааргүй том шүүмжлэл байсан.
-Урлагийн хүмүүс хүүхдүүдээ энэ замаар явуулах дургүй байдаг гэдэг. Харин
таны хоёр хүү хоёул урлагийн хүмүүс болж яваа. Хүүхдүүдийнхээ сонголтод та хэр
их нөлөөлсөн бэ?
-Миний том хүү З.Энхмөнх ХБК-ийн морин
хуурын ангийг, дараа нь хөгжмийн онолчоор төгсөөд одоо “Kush and Oyuka” жааз хамтлаг байгуулж, бас хажуугаар нь
шал ондоо мэргэжлээр буюу “Aero Mongolia”-д ажиллаж байгаа. Залуу хүн хэрнээ төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа
болохоор том хүүгээрээ би маш их бахархдаг. Хүүгийн маань ганц дуртай зүйл нь
сонгодог хөгжим байдагт нь би эцэг хүний хувьд их олзуурхдаг юм. Тэр хүн хэн
болох нь, юу хийх нь өөрийнх нь мэдэх хэрэг, харин сонгодог хөгжмийг үнэн
голоосоо шимтэж, шүтдэг нь л би хүүдээ баярладаг. Өөрөө ч би одоо том хүүгээсээ
суралцаж л явна. Харин манай бага бол томтойгоо адил хэрсүү биш. Гэхдээ алтан
толготой. Энэ алтан толгойн ашгийг гаргах цаг удахгүй ирнэ л гэж хүлээдэг.
Манай бага ХБК-ийн төгөлдөр хуурийн ангийн сурагч. Миний болон эхнэрийн маань
хар залуугийн мөрөөдөл бол түүнийг төгөлдөр хуурч болгох байсан. Одоо бол бага
хүүгийн маань боловсрол, мэдлэгт надаас илүү ээж нь их үүрэгтэй оролцдог юм. Би
чамд нэг нууц юм хэлье. Манай эхнэр “Чи засгийн хүүхдийг болохоор дээд зэргээр
анхаарч, өвч бэлтгэж байгаа хэрнээ хувийн хүүхдийг ер тоохгүй юм” гэж намайг
зэмлэдэг (инээв). Бага хүүгээрээ хөгжим зохиолгох юмсан
гэх тэмүүлэл, мөрөөдөл надад бий.
-Танай гэр бүл хөгжимтэй салшгүй холбоотой шүү дээ. Олон хөг эгшиг нэг дор
бүрдсэн ийм гэр бүл ч бас ховор байх. Таны гэр бүлийг нэг том найрал гэж үзвэл
хэн ямар хөгжим байх бол...?
-Эхнэр маань ХБК-ийн хуучирийн багш.
Түүнийг минь тоглодог хөгжим нь бүрэн илтгэдэг юм. Баргийн хүн тоглож
чаддаггүй, их нарийн мэдрэмж шаардсан, чамбай хүнд л зохих хөгжим шүү дээ.
Харин бага хүүгээ би контра басс гэж хэлнэ (инээв). Их бүдүүн хоолойтой, өнгөц харахад бүдүүн баараг ч гэмээр юм шиг хэрнээ
айхар нөхөр байхгүй юу. Том хүүгээ би морин хуурч гэж ер төсөөлдөггүй. Тэр бол
дуучин л байх хүн. Өөрийгөө бол би яруу хэнгэрэг гэнэ. Тэр хөгжим шиг миний
яриа хүртэл тод байдаг байхгүй юу. Манай эхнэр намайг ингэж хэлдэг юм (инээв).
-Хүн нийгэмд нэг зэрэг олон статусын тодорхойлол болдог. Таны хувьд аав,
хань нөхөр, багш, хөгжимчин, эсвэл зүгээр л сонсогч байхын алинд нь та яг
өөрийнхөөрөө байдаг вэ?
-Би хөгжмөө хийгээд улайраад, уран
бүтээлдээ орох үед бүхнийг мартдаг. Уран бүтээл надад асар их ачаалал өгч
ядраадаг боловч миний хувьд хамгийн үнэтэй юм.
-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг болохоор хүн үргэлж л шинэ
хүсэл, шинэ мөрөөдлийн давалгаан дунд аж төрдөг шүү дээ. Таны хувьд хамгийн
ойрын мөрөөдөл юу байна вэ?
-Ёстой нэг мөнхийн
бүтээл гаргах юмсан гэсэн асар их тэмүүлэлтэй байна, би. Мөнхийн бүтээл хийх нь
хүний туршлага, мэдлэгтэй маш их холбоотой. Нуух юм байхгүй, миний мэдлэг дутаж
байгаа болохоор одоохондоо надаас мөнхий бүтээл гараагүй байна. Харин гаргахын
төлөө, өшөө илүү сурч, боловсрохын төлөө одоо ч би хөдөлмөрлөж л байна.
-Одоо эргээд харахад та өөрөө цохивор хөгжмийг сонгож уу, эсвэл энэ хөгжим
таныг өөртөө “урвуулж” уу?
-Цохивор хөгжим намайг сонгосон.
Санаандгүй тохиолдол байсан юм. Анх би ХБК-ийн морин хуурын ангид шалгуулаад,
тэнцсэн боловч миний хуруу богинохон дээр нь далий учраас болохгүй гэсэн. Тэгтэл
До.Жамсран багш намайг шүүрээд л авсан (инээв). Тухайн үед миний
сонсгол их сайн байсан, бас гол шалгуур үзүүлэлтүүд сайн байсан болохоор тэр
байх. Харин одоо эргээд харахад би хамгийн баян хөгжимтэй холбогдсон байна шүү
дээ. Зөвхөн цохивор хөгжмөөр найрал хөгжмийг дуугаргаж болдог. Нэг ангид бүхэл
бүтэн найрал хөгжим байдаг ийм анги олон
бий болов уу?
-Таны хувьд хамгийн мартагдашгүй тайз хэзээ, хаана байсан бэ?
-Би тийм ч олон тайзан дээр гараагүй.
Гэхдээ ОХУ-ын алдарт Большой театр, Японы “Opera City hall”, Бээжингийн Сувдан театр, Хөх хотын Улаан театрт
тоглож байсан. Хамгийн мартагдашгүй нь гэвэл оюутан байхдаа Казах үндэсний
найрал хөгжимтэй хамтаар Большой театрын тайзнаа гарч байсан үе болов уу.
Мөрөөдлийн театрын тайз гэдэг залуу, оюутан хүний хувьд юу байх вэ та бүхэн
гадарлаж байгаа байлгүй. Маш их догдолж байсан ч айхтар айж, эмээж бол
байгаагүй. Харин ч тайз руу их л омог бадрангуй гарч байснаа санаж байна.
-Таны амь амьдрал мэт болсон хөгжим таньд юуг өгч, бас таниас юу авч одсон
бол?
-Урлаггүйгээр би хүн хэвээр амьдраад л
байх байсан нь мэдээж. Гэхдээ урлагтай холбогдоогүй бол амьдралыг ийм олон
өнгөөр харах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг. Хөгжимтэй холбогдсон
болохоор л би амьдрал ямар гайхалтай юм бэ гэдгийг мэдэрч байна. Миний бүхий л
сайн чанаруудыг хөгжим надад өгсөн, хэрэв хүн намайг сайн явж байгаа гэвэл тэр
урлагийн надад өгсөн зүйлийн л ач.
Сөрөг тал нь гэвэл миний чих жаахан
хатуурсан. Ингэж хэлэхээр хүмүүс намайг дүлий гээд бодчих вий дээ. Ер нь бол
хөгжимчин хүний амьдрал үйлдвэрийн хүчит нүргээнээс дутахгүй орчинд л өрнөдөг
юм шүү дээ. Гэвч урлаг намайг хүн болгосон болохоор чих хатуу болох, хүмүүсийн
ярьдаг шиг нас богиносох зэргийн нэг их тоодоггүй.
-Хөгжимөөс өөр та юунаас таашаал, тайтгарал авдаг вэ?
-Зав л гарвал би уул руу явдаг. Ой дотор
явах шиг аз жаргал байдаггүй.
-Ёстой жинхэнэ байгалийн өөрийн нь оркест тэнд байдаг байх даа.
-Тийм . Тэрнээс гадна байгальтай
холбогдож, би цаанаасаа л тайвширч, нэг л жаргалтай болчихдог юм.
-Хөгжим бүжгийн коллеж таны болон гэр бүлийн чинь хувьд диваажингаас
дутахгүй ариун, нандин газар байх. Тэр дундаа хамгийн дурсамжтай нандин хэсэг
нь юу вэ?
-Дотуур байрны 108 дугаар өрөө. Урьд нь
цохивор хөгжмийн анги дотуур байранд байрладаг байсан болохоор тэр. Одоо энэ
өрөө өөр зориулаллтай болчихсон банйа лээ. Сурагч болоод анх орсон анги маань
108 дугаар анги. Багш болоод анх хичээл
заасан өрөө маань ч энэ. Энэ жижигхэн өрөөтэй миний амьдралын салшгүй хэсгүүд
холбоотой байдаг юм. Хөгжим бүжгийн коллеждоо би хайртай. Хайр гэдэг нь хүний
зүтгэлээр ирж байвал тэр илүү их үнэ цэнэтэй. Тиймээс эхнэр бид хоёр энэ
сургуульдаа зүтгэж байгаа гэдгээ зүй ёсны хэрэг гэж боддог. Бидний хувьд
сургууль маань тэнгэр, бурхан гэдгээс ч илүү эрхэм юм.
This comment has been removed by the author.
ReplyDeleteСайхан ярилцлага байна. Асуултуудын сонголт муугүй шүү!
ReplyDelete